Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 35

 

 

                             “Х Банк” Зүүнхараа салбарын

                                      нэхэмжлэлтэй иргэний

                                            хэргийн тухай

 

 

                                                                           Хэргийн индекс: 148/2019/00193/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч

                             Ерөнхий шүүгч                               Б.Батзориг

                             Шүүгчид                                         Д.Буянжаргал

                                                                                   Г.Давааренчин

                              Оролцогчид

                                Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн

                                төлөөлөгч                                          Г.Б

                                                                                             С.Г

                                Хариуцагчийн өмгөөлөгч              Д.Э

                             Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнзул нар оролцож,  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ний өдрийн 287 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор Х Банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй Ц.Э, Н.Д нарт  холбогдох  “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нийт 11.319.804 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Зээлдэгч Ц.Э, Н.Д нар нь тус банкны Зүүнхараа салбарын Баянгол тооцооны төвөөс 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр №660 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 9.200.000 /Есөн сая хоёр зуун мянган төгрөгийн зээлийг сарын 1.6 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд  32 инчийн зурагт, хөргөгч зэргийг тус тус барьцаалуулан зээлийг авсан юм.

Зээлдэгч нь зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт заасны дагуу зээл, хүүг төлөх төлбөрийн хуваарийн дагуу үндсэн зээлд 3.462.393 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 2.021.821 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 1.555 төгрөг, нийт 5.485.769 төгрөгийг төлж барагдуулсан боловч гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрүүдийг хугацаандаа төлөөгүйн улмаас зээлийн хугацаа хэтэрч, /1201 хоног/ зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн тул Зээлийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үндэслэлээр зээлийг буцаан дуудаж, зээлийн төлбөрийг төлөх, төлөхгүй тохиолдолд гэрээний дагуу зохих арга хэмжээ авахыг урьдчилан мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл зээлийн төлбөр төлөгдсөнгүй. Иймд банк зээлийн гэрээний 8 дугаар зүйлийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2019 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 5.737.607 төгрөг, зээлийн хүүгийн төлбөр 4.780.194 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 793.003 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөр 9.000 төгрөг, нийт 11.319.804 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 196.067 төгрөгийн хамт тус тус гаргуулахаар нэхэмжилж байна. Зээлийг мөнгөн хөрөнгөөр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргасан байгаа ... гэжээ.

 

Хариуцагч Ц.Эанхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

...Би 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр “Х” банкны Сэлэнгэ аймгийн Зүүнхараа салбараас  9.200.000 төгрөгийн зээл авсан нь үнэн. 2014 оны 09 дүгээр сард ажлаасаа халагдсан. Ажлаас халагдах хүртэлх зээлээ сар бүр төлж байсан. Түүнээс хойш төлж чадаагүй. Хамтран зээлдэгч Н.Д-н хүний цалингаас нь 2 удаа төлөлт татагдсан байсан. Ажилгүй болсон учир би зээлээ төлөх чадваргүй болсон. Гэрээний 7.3 дугаар зүйлд заасны дагуу гэрээг хугацаанаас нь өмнө цуцална гэсэн заалт байгаа. Тийм учраас намайг ажлаас гарснаас хойш гэрээг банк цуцлах ёстой байсан. Би зээлээ 36 сарын хугацаатай авсан. Зээлийн гэрээний хугацаа  2016 оны 08 дугаар сард дуусах байсан. Би зээлийн дагуу 5.484.000 төгрөгийг төлж барагдуулсан. Одоо 5.737.607 төгрөг үлдсэн байгаа. Намайг ажлаас халагдсанаас хойш 2016 оны 10 дугаар сард зээлийн эдийн засагч залуу ирж уулзсан. Түүнээс хойш дахиж уулзаагүй. Банк шүүхэд нэхэмжлэл гаргах хүртлээ хүү тооцсон байсан. Тухайн үед нь гэрээгээ хүчин төгөлдөр бус болгоод намайг шүүхэд өгөх боломж байсан боловч өгөөгүй. Тухайн үед хуулийн мэдлэг дутмаг байсан учир ойлгоогүй байсан болохоор зээлийн гэрээгээ цуцлая гэсэн хүсэлт гаргахаа мэдэхгүй байсан. Тухайн үед би 9,200,000 төгрөгийн зээл авахдаа Н.Д-д тодорхой хэмжээгээр мөнгө өгсөн зүйл байхгүй,  хамт ажилладаг байсан болохоор гуйгаад хамтран зээлдэгчээр оруулсан. Н.Д-д зээлийн үлдэгдэл мөнгө ямар ч хамааралгүй. Би өөрөө үндсэн зээлийн үлдэгдэл 5.737.607 төгрөгийг төлнө ... гэв.

 

         Хариуцагч Н.Д анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:      ..Тухайн үед Ц.Э-г зээл авч байхад Х банкны Баруунхараа салбарын зээлийн эдийн засагч н.Д гэдэг залуу байсан. Тэгээд Ц.Э-г зээл авахад нь заавал удирдах албан тушаалтан авч ир гэж хэлсэн байсан. Тухайн үед оффицерийн орон тоон дээр гурван хүн байсан. Нөгөө хоёр хүн маань зурахгүй гэж хэлсэн байсан. Би тухайн үед “хүний амьдрал юм чинь” гээд гарын үсэг зурсан. Тухайн үед Ц.Э ажилтай байсан учир мэдээж зээлээ төлнө гэж бодсон. Харин Ц.Э-г ажлаасаа халагдаад зээлээ төлөхгүй байхад нь “Х” банк яагаад шүүхэд хандаж болоогүй юм бэ? Тэр үеэс хойш одоог хүртэл хүү хуримтлуулаад үндсэн төлөх ёстой зээлийг нь бүтэн хоёр нугалчихсан төлбөр нэхэмжилж байгааг ойлгохгүй байна. Ц.Э-тай би ах дүү, хамаатан садангийн холбоо байхгүй. Тухайн үед Ц.Э Баруунхараагийн цагдаагийн хэсэгт цагдаа, би замын байцаагчаар ажиллаж байсан. Зээлийн бүртгэлийн карт дээр хамгийн сүүлд  2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр, 2018 оны  04 дүгээр сарын 10-ны өдөр 80.000 төгрөг төлөгдсөн. Энэ мөнгийг миний данснаас татсан байсан гэжээ.

 

            Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 287 дугаартай шийдвэрээр:

            - Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар ХААН банкны Зүүнхараа салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-н нэхэмжлэлтэй Н.Д-д холбогдох “Зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 11.319.804 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч Ц.Э-с нийт 5.737.607 төгрөг гаргуулан “Х” банкны Зүүнхараа салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 5.582.197 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч “Х” банкнаас улсын тэмдэгтийн хураамжинд 196.067 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э-с улсын тэмдэгтийн хураамж 106.752 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Х банкны Зүүнхараа салбарын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Э, Н.Д нарт холбогдох иргэний хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, нотлох баримтыг буруу дүгнэж, үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй үндэслэлээр давж заалдах журмаар гомдол гаргаж байна.

...Анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэж хариуцагч Ц.Э-с нийт 5.737.607 төгрөг гаргуулж, 5.582.197 төгрөгийг хэрэгсэхгүй болгож үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөө хангуулж, хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Д-д холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 11.319.804 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т тус тус заасан “үндсэн хүү” гэж зээлийг ашиглавал зохих хугацаагаар зээлдүүлэгчээс тогтоож зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд төлөхөөр, зээлдэгч зөвшөөрч гэрээнд заасан хэмжээгээр төлөх хариу төлбөр буюу зээлийн үнийг ойлгоно. Мөн зүйл, заалтын “нэмэгдүүлсэн хүү” гэж зээлдэгч авсан зээлээ гэрээнд заасан хугацаанд буцааж төлөөгүй тохиолдолд зээлдэгчээр үндсэн хүү дээр нэмж төлүүлэхээр тогтоож, гэрээгээр тодорхойлсон хариуцлагын хэлбэр.  Мөн Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 зааснаар зээлдэгч гэрээний дагуу зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүний төлөх хүртэл хугацаанд төлөх төлбөр юм. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд ажлаас халагдсан болон чөлөөлөгдсөн тохиолдолд зээлийн хүүг зогсоох талаар тохиролцоогүй, хуульд заагаагүй болно.

Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “Зээлийг авсан хугацаандаа төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний хүү төлнө” гэж заасан гэтэл анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийн хугацаанд төлөөгүй үндсэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасаж шийдвэрлэсэн  буруу юм.

Шүүхэд зээлдэгч Ц.Э-г зээлээ төлөх талаар  холбоо барьж байсан тухай баримт гаргаж өгсөөр байтал шүүх Иргэний хуулинд зааснаар зээлдэгч нь өөрийн зөрчигдсөн эрхээ хуулийн хугацаанд хамгаалуулах арга хэмжээ авсан гэх үндэслэл тогтоогдохгүй өөрөө хэлбэл гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна” гэж дүгнэсэн нь хуульд нийцээгүй дүгнэлт хийсэн,  хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Д-д холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо иргэний хуулийг буруу тайлбарлаж, талуудын хооронд байгуулсан гэрээг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1, 451 зүгээр зүйлийн 451.1-д зааснаар Н.Д-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй байна. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр Н.Д нь хамтран үүрэг гүйцэтгэгч бөгөөд банк гэрээгээр хүлээсэн эрх бүхий этгээдэд буюу Ц.Э-н дансанд зээлийг шилжүүлсэн нь дээрх хуулийн шаардлагыг хангасан байна. Хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Д зээл авсан, аваагүй талаар маргаагүй бөгөөд зээлийн гэрээний үүргийн дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч болно. Хамтран үүрэг гүйцэтгэгчийн харилцаа нь Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.2-д зааснаар буюу гэрээнд заасан үндэслэлээр буюу үүргийн гүйцэтгэлийн үл хуваагдах шинж чанартай холбогдож үүссэн бөгөөд зээлийн гэрээний зээлдэгчийн эрх үүрэг хэсэгт “... хамтран үүрэг гүйцэтгэгч нь зээлдэгчийн нэгэн адил эрх (энэ гэрээний 4.1.1 болон 4.1.4-д зааснаас бусад)-”ийг эдэлж, уүрэг хүлээнэ” гэж заасан дээрх нөхцлийн үндсэн зээлдэгч болон хамтран үүрэг гүйцэтгэгч нар хүлээн зөвшөөрсөн.  Өөрөөр хэлбэл хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Д нь уг зээлийг авч ашиглахгүй харин уг гэрээний дагуу зээлийг үндсэн зээлдэгч төлөөгүй тохиолдолд хариуцана гэдгийг мэдэж, үүнийг хүлээн зөвшөөрч гэрээнд гарын үсэг зурснаар хамтран үүрэг гүйцэтгэгчийн эрх, үүрэг торхойлогдож зээлдэгчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүрэгтэй болно.

Иймд анхан шатны  шүүхийн  шийдвэрт өөрчлөлт оруулж,  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч Д.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байна.  Талуудын хооронд байгуулсан гэрээний зээлийн гэрээний 7.1.2, 7.1.3-т зээлийн гэрээ цуцлах  тухай зохицуулалт тусгасан.  Хариуцагч Ц.Э нь 2014 оны 09 сард ажлаасаа халагдсан тухай банк мэдсэн бөгөөд 2014 оны 10 сарын 21-нд эдийн засагч нь уулзсан байсан. Энэ үеэс банканд шаардах эрх үүссэн гэж үзнэ.  Гэтэл гэнэт 2019 онд шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа нь хуульд нийцэхгүй. Хэдийгээр хөөн хэлцэх хугацаа дууссан ч хариуцагч нь банкнаас авсан үндсэн зээлээ төлнө гэж байгаа.   Нэхэмжлэгч хариуцагчийн эрэн сурвалжлуулсан гэж байгаа боловч энэ тухай шүүхэд нотлох баримт гаргаж өгөөгүй.  Хамтран үүрэг гүйцэтгэгч гэж Н.Д-г нэхэмжлэгч тодорхойлж байгаа боловч Н.Д нь хамт ажилладаг  удирдах албан тушаалтан гэсэн утгаар зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Түүнээс биш зээлийн гэрээнд хамтран үүрэг хүлээсэн этгээд биш. Энэ талаар шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэж байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

             Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.   

Нэхэмжлэгч Х банкны Зүүнхараа салбар нь хариуцагч Ц.Э, Н.Д нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг  11.319.804 төгрөг гаргуулах, зээлийн төлбөрийг мөнгөн хэлбэрээр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцааны хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасаныг  хариуцагч  Ц.Э  хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул зөвхөн үндсэн зээлийг төлнө, хариуцагч Н.Д нь зээлийн гэрээнд   удирдах албан тушаалтан гэсэн утгаар гарын үсэг зурсан болохоос зээлийг хэрэглээгүй гэж  маргажээ.

 

            Анхан шатны шүүх  Ц.Э-т холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн  шаардлагын заримыг хангаж, хариуцагч Н.Д-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлын үндэслэлээ  анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Иргэний хуулийн холбогдох заалтыг  буруу тайлбарлан хэрэглэсэн гэж тайлбарлажээ.

 

Хэргийг судлан үзвэл:  хариуцагч  Ц.Энхбаяр нь “Х” банкны Зүүнхараа салбараас 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр  9.200.000 төгрөгийг 36 сарын хугацаатай, жилийн 19.2 хувийн хүүтэй байхаар тохиролцон  660 дугаартай Барьцаат зээлийн гэрээ байгуулан  “Цалингийн зээл”  авсан ба тухайн зээлийн эргэн төлөлтийг зээлдэгчийн цалингаас суутган төлөх нөхцөлтэйгээр байгуулж, тус гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Н.Д гарын үсэг зурсан байна.   

 Гэрээгээр талууд зээлийн эргэн төлөлтийг сар бүрийн 02-ны өдөр  тодорхой хэмжээгээр төлөхөөр тохиролцон  боловч ззээлдэгч Ц.Э нь 2014 оны 11 дүгээр сарын 07-нд ажлаас халагдаж  зээл төлөх эх үүсвэргүй болсноор зээлийн гэрээгээр хүлээсэн үүрэг буюу  зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөлгүй  гэрээгээр хүлээсэн үүргээ өнөөдрийг хүртэл биелүүлээгүй байх ба зээлдэгч нь  зээлийн гэрээний үүргээ зөрчсөн тул  зээлдэгчээс Х банк хариуцагч  Ц.Э болон түүний хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Д нарт холбогдуулан   гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх  тухай шаардлага гаргасан  байна.

 

 Хариуцагч Ц.Э нь  нэхэмжлэлийн шаардлагын татгалзалаа   2014 оны 11 сард ажлаас халагдсан  бөгөөд  талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний  7 дугаар зүйлийн 7.1.3, 7.3.1-т зааснаар  зээлдэгч Х банк нь  ажлаас  халагдсан үеэс  гэрээг хугацаанаас өмнө цуцлаж,  зээлийг буцаан шаардах эрх үүссэн тул 2017 онд гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж тайлбарлажээ.

Талуудын хооронд гэрээг 36 сарын хугацаатай байгуулсан бөгөөд тухайн зээлийн гэрээ 2016 оны 08 сарын 02-ны өдөр дуусгавар болохоор заасан, түүнчлэн талуудын хооронд байгуулсан барьцаат зээлийн гэрээнийн 7 дахь хэсэгт   тодорхой нөхцөл бий болсон тохиолдолд гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө   цуцлаж болохоор заасан  бөгөөд  энэ нь  зээлдэгчид  гэрээгээр хүлээлгэсэн  заавал биелүүлэх үүрэг биш юм.   Өөрөөр хэлбэл  зээлдэгчид хугацаанаас нь өмнө гэрээг цуцлах  боломж олгосон гэж ойлгож болно. 

 

Иймд талуудын хооронд байгуулсан гэрээний хувьд гомдлын шаардлага гаргах хугацааг гэрээ дууссан үеэс буюу  2016 оны 08 сарын 03-ны өдрөөс эхлэн  тооцох тул  нэхэмжлэгчийн гэрээний үүрэгтэй холбоотой  хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үндэслэлгүй  бөгөөд анхан шатны шүүх   Иргэний хуулийн 76 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэсэн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй юм.

Хариуцагч  Ц.Э нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй  бөгөөд  Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т ”зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн  төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй”,  Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т “Зээлийг авсан хугацаандаа төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний хүү төлнө” гэж заасан  тул  нэхэмжлэгчийн зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцон гаргуулах тухай  нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй  тул Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453.1-д зааснаар  Ц.Э-с  2013 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 660 дугаартай Барьцаат зээлийн гэрээний үүрэг үндсэн зээл 5.737.607 төгрөг,  зээлийн хүү 4.780.194 төгрөг,  нэмэгдүүлсэн хүү 793.003 төгрөг, бусад зардал 9000 төгрөг   нийт 11.319.804 төгрөг Ц.Э-с гаргуулан Х банкны Зүүнхараа салбарт салбарт олгож  шийдвэрлэх нь зүйтэй байна.  

Харин хариуцагч  Н.Д-н хувьд анхан шатны шүүхээс үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзлээ.  Учир нь: Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1- заасан хамтран  үүрэг гүйцэтгэгч  гэж зээлдэгч нь  үүргийг шаардахын тулд түүнд үүрэг үүссэн болохыг нотлох ёстой. Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д “Үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид, эсхүл хууль, гэрээ буюу шүүх, арбитрын шийдвэрт заасан эрх бүхий этгээдэд хүлээлгэж өгнө” гэж заасан тул  хамтран үүрэг гүйцэтгэгч Н.Д-д зээлийн гэрээний дагуу үүргийг хүлээлгэн өгснөөр  хариу үүрэг үүснэ.  Гэтэл  хариуцагч Н.Д нь  зөвхөн  зээлийн гэрээнд гарын үсэг зурсан  боловч зээлдэгчээс түүнд зээлийг хүлээлгэн өгөөгүй, Н.Д нь  зээлийг хүлээн аваагүй учир түүнд үүрэг үүссэн гэж үзэхгүй бөгөөд түүний татгалзал үндэслэлтэй.

Иймд  нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын заримыг  хангаж, шүүхийн шийдвэрт  зохих  өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгчийн зээлийг мөнгөн хөрөнгөөр барагдуулаагүй тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг зээлийн барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн шаардлагын хувьд  Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.2-т  барьцааны зүйлийг үл маргах журмаар зээлдүүлэгчид  шилжүүлэхээр гэрээнд заасан  бол  зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь  биелүүлээгүй тохиолдолд хөдлөх эд хөрөнгийг гэрээний хугацаа  дууссан өдрөөс эхлэн зээлдүүлэгч  захиран зарцуулах эрхтэй  гэж заасан, барьцааны зүйлийг  захиран зарцуулах эрх нь нэхэмжлэгчид байгаа, тухайн эрхээ хэрэгжүүлэх эсэх нь нэхэмжлэгчид хадгалагдаж  байх тул  тухайн гэрээний  үүргийн гүйцэтгэлийг шүүхээр шийдвэрлүүлэх шаардлагагүй гэж үзсэн болно. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 07 сарын 08-ны өдрийн 287 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

2 дахь  заалтыг:

“2. Иргэний хуулийн 451 дүгээр зүйл, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч Ц.Э-с нийт 11.319.804 төгрөг гаргуулан “Х” банкны Зүүнхараа салбарт олгосугай ” гэж,

3 дахь заалтыг:

“3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч “Х” банкнаас улсын тэмдэгтийн хураамжинд 196.067 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Э-с улсын тэмдэгтийн хураамж 196.067 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгосугай.” гэж  тус тус өөрчлөн шийдвэрийн  тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр  зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн  104.265 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4,119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                                    ДАРГАЛАГЧ                          Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                              Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН