| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2023/04263/И |
| Дугаар | 102/ШШ2024/01345 |
| Огноо | 2024-03-15 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 102/ШШ2024/01345
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, тоотод оршин суух, Ардын овогт, Рэнцэндоржийн Ггийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, байрлах, М Т-эд холбогдох,
Урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Р.Г, түүний өмгөөлөгч М.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Р.Г нь М Тэд холбогдуулан урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
“Р.Г миний бие М Тийн М сувгийн захирлын албан тушаалд хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилладаг байсан бөгөөд 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдөр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан.
Сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан М Т Ерөнхий захирлын Б/342 дугаар тушаал нь хуульд заасан үндэслэл, шаардлагыг хангаагүй байх тул хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлоо сэргээлгэхээр нэхэмжлэл гаргаж байна. М Т Ерөнхий захирлын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн Б/342 тоот “Р.Ггийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах тухай" тушаалын үндэслэлд:
....Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5, “М -ийн Хөдөлмөрийн дотоод журам-ын Тавдугаар бүлгийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2, Аравдугаар бүлгийн 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 4 дүгээр зүйлийн 4.5, 4.12, Р.Гтай байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5.4, 5.5.12, Захирлуудын зөвлөлийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл зэргийг үндэслэн ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэлүүдийг хуульчилж өгсөн байдаг. Гагцхүү Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр л ажил олгогч ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахаар зохицуулсан. Гэтэл М Т Ерөнхий захирлын Б/342 тоот сахилгын шийтгэл ногдуулах, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тушаалд Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1 дэх хэсэгт заасан үндэслэлүүдээс зөрчсөн заалтыг үндэслээгүй байх бөгөөд тус үндэслэлүүдээс аль заалтыг зөрчиж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож байгаа талаар тайлбарлаагүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2. “Аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсанаас бусад тохиолдолд ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно” гэж заасан.
Гэтэл Б/342 тоот тушаалын үндэслэл болгосон заалтууд нь ноцтой зөрчил гаргасан талаар иш татсан байх бөгөөд ямар хууль зөрчиж, ямар ноцтой зөрчил гаргасан талаарх үндэслэл бүхий хуулийн зүйл заалтыг тодорхой бичээгүй байна.
Тушаалын тушаах хэсэгт "М сувгийн захирал Р.Г нь нэвтрүүлэгч Ж.Аыг ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүргийг гүйцэтгүүлээгүй, ажиллах нөхцөлөөр хангаагүй боловч цалин хөлс, гүйцэтгэлийн нэмэгдлийг хасаж тооцон ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд үндэслэлгүйгээр ялгаварлан гадуурхсан болох нь Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2023.05.23-ны өдрийн 05/27 дугаартай зөвлөмж, М -ийн Ерөнхий захирлын 2023 оны А/58 дугаар тушаалаар байгуулагдсан ажлыг хэсгийн дүгнэлт, М сувгийн нэр бүхий 4 ажилтныг шагналын журмаар гадаад улсад аялуулахдаа эрх бүхий албан тушаалтантай зөвшилцөөгүй, эрх мэдлээ хэтрүүлсэн болох нь 2022 оны тайлан зэргээр тус тус тогтоогдсон нь Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчлийг гаргасан гэж үзжээ.
Р.Г намайг хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд үндэслэлгүйгээр ялгаварлан гадуурхсан гэж гол үндэслэл болгоод байгаа Монгол Улсын хүний эрхийн үндэсний комиссын 2023 оны 06 сарын 15-ны өдрийн Зөвлөмжид “... талуудаас ирүүлсэн тайлбар, баримтаас үзэхэд нэгжийн удирдлага, ажилтан хоорондын таарамжгүй харилцаа, үл ойлголцол байгаа бөгөөд ...,” Хөдөлмөрийн хууль, байгууллагын дотоод журамд заасны дагуу хяналт шалгалт явуулж, дүгнэлт гаргах, тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн зохих арга хэмжээ авах” тухай бичсэн. Тус зөвлөмжийн дагуу тушаалд үндэслэл болгоод байгаа М -ийн Ерөнхий захирлын 2023 оны А/58 дугаар тушаалаар байгуулагдсан ажлыг хэсгийг байгуулж 2023 оны 06 сарын 13-ны өдөр хуралдаад дүгнэлт гаргасан.
Гэхдээ ажил олгогчийн зүгээс ажлын хэсэг байгуулснаа надаа огт мэдэгдээгүй бөгөөд тус ажлын хэсгийн хуралдаанаар Ж.Ааас тайлбар сонссон хэрнээ Р.Г надад мэдэгдэж, хуралд оролцуулалгүй тайлбар мэдүүлэг аваагүй, хурлын шийдвэрийг танилцуулаагүй дүгнэлт гаргачихсан. Өөрөөр хэлбэл ажлын хэсгийн дүгнэлт нь хууль, дүрэм журамд заасан шаардлага хангаагүй ажил олгогчийн хувийн ашиг сонирхлоор нэг талыг барьсан, Р.Г миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн үндэслэлгүй.
Р.Г миний бие М -д 20 жил ажиллаж байгаа бөгөөд хууль, холбогдох дүрэм, журамд заасан ноцтой зөрчлийг гаргаж байгаагүй, ХЭҮК-оос ирүүлсэн зөвлөмжийг үндэслээд, хууль бус дүгнэлт гаргачхаад ажлаас халж байгаа үйлдэл нь хууль зөрчсөн шийдвэр юм. Ж.Аыг зөвхөн хамгийн өндөр үзэлт хандалттай Ц, М хөтөлбөрүүдэд л үндсэн хөтлөгч хийх эрхийг нь хязгаарласан. Учир нь Ж.А нь миссийн тэмцээн зохион байгуулахдаа 50-60 сая төгрөгийн авлига авсан гэх асуудалд холбогдсон. Иргэн С гэх хүн хэвлэлийн хурал зарлаж, 2022 оны 11-р сарын 23-ны өдөр М -ийн нэвтрүүлэгч Ж.Аыг АТГ-д шалгуулахаа мэдэгдсэн. Зөвхөн Zarim.mn сайтаар гэхэд энэ мэдээллийг 554 мянган хүн үзэж, 282 хүн шэйрлэж, мянга гаруй хүн коммент бичсэн. Энэхүү мэдээлэл нь тухайн өдрөө N, S, m-гийн мэдээгээр гарч, маш олон сайтууд, пэйжүүд шэйрлэсэн.
Монголын телевизийн салбарын хамгийн нэр хүндтэй мэдээллийн хөтөлбөр Цийн нэвтрүүлэгч нь авлигын хэрэгт холбогдож, олон нийтийн өмнө хөтөлбөрийнхөө нэр хүндийг унагах байтугай үзэгчдэд баталгаатай мэдээлэл өгөхгүй эргэлзээ төрүүлнэ гэдэг утгаар реклам зар сурталчилгаанд тоглох, бэлтгэхийг хориглосон заалтыг Олон нийтийн радио телевизийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2 тусгасан байдаг.
М -ийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар бүлгийн 2.2-д зааснаар ажилтан нь М -ийн ажил хэргийн нэр хүндийг ямагт дээдлэх заалт, ажилтны ёс зүйн дүрэмд заасан өндөр сахилга ёс суртахуунтай байж, сонсогч үзэгчдийн итгэл хүндлэлийг хүлээх үүрэгтэй юм. Ц болон М хөтөлбөрүүдээс бусад нэвтрүүлэгт оролцох, соёл урлагийн булан бэлтгэх ажлуудыг хэвээр үлдээсэн бөгөөд Ж.Аын ажилласан цагийн бүртгэлийг М -иин “Ажилтны цаг бүртгэл, түүнд хяналт тавих журам”-ын 6.9-д зааснаар нэгжийн даргын хувьд хөтөлсөн, өөрт нь тухай бүр мэдэгдсэн, Ж.Атай биечлэн уулзаж, асуудлыг ярилцаж эв зүйгээр шийдэхээр хоёр сарын хугацаанд зургаан удаа дуудуулсан боловч нэг ч удаа уулзаж байгаагүй. Ж.Аыг ялгаварлан гадуурхсан, цалин хөлсийг хасаж тооцсон, ажлаас халах талаар дарамт зэргийг огт учруулаагүй болно.
Хүний Эрхийн Үндэсний комиссоос надтай холбогдоод танай ажилтан Ж.А гэж хүнээс ажлын байран дээр дарамтлаад байна, ялгаварлан гадуурхсан гэх гомдол ирсэн тул ирж тайлбар мэдүүлгээ өгөөрэй гэсэн. Энэ үед миний бие завгүй, албан томилолтоор яваад иртэл ХЭҮК-оос албадан ирүүлэх тухай албан бичгийг Тамгын газарт ирүүлсэн байсан. Ингээд нотлох баримтаа бүрдүүлээд очтол тус байгууллага нь нүүсэн гээд байрандаа байхгүй байсан. Ж.Атай ямар асуудлаар гомдоод байгаа талаар нь уулзаж ярилцахаар туслахаараа дамжуулан олон удаа дуудуулсан. Ж.А нь ХЭҮК-д гаргасан гомдлоо татаж авсан, ажлаасаа халагдах өргөдлөө нэгжийн дарга надаар дамжуулахгүй шууд хүний нөөцөд өгсөн байсан. Энэ үед Ж.А нь Зам тээврийн яаманд хэвлэлийн төлөөлөгчөөр ажиллаад эхэлчихсэн байсан. Ингээд дахиж энэ асуудлаар ХЭҮК-оос холбогдоогүй тул асуудал дууссан гэж бодсон. Ж.Атай уулзах гэхээр нэгэнт би ажлаасаа гарчихсан тантай гомдол маргаан байхгүй, тиймээс тантай уулзах шаардлага байхгүй гэж албаны дарга Ичинхорлоогоор дамжуулж хэлүүлсэн. Гэтэл Ж.Аын гаргасан гомдолтой холбогдуулан 2023 оны 05 сарын 23-ны өдөр ХЭҮК-ийн Д.С гишүүний Зөвлөмж гарчихсан байсан бөгөөд тус зөвлөмжийг надад гардуулалгүй М -ийн 850 хүний группэд байршуулсан. Энэ үед анх тус зөвлөмжтэй танилцсан бөгөөд уншаад 5 минут ч болоогүй байхад g сайтад нэг талыг барьсан мэдээ болгон байршуулж миний нэр хүндэд халдсан.
Иймд Сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан М Т Ерөнхий захирлын Б/342 дугаар тушаал нь хуульд заасан үндэслэл, шаардлагыг хангаагүй. Р.Г миний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг гаргуулах. Нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг хариуцагч М -д даалгаж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч М Т хариу тайлбартаа: “Нэхэмжлэгч Р.Г нь “Урьд эрхэлж байсан албан тушаалд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, олговрыг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг нөхөн төлүүлэхийг М -д даалгах'’ тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч энэхүү татгалзлыг гаргаж байна.
Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 05/27 дугаартай зөвлөмжид “...М -ийн сувгийн захирал Р.Г нь нэвтрүүлэгч Ж.Аыг ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүргийг гүйцэтгүүлээгүй, ажиллах нөхцөлөөр хангаагүй боловч цалин хөлс, гүйцэтгэлийн нэмэгдлийг хасаж тооцож байгаа нь ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд үндэслэлгүйгээр ялгаварлан гадуурхсан, дарамт үзүүлсэн шинжтэй...”, “...удирдлагадаа ажиллаж байгаа ажилтны Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, хууль тогтоомжоор олгогдсон хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн байж болзошгүй байна...” хэмээн дурдсан бөгөөд нэхэмжлэгч Р.Ггийн дээрх үйлдлүүдийг “...Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд заасны дагуу шалгаж, тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн зохих арга хэмжээ авах...” талаар тус тус дурдаж өгсөн.
Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1. дэх хэсэгт зааснаар “...зөвлөмжийг хүлээн авсан байгууллага, алан тушаалтан, хуулийн этгээд заавал биелүүлэх...” үүрэгтэй бөгөөд М -ийн Ерөнхий захирал А.Б нь тус үүргээ биелүүлэн ажилласан бөгөөд Г нь нэвтрүүлэгч Ж.Аыг ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүргийг гүйцэтгүүлээгүй, ажиллах нөхцөлөөр хангаагүй боловч цалин хөлс, гүйцэтгэлийн нэмэгдлийг хасаж тооцон ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд үндэслэлгүйгээр ялгаварлан гадуурхсан болох нь Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 05/27 дугаартай зөвлөмж, М -ийн Ерөнхий захирлын 2023 оны А/58 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, М сувгийн нэр бүхий 4 ажилтныг шагналын журмаар гадаад улсад аялуулахдаа эрх бүхий албан тушаалтантай зөвшилцөөгүй, эрх мэдлээ хэтрүүлсэн болох нь 2022 оны тайлан зэргээр тус тус тогтоогдсон нь Хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчлийг гаргасан байсан тул 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрөөс хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах буюу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулан шийдвэрлэсэн.
Р.Ггийн дээрх үйлдлүүд нь "М -ийн Хөдөлмөрийн дотоод журам”(ХДХХ код 100) -ын Аравдугаар бүлгийн 4 дүгээр зүйлийн 4.5, 4.12 дахь хэсэг, Р.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5.4, 5.5.12 дахь хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөн болох нь тогтоогдсон тул Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээнд тус тус заасны дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах буюу ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах арга хэмжээг авсан болно.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ Б/342 тоот тушаал нь хууль үндэслээгүй, хуулийн заалтыг тодорхой бичээгүй мэтээр тайлбарлан бичсэн нь үндэслэлгүй юм. Маргаан бүхий Б/342 тоот тушаал нь Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.1. 31.6.3. 31.6.6. Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 78 дугаар зүйлийн 78.1.9. 83 дугаар зүйлийн 83.1. 83.2, 83.3, 83.5, 110 дугаар зүйлийн 110.3. 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5. "М -ийн Хөдөлмөрийн дотоод журам" (ХДХХ код 100)-ын Тавдугаар бүлгийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2. Аравдугаар бүлгийн 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 4 дүгээр зүйлийн 4.5, 4.12. Р.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5.4, 5.5.12, Захирлуудын зөвлөлийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл зэргийг тус тус үндэслэн гарсан тушаал бөгөөд хуулийн заалтуудыг тодорхой бичсэн үндэслэл бүхий тушаал юм.
Мөн ажил олгогч буюу хариуцагчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дахь хэсэгт заасны зөрчөөгүй ба Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон.
Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс М Тийн ерөнхий захирлын тушаал /хх7-8/, М Тийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссын хуралдааны тэмдэглэл /хх9-12/, Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл/шийдвэр /хх13-19/, Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-33/, итгэмжлэл /хх-79/, Хүний эрхийн үндэсний комиссын Хариу өгөх тухай /хх142-143/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх лавлагаа зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас М Тийн ерөнхий захирлын тушаал /хх21-22/, Итгэмжлэл /хх-26/, М Т Хэвлэл мэдээллийн хэрэгсэл Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-34/, Хариу тайлбар /хх35-36/, Хүний эрхийн үндэсний комиссын Зөвлөмжийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай /хх38-39/, Хөдөлмөрийн гэрээ /хх40-47/, М -ийн М сувгийн захирлын ажлын байрны тодорхойлолт /хх48-53/, Баталгаа /хх-54/, М Тийн Ерөнхий захирлын тушаал Хөдөлмөрийн дотоод журмыг шинэчлэн батлах тухай /хх-55/, М -ийн Хөдөлмөрийн дотоод журам /хх56-70/, Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний зөвлөмж /хх71-73/, Итгэмжлэгдсэн төлөөлөгчөөсөө татгалзах тухай /хх-139/, Итгэмжлэл /хх-140/, Тэмдэглэл /хх-167/, Ажлын цагийн тооцоо /хх168-174/, М Тийн Ерөнхий захирлын тушаал Ажилд авах тухай /хх-175/, М Тийн Ерөнхий захирлын тушаал Ж.Ат албан үүргийг хавсран гүйцэтгүүлж нэмэгдэл олгох тухай /хх-176/, Ажилтанд сахилгын шийтгэл оногдуулах тухай /хх-177/, М -ээс Хүний эрхийн үндэсний комиссын гомдол мэдээлэл шалгах хэлтэс гаргасан албан бичиг /хх-178/, М -ийн Тамгын газрын үүрэг гүйцэтгэгчийн Л.М мэдэгдэл /хх-179/, Өргөдөл гомдол хэвлэх хуудас /хх-180/, 2022 оны үйл ажиллагаа тайлан зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр М -ийн захирлуудын зөвлөлийн хурлын тэмдэглэл /хх111-117/, М -ийн Ерөнхий захирлын тушаал Р.Гг урьд ажиллаж байсан ажил, албан тушаалд эгүүлэн томилох тухай /хх-118/, М -ийн Ерөнхий захирлын Ажлын хэсэг байгуулах тухай /хх-119/, Ажлын хэсгийн хурлын тэмдэглэл /хх120-128/, Хилийн боомтын захиргааны даргын тушаал Ж.Аыг ажилд томилох тухай /хх-130/, Хилийн боомтын захиргааны даргын тушаал Ж.Аыг ажлаас чөлөөлөх тухай /хх-131/, МУ-ын Сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргын тушаал /хх-132/, М Т үндэсний зөвлөлийн тогтоол /ххх-165/ зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
Хариуцагчийн хүсэлтээр Хүний эрхийн үндэсний комиссын гишүүн Д.Сэд гаргасан Р.Ггийн хүсэлт, тайлбар /хх99-101/, Хүний эрхийн үндэсний комиссын Тамгын газраас Баримт мэдээлэл ирүүлэх тухай албан бичиг /хх103-104/ зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Р.Г дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Намайг хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд үндэслэлгүйгээр ялгаварлан гадуурхсан гэж гол үндэслэл болгосон. Миний бие М -д 20 жил ажиллаж байгаа бөгөөд хууль, холбогдох дүрэм, журамд заасан ноцтой зөрчлийг гаргаж байгаагүй, ХЭҮК-оос ирүүлсэн зөвлөмжийг үндэслээд, хууль бус дүгнэлт гаргачхаад ажлаас халж байгаа үйлдэл нь хууль зөрчсөн шийдвэр.” гэж тайлбарласан.
3. Хариуцагч М Т нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “Хөдөлмөрийн харилцаанд үндэслэлгүйгээр ялгаварлан гадуурхсан болох нь Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 05/27 дугаартай зөвлөмж, М -ийн Ерөнхий захирлын 2023 оны А/58 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, М сувгийн нэр бүхий 4 ажилтныг шагналын журмаар гадаад улсад аялуулахдаа эрх бүхий албан тушаалтантай зөвшилцөөгүй, эрх мэдлээ хэтрүүлсэн болох нь 2022 оны тайлан зэргээр тус тус тогтоогдсон.” гэж маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй”, 154.2 дах хэсэгт “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”, 154.2.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор” гэж заажээ.
Нэхэмжлэгч Р.Г нь дээрх хуульд заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж гомдол гаргасан байх ба уг хорооноос 2023 оны 8 дугаар сарын 02-ны өдөр 40 дугаартай шийдвэрээр “...талууд харилцан тохиролцоогүй үндэслэлээр...” ажиллагааг дуусгавар болгожээ. Нэхэмжлэгч дээрх хариуг авснаас хойш шүүхэд 2023.8.24-ний өдөр хандсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.
5.Нэхэмжлэгч Р.Г нь 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс М Тэд М сувгийн захирлаар томилогдон ажиллаж байсан болох нь “Ажлын байрны тодорхойлолт” /хх48-53/ , “Хөдөлмөрийн гэрээ” / хх40-47/, талуудын тайлбараар тус тус тогтоогдсон бөгөөд зохигч энэ талаар маргаагүй.
6. М Тийн ерөнхий захирлын 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Б/342 дугаар “Р.Ггийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар Олон нийтийн радио, телевизийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.6.1. 31.6.3. 31.6.6. Хөдөлмөрийн тухай хууль (шинэчилсэн найруулга)-ийн 78 дугаар зүйлийн 78.1.9. 83 дугаар зүйлийн 83.1. 83.2, 83.3, 83.5, 110 дугаар зүйлийн 110.3. 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.5, "М -ийн Хөдөлмөрийн дотоод журам" (ХДХХ код 100)-ын Тавдугаар бүлгийн 10 дугаар зүйлийн 10.1, 10.2. Аравдугаар бүлгийн 1 дүгээр зүйлийн 1.1, 1.2, 4 дүгээр зүйлийн 4.5, 4.12. Р.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5 дугаар зүйлийн 5.5.4, 5.5.12, Захирлуудын зөвлөлийн хурлын 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн тэмдэглэл үндэслэн “...нэвтрүүлэгч Ж.Аыг ажлын байрны тодорхойлолтод заасан гүйцэтгэх ажил үүргийг гүйцэтгүүлээгүй, ажиллах нөхцөлөөр хангаагүй боловч цалин хөлс, гүйцэтгэлийн нэмэгдлийг хасаж тооцон ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд үндэслэлгүйгээр ялгаварлан гадуурхсан болох нь Хүний эрхийн үндэсний комиссын гишүүний 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 05/27 дугаартай зөвлөмж, М -ийн Ерөнхий захирлын 2023 оны А/58 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, М сувгийн нэр бүхий 4 ажилтныг шагналын журмаар гадаад улсад аялуулахдаа эрх бүхий албан тушаалтантай зөвшилцөөгүй, эрх мэдлээ хэтрүүлсэн...” гэсэн үндэслэлээр Р.Гтай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөр дуусгавар болгон ажлаас чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалжээ. /хх-21/
7. Талууд хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд үндэслэлгүйгээр ялгаварлан гадуурхсан нөхцөл байдал тогтоогдсон эсэх, ажилтныг шагналын журмаар гадаад улсад аялуулахдаа эрх бүхий албан тушаалтантай зөвшилцсөн болон эрх мэдлээ хэтрүүлсэн эсэх нь маргааны зүйл байна.
8. М Тийн М сувгийн нэвтрүүлэгч Ж.Ааас Р.Гд холбогдуулж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст дараах агуулга бүхий гомдлыг гаргажээ. Үүнд: “… тус сувгийн захирал Р.Г нь нэр бүхий ажилтнуудыг Хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод заагаагүй ажил үүрэг гүйцэтгэхийг шаардах, биелүүлээгүйн улмаас ажил мэргэжлээр доромжлох, ажлаар хангахгүй байх, бослого хөдөлгөөн толгойлогч гэх мэтээр хамт олны хурал дээр нэр хүндэд халдаж, ажлын байранд дарамт үзүүлж, хавчин гадуурхаж байна. Тус асуудлаар телевизийн даргад гомдол гаргасан боловч шийдвэрлэж өгөөгүй…” гэжээ. Уг гомдлын дагуу шалгах ажиллагаа явуулсан байна.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 05/27 тоот зөвлөмжид “...М -ийн сувгийн захирал Р.Г нь өөрт холбогдох асуудлаар тайлбар өгөөгүй, баримт ирүүлээгүй, тул гомдол шалгах ажиллагааны хүрээнд цугларсан бичиг баримт, мэдээллийн хүрээнд дүн шинжилгээ хийсэн...”, “1.М -ийн М сувгийн захирал Р.Гд холбогдуулан ажилтны хөдөлмөрлөх эрхийн асуудлаар Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд заасны дагуу хяналт шалгалт явуулж, тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн зохих арга хэмжээ авах...” гэж заажээ. /хх-71/
Дээрх Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 05/27 тоот зөвлөмжийн 1 дэх хэсэгт заасны дагуу М Тийн ерөнхий захирлын 2023 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/58 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаал гарсан байна. /хх-119/ Улмаар 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 01 дүгээр Ажлын хэсгийн тэмдэглэлээс үзэхэд ажлын байранд ялгаварлан гадуурхсан, ажлын байрны дарамт үзүүлсэн эсэх талаар дүгнэлт гаргаж танилцуулах гэсэн асуудлыг хэлэлцсэн байх бөгөөд ажлын хэсгийн нэгдсэн дүгнэлтээр дээрх асуудлууд /ажлын байранд ялгаварлан гадуурхсан, ажлын байрны дарамт үзүүлсэн/ тогтоогдсон болно гэсэн дүгнэлт гаргаж, хуралд гомдол гаргасан Ж.А биечлэн оролцсон, харин Р.Г хуралд биечлэн оролцоогүй үйл баримт тогтоогдож байна. /хх120-125/
Өөрөөр хэлбэл, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний зөвлөмжид заасан байгууллагын дотоод журамд заасны дагуу хяналт шалгалт явуулж, тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн зохих арга хэмжээ авах гэсний дагуу байгуулагдсан Ажлын хэсгийн хурлын тэмдэглэл, гомдол гаргагчийн тайлбараас үзэхэд уг ажлын хэсгийн хуралд Р.Гг оролцуулаагүй, түүнээс бичгээр тайлбар аваагүй нь тогтоогдож байх ба нэхэмжлэгч “...миний талаар ажлын хэсэг хуралдаад дүгнэлт гаргаж байхад би ажлын хэсэг байгуулагдсан, хурал болсон талаар мэдээгүй, хэт нэг талыг барьсан дүгнэлт гаргаж, энэ өдрөө намайг ажлаас халсан...” гэх тайлбар үндэслэлтэй. Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-ийн 123 дугаар зүйлийн зүйлийн 123.3 дах хэсэгт ажил олгогч хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулахаас өмнө ажилтанд мэдэгдэж, тайлбар авч, сахилгын зөрчлийн шинж, үр дагаврыг харгалзан энэ хуулийн 123.2-т заасан хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг сонгож хэрэглэнэ… гэж заасантай нийцээгүй гэж үзнэ.
9. Түүнчлэн, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 05/797 дугаар “Зөвлөмжийн холбогдох хэсэгт өөрчлөлт оруулах тухай” албан бичгийг М Тийн ерөнхий захирал А.Бт хүргүүлсэн байна. Үүнд: ...М -ийн сувгийн захирал Р.Ггаас гомдолд дурдсан асуудалтай холбоотой тайлбар, нэгжийн хурлын дууны бичлэг бусад нотлох баримтыг ирүүлж, биечлэн тайлбар өгсөн бөгөөд ирүүлсэн баримт мэдээллийг үндэслэн нөхцөл байдлыг нэмж тайлбарлах нь зүйтэй гэж үзэж байна., ...Комиссын гишүүний 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 5/27 Зөвлөмжийн 1 дэх хэсгийг “Ажилтнаас М -ийн удирдлагад хүргүүлсэн хөдөлмөрлөх эрхийн асуудалд Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журамд заасны дагуу хяналт шалгалт явуулж, дүгнэлт гаргах, дотоод хяналт шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн зохих арга хэмжээ авах гэж өөрчилж байна.” гэжээ. /хх38-39/
10. Ажилтныг ажлаас халсан тушаал нь эрх зүйн акт болохын хувьд түүнд тавигдах шаардлагыг хангасан байх, улмаар ажлаас халсан тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажлаас халагдсан үндэслэлтэй тохирч Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх ёстой.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Тамгын газрын 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн ТГ-05/1513 дугаар албан бичигт “...2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 5/27 Зөвлөмжийн 1 дэх хэсгээс “Р.Гд холбогдуулан” гэдгийг хасаж, ...хэмээн өөрчилж, М -ийн захирал А.Бтай 2023 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Комиссоос зөвлөмжид өөрчлөлт оруулсан тухай биечлэн уулзаж тайлбарласан бөгөөд 2023 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 05/797 дугаартай албан бичгээр өөрчлөлтийг хүргүүлсэн...” /хх-103/, /хх-142/ гэснээс үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 7 дугаар зүйлийн 7.3 дах хэсэгт зааснаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст нэвтрүүлэгч Ж.А нь ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд ялгаварлан гадуурхах, дарамт үзүүлсэн талаар Р.Гд холбогдуулан гомдол гаргасан боловч хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар нэхэмжлэгч нь Ж.Аыг ажлын байранд ялгаварлан гадуурхсан, ажлын байрны дарамт үзүүлснийг тогтоосон байгууллагын удирдлага, дээд шатных нь албан тушаалтан, холбогдох төрийн бус байгууллага, үйлдвэрчний эвлэл, хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллага, хууль хяналтын байгууллага, хөдөлмөрийн хяналтын байгууллага, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, шүүхийн албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан гэх үндэслэл тогтоогдоогүй гэж үзнэ.
11. Нэхэмжлэгч Р.Г нь “М -ийн хөдөлмөрийн дотоод журмын 6 дугаар бүлгийн 2.2-д зааснаар ажилтан нь М -ийн ажил хэргийн нэр хүндийг ямагт дээдлэх заалт, ажилтны ёс зүйн дүрэмд заасан өндөр сахилга ёс суртахуунтай байж, сонсогч үзэгчдийн итгэл хүндлэлийг хүлээх үүрэгтэй, Ж.Атай биечлэн уулзаж, асуудлыг ярилцаж эв зүйгээр шийдэхээр хоёр сарын хугацаанд зургаан удаа дуудуулсан боловч нэг ч удаа уулзаж байгаагүй. Ж.Аын ажилласан цагийн бүртгэлийг М -иин “Ажилтны цаг бүртгэл, түүнд хяналт тавих журам”-ын 6.9-д зааснаар нэгжийн даргын хувьд хөтөлсөн, өөрт нь тухай бүр мэдэгдсэн, Ажлын байран дээр байдаггүй учраас нэмэгдэл цалин хөлс, гүйцэтгэлийн нэмэгдлийг хасаж тооцсон.” гэсэн тайлбарыг буруутгах боломжгүй байна.
Учир нь хэрэгт нотлох баримтаар ирүүлсэн ажлын цагийн тооцоо гэх хүснэгтээс үзэхэд Ж.А нь 2023 оны 02 дугаар сард ээлжийн амралттай, 3 дугаар сард тасалсан өдөр 9, 72 цаг, 4 сар ажилласан өдөр 10, 80 цаг, 5 дугаар сард тасалсан өдөр 11, 88 цаг гэж бүртгэгдсэн бөгөөд түүний цалин хөлс, гүйцэтгэлийн нэмэгдлийг хасаж тооцон ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд үндэслэлгүйгээр ялгаварлан гадуурхсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. Тодруулбал Ж.А нь тухайн саруудад ажлын өдөр, цагаар бүрэн ажилласан гэх үндэслэл гэрчийн мэдүүлэг болон хэргийн баримтаар тогтоогдоогүй, Хөдөлмөрийн дотоод журмын 100.6-ийн 2.1.3-т заасантай нийцсэн байна. Мөн Ж.А нь М Тийн ерөнхий захирлын 2023 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/65 дугаар тушаалаар 2023 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн MNB world сувгийн ерөнхий продюсерын орон тоог хавсран гүйцэтгэж байжээ. /хх-176/
Хэргийн 142 дугаар талд авагдсан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос нэхэмжлэгч Р.Гд 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 01/206 дугаар хариу өгөх тухай албан бичгийг хүргүүлжээ. Үүнд: “...Ж.А нь Комисст гомдол гаргах үедээ Боомтын захиргаанд үндсэн ажилтнаар ажиллаж байсныг гэрчлэх баримт, М В-ын М сувгийн хурлын аудио бичлэг, холбогдох гэрчүүдийн тайлбар, бусад баримтаас дүгнэхэд та нэвтрүүлэгч Ж.Аыг хөдөлмөрийн харилцаанд үндэслэлгүйгээр ялгаварлан гадуурхсан, дарамт үзүүлсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно...” гэсэн нь Хилийн боомтын захиргааны даргын 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн Б/38 дугаар Ж.Аыг 2023 оны 5 дугаар сарын 09-ний өдрөөс Хилийн боомтын захиргааны хэвлэлийн төлөөлөгчөөр томилсон тушаал, МУ-ын Сайд Боомтын сэргэлтийн үндэсний хорооны даргын 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн А/32 Гадаад улсад томилолтоор ажиллуулах тухай” тушаал, Хилийн боомтын захиргааны даргын 2023 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн Б/55 дугаар тушаал зэрэг баримтаар Ж.А нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст гомдол гаргах үедээ Боомтын захиргаанд үндсэн ажилтнаар ажиллаж байсан нь тогтоогдож байна. /хх-130-132/
12. Мөн М Тийн ерөнхий захирлын 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Б/342 дугаар тушаалд “…Р.Г нь М сувгийн нэр бүхий 4 ажилтныг шагналын журмаар гадаад улсад аялуулахдаа эрх бүхий албан тушаалтантай зөвшилцөөгүй, эрх мэдлээ хэтрүүлсэн” гэсэн үндэслэлийг заажээ.
Хэрэгт авагдсан Монгол Үндэсний олон нийтийн радио телевизийн 2022 оны үйл ажиллагааны тайлангийн 17 дугаар талд “...дөрвөн найруулагчийг Вьетнам улсад аялах хөтөлбөрт хамруулсан байна....” гэснийг нэхэмжлэгч Р.Г тайлбарлахдаа “2022 оны 3 дугаар сард ерөнхий захиралтай амаар тохиролцсон, чадвартай найруулагч нар маань цалин бага учраас ажлаасаа гарах гээд байна гэхэд зөвшөөрсөн” гэх тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй, хариуцагч М т Хөдөлмөрийн дотоод журмын 100.10-ийн 4.5-д Ерөнхий захирал болон бусад удирдлагатай зөвшилцөх асуудлыг бие даан шийдсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн, Хөдөлмөрийн гэрээний 5.5.4-т Ерөнхий захирал болон бусад удирдлагатай зөвшилцөх асуудлыг бие даан шийдсэн, эрх мэдлээ хэтрүүлсэн гэж заасныг зөрчсөн гэх тушаалын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар ажилчдын нийгмийн асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг болон шагнал урамшуулал олгох журамд дээрх асуудлыг ямар байдлаар зохицуулсан эсэхийг баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.
13. Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-ийн 123 дугаар зүйлийн 123.1-д хөдөлмөрийн хууль тогтоомж, хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээ, ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн ажилтын буруутай үйлдэл, эс үйлдэхүйг сахилгын зөрчилд тооцно гэж заажээ.
Ажилтан Р.Гг ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд үндэслэлгүйгээр ялгаварлан гадуурхсан, М сувгийн нэр бүхий 4 ажилтныг шагналын журмаар гадаад улсад аялуулахдаа эрх бүхий албан тушаалтантай зөвшилцөөгүй, эрх мэдлээ хэтрүүлсэн нь тогтоогдоогүй байхад ажил олгогч Монгол Үндэсний олон нийтийн радио телевиз нь түүнийг Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүний 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 05/27 дугаартай зөвлөмж, М -ийн Ерөнхий захирлын 2023 оны А/58 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтээр ажил эрхлэлт, хөдөлмөрийн харилцаанд үндэслэлгүйгээр ялгаварлан гадуурхсан, М сувгийн нэр бүхий 4 ажилтныг шагналын журмаар гадаад улсад аялуулахдаа эрх бүхий албан тушаалтантай зөвшилцөөгүй, эрх мэдлээ хэтрүүлсэн гэж үзэж 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Б/342 дугаар тушаал гаргаж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-ийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна.
14. Иймд нэхэмжлэгч Р.Гг М Тийн М сувгийн захирлын ажилд эгүүлэн тогтоох хууль зүйн үндэслэлтэй.
15. Шүүх нэхэмжлэгч Р.Гг ажлаас нь чөлөөлсөн хариуцагчийн шийдвэр Хөдөлмөрийн тухай хуульд нийцээгүй гэх үндэслэлээр түүнийг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд нь эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж дүгнэсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тооцон нөхөн гаргуулах зүйтэй гэж үзлээ.
Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3, 2.3.5-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон тохиолдолд түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд олгох олговрыг тухайн ажилтны сүүлийн 3 сарын цалин хөлсөөр тооцно” гэжээ.
Р.Ггийн ажиллаж байсан хугацааны нэг сарын дундаж цалин хөлс нь 1,895,700 /5,687,100 : 3 сар = 1,895,700/ төгрөг, нэг өдрийн дундаж цалин хөлс нь 88,172 /1,895,700 төгрөг : 21,5 хоног = 88,172/ төгрөг болох нь Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор тогтоогдож байна. /хх-181/
Нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо сүүлийн гурван сар буюу Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн 2023 оны 3, 4, 5 саруудын цалингаас тооцсон болно.
16. Иймээс нэхэмжлэгч Р.Гг 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрөөс 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны ажлын 178 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 15,694,632 /178 хоног х 88,172 төгрөг = 15,694,632/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж ажил олгогчийн үндсэн үүргийг заасныг баримтлан нэхэмжлэгч Р.Ггийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих баталгаажуулалт хийхийг хариуцагч М Тэд даалгах нь зүйтэй.
17. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Р.Г улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу 236,423 төгрөгийн тэмдэгтийн хураамжийг гаргуулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасантай нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасныг баримтлан хариуцагч М Тийн ерөнхий захирлын 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн Б/342 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Р.Гг урьд ажиллаж байсан ажил буюу М Тийн М сувгийн захирлын ажилд эгүүлэн тогтоосугай.
2. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан хариуцагч М Тээс ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 15,694,632 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Р.Гд олгож, цалин хөлстэй тэнцэх олговор 15,694,632 төгрөгөөс хуульд заасан хувь хэмжээгээр шимтгэл төлж, нэхэмжлэгч Р.Ггийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулахыг хариуцагч М Тэд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Р.Г улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 236,423 төгрөгийн гаргуулж улсын орлогод оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ