Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 11 өдөр

Дугаар 36

 

 

Р.Н-н нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

                                                                           Хэргийн индекс: 148/2019/00187/И

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч

                             Ерөнхий шүүгч                                Б.Батзориг

                             Шүүгчид                                          Д.Буянжаргал

                                                                                     Г.Давааренчин

                              Оролцогчид:

                               Нэхэмжлэлийн хариуцагч            Р.Н

                              Нэхэмжлэгчийн өмгөөлөгч           А.О

                              Хариуцагчийн өмгөөлөгч              Г.А

                            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 297 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор Р.Н-н нэхэмжлэлтэй Б.М-д холбогдох  “Өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг таслан зогсоох, өмчлөх эрхээ сэргээлгэх, талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах”, Б.М-н нэхэмжлэгч Р.Н-д холбогдуулан гаргасан “2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1152 бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 3 дугаар хэсгийн 172 тоотод байрлах хувийн орон сууцыг эрх шилжүүлэхтэй холбогдсон итгэмжлэл, мөн өдрийн 1153 дугаартай дээрхи үл хөдлөх хөрөнгөтэй хамааралтай 1239мкв газрын эрхийг шилжүүлэх итгэмжлэлүүдийг тус тус хүчингүй болгуулах” тухай иргэний хэргийг 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 Нэхэмжлэгч Р.Н нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   ...Б.М гэх иргэнээс өөрийн хүүгийн өмчлөлийн Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 3 дугаар хэсэг,  172 тоот хашаа байшин газрыг барьцаалж анх 5 сая төгрөг зээлж авсан бөгөөд улмаар уг зээлийн хүү алданги бүгд мөнгийг төлж барагдуулсан юм.  Ингээд үүргийн гүйцэтгэлийг бүрэн төлж барагдуулсан тул Б.М нь үүнийг батлан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, холбогдох нотолгоо  итгэмжлэл мөн үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэх гэрээ, холбогдох эрх шилжүүлэхэд шаардлагатай итгэмжлэл зэргийг  хийж өгсөн юм. Ингээд уг газар үл хөдлөх эд хөрөнгөө хүүгийн нэр дээр шилжүүлж авах гэтэл 2019 оны 03 дугаар сард ч юм уу Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн  хэлтэст хүсэлт  тавьж уг хөрөнгөнд хязгаарлалт тавьсан байна.

 Иймд иргэн миний өмчлөх эрхэд саад болж буй үйлдлийг таслан зогсоолгох өмчлөх эрхийг хэрэгжүүлэхэд анхаарч өгнө үү. Иргэн Б.М нь чухам ямар учраас миний өмчлөх эрхэд саад болж байгааг ойлгохгүй байна. Энэхүү үйлдлийг таслан зогсоож өгнө үү.  Мөн бидний хооронд  байгуулсан Орон сууц худалдан авах тухай 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагыг нэмэгдүүлэн гаргаж байна.

Учир нь энэ гэрээ ямар нэгэн  хууль зүйн үр дагавар гаргах зорилгогүй, би бусдад байраа худалдаагүй, хариуцагч Б.М нь манай байрыг худалдан аваагүй, бидний хооронд эд хөрөнгө худалдах, худалдан авах үйл ажиллагаа явагдаагүй, мөнгө төгрөг өгч, авалцсан асуудал ч байхгүй юм.  Харин Б.М-н ятгалга гуйлтаар зээлийн гэрээг халхавчлан, дүр үзүүлэн хийсэн гэрээ бөгөөд хүчин төгөлдөр хэлцлийн төрөл юм.

 Б.М нь тухайн үед 5 сая төгрөгийн зээлийг “Зээлийн гэрээний дагуу надад олгоод маргааш нь “би таны орон сууцыг худалдах, худалдан авах гэрээ хийе, энэ гэрээ зөвхөн над дээр байж байх юм, Би таны орон байрыг өөрийн нэр дээр болгох ямар ч асуудал байхгүй, надад итгэж болно, Худалдах, худалдан авах хийчихье” гээд байсан. Та 5 сая төгрөгөө төлөөд л эргүүлээд өөрийн нэр дээр шилжүүлээд авахад ямар ч асуудалгүй шүү дээ” гэж надад  итгүүлэн хийсэн, өөр хэлцлийг халхавчилсан, дүр үзүүлэн хийсэн хэлцэл тул хүчингүйд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна... гэжээ.

 

Хариуцагч Б.М анхан шатны шүүхэд гарсан тайлбартаа: Анх миний бие 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Н овогтой А-той  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 3 дугаар хэсэг, 172 тоот хаягтай амины орон сууцыг  15.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах тухай гэрээг хийсэн ба тухайн үед гэрээнд зааснаар 10.000.000 төгрөгийг өгсөн. Ингээд гэрээнд заасны дагуу 2014 оны 8 дугаар сарын 11-ний өдөр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг, 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр газрын гэрчилгээгээ өөрийн нэр дээр болгож авсан. Одоо дээрх хөрөнгүүдийн хууль ёсны эзэмшигч, өмчлөгч нь миний бие байгаа юм. Тухайн үед надад үл хөдлөх хөрөнгөө зарахдаа “хэсэг хугацаанд орон сууцандаа амьдарч байя, харин боломжтой болвол мөнгө нэмээд буцаагаад худалдаж авна, боломжгүй бол бид нар чөлөөлнө” гэж хэлсэн. Тэрнээс биш бидний хооронд зээлийн гэрээ огт хийгдээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагч Б.М нэхэмжлэгч Р.Н-д холбогдуулан гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:  Шүүхэд нэхэмжлэл гаргасан Р.Н надтай 2018 оны 01 дүгээр сард уулзаж,  хүүгийнхээ орон сууцыг авах хүн байна, зарсан мөнгөн дээрээ мөнгө нэмж өгье” гэхээр нь зөвшөөрөөд 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр тус маргаан бүхий газар болон үл хөдлөх хөрөнгийг бусдад худалдах, бэлэглэх эрх шилжүүлэхийг зөвшөөрсөн итгэмжлэл хийсэн. Гэтэл итгэмжлэл хийснээс хойш бараг өдий хүртэл хугацаа өнгөрөх гэж байхад худалдсан, шилжүүлсэн юм байхгүй  байсан тул  миний бие түүнд олгосон 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 1152 бүртгэлийн дугаартай Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 7 дугаар баг, 3 дугаар хэсгийн 172 тоотод байрлах хувийн орон сууцыг эрх шилжүүлэхтэй холбогдсон итгэмжлэл, мөн өдрийн 1153 дугаартай дээрхи үл хөдлөх хөрөнгөтэй хамааралтай 1239 мкв газрын эрхийг шилжүүлэх итгэмжлэлээ хүчингүй болгуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна... гэжээ         

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 297 дугаартай шийдвэрээр:

- Иргэний   хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.3, 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар Р.Н, Б.М нарын хооронд байгуулсан 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн “Орон сууц худалдах, худалдан авах гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож,

-Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 172 тоот хаягт байрлах  000575523 дугаартай, 1239 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах  000217180 дугаартай, Ү-1317000385 дугаарт бүртгэж Үл хөдлөх эд хөрөнгө бүртгэж гэрчилгээ олгосон 56 мкв талбай бүхий хувийн орон сууцыг Н.А-н нэр дээр шилжүүлэн бүртгэхийг Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар  зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70.000 төгрөг, нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжинд  төлсөн 70.200 төгрөг,  хариуцагч Б.М-н сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөгийг тус тус  орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.   

 

Хариуцагчийн өмгөөлөгч Г.А  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07-р сарын 16-ны өдрийн 297 дугаартай шүүхийн шийдвэрийг хариуцагч  болон түүний өмгөөлөгчийн зүгээс эс зөвшөөрч дараахи үндэслэлээр гомдол гаргаж байна. Үүнд:

1рт: Нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус байгааг шүүгч анхаарч үзээгүй, Нэхэмжлэлийг Р.Н гаргасан ба ...миний өмчлөх эрхэд саад болж үйлдлийг таслан зогсоож өгнө үү гэсэн байна. Гэтэл маргаан бүхий үл хөдлөх хөрөнгө болох Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8-р баг, 2-р хэсэг, 172 тоот хаягт байрлах гэр бүлийн хэрэгцээний газар нь 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдрөөс, 56мкв талбайтай хувийн орон сууц нь 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс хариуцагч Б.М миний нэр дээр гэрчилгээнүүд гарч шилжсэн юм. Өмнө дээрхи хувийн орон сууц нь Н.А-н нэр дээр байсан ба хуулийн дагуу хийгдсэн худалдах, худалдан авах гэрээний дагуу миний нэр дээр шилжсэн. Өөрөөр хэлбэл нэхэмжпэгч Р.Н-н нэр дээр огт байгаагүй хөрөнгийг авахаар миний өмчлөх эрхэд саад болж байна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгааг нь ойлгохгүй юм.

 Хэргийн нөхцөл байдлын тухайд бол Н.А-н нэр дээр байсан дээрхи хувийн орон сууцыг 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 10.000.000 төгрөгөөр худалдах, худалдан авах гэрээг хуулийн дагуу хийж гэрээний төлбөр шилжүүлэх заалтын дагуу бэлнээр 10.000.000 төгрөг өгсөн. Дээрхи мөнгийг бэлнээр шилжүүлсэн учраас гэрээ хийснээс хойш 7 сарын дараа Сэлэнгэ орох ажлынхаа хажуугаар өөрийн нэр дээр хувийн орон сууцыг шилжүүлж авсан байдаг.

Мөн тус орон сууц байрлах газрыг мөн хууль дүрмийн дагуу хөөцөлдөж өөрийн нэр дээр гэрчилгээ гаргуулж авсан. Тухайн үед худалдах, худалдан авах гэрээ хийх үед Н.А-н ээж нь байртай болтлоо түр сууж байя гэсэн учраас зөвшөөрсөн юм. Үүнээс хойш 4 жил гаруйн дараа би Сэлэнгэд очиж өөрийн орон сууцыг хүнд худалдахаар болсон тул байрыг чөлөөлөхийг шаардсан.

 Гэтэл Н.А-н ээж Р.Н нь  уулзаж тус байшин нь миний хүүгийн гал голомт юм. Би 15.000.000 төгрөгөөр худалдаж авмаар байна, эсвэл хүнд арай өндөр үнээр зараад өгье гэсэн учраас итгээд 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр 2 итгэмжлэл хийж өгсөн. Тухайн итгэмжлэлийг олгохдоо өөрийн хүү болох Н.А-д бэлэглүүлэх талаар нэг ч зүйл дурьдаагүй юм. Хэрвээ Н.А-д буцааж шилжүүлэх байсан юм бол өөрт нь шууд шилжүүлэх гэрээ хийхээс биш юу гэж ээжид нь итгэмжлэл хийж өгөх билээ. Гэтэл хэсэг хугацаанд зарсан ч юм байхгүй байсан учраас итгэмжлэлээ буцаахаар болсон.

 Р.Н нь өөрийн хүүдээ бэлэглэлээр шилжүүлэх гэж байгаа тухай сонсоод газрын алба болон үл хөдлөх хөрөнгийн газар очиж хязгаарлалт тогтоосон. 2018 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Р.Н-д хийж өгсөн итгэмжлэл нь Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2 дахь хэсэгт зааснаар ...Төлөөлөгч нь төлөөлүүлэгчээс олгосон бүрэн эрхийн хүрээнд түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хийнэ... гэсний дагуу хийгдсэн ба тус хуулийн 67.3 дахь хэсэгт...хэдийд ч төлөөлүүлэгч итгэмжлэлээ хүчингүй болгох, итгэмжлэлээсээ татгалзах зрхтэй.. гэсний дагуу мөн татгалзсан. Гэтэл татгалзчихаад байхад өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж байна гээд нэхэмжлэл гаргаад байгааг ойлгохгүй байна. Уул нь би өөрийн хөрөнгө хүнд заруулахаар итгэмжлэл өгсөн байхад тэр итгэмжлэл авсан хүн нь хөрөнгийг маань авна гээд байдаг хууль Монгол улсад байхгүй гэж үзэж байна.

2рт: Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагыг хангахдаа зээлийн гэрээг халхавчилсэн дүр үзүүлсэн гэрээ гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй.

Учир нь тухайн үед ямар ч зээлийн гэрээ хийгдээгүй харин ч эсрэгээрээ худалдах, худалдан авах тухай гэрээ хийгдсэн юм. Энэ нь хэрэгт авагдсан худалдах, худалдан авах гэрээ, тухайн гэрээг баталсан нотариатчийн үйлдэл, үл хөдлөх хөрөнгийн газар бүрдүүлсэн материал, төлсөн мөнгө, Н.А-с бусдад үл хөдлөх хөрөнгөө худалдахыг хүссэн итгэмжлэл зэргээр хангалттай нотлогдож байхад шүүх ямар үндэслэлээр зээлийн гэрээ бидний хооронд хийгдсэн гэж үзээд байгааг шийдвэрийн үндэслэх хэсгээс харагдсангүй. Хэрвээ тухайн үед дүр үзүүлэн гэрээ хийгдсэн гэж үзэх юм бол нотариатч батлахгүй байсан, үл хөдлөх хөрөнгийн газар хамааралтай баримтууд гэрчилгээ олгохгүй байсан. Өөрөөр хэлбэл худалдах, худалдан авах ажиллагаа нь зөвхөн 2 талын оролцоотойгоор бус хөндлөнгийн эрх бүхий байгууллагуудын баталгаажилтаар хийгддэг юм.

Зрт: Нотлох баримтыг шүүх хэргийн оролцогчийн нэг талд орж цуглуулсан байна гэж үзэж байна. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага дээрээ бидний хооронд зээлийн гэрээ байгуулагдаж байраа барьцаалсан гэсэн боловч энэ талаар нотлох зүйл хэрэгт авагдаагүй байсан ба шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад мөнгө шилжүүлсэн гэх баримтуудыг шүүхийн хэлэлцүүлгээс өмнө гаргаж өгсөн ба сүүлд нь хэлэлцүүлгийн үед хурлыг түр цагаар хойшлуулж банкнаас тодорхойлолт авсан байдаг юм. Энэ талаар миний бие мэдээгүй ба хэрвээ хурлаас өмнө мөнгө өгсөн, авсан тухай баримтыг гаргаж өгсөн энэ талаар үндэслэлтэй тайлбар өгөх байсан. Гэтэл банкнаас тодорхойлолт ирсэн ба тухайн банкны баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна

Учир нь шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Ё.О буюу Б.М-н эхнэрийн дансанд “Н байр” гэсэн утгаар мөнгө шилжсэн гэсэн байна. Гэтэл Хаан банкны тодорхойлолтонд “эхнэр” гэдэг үг өгүүлбэр байхгүй байхад шүүгч яаж Н.М-н  эхнэр гэж үзэж байгааг гайхаж байна. Учир нь түүнд  О гэдэг нэртэй эхнэр байхгүй юм. Түүний дансанд орсон мөнгөний тухайд бол дээр хэлсэнчлэн Р.Н нь уг байшинг зарах гэж байгаа юм бол би буцааж худалдаж авмаар байна гээд 2018 оны 07 дугаар сарын 18-нд 1.950.000 төгрөг шилжүүлэхээр нь итгээд тэр өдрөө итгэмжлэл хийж өгсөн. Хэрвээ зээлийн мөнгө байсан юм бол утга дээрээ зээл гэж бичих л байсан. Тухайн уед 15 сая төгрөг өгөх юм бол худалдах, худалдан авах гэрээ хийнэ гэж хэлж байсан. Гэтэл үүнийг эсрэг байдлаар ашиглаж миний хуулийн дагуу авсан хөрөнгөд халдаж байгаад гомдолтой байна. Хэрвээ нэхэмжлэгч нь зээлсэн мөнгөө буцааж өгч байна гэж үзвэл иргэний хуулинд зааснаар надад өгөх ёстой юм. Гэтэл зээлийн хүү, төлбөр гэсэн нэг ч баримт хэрэгт байхгүй юм. Ямар учраас Ё.О-н дансанд шилжүүлсэнг би мэдэхгүй. Тухайн өгсөн хүнээсээ буцааж авах нь иргэний хуулийн гол зарим байх гэж бодож байна.

Мөн нөгөөтэйгүүр Н.А нь энэ хэргийн нэхэмжлэгч юм уу, Р.Н нь нэхэмжлэгч юм уу гэдэг ойлгогдохгүй байна. Учир нь Р.Н гэж үзвэл түүний эрх ашиг хөндөгдсөн асуудал байхгүй, би зөрчөөд байгаа асуудал байхгүй, миний итгэмжлэлийн дагуу миний эрх ашгийг хангаж оролцож байгаа хүн юм. Хэрвээ Х.А-н эрх, ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх юм бол гэрчээр шүүхэд асуугдсан байдаг. Хэрвээ тухайн үед зээлийн гэрээ хийсэн юм бол хэдэн хувийн хүүтэй, хэд хоногийн хугацаатай зээлсэн, хэдэн төгрөг өгөөд тэр нь хүү хэд, үндсэн мөнгө нь хэд эсэхийг шүүх тодруулах шаардлагатай байсан. Гэвч энэ талаар нэхэмжлэгч тайлбарлаагүй юм.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07-р сарын 16-ны өдрийн 297 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Р.Н давж заалдах шатны шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: ..Анх надад мөнгөний хэрэг гараад мөнгө хүүтэй зээлнэ гэсэн зарын дагуу Б.М-тай холбогдсон. Тэгээд 5.000.000 төгрөг зээлэхээр болж тохироход Б.М нь барьцаа хөрөнгө хэрэгтэй гэсэн тэгээд хүү Н.А-н хашаа байшингийн бичиг баримтыг үзүүлэхэд зээл төлтөл хоёулаа худалдах худалдан авах гэрээ байгуулья та зээлээ төлөөд буцаагаад авчих, надад энэ хашаа байшин огт хэрэггүй гэсэн.  Тэгээд би хүүгээрээ итгэмжлэл хийлгээд гэрээг байгуулсан. Ингээд зээлээ төлж дуусгасан. Б.М надад өөрөө итгэмжлэл хийж өгсөн. Тэгээд итгэмжлэлийн дагуу хашаа байшингаа хүүгийнхээ нэр дээр шилжүүлэх гэтэл хязгаарлалт тавигдсан байсан.  Б.Мө-с зээлсэн мөнгөө түүний өгсөн дансанд буцаан хийж төлж дуусгасан. Ё.О гэсэн данс байсан түүнийг би эхнэр нь гэж ойлгосон. Гэтэл өнөөдөр намайг хүүгийнхээ байрыг худалдсан гэж гүтгэж байгаад гомдолтой байна.  Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.О давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан. Талуудын хооронд зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн гэрээний барьцаа болгон худалдах худалдан авах гэрээг дүр үзүүлэн хийсэн.  Зээлийн гэрээний үүрэг дууссан тул Н.Митгэмжлэл хийж өгсөн атлаа яг буцаан өөрийн нэр дээр хөрөнгөө шилжүүлэх гэтэл гэнэт хориг тавин дахин мөнгө нэхэмжлээд байгаа нь хууль бус юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг  хангаагүй байна.

Хэргийг судлан үзвэл: Нэхэмжлэгч Р.Н нь нэхэмжлэлийн шаардлагаа “Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 8 дугаар баг, 2 дугаар хэсэг, 172 тоот хаягт байрлах  000575523 дугаартай, 1239 мкв талбай бүхий гэр бүлийн хэрэгцээний газар, мөн хаягт байрлах  000217180 дугаартай, Ү-1317000385 дугаарт бүртгэж Үл хөдлөх эд хөрөнгө бүртгэж гэрчилгээ олгосон 56 мкв талбай бүхий хувийн орон сууцыг өмчлөх эрхээ хэрэгжүүлэхэд саад болж буй үйлдлийг таслан зогсоох, өмчлөх эрхээ сэргээлгэх, талуудын хооронд байгуулсан гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” гэж тодорхойлон  түүний эрхийг хариуцагч Б.М зөрчсөн гэжээ.

 

Нэхэмжлэгч Р.Н-н  нэхэмжлэлийг шүүх 2019 оны 04 сарын 10-ны өдөр хүлээн авсан  бөгөөд тухайн хөрөнгийн өмчлөгч Н.А нь 2019 оны 04 сарын 12-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргах эрх болон  иргэний хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагаанд шүүхэд  өөрийгөө төлөөлөн оролцох эрхийг  Р.Н-д олгосон байх  бөгөөд анхан шатны шүүх иргэний хэрэг үүсгэхдээ Р.Н-н нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэснээс үзэхэд Р.Н нь итгэмжлэлийн дагуу юу эсвэл өөрийн нэрийн өмнөөс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа эсэх нь тодорхойгүй болжээ.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан шүүхэд ирүүлсэн  баримтаар маргаан бүхий орон сууц нь нэхэмжлэгчийн хүү Н.А-н өмчлөлөөс хариуцагч Б.М-н өмчлөлд гэрээгээр шилжсэн байх бөгөөд энэхүү гэрээг байгуулахад нэхэмжлэгч  Р.Н нь  өмчлөгч Н.А-н итгэмжлэлээр оролцсон гэж үзэхээр байна.

Дээрхи баримтуудаас үзвэл тус хэргийн нэхэмжлэгч нь Р.Н нь өөрийн эрх ашиг зөрчигдсөн гэж шүүхэд хандаж байна уу эсвэл хүү Н.А-н итгэмжлэлийн дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа нь тодорхойгүй байхад шүүх  нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодруулахгүйгээр нэхэмжлэгчийн ямар эрх хэрхэн зөрчигдсөн талаар  ямар нэгэн дүгнэлт  огт хийхгүйгээр   хэргийг хянан шийдвэрлэжээ.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.М нь нэхэмжлэгчид холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан байхад шүүх тухайн  сөрөг нэхэмжлэлийг хэрхэн шийдвэрлэж  байгаа эсэх талаараа огт дүгнэлт хийгээгүй бөгөөд сөрөг нэхэмжлэлийг орхигдуулсан, зохигчдын хооронд үүссэн маргаантай үйл баримт болон хэргийн үйл баримт тодорхой бус байх тул давж заалдах шатны шүүхээс дээрхи алдааг залруулж хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байна.

 

Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг ноцтой зөрчсөн байх тул шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр  буцаах нь зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож байгаа тул хэргийн шийдвэрлэлтэд дүгнэлт хийгээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь  сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 сарын 16-ны өдрийн 259 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-д зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлсөн 70200 төгрөгийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

                                       

 

                                   ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН