Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 06 сарын 28 өдөр

Дугаар 110/ШШ2023/0032

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Риза даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.З

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг дарга,

Гуравдагч этгээд: Х.Т нарын хоорондын газрын маргааныг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Е,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С, гуравдагч этгээд Х.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч К.Зулкаш, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.Бахыт, орчуулагч Б.Жанерке, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ердос нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Б.З нь Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргад холбогдуулан “Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/32 дугаартай захирамжийн Х.Кн “Хавтгай улаан” гэх газарт байршилтай өвөлжөөний газрыг Х.Тт эзэмшүүлсэн хэсгийг, Х.Кн 0066044 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хэсгийг тус тус хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Нэхэмжлэгч Б.З нь маргаан бүхий захиргааны актын талаар 2022 оны 10 дугаар 21-ний өдөр мэдсэн гэж нэхэмжлэлдээ тайлбарласан байх ба уг шийдвэрт холбогдуулж дээд шатны Засаг даргад 2022 оны 11 дүгээр сарын 22-ний өдөр гомдол гаргасан боловч “тус өргөдлийг шүүхийн журмаар шийдвэрлүүлэх” гэх хариуг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр авснаар, 2023 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараахь байдлаар тайлбарласан.Үүнд:

3.1. Б.З би Х.Ктай 1980 онд гэр бүл болж, Толбо сумын “Улаан туг” нэгдэлд олон жил малчнаар ажилласан. Нөхөр маань хүндээр өвдөж, хэвтрийн байдалд орсон учраас 2014 онд Толбо сумаас нүүж, аймгийн төв Өлгий сумын 3 дугаар багт оршин суух болсон бөгөөд өвчний улмаас байнга эмнэлгийн хяналтад эмчлүүлж байгаад 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нас барсан.

Х.Т нь Толбо сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Хавтгай улаан” гэх газарт байршилтай, манай гэр бүлийн хамтран өмчлөх дундын хөрөнгө болох “өвөлжөө” буюу өвлийн модон байшин (сууц), махны амбаар, малын битүү саравчтай хашаа хороо, хоёр пүнз, мөн задгай малын хашаа хороо зэрэг бүх үл хөдлөх хөрөнгүүдийг түр хугацаагаар үнэ төлбөргүй ашиглах, мөн бидний 50-иад тооны бог малыг эзэн болж хариулан маллаж өгөхөөр тохиролцож, манай өвөлжөөнд айл бууж, өдий хүртэл ашиглаж байгаа билээ. Б.З миний хувьд одоогоор айлын хашаа байшин хөлсөлж суудаг бөгөөд 2022 онд хөдөө гарч, өөрийн өвөлжөөнд хүргэний хамт өвөлжих болоод Х.Тт суллаж өгөхийг шаардсан боловч, намайг үл тоомсорлон өвөлжөө, хашаа хороог өөрт минь суллаж өгөөгүй болохоор Баян-Өлгий аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд Х.Тыг албадан нүүлгэх тухай нэхэмжлэлийг 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хэргийн харьяаллын дагуу гаргасан.

3.2. Х.Тт холбогдуулан иргэний хэрэг үүсгэн шалгах явцад Х.Т нь шүүхэд тайлбар, нотлох баримт гаргахдаа Толбо сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/32 дугаартай захирамж, газар эзэмших эрхийн 000598415 дугаартай гэрчилгээ, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ зэрэг нотлох баримтыг өөрийн тайлбарын хамт тус шүүхэд 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр гаргасныг шүүхээс анх үзэж танилцаад Х.Т нь хууль бус аргаар бидний зөвшөөрөлгүйгээр нэхэмжлэгч Б.З газар эзэмших эрхийг шилжүүлэн авсан болохыг мэдсэн.

           3.3. Толбо сумын Засаг дарга 2014 оны “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/32 дугаартай захирамжийг гаргахдаа Газрын тухай хуульд заагдаагүй Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.4 дэх хэсгийг үндэслэл болгосон байна. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт зааснаар бүрдүүлбэл зохих, талуудын нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх тухай талуудын хүсэлт,  зөвшөөрөл, газрын татвар, хураамж төлсөн баримт зэргийг шийдвэр гаргахаас өмнө авч баримтжуулаагүй, газар эзэмших эрх шилжүүлэх талаар миний нөхөр Х.К хамтран эзэмшигч Б.З бидний хууль ёсны зөвшөөрлийг бичгээр аваагүй нь  хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл мөн.

             3.4. Толбо сумын Засаг дарга Б.А нь “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/32 дугаартай захирамжийг 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр үйлдэж, гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан мөртлөө Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан бүрдүүлбэл зохих баримт бичиг болох газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх тухай Х.Кн өргөдөл,  газар эзэмших эрх шилжүүлэн авагч Х.Т нарын хүсэлтийг 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хуурамчаар үйлдүүлж, 3 сарын дараа нөхөж бүрдүүлсэн байна.

            3.5. Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2 дах хэсэгт “Гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь хамтран өмчлөх дундын өмчийн үл хөдлөх эд хөрөнгийг захиран зарцуулахдаа насанд хүрсэн гишүүдийн бичгээр гаргаж, нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрлийг авна” гэж заасан юм. Х.Т нь миний нөхөр Х.Кгаас бүх үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан гэжээ. Гэр бүлийн гишүүний хувьд Б.З би Х.Тт дээрх эзэмшил газар, бусад үл хөдлөх хөрөнгийг худалдсан бол нэхэмжлэх ёсгүй бөгөөд миний бичгээр гаргасан зөвшөөрөл, үнэ өртгийг төлсөн нотлох баримтыг Х.Т нь гаргаж өгөх хэрэгтэй.

            3.6. Нотлох баримтаар Х.Тын гаргаж өгсөн 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”, мөн 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн “Өргөдөл” зэрэг баримт бичигт зурагдсан Х.К гэх гарын үсэг миний нөхөр Х.Кн гарын үсэг биш байна. Х.К нь монгол хэл огт мэдэхгүй хүн байсан болно. Мөн эдгээр баримт бичиг үйлдэгдэхээс өмнө буюу 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Толбо сумын Засаг даргын “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/32 дугаартай захирамжийг  урьдчилан гаргасан нь хууль эрх зүйн хүрээнд “хууль бус эрхийн акт” гаргасныг шууд нотолно гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

4.1. Миний эгч нэхэмжлэгч Б.Зийн хэлж байгаагаар хүргэн ах Х.К тухайн үед  Х.Тт бага зэрэг малаа нийлүүлж, тэд нараар малаа харуулж, өвөлжөөний газар дахь хашаа хороо болон бэлчээрт Х.Т эзэн болж байхаар хоорондоо тохиролцсон байна. Тэд хоорондоо төрөл садангийн холбоотой хүмүүс бөгөөд тухайн үедээ Х.К, Х.Т  нар нь хоорондоо мөнгө өгөхөөр тохиролцсон юм шиг байна. Нэг нь 10 сая төгрөг гэж,  нөгөө нь 5 сая төгрөг өгнө гэсэн  байдлаар ярьж байжээ. Би энэ асуудлын үнэн зөв эсэхийг мэдэхгүй, зөвхөн сонссоноо л хэлж байгаа. Тэгээд Х.Т хашаа хорооны мөнгө төгрөгийг өгөх болно, та явж байгаарай гэж явуулсан боловч өгөөгүй байх ба Х.Кгаас та ямар учраас хашаа хороог өгсөн бэ гэхэд, Х.Т хашаа хорооны гэрчилгээ буюу холбогдох бичиг баримтуудыг хулгайлаад аваад явсан гэдэг зүйл яригдсан. Үүнийг бас үнэн, зөв эсэхийг мэдэхгүй. Улмаар уг маргаан нь томорч шүүхэд хандсан байна. Хүргэн ах Х.Кн 70 гаруй жил өвөлжиж ирсэн газарт нь  модон амбаар, хашаа хороо бүгд байсан. Энэхүү асуудлыг төрөл садан хамаатан хүмүүс учраас хоорондоо шийдвэрлэх боломжтой байсан хэдий ч шийдэж чадаагүй тул шүүхэд хандсан. Засаг даргын захирамж нь 2014 оны  5 сард гарсан байдаг. Гэхдээ тухайн хашаа хороотой холбоотой бичиг баримтыг 2014 оны 8 дугаар сард бүрдүүлсэн нь хууль бус юм. Энэ нь Засаг дарга, нотариатч нар өөрсдийн ажилдаа хайнга хандсан учраас үүссэн. Хуулийн дагуу үнэн зөв шийдвэр гаргаж өгнө үү гэв.

5. Хариуцагчаас шүүхэд гаргасан тайлбарт:

5.1. Газар эзэмшигчийн хувийн хэрэгт газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх тухай талуудын нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт зөвшөөрөл, эрх шилжүүлэгчийн гарын баримт зэрэг бичиг баримтууд байсан байна. Уг баримтууд огнооны хувьд захирамж гарсны дараа үйлдэгдсэн байдалтай боловч хуурамчаар үйлдэгдсэн гэж үзэх боломжгүй юм. Энэ талаар тухайн үед албан үүрэг гүйцэтгэж байсан албан хаагч нараас тайлбар авах замаар тодруулах боломжтой гэж үзэж байна.

Мөн Х.Кн газар эзэмших гэрчилгээнд хамтран эзэмшигч гэх ямар нэгэн хүний нэр бичигдээгүй байгаа нь газар ганц хүний эзэмшилд байсан болохыг нотолж байгаа тул гэр бүлийн бусад гишүүдийн зөвшөөрлийг авна гэсэн ойлголт байхгүй юм. Газар эзэмших эрх шилжүүлэн авсан иргэн Х.Т нь дээрх “Хавтгайн улаан” хэмээх газар 2014 оноос одоо хүртэл амьдран сууж байгаа бөгөөд өмнөх газар эзэмшигч талийгаач Х.К болон түүний эхнэр, хүүхдийн зүгээс газрын эзэмшлийн асуудлаар  Толбо сумын эрх бүхий албан тушаалтанд хандаж байгаагүй, олон жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг нь ойлгохгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбарт:

6.1. Би тухайн 2014 онд Толбо сумын газрын даамлаар ажиллаагүй. Би 2015 онд  ажилд орсны  дараа Х.Тт маргаан бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээг Засаг даргын 2014 оны А/32 дугаар захирамжийг үндэслээд олгосон.

Харин бүрдүүлэх материал нь Засаг даргын захирамж гарахаас өмнө байх ёстой байтал тухайн үед ямар учраас 2014 оны 5 дугаар сард Засаг даргын захирамж гараад 8 дугаар сард  нь гэрээ хийгдсэн эсэхийг мэдэхгүй. Энэ нь хууль бус бөгөөд нэхэмжлэгч талаас газар шилжүүлэхтэй холбоотой баримт бичгийг баталсан нотариатын үйлдэл нь хууль бус гэж  маргаж байгааг  үндэслэлтэй гэж үзнэ.  Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

7. Гуравдагч этгээдээс шүүхэд гаргасан тайлбарт:  

7.1 Х.Т би 1996 оноос Толбо сумын 3 дугаар багт хадмуудын хамт мал маллан амьдарч байсан. 2013 оны 5 дугаар сард Х.К надад “...би одоо мал маллахаас залхаж байна, охин маань нөхөрт гарсан, “Хавтгай улаан”-д байгаа өвөлжөөгөө 3 сая төгрөгөөр зарна” гэж хэлэхэд нь би “танай өвөлжөөг би худалдаж авъя, гэхдээ үнийг нь нэг жилийн дотор хэсэгчлэн төлж өгье” гэхэд зөвшөөрсөн ба “зусланд гарахаас өмнө манай өвөлжөөнд нүүж очоорой” гэснээр би 2013 оны 6 дугаар сарын эхээр өвөлжөөний газарт нүүж ирж, энэ үед Х.К нь аймаг руу нүүгээд явсан.

Гэхдээ Х.К тухайн үедээ өвдөөгүй эрүүл байсан, өвчний улмаас эмч болон эмнэлгийн хяналтад орох шалтгаанаар Толбо сумаас нүүгээд явсан  асуудал байгаагүй. Х.Кнх ганц охинтой байсан ба охин нь  нөхөрт гарч, иймээс манай сумаас нүүсэн.

Х.К нь нүүж явахдаа  50 орчим тооны бог малаа надад түр үлдээгээд явсан ба бусад малаа зарсан. Тэгээд  би 2013 оны намар эхнэрийнхээ тахир дутуугийн тэтгэврийг урьдчилж авч Х.Кд өгч үлдсэн  мөнгийг нь дараа жилийн хавар буюу 2014 оны 5 дугаар сард ямааны ноолуур гарсны дараа зараад өвөлжөөний хашаа байшингийн үнийг бүрэн төлж өгсөн. Үүний дараа өвөлжөөний газрын гэрчилгээг нэр дээр минь шилжүүлж өгөхийг  хүсэхэд Х.К нь тухайн газрыг миний нэр дээр шилжүүлж өгсөн.  Х.К болон миний эхнэр Н.М нар нь төрсөн эгч дүүсийн хүүхдүүд бид хоорондоо төрөл садангийн холбоотой сайн харилцаатай хүмүүс учраас би итгэж, өвөлжөөний хашаа байшингийн мөнгийг  төлөхдөө  баримт бичүүлж аваагүй.

7.2.  Надад худалдсан тэр өвөлжөөнд малын хагас саравчтай хашаа, хоёр малын пүнз, улиас модоор барьсан өвлийн байшин, үүдэнд нь түүхий тоосгоор барьсан үүдний өрөөтэй байсан. Тэгээд 2014 оны 6 дугаар сард талийгаач Х.К нь өөрийн гараараа казак хэлээр “хашаа хороо, хадлангаа худалдав” гэсэн утгатай гар баримт бичсэн нь  одоо хүртэл газрын хувийн хэрэгт хадгалагдаж байгаа юм байна.

7.3. Мөн сумын газрын даамлаас Х.К бид хоёрт “Та хоёр тус тусдаа өргөдлөө бичээд нотариатаар батлуулаад аваад ир" гэсний дагуу би өөрийн өргөдлөө гараар бичсэн ба дараа нь Көнекбай гуай “...би монголоор сайн бичиж чадахгүй, чи биччихээрэй” гэхээр нь түүний өргөдлийг мөн бичээд өгсөн.

Х.К бид хоёр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Х.К нь өвөлжөөний газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, өвөлжөөгөө худалдсан тухай гараар үйлдсэн баримт зэрэг бичиг баримтуудаа газрын даамалд бүрдүүлж өгсөн.

Газар эзэмших эрх шилжүүлэх захирамж нь 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр гарсан  байна. Харин надад сумын газрын даамлаас 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр ............ дугаартай гэрчилгээ олгож, 700 м2 газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан.  

7.4. Би Х.Кн амбаартай модон байшинг буулгаж, 2021 онд модон материалаар 5 өрөө байшинг өөртөө барьсан, хажууд нь миний хүү Т.Х нь 2022 онд мөн модон байшин барьж, улиасаар баригдсан хуучин байшингийн материалыг хана, дээвэрт хэрэглэсэн.

7.5. Уг өвөлжөөг би шилжүүлэн авснаас хойш 9 жил болж байгаа боловч талийгаач Х.Кн эхнэр Б.З нь шүүхэд нэхэмжлэл гаргаж байгааг нь ойлгохгүй байгаа ба нэхэмжлэлдээ намайг тус газарт түр хугацаагаар суулгасан гэж үндэслэлгүй зүйл дурдсан байна. Тухайн үед Х.К надад  50 тооны бог малаа үлдээж явсан нь үнэн ба бид төрөл садангийн хүн болохоор  малыг нь өсгөж 200 гаруй тоонд хүргэж байсан, Х.К гуай амьд сэрүүн байхдаа жил бүр малаасаа хэрэглэсээр байгаад үлдсэн малаа Х.К нас барсны дараа 2019 оны 6 дугаар сард хүргэн нь  аваад явсан. Бид нарын хооронд одоо ямар нэгэн тооцоо байхгүй. Намайг буруутгаж байгаа нь “чи өвөлжөөг худалдаж авсан бол мөнгөө өгсөн баримтаа гаргаад ир” гэж байгаа. Тухайн үедээ төрөл садангийн хүмүүст итгэсэн учраас ямар нэгэн гарын баримт бичүүлж аваагүй. Би арваад жилийн дараа хашаа хороотой холбоотой маргаан үүснэ гэдгийг мэдээгүй.

7.6. 2022 оны 3 дугаар сард гэхэд Б.З нь манай гэрт ирж “айлын хүүхэд өлгийдөх ёсонд оролцоод буцаж явна, цаг агаар дулаарахаар байшингаа засаж янзлах гэсэн юм, дахин ирээд хандив цуглуулна..." гэхэд би тухайн үед “...бусад хүмүүсийн адил боломжоороо тусалъя” гэж хэлсэн боловч дахин ирээгүй. Газрын маргаан үүсгэсэн үед би Б.Зт хэрвээ Х.Кд намайг 3 сая төгрөг өгөөгүй гэж байгаа бол бид хамаатан хүний хувьд дахин 3 сая төгрөг өгье гэж хэлсэн боловч тухайн хашаа хороог 40 сая төгрөгт худалдана гэсэн.  Маргаж байгаа үндэслэл нь хашаа хороо одоо үнэтэй болсон учраас л маргаад байгаа, би уг өвөлжөөний хашаа хороог худалдаж авсан маань үнэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

8. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

8.1. Нэхэмжлэлийн шаардлага болгож байгаа Толбо сумын Засаг даргын “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн А/32 дугаар захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ нь 2014 оны 8 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд үйлдэгдэж, нотариатаар батлуулсан. Нотариатын уг үйлдлийг хууль ёсны гэж үзэх боломжгүй. Учир нь Нотариатын тухай хуулийн холбогдох заалтуудыг ноцтой зөрчсөн нь тухайн үед нотариатын үүрэг гүйцэтгэж байсан гэрч А.К мэдүүлэг, тухайн үед үйлдэгдэж байсан нотариатын бүртгэлийн дэвтэр, түүнд шүүхээс  үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон.

8.2. Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт  хууль ёсны байх шаардлагыг Засаг даргын захирамж хангахгүй байна. Өөрөөр хэлбэл  уг шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд илт хууль бус захиргааны акт юм. Уг акт 2014 онд үйлдэгдсэн ба тэрнээс хойш он удаан жил болсон хэдий ч Захиргааны ерөнхий хуульд зааснаар “илт хууль бус захиргааны актыг хугацаа хэтэрснээс үл хамааран, хэдий ч хүчингүй болгох боломжтой” гэж заасан.

8.3. Толбо сумын Засаг даргын 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамжийг нэхэмжлэгч тал иргэний хэргийн шүүхэд албадан нүүлгэх тухай нэхэмжлэл гаргасны дараа шүүхэд нотлох баримт бүрдүүлэх шатанд олж мэдэж, гомдлоо дээд шатны Засаг дарга болон захиргааны хэргийн анхан шатны шүүхэд тус тус гаргасан тул нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй.

8.4. Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, мэтгэлцээний шатанд тайлбар хэлсэн нь мөн адил нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх нэг үндэслэл болж байна.

8.5. Гуравдагч этгээдийн зүгээс тухайн газар дахь үл хөдлөх эд хөрөнгүүдийг худалдаж авсан тул Засаг даргын газар эзэмших эрх шилжүүлэх захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гэх байдлаар тайлбарлаж байна. Гэтэл гуравдагч этгээд болон Х.К нарын хооронд үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ Иргэний хуульд заасан журмаар  хийгдээгүй, талуудын хооронд үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах тухай бичгээр байгуулагдсан гэрээ байхгүй, үл хөдлөх эд хөрөнгийн газарт бүртгүүлээгүй тул  гуравдагч этгээдийн хэлснээр маргааныг шийдвэрлэж болохгүй.

Үл хөдлөх эд хөрөнгийг худалдах өөр нэг нөхцөл нь Иргэний хуулийн 128 дугаар зүйлд үл хөдлөх эд хөрөнгүүд тухайн гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө байгаа. Хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг худалдан борлуулахдаа тухайн гэр бүлийн насанд хүрсэн гишүүдийн зөвшөөрлийг авахаар хуульчилсан. Өөрөөр хэлбэл Х.К нь өөрийн байшин, хороо, бусад үл хөдлөх хөрөнгийг зарж борлуулахдаа тухайн гэр бүлийн насанд хүрсэн гишүүд болох эхнэрийн зөвшөөрлийг авсны үндсэн дээр үл хөдлөх хөрөнгийг борлуулах үүрэгтэй байдаг. Гэхдээ эд хөрөнгө худалдах, худалдан авахтай холбоотой асуудал нь захиргааны хэргийн шийдвэрлэх асуудал биш юм. Толбо сумын Засаг даргын 2023 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн захирамжийн үндсэн дээр 2015 онд гуравдагч этгээдэд олгогдсон газар эзэмших эрхийн гэрчилгээ хууль ёсны  эсэхэд захиргааны хэргийн шүүх хариулт өгнө гэж үзэж байна. Иймд хавтаст хэрэгт байгаа бүх нотлох баримтуудыг иш үндэслэл болгож, хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой талаас нь бүрэн дүүрэн үнэлж, хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг харгалзан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

9.1. Толбо сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байгаа гуравдагч этгээд Х.Т нь сумын Засаг даргын газар эзэмших эрх шилжүүлэх тухай 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээний үндсэн дээр маргаан бүхий газрыг өвөлжөө, хаваржааны зориулалтаар 2014 оноос эхлэн  эзэмшиж байгаа нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдож байна.

9.2. Газар эзэмших эрх шилжүүлсэн Засаг даргын захирамж гарч 9 жил болсны дараа нэхэмжлэл гаргаж байна. Газрын нэгж талбарын хувийн хэрэгт талуудын газар эзэмших эрх шилжүүлэх болон шилжүүлэн авах талаар бичгээр үйлдэж, нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт, гэрээ, эрх шилжүүлэгчийн гарын үсэгтэй баримт байна. Эдгээр нотлох баримтуудыг хуурамчаар бүрдүүлсэн гэж үзэх  нотлох баримт баримт байхгүй.

9.3. Тухайн үед болсон үйл явдлын талаар сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга, газрын даамал зэрэг төрийн албаны холбогдох этгээдүүд шүүхэд гэрчийн мэдүүлэг өгсөн ба гэрч нарын мэдүүлэг нь хоорондоо зөрүүгүй, эргэлзээтэй мэдүүлгүүд байхгүй байна.

9.4. Х.Кн газрын гэрчилгээг харахад тухайн газар нь нэг хүний эзэмшилд байсан ба хамтран эзэмшигч гэж байгаагүй тул эзэмшлийн газраа өөрөө мэдэж гуравдагч этгээдэд шилжүүлсэн гэж үзэхээр байна. Аливаа иргэн хэзээ ч холбогдох байгууллага, албан тушаалтанд хүсэлт, гомдол гаргах эрхтэй ч өнгөрсөн 9 жилийн хугацаанд нэхэмжлэгч ямар нэгэн холбогдох байгууллагад өргөдөл гомдол гаргаж байсан талаар нотлох баримт байхгүй. Харин нь гэнэт 2022 оны 9 дүгээр сард иргэний хэргийн анхан шатны шүүхэд тухайн өвөлжөөнөөс гуравдагч этгээдийг албадан нүүлгэх талаар нэхэмжлэл гаргасан. Шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тул нэхэмжлэлийг буцаасан. Нэхэмжлэл буцаагдсаны дараа захирамжийн огноо нь зөрүүтэй байсан гэдгийг олж харж 1 сарын дотор аймгийн Засаг даргад гомдол гаргасан. Уг гомдлын хариуг авсны дараа захиргааны хэргийн шүүхэд хандсан.

9.5.  Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа талаар шүүхэд тайлбар ирүүлсэн. Үүнд “Газар эзэмшигчийн хувийн хэрэгт газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх тухай талуудын нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт зөвшөөрөл, газар эзэмших эрх шилжүүлэгчийн гарын баримт зэрэг бичиг баримтууд авагдсан байна. Талуудын хүсэлт болон гэрээ нь огнооны хувьд Засаг даргын 2014 оны  А/32 дугаар захирамж гарсны дараа бичигдсэн байх боловч эдгээр баримтуудыг хуурамчаар үйлдэгдсэн гэж үзэх боломжгүй” гэсэн.

9.6. Гуравдагч этгээд маргаан бүхий газарт байгаа хуучин байшинг буулгаж, шинээр байшин барьсан тухайн үед нэхэмжлэгч тал  гомдол гаргаагүй байна.

9.7. Тухайн маргаан бүхий газрыг гуравдагч этгээд худалдаж авахдаа нэхэмжлэгч нартай  хамаатан садангийн холбоотой тул итгэж баримт үйлдүүлж аваагүй байна.

Уг газарт амьдран сууж байгаа гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хамгаалагдах ёстой.

9.8. Мөн газартай холбоотой баримт бичгийг баталсан нотариатын үйлдэл нь хууль бус гэж байгаа ч тэр нь тогтоогдоогүй. Гуравдагч этгээдийн худалдаж авсан үл хөдлөх эд хөрөнгүүдэд өмчлөх эрхийн гэрчилгээ байгаагүй.

 Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

1. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/32 дугаартай захирамжийн Х.Кн “Хавтгай улаан” гэх газарт байршилтай өвөлжөөний газрыг Х.Тт эзэмшүүлсэн хэсгийг, Х.Кн ........ дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох” тухай нэхэмжлэл үндэслэлгүй байна.

2. Нэхэмжлэгч Б.Зийн нөхөр Х.К нь /агсан/ 1996 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 352 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээгээр Толбо сумын 3 дугаар багт байршилтай  “Хавтгай улаан” гэх газраас 360 м2 газрыг 30 жилийн хугацаагаар эзэмшсэн байх ба Толбо сумын Засаг даргаас 2006 оны 06 дугаар сарын 05-ны өдөр уг газрын эзэмших эрхийн гэрчилгээг шинэчилж, ............ дугаартай гэрчилгээ олгожээ. Х.Кд шинээр олгосон газар эзэмших эрхийн гэрчилгээгээр газрын хэмжээг 23 м2-аар нэмэгдүүлж  383 м2 газар эзэмшүүлсэн байх ба иргэн Х.К нь тус газрыг 1996 оноос хойш өвөлжөөний зориулалтаар эзэмшиж, эхнэр Б.З болон хүүхдийн хамтаар ам бүл гурвуулаа амьдарч байгаад 2014 онд Баян-Өлгий аймгийн Өлгий сум руу нүүсэн нь Х.Кн газар эзэмших эрхийн 1996 оны 352, 2006 оны ............ дугаартай гэрчилгээ, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байгаа ба энэ талаар талууд маргаагүй болно.

3. Толбо сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/32 дугаартай захирамжийн холбогдох хэсгээр Х.Кн өвөлжөөний газрыг гуравдагч этгээд Х.Тт шилжүүлэн эзэмшүүлж,  Х.Кн тус газрыг эзэмших эрхийн 2006 оны 0066044 дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон байх ба Засаг даргын А/32 дугаартай захирамжийг үндэслэн гуравдагч этгээд Х.Тт газрын хэмжээг 317 м2-аар нэмэгдүүлэн тухайн байршлаас нийт 700 м2 газрыг  2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн ............... дугаартай гэрчилгээгээр эзэмшүүлж, газар эзэмшүүлэх гэрээ байгуулжээ.

 Түүнчлэн эрх бүхий этгээдээс гуравдагч этгээдийн маргаан бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээг 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр шинэчилж, тухайн газарт нэгж талбарын ............. дугаар олгож, Х.Тын уг газрыг эзэмших эрхийг улсын бүртгэлийн .................... дугаарт бүртгэж, 000127290 дугаартай гэрчилгээг  шинээр олгосон байна.

4. Тус газарт 2014 оноос хойш гуравдагч этгээд  Х.Т нь өөрийн гэр бүлийн хамт амьдарч ирсэн байх ба одоогоор уг газарт гуравдагч этгээд болон түүний хүүгийн өмчлөлийнх гэх шинээр барьсан хоёр өвлийн сууц, мөн малын чулуун хашаа хороо зэрэг үл хөдлөх хөрөнгүүд оршдог нь шүүхээс хийсэн үзлэгээр тогтоогдсон.

5. Нэхэмжлэгч Б.Заас маргааны талаар “Миний нөхөр Х.К нь өвчний улмаас 2019 оны 03 дугаар сард нас барсан. 2014 онд бид Толбо сумаас нүүж, Баян-Өлгий аймгийн төвийн Өлгий суманд орших суухаар болж, Х.Тт 50 тооны бог малаа маллуулахаар үлдээсэн ба  өвөлжөөний газар дахь өвлийн сууц, махны амбаар, малын саравчтай болон задгай хашаа хороог үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар хоорондоо тохирсон байсан. Бид өвөлжөөний сууц, хашаа хороогоо Х.Тт худалдаагүй бөгөөд бидний амьдарч байсан өвөлжөөний газрын эзэмших эрхийн гэрчилгээг Толбо сумын Засаг даргаас Х.Тт шилжүүлснийг би  мэдээгүй” гэж тайлбарлажээ.

6.  Харин гуравдагч этгээд Х.Т нь “Би 1996 оноос хойш Толбо сумын 3 дугаар багт хадмуудын хамт мал маллаж амьдарч байсан. Х.К болон миний эхнэр Н.М нар төрсөн эгч дүүсийн хүүхдүүд бөгөөд 2013 онд Х.К надад хандаж “ганц охин маань  нөхөрт гарсан. Цаашид мал маллахаас залхаж байгаа тул манайх аймгийн төв рүү нүүхээр болсон. Өвөлжөөгөө 3 сая төгрөгөөр зарна, чи аваарай” гэж санал болгосон.

Хоорондоо тохиролцож Х.Кн өвөлжөөний модон сууц, амбаар, малын хашаа хорооны үнэ 3 сая төгрөгийг би нэг жилийн дотор хэсэгчлэн төлөхөөр болж, мөн Х.К нь  надад 50 тооны бог  малаа маллуулахаар үлдээсэн ба бусад малаа зарж, тус газраас 2013 оны 6 сарын эхээр нүүсэн, энэ үеэс би одоог хүртэл тус газарт амьдарч байна. Өвөлжөөг Х.Кгаас авснаас хойш нэг жилийн дотор хашаа, байшингийн үнийг хоёр хувааж бэлнээр төлж өгсөн тул 2014 оны 8 дугаар сард Х.Кн хамтаар Толбо сумын газрын даамалтай уулзаж, Х.К бид хоёр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулж, Толбо сумын Засаг даргад газрын асуудлаар өргөдөл бичсэн ба  Х.К нь өвөлжөөний газар эзэмших эрхийн гэрчилгээ, иргэний үнэмлэх, өвөлжөөгөө худалдсан тухай гараар үйлдсэн баримт зэрэг бичиг баримтуудаа газрын даамалд бүрдүүлж өгсөн.

Х.К нь монголоор бичиж чадахгүй тул миний нэрийн өмнөөс Толбо сумын Засаг даргад газар шилжүүлэх тухай өргөдлийг бичиж өгөөрэй гэж хүссэнээр 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн огноотой Толбо сумын Засаг даргад хаяглаж газар эзэмшүүлэх асуудлаар Х.К болон өөрийнхөө өргөдлийг би бичсэн.

Харин газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний маягтын нөхөх хэсгийг газрын даамал бичиж өгч, Х.К бид хоёр өөр өөрсдөө гэрээнд гарын үсэг зурж, нотариатч гэрээг баталсан. Дараа нь би 2015 онд тус өвөлжөөний газрыг эзэмших эрхийн гэрчилгээгээ авсан. Бид хоорондоо хамаатан хүмүүс тул Х.Кд өвөлжөөний үнийг бэлнээр төлөхдөө  түүнээс энэ талаар баримт бичүүлж аваагүй. ” гэж тайлбарлажээ.

7. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно.

Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана.”, 38.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана:”, 38.2.1-д “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ;” 38.2.2-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо”, 38.4-т “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно.” гэж тус тус заасан.

8. Маргаан бүхий захиргааны актын талаар хариуцагчаас “Газар эзэмшигчийн хувийн хэрэгт газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, газар эзэмших эрх шилжүүлэх тухай талуудын нотариатаар гэрчлүүлсэн хүсэлт зөвшөөрөл, газар эзэмших эрх шилжүүлэгчийн гарын баримт зэрэг бичиг баримтууд авагдсан байна.

Талуудын хүсэлт болон гэрээ нь огнооны хувьд Засаг даргын 2014 оны  А/32 дугаар захирамж гарсны дараа бичигдсэн байх боловч эдгээр баримтуудыг хуурамчаар үйлдэгдсэн гэж үзэх боломжгүй юм. Энэ талаар тухайн үед албан үүрэг гүйцэтгэж байсан албан хаагч нараас тайлбар авах замаар тодруулах боломжтой.” гэж тайлбарлажээ.

9. Маргаан бүхий захиргааны актыг гаргасан 2014 онд Толбо сумын Засаг даргаар ажиллаж байсан Б.А нь шүүхэд гэрчийн хувиар өгсөн мэдүүлэгдээ “Энэ захирамж гарах болсон үндэслэл нь иргэн Х.К нь Толбо сумын 3 дугаар багаас Өлгий сум руу шилжин суурьших болсноор өвөлжөөний хашаа байшингаа Х.Тт худалдаж байгааг тухайн үед мэдэгдсэн.

 Ингэхдээ 2014 оны 3-4 сарын үед Баян-Өлгий аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс иргэдийг малжуулах төслийг хэрэгжүүлж байсан бөгөөд уг ажиллагааны хүрээнд Толбо сумын хэмжээнд мал зарах иргэдийн судалгааг хийхэд Х.К нь Толбо сумаас нүүж байгаа шалтгаанаар малаа зарах тухайгаа тухайн үед судалгаа хийсэн  Толбо сумын Засаг даргын орлогч, холбогдох Ажлын хэсэгт мэдэгдсэн байна. Иймээс бид Х.Кн өвөлжөөнд очиж малжуулах төслийн хүрээнд түүний зарах малыг авч байсан. Энэ үед Х.К тус газарт эсгий гэртэйгээ сууж байсан бөгөөд өвөлжөөний хашаа, сууцаа Х.Тт худалдсан, түүнд байшингаа суллаж өгсөн гэж мэдэгдсэн юм. Иймээс Х.К нь Толбо сумын 3 дугаар багаас нүүж, өвөлжөөний хашаа байшингаа Х.Тт худалдсанаар түүний тус газрын эзэмших эрхийг Х.Тт шилжүүлэх тухай хүсэлтийнх нь дагуу өвөлжөөний газрын эзэмших эрхийг Х.Кгаас Х.Тт шилжүүлсэн 2014 оны А/32 дугаар захирамж гарч байсан.” гэж мэдүүлжээ.

10. Тухайн 2014 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын даргын 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар баталсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын  Нэгийн 1.3.1-д “нэгж талбарын хувийн хэрэг” гэж тухайн газрыг эзэмших, ашиглах эрх, тэдгээртэй холбогдон үүссэн хууль зүйн нотлох баримтуудын нийлбэр цогцыг ойлгохоор, Гурвын 3.1-д “Иргэн, хуулийн этгээд нь газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагаас батлагдсан загварын дагуу дараах тохиолдолд өргөдөл гаргана. Үүнд: 3.1.2-т “газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх;”  3.4-т “Өргөдлийн агуулгаас хамаарч өргөдөлд дараахь баримт бичгийг хавсаргана. Үүнд: 3.4.2-т “ Газар эзэмших эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх тохиолдолд: 3.4.2.1. газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ /эх хувиар/; 3.4.2.2. газар эзэмших, ашиглах гэрээ /эх хувиар/; 3.4.2.3. кадастрын зураг /эх хувиар/; 3.4.2.4; газрын төлөв байдал, чанарын улсын хянан баталгааны дүгнэлт /эх хувиар/, 3.4.2.5; газрын төлбөр төлсөн тухай баримт, 3.4.2.6; талуудын иргэний үнэмлэх/ улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар, 3.4.2.7; газар эзэмших эрх шилжүүлэх тухай нотариатаар гэрчлүүлсэн гэрээ /хэрэв тухайн нэгж талбарыг хамтран эзэмшдэг бол хамтран эзэмшигчдийн зөвшөөрлийг гэрээнд тусгасан байна/, 3.2.4.8; хэрэв хамтран эзэмшигчид байгаа бол  тэдгээрийн иргэний үнэмлэх/ улсын бүртгэлийн гэрчилгээ/-ийн хуулбар, 3.4.2.9; хэрэв эзэмшиж буй газраа бусдад хэсэгчлэн шилжүүлж байгаа бол кадастрын зургийн хуулбар дээр зай хэмжээг тавьсан тойм зураг” гэж заасан.

11. Хэрэгт авагдсан маргаан бүхий газрын нэгж талбарын хувийн хэргээс үзэхэд Х.Кн маргаан бүхий газрыг эзэмших эрхийн 1996 оны 352 дугаартай, 2006 оны 0066044 дугаартай гэрчилгээнүүдийн эх хувь, 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн огноотой Х.Кн үйлдсэн гэх “Би сайн дурын үндсэн дээр өөрийн өвөлжөө, хороо болон хадлангийн талбайгаа Табыст худалдсан.” гэх агуулгатай гараар бичсэн баримтын эх хувь, Х.К болон Х.Т нарын хооронд байгуулсан 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн огноотой “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний эх хувь, газар эзэмших эрх шилжүүлэх асуудлаар Х.К, Х.Т нараас Толбо сумын Засаг даргад гаргасан 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн огноотой өргөдлийн эх хувь, талуудын иргэний үнэмлэхийн хуулбар хувь, Толбо сумын Засаг даргын 2014 оны А/32 дугаартай захирамжийн хуулбар хувь, гуравдагч этгээд Х.Тт  маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн 2015 оны 000598415 дугаартай гэрчилгээний эх хувь, шинэчилж олгосон газар эзэмших эрхийн 0000127290 дугаартай гэрчилгээний хуулбар хувь болон эрх бүхий этгээдээс Х.Ттай байгуулсан  газар эзэмшүүлэх гэрээ зэрэг баримтууд тус тус  авагдсан байна.

12. Газрын нэгж талбарын хувийн хэрэгт авагдсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-ний эх хувь, газар эзэмших эрх шилжүүлэх асуудлаар Х.К, Х.Т нараас Толбо сумын Засаг даргад гаргасан гэх 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн огноотой өргөдлийн эх хувь, талуудын иргэний үнэмлэхийн хуулбар хувь зэрэг бичиг баримтуудыг 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нотариатын үүрэг гүйцэтгэгчийн хувьд Толбо сумын Засаг даргын Тамгын газрын дарга А.К гэрчилж, нотариатын үйлдэл хийжээ.

13.  2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ” нь Толбо сумын 3 дугаар багийн иргэд Х.К, Х.Т нарын хооронд байгуулагдсан “Х.Кгаас тус сумын 3 дугаар багийн “Хавтгай улаан” гэх газарт байршилтай өвөлжөөний хашаа, хорооны доорх 700 м2 газрыг өөрийн хүсэлтээр  харилцан тохиролцсоны үндсэн дээр иргэн Х.Тт шилжүүлсэн” агуулгатай, эрх шилжүүлэгчийн хувьд Х.К гэж, эрх шилжүүлэн авагчийн хувьд Х.Т  нарын гарын үсэг зурагдсан байна.

14. Энэ талаар гэрч А.К шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгдээ “2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн огноотой газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ, 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн огноотой Толбо сумын Засаг даргад Х.К, мөн Х.Т нарын өмнөөс гаргасан өргөдөл, иргэн Х.Т, Х.К нарын иргэний үнэмлэхийн хуулбар баримтуудыг нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн хувьд би баталгаажуулсан. Дарагдсан нотариатын тамга тэмдэгт зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн. Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг байгуулах үед талууд биечлэн хүрэлцэн ирснээр байгуулсан гэрээг нь би нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн хувьд баталж өгдөг. Уг гэрээнд Х.К, Х.Т нар хоёулаа гарын үсэг зурж, иргэний үнэмлэх бүхий баримтын хуулбар үнэн эсэхийг мөн давхар баталгаажуулсан байна.

Тэгэхээр тухайн үед Х.К, Х.Т нар хоёулаа хүрэлцэн ирсэн гэж ойлгож байна. Аль нэг тал ирээгүй бол би нэг талын хүсэлтээр гэрээ баталж байгаагүй.” гэжээ.

15. “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын Гурвын 3.2-т “Энэ журмын 3.1.1-3.1.7-д заасан тохиолдолд өргөдлийг  дараах харьяаллын дагуу /аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумын Газрын даамалд/ гаргана. Үүнд: 3.2.2-т “Аймгийн газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний дагуу аймгийн төвийн инженерийн шугам, сүлжээ бүхий газруудад газар эзэмших, ашиглах бол аймгийн Газрын албанд:, 3.2.4-т “Хэрэв энэ журмын 3.2.2-т зааснаас бусад газарт газар эзэмших, ашиглах бол сумын Газрын даамалд; гэж тус тус заасан. Гэрч  2014 онд Толбо сумын газрын даамлаар ажиллаж байсан Х.Минат шүүхэд өгсөн мэдүүлэгдээ “Толбо сумын Засаг даргын 2014 оны А/32 дугаар захирамжаар иргэн Х.К нь Толбо сумын “Хавтгай улаан” гэх газарт байршилтай өвөлжөөний зориулалтаар эзэмшдэг газрын эрхийн гэрчилгээг иргэн Х.Тт хоорондоо тохиролцоод тухайн үед шилжүүлсэн нь үнэн. Газар эзэмших эрхээ шилжүүлж байгаа тохиолдолд өмнөх газар эзэмшигчийн газар эзэмших гэрчилгээний эх хувийг хурааж авч, тухайн газрын нэгж талбарын хувийн хэрэгт хадгалдаг.

Х.К, Х.Т нарын хооронд байгуулагдсан газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний нөхөх хэсгийг бичсэн бичиг бол миний бичиг мөн. Энэ гэрээ нь 2014 оны 08 дугаар 26-ны өдөр байгуулагдсан гэрээ мөн байна. Гэрээний огноог бичсэн бичиг бас миний бичиг мөн. Тухайн үед энэхүү гэрээг байгуулах үед Х.К, Х.Т хоёулаа биечлэн байлцаж гэрээнд өөрсдөө гарын үсгээ зурсан.” гэж тус тус мэдүүлжээ.

16. Мөн 2014 онд Толбо сумын 3 дугаар багийн Засаг даргаар ажиллаж байсан гэрч А.Х “Агсан Х.К болон түүний эхнэр Б.З, мөн иргэн Х.Т нар нь Толбо сумын 3 дугаар багийн оршин суугч байсан. Х.К агсан болон түүний эхнэр Б.З нар насаараа Толбо сумын 3 дугаар багт “Хавтгайн Улаан” гэх газарт оршин сууж амьдарч байгаад 2014 онд Өлгий суманд нүүж явсан. Х.К нь нүүж явахаас өмнө өвөлжөөний сууц, хороо, газраа иргэн Х.Тт худалдсан. Харин хэдэн төгрөгөөр худалдсаныг нь би мэдэхгүй. Иргэн Х.Т нь 3 дугаар багийн оршин суугч мөн боловч тодорхой эзэмшсэн газаргүй, хадмуудтай хамт өвөлждөг байсан. Дараа нь Х.Кн өвөлжөөг худалдаж авснаар 2014 оноос хойш тус газарт амьдарч байгаа болно” гэж,

Гэрч Т.Ж мэдүүлэгтээ “Х.Т аймгийн төвд жолоочоор ажиллаж байгаад 1994 онд Толбо сумын 3 дугаар багт нүүж очсон. Х.Т нь миний төрсөн хүргэн ах бөгөөд манайхтай хөршийн хувиар нэг газарт олон жил буюу 1994 оноос 2014 он хүртэл хамт амьдарч байсан. Дараа нь 2014 онд Х.Кн /Б.Зийн нөхөр/ өвөлжөөний газрыг авахаар болж нүүсэн.

Х.К нь ганц охинтой бөгөөд тухайн үед хөдөө мал маллахад туслах өөр хүнгүй шалтгаанаар аймгийн төвд нүүхээр болж өвөлжөөний газар, байшин, хашаа хороогоо Х.Тт худалдаж авахыг санал болгосон. Х.К нь олон малтай хүн байсан ба малынхаа зарим хэсгийг тухайн үед сумын захиргаанаас иргэдийг малжуулах төсөлд мал худалдаж авах үед зарж,  үлдсэн малыг Х.Тт маллаж өгөхийг хүсэж байсан.  Иймээс Х.Т нь  тухайн үед Х.Кн саналыг хүлээн зөвшөөрч, хоорондоо тохиролцож Х.Кн хашаа хороог худалдан авч, Х.Кн үлдээсэн малыг 2019 оны 06 дугаар сар хүртэл маллаж өгснийг би сайн мэднэ.” гэж тус тус мэдүүлжээ.

17. Хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч Б.Зийн тухайн 2014 онд  өвөлжөөний газар дахь өвлийн сууц, махны амбаар, малын хашаа хороог хоорондоо тохирч үнэ төлбөргүйгээр ашиглуулахаар Х.Тт үлдээсэн гэх маргаан тогтоогдоогүй.

Харин өвөлжөөний газар дахь дээрх үл хөдлөх хөрөнгийг нэхэмжлэгчийн нөхөр Х.К нь гуравдагч этгээд Х.Тт  худалдаж,  тухайн газраас 2014 онд нүүсэн, Х.К нь маргаан бүхий газрын эрхийн гэрчилгээг  Х.Тт шилжүүлэх асуудлаар Толбо сумын газрын даамал болон Засаг даргад хандсан,  гуравдагч этгээд Х.Ттай маргаан бүхий  газрыг эзэмших эрхээ шилжүүлэх гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн зэрэг үйл баримтууд тогтоогдсон. 

18. Нэхэмжлэгч талаас газрын нэгж талбарын хувийн хэрэгт авагдсан  2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн огноотой Толбо сумын Засаг даргад газрын асуудлаар гаргасан өргөдлийг Х.К бичээгүй байхад уг өргөдлийг нотариат гэрчилсэн нь хууль бус, Х.К, Х.Т нарын Толбо сумын Засаг даргад гаргасан өргөдөл, газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээг баталсан  нотариатын үйлдлийн талаарх бүртгэл хийгээгүй, нотариатын үйлдлээ он, сар, өдрийн дарааллаар бичээгүй, бүртгэлийн дэвтэрт Х.К, Х.Т нараар гарын үсэг зуруулаагүй, Х.К, Х.Т нарын гарын үсгийн үнэн зөвийг 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гэрчилсэн мөртлөө 148, 97 гэж тэс өөр бүртгэлийн дугаар олгосон нь хууль бус гэж маргасан.

19.  Нотариатын тухай  хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нотариатч дараахь үүрэг хүлээнэ:.”, 21.2.5-д “нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлах;”, 26 дугаар зүйлийн 26.1-д “Нотариатч баримт бичиг, үйл явдлыг гэрчлэхдээ нотариатын бүртгэл хөтөлж түүнд нотариатчийн хийсэн нотариатын үйлдлийг он, сар өдрийн дарааллаар нь үнэн зөв, засваргүй, гаргацтай, тодорхой бичнэ.” гэж, 26.3-т “Үйлчлүүлэгч, нотариатын үйлдэл хийхэд оролцсон гэрч, бусад оролцогч нотариатын бүртгэлийн дэвтэрт гарын үсэг зурна.” гэж, /26.1, 26.3 нь 2014 онд хүчин төгөлдөр үйлчилж байсан Нотариатын тухай хуулийн заалт/  26.4-т “Нотариатын үйлдэл хийсэн баримт бичигт дарсан баталгааны тэмдгийн дардас дээрх дугаар нь тухайн бүртгэлийн дугаартай ижил байна” гэж тус тус заасан.

20. Толбо сумын Засаг даргад 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдөр газрын асуудлаар Х.Кн гаргасан гэх өргөдлийг тухайн үед гуравдагч этгээд Х.Т бичсэн болох нь түүний тайлбараар тогтоогдсон ба энэ талаар гуравдагч этгээдээс “...Х.К нь монголоор бичиж чадахгүй тул миний нэрийн өмнөөс Толбо сумын Засаг даргад газар шилжүүлэх тухай өргөдлийг бичиж өгөөрэй гэж хүссэнээр 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн огноотой Толбо сумын Засаг даргад хаяглаж газар эзэмшүүлэх асуудлаар Х.К болон өөрийнхөө өргөдлийг би бичсэн” гэж тайлбарласан.

Уг өргөдлийг Толбо сумын Засаг даргын Тамгын газрын дарга нь нотариатчийн үүрэг гүйцэтгэгчийн хувьд 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн байх ба уг өргөдлийг Х.К бичээгүй байхад Х.Кн гарын үсгийн үнэн зөвийг гэрчилсэн нь хууль бус, Нотариатын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн  21.2.5-д заасан “нотариатын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн, зөв эсэхийг хянаж нягтлах;” үүргээ нотариатч зөрчсөн гэх нэхэмжлэгч талын маргаан үндэслэлтэй байна.

Гэвч тухайн үед газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шилжүүлэгч Х.К нь уг өргөдлийг монгол хэл мэдэхгүй гэх шалтгаанаар гуравдагч этгээд Х.Таар бичүүлсэн гэх үйл баримтыг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Харин хэргийн бусад нотлох баримтуудаар  тухайлбал Х.К нь  маргаан бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээний эх хувь, иргэний үнэмлэх зэрэг бичиг баримтуудаа  газрын даамалд бүрдүүлж өгсөн, газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулсан, эзэмших эрхтэй газраа бусдад шилжүүлэх асуудлаар газрын даамал, Засаг дарга, нотариатчид тус тус хандсан зэргээс үзэхэд өвөлжөөний газраа Х.Тт шилжүүлэх хүсэл зоригтой байсан гэж үзэх үндэслэл тогтоогдож байна.

Иймд Х.Кн нэрийн өмнөөс Толбо сумын Засаг даргад гаргасан өргөдлийг Х.Т бичсэн гэх нөхцөл байдал нь маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэл болохгүй гэж үзлээ.

21. Нотариатчийн үүрэг гүйцэтгэгч нь дээрх бичиг баримтуудыг гэрчлэхдээ энэ талаар нотариатын бүртгэл хөтлөөгүй, үйлчлүүлэгч болох Х.К, Х.Т нараар холбогдох  бүртгэлд гарын үсэг зуруулаагүй нь шүүхээс  хийсэн үзлэгээр тогтоогдсон ба уг нөхцөл байдал  нь Нотариатын тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн байх боловч нотариатч нь дээрх байдлаар үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй нь үйлчлүүлэгч иргэдийг буруутгах, газар эзэмших эрх шилжүүлэгч Х.К болон шилжүүлэн авагч  Х.Т нарын  хүсэл зоригийг үгүйсгэх үндэслэл болохгүй тул нэхэмжлэгч нарын энэ талаарх маргаан нь нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл болохгүй гэж дүгнэлээ.

22. Х.К, Х.Т нар нь  маргаан бүхий газрын эзэмших  эрхийн гэрчилгээг шилжүүлэх гэрээг хоорондоо 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдөр байгуулж,  Толбо сумын Засаг даргад гаргасан 2014 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн өргөдлүүд, иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичиг баримтуудыг 2014 оны 08 дугаар сарын 28-ны өдөр нотариатаар батлуулсан зэргээс үзэхэд Х.К, Х.Т нар нь газар эзэмших эрхийн гэрчилгээг хоорондоо шилжүүлэх асуудлаар Толбо сумын  газрын даамал, Засаг дарга нарт 2014 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс хойш хандсан нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй.

Нэхэмжлэгчээс Толбо сумын Засаг дарга Б.А нь  “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/32 дугаартай захирамжийг  2014 оны 05 дугаар сарын 29-ний өдөр гаргасны дараа Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт заасан талуудаас бүрдүүлбэл зохих баримт бичгүүдийг захирамж гарснаас хойш 3 сарын дараа хуурамчаар бүрдүүлсэн нь хууль бус гэж маргасан.

Уг асуудлын талаар 2014 онд Толбо сумын Засаг даргаар ажиллаж байсан гэрч Б.А “...Х.К нь тус газрыг эзэмших эрхээ Х.Тт шилжүүлэх болсон асуудал ямар нэгэн маргаангүй байсан. Иймээс тухайн үед газар эзэмших эрхээ бусдад шилжүүлэх хүсэлтийнх нь дагуу 2014 оны А/32 дугаар захирамжийг гаргасан. Газар эзэмших хүсэлт болон бусад холбогдох бичиг баримтын бүрдлийг ажил үүргийн хувьд сумын газрын даамал хариуцаж бүрдүүлэх ёстой. Тухайн үед энэ газарт холбогдолтой газар эзэмших хүсэлт бичиг баримтуудыг  яагаад захирамж гарсны дараа бүрдүүлснийг би мэдэхгүй” гэж,

2014 онд Толбо сумын газрын даамлаар ажиллаж байсан гэрч Х.М “...Толбо сумын Засаг даргын 2014 оны А/32 дугаар захирамж нь зөвхөн Х.К, Х.Т нарын газрын асуудлыг шийдвэрлэсэн захирамж биш.

Практикт сумын хэмжээнд шинээр газар эзэмшиж байгаа, газар эзэмших эрхээ шилжүүлж байгаа иргэдийн хүсэлтийг нэгтгэж байгаад шийдвэрлэдэг байсан.

Энэ нөхцөл байдлын хувьд  2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрөөс өмнө газар эзэмших тухай иргэдийн хүсэлтүүд байсан учраас Засаг даргын захирамжийн А/32 дугаар нь 2014 оны 05 дугаар 29-ний өдөр авагдсан боловч уг захирамж нь тухайн үед бичгээр гараагүй гэсэн үг бөгөөд 2014 оны 05 дугаар 29-ний өдрөөс өмнө болон энэ хугацаанаас хойш газар эзэмших хүсэлт гаргасан иргэдийн материалыг бүрдүүлж байгаад захирамж нь бичгийн хэлбэрээр сүүлд гарсан гэсэн үг юм. Энэ захирамж нь бичгээр 2014 оны 08 дугаар 26-ны өдрөөс  хойш бичгийн хэлбэрээр гарсан гэж ойлгож болно. 2014 оны 05 дугаар 29-ний өдрөөс  өмнө болон хойно  газар эзэмших хүсэлт гаргасан иргэдийн хүсэлтүүдийг нэг захирамжаар шийдвэрлээд явсан.” гэж мэдүүлсэн.

23. Гэрчүүдийн дээрх мэдүүлгээр Толбо сумын Засаг даргын 2014 оны А/32 дугаартай захирамж нь Х.К, Х.Т нараас маргаан бүхий газрын эзэмших эрхийн гэрчилгээг хоорондоо шилжүүлэх асуудлаар газар эзэмшүүлэх эрх бүхий этгээдэд хүсэлт гаргаж, хуульд заасан холбогдох бичиг баримтыг бүрдүүлсний дараа гарсан нь тогтоогдсон тул Засаг даргын 2014 оны 08 дугаар сард гаргасан шийдвэрийг  05 дугаар сарын 29-ний өдрийн огноогоор гаргасан захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаа нь газар эзэмшигч иргэдийг буруутгах үндэслэл болохгүй юм.

24. Иймээс хэрэгт авагдсан нотлох баримтууд, хэргийн оролцогчдын тайлбар, маргааны үйл баримтыг үндэслэн Толбо сумын Засаг даргын 2014 оны А/32 дугаартай захирамжийн холбогдох хэсэг нь агуулгын хувьд Газрын тухай 21 дүгээр зүйлийн 21.4.3-заасан сумын хэмжээнд  иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх, ашиглуулах  асуудлыг шийдвэрлэх эрх бүхий этгээдээс  38 дугаар зүйлд  38.1, 38.2.1, 38.4-т заасан журмаар гаргасан шийдвэр байна гэж үзлээ.

Гуравдагч этгээд Х.Т нь Монгол Улсын иргэний хувьд Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн /цаашид "иргэн" гэх/, аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана” гэж заасны дагуу хуулийн 38 дугаар зүйлд заасан журмаар өмнөх газар эзэмшигч Х.Кгаас шилжүүлэн авсан газраа эзэмших эрхтэй тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Толбо сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/32 дугаартай захирамжийн Х.Кн “Хавтгай улаан” гэх газарт байршилтай өвөлжөөний газрыг Х.Тт эзэмшүүлсэн хэсгийг, Х.Кн .......... дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хэсгийг тус тус хүчингүй болгох” тухай нэхэмжлэлийг үндэслэлгүй байна гэж үзээд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14,107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 38 дугаар зүйлийн 38.1, 38.2.1, 38.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Зийн шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Толбо сумын Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай” А/32 дугаартай захирамжийн Х.Кн “Хавтгай улаан” гэх газарт байршилтай өвөлжөөний газрыг Х.Тт эзэмшүүлсэн хэсгийг, Х.Кн ............ дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хэсгийг тус тус хүчингүй болгох тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгч нарын  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                  

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                М.РИЗА