Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 221/MA2017/0468

 

 

 

 

 

 

 

Б.Дэлгэрцэцэгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Н.Хонинхүү, шүүгч О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэйгээр Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ний өдрийн 43 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн  гаргасан давж заалдах гомдлоор, Б.Дэлгэрцэцэгийн нэхэмжлэлтэй, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Буурал багийн иргэдийн Нийтийн Хурлын хуралдааны даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 43 дугаар шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Дэлгэрцэцэгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Дархан-Уул аймгийн Хонгор сумын Буурал багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож, багийн иргэдийн Нийтийн Хурлыг дахин хуралдуулж, багийн Засаг даргад дахин санал хураалт явуулахыг Хонгор сумын Буурал багийн иргэдийн Нийтийн хуралд даалгаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: "...Хонгор сумын Буурал багийн иргэдийн Нийтийн Хурлаар багийн Засаг даргыг сонгох хуралдаанд тооллогын комиссын шийдвэрт тусгагдсанаар оролцогчдын нийт 419 саналыг тоолоход 388 ширхэг санал хүчинтэйд тооцогдож, үүнээс 50 хувиас дээш гэвэл Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж,түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т “баг хорооны Засаг даргад тухайн нэгжийн нийтийн хуралд оролцож байгаа иргэд нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг хурлын хуралдаанд оролцсон иргэд төлөөлөгчдийн олонхийн буюу 50 хувиас дээш хувийн санал гэдгээр тооцоход олонхийн санал буюу 194 хүний санал авснаар 50-иас дээш хувьд хүрээд байгаа болно. Гэтэл хэт нэг талыг баримтлан дүгнэж, багийн иргэдийн шийдвэрийг үл ойшоож, бодит байдалд нийцээгүй шийдвэр гаргаж байна. Манай багийн иргэд нь хөдөө мал маллаж, тариалангийн ажил нь эхэлж, тэдний гаргасан шийдвэрийг үл хүндэтгэсэн байдалтай шийдвэрлэсэн байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагаар үүссэн маргааны үйл баримтын талаар бие даасан шаардлага гаргасан, эсхүл эдгээрийн улмаас эрх хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа гэж үзсэн гуравдагч этгээдийг тухайн этгээдийн хүсэлтээр, эсхүл шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулна гэснийг зөрчиж нэр дэвшигч Б.Гантөгсийг оролцуулаагүй нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндсөн гэж үзэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч Д.Дэлгэрцэцэг нь “Дархан-Уул аймгийн Хонгор сумын Буурал багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолыг хүчингүй болгож, дахин санал хураалт явуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ “багийн Засаг даргад нэр дэвшигч нарын аль аль нь 50 хувийн санал аваагүй байхад тухайн хурлын даргалагч нь Б.Гантөгсийг олонхийн санал авсан гэж тогтоол гаргасан нь хууль зөрчсөн” гэж  маргажээ.

Маргаан бүхий Дархан-Уул аймгийн Хонгор сумын Буурал багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоол нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасантай нийцээгүй, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Тодруулбал,  Дархан-Уул аймгийн Хонгор сумын Буурал багийн иргэдийн Нийтийн Хурлын анхдугаар хуралдаанд 464 иргэн хүрэлцэн ирсэнээр бүртгүүлснээс сонгуульд 419 сонгогч санал өгсөн, үүнээс багийн Засаг даргад нэр дэвшигч Б.Гантөгсөд 205 санал, нэр дэвшигч Б.Дэлгэрцэцэгт 195 санал өгснийг үндэслэн Дархан-Уул аймгийн Хонгор сумын Буурал багийн иргэдийн Нийтийн Хурлын 2017 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 06 дугаар тогтоолоор Б.Гантөгсийг Буурал багийн Засаг даргаар томилуулахаар нэрийг нь дэвшүүлжээ.

Хэрэгт авагдсан 2017 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн Тооллогын комиссын 01 тоот тогтоолд 419 саналаас хүчинтэй саналын хуудас 388, хүчингүй саналын хуудас 33 гэснээс үзвэл нийт 421 сонгогч санал хураалтад оролцсон гэж ойлгогдохоор, хүчинтэй саналын хуудас 388 гэсэн атал нэр дэвшсэн 2 этгээдэд нийт санал өгсөн хуудасны тоо 400 /205+195/ байгаа зэрэг нь уг комиссын тогтоолыг үнэн зөв нотлох баримтаар үнэлэх боломжгүй болгожээ.

Харин шүүхээс үзлэг хийсэн тэмдэглэлээр “хүчинтэй саналын хуудас 388 ширхэг гэж тэмдэглэн боосон баримтад нэр дэвшигч Б.Гантөгсөд 199 санал, Б.Дэлгэрцэцэгт 182 санал, огт дугуйлаагүй 5 саналын хуудас, нийт 386 саналын хуудас”, “хүчингүй саналын хуудас 34 байснаас нэр дэвшигч Б.Гантөгсөд 7 санал, Б.Дэлгэрцэцэгт 10 санал, огт дугуйлаагүй 6 саналын хуудас” байсан болох нь нотлогдож байх ба хүчингүй саналын хуудсаар тоологдсон саналуудыг хүчинтэйд тооцон нэмж тоолоход Б.Гантөгс 206, Б.Дэлгэрцэцэг 192 санал авсан гэж үзэхээр байна.

Дээрхийг дүгнэвэл нийт санал өгсөн сонгогчдын тоо зөрүүтэй байх бөгөөд хариуцагчийн тайлбар болон хэрэгт авагдсан бусад баримтад дурдсан 419 сонгогч санал өгсөнд тооцвол нэр дэвшигч Б.Гантөгс, Б.Дэлгэрцэцэг нарын хэн аль нь 50-иас дээш хувийн санал аваагүй байна. /тооллогын комиссын тогтоолд заасан дүн болон шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэлд дурдсан дүнгийн аль алинаар тооцов/

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  26 дугаар зүйлийн 26.2-т “Баг, хорооны Засаг даргад ... уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар томилох эрх бүхий албан тушаалтанд санал болгоно” гэж заасныг тухайн хуралдаанд оролцож санал өгсөн нийт сонгогчдын 50 хувиас дээш санал авсан этгээдийг багийн Засаг даргад томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгоно гэж ойлгоно.

 Гэтэл хариуцагч нь хүчинтэй саналын хуудас 408, хүчингүй саналын хуудас 11, нийт 419 сонгогч санал өгсөн гэсэн атлаа хүчинтэй 408 саналын дүнгээс харьцуулан хувилж 205 сонгогчийн буюу 50,2 хувийн санал авсан гэх үндэслэлээр Б.Гантөгсийг багийн Засаг даргад томилуулахаар нэр дэвшүүлсэн нь дээрх хуулийг болон “Хонгор сумын багуудын ИНХ-ын анхдугаар хуралдааныг зохион байгуулах журам”-ын 5.2, 5.3-т заасныг зөрчсөн гэж үзнэ.

Хэдийгээр анхан шатны шүүх Б.Гантөгсийг гуравдагч этгээдээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулаагүй нь буруу боловч  энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц зөрчилд хамаарахгүй байна.

Иймд  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Дархан-Уул аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 43 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурьдсугай.
  3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                      ШҮҮГЧ                                      Э.ХАЛИУНБАЯР

                       ШҮҮГЧ                                                 Н.ХОНИНХҮҮ

                        ШҮҮГЧ                                                О.НОМУУЛИН