Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 2017/ШЦТ/60

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам,

улсын яллагч Э.Нэргүй,

шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигин овогт Б-гийн Б-д холбогдох 1717000270012 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Боржигин овогт Б-гийн Б /РД:ЕЙ88100718/, Дорноговь аймгийн Сүмбэр суманд 1988 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 29 настай, эрэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сум, 5 дугаар баг, Цайдам гэх газар оршин суух, хувиараа мал аж ахуй эрхэлдэг, дээд боловсролтой, вагоны аж ахуйн инженер мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг гэх,

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Сүмбэр сумын 5 дугаар баг, Арбулаг гэх газар иргэн Ш.О-той малын бэлчээрээс болж маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 12 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 5 дугаар баг, Арбулаг гэх газарт байрлах худаг дээр иргэн Ш.О-тай малын бэлчээрээс болж маргалдан түүний нүүрэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

1.1. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр эхнэртэйгээ адуундаа явж байгаад өвөлжөөн дээгүүр ороход айлын хонь байсан. Октябрь нь 2017 оны 07 дугаар сарын 10-ны үеэр манай өвөлжөөнөөс 300-400 метрийн зайтай буусан байсан. Би яагаад манай өвөлжөөний хажууд буусан юм бэ гэхэд хороо байгааг мэдээгүй буусан байна, манайх ойрхон газар эзэмших гэрчилгээтэй, газар дээрээ хороогоо барьчихаад 10 хоногийн дотор нүүнэ гэж хэлсэн. Үүнээс хойш 1 сарын хугацаа өнгөрсөн. Тэгээд 08 дугаар сарын 12-ны өдөр адуу хайж явахдаа Октябрийн гэрээр ороод хэзээ нүүх талаар лавлаж асуухад эхнэр нь маргалдсан. Эхнэртэй нь хэл амаа олохгүй байсан болохоороо худаг дээр очиж Октябрьтай уулзаад та хэд хоногийн өмнө нүүнэ гэж хэлсэн, яагаад нүүхгүй байгаа юм бэ гэж асуухад би амжихгүй байна, нүүхгүй гэж хэлсэн. Тэгээд маргалдсанаас болоод нүүрэн тус газар нь нэг удаа гараараа цохисон. Хүний биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна.  Октябрь ах тухайн үед нүүхгүй, дуртай бол өөрсдөө манай хороон дээр очиж буу гэж хэлсэн. Үүнээс болоод хэрэлдэж маргасан. Малын бэлчээр идээд байсан, мөн би түлэх хөрзөнгөө гаргасан байсан. Гаргасан хөрзөнг минь мал гишгэлээд түлэхийн аргагүй бууц болгоод байхаар нь би малаа холуур бэлчээ гэж хэлсэн. Тэгэхэд Октябрь ах манай нутагладаг газар учраас та нарт хамаагүй гэж маргасан. Хохирогчийн нүднийх нь хажууд цохисон. Хохирогчид 300 000 төгрөг өгсөн. Бид хоорондоо эв зүйгээ олж эвлэрсэн гэв.

 

1.2. Хохирогч Ш.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 12 цагийн үед би ганцаараа “Ар булаг” гэх худаг дээрээ бага малаа услаад байж байтал Бадамдорж гэдэг залуу эхнэртэйгээ ирсэн. Б надтай мэнд мэдээд ах хэзээ өвөлжөөнөөс нүүх гэж байна гэхээр нь ах нь амжихгүй байна гэсэн чинь Б миний зүүн нүд орчим гараараа нэг удаа цохисон. Миний хамар, шүднээс цус гарсан. Намайг өөрөөр цохиогүй би ч Б-ийг цохисон зүйл болоогүй хэрүүл хийж байгаад салаад явсан. Би Б-оос салаад Чойрт ирж эмнэлэгт үзүүлсэн чинь зүүн нүд хавдсан, хавдар дээр язарсан байна гэсэн. Малын бэлчээрийн асуудлаас болж маргалдсан. Учир нь Б өнгөрсөн жил өвөлжсөн “Давхиагийн ам” гэх газрын ард ойрхон 1 км хүрэхгүй “Алаг-Өндрийн энгэр” гэх газар манайх дээр үеэс буюу 2005 он хүртэл өвөлжиж ирсэн. Тэндээ өвөлжих санаатай хашаа, хороогоо барих гээд буучихсан юм. Тэгсэн манайхыг өвөлжөөний бэлчээр идлээ гэж Бадамдорж уурласан. Ойр байх чинь хонь мал нийлээд төвөгтэй юмаа даа өшөө жаахан арагшлаад буудаг юм уу даа гэж би ер нь бодож байсан юм. Ийм асуудлаас болоод л Б намайг зодчихлоо. Надад худгийн ховоо, чулуу барьж Б руу дайрсан асуудал байхгүй. Харин намайг худаг дээр ховоогоор ус татаад зогсож байхад Б над дээр ирээд шууд миний нүүр лүү гараараа цохисон. Би газар унаад газраас чулуу, цемент бариад босч ирсэн. Тэгэхдээ би Б-ийг цохиогүй. Миний зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 8-11 хуудас/

 

1.3. Гэрч Г.Гантулга мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр намайг хөдөө гэртээ байхад Б нь эхнэрийн хамт ирээд О-ийг хаана байгаа талаар асуусан. Тэгэхээр нь худаг дээр байгаа гэж хэлсэн. Тэгсэн Б та нар өвөлжөөний бэлчээр идээд бараг сар боллоо арай даварч байгаа юм бишүү, нүүх болоогүй юм уу гэж уурласан. Тэгэхээр нь би манайх хороогоо барьчихаад нүүнэ. Угаасаа энд манайх өвөлждөг байсан юм гээд хэрүүл хийсэн. Б эхнэртэйгээ манай нөхөр О луу явсан. Түүнээс хойш нэг их удалгүй 12 цаг өнгөрч байхад манай нөхөр О зүүн нүд нь хавдчихсан, ам хамраас нь цус гарчихсан гэртээ ирсэн. Би О-с юу болсон талаар асуухад Б-ийг цохичихлоо гэж хэлсэн. Алаг-Өндөр гэх овооны баруун урд дор нь Б-ийн өвөлжөө нь байдаг юм шиг байна лээ. Манай хоёр их ойрхон болчихоор Б манайхыг нүүлгэх гэж ууртай ирж хэрүүл хийж байгаа юм. Энэ асуудлаас болж л муудалцсан. Урьд нь энэ талаар хэрүүл хийж байгаагүй ээ. Анх удаа л бэлчээрээс болж муудаж байна. Б, О нар архи уугаагүй эрүүл байсан” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 15-16 хуудас/,

 

1.4. Гэрч Х.Б мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “О гэдэг айл манай хөдөө гэрийн бууцны ойролцоо 2017 оны 07 дугаар сард буусан. Манай аав Хөсрий, ээж Ц нар О гэдэг хүнтэй уулзаад та нар манай бууцан дээр буусан байна гэсэн чинь бид нар хаана буухаа та нараар заалгахгүй. Бид нар нутагтаа байна зайл гээд уурлаад явуулсан байсан. Манай аав, ээж настай хөгшин хүмүүс байдаг. Манай нөхөр Б бид хоёр 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр малдаа явж байгаад бууцаараа орсон чинь гаргасан хөрзөн дээгүүр Октябрь гэдэг айлын мал нь яваад сүйтгэчихсэн байсан. Тэгэхээр нь Бадамдорж бид хоёр О гэж айлаар хэзээ нүүх гэж байгааг асуухаар орсон. Б О гэх хүний эхнэрт танайх хэзээ нүүх гэж байна гэж асуусан чинь тэр эгч учир зүггүй уурлаад юу яриад байгаа юм энэ чинь манай газар, урьд нь манайх нутагладаг байсан юм гэсэн...Худаг дээр О байхаар нь Б бид хоёр очоод мэндлээд нөгөө бууцны асуудлаа ярьсан. Тэгсэн О манайх нүүхгүй нутагтаа байна, пиздаанууд минь бид нар хаана байхаа та нараар заалгахгүй гээд доромжлоод худгийн ховоо бариад Б руу дайрсан. Тэгэхээр нь Б ховоог нь булааж аваад газар хаясан. Тэр хүн газраас чулуу бариад дайрсан. Тэр чулууг нь Б салгах гээд О гэх хүнтэй зууралдсан. Нэг их сүртэй юм болоогүй. Би мотоцикль дээрээ байсан бөгөөд тэр хоёр хоорондоо зодолдсон асуудал байхгүй. Тэр хоёр зууралдаж байгаад салсан. Тэгсэн О гэх хүний зүүн нүдний доод хэсэгт нь жаахан бондойгоод хавдчихсан цус гарч байсан. О гэх хүн пиздаа минь хоёулаа маргааш цагдаа дээр уулзнаа гэж байсан. Би яг цохиж байхыг нь хараагүй. Би холоос мотоциклийн орчим болиоч гээд зогсож байсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 17-18 хуудас/,

 

            1.5. Гэрч Г.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр манай охин Б, хүргэн Б хоёр адуундаа явсан. О-ийн гэрт очоод ах минь нүүх болоогүй юу, танай мал чинь манай өвөлжөөний хөрзөнг сүйтгэлээ гэсэн юм уу даа. Тэгсэн О нь болоогүй амжихгүй байна гэж хэлсэн гэсэн. Би өөрөө тэр үед байгаагүй болохоор юу болсон талаар нь мэдэхгүй байна. 2017 оны 07 дугаар сарын сүүлээр манай нөхөр Хөсрий бид хоёр өвөлжөөнөөс хүний багаж авах гээд очиход манай бууцны орчим нэг айл буучихсан бага мал нь хашаа, хорооны гишгээд гаргачихсан байсан хөрзөн дээр гараад тараачихсан байсан. Тэгэхээр нь нөхөр бид хоёр тэр айлаар очоод танайх манай бууцан дээр буучихсан байна. Танай мал манай хөрзөн дээгүүр гарчихсан байна гэсэн чинь тэр айлын эмэгтэй хаана бууц байгаа юм бэ бид нар хараагүй ээ гэсэн.  Тэгэхээр нь би танайх хэнийх гэдэг, хаанахын айл юм бэ гэсэн чинь манайх Говьсүмбэр аймгийн айлаа гээд эхлээд нэрээ хэлээгүй. Бид нар бууцаа энд барих гэж байгаа юм гэсэн. Би танайх хаана буух нь хамаагүй ээ манай өвөлжөөнөөс жаахан зайтай буучихгүй юу даа гэж хэлсэн чинь бараг хэрүүл болох шахсан” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 19-20 хуудас/,

 

1.6. Гэрч Ч.Хөсрий мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр манай хүргэн Б, охин Б хоёр адуундаа яваад ирэхдээ О-тай уулзлаа бууцнаас нүүж чадахгүй завгүй гэж байна гэж хэлсэн. Үдээс хойш Чойрын цагдаагас Б-ийг дуудаад байна гээд явсан. 2017 оны 07 дугаар сарын сүүлээр манай эхнэр Ц бид хоёр өвөлжөөн дээрээ ирэхэд манай бууцан дээр мал гарчихсан, гишгэсэн хөрзөнг минь тараачихсан ба ойрхон нэг айл буусан байсан. Эхнэр бид хоёр айлаар нь буугаад танайх хэнийх гэдэг, хаанахын айл вэ гэсэн чинь Октябрийн эхнэр нь байсан бөгөөд манайх Говьсүмбэр аймгийн айл байгаа юм гээд хэнийх гэдэг айлаа хэлээгүй. Манай эхнэр Ц энд манай өвөлжөө байгаа юм аа гэсэн чинь тэр хүүхэн манайх энд хороогоо барих гэж байгаа юм гэхээр нь танайх хаана хороогоо барих нь хамаагүй ээ. Манай өвөлжөөнөөс жаахан зайтай барьчихвал гэсэн чинь танай хороо хаана байгаа юм мэдэхгүй гэсэн. Тэгэхээр нь манай өвөлжөөн дээр одоо танай мал байна шүү дээ гэж хэлсэн. Тэр хүүхэн манай нөхөр Октябрьтай ярь гээд уурлах юм болсон...Түүнээс хойш 10 гаруй хоногийн дараа буюу 2017 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Б, манай охин Б хоёр тэр хавиар адуундаа явж байхад О-ийнх нүүгээгүй байсан юм билээ. Тэгээд л уулзаад асуудал үүссэн” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 21-22 хуудас/,

 

1.7. Шинжээчийн 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 296 дугаартай дүгнэлтэнд: Ш.О-ийн биед зүүн нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Шинжээч эмч Б.С гэжээ. /х.х-ийн 26 хуудас/,

 

Иймд шүүгдэгч Б.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2. Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудыг судлав. Үүнд:

 

2.1. Хохирогч Ш.О мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Б миний эмчилгээнд зориулж надад бэлнээр 300 000 төгрөг өгсөн. Одоо би Б-оос мөнгө нэхэмжлэхгүй. Надад гомдол, санал байхгүй” /х.х-ийн 11 хуудас/,

 

2.2. Гэрч Х.Балжинням мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Б.Б их даруухан. Урьд нь хэрэг төвөгт орж  байгаагүй. Дөлгөөн тайван талдаа хүн” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 18 хуудас/,

 

2.3. Гэрч Г.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Зан байдлын хувьд манай хүргэн хүнтэй хэрүүл хийж байгаагүй. Их дөлгөөхөн хүү байгаа юм. Хүнд их тусархуу, архи, тамхи огт хэрэглэдэггүй” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 20 хуудас/

 

2.4. Гэрч Ч.Хөсрий мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Би Б-ийг багаас нь мэднэ. Одоогоос 2-3 жилийн өмнө Б манай хүргэн болж бид нартай хамтдаа амьдрах болоод 2 жил болж байна. Манай охин Б-тай албан ёсны гэрлэлтийн баталгаа байхгүй. Б, Б нар хүүхэдгүй. Одоо манай эхнэр Ц бид 4 хөдөө хамт мал маллаад амьдарч байгаа. Зан байдлын хувьд их боломжийн залуу байгаа юм. Бид нарт халамж ихтэй. Ялангуяа настай хүмүүст их тусархуу. Архи огт уудаггүй. Тамхи татдаггүй л хүргэн байгаа юм” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 22 хуудас/

 

2.5. Гэрч О.А мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “Манай хүү Б 1988 онд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн. Манай хамгийн бага хүү байгаа юм. Б өөрөө ерөнхий боловсролын сургуулийг энд төгсөөд Төмөр замын дээд сургуульд 4 жил сурч Вагоны аж ахуйн инженер мэргэжлээр төгссөн. Улаанбаатар хотод мэргэжлээрээ 5 жил ажиллаад 2015 онд хөдөө мал маллаж амьдрах болсон. Зан байдлын хувьд даруу төлөв урьд өмнө нь хэл ам таталж байгаагүй. Архи, тамхи хэрэглэдэггүй хүүхэд байгаа юм” гэсэн мэдүүлэг. /х.х-ийн 24 хуудас/

 

2.6. Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /х.х-ийн 36-37 хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан 450  нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөгөгүй болохыг тус тус дурдлаа.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигин овогт Б-гийн Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Б.БАТТУЛГА