Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 38

 

З.Х-н нэхэмжлэлтэй

    иргэний хэргийн тухай

 

 

                                                                           Хэргийн индекс: 150/2019/00019/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч:

                             Ерөнхий шүүгч                      Б.Батзориг

                             Шүүгчид                                Д.Буянжаргал

                                                                          Г.Давааренчин

 

                              Оролцогчид: 

                 Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч    Д.Т

                   Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч     Т.Г

                                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож,  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор З.Х-н нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг, “Хөрөнгө үнэлгээний төв” ХХК-д холбогдох  “Хөрөнгийн үнэлгээ хүчингүйд тооцуулах”, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хууль зөрчсөн” гомдол бүхий  тухай иргэний хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч З.Х анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 136 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хангах зорилгоор Эрдмийн Ундраа лицей сургуулийн үйл ажиллагааг явуулж байсан барилгыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 298.700.000 төгрөгөөр үнэлж дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэснийг үл зөвшөөрч шүүхэд гомдол гаргаж байсан.

Уг маргааныг УДШ-ийн 2018 оны 04 дүгээр сард хянан хэлэлцэж миний шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байдаг. Гэтэл Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас үнэлгээг дахин гаргуулахдаа өмнөх үнэлгээнээс 80 сая төгрөгөөр бууруулан 219.715.000 төгрөгөөр үнэлсэн гэж үзэж үүний 70% буюу 153.800.000 төгрөгөөр дуудлага худалдаанд оруулахаар мэдэгдэл ирүүлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь Хөрөнгийн үнэлгээний тайлангийн 6-р талд сургуулийн барилгын хажууд баригдсан өргөтгөл  нь тусдаа тул үнэлгээнд хамрагдаагүй гэж тэмдэглэсэн хэрнээ 2018 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 403 дугаар бүхий хөрөнгө үнэлсэн тухай албан тоотод 448м2 сургуулийн зориулалттай хоёр барилгын үнийг газрын хамт 219.715.000 төгрөгөөр үнэлсэн гэж тусгасан байна. Хөрөнгийн үнэлгээг ШШГА-ны эрх ашигт нийцүүлэн тэдний сонирхлын дагуу үнэлж миний өмчлөх эрхийг хохироож байна гэж үзэж байна.

Тэгээд ч сургуулийн хоёр барилга нийтдээ 219.715.000 төгрөг юм уу эсвэл 1 барилга нь дангаараа ийм үнэтэй юм уу гэдэг нь эргэлзээ төрөхүйц байдалтай байхад шийдвэр гүйцэтгэгч  хоёр барилга гэж үзээд байгаа нь маргаан үүсгэж байна.

Уг үл хөдлөх хөрөнгийн нэг корпусыг 2007 онд шинээр барьсан бөгөөд хуучин барилгыг сэргээн засварласан ба сургуулийн хичээлийн барилгын зориулалтаар ашиглаж байсан тул сурагчдын эрүүл ахуйн шаардлагыг хангах үүднээс жил бүр урсгал засвар хийж гадна дотно тохижилтод хөрөнгө мөнгө зарцуулж байсан тул байрыг үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм.

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ны гаргасан барилгын үнэлгээ нь хуучин барилгын сэргээн засварлах, жил бүр хийж байсан урсгал засварт зарцуулсан зардлаас бага байгаа нь шударга бус байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны захиалгаар хийсэн хөрөнгийн үнэлгээг хүчингүйд тооцож өгнө үү мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1, 53.3, 53.6-д заасан заалтуудыг  зөрчиж албадан дуудлага худалдаа зарласан байх тул хууль зөрчсөн гэж үзэж байна. Үл хөдлөх хөрөнгөөр үүргийн биелэлтийг хангуулах шүүхийн шийдвэр гараагүй байхад шийдвэр гүйцэтгэлийн тодорхой ажиллагаа хийхгүй, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах нь төлбөр төлөгчийн эрх ашгийг хохироосон ажиллагаа явуулж байна гэж үзэхээр байна. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст  шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулахыг даалгах, шаардлагыг нэмэгдүүлсэн гаргаж байна гэжээ.                                                                                                                                             

 Хариуцагч Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэслтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нэхэмжлэгч талтай ажиллагаа хийхдээ уулзаж байсан. Зохих журмын дагуу ажиллагаануудыг явуулсны дараа хамгийн сүүлд хураах ажиллагаа явуулдаг. Эд хөрөнгө хурагдсанаас хойш гомдол гаргадаг. Дээд шүүхийн тогтоол дараалал зөрчигдсөн гэдэг байдлаар шийдвэр гарсан байсан. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхийн тулд тухайн хүний бүх хөрөнгөнөөс гаргуулах үүрэгтэй. Өр төлбөрийг хариуцагчийн барьцаа хөрөнгөнөөс нь гаргуулна уу гэсэн хүсэлтийн дагуу барьцаа хөрөнгөнөөс гаргуулахаар болж байна. Энэ нь хууль зөрчсөн зүйл байхгүй гэжээ.

 

Хариуцагч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ний захирал Р.З анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсээс “Шинжээч томилох тухай” тогтоолын дагуу хөрөнгө үнэлгээний ажлыг хийж гүйцэтгэсэн. Хөрөнгө үнэлгээний ажил хийж гүйцэтгэхийн тулд хөрөнгийн барилгатай дэлгэрэнгүй танилцаж, дэлгэрэнгүй мэдээлэл авч хараат бус байдлаар үнэлгээ хийж тогтоодог. Манайх хөрөнгийн байдалтай иргэн З.Хн хамт үзэж танилцаад хэмжилт хийсэн. Барилгын чанар байдлыг тодорхойлж, үнэлгээг гаргасан.  Үнэлгээг олон улсын үнэлгээний стандартын дагуу хийдэг. Үүнд гурван янзын арга байдаг. Маргаантай үнэлгээнд 3 төрлийн аргыг ашиглаж үздэг. Эхний ээлжид зардлын аргын үнэлгээний тооцоог хийсэн. Энэ байшинг шинээр барих өртгийг тооцож гаргахад нийт 569,000,000 төгрөгөөр гаргасан. 2100 мкв болон 2 газрын үнийг 21,000,000 төгрөгөөр үнэлсэн. 1 байр нь  53 хувийн элэгдэлтэй. Мөн 1 байшин нь 28 жил. нөгөө нь 25 жил ашиглагдана гэж тооцоо гарсан. Элэгдлийг хасаж зардлын аргаар үнэлсэн үнэ нь 315,000,000 төгрөг. Нийт 337,00,000 төгрөгийн үнэтэй болсон. Одоо цагт ямар үнэлгээтэй байна гэдгийг харьцуулалтын үнэлгээний аргаар үнэлсэн. Хөтөлд байгаа зар мэдээллийн дагуу харьцуулалт судалгааны үндсэн дээр тооцоолол хийж 281,000,000 төгрөг болсон. Мөн сул чөлөөтэй газрыг нэмж оруулсан байгаа. Энэ нь “Ийм үнэ санал болгож магадгүй гэсэн” үнэ юм. Үнэлгээний хамгийн сайн арга нь орлогын аргын хандлага гэж хэлдэг. Тухайн барилыг метр квадратыг нь 10,000 төгрөгөөр түрээслэнэ гэж тооцож үнэлгээг хийсэн. Орлого олж орлогоосоо зардлаа хасаж жилдээ 15,000,000 төгрөгийн ашигтай ажиллана гэж тооцоо гаргасан. 3 аргаар тооцсон үнэ ойролцоо байдаг. Өртгийн арга доогуур үнээр зарагдаж байна гэдэг нь зах зээл муу байгааг харуулж байна. Тийм учраас бид нэмэлт судалгаа хийсэн.  Хөтөлийн зах зээлд үл хөдлөх хөрөнгө баригдсан үнэнээс доогуур үнэлгээтэй зарагдаж байгааг харуулж байна. Онолын хувьд тооцоолж гаргахад 2 газар болон 2 үл хөдлөх хөрөнгө нь 219,000,000 төгрөг болсон. Энэ нь дуудлага худалдааны анхны үнэ болно. Энэ хөрөнгө нь эрэлт хэрэгцээтэй сайн хөрөнгө байвал, мөн олон хүн сонирхож байвал 219,000,000 төгрөгөөс нэмэгдэж магадгүй. Мөн хүмүүс сонирхохгүй, зах зээлд хоцрогдолтой гэж үзвэл 219,000,000 төгрөгөөс буурч зарагдаж магадгүй юм. Манай зүгээс дуудлага худалдааны хамгийн анхны үнийг гаргаж өгч байгаа. Үнэлгээ хийхэд мэдээллийг сайн авч хийх ёстой байдаг. Төлбөр төлөгч талаас мэдээллийг адилхан өгөхгүй мэдээллийг нууж байсныг онцолж хэлмээр байна. Дээрх үнэ гарсныг З.Х-д маш сайн тайлбарлаж хэлсэн. Манай үнэлгээ бага хийгдсэн, буруу болсон гэдэг асуудал байхгүй гэж бодож байна гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөлөөгч Т.Г  анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргаж байгаа саналтай миний зүгээс санал нийлэхгүй байна. Худалдаа хөгжлийн банк анх шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан. Тухайн нэхэмжлэл 2 шаардлагатай байсан. Нэхэмжлэлийн 2 дахь шаардлага дээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргаж байсан.  2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Энэхүү шийдвэр дээр хөрөнгөнүүд нь дурдагдсан байна. Иргэн З.Х Худалдаа хөгжлийн банкнаас зээл авчихаад дараа нь төлбөрөө төлчихсөн байсан бол ийм асуудал үүсэхгүй байсан. Нэхэмжлэгч тал шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага буруу үйл ажиллагаа явуулсан. Мөн дарааллын дагуу хийгдээгүй гэж ярьж байна. Тухайн хүний дансанд мөнгө байвал шийдвэр гүйцэтгэх байгууллага дансыг нь битүүмжилнэ. Гэвч иргэн З.Х-н дансанд мөнгө байхгүй. Өнгөрсөн 4  жилийн хугацаанд нэг ч төгрөгийг өр төлбөртөө төлөөгүй. Би өнөөдрийн шүүх хуралдаан дээр шинээр нотлох баримт гаргаж өгсөн. З.Х- нь дулааны өрөө төлөөгүй байгаа нь магадгүй би хөрөнгөө алдвал төлбөрөө төлөөд хэрэггүй гэсэн бодолтой байсан байна. 2016 оны 02 дугаар сард нэхэмжилсэн он, сар, өдрөөс эхлээд зээлийн хүү зогсон. Иргэн З.Х-н энэ асуудлаас болж би урамшуулал цалингаа хасуулж байна. Ээлжийн амралтаа авчихсан ажилчин нааш цааш яваад амарч чадахгүй байна. Иймд иргэн З.Х-н  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлттэй байна гэжээ.

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаартай шийдвэрээр:

            -Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т зааснаар  З.Х-н нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ний захирал Р.З нарт  холбогдох хөрөнгө үнэлсэн тухай албан тоотыг хүчингүйд тооцуулах, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулахыг даалгах, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн 2019 оны 02 дугаар сарын 12-ний өдрийн №1 тоот тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

-Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д  зааснаар З.Х-н улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

 

            Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.О давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шийдвэрийг үл зөвшөөрч доорхи үндэслэлээр гомдол гаргаж байна.  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэг нь шийдвэрийн дагуу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  тухай хуулийн заалтуудыг чанд мөрдөж ажиллах ёстой байтал энэ үүргээ биелүүлэхгүй, хуулийн залтуудыг зөрчиж ажиллагаа явуулсан байх бөгөөд  шүүх хуралдаан дээр  хуулийн дагуу  ажиллагаа явуулсан гэдгээ нотлоогүй байхад  шүүх  шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж дүгнэлт гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Нэхэмжлэгч З.Х нь үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй хэт багаар үнэлж байна гэж удаа дараа гомдол гаргаад байхад хэт тоомжиргүй хандаж  үнэлгээний талаар мэдэгдэхгүйгээр  шууд дуудлага худалдаа явуулах тогтоол гаргах, шинжээч нарын үнэлгээ нь зөрүүтэй байхад зөрүүг арилгах дахин шинжууч томилох зэрэг ажиллагаа хийхгүй, ямар хөрөнгө нь дуудлага худалдаанд орох боломжтой эсэх талаар нарийн судлаж үзээгүй зэрэг  шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг  хуулийн дагуу гүйцэтгээгүй байгаа туд хэргийг хянуулахаар давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

 

Хариуцагийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   нэхэмжлэгч З.Х нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг удаа дараа  гомдол гарган явуулахгүй саатуулж байгаа билээ.  Бид шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хуулийн дагуу хийсэн. Хөрөнгийн үнэлгээний талаар талуудаас санал асуусан.  Төлбөр төлөгч эд хөрөнгөө 500.000.000 төгрөгөөр үнэлсэн  гэтэл төлбөр авагч хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тул хуульд зааснаар олон жилийн туршлага бүхий үнэлгээний компани болох “Хөрөнгө үнэлгээний төв" ХХК-ийг  томилж үнэлгээ тогтоолгосон. Энэ бүхий л ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна гэв.

 

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн төлөөлөгч Т.Г давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Анхан шатны шүүхийн шийдвэр гарснаар даруй 4 жил бараг болж байна. Энэ хугацаанд З.Х нь гүйцэтгэлийн ажиллагааг ямар нэг байдлаар явуулахгүй саатуулж өнөөдрийг хүрсэн. Энэ хүний төлбөрөө төлөөгүйгээс манай компаний эрх ашиг зөрчигдсөөр ирлээ.  Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна гэв.

 

ҮНДЭСЛЭХ  нь :

 

            Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий  дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж үзлээ.

           Нэхэмжлэгч З.Х нь  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-д холбогдуулан үл хөдлөх  хөрөнгө үнэлгээг хүчингүйд тооцуулах,  тухайн нэхэмжлэл гаргасан бөгөөд  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  нэхэмжлэлийн шаардлагаа Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хуулийн дагуу явуулахыг даалгах, Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн 2019 оны 02 дугаар сарын 12-ний өдрийн №1 тоот албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай  гэж нэмэгдүүлсэн байх бөгөөд Худалдаа хөгжлийн банк нь  өөрийн эрх ашиг хөндөгдсөн гэдэг үндэслэлээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон байна.

 

          Тус хэргийн хариуцагч Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмаар явагдсан гэж хариуцагч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь  үнэлгээг зохих журмын дагуу хийсэн гэж тус тус  нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байх ба нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдлынхоо үндэслэлээ  шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь ажиллагааг  хуульд заасны дагуу явуулаагүй,  шүүх хэрэгт  цугларсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж тайлбарлажээ.

 

           Хэргийг судлан үзвэл:  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2016 оны 04-р срын 06-ны өдрийн 136 дугаартай шийдвэрээр  “Эрдмийн Ундраа лицей сургууль”, “Сайхан бужир” ХХК, З.Х, Д.О нараас  зээлийн гэрээний үүрэг  88.292.789 төгрөг гаргуулж  Худалдаа хөгжлийн банкинд олгохоор шийдвэрлэсэн бөгөөд тухайн шийдвэрийг үндэслэн   Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь  шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулжээ.   

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэсний үндсэн дээр 77 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч нь  төлбөр төлөгч З.Х, Д.О нар болон  “Эрдмийн ундраа” лицей сургууль, “Сайхан бужир” ХХКомпаний  хадгаламжийн болон харилцах дансанд байгаа төлбөр төлөгчийн мөнгөн хөрөнгө болон бусад үнэт зүйлээс төлбөрийг гаргуулахаар ажиллагаа явуулсан боловч тухайн  ажиллагаагаар  төлбөр төлөх  хөдлөх хөрөнгө  байхгүй  тул  төлбөр төлөгчийн өмчлөлийн хөрөнгө болох “Эрдмийн ундраа” лицей сургуулийн барилгыг шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолоор битүүмжилжээ.

Тус сургуулийн барилга нь төлбөр авагч Худалдаа хөгжлийн банкны  зээлийн гэрээний  дагуу барьцаалсан хөрөнгө  бөгөөд тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулах замаар төлбөр төлөх талаар шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны талууд тохиролцсоны дагуу шийдвэр гүйцэтгэгчээс  Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т зааснаар үл хөдлөх хөрөнгийг худалдах  үнийн талаар төлбөр авагч болон төлөгч нараас  санал асуухад З.Х нь  сургуулийн барилгад  500.000.000  төгрөгийн санал гаргасныг төлбөр авагч Худалдаа хөгжлийн банк хүлээн зөвшөөрөөгүй  байна.  Ажиллагааны оролцогч нар нь хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т зааснаар Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 77 дугаар тойргийн шийдвэр гүйцэтгэгч 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 16190248/03 дугаартай тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон байна.  

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь үнэлгээний тайлангаа  2018 оны 11 сарын 04-ний өдөр 403 дугаартай албан бичгээр  хүргүүлж ажиллагааны оролцогч нарт мэдэгснээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс нь  2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 01 дугаартай Албан дуудлага худалдаа зохион байгуулах тухай тогтоол  гаргаж, дуудлага худалдаа явуулах болсон тухай мэдэгдлийг  төлбөр төлөгч нарт хүргүүлжээ.

Дээрх үйл баримтуудаас дүгнэж үзэхэд шүүх төлбөр авагч  нарын  барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэртээ заагаагүй боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 86 дугаар  86.2-д   заасан  дараалалын дагуу  явагдсан байх тул Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тасаг  нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна гэж дүгнэв.

Нэхэмжлэгч З.Хн эд хөрөнгийн үнэлгээний  талаархи гомдлын хувьд  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т зааснаар  шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтлөх бөгөөд  хэрэв талууд шинжээчийн гаргасан эд хөрөнгийн үнэлгээг зөвшөөрөхгүй бол энэ талаархи гомдлоо  мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар мэдэгдлийг хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор шүүхэд гомдол гаргаж болохоор заасан.

 Гэтэл нэхэмжлэгч З.Х нь хуульд заасан  хугацааг хэтрүүлэн дуудлага худалдаа зарлагдсанаас хойш буюу гомдлоо 2 сарын дараа гаргасан байх тул  түүний эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлыг хүлээн авч шийдвэрлэх  боломжгүй. 

Түүнчлэн нэхэмжлэгч нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь эд хөрөнгөд үнэлгээ хийхдээ  хөрөнгийн үнэлгээг зах зээлийн ханшаас  хэт доогуур үнэлсэн, эргэлзээ бүхий үнэлгээ гарсан гэж тайлбарладаг боловч  “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь  хөрөнгийн үнэлгээ хийхдээ баримтлах  Олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4.5, 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг  хэрхэн  зөрчсөн,  үнэлгээ тогтоох ямар аргачлалыг хэрхэн зөрчиж үнэлгээний тооцоог хийсэн тухай баримт шүүхэд ирүүлээгүй, нэхэмжлэгч  нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлоогүй байна.

 

Нэхэмжлэгч З.Х нь “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг  хариуцагч гэж тодорхойлсон бөгөөд тухайн компани нь  тусгай мэдлэг шаардагдах асуудлыг торуулах зорилгоор дүгнэлт гаргуулахаар хуульд заасан журмын дагуу томилогдсон этгээд бөгөөд ийнхүү дүгнэлт гаргаснаараа нэхэмжлэгч  З.Х-н хуулиар олгосон эрх ашгийг зөрчөөгүй тул түүний хариуцагч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нд холбогдуулан гаргасан шаардлага  үндэслэлгүй  байна гэж үзлээ.   

 

Иймд   нэхэмжлэгч З.Х-н өмгөөлөгчийн анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул түүнийг гомдлыг хангахгүй орхиж,  анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь  зүйтэй гэж  давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 115 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн  давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

                                    ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН