Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 102/ШШ2024/01379

 

 

э

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 18 дугаар хороо, тоотод оршин байрлах “О Т Ф” ХХК-д холбогдох,

 

13,540,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.

 

(Хариуцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч М Оон нь   “О Т Ф” ХХК-д холбогдуулан 13,540,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

“Хариуцагч “О Т Ф” ХХК нь өөрийн гүйцэтгэх захирал Т.А-р төлөөлүүлэн, нэхэмжлэгч М О-ны захирлын туслах Ц.У ордныг төлөөлөн 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр “Тоглолт, арга хэмжээ, ажил үйлчилгээ явуулах тухай” ТА-23/84 дугаартай гэрээг байгуулан, тус ордны их танхимд 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд өдөр бүр “Хайрт Фамила минь” “Бүгд чамд хайртай” жүжгүүдийг тоглохоор, энэ тоглолтын түрээсийн төлбөрт нийт 95,700,000 төгрөг төлөхөөр тохирсон. Жүжгийг тоглосоор 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөр дуусгавар болгон энэ хүртэл 15 хоног тоглосон тоглолтын түрээсийн төлбөрт 45,540,000 төгрөг төлөхөөр тооцоо нийлээд, 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөө 32,000,000 төгрөгийг төлж, үлдэх 13,540,000 төгрөгийг 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн дотор төлөхөөр акт үйлдэж, тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан ба удаа дараа утсаар холбогдсон боловч одоог хүртэл төлөөгүй байна. Иймд 13,540,000 төгрөгийг хариуцагчаас төлүүлэхээр шаардаж байна.” гэжээ.

 

2. Хариуцагч “О Т Ф” ХХК хариу тайлбартаа: “Миний бие Т.А “О Т Ф” ХХК-ийн М О-ны тайз түрээсийн төлбөр 13,540,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хоёр хувааж төлөх саналтай байна. Манай театр жилд хавар, намрын улиралд хоёр жүжиг тавьж тоглолт хийдгээс шалтгаалан 2024 оны 7 сард эхний хагас, 2024 оны 12 дугаар сард сүүлийн хагасыг төлж барагдуулах боломжтой байгаа тул бидний боломжийг харгалзан үзэхийг хичээнгүйлэн хүсье.” гэжээ.

 

            3. Нэхэмжлэгчээс Итгэмжлэл /хх-4/, М Оны улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, М Оерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийн тогтоол /хх-6/, М Оны дүрэм /хх7-10/, М Од зохиогдох тоглолт, арга хэмжээ, бусад ажил үйлчилгээний гэрээ /хх11-12/, “О Т Ф” ХХК-ийн хүсэлт /хх-13/, Арга хэмжээний гэрээний үнийн дүнд өөрчлөлт оруулах, төлбөр төлөх тухай акт №2 /хх-14/, Тооцооны үлдэгдлийн баталгаа /хх-15/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Хариу тайлбар /хх-22/ баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч М О дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Тоглолт, арга хэмжээ, ажил үйлчилгээ явуулах тухай” ТА-23/84 дугаартай гэрээг байгуулан,  гэрээг 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөр дуусгавар болгон энэ хүртэл 15 хоног жүжиг тоглосон тоглолтын түрээсийн төлбөрт 45,540,000 төгрөг төлөхөөр тооцоо нийлээд, 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөө 32,000,000 төгрөгийг төлж, үлдэх 13,540,000 төгрөгийг 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн дотор төлөхөөр акт үйлдэж, тооцооны үлдэгдлийг баталгаажуулсан.” гэж тайлбарлажээ.

 

3. Хариуцагч “О Т Ф” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн.  Үүнд: “...“О Т Ф” ХХК-ийн М О-ны тайз түрээсийн төлбөр 13,540,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хоёр хувааж төлөх саналтай байна.” гэжээ.

 

 4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Зохигчид 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ТА-23/84 “М Од зохиодох тоглолт, арга хэмжээ, бусад ажил үйлчилгээний гэрээ”-г бичгээр байгуулсан байх ба уг гэрээгээр М О нь өөрийн өмчлөлийн Их танхим /заал танхим, өрөө, талбай, тоног төхөөрөмж, бусад үйлчилгээ гэх мэт/ зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг “О Т Ф” ХХК-ийн эзэмшил, ашиглалтад шилжүүлэх, “О Т Ф” ХХК нь 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл хөрөнгийг ашигласан төлбөрт нийт 95,700,000 төгрөгийг төлөх үүргийг тус тус хүлээжээ. /хх11-12/ 

 

6. Энэхүү гэрээний агуулга, шинж, нөхцөл, талуудын хүлээсэн эрх, үүргээс дүгнэвэл Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө хөлслөх гэрээ байгуулагдсан байна. Өөрөөр хэлбэл дээрх гэрээгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн өмчлөлийн хөрөнгийг хугацаатай ашиглаж, ийнхүү ашигласны хөлсийг төлөх үүрэг хүлээсэн байх ба уг эд хөрөнгийг ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах тохиролцоо хийгдээгүй байна.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

7. “О Т Ф” ХХК нь 2023 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр М Оонд дараах агуулга бүхий хүсэлтийг гаргажээ. Үүнд: “О Т Ф” ХХК нь 2023 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн хооронд М Оонд “Бүгд чамд хайртай” сэтгэхүйн комеди драмын жүжиг тоглохоор тохирсон. Гэвч үзэгчдийн нөхцөл байдлыг харгалзан үзэж 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл тоглох боломжгүй болсон. Тиймээс жүжгээ 9 дүгээр сарын 16-ны өдрөөр дуусгавар болгож, тооцооны үлдэгдлийг 9 дүгээр сарын 18-ны өдөр дуусгах хүсэлтэй байна.” гэжээ. /хх-13/

 

Талуудын 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр акт №2 “Арга хэмжээний үнийн дүнд өөрчлөлт оруулах, төлбөр төлөх тухай” баримтаар нэхэмжлэгчийн хүсэлтээр эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцааг 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөр дуусгавар болгожээ. Энэ нь Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.4 дэх хэсэгт “Эрх бүхий этгээд гэрээ цуцлах үндэслэл байгааг мэдсэнээс хойш ердийн боломжит хугацааны дотор гэрээнээс татгалзаж болно” гэж, мөн хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1 дэх хэсэгт “Аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухай нөгөө талдаа мэдэгдэнэ” гэж заасантай тус тус нийцэх юм.

 

8. Зохигчид 2023 оны 7 дугаар сарын 31-ний өдөр ТА-23/84 тоот гэрээний нийт үнийн дүнг 45,540,000 төгрөг болгон гэрээнд өөрчлөлт оруулж акт үйлдсэн байх бөгөөд “О Т Ф” ХХК нь 2023 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр 32,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл 13,540,000 төгрөгийг 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн дотор төлөхөөр харилцан тохиролцсон нь тооцооны үлдэгдлийн баталгаа гэх баримтаар тогтоогдож байна. /хх14-15/

 

Эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа нэхэмжлэгчийн хүсэлтээр 2023 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр дуусгавар болсон байх ба хариуцагч энэ хүртэл хугацааны үлдэгдэл хөлс төлөх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.2-т зааснаар хариуцагчаас гэрээнд заасан үлдэгдэл 13,540,000 төгрөгийн хөлс төлөхийг шаардах эрхтэй.

 

9. Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 13,540,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

10. Хариуцагч “О Т Ф” ХХК-ийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

11. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 225,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 225,650 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “О Т Ф” ХХК-аас 13,540,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  М Оонд олгосугай.    

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч М Ооны улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 225,650 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “О Т Ф” ХХК-аас  улсын тэмдэгтийн хураамжид 225,650 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ