2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 2026/ШЦТ/483

 

 

 

 

 

 

 

 

 

   2026      02         13                                        2026/ШЦТ/483

 

                           

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сувд-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Балдырган, 

улсын яллагч Ц.Сайнхүү,

хохирогч А.Б,

шүүгдэгч О.Х нарыг оролцуулан тус шүүхийн “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Хт холбогдох эрүүгийн “2506 08168 4250” дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, О.Х /РД:/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.Х нь 2025 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн ... нутаг дэвсгэрт хохирогч А.Бтой “харанхуй шөнө хүүхэд дуудлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн биед халдаж, биед нь зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн хөмсөг, дээд, доод зовхи, шанаанд цус хуралт бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Х: “...Тухайн өдөр хөдөөгөөс ирсэн манай оюутан ангийнхан найзындаа цуглараад байж байсан. Манай найзын ихрийг ... гэдэг эмэгтэй хүүхэд байгаа. Тэрийг шөнө 12 цаг өнгөрч байхад нэг залуу дуудаад байна гээд бид найзуудтай гадаа гарсан. Тэгээд машинтай хоёр залуу ирсэн. Тэр хоёр залуугийн жолооч нь дуудсан байна лээ. Жолооч нь Хишигт гээд БА.Бийн найз нь байсан. Тэгээд би БА.Б гээд андуураад маргалдаад ийм юм болсон.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч А.Б: “...Хэрэг гарах өдөр Писи тоглоомын газарт тоглож байгаад миний спортын бэртлээс болоод хөл муу байсан. Алхах боломжгүй найзыгаа гэрт хүргээд өг өө гэж дуудсан. Тэгээд намайг писи тоглоомын газарт ирээд авсан. Замдаа нэг газар оръё би нэг айлаас юм авна гээд манай найз хэлсэн. Надад хамааралгүй асуудал болохоор би нээх тогоогүй. Дагаж яваад хүлээж байсан чинь манай найз найзыгаа дагуулж ирээд машинд суусан. Удаагүй байтал манай машины ард нэг машин хааж зогсоод 4-5 залуу бууж ирээд шөнө яагаад хүүхэд дуудаж гаргаж ирүүлж байгаа юм бэ гэсэн шалтгаанаар машинаасаа буугаад ир гэсэн шаардлага тавьсан. Бид хоёр буугаагүй хүн андуураад буруу ойлгож байна гэж хэлсэн. Хаалгыг хүчээр онгойлгож бид хоёрыг машинаас ширж гаргах гэж оролдсон. Гэхдээ бид хоёрыг гаргаагүй. Татаж, татаж байгаад сүүлдээ цохиж эхэлсэн. Би хэн цохисныг хараагүй. Яагаад вэ гэхээр миний малгайтай цамцнаас татсан. Ер нь зөндөө цохиулсан. Хэнээр цохиулснаа харж чадахгүй нүүрээ хамгаалж байсан. Камерын бичлэгт 3-4 хүн цохиж байсан нь тодорхой байсан. Гэхдээ миний гэмтлийн зэргээр шалтгаалж нэг хүн цохисон гэж тогтоосон. И Монголиагаас өөрсдийгөө хэн болохоо харуулж тэр газраас явсан. Бид хоёрын зүгээс өөдөөс нь огт маргалдаагүй, хэрүүлийн чанартай зүйл хийгээгүй. Та хэд хүн андуураад байна л гэж хэлсэн. Янз бүрийн хараал хэлээд өдөөн хатгалт хийгээгүй. Миний зүүн талын хамар мурийлттай гэсэн эмнэлгийн дүгнэлт гарсан. Би төгсөх курсын оюутан болохоор эмчилгээ хийлгэх зав олдоогүй. Хөмсөг язарсан. Тэр өдөр манай эмээ хөдөөгөөс ирсэн болохоор гэртээ харьж чадаагүй. Гурван хоногийн дараа эмнэлэг ороход оёдол тавих боломжгүй гэсэн.Толгой өвдөж байсан. Болоод өнгөрсөн учраас гомдолгүй. Хамар жил хагасын хугацаанд дээрдэнэ гэж хэлсэн. Баримтаар гаргаж өгсөн эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.” гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас:

- Иргэн А.Боос гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, /хавтаст хэргийн 4 дэх тал/,

- Хохирогч А.Бийн "...Би 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр би пс тоглоомын газар тоглож байгаад шөнийн 00 цагийн орчим тухайн пѵ тоглоомын газраас гарсан миний хөл муу байсан тул өөрийн найз болох Х руу залгаад намайг гэрт хүргээд өг гэж утсаар ярьсан, удалгүй Х намайг авахаар тухайн тоглоомын газрын гадаа ирсэн. Тэгээд бид хоёр машинд нь суугаад явж байхад Хишигт манай ажлын найз болох ... гэх охинтой эхлээд уулзана, дараа нь чамайг гэрт чинь хүргэж өгнө гэхээр би за гээд бид хоёр ... гэр болох ... хотхоны гадаа очсон. Тэгээд ... гэх охин найзтайгаа гарж ирээд машин дотор суугаад найз Хтэй юм яриад байсан. Тэгсэн удалгүй манай машины ард байсан машинаас танихгүй 3-4 залуу гарч ирээд ягаад шөнө оройхүүхэд гаргаж ирээд байгаа юм машинаасаа буугаад ир гэсэн тэгээд бид хоёр тухайн залуучуудаас айгаад машинаасаа буухгүй байхад тухайн залуучууд миний хаалгыг онгойлгоод намайг машинаас буулгах гэж чирээд намайг гаргаж чадахгүй байсан болохоор тухайн машины урд талын суудал дээр зодсон. Надтай цуг ажилладаг ... гэх охины ихэр нь зодсон..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 17-18 дахь тал/,

- Гэрч У.Цийн "...2025 оны 08 дугаар сарын 27-ноос 08 дугаар сарын 28-ны өдөр шилжих шөнө 01 цагийн үед гэртээ охин дүү ..., түүний найз У, өөрийн О.Х, Э гэх найзуудтайгаа байсан. Тэгээд манай охин дүү хүнтэй уулзах гээд утсаар яриад байсан. "Хар шөнө ямар хүн залгаад байдаг юм" гээд загнах шинжтэй хэлсэн. Тэгсэн чинь урдаас "манай найз" гээд байхаар нь би түрүүлээд гэрээс гарсан, Араас гэрт үлдсэн хэд гарч ирээд ... приус-30 маркийн машинд суусан. Би жолоочтой нь очиж уулзаад "харанхуй шөнө яагаад хүүхэд дуудаад байгаа юм" гээд зогсож байх үед бужигнаад эхэлсэн, гайхаад харахад жолоочийн хажууд сууж явсан хүний хөмсөг хэсгээс цус гарсан байсан, би хэн нэгний биед халдаагүй." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн Шүүх эмнэлгийн шинжээчийн 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 11348 дугаартай “...А.Бийн биед зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн хөмсөг, дээд, доод зовхи, шанаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, 1 удаагийн үйлдлээр үүсэх байх боломжтой, Учирсан гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд үүссэн боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 49-50 дахь тал/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн "...Хохирогчоос гарган өгсөн хяналтын камерын бичлэгт үзлэг хийхэд цагаан өнгийн приус 30 тээврийн хэрэгслийн ард арлын дугаар харагдахгүй жижиг тээврийн хэрэгсэл ирж зогсох ба приүс 30 тээврийн хэрэгслийн араас Урангоо болон ... бууж ирнэ. Хоёр эмэгтэйг буусны дараа О.Х болон Ц, Д нар бууж ирээд цагаан өнгийн приус 30 маркийн тээврийн хэрэгслийн жолоочийн суудал дээр сууж буй Хишигттэй Цэрэнпүрэв уулзан, жолоочийн эсрэг талд сууж байх А.Б дээр цэнхэр цамц, хар өмдтэй цагаан өнгийн футболк өмссөн О.Х очиж машинаас буухаар татаж биед халдаж буй дүрс бичлэг байв" гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 11-14 дэх тал/,

- Гэрч У.Цийн дахин өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32 дахь тал/,

- Гэрч Д.Дийн мэдүүлэг /хавтаст хэргийн 35-36 дахь тал/,

- Гэрч У....ын мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

- Гэрч Т.Уийн мэдүүлэг /хавтаст хэргийн 44-45 дахь тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж шүүхээс үзлээ.

             Нэг. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

             Шүүгдэгч О.Х нь 2025 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч А.Бтой “харанхуй шөнө хүүхэд дуудлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн биед халдаж, биед нь зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн хөмсөг, дээд, доод зовхи, шанаанд цус хуралт бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үйл баримт нь иргэн А.Боос гаргасан гэмт хэргийн талаарх гомдлыг хүлээн авсан тэмдэглэл, хохирогч А.Бийн мэдүүлэг, гэрч У.Цийн мэдүүлэг, шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шүүх эмнэлгийн шинжээчийн 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн №11348 дугаартай шинжээчийн дүгнэлт, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Д.Дгийн мэдүүлэг, гэрч У....ын мэдүүлэг, гэрч Т.Уийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч О.Х нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж үзэв.

            Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

            Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байдаг.

            Шүүгдэгч О.Х нь хохирогч А.Бтой “харанхуй шөнө хүүхэд дуудлаа” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хохирогчийн биед халдаж, биед нь зүүн хөмсөгт няцарсан шарх, зүүн хөмсөг, дээд, доод зовхи, шанаанд цус хуралт бүхий гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь хохирогчид гэмтэл учрах боломжтой гэдгийг мэдсээр байж үйлдэж буй гэм буруугийн санаатай үйлдэл бөгөөд хохирогч А.Бийн биед учирсан гэмтэл нь шүүгдэгч О.Хын идэвхтэй үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзэв.

             Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

            Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч О.Хыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргав.

Шүүгдэгч С.Э эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал буюу хохирол төлбөрөө нөхөн төлсөн, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцсэн байх нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахаас гадна Эрүүгийн хуулийн зорилго биелэгдэх үндэслэл болно.

Иймд шүүгдэгч О.Хыг хувийн байдал, улсын яллагчийн санал зэргийг харгалзан улсын яллагчийн ялын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Гурав. Хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж хуульчилсан.

Хохирогч А.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар 627,680 төгрөгийг, шүүхийн хэлэцүүлэгт 130,796 төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч дээрх мөнгийг авсан, сэтгэцэд учирсан гэм хорын хохирол нэхэмжлэхгүй, цаашдаа эмчилгээ хийлгэнэ гэх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Харин хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэргийн хамтаар хавсаргаж, шүүгдэгч О.Х нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч О.Х-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Хт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

            4. Хохирогч А.Б нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

            5. Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг сидиг хэрэгт хавсаргахыг тус тус дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

            9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гарсан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Хт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.СУВД-ЭРДЭНЭ