Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 184/ШШ2024/01627

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Хишигбаатар даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 19 дүгээр хороо, өөрийн байр хаягт байрлах, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс /регистрийн дугаар: 9106766/-ийн нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 27 дугаар хороо, Гахайн байр Агар-2 тоот хаягт байрлах, Монголсата интернэшнл ХХК /регистрийн дугаар: 2618001/-д холбогдох,

Нийгмийн даатгалын өр төлбөрт 57,972,464.17 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүх хуралдаанд:  Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Солонго нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Алтангэрэл шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Сатабам ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр өөрчлөгдөн зохион байгуулагдаж Монголсата интернэшнл ХХК-тай нэгдсэн нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээлэл, лавлагаагаар тогтоогдож байна. Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь адил шаардлага бүхий хоёр нэхэмжлэлийг Монголсата интернэшнл ХХК-д холбогдуулан гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2024 оны 02 дугаар сарын 21-ны өдрийн 184/ШЗ2024/04543 дугаартай шүүгчийн захирамжаар тус хэргүүдийг нэгтгэсэн. Тиймээс Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Ажилтан, ажил олгогчийн хооронд үүссэн нийгмийн даатгалтай холбогдсон харилцааг нийгмийн даатгалын ерөнхий хуулиар зохицуулна мөн Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн Нийгмийн даатгалд дор дурдсан ажилтан албан журмаар даатгуулна 4.2.1-т "Өмчийн бүх хэвшлийн аж ахуй нэгж, байгууллага, төрийн бус, шашны болон бусад байгууллага, иргэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон Иргэний хуулийн 343, 359 дүгээр зүйлд заасан гэрээний дагуу ажиллаж байгаа Монгол улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн. Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйл Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам 16.1-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан даатгуулагчийн болон ажил олгогчийн тухайн сард төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг нийгмийн даатгалын төрөл бүрээр энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр cap бүр тооцож тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын дансанд шилжүүлнэ. Нийгмийн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйл Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэг 17.1.1 дэх хэсгийн хөдөлмөрийн хөлсний сан, түүнтэй адилтгах орлого болон түүнд оногдох шимтгэлийг үнэн зөв тодорхойлж, тогтоосон хугацаанд төлөх гэсэн заалтуудыг тус тус зөрчин 2014 оны 02 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийг дуустал хугацааны төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг дутуу төлсний улмаас нийгмийн даатгалын шимтгэлийн өр үүсгээд байна. Дээрх зөрчлийн улмаас тус компанийн даатгуулагчдын Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан хөдөлмөрийн чадвар түр алдсаны болон ажилгүйдлийн, жирэмсний, амаржсаны тэтгэмж авах түүнчлэн өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэхгүйд хүрч даатгуулагчдын эрх ашиг зөрчигдөж байна. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 354 дүгээр Дүрэм, журам батлах тухай тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын байгууллагын дүрэм-ийн 3 дахь хэсгийн 3.3.1-д заасан Нийгмийн даатгалын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр, авлага үүссэн, нийгмийн даатгалын байцаагчийн актаар тогтоосон төлбөрийг зөвшөөрөөгүй, дутуу төлсөн, торгууль, алдангийг төлөхөөс татгалзсан, зайлсхийсэн зэрэг тохиолдолд даатгуулагчийн хууль ёсны эрх ашгийг хангах зорилгоор ажил олгогч, даатгуулагчийн төлбөл зохих шимтгэл, алданги, торгуулийг төлүүлэхээр Нийгмийн даатгалын байгууллага нь шүүхэд нэхэмжлэл гаргана, Нийгмийн даатгалын тухай хуулийн 18 дугаар зүйл Шимтгэл төлөх үүрэг дуусгавар болох, бусдад шилжих, уг үүргийг түдгэлзүүлэн зогсоох 18.2-т Ажил олгогч нэгдэх, салах буюу бусад хэлбэрээр өөрчлөн байгуулагдвал шимтгэл төлөх үүрэг нь шинээр бий болсон этгээдэд шилжинэ гэсэн заалтуудыг тус тус үндэслэн 2014 оны 02 дугаар сараас 2015 оны 06 дугаар сар хүртэл Сатабам ХХК-ийн хугацаандаа төлөгдөөгүй шимтгэл 6,094,258.23 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тооцсон алданги 3,047,029.12 төгрөг, нийт 9,141,287.35 төгрөгийн өр төлбөрийг гаргуулахаар байна. Мөн Монголсата интернэшнл ХХК-с 2014 оны 07 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөгдөөгүй шимтгэл 32,554,117.88 төгрөг, хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тооцсон алданги 16,277,058.94 төгрөг, нийт 48,831,176.82 төгрөгийн өр төлбөртэй байна. Иймд дээрх хэрэг маргааныг нэгтгэсэн учир хариуцагч Монголсата интернэшнл ХХК-с нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт 57,972,464.17 төгрөгийг гаргуулж өгнө үү. гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Жавзмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Сатабам ХХК нь 2022 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр өөрчлөгдөн зохион байгуулагдаж Монголсата интернэшнл ХХК-тай нэгдсэнтэй холбогдуулан маргах зүйлгүй. Сатабам ХХК-д холбогдуулан гаргасан 9,141,087.35 төгрөгийн нэхэмжлэл нь тус компани 2022 оны 11 дүгээр сарын 14-ны өдөр Монголсата интернэшнл ХХК-д нэгдэхээс өмнө үүсэн нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийн асуудал байсан. Ажил олгогч буюу Сатабам ХХК нь 2014 оны 02 дугаар сараас 2015 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн төлбөрийг дутуу төлсөн байдаг. Дутуу төлсөн гэдэг нь огт төлөлт хийгээгүй гэдэг ойлголт биш юм. Харин тодорхой хэмжээгээр төлбөр төлөөд үлдэгдэл өр төлбөрийг нэхэмжилж байна гэж ойлгож байна. Сатабам ХХК-ийн 6,094,258.23 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өр, төлбөр үүссэн. Нийгмийн даатгалын ерөнхий хуульд зааснаар нийгмийн даатгалын төлөлтийг дутуу төлөлт, өр төлбөр, тооцоо нийлсэн актын үлдэгдлийг тус тусад нь тодорхойлж өгсөн байдаг. Сатабам хариуцлагатай хувьцаат компанийн тухай хуульд зааснаар 3 дугаар зүйлийн 3.1, 3.5 дугаар зүйлд заасан хэлбэрээр үйл ажиллагаа явуулна. Зохион байгуулалтын хувьд бие даасан үйл ажиллагаа явуулна гэж заасан. Компанийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-т зааснаар хоёр компанийг нэгтгэж, нийгмийн даатгалын өр, авлага үүссэн эсэх, шимтгэл дутуу төлөгдсөн эсэх асуудлаар шимтгэлийг хуулийн хугацаанд төлөөгүй буюу хэдэн төгрөгийн шимтгэлээс хэдийг нь төлсөн талаар нэхэмжлэгч байгууллага нв нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй. 2014 оноос 2015 онд Сатабам ХХК дангаар бие даан үйл ажиллагаа явуулж байсан ба тухайн үеийн санхүүгийн тайланг хэрэгт хавсаргасан. Үүнээс үзэхэд тус компани нь үйл ажиллагаа явуулж байх үедээ хэдэн төгрөгийн орлого, зарлага гаргасан, эдийн засгийн хүчин чадал нь ямар байсан нь харагдана. Хуулиар төлөгдөх ёстой шимтгэл буюу хугацаандаа төлөөгүй төлбөр нь 6,094,258.23 төгрөг, харин өр төлбөрийн асуудал нь алданги буюу 3,047,029.12 төгрөг гэж миний бие ойлгосон. Нийгмийн даатгалын ерөнхий хууль 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж байгаа. Хуучин 1994 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн хуулиар энэ асуудал зохицуулагдсан. Салбарын хуулийг гарсан өдрөөс нь эхэлж дагаж мөрдөнө гэж ойлгож байгаа. Засгийн газрын 2014 оны 354 дүгээр тогтоолын хавсралтад Нийгмийн даатгалын байгууллагын дүрмийн 3 дугаар зүйлийн 3.3.1-т зааснаар Нийгмийн даатгалын тухай хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлээгүйгээс шимтгэлийн өр авлага үүссэн, дутуу төлсөн тохиолдолд төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан. Дээрх журам нь 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлд өөрчлөлт оруулсантай нийцэхгүй байна. Хууль хэрэглээний хувьд ч гэсэн шүүх анхаарч үзэх хэрэгтэй. Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь Сатабам ХХК-иас алданги шаардах эрхгүй. Харин Монголсата интернэшнл ХХК-аас 2014 оны 07 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрийг хүртэлх хугацаанд төлөгдөөгүй шимтгэл 32,554,117.88 төгрөгийг Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь нэхэмжилсэн байна. Хэргийн материалд нотлох баримтаар гаргаж өгч буй баримтаар нь 2019 оноос эхлэн санхүүгийн тайланд 1,000,000 төгрөгийн алдагдалд орсон байдаг. Дутуу төлсөн гэх 32,554,117.88 төгрөг дээр нийгмийн даатгалын шимтгэлийн хугацаа хэтрүүлсэн хоног тутамд тооцсон алданги 16,227,058.94 төгрөг, нийт 48,831,176.82 төгрөг нэхэмжилж байгаа нь цаг хугацааны хувьд авч үзвэл санхүүгийн чадваргүй байсан нь тайлангаар батлагддаг. Гэсэн хэдий ч улирлын шинж чанартай ажил хийж байсан учир тухайн хүмүүст төр засгаас дэмжлэг үзүүлж байсан. Тус дэмжлэгийн дагуу орон тооны буюу конторын ажилчдаа ажиллуулсан ба нийгмийн даатгалын шимтгэлийн тусгай тайланг холбогдох эрх бүхий байгууллага руу байсан байна. Энэ нь компанийн үйл ажиллагааг хэвийн тасалдуулахгүй явуулахын тулд энэхүү арга хэмжээг авч байсан. Гэхдээ санхүүгийн тайлан явуулж байсан дээрх хугацаанд ашиг олж байсан уу? гэвэл ашиг олоогүй, хасах үнэлгээтэй санхүүгийн тайлан харагддаг. Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс Монголсата интернэшнл ХХК-тай тооцоо нийлж байгаагүй. Хуульд зааснаар шимтгэлийн өр төлбөр гарсан талаар мэдэгдэх, өр төлбөр барагдуулах тухай шаардлага хүргүүлэх зэрэг ямар нэгэн арга хэмжээ авч байгаагүй. Өнгөрсөн хугацаанд яагаад шаардах эрхээ хэрэгжүүлсэнгүй вэ?. Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар шаардах эрхээ хэрэгжүүлсэн талаар нэг ч баримт авагдаагүй байна. Нийгмийн даатгалын байгууллага хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлж шаардах эрхээ хэрэгжүүлж, мэдэгдэх ажиллагааг хийгээгүйгээс өнөөдөр тус компани нийгмийн даатгалын өр төлбөр болон алданги төлөх нөхцөл байдалд хүрсэн гэж үзэж байна. 2019 онд дэлхий нийтийг хамарсан цар тахал буюу Ковид-19 гарсны улмаас Монгол улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй нийт хуулийн этгээдийн үйл ажиллагаа доголдсон. Нийгмийн даатгалын хэлтэс нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг барагдуулах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс их хэмжээний алданги хуримтлагдах болсон, мөн хариуцагч аж ахуйн нэгжийн хувьд бизнесийн үйл ажиллагаа доголдсон тул алдангийг төлөх үндэслэлгүй нөхцөл бүрдэж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж тайлбарласан.

 

3. Нэхэмжлэгч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, Нийслэлийн нийгмийн даатгалын газрын даргын Лхагваагийн Жавзандуламыг төрийн жинхэнэ албан тушаалд томилох тухай 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн Б/21 дугаартай тушаал, Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс М.Алтангэрэлд олгосон 2024 оны 01 дүгээр сарын 23-ниы өдрийн 64 дугаартай итгэмжлэл, Монголсата интернэшнл ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн мэдээллийн хуулбар, Сатабам ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2015 оны 06 дугаар сарын тайлан, Сатабам ХХК-д ажиллаж буй даатгуулагчийн 2015 оны 06 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт Монголсата интернэшнл ХХК-ийн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2016 оны 02 дугаар сарын тайлан, Монголсата интернэшнл ХХК-д ажиллаж буй даатгуулагчийн 2016 оны 02 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэл ногдуулалт, Сатабам ХХК-ийн заавал даатгах даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл (ШО-9, 2013, 2014, 2015, 2023), Монголсата интернэшнл ХХК-ийн заавал даатгах даатгуулагчдын нийгмийн даатгалын шимтгэлийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл (ШО-9, 2014, 2015, 2016, 2017, 2018, 2019, 2020, 2021, 2022, 2023), Сатабам ХХК-ийн 2015 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 01/14-015 дугаартай албан тоот, Нийслэлийн Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дансны зарлагын гүйлгээг зогсоож, төлөгдөөгүй шимтгэл алдангийг гаргуулах тухай 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 832 дугаартай албан тоот хавсралтуудын хамт, Сатабам ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн байдлаарх алданги тооцсон хүснэгт, Монголсата интернэшнл ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн байдлаарх алданги тооцсон хүснэгт, Нийгмийн даатгалын Ерөнхий газрын 2024 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн Б/05 дугаартай Албан тушаалаас чөлөөлж, томилох тухай тушаал хавсралтын хамт.

 

4. Хариуцагч тал дараах баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. Үүнд: Монголсата интернэшнл ХХК-ийн хуулийн этгээдийн лавлагаа, 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 05/07 дугаартай хариуцагчийг төлөөлөх итгэмжлэл, Сатабам ХХК-ийн 2012 оны 04 дүгээр улирлын санхүүгийн тайлан, Сатабам ХХК-ийн 2014 оны 04 дүгээр улирлын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, Сатабам ХХК-ийн 2015 оны 01 дүгээр улирлын санхүүгийн тайлан, Монголсата интернэшнл ХХК-ийн 2014 оны 04 дүгээр улирлын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, Монголсата интернэшнл ХХК-ийн 2015 оны 04 дүгээр улирлын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, Монголсата интернэшнл ХХК-ийн 2015 оны 04 дүгээр улирлын цалин хөлс, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан, Сатабам ХХК-ийн 2016 оны 01 дүгээр улирлын цалин хөлс, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан, Монголсата интернэшнл ХХК-ийн 2016 оны 04 дүгээр улирлын цалин хөлс, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан, Монголсата интернэшнл ХХК-ийн 2016 оны 04 дүгээр улирлын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, Монголсата интернэшнл ХХК-ийн 2020 оны 04 дүгээр улирлын цалин хөлс, хөдөлмөрийн хөлс, тэдгээртэй адилтгах орлого болон шууд бус орлогоос суутгасан албан татварын тайлан, Монголсата интернэшнл ХХК-ийн 2020 оны 04 дүгээр улирлын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, Монголсата интернэшнл ХХК-ийн 2021 оны 04 дүгээр улирлын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, Монголсата интернэшнл ХХК-ийн 2022 оны 04 дүгээр улирлын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, Монголсата интернэшнл ХХК-ийн 2023 оны 04 дүгээр улирлын аж ахуй нэгжийн орлогын албан татварын тайлан, Сатабам ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 06/019 дугаартай төлбөрийн чадваргүйд тооцуулж, татан буулгуулах тухай хүсэлт, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 182/ШЗ2019/10435 дугаартай нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж.

 

5. Шүүх дараах баримтыг цуглуулсан. Үүнд: Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 9/3477 дугаартай албан тоот, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагааны хамт.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

1. Нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс хариуцагч Монголсата интернэшнл ХХК-д холбогдуулан нийгмийн даатгалын шимтгэлийн өр, алдангид нийт 57,972,464.17 төгрөг нэхэмжилжээ. Хариуцагч Монголсата интернэшнл ХХК нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг хүлээн зөвшөөрч, алдангийг эс зөвшөөрснөөр талууд маргасан.

2. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ... манай хэлтэст бүртгэлтэй Монголсата интернэшл ХХК 2014 оны 07 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй. Энэ өр төлбөр 32,554,117.88 төгрөг, хугацаандаа төлөөгүй алданги 16,277,058.94 төгрөг болсон. Мөн Монголсата интернэшнл ХХК-д хожим нэгдсэн Сатабам ХХК нь манай хэлтэст бүртгэлтэй бөгөөд 2014 оны 02 дугаар сараас 2015 оны 06 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй. Энэ өр төлбөр 6,094,258.23 төгрөг, хугацаандаа төлөөгүй алданги 3,047,029.12 төгрөг болсон. Иймд нийт 57,972,464.17 төгрөгийг хариуцагч Монголсата интернэшнл ХХК-иас гаргуулах үндэслэлтэй ... гэж тайлбарласан.

3. Хариуцагч Монголсата интернэшнл ХХК нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрсөн татгалзлаа: ... Сатабам ХХК Монголсата интернэшнл ХХК-д нэгдсэн, Монголсата интернэшнл ХХК-ийн 2014 оны 07 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын нийгмийн даатгалын шимтгэлийн өр 32,554,117.88 төгрөг, Сатабам ХХК-ийн 2014 оны 02 дугаар сараас 2015 оны 06 дугаар сарын хооронд төлөх ёстой нийгмийн даатгалын шимтгэл 6,094,258.23 төгрөг болсон талаар маргахгүй, харин Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрийг барагдуулах талаар хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс их хэмжээний алданги хуримтлагдах болсон, мөн хариуцагч аж ахуйн нэгжийн хувьд бизнесийн үйл ажиллагаа доголдсон тул алдангийг төлөх үндэслэлгүй ... гэж тайлбарласан.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т зааснаар хэргийн оролцогчид нэг үйл баримтын талаар маргаагүй бол тухайн үйл баримтыг тогтоогдсон гэж үздэг. Иймд Сатабам ХХК-ийн 2014 оны 02 дугаар сараас 2015 оны 06 дугаар сарын сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 9,141,287.35 төгрөг, Монголсата интернэшнл ХХК-ийн 2014 оны 07 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарыг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөр 48,831,176.82 төгрөг болох нь тус тус тогтоогдсон гэж үзнэ.

5. Сатабам ХХК нь Монголсата интернэшнл ХХК-д нэгдсэн болох нь Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн лавлагаа, түүнд хавсаргаж ирүүлсэн баримтаар тогтоогдсон. Иймд Компанийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.5-д зааснаар Сатабам ХХК-ийн бусдад төлөх өр төлбөрийг Монголсата интернэшнл ХХК хариуцна.

6. Зохигчид дээрх компаниудын хугацаандаа төлөөгүй нийгмийн даатгалын шимтгэлийн өр төлбөрт алданги тооцох үндэслэлтэй эсэх, алдангийг багасгах эсэх талаар маргасан.

7. Нэхэмжлэгч нь 2014-2016 оны нийгмийн даатгалын шимтгэлийн өр шаардсан буюу энэ хугацаанд хариуцагчийн хуулиар хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг шаардаж байгаа тул тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ын холбогдох зохицуулалтыг хэрэглэнэ.

8. Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.1-д нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүргийг хуульчилсан, мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д нийгмийн даатгалын шимтгэлийг хугацаандаа төлөөгүй бол хоног тутам 0.1%-ийн алданги тооцох талаар заажээ.

9. Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 20 дугаар зүйлээр хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг зохицуулсан байх тул хуулийн 20.1-д заасан алданги нь үүргээ биелүүлээгүй шимтгэл төлөгчид хүлээлгэж буй хариуцлага юм. Энэ тохиолдолд нийгмийн даатгалын байгууллага өр төлбөрийг нэхсэн эсэх, хуульд заасан өр төлбөр барагдуулах арга хэмжээг авсан эсэх нь шимтгэл төлөгчид хариуцлага ногдуулахад саад болохгүй. Иймд их хэмжээний алданги хуримтлагдахад нийгмийн даатгалын байгууллагын үүргээ гүйцэтгээгүй буруутай үйлдэл нөлөөлсөн гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна.

10. Нийгмийн даатгалын шимтгэл нь хөдөлмөр эрхэлж буй иргэдийн цалин, хөлснөөс суутгал хийгддэг, нийт иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн, нэгдсэн санд төвлөрүүлж тэдэнд тэтгэлэг тусламж үзүүлэх зорилготой албан журмын даатгал тул иргэнийг хөдөлмөр эрхлүүлсэн хуулийн этгээд ашигтай, алдагдалтай ажилласан эсэх нь түүний хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй явдлыг зөвтгөх, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд Монголсата интернэшнл ХХК болон Сатабам ХХК-ийн 2014 оны 02 дугаар сараас 2016 оны 02 дугаар сарын 29-ны өдрийг хүртэлх хугацааны өр төлбөр, алдангид нийт 57,972,464.17 төгрөгийг хариуцагч Монголсата интернэшнл ХХК-иас гаргуулан Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс олгох нь зүйтэй гэж үзлээ.

11. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Хан-Уул дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөнө. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч Монголсата интернэшнл ХХК-иас 447,812 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын тухай хууль /1994 он/-ийн 17 дугаар зүйлийн 17.1.1, 20 дугаар зүйлийн 20.1.-д заасныг тус тус баримтлан Монголсата интернэшнл ХХК-иас 57,972,464.17 төгрөгийг гаргуулан Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Монголсата интернэшнл ХХК-иас 447,812 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хандаж гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХИШИГБААТАР