Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 140/ШШ2024/00131

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Завхан аймгийн ******* сумын******* багт оршин суух*******, ******* ******* нарт холбогдох зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 18.500.000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2.181.152 төгрөг нийт 20.681.152 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 02 дугаар сарын 23-ны өдөр иргэний иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцлээ.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч *******, хариуцагч *******, нарийн бичгийн дарга М.Баярмэнд нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч *******, Ц.******* нар 2021 оны 6 дугаар сарын 24-ний өдөр 122/01 тоот Малчны зээлийн гэрээг байгуулан 20.000.000 төгрөгийг сарын 18 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай зээлж авсан. Уг зээлийн эргэн төлөлтөд 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр 245/01 тоот нэмэлт зээлийн гэрээгээр 11.000.000 төгрөг авсан. Үндсэн төлбөрт 18.500.000 төгрөг, хүүгийн төлбөрт 2.181.152 төгрөг, үндсэн төлбөр 20.681.152 төгрөг, нотариатын төлбөр 14.500 төгрөг, нийт 20.695.652 төгрөг болсон. Зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж, зээл төлөх үүргээ биелүүлээгүй, төлбөрийн хуваарийг олон сараар зөрчсөн зээлээ төлөхгүй байгаа тул банк шүүхэд хандан нэхэмжлэл гаргаж байна.

Иймд иргэн *******, Ц.******* нараас малчны зээл болон нотариатын зардлын нийт 20.695.652 төгрөгийг гаргуулж өгнө үү, мөн барьцаа хөрөнгө болох 389 толгой мал, 32 инчийн зурагт ДДИШ-ын хамт, 5 ханатай гэр зэргийг үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэв.

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Төрийн банкнаас зээл авснаа хүлээн зөвшөөрч байна. 20.695.652 төгрөгийг төлнө. 389 толгой мал, 32 инчийн зурагт, ДДИШ-ын хамт, 5 ханатай гэр зэргийг банкнаас зээл авахдаа барьцаалсан, энэ хөрөнгөөр төлбөрийг барагдуулахыг зөвшөөрч байна. Ц.******* нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байгаа гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч ******* Завхан салбар нь хариуцагч *******, Ц.******* нарт холбогдох зээлийн үндсэн өрийн үлдэгдэл 18.500.000 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 2.181.152 төгрөг нийт 20.681.152 төгрөг, нотариатын зардал 14.500 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Ц.******* нь 2024 оны 3 дугаар сарын 11-ний өдөр *******д итгэмжлэл олгосон бөгөөд энэхүү олгосон итгэмжлэлдээ нэхэмжлэл гардан авах, өөрийгөө төлөөлж шүүх хуралдаанд оролцох, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, өөрчлөх, багасгах, ихэсгэх зэрэг бүрэн эрхийг олгосон байна.

Хариуцагч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбартаа ... ******* гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч нэхэмжилж байгаа 20.695.652 төгрөгийг төлнө. Мөн 389 толгой мал, 32 инчийн зурагт ДДИШ-ын хамт, 5 ханатай гэр зэргийг банкнаас зээл авахдаа барьцаалсан, энэ хөрөнгөөр төлбөрийг барагдуулахыг зөвшөөрч байна... гэв.

Хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч *******, Ц.******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261.356 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, Ц.******* нараас 261.356 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* Завхан салбарт олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй 20.695.652 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч *******, Ц.******* нар нь төлнө гэж хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 175 дугаар зүйлийн 175.1-т тус тус зааснаар хариуцагч *******, Ц.******* нар нь үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол:

- Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багт байрлах 389 толгой мал, 32 инчийн зурагт, ДДИШ-ын хамт, 5 ханатай гэр зэрэг эд хөрөнгийг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаалж, үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 261.356 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******, Ц.******* нараас 261.356 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* Завхан салбарт олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч нь давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 75.6-т зааснаар энэхүү захирамжийг хариуцагч *******, Ц.******* нар нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Э.ОЮУН-ЭРДЭНЭ