| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашхүүгийн Цолмон |
| Хэргийн индекс | 102/2016/00807/и |
| Дугаар | 001/ХТ2016/00807 |
| Огноо | 2016-06-24 |
| Маргааны төрөл | Компанийн хуулиар бусад, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2016 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 001/ХТ2016/00807
Д.Олонтуяагийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/01592 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 812 дугаар магадлалтай,
Д.Олонтуяагийн нэхэмжлэлтэй,
Т.Оюунчимэгт холбогдох
Т.Оюунчимэгт “Хувьцаа худалдах худалдан авах” гэрээ, “Эрх шилжүүлэх” гэрээний дагуу “Эрдэсийн эрэлд” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг болон Д.Олонтуяаг “Эрдэсийн эрэлд” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээс хасуулахыг даалгуулж, “Эрдэсийн эрэлд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлыг Д.Олонтуяа гүйцэтгэж байгаагүй болохыг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Олонтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргал, нарийн бичгийн дарга Б.Хүрэлтулга нар оролцов.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч О.Батцэцэгийн тайлбарт: “Д.Олонтуяа миний бие Т.Оюунчимэгтэй хамтарч түүний нөхөр Ч.Болдбаатарын нэр дээр байдаг “Эрдэсийн эрэлд” ХХК-ийг 2011 оны 05 сарын 30-ны өдөр шилжүүлэн авсан. “Эрдсийн эрэлд” компанийг итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээдээр намайг бүртгүүлсэн байх боловч бодит байдал дээр компанийн үйл ажиллагааг би биш Т.Оюунчимэг, түүний нөхөр Ч.Болдбаатар, дүү Т.Очирбат, Т.Цолмон нар нь удирдан явуулж байсан. “Эрдэсийн эрэлд” компанийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга тэмдэг дандаа Т.Оюунчимэгт л явдаг байсан. Надад явуулж байгаа үйл ажиллагааныхаа талаар мэдээлэл өгдөггүй, мөн ногдол ашиг орлого гэж хуваарилж байгаагүй. Би түүнтэй ярихаар ажил хийгдэхгүй байгаа юм чинь яах юм, эсвэл чи эрхээ шилжүүлээд өгчих, чамд асуудал үүсэхгүй гэдэг байсан. Тиймээс би Т.Оюунчимэгтэй ярьж тохиролцоод 2012 оны 04 сарын 11-ний өдөр “Хувьцаа худалдах худалдан авах” гэрээ, “Эрх шилжүүлэх” гэрээ байгуулж, түүнд өөрт ногдох 101.000.000 төгрөгийн хувьцаа, эрхээ түүнд шилжүүлсэн бөгөөд хуулийн этгээд улсын бүртгэлд өөрчлөлт оруулах буюу намайг хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасуулах асуудлыг Т.Оюунчимэг хариуцахаар болсон. Т.Оюунчимэг нь “Сод монгол групп” ХХК-тай 2011 оны 08 сарын 24-ний өдөр “Нефтийн бүтээгдэхүүн худалдах худалдан авах” гэрээ, “Барьцааны” гэрээ тус тус байгуулахдаа Д.Олонтуяа миний өмчлөлд байсан Нортбенз маркын Авто чирэгч /0744 УНЭ/, ҮР72201005с1742 маркын чиргүүл /0521 БЧ/, Нортбенз маркийн авто чирэгч /0745 УНЭ/, iht 9402 хху маркийн чиргүүл/0981БЧ/, Нортбенз маркын авто чирэгч/0746/, iht 9402 хху маркийн чиргүүл /0980 БЧ/ зэрэг эд хөрөнгийг барьцаалсан байсан. Т.Оюунчимэг зээлж авсан нефтийн төлбөрөө төлж чадахгүйд хүрээд ирэхээр барьцаанд тавьсан миний эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахын тулд намайг компанийн хувьцаа эзэмшигчийн бүртгэлээс хасуулахгүй өдийг хүрлээ. Энэ байдлаас болж “Сод монгол групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Эрдэсийн эрэлд” ХХК-д холбогдох хэрэгт намайг шүүхээс хариуцагчаар оролцуулсан. Хан-Уул дүүргийн шүүхийн 2013 оны 10 сарын 17-ны өдрийн 1452 дугаартай шийдвэрээр “Эрдэсийн эрэлд” ХХК-иас нийт 306.126.196 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн бөгөөд мөн үүргийн гүйцэтгэлийг миний хөрөнгө болох барьцааны зүйлээр хангуулахаар шийдвэрлэсэн. Ийнхүү Т.Оюунчимэг нь намайг бүртгэлээс хасуулахгүй явсаар өөрийн тавьсан өрөнд намайг унагаж, эцэст миний хөрөнгөөр “Сод монгол групп” ХХК-ийн өр төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлүүлсэн. Би “Эрдэсийн эрэлд” ХХК-иас бүртгэлээс нэр хасуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, “Сод Монгол групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэрэгтэй хамт шийдвэрлүүлэхээр хоёр хэргийг нэгтгүүлж байсан боловч хариуцагч Т.Оюунчимэг нь Монгол улсад байхгүй шалтгаанаар миний нэхэмжлэлтэй хэргийг тусгаарлаж, “Сод Монгол групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй хэргийг түрүүлж шийдсэн. Т.Оюунчимэг нь Монгол Улсад ирсэн хойноо ч шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээж авахаас зугтсаар байсан тул би нэхэмжлэлийн шаардлага өөрчилж, түүнийг эрэн сурвалжлуулсан. ХУД-ийн цагдаагийн хэлтсээс Т.Оюунчимэгийн хаягийг тодруулж өгсөн боловч бас л хаягтаа байгаагүй тул 2014 оны 09 сарын 19-ний өдрийн 14261 дүгээр захирамжаар хэргийг буцаасан. Тахарын албаар дахин хайлгуулсны үндсэн дээр Т.Оюунчимэгийн амьдарч байгаа газрыг тодруулсан бөгөөд дээрх хаяг дээрээ тэрээр одоо ч гэсэн байгаа болно. Ийнхүү Т.Оюунчимэгийг хайж олох гэж маш их хугацаа алдсан бөгөөд цаашид энэ хэвээр байгаад байвал Т.Оюунчимэг, түүний нөхөр Ч.Болдбаатар, дүү нар нь компанийн нэр барьж ямар хэлцэл хийж, өрөнд унагахыг хэн ч мэдэхгүй. Эцэст тэрхүү өр нь компанийн хувьцаа эзэмшигч, итгэмжлэлгүй төлөөлөх эрхтэй этгээд гэдгээр би хариуцах байдал үүсэхийг үгүйсгэх аргагүй байна. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандахаар заавал хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр мөн бусад бичиг баримтыг надаас шаарддаг. Гэтэл хувьцаа эзэмшигчдийн хурлын шийдвэр мөн бусад бичиг баримтыг Т.Оюунчимэг гаргаж өгдөггүй, түүнчлэн улсын бүртгэлийн хууль тогтоомжоор хувьцаа худалдан авч байгаа хүн нь улсын бүртгэлд өөрчлөлт оруулахад өөрийн биеэр байлцах буюу материалыг бүрдүүлж өгөх шаардлагатай гэж заасан. “Эрдэсийн эрэлд” ХХК-д хувьцаа эзэмшигчээр бүртгэлтэй байх нь надаас үл хамаарах шалтгаанаар үүссэн өр төлбөрийг “Сод монгол групп” ХХК-д тавьсан өр төлбөрийг төлөхтэй адилаар хариуцах үндэслэл болох тул миний эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. Учир нь НШШГ-аас одоо миний хувийн орон сууцыг битүүмжилсэн. Мөн намайг хилээр зорчих эрхэд хориг тавьсан байгаа. Иймд миний эрх ашиг зөрчигдөөгүй гэж үзэх үндэслэлгүй юм. 2012 оны 4 сарын 11-ний өдөр байгуулсан “Хувьцаа худалдах худалдан авах” гэрээ, “Эрх шилжүүлэх” гэрээ байгуулснаас хойш “Эрдэсийн эрэлд” ХХК-ний ямар ч үйл ажиллагаанд оролцоогүй, хувь хүртээгүй болно. Гэтэл Т.Оюунчимэг нь дээрхи үндэслэл шалтгаанаар компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, улсын бүртгэлд бүртгүүлэхээс татгалзаж байгаа нь миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Иймд Т.Оюунчимэгт “Хувьцаа худалдах худалдан авах” гэрээ, “Эрх шилжүүлэх” гэрээний дагуу “Эрдэсийн эрэлд” ХХК-ний дүрэмд өөрчлөлт оруулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг болон Д.Олонтуяаг “Эрдэсийн эрэлд” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээс хасуулахыг даалгуулж, “Эрдэсийн эрэлд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлыг Д.Олонтуяа гүйцэтгэж байгаагүй болохыг тогтоож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргалын гаргасан хариу тайлбарт: “Д.Олонтуяа, Т.Оюунчимэг нар нь “Эрдэсийн эрэлд” ХХК-ийн 1010 ширхэг хувьцааг худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу худалдагч тал буюу Д.Олонтуяа нь 101 000 000 төгрөгийн үнэтэй эд хөрөнгийн эрх бүхий хувьцааг худалдан авагчид шилжүүлэх ёстой байсан боловч уг гэрээг байгуулахаас өмнө компанийн өмчлөлд байсан эд хөрөнгө болох автомашинууд, Тавантолгой дахь компанийн хээрийн ангид байсан эд хөрөнгийг Д.Олонтуяа хувьдаа болон өөрийн эзэмшлийн “Оргил” ХХК-д шилжүүлсэн байсан. Өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулсан гэрээ нь бодит байдалд дээр хэрэгжих боломжгүй хувьцаа нь гэрээнд заасан үнэ эрхийг төлөөлж чадахгүй болсон. Түүнчлэн “Сод монгол гурпп” ХХК-иас их хэмжээний шатахуун зээлээр авч компанийн үйл ажиллагаанд ашиглахдаа тухайн үйл ажиллагаанаас олсон ашиг орлогыг бүгдийг нь Д.Олонтуяа ганцаар авч байсан. Харин хувьцаагаар Т.Оюунчимэгт өрнөөс өөр юу ч очихгүй болох нь гэрээ байгуулснаас хожим илэрхий болсон. Д.Олонтуяа нь компанийн үйл ажиллагаанд оролцдоггүй, ямар нэгэн ашиг, орлого авч байгаагүй, Т.Оюунчимэг дангаар үйл ажиллагаа явуулж байсан мэтээр ярьж байгаа нь худал юм. “Сод Монгол групп” ХХК-тай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд автомашин барьцаалахыг Т.Олонтуяа өөрөө зөвшөөрч албан бичиг хийж өгсөн байдаг. Түүнчлэн Т.Оюунчимэг нь Д.Олонтуяад мэдэгдэлгүйгээр ямар нэгэн хэлцэл хийгээгүй, цаашид ч ийм хэлцэл хийхгүй бөгөөд Компанийн тухай хуульд зааснаар Т.Оюунчимэг нь дур мэдэн их хэмжээний хэлцэл хийх боломжгүй. Хэрэв ийм хэлцэл хийсэн бол Д.Олонтуяа түүнийг хүчингүй болгуулах шаардлага гаргах эрхтэй байсан. Т.Оюунчимэг нь хорт хавдар өвчний улмаас удаан хугацаанд гадаад, дотоодын эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд гэрээтэй холбоотой ямар нэгэн шаардлага гаргах боломжгүй байсан болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.” гэжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/01592 дугаар шийдвэрээр Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Олонтуяагийн нэхэмжлэлтэй Т.Оюунчимэгт холбогдох “Хувьцаа худалдах худалдан авах” гэрээ, “Эрх шилжүүлэх” гэрээний дагуу “Эрдэсийн эрэлд” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг болон Д.Олонтуяаг “Эрдэсийн эрэлд” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээс хасуулахыг Т.Оюунчимэгт даалгуулж, “Эрдэсийн эрэлд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлыг Д.Олонтуяа гүйцэтгэж байгаагүй болохыг тогтоолгох нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Олонтуяагаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 140 400 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 812 дугаар магадлалаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШШ2016/01592 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргалын хяналтын журмаар гаргасан гомдолд: “Д.Олонтуяагийн нэхэмжлэлтэй Т.Оюунчимэгт холбогдох иргэний хэрэгт Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 812 дугаар магадлалыг эс зөвшөөрч, дараах гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийж шийдвэрээ гаргасан. ИХШХШТХуульд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд шүүх талуудаас ирүүлсэн баримтын хүрээнд шийдвэр гаргах ёстой. Анхан шатны шүүх хуулийн энэ зарчимд нийцүүлэн шийдвэр гаргасан. Давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт, нотлох баримтад дүгнэлт хийлгүйгээр нэхэмжлэлийн шаардлага тодорхойгүй, нотлох баримт байхгүй гэсэн үндэслэлээр хэргийг анхан шатны шүүх рүү дахин буцаасан нь хуульд нийцээгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцсэн байна.
Нэхэмжлэгч Д.Олонтуяа нь Т.Оюунчимэгт холбогдуулж “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”, “Эрх шилжүүлэх гэрээ”-ний дагуу “Эрдэсийн эрэлд” ХХК-ийн дүрэмд өөрчлөлт оруулж, хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Эрдэсийн эрэлд” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлыг Д.Олонтуяа гүйцэтгэж байгаагүй болохыг тогтоолгох, компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээс хасуулахыг хариуцагчид даалгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.
Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдал тодорхой бус, нэхэмжлэлийн шаардлагыг тодруулаагүй гэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэснийг зөв гэж үзлээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ эрх шилжүүлэх гэрээний дагуу компанийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулсан бүртгэл хийлгэх буюу нэр хасуулах үүргийг хариуцагч хүлээсэн гэж тодорхойлсон боловч уг асуудал нь Компанийн тухай хуульд зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэх зохицуулалттай тул ийм баримт хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т нийцсэн байна.
Хэрэгт авагдсан “Эрдэсийн эрэлд" ХХК-ийн дүрмийн “Ес”-ийн 1-д “Компанийн удирдах буюу эрх барих дээд байгууллага нь хувь нийлүүлэгчдийн хурал болно гэж, “Зургаа”-ийн 10-т “Хувь нийлүүлэгч компанийн гишүүнээс гарах тухай өргөдлөө хувь нийлүүлэгчдийн хуралд нэг сараас доошгүй хугацааны өмнө гаргана. Хувь нийлүүлэгчдийг компаниас гаргах тухай шийдвэр, дүрэмд оруулсан өөрчлөлтийг улсын бүртгэлд бүртгүүлснээр хувь нийлүүлэгчийг компаниас гарсанд тооцно” гэж заасан боловч нэхэмжлэлд дурдсан асуудлаар гаргасан шийдвэр, компанийн хувь нийлүүлэгчдийн хурал хуралдуулахаар санал шаардлага хүргүүлсэн, зарласан тухай баримт хэрэгт авагдаагүй байна. Түүнчлэн Улсын бүртгэлийн газрын 2013 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 9/4787 тоот албан бичигт “...эрх шилжүүлэх материалд уг асуудлыг шийдвэрлэсэн хурлын тогтоол, тэмдэглэл байхгүй тул бүртгэхээс татгалзсан” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан баримтын хүрээнд маргаж буй үйл баримтыг хуульд зааснаар үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан үүргээ хуульд зааснаар хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 812 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Буянжаргалын хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Д.ЦОЛМОН