Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 511

 

Б.Н-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Бурмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 38 дугаар магадлалтай, Б.Н-д холбогдох 1737000000026 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1980 оны 6 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Амарынхан овогт Б.Н нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 4.1 дэх хэсэгт заасан “Согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохироох” гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх шүүгдэгч Б.Н-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Б.Н-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний амь нас хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Н-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Давж заалдах шатны шүүхийн магадлалд “Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн шийдвэрлэсэн байна” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь тогтоогдоогүй. Тээврийн хэрэгслийн жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журмыг Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар тушаалын хавсралтаар баталсан бөгөөд уг журмын 1.6-д “Гэмт хэргийн шинжтэй зам тээврийн осол гарсан үед жолоочийн согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг зөвхөн цусан дахь агууламжаар тогтооно” гэж заасан. Шүүгдэгчийн цусыг Ховд аймгийн шүүхийн шинжилгээний албанд хүргүүлж шинжээчийн дүгнэлт гаргуулахад шүүгдэгчийн биенээс шинжилгээнд зориулж авсан цусны дээж шинжилгээнд бүрэн тэнцсэн бөгөөд түүнээс ямар нэгэн согтууруулах ундаа, сэтгэцэд нөлөөт бодис илрээгүй нь шинжээч эмчийн 155 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон. Мөн хэрэг учрал болох цаг хугацаанд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын цагдаагийн хэлтэст ашиглаж байсан ALCOTEST-7510 загварын AREM-0219 серийн дугаартай согтуурлын түвшин тогтоогч багаж нь 2014 онд баталгаажилт хийгдсэн бөгөөд түүнээс хойшхи хугацаанд баталгаажилтанд ороогүй байсан нь Стандарт, хэмжил зүйн газрын 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 10/446 дугаартай албан бичгээр нотлогддог. Стандарт, хэмжил зүйн газрын 2014 оны 12 дугаар сарын 9-ний өдрийн А/384 тушаалаар согтуурлын түвшин тогтоогчийн баталгаажуулалт хоорондын хугацааг 1 жилээр баталсан байна. Мөн Хэмжлийн нэгдмэл байдлыг хангах тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5-д баталгааны хугацаа дууссан ...хэрэгслийг баталгаагүйд тооцно гэж заасан байх тул дээрх баталгааны хугацаа дууссан багажаар согтуурлын зэргийг тогтоосон үзүүлэлтийг шүүх үнэлэх нь хууль ёсны байх зарчимд нийцэхгүй. Үүний зэрэгцээ хэрэг учрал болсон даруй Б.Н нь сандарч тэвдсэн шинжтэй, түүний сэтгэл санаа тогтворгүй байхад зохих журмын дагуу баталгаажуулалт хийгдээгүй драгер багажаар хөндлөнгийн гэрч оролцуулан согтолтыг шалгасан байдаг ба түүний явцыг дүрс, дуу бичлэг хийж бэхжүүлсэн нь өөрөө хууль зүйд нийцэхгүй байна. Учир нь Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 дугаар тушаалаар баталсан журмын 2.3-д “Цагдаагийн алба хаагч жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг согтуурал шалгах багажаар тогтоохдоо хөндлөнгийн гэрчийг байлцуулна, хэрэв боломжгүй бол дуу, дүрс бичлэг, гэрэл зургаар баталгаажуулна” гэсэнтэй зөрчилдөж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Бурмаа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “...Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдэх үедээ согтууруулах ундаа хэрэглэсэн болохыг хангалттай шалгаж тодруулсан. Цагдаагийн алба хаагч гар утсаараа бичлэг хийж түүнийг нь үзлэгийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаярын гаргасан гомдлыг үндэслэн Б.Н-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Н-г Замын хөдөлгөөний дүрмийн 9.1 дэх хэсэгт заасан “жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг хасаж хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчиж 2017 оны 12 дугаар сарын 12-13-нд шилжих шөнө 00 цаг 50 минутын үед Ховд аймгийн Булган сумын Далт багийн нутаг дэвсгэрт 01-28 УНД улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож яваад авто тээврийн хэрэгслийн аюулгүй байдал ашиглалтын журам зөрчиж иргэн И.Батмөнхийн амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон гэж дүгнэн Б.Н-д холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Б.Н-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэжээ.

Харин давж заалдах шатны шүүх “хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Н нь хэргийг согтуугаар үйлдсэн болох нь тогтоогдож байна, анхан шатны шүүх хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн зүйлчилж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.

Хяналтын журмаар хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаярын гаргасан “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 38 дугаар магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Н-ийн өмгөөлөгч Б.Хосбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                    ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                    ШҮҮГЧ                                                            Б.БАТЦЭРЭН

                                                                                                            Д.ГАНЗОРИГ

                                                                                                            Ч.ХОСБАЯР

                                                                                                            Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН