Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 06 өдөр

Дугаар 2021/ДШМ/81

 

 

 

 

 

Э.Бд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Энхмаа, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Г.Энхбат,

Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал,

Шүүгдэгч Э.Б,

Нарийн бичгийн дарга Г.Самбуу нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн, 2021 оны 05 сарын 25-ны өдрийн 2021/ШЗ/415 дугаар шүүгчийн захирамжтай шүүгдэгч Э.Бд холбогдох 1834001490138 дугаартай 3 хавтас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 08 сарын 31-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Яллагдагч нь Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Дэл жимбэгэр” гэх газраас 2018 оны 01 дүгээр сарын 20-ноос 2018 оны 02 дугаар сарын 10-ны хооронд үргэлжилсэн удаагийн үйлдлээр Т.Эрболдын эзэмшлийн малаас 13 тооны ямаа, 18 тооны хонийг хулгайлж, хохирогч Т.Эрболдод 2.920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 25-ны өдрийн 415 дугаар шүүгчийн захирамжаар: Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1834001490138 дугаартай хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Э.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Энхбат бичсэн эсэргүүцэлдээ: “...Шүүгчийн захирамжийг 2021 оны 06 сарын 10-ны өдөр хүлээн авч танилцаад шүүхийн шийдвэр үндэслэлгүй, хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж, дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Хохирогч Т.Эрболд нь мэдүүлэхдээ: "...2018 оны 01 дүгээр сарын 20-дын үеэс 02 дугаар сарын 10-дын үеийг хүртэл манай бог малаас дөрөв, таваараа дутдаг болсон. Тэгээд сүүлдээ нийтдээ 28 тооны бог мал дутсан..." талаар тодорхой мэдүүлсэн ба мөрдөн шалгах ажиллагааны явцад гэмт хэрэг хэзээ гарсныг хохирогч Т.Эрболд, гэрч Б.Март нараас өөр хүн мэдэх боломжгүй нөхцөл байдал үүссэн, хохирогч Т.Эрболд, гэрч Б.Март нар нь гэмт хэрэг гарсан цаг хугацааг өөрийн цаг хугацааны баримжааллаар тодорхой мэдүүлсэн ба тухайн хэрэг нь Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг "Дэл жимбэгэр" гэх газар үйлдэгдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

Мөн яллагдагч Э.Б нь дээрх бог малыг өөрийн эцэг Н.Эрдэнэбатын эзэмшлийн Suzuki Swift маркийн 94-57 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан хулгайлсан гэх нөхцөл байдал тогтоогдсон тул гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг битүүмжилсэн ба 31 тооны хонь, ямааг тус бүрчлэн хэрхэн, яаж хулгайлсныг нарийвчлан задалж тогтоох боломжгүй байна.

Хулгайд алдагдсан бог малын нийт хохирлын үнэлгээ 2.920.000 төгрөгөөр үнэлэгдсэн бөгөөд 18 тооны хонийг тус бүр нь 100.000 төгрөгөөр, 10 тооны ямааг тус бүр нь 80.000 төгрөгөөр сумын үнэлгээний комиссоос үнэлсэн. Яллагдагч Э.Б дээрх 28 тооны хонь, ямааны хохирлыг төлсний дараа дахин 3 тооны ямаа хулгайлсан тул 320.000 төгрөгөөр үнэлсэн байна.

Хэрэгт Н.Эрдэнэбатын эзэмшлийн Suzuki Swift маркийн 94-57 УНО улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн бөгөөд 2017 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөн найруулсан Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан заалтаар буюу "Бусдын олон тооны малыг хулгайлсан" гэж яллагдагч Э.Бд холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан бөгөөд тээврийн хэрэгслийг ашигласан гэх үйлдэл нь хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх шинжид хамаарахгүй болно.

Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол болон прокурорын яллах дүгнэлтэд 3 тооны ямаа, түүний үнийн зөрүү харагдаж байгаа хэдий боловч энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийн зүйл, хэсэг, заалтыг өөрчлөх, нэмэлт оруулах хууль зүйн үндэслэл болохгүй юм. Иймд шүүгчийн 415 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.

 

 

 

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Энхбат гаргасан дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгон хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч О.Санчирбал гаргасан саналдаа: Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөгчийн хийх ажиллагаа байна. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй гарсан. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Э.Бд холбогдох эрүүгийн 1834001490138 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Төв аймгийн прокурорын 2020 оны 05 сарын 05-ны өдрийн 34а дугаартай яллах дүгнэлтэд Э.Бат-Эрдэнийг яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгыг “яллагдагч Э.Б нь Төв аймгийн Эрдэнэ сумын Өгөөмөр 1 дүгээр багийн нутаг “Дэл жимбэгэр” гэх газраас 2018 оны 01 дүгээр сарын 20-ноос 2018 оны 02 дугаар сарын 10-ны хооронд үргэлжилсэн удаагийн үйлдлээр Т.Эрболдын эзэмшлийн малаас 13 тооны ямаа, 18 тооны хонийг хулгайлж, хохирогч Т.Эрболдод 2.920.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн...” гэж тусгажээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 зүйлийн 3.2-т яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгыг тусгана гэж заасан. Өөрөөр хэлбэл яллах дүгнэлтэд гэмт хэргийн товч агуулга бичигдсэн байх учиртай. Яллах дүгнэлтийн товч агуулга дээр хэдэн удаагийн гэмт хэрэгт хэзээ ямар цаг хугацаанд, яаж юуг ашиглаж үйлдсэн нь тодорхой, ойлгомжтой байх ёстой атал энэ талаар нэг бүрчлэн тусгаагүй нь шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нөхцөл байдал тогтоогдож байна гэж анхан шатны шүүх дүгнэснийг нь үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь яллах дүгнэлтэд гэмт хэргийн товч агуулга бичигдсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлд хэргийн товч агуулгын бүрдлийг нарийвчлан хуульчлаагүй  байна. 

Шүүгдэгч Э.Бд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэгдэх үед 2015 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан. УИХ-аас баталсан 2020 оны 01 сарын 16-ны өдрийн Эрүүгийн хуулиар  “машин механизм ашиглаж” мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх бүрэлдэхүүн болгож хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулсан ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасан тул шүүгдэгч Э.Б нь хохирогч Т.Эрболдын 13 ямаа 18 тооны хонийг хулгайлах гэмт хэргийг тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэн гэх асуудлыг шалгаж хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар байна.

Шүүгчийн захирамжийн 2 дахь хэсэгт дурдсан нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх нь зүйтэй байна гэж үзлээ. Учир нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлтэд хохирлын талаар зөрүүтэй тусгагдсан байна. /1-р хх-ийн 70, 2-р хх-ийн 153/ Прокурор яллах дүгнэлт үйлдэх үедээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.9 дүгээр зүйлд заасны дагуу яллагдагчаар татах тогтоолд өөрчлөлт оруулж тогтоол үйлдэх ажиллагааг зайлшгүй явуулах шаардлагатай байжээ. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан нотолбол зохих байдал болох ”гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ”-г мөрдөн байцаалтын шатанд нотолж ирүүлэх нь зүйтэй байна.

Иймд прокурорын эсэргүүцлийн 2 дахь үндэслэлийг хэрэгсэхгүй болгон бусад үндэслэлийг хангаж, шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1 дэх заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурор Г.Энхбатын гаргасан эсэргүүцлийн зарим үндэслэлийг хэрэгсэхгүй болгон Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 05 сарын 25-ны өдрийн 415 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээсүгэй.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Э.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.МӨНХДАВАА

 

 

                   ШҮҮГЧИД                                         Т.ЭНХМАА

 

 

                                                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ