Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 128/ШШ2023/0526

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Гангэрэл даргалж тус шүүхийн 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л Н /РД: РЮ8/,

Хариуцагч: Үндэсний аудитын газар

Хариуцагч: Үндэсний аудитын газрын аудитор Ц.Н, аудитын менежер Ц.Х нарын хооронд үүссэн маргааныг хянан шийдвэрлэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, П.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага: Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн "Төлбөр барагдуулах тухай" 77/AO150055 дугаартай актыг хүчингүй болгуулах

2. Хэргийн нөхцөл байдал, процессын түүх:

2.1. Үндэсний аудитын газрын аудитор Ц.Н, ауидтын менежер Ц.Х, аудитор П.Н******* нараас Х******* ТӨХК-ийн 2021 оны санхүүгийн тайланд гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийж, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар магадлалаар компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс нэр бүхий иргэнд 16,809,270 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг байгууллагаас олгосон зөрчлийг илрүүлж, тус хохирлыг холбогдох буруутай албан тушаалтнаар төлүүлэхийг Х******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, нягтлан бодогч нарт хариуцуулсан 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн "Төлбөр барагдуулах тухай" 77/AO150055 дугаартай актыг үйлджээ.

2.2. Ийнхүү Х******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаас 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 429 дугаартай албан бичгээр ...тухайн үед компанийн захирлаар ажиллаж байсан Б.М*******ыг ажлаас чөлөөлөх тушаалыг Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан тул хохирлыг нөхөн төлөх-ийг Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Л.Нид мэдэгдсэн.

2.3. Үүнийг эс зөвшөөрч, Л.Н******* шүүхэд 2022 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Үндэсний аудитын газрын актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч Л.Н нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарлаж байна.

3.1. Үндэсний аудитын газрын 77/AO150055 тоот актын тогтоох хэсгийн 1-т "Ажилгүй байсан хугацааны олговорт олгосон 16,809,270 төгрөгийг холбогдох буруутай албан тушаалтнаар буцаан төлүүлж, Үндэсний аудитын газрын тоот дансанд төвлөрүүлэх" гэж заасан байдаг. Харин "Х*******" ТӨХК-ийн зүгээс тухайн үед шийдвэр гаргасан ТУЗ-ийн 9 гишүүд рүү албан бичиг илгээж төлбөр барагдуулах талаар дурдсан байдаг. Уг актад дурдсан 16.809.270 төгрөгийг ТУЗ /хуучин/-ийн 9 гишүүнд хуваахад нэг хүнд 1,867,696 төгрөг оногдож байгаа үйлдэл нь иргэн Л.Н******* эрх ашгийг зөрсөн гэж үзэж байна.

3.2. Мөн уг акт нь Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийг зөрсөн талаар өмнөх нэхэмжлэлдээ дурдсан. "Х*******" ТӨХК-ийн ТУЗ /тухайн үеийн/-ийн гишүүд эрүүгийн хэргээр шүүхэд шийдүүлсэн Б.М*******ыг хувьцаа эзэмшигчийн хүсэлт /удирдамж/, хяналт шалгалтын байгууллагуудын дүгнэлт, ажилчид албан хаагчдын гарын үсэг цуглуулсан албан шаардлага зэргийг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл Б.М******* нь "Хөвсгөл аймгийн дулааны станц" ТӨХК-ийг шүүхэд өгч маргаан үүссэн. Шүүх шийдэхдээ тухайн үеийн ТУЗ-өөр төлбөр гаргуулахтай холбоотой заалт огт байхгүй. Хэнээр гаргуулах талаар дурдаагүй байдаг. Тиймээс иргэн Б.М*******д ажил ологч буюу "Х*******" ТӨХК нь 16.867,696 төгрөгийг шилжүүлсэн зөв юм. Учир нь ТУЗ нь ажил олгогч биш бөгөөд хуулийн этгээд биш юм. Тиймээс шүүхийн шийдвэрийг буруу тайлбарлаж хууль бусаар тогтоосон актыг хүчингүй болгож өгнө үү.

3.3. Б.М******* нь Хөвсгөл аймгийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүхээс нийтийн албанд 2 жил ажиллах эрхгүй гэж шүүхээр таслагдсан байгаа. 2019 оноос 2020 оны хооронд эрүүгийн хэргийн шүүх болон ажлаас чөлөөлсөн 2 маргаан зэрэг явагдсан. Шүүхээс нийтийн албан тушаалд ажиллах эрхгүй, эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдож байна гэж шийдвэрлэсэн. Бидний гаргасан үндэслэлтэй яг адилхан байгаа. Эрчим хүчний яамнаас томилогдсон аудиторын дүгнэлт, хувьцаа эзэмшигч буюу сайдын удирдамжийг үндэслээд Б.М*******ыг ажлаас чөлөөлсөн. Энэ хүнийг нийтийн албанд ажиллах эрхгүй хүн гэж үзсэн байгаа. Энэ шийдвэрийг зөв гэж үзэж байна. Гэтэл энэ хүнийг ажилд нь эгүүлэн томилуулах шийдвэр гаргасан. Б.М******* нь ашиг сонирхлын зөрчил үүссэн, хувьдаа өмч хөрөнгө завшчихсан хүн тул Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга надад болон Төлөөлөн удирдах зөвлөлд цаашид гүйцэтгэх захирлаар ажиллуулах итгэл үнэмшил төрөөгүй.

3.4. Төлөөлөн удирдах зөвлөл хуулийн этгээд мөн үү гэсэн асуудал үүсч байгаа. Төлөөлөн удирдах зөвлөл нь эрх бүхий байгууллагаас томилогдсон хараат бус 3 гишүүн нь сонгон шалгаруулалтаар орж ирсэн хүмүүсийн нэгдлийг хэлж байгаа. Эдгээр хүмүүс хуулийн этгээд биш. Хувьцаа эзэмшигчийг төлөөлж байгаа. Компанийн тухай хуульд хувьцаа эзэмшигчийн бичгээр өгсөн удирдамжийг биелүүлээгүй тохиолдолд Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдэд хариуцлага тооцох буюу огцруулах заалттай. Иргэн Б.М*******ыг ажлаас халахтай холбоотой удирдамж хувьцаа эзэмшигчээс ирсэн. Бид удирдамжийн дагуу ажиллагаа хийсэн. Мөн шалгалт хийгдэж эрүүгийн хэргийн ноцтой зөрчлүүд гаргасан байна гэсэн 2 дүгнэлт гарсан учраас Б.М*******ыг ажлаас чөлөөлсөн. Өнөөдөр бид хууль биелүүлснээрээ шүүхийн өмнө зогсож байгаад харамсаж байна.

3.5. Иргэний хэргийн хариуцагч нь Төлөөлөн удирдах зөвлөл дангаараа биш бөгөөд Х******* ТӨХК байгаа. Мөн ажил олгогч нь хэн юм бэ, иргэн Б.М*******ыг ажилд авсан этгээд нь Төлөөлөн удирдах зөвлөл биш, ажилд авсан этгээд, ажил олгогч нь Х******* ТӨХК юм. Гэтэл Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр нь ажил олгогчийн шийдвэр биш. Төлөөлөн удирдах зөвлөл зөвшилцлийн хүрээнд үргэлжлүүлэн ажиллуулах боломжгүй гээд чөлөөлсөн. Эдгээр учир дутагдалтай асуудлыг аудиторууд анхаарч үзээгүй, шүүхийн шийдвэрийн 2 өгүүлбэрийг авч үзсэн нь процессыг зөрчсөн байна. Бусад зүйлийг нэхэмжлэлийн шаардлагад дэлгэрэнгүй дурдсан байгаа. гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Н*******: Төлөөлөн удирдах зөвлөл гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх эрхтэй. Бид энэ асуудлыг авч үзээгүй. Зөвхөн шүүхийн шийдвэрт энэ мөнгийг Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргуул гэсэн байсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр шууд Х******* ТӨХК-ийн данснаас шууд авсан байдаг. Буруу шийдвэр гаргасны төлөө шүүхийн шийдвэрийн дагуу хариуцлага хүлээх юм байна. Б.М*******ыг 2018 онд ажлаас халаад 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдөр шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч ажилд аваад тухайн 20-ны өдрөө ажлаас халсан байгаа. Шүүхийн шийдвэрт Төлөөлөн удирдах зөвлөлөөр төлүүл гэсэн байна. Гэтэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар Х******* ТӨХК-ийн данснаас энэ мөнгийг авсан. Иймд Х******* ТӨХК-иас авах мөнгө биш юм байна гэдгийг тогтоосон. Түүнээс цаана нь ямар процесс болсон нь хамааралгүй. Шүүхийн шийдвэрийг үндэслэж акт тогтоосон.

 

4. Хариуцагч Үндэсний аудитын газраас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

4.1. Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т заасны дагуу Үндэсний аудитын газар А******* ХХК-тай 2020 оны 12 сарын 21-ний өдрийн Ү******* дугаартай Санхүүгийн тайлангийн аудитын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, тус аудитын хуулийн этгээд Х******* ТӨХК-ийн 2021 оны санхүүгийн тайланд аудит хийж, гүйцэтгэсэн.

4.2. Аудитаар Хөвсгөл аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар магадлалаар Х******* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Б.М*******д ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 16,809,270.00 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлээр Х******* ТӨХК-ийн ХААН банк дахь 5******* тоот харилцах данснаас 2021 оны 5 дугаар сарын 06-ны өдөр татан авсан байсан.

4.3. Захиргааны ерөнхий хуулийн 103.1-т "Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ" гэж заасны дагуу байгууллагаас төлсөн төлбөрийг буруу шийдвэр гаргасан Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээр төлүүлээгүй зөрчилд Үндэсний аудитын газрын 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 77/A0150055 АХГ-2022/113/НА-СТА-ТӨА дугаар бүхий төлбөрийн актыг тогтоож, Х******* ТӨХК-д хүргүүлсэн болно. гэжээ.

5. Хариуцагч Үндэсний аудитын газрын аудитор Ц.Н, тус газрын аудитын менежер Ц.Х нараас нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

5.1. Аудит хийх хууль эрх зүйн үндэслэлийн талаар, Үндэсний аудитын газар нь Төрийн аудитын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.3-т заасан Төрийн аудитын байгууллагын бүрэн эрхийн хүрээнд "Х*******" ТӨХК-ын 2021 оны санхүүгийн тайланд аудит хийж, гүйцэтгэсэн.

5.2. Тус аудитаар "Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар магадлалаар компанийн ТУЗ-өөс нэр бүхий иргэнд 16,809,270.00 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг байгууллагаас олгосон" зөрчил илэрсэн тул Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/95 дугаар тушаалаар батлагдсан "Албан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох журам"-ын 4.2.3 дахь заалтыг тус тус үндэслэн төлбөрийн акт тогтоосон.

5.3.Нэхэмжлэлийн шаардлагын талаар: Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын тодруулга тайлбартаа "...Х*******" ТӨХК-ийн зүгээс тухайн үед шийдвэр гаргасан ТУЗ-ийн 9 гишүүд рүү албан бичиг илгээж төлбөр барагдуулах талаар дурдсан байдаг. Уг актад дурдсан 16,809,270.00 төгрөгийг ТУЗ /хуучин/-ийн 9 гишүүнд хуваахад нэг хүнд 1,867,696.00 төгрөг оногдож байгаа үйлдэл нь иргэн Л.Н******* эрх ашгийг зөрсөн гэж үзэж байна" гэжээ.

5.4. Үндэсний аудитын газраас тогтоосон 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 77/А0150055 тоот төлбөрийн актын үндэслэх хэсэгт ...ажилгүй байсан хугацааны нөхөн олговорт олгосон 16,809,270.00 /арван зургаан сая найман зуун есөн мянга хоёр зуун далан/төгрөгийг холбогдох буруутай албан тушаалтнаар нөхөн төлүүлж, төсөвт учирсан хохирлыг арилгах" талаар дурдсан.

5.5. Гэтэл нэхэмжлэгч буюу иргэн Л.Н******* хууль, ёсны эрх ашгийг хэрхэн зөрчсөн ойлгомжгүй байна. Учир нь тус төлбөрийн актын үндэслэх хэсэгт Л.Н******* нь нэрийг тухайлан заагаагүй. Мөн дээрх төлбөрийн актын биелэлтийг хэрхэн хангах эсэх асуудал нь тухайн байгууллагын дотоод асуудал юм. Бид хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Хөвсгөл Дулааны станц ТӨХК-д аудитын шалгалт хийж, зөрчлийг тогтоож, арилгуулах арга хэмжээг авсан. Тиймээс хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн зүйл огт биш юм.

5.6. Х******* ТӨХК-ийн ТУЗ /тухайн үеийн/-ийн гишүүд Эрүүгийн хэргээр шүүхэд шийдүүлсэн Б.М*******ыг хувьцаа эзэмшигчийн хүсэлт /удирдамж/, хяналт шалгалтын байгууллагуудын дүгнэлт, ажилчид албан хаагчдын гарын үсэг цуглуулсан албан шаардлага зэргийг үндэслэн ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл Б.М******* нь Хөвсгөл аймгийн дулааны станц ТӨХК-ийг шүүхэд өгч маргаан үүссэн.

5.7. Шүүх шийдэхдээ тухайн үеийн ТУЗ-өөр төлбөр гаргуулахтай холбоотой заалт огт байхгүй, хэнээр гаргуулах талаар дурдаагүй байдаг. Тиймээс иргэн Б.М*******д ажил ологч буюу Х******* ТӨХК нь 16.867,696 төгрөгийг шилжүүлсэн зөв юм" хэмээн дурдсан байна.

5.8. Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-т ... төрийн санхүү, төсөв, хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, эргэн төлөгдөх нөхцөлөөр ашиглуулах үйл ажиллагаа, хувьчлал, дуудлага худалдаа, техник, эдийн засгийн үндэслэл, хөрөнгө оруулалт, худалдан авах ажиллагаа, зээллэг, гадаад зээл, тусламж, хандив, санхүүгийн дэмжлэг, өрийн баталгаа, үнэт цаас, бүх төрлийн гэрээ, хэлцэл болон бусад аливаа үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, ашиглалт, зарцуулалт, хэрэгжилт, тайлагнал болон нийтийн өмчтэй холбоотой бүх үйл ажиллагаанд төрийн аудит хийхийг", 4.1.8-д "санхүүгийн тайлангийн аудит" гэж шалгагдагч этгээд санхүүгийн тайлангаа холбогдох хууль тогтоомж, стандарт, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн актын шаардлагад нийцүүлэн үнэн зөв, шударгаар тайлагнасан эсэхэд аудит хийж баталгаажуулахыг гэсэн хуулийн зохицуулалттай юм.

5.9. Мөн Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.8-д "төсвийг зохистой удирдаж авлага, өр төлбөр үүсгэхгүй байх" гэж тус тус заасан байдаг. Иймд төсвийн хөрөнгийг үр ашигтай, хэмнэлттэй, хууль тогтоомжийн дагуу захиран зарцуулах үүргийг бүх шатны төсөв захирагчид хүлээх ёстой юм. гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримтыг дүгнээд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

2. Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн "Төлбөр барагдуулах тухай" 77/AO150055 дугаартай актаар Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар магадлалаар компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс нэр бүхий иргэнд 16,809,270 төгрөгийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг байгууллагаас олгосон байх тул тус хохирлыг холбогдох буруутай албан тушаалтнаар төлүүлэхийг Х******* ТӨХК-д хариуцуулж шийдвэрлэсэн.

3. Тус актын дагуу Х******* ТӨХК-ийн гүйцэтгэх захирлаас 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 429 дугаартай албан бичгээр ...тухайн үед компанийн захирлаар ажиллаж байсан Б.М*******ыг ажлаас чөлөөлөх тушаалыг Төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан тул хохирлыг нөхөн төлөх-ийг Төлөөлөн удирдах зөвлөлийн даргаар ажиллаж байсан Л.Нид мэдэгдсэн байна.

4. Үүнээс үзвэл, Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн "Төлбөр барагдуулах тухай" 77/AO150055 дугаартай актаар тогтоосон төлбөрийг төлөх үүрэг Л.Нид үүссэн байх тул түүнийг нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзнэ.

5. Нэхэмжлэгч Л.Н******* тус аудитын актыг хүчингүй болгуулахаар ...Х******* ТӨХК нь Б.М*******ы ажил олгогч учраас ажилгүй байсан хугацааны цалин олговрыг ажил олгогч нь өөрөө хариуцах ёстой..., мөн Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 07 дугаар магадлалаар хуулийн этгээдийн эрхгүй төлөөлөн удирдах зөвлөлийг хариуцагчаар татсан нь буруу байсан төдийгүй эрүүгийн гэмт хэрэгт ял хүлээсэн этгээдийг ажилд нь буцаан томилсон шийдвэр гаргасан..., эдгээр нөхцөл байдлыг Үндэсний аудитын газрын аудиторууд харгалзахгүйгээр Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээр төлбөр төлүүлэхээр акт тогтоосон нь үндэслэлгүй... гэж маргаж байна.

6. Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний давж заалдах шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 07 дугаар магадлалаар Б.М*******ы нэхэмжлэлтэй, Х******* ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд холбогдох иргэний хэргийг хянан хэлэлцээд Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-т зааснаар Х******* Төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөн удирдах зөвлөлөөс нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 16,809,270 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.М*******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 23,825,384 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, шүүхийн шийдвэрийн дагуу Х******* ТӨХК-аас 2021 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 16,809,270 төгрөгийг Б.М*******д олгосон байна.

7. Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д Иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498.5-д заасны дагуу гэм буруутай албан тушаалтнаар буцааж төлүүлнэ гэж заасан байхад Х******* ТӨХК нь Б.М*******д шилжүүлсэн 16,809,270 төгрөгийг хохиролд тооцон буруутай албан тушаалтнаар төлүүлэх үүргээ биелүүлээгүй, үүнийг Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн "Төлбөр барагдуулах тухай" 77/AO150055 дугаартай актаар зөрчилд тооцсон нь үндэслэлтэй.

8. Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Шалгагдагч этгээд төсөв, санхүү, нягтлан бодох бүртгэлийн үйл ажиллагаа болон төсвийн орлого бүрдүүлэх, зарцуулах, нийтийн өмч, хөрөнгө олж бэлтгэх, ашиглах, зарцуулах, хадгалах, хамгаалахтай холбоотой хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн акт зөрчсөн бол төлбөрийн акт тогтооно гэж зааснаар Х******* ТӨХК нь төсвийн орлогыг буруу зарцуулсан байна.

9. Х******* ТӨХК нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн 206 дугаар тогтоолоор байгуулагдсан төрийн 100 хувийн хөрөнгө оруулалттай төрийн өмчит компани байх тул ...нэхэмжлэгчийн Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д ...захиргааны байгууллага өөрт учирсан хохирол... гэх шаардлагыг хангахгүй Х******* ТӨХК нь захиргааны байгууллага биш... гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй.

10. Дээрх үндэслэлээр Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн "Төлбөр барагдуулах тухай" 77/AO150055 дугаартай актаар 16,809,270 төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэх үүргээ биелүүлээгүй Х******* ТӨХК-д төлбөрийн акт тогтоосон нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

11. Харин маргаан бүхий актаар Х******* ТӨХК-д төлбөрийн акт тогтоож, буруутай албан тушаалтнаар хохирлыг нөхөн төлүүлэхийг үүрэг болгосон бөгөөд тус компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээр төлбөрийг төлүүлэхээр шийдвэр гаргаагүй, үүнтэй холбогдуулан нэхэмжлэгч Л.Н******* ...Б.М*******ыг ажлаас чөлөөлөх болон ажилд нь буцаан томилох эсэх асуудлыг төлөөлөн удирдах зөвлөл дангаараа шийдвэрлэдэггүй, ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдээс эрүүгийн гэмт хэрэг үйлдсэн этгээдийг ажилд нь буцаан томилохыг зөвшөөрөхгүй байсан... зэрэг үндэслэлд захиргааны хэргийн шүүхээс дүгнэлт хийхгүй, Х******* ТӨХК нь буруутай албан тушаалтнаар хэнийг тодорхойлж, төсөвт учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх нь Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн "Төлбөр барагдуулах тухай" 77/AO150055 дугаартай актыг дүгнэхэд хамааралгүй болохыг дурдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106 дугаар зүйлийн 106.3.14-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төрийн аудитын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Н******* Үндэсний аудитын газар, тус газрын аудитор Ц.Н, аудитын менежер Ц.Х нарт холбогдуулан гаргасан Үндэсний аудитын газрын 2022 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн "Төлбөр барагдуулах тухай" 77/AO150055 дугаартай актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНГЭРЭЛ