Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/78

 

 

 

 

 

 

 

 

2021           10            06                                         2021/ДШМ/78

 

 

Б.Сд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Х.Оюунцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг,

Нарийн бичгийн дарга Б.Батмандал нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн хянан шийдвэрлэсэн, 2021 оны 07 сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/247 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Б.Сд холбогдох 2034005680061 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 09 сарын 01-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

 

Шүүгдэгч Б.С нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр багийн нутаг “Цагаан булгийн адаг” гэх газар 889м2 талбай бүхий орон нутгийн тусгай хэрэгцээний газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, байгаль орчинд 4.995.823 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/247 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б.Сг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулан ашиглалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Магсар овгийн Баяртунгалагийн Сд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хорих ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг 3 жилийн хугацаагаар хойшлуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Магсар овгийн Баяртунгалагийн Сд хүүхдээ асарч хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэхийг, мөн шүүхийн шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан хугацаанд шүүгдэгч Магсар овгийн Баяртунгалагийн Сд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэл шүүх түүнд энэ хуулийн 6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан ял оногдуулахыг тус тус мэдэгдэж,

 Эрүүгийн 2034005680061 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүйг, иргэний бичиг баримт болон баримт бичиг ирээгүйг, шүүгдэгч Магсар овгийн Баяртунгалагийн С энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүйг, шүүгдэгчээс тооцож гаргуулах Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг, иргэний нэхэмжлэгч С.Отгон нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүйг, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт битүүмжлэгдсэн 52-49 УН улсын дугаартай ковш, 29-29 УН улсын дугаартай комацу маркийн шар өнгийн эксковатор зэргийг хууль ёсны эзэмшигч ШЖ77040616 дугаарын регистртэй, Монгол овгийн Самдангийн Отгонд буцаан олгохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Магсар овгийн Баяртунгалагийн Сгаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 52-49 УН улсын дугаартай ковш, 29-29 УН улсын дугаартай комацу маркийн шар өнгийн эксковатор үнэ болох нийт 135.500.000 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 5, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч Магсар овгийн Баяртунгалагийн Сгаас 9.991.646 төгрөгийг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Б.С давж заалдах гомдолдоо: “...Б.С миний бие 2021 оны 06 сарын 20-ны өдөр Ковид-19 өвчнөөр өвдөж, Төв аймагт эмчлүүлж байгаад 07-р сарын 01-ний өдөр эмнэлгээс гарсан. Эмнэлгээс гараад гэрийн тусгаарлалтын хугацаа дууссан өдөр шүүх хуралдаантай гэж шүүхээс надад мэдэгдсэн учраас миний бие уг өдөр шүүх хуралдаанд очсон. Гэтэл өмгөөлөгч Энх-Амгалан ирээгүй байсан. Утсаар залгаад та ирж байна уу? гэхэд би очихгүй ээ. Чи гэм буруугаа хүлээчих, би ярьчихсан байгаа, жирэмсэн хүнд ял өгдөггүй юм гэхээр нь би өмгөөлөгчийн хэлснийг л шүүх хуралдаанд хэлсэн санагдаж байна. Тухайн үед өмгөөлөгч маань ирнэ гэж бодоод шүүх хуралд очсон, өмгөөлөгч ирээгүй, дээр нь бие өвдөөд сэтгэл санаа тогтворгүй байсан учраас шүүх хурал дээр юу болсон, тухайн үед ямар ял шийтгэл авснаа ч мэдээгүй. Дараа нь шүүхээс залгаад шийдвэрээ ирж аваарай гэхэд нь ирж шийдвэрээ аваад надад шүүхээс хорих ял оногдуулсныг мэдсэн.

Би гэм буруугаа анхнаасаа хүлээгээгүй. Хэргийг шалгаж эхлэх үед би газар ухаагүй, хүний газар дээр хууль бус олборлолт явуулаагүй гэж мэдэгдээд, хэргийн газрын цэг тогтооход би өөрөө оролцмоор байна гэж маш олон удаа мөрдөгчид хэлсэн, бичгээр бичиж өгсөн, шинжээчийн дүгнэлт танилцуулахад ч бас бичиж өгсөн.

Миний усан буугаа байрлуулсан газрыг сумын байгаль орчны байцаагч Ган-Очир өөрөө зааж өгсөн, зааж өгсөн гэдгээ Ган-Очир мэдүүлэгтээ хэлсэн байсан ч 500м газар байрлуул гэсэн, гэтэл 1 км газар байсан гэж худал мэдүүлэг өгсөн байна лээ. Ган-Очирын байрлуулсан газар буугаа байрлуулахаар очоод шороог тэгшилж байх үед "Монполимет" ХХК-ийн уурхайн захирал Баянмөнх ирж та нар энд техникээ байрлуулахгүй, юмаа аваад яв гэсэн бөгөөд би сумаас уг газрыг зааж өгсөн, та Ган-Очиртой уулз гэж хэлсэн. Гэтэл маргааш нь цагдаа нар ирээд манайхыг үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн. Цагдаа нарт гомдол гаргасан хүн бол "Монполимет" компанийн хүмүүс гэж бодож байна.

Сумын засаг даргатай байгуулсан гэрээнд зааснаар усан буу байрлуулах цэгийг Ган-Очир зааж өгөх ёстой. Өөрөө тэр газрыг зааж өгчихөөд цагдаа нарыг ирэхээр 500 метр газар л зааж өгсөн гэж худлаа ярьж байгаад үнэхээр гомдолтой байна. Тэгээд ч энэ газар Монполиметийн газар байсан. Гэтэл прокурор надад яллагдагчаар татах тогтоолыг өөрчилсөн гээд гарын усэг зуруулахдаа энэ газар бол орон нутгийн тусгай хэрэгцээний газар гэж хэлсэн. Би Заамар суманд төрж өссөн, тэндэхийн иргэн. Тэр газрыг орон нутаг тусгай хэрэгцээнд аваагүй. Тийм ч учраас би Монполиметийн хүмүүс техникээ аваад яв гэхэд тэд нараас буугаа газар дээр нь байрлуулъя гэж гуйсан.

"Монполимет" ХХК нь өөрийн ашиглалтын талбайдаа шав тэмдэг тавих ёстой. Тэдний тавьсан шав тэмдэг бүхий газрыг байгаль орчны байцаагч өөрөө зааж өгсөн. Энэ газрын талаар манай нөхөрлөлийн гишүүд, сумын тамгын газрын хүмүүс, Монполиметийн хүмүүсээс асууж, шалгах ёстой байсан гэж үзэж байна.

Ухсан гээд байгаа газар нь овоолсон шороонуудын гол зай хэсэг, энэ газар нь 1 айлын хашааны газраас ч бага газар байсан. Гэтэл ухаш нүх гэж үзэж байгааг ойлгохгүй байна. Би тэр газар ямар байсан гэдгийг өөрөө тайлбарлаад, дахиж дүгнэлт гаргуулмаар байна. “Монполимет” ХХК нь өөрөө үйлдвэрийн аргаар ухдаг бөгөөд ухаад гаргасан шороо нь маш их хэмжээтэй овоолсон байсан бөгөөд тэр хэсгээс нь бага хэсгийг нь буу байрлуулах гэж л тэгшилсэн. Би ямар ч хөрсийг шинээр ухаж, эвдэж сүйтгээгүй, олборлоогүй.

Мөн огт ус ашиглаагүй байхад яагаад маш их усны төлбөр гараад байгааг ойлгохгүй байна. Шинжээч нар нь өөрсдөө газар дээр очиж дүгнэлт гаргаагүй. Яагаад миний хүсэлтээр дахиад шинжээч томилж болохгүй байгааг үнэхээр ойлгохгүй байна.

Тэр газар маш том газар бөгөөд бүхэлдээ эвдэгдсэн газар. Шинжээчийн дүгнэлт дээр ч эвдэгдсэн газар гэж биччихсэн байсан. Би тэр газрыг огт ухаагүй учраас дахин шинжээч томилуулж, хэргийг дахин шалгуулах хүсэлтэй байна. Иймд шүүхийн шийдвэрийг дахин хянаж, хэргийг прокурорт буцааж өгнө үү.” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг давж заалдах гомдолдоо: “...Монгол Улсын Үндсэн хуульд заасан өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэх үндэслэлээр:

Б.Сгийн өмгөөлөгч Энх-Амгаланг шүүх хуралдаанд оролцуулаагүй нь түүнийг өмгөөлүүлэх эрхээр хангаагүй гэж үзэхээр байна. Өмгөөлөгч нь яагаад шүүх хуралдаанд ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаан байсан эсэх талаар өмгөөлөгчөөс нь лавлаж асуугаагүй. Зөвхөн тухайн болж байгаа үйл явдалд зөв үнэлэлт, дүгнэлт хийж чадахааргүй байсан Б.Сгаас асууж, түүнийг өмгөөлүүлэх эрхээр хангаагүй шүүх хуралдаанд оролцуулсан нь түүний эрхийг зөрчсөн гэж үзэхээр байна. Учир нь жирэмсэн хүний төрөх үеийн сэтгэл зүй, ковид-19 өвчнөөр өвдсөн зэрэг нь хэргийн талаар өөрт ашигтай мэдүүлэг, тайлбар өгөхөд маш их эргэлзээтэй юм. Түүнийг хүнд өвчин тусаад эдгээд 7 хонож байсан, төрөх хугацаа нь болчихсон байсан зэрэг нөхцөл байдал нь зайлшгүй өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, өмгөөлүүлэх эрхээр хангуулах үндэслэл болж байна гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна.

2. Ашигт малтмал олборлоогүй гэх үндэслэлээр:

Б.Сг Төв аймгийн Заамар сумын 4-р багийн нутаг Цагаан булгийн адаг гэх газарт "Хууль бусаар ашигт малтмал олборлосон " гэж 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 08 дугаар сарын 20-ны өдөр хэргийн газрын үзлэг хийхдээ... "хууль бусаар ашигт малтмал олборлосон", 2021 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн, 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн Яллагдагчаар татсан тогтоолуудад Сг... "тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлож", Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/247 дугаартай шийтгэх тогтоолоор "ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан" гэх үндэслэлээр 3 жилийн хорих ял оногдуулсан.

Б.Сг хэрэг бүртгэлийн хэрэг нээж шалгасан үеэс хэргийг шүүхээр шийдвэрлэж дуустал түүнийг хууль бусаар ашигт малтмал олборлосон, боловсруулсан, ашигласан гэж үзсэн байдаг. Тэрээр 2019 онд Төв аймгийн Заамар сумын нутагт бичил уурхай явуулах зөвшөөрлийг авч, Заамар сумын Засаг дарга Л.Амгаланбаяртай "Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох" гэрээ байгуулан, гэрээн дээрх солбицол бүхий газартаа үйл ажиллагаа явуулахаар очоод ус байхгүйн улмаас шороо угаах усан буугаа бусдын ашиглалтын талбай буюу "Монполимет" ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбайд овоолсон шороог тэгшилж буугаа байрлуулсны улмаас маргаан үүссэн байдаг. Тус газарт очоод шороог тэгшилж, буугаа байрлуулж байх үед экологийн цагдаагийн албаныхан хууль бусаар ашигт малтмал олборлосон гэж үзэж, хэрэг бүртгэлтийн хэрэг нээж улмаар яллагдагчаар татаж, шүүхээс түүнд хууль бусаар ашигт малтмал олборлосон, боловсруулсан, ашигласан гэж үзэж ял оногдуулсан.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох Б.Сгийн болон гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтийн зарим хэсэгт дүгнэлт хийхэд шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан ашигт малтмалын олборлолт, боловсруулалт явуулж, ашигт малтмал ашигласан болох нь тогтоогдоогүй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7. "ашигт малтмал ашиглах" гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг" ойлгоно гэж заасан.

Өөрөөр хэлбэл ашигт малтмал ашиглаж байгаа нэг хэлбэр нь олборлолт юм. Гэтэл С нь ямар ч ашигт малтмал ашиглаагүй, олборлоогүй байна. Мөн ухсан гэх дээрхи газрын google earth-с авсан 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн зураг, 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн зурагнуудын аль хэсэгт ухсан, ухаагүй хэсэг аль нь болох, ухаад ямар хэмжээний өөрчлөлт гарсан зэрэг нь огт харагдахгүй байна. Уг хоёр зураг дээр зөвхөн овоолсон шороонууд л харагдаж байна. Хэрэв ухаагүй, хөндөгдөөгүй газар байсан бол 2019 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн зураг дээр газрын хөрс өөр өнгөтэй буюу ургамал ногоо ургасан харагдах ёстой. Ийм нөхцөл байдал дээрхи зургаар ч тэр бусад нотлох баримтаар тогтоогдоогүй.

Түүнчлэн шинжээчийн дүгнэлтээр хэрэг болсон гэх газар нь "Монполимет" ХХК-ийн газартай бүхэлдээ давхцалтай болохыг тогтоосон. Харин уг газарт ямар нэгэн нөхөрлөл олборлолтын үйл ажиллагаа явуулаагүй талаар "Монполимет" ХХК-ийн тосон уурхайн захирал Баянмөнх мэдүүлэгтээ дурьдсан байна. Энэ нь "Энх заамар" нөхөрлөл дээрхи газар дээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулаагүйг нотлон харуулж байна.

Иймд шүүх хэргийн үйл баримт, гэрчүүдийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, зурган мэдээлэл АМГТ-ын албан бичиг зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

3.  Шинжээчийн дүгнэлт хууль зөрчсөн гэх үндэслэлээр:

2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 02 дугаартай "Эко инженеринг" ХХК нь шинжээчийн дүгнэлтээр 3 төрлийн хохирлын үнэлгээг тогтоосон байх бөгөөд 0.09 га талбайд ус ашигласан гэж үзэж усан орчинд 3.960.374 төгрөгийн хохирол, газрын хэвлийд учруулсан хохирол 1.034.586 төгрөг, эдэлбэр газарт учруулсан хохирлын үнэлгээ 863 төгрөг, нийт 4.995.823 төгрөг тогтоосон байдаг. “Энх заамар” нөхөрлөл нь хууль бусаар ашигт малтмал олборлосны улмаас учруулсан хохирлын үнэлгээ гэж дээрхи үнэлгээг гаргасан. Тус нөхөрлөлийн ахлагч С нь ашигт малтмал олборлож, улмаар газрын хэвлийд халдаагүй. ...Газрын хэвлий гэдэг бол Газрын хэвлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар /Хөрснөөс доош газрын гүн рүү үргэлжлэх орон зай, түүнийг эзлэн орших материаллаг бүх зүйлс /бүх төрлийн чулуулаг, ашигт малтмал болон геологийн бусад биет, түүнчлэн барилга байгууламж/-ийг газрын хэвлий гэнэ" гэж заасан байдаг.

Шинжээчийн дүгнэлтэд бичигдсэнээр газрын хэвлийд хохирол учруулсан гэж үзвэл газрын хэвлий рүү халдахаас өмнө газрын хөрс, ургамлын нөмрөгт хохирол учруулах ёстой. Гэтэл уг шинжээчийн дүгнэлтээр газрын хөрс, ургамлын нөмрөгт хохирол учруулаагүй гэж дурьдсан атлаа газрын хэвлийд учруулсан хохирол гэж дүгнэлт гаргаж байгаа нь дээрхи шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй, Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2010 оны А-156 дугаар тушаалаар баталсан "Байгаль орчны хохирлын үнэлгээ, нөхөн төлбөр тооцох аргачлал"-ыг зөв тооцоололгүйгээр дүгнэлт гаргасан байна.

Нөгөө талаар шинжээчийн дүгнэлтэд дурьдсан газрын хэвлийн хохирлыг хэрхэн тооцсон аргачлалыг харахад “...уурхайлалт явуулж газрын хэвлийг эвдсэн ..." гэсэн атлаа хохирлын хэмжээ нь ...ухаж ачих, тээвэрлэх, хэлбэржүүлэх, болон тэгшлэх ажлын зардлын тооцоо нь 1.034.586 буюу газрын хэвлийн нийт хохирлыг зөвхөн техник ашиглах зардал эзэлж байгаа нь газрын хэвлий, газрын хөрс, ургамал руу халдаагүй буюу анхнаасаа хөндөгдсөн, ухагдсан шороо байсныг шинжээчийн дүгнэлт өөрөө илтгэн харуулж байна.

Эдгээр 2 дүгнэлтээс харахад энэхүү шинжээчийн дүгнэлт нэг заалтаа нөгөө заалтаараа үгүйсгэсэн, мөн үндэслэлгүй болохыг давхар нотолж байгаа юм. Газрын хэвлий рүү хэрхэн халдсан, газрын хэвлийг ухсан гэж үзэж байгаа бол газрын гүний хэмжээ, газрын хөрсөн бүрхүүл, ургамлын нөмрөгт учруулсан хохирол, хэмжээ зэргийг зайлшгүй тогтоох ёстой. Шинжээчийн дүгнэлтээр болон хэргийн газрын үзлэгээр хэвлий рүү халдсан хэмжээ, газрын гүний хэмжээг огт тогтоогоогүй байдаг.

"Эко инженеринг" ХХК-ийн шинжээчийн дээрхи дүгнэлтийн 3-р заалтаар хөндөгдсөн гэх талбайн хэмжээ нь 0.09 га хэмжээтэй гэж тогтоож, хохирлын хэмжээг гаргасан байдаг. Гэтэл шинжээчийн дүгнэлтэд дурьдсан солбицол бүхий 0.09 га газар нь Ашигт малтмал газрын тосны газрын 2021 оны 03-р сарын 16-ны өдрийн 8\1097 дугаартай албан бичгээс 0.07 га газар буюу 0.02 га газраар зөрүүтэй болох нь харагдаж байна.

Ашигт малтмал газрын тосны газар нь Монгол улсын газрын нэгдмэл сан, кадастрын мэдээллийн сангийн тоо бүртгэл мэдээллийг хөтөлдөг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг бөгөөд уг байгууллагын мэдээлэл нь хамгийн үндэслэлтэй зөв мэдээлэл юм.

Шинжээч Баясгалан нь мэдүүлэхдээ “...Би мөрдөгчийн тогтоол дээр байсан солбицлын цэгийг байрлуулан үзэхэд 889 мкв газар ...байсан, уг 889 мкв газар нь га-ын хэмжээнд шилжүүлэхээр 0.09 га талбай болж байгаа талаар тайлбарласан байдаг.

Шинжээчийн дээрхи тайлбараас үзэхэд мөрдөгчийн тогтоолд тусгасан газрын солбицлын цэгийг зөв авсан эсэх нь эргэлзээтэй нөхцөл байдал үүсч байна. Мөрдөгчийн тогтоол дээрхи солбицол бүхий газрын хэмжээг Ашигт малтмал газрын тосны газар 0.07 га газар болохыг баталсан нь "Шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хохирлын хэмжээнд өөрчлөлт орох, уг шинжээчийн дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл болж байна.

Түүнчлэн анхан шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 9.991.646 төгрөгийг зөв тогтоогдоогүй буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 хэсэг заасан "Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”-г хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад нотолно гэснийг зөрчсөн.

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэлээр:

"Энх Заамар" нөхөрлөлийн хууль бусаар ашигт малтмал олборлосон гэх газар нь "Монполимет" ХХК-ийн МV-000184 дугаартай ашиглалтын талбайтай бүхэлдээ давхцалтай болох нь шинжээчийн дүгнэлтээс харагддаг. Мөрдөгчөөс асуусан асуултын 2-р заалтын хариулт.

Мөн дээрхи газар нь “Монполимет” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайтай болон орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтай болох нь Ашигт малтмал газрын тосны газрын 2020 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 8/3894 дугаартай албан бичгээр нотлогддог.

Гэтэл хэрэгт хэргийн газрын үзлэгээр тогтоогдсон гэх солбицол бүхий газар нь аль хэсгээрээ орон нутгийн тусгай хэрэгцээний газартай давхцалтайг нарийн шалгаж тогтоолгүйгээр иргэний нэхэмжлэгчээр зөвхөн Заамар сумын ЗДТГ-ын байгаль орчны мэргэжилтэн тогтоож, түүнээс мэдүүлэг авсан нь хууль зөрчсөн гэж үзэж байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад "Монполимет" ХХК-ийн "Тосон уурхайн” дарга Б.Баянмөнх нь гэрчээр мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд тэрээр 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “Төв аймгийн Заамар сумын сум дундын цагдаагийн хэлтэст мэдүүлэг өгсөн. Манай компанийн МV-000184 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд ямар хэрэг үүсээд, ямар шатанд явж байгаа талаар мэдээлэл өгнө үү?" гэх хүсэлтийг цагдаагийн байгууллагад гаргасан байдаг.

Уг хүсэлтийг Экологийн цагдаагийн албаны эрүүгийн мөрдөгч цагдаагийн хошууч Д.Сүхбаяр 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хүсэлтийг хангахаас татгалзсан байна.

Хүсэлтийг хүлээн авахаас татгалзсан үндэслэл нь "Хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа" гэжээ. Тухайн үед мөрдөн шалгах ажиллагаа явуулж байсан хэдий ч "Монполимет" ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий талбай учраас энэ гэмт хэргийн улмаас эрх ашиг нь хөндөгдсөн уг компанийн хариуцсан албан тушаалтан нь хүсэлт гаргаад байхад "Монполимет" ХХК-ийг энэ хэрэгт хохирогч иргэний нэхэмжлэгчээр тогтоох байсан. Энэ ажиллагаа огт хийгдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлд заасныг зөрчсөн байна.

Түүнчлэн шинжээчийн дүгнэлт болон Ашигт малтмал газрын тосны газрын албан тоотууд дээрх мэдээллүүд зөрүүтэй тул Заамар сумын Засаг даргын тамгын газар болон Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас уг газрыг Орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан эсэх талаарх тогтоол шийдвэрийг зайлшгүй хэрэгт хавсаргах ёстой байсан.

Мөн хэргийн газрын үзлэг хийхэд Сг оролцуулаагүй, дахин үзлэг хийлгэх, уг ажиллагаанд өөрөө оролцох хүсэлт гаргахад хүлээн аваагүй байдаг.

Энэхүү шинжээчийн дүгнэлтийн талаар С ...шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй, дахин дүгнэлт гаргуулахаар хүсэлт гаргахад ...хүсэлтийг хүлээн авч шийдвэрлээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн.

Иймд мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 8, 27.7 дугаар зүйлийн 2, 27.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасныг зөрчсөн, мөн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалд нийцээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлүүдээр гомдол гаргаж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаж, прокурорт буцааж өгнө үү.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь хангалттай нотлогдсон. Иймд шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хийсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй. Б.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдээгүй. Иймд миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.Сд холбогдох эрүүгийн 2034005680061 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй байна.

2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Заамар сумын засаг дарга Л.Амгаланбаяр нөгөө талаас “Энх Заамар” нөхөрлөлийг төлөөлж ахлагч Б.С нар “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ” байгуулан Төв аймгийн Заамар сумын Цагаан булагийн арын жалга гэх нэртэй газарт орших

1. 1040 3353.90” E 480 24’ 35.20” N

2. 1040 3353.59” E 480 24’ 38.34” N

3. 1040 3354.44” E 480 24’ 38.35” N

4. 1040 3355.10” E 480 24’ 35.40” N

солбилцол бүхий 0.20 гектар талбайд 7 сарын хугацаагаар алт олборлохтой холбогдсон үйл ажиллагаа эрхлэхээр болжээ. /хх-ийн 18-19-р хуудас/

            Экологийн цагдаагийн албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Б.Буяннэмэхийн хэргийн газар хийсэн тэмдэглэлээр “Энх Заамар” нөхөрлөл нь гэрээ байгуулснаас өөр газар буюу Заамар сумын 3-р багийн нутаг Цагаан булгийн адаг гэх газар үйл ажиллагаа явуулсан талаарх баримт хэрэгт авагджээ. /хх-ийн 09-15-р хуудас/

            2020 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай” мөрдөгчийн тогтоолоор “Эко инженеринг” ХХК-д байгаль орчинд учруулсан экологи, эдийн засгийн үнэлгээг тогтоож, шинжээчийн дүгнэлт гаргахыг даалгажээ. Шинжээчийн дүгнэлтээр мөрдөгчийн тогтоолд өгөгдсөн солбилцол бүхий 889м2 ( 0.09 га) талбайн байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ нь 4.995.823 төгрөг болсон байна. /хх-ийн 69-72-р хуудас/

Анхан шатны шүүх шүүгдэгч “Энх заамар” нөхөрлөлийн ахлагч Б.С нь 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр багийн нутаг “Цагаан булгийн адаг” гэх газар 889м2 талбай бүхий орон нутгийн тусгай хэрэгцээний газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан үйл баримт тогтоогдсон, энэхүү тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал буюу алт олборлосон өөрсдийн үйлдлээ хууль бус шинжтэйг мэдсээр байж хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэр бөгөөд байгаль экологид учирсан хохирол, хор уршиг нь шүүгдэгчийн санаатай үйлдэлтэй шалтгаант холбоотой тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан, прокуророос тэдэнд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

“Энх Заамар” нөхөрлөлийн ахлагч Б.С нь тус нөхөрлөлийн нэрийн өмнөөс, нөхөрлөлийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гарган зөвшөөрөл өгч 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр багийн нутаг “Цагаан булгийн адаг” гэх газар 889м2 талбай бүхий орон нутгийн тусгай хэрэгцээний газар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулсан гэх үйл баримт нь иргэний нэхэмжлэгч, гэрч нарын мэдүүлгүүд болон анхан шатны шүүхээр хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдүүлсэн, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн бол Эрүүгийн хуульд заасан ял оногдуулахаар заасан.

Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр шүүгдэгч Б.С нь “Энх Заамар” нөхөрлөлийн дарга болох нь тогтоогдож байна. /хх-ийн 21-р хуудас/

Шүүгдэгч Б.С нь “Энх Заамар” нөхөрлөлийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гарган, зөвшөөрөл өгсөн байхад хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад таталгүй дан ганц шүүгдэгч Б.Сг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Прокуророос “Энх Заамар” нөхөрлөлийг эрүүгийн хариуцлагад татах талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулалгүй яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хуулийн этгээдэд ял завшуулсан байх бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчлөн ялыг хүндрүүлэх эрх хэмжээгүй тул мөрдөн шалгах ажиллагааны шатанд Эрүүгийн хуулийг зөв хэрэглээгүй байхад анхан шатны шүүх энэ байдлыг харгалзан үзэж уг алдааг нь залруулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна.

Хэрэгт хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татвал зохих мөрдөн шалгах ажиллагаа дутуу хийгдсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” гомдлыг хүлээн авч шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэлгүй байна гэж үзлээ.

Харин шүүгдэгч Б.Сгийн гаргасан “хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн гомдлыг шүүх хүлээн авсан ба эрүүгийн хэрэг нь прокурорт очсоны дараа тэрээр давж заалдах гомдолд дурдсан хүсэлтүүдээ мөрдөн шалгах ажиллагааны шатанд дахин гаргаж шийдвэрлүүлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.    

 

Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

2015 оны 6 сарын 19-ны өдөр батлагдсан Шүүх байгуулах тухай /шинэчилсэн найруулга/ хуулиар тус давж заалдах шатны шүүх нь “Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх” гэсэн нэршилтэй байгуулагдсан байтал анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 11 дүгээр заалтад давж заалдах шатны шүүхийн нэрийг “Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх” гэж буруу бичиж байгааг цаашид анхаарах шаардлагатай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 сарын 08-ны өдрийн 2021/ШЦТ/247 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэгийн гаргасан “шүүгдэгч Б.Сд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгон, шүүгдэгч Б.Сгийн гаргасан “хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн гомдлыг хангаж шийдвэрлэсэн болохыг дурдсугай.

3. Шүүгдэгч Б.Сд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорт очтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.МӨНХДАВАА

 

                   ШҮҮГЧИД                                         Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

                                                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ