Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 11 өдөр

Дугаар 102/ШШ2024/01236

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, тоотод оршин байрлах “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 6 дугаар хороо, тоотод оршин суух Б.В /РД:АМ69102917/-д холбогдох,

 

2,665,484.78 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н, гэрч Б.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч   нь   холбогдуулан  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

1.1 “Манай “Х” ХХК нь Орон сууц ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд БГД-ийн 6-р хороонд байрлах к104-р байрны инженерийн шугам сүлжээний ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллаж байна.

Дээрх *тоотыг эзэмшигч В нь орон сууц ашиглалтын төлбөр /халаалт, халуун ус, цэвэр ус, бохир ус, суурь хураамжууд/-ийг 2019 оны 09 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд 2,665,484.78 төгрөг төлж барагдуулаагүй байгаа болно.

Манай байгууллага нь тухайн айлд төлбөрийн мэдэгдлийг сар бүр мессеж болон бичгээр хүргүүлж байсан болно. Дээрх хугацаанд тухайн айлыг халаалт, халуун ус, цэвэр усаар тасралтгүй хангаж харилцагч байгууллага /“УБДС” ТӨХК, УСУГазар/-уудад сар бүр төлбөрийн үлдэгдэлгүй байгаа болно.

Иймд манай компани нь цаашид үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй байгаа тул дээрх айлын төлбөрийг барагдуулж бидний ажилд тус болно уу.” гэжээ.

 

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н хариу тайлбартаа: “Эрчим хүчний тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дах хэсэгт зааснаар хариуцагч би Эрчим хүчний зохицуулах хороонд энэ маргааныхаа талаар гомдол гаргаж 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 8/491 тоот албан бичгээр гомдлын хариугаа авсан. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.4 дэх хэсэгт дангаар өмчлөх талбайн хэмжээг тодорхойлохдоо сууц өмчлөгчийн сууцны талбай дээр дангаар өмчлөх сууцны бус зориулалттай талбайн гуравны нэгийг нэмнэ гэж заасны дагуу үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дээрх талбайн хэмжээ болох 37,8 м.кв талбай дээр нэмэх нь сууцны бус зориулалттай талбай 7,067 м.кв үүний гуравны нэг нь 2,33 м.кв нэмж манай орон сууцны нийт талбайг 40,3 м.кв болно гэж тогтоож, тодорхойлж өгсөн. Хариуцагч би “Х” ХХК-ийг хариуцаж буй дээд байгууллагаас нь хуулийн дагуу тооцон гаргасан 40,3 м.кв талбайг хүлээн зөвшөөрч байгаагаа шүүхэд нотлох баримтын хамт гаргаж өгсөөр байтал нотлох баримтыг үнэлээгүй, нэхэмжлэгч талд илт давуу байдлыг олгож, “Х” ХХК-ийн хамаарал бүхий хэмжилтийн компанийг шинжээчээр оруулан дүгнэлт гаргуулж, уг дүгнэлтээр манай м.кв талбайг 43,58 м.кв болгон өөрчлүүлсэн байсан. “Х” ХХК нь манай орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дээрх биччихсэн 37,8 м.кв талбайг хэдэн янзаар шивж илүү төлбөр нэхэж өнөөдрийг хүртэл хохироосоор байна. Талбайн хэмжээг 38 м.кв, 49,4 м.кв, 44,97 м.кв, 43,58 м.кв гэх мэтээр программдаа шивсэн байсан. Би 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төлбөрийн баримтаа авахаар ороход 2 янзаар хэвлэж өгснийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгч байна. Иргэдийн итгэл дээр анзаараагүй байдлыг ашиглан тоглож луйвар хийгээд сурчихсан компани байна гэдгийг олон зүйлээс харж байна. Өмнөх шүүх хурлын хэлэлцүүлэгт захирал Б.Т нь 2006 оноос эхлэн манай байрны 37,8 м.кв талбай дээр 11,6 м.кв-ыг автоматаар нэмж, 49,4 м.кв талбайгаар тооцон илүү төлбөр авч байсан, хэрэглэгчээс авах ёсгүй ЦТП-ний төлбөр болох 5000 төгрөгийг сар бүр авч байснаа, хэрэглэгчийн зөвшөөрөлгүй, гэрээгүй, даатгалын төлбөр гэх 1500 төгрөгийг авч байснаа, тоолуурын заалт аваагүй мөртлөө цэвэр, бохир усны тоолуурын заалтыг баримжаалж зохиож тооцоон өндөр төлбөр нэхэмжилсэн зэрэг дээрх хууль бус үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Үүнийг нь давж заалдах шатны шүүх хянаад Б.Тыг үндэслэлгүй хөрөнгөжсөнийг тогтоосон. Иймд мэргэжлийн байгууллагаас нь хууль дүрмийн дагуу тооцож гаргаж өгсөн талбайн хэмжээ болох 40,3 м.кв-аар орон сууц ашиглалтын төлбөрийг тооцож шийдэж өгнө үү.

Орон сууц ашиглалтын гэрээний талаар: Хариуцагч би “Х” ХХК-тай 2007-2009 он хүртэл 2 жилийн хугацаатай орон сууц ашиглалтын гэрээг хийж байсан. Үүнээс хойш 14 жилийн хугацаанд огт гэрээ байгуулаагүй. Би 2006-2015 он хүртэл огт гэрээ хийгээгүй мөртлөө иргэний үүргээ биелүүлж төлбөрөө цаг хугацаанд нь төлөөд явж байсан. Гэвч энэ Б.Т гэдэг захирлыг ийм хууль бус зүйлийг хийж илүү төлбөр авч хохироосон байсныг 2015 онд мэдээд өөрт нь 2-4 удаа өргөдөл гаргаж байсан боловч нэг ч удаа хариу өгөөгүй тул дээд байгууллагад нь хандаж сөн шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргаж байсан. “Х” ХХК-аас илүү төлсөн төлбөрөө гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг минь анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хөөн хэлэлцэх хугацаа дууссан болгож намайг хохироож шийдсэнийг давж заалдах шатны шүүхээс хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байна гэж өөрчилж шийдсэн. Энэ бүгдээс харахад Б.Т иргэнтэй гэрээ хийсэн ч хийгээгүй ч хамаагүй шүүх тэртээ тэргүй хэрэглэсэн дулаан, усныхаа төлбөрийг төл гээд шийдчихдэг юм чинь битгий гэрээ хий, битгий харьц, оффисруу оруулж болохгүй гээд доод ажилчдаа үүрэг өгчихсөн байсан. Хариуцагч миний хувьд Эрчим хүчний зохицуулах хорооны 292 тоот тогтоолын 2.1, 2.3.4, 2.6, 2.3.14, 3.5, 3.8, 5.1.1, 5.1.2, 5.1.8, 5.1.9 дэх заалтуудын дагуу гэрээ огт хийгээгүй тул төлбөрийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, төлөх үндэслэлгүй юм.

2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШЗ2023/1787 тоот хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамжид Б.Т захирал нь Хот суурин, ус хангамж ариутгах татуургын ашиглалт үйлчилгээний зохицуулах зөвлөлд хандаж сонсгол зохион байгуулсан. Уг сонсгол дээр 2 тал болсон процессыг 1 бүрчлэн ярьж дууссаны дараа “Х” ХХК-аас хэрэглэгчтэй огт гэрээ хийгээгүй байж мөнгө нэхэмжилнэ гэж байхгүй, хэрэглэгчийн эрхийг зөрчиж байна, мөн хэрэглэгчтэй заавал гэрээ байгуулахыг 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 01/101 тоот албан бичгээрээ үүрэг өгсөн тухай надад хариу өгсөн. Шүүх дээр “Х” ХХК нь манайхтай огт гэрээ хийгээгүй хүлээн зөвшөөрдөг.

“Х” ХХК нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад нэхэмжлэлээ нэмэгдүүлэн оруулж ирж шийдүүлсэн хугацааны төлбөрөө дахин нэхэмжлээд оруулж ирсэн байна. Нэхэмжлэлдээ 2019 оны 9 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны төлбөр гэжээ. Өөрсдийнх нь сар бүр гадаа үүдэнд наасан баримтууд нотолно. Энэ үйлдэл нь бас луйвар хийх нэг арга нь гэж харж байна. Угтаа 2020 оны 6 дугаар сар хүртэлх хугацааны төлбөрөө нэмэгдүүлж орж ирэх байсан. Төлбөрийн задаргаатай танилцахад тэр чигтээ алдаа үнэ тариф зөрүүтэй, хэмжих нэгж буруу, хөлийн дүн буруу, тоолуурын заалтыг зохиож бичсэн, өмнөх луйвраа дахин үргэлжлүүлж байна. Бас л шүүх зөвч байсан буруу ч байсан компанийн талд шийддэг гээд бардчихсан. Б.Т нь БГД-ын шүүх миний гарт гэж даналзсан, 37,8 м.кв талбайтай байрныхаа төлбөрийг төлж чадахгүй байж гэж доромжилдог, нягтлан нь нүүр рүү ус цацаж, ажилчид нь бөөнөөрөө бүлэглэн дайрч давшлан олон жил доромжлуулж явна.” гэж маргажээ.

 

 3. Нэхэмжлэгчээс Итгэмжлэл /хх-3/, 32 тоотын төлбөрийн дэлгэрэнгүй /хх-4,/,  “Х” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-5/, Эрчим хүчний зохицуулах хорооны албан бичиг /хх-6, 121-122/, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөл /хх-7/, Монгол шуудан ХК-ийн албан бичиг /хх8-11/, Дансны хуулга /хх-81/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх-82-86/, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хх-87-91/, Хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоол /хх-92-95/, Тайлбар /хх-110/, 32 тоотын 2019.09-2023.9 хүртэлх төлбөрийн дэлгэрэнгүй, Усны тоолуурын заалтын фото зураг /хх-115-116/, Ц.Д тайлбар /хх-124/, Усны тоолуурын заалт /хх-125/, 32 тоотын 2019.09-2023.03 хүртэлх төлбөрийн дэлгэрэнгүй /хх-123/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас Итгэмжлэл /хх-16/, Хариу тайлбар /хх21-28/, Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамж /хх-29/, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн албан бичиг /хх-30-31/, Улаанбаатар хотын хэрэглэгчдэд борлуулах дулааны тариф /хх-32/, Эрчим хүчний зохицуулах хороо өргөдлийн хариу /хх-33/, Эрчим хүчний зохицуулах хорооны 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 292 дугаар тогтоолын хавсралт /хх-34-37/, НААҮ-ний “Х” ХХК Орон сууц эзэмшигч өмчлөгч нартай ашиглалтын явцад үүсэх харилцааг зохицуулах гэрээ /хх-38-39, 42/, Баянгол дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт /хх-40/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан хүсэлт /хх-41/, Орон сууц ашиглалтын карт /хх-43, 49/, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн гэрчилгээ /хх-44/, “Х” ХХК-ийн мэдэгдэл /хх-45-46/, Төлбөрийн нэхэмжлэх /хх50-62/,Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал /хх63-67/,  Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын шийдвэр /хх-13/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны тэмдэглэл /хх-126-128/, 2006-2015.01 хүртэлх тооцооны задаргаа /хх-129-131, 133/, Эрчим хүчний зохицуулах хорооны 2014 оны 189 дүгээр тогтоолын хавсралт /хх-132/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч “Х” ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: 

2.1 “Х” ХХК нь Орон сууц ашиглалт, засвар үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд БГД-ийн 6 дугаар хороонд байрлах *тоотыг эзэмшигч Б.В нь орон сууц ашиглалтын төлбөр /халаалт, халуун ус, цэвэр ус, бохир ус, суурь хураамжууд/-ийг 2019 оны 09 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд 2,665,484.78 төгрөг төлж барагдуулаагүй. Дээрх хугацаанд тухайн айлыг халаалт, халуун ус, цэвэр усаар тасралтгүй хангаж харилцагч байгууллага /“У” ТӨХК, УСУГазар/-уудад сар бүр төлбөрийн үлдэгдэлгүй байгаа тул хариуцагчаас 2,665,484.78 төгрөгийг шаардах эрхтэй.

2.2 “Хариуцагчаас усны тоолуурын заалтыг авч болно гэсний дагуу авч тооцоо хийхэд 2019 оны 9 сараас 2023 оны 9 сарыг дуустал халаалт, халуун ус, цэвэр усны дэлгэрэнгүй тооцоогоор нийт 2,926,786.86 төгрөг болсон тул хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

3. Хариуцагч Б.В нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “Эрчим хүчний зохицуулах хорооноос манай орон сууцны нийт талбайг 40,3 м.кв болно гэж тогтоож, тодорхойлж өгсөн. Иймд мэргэжлийн байгууллагаас нь хууль дүрмийн дагуу тооцож гаргаж өгсөн талбайн хэмжээ болох 40,3 м.кв-аар орон сууц ашиглалтын төлбөрийг тооцож шийдэж өгнө үү. “Х” ХХК нь 14 жилийн хугацаанд огт гэрээ байгуулаагүй. 2019 оны 9 дүгээр сараас 2023 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны төлбөр нэхэмжлэх ёсгүй. Усны тоолуурын заалт аваагүй мөртлөө цэвэр, бохир усны тоолуурын заалтыг зохиож тооцоон өндөр төлбөр гаргадаг.” гэж маргажээ.

 

 4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

5. Баянгол дүүрэг, 6 хороо, *тоот орон сууц үл хөдлөх хөрөнгийг өмчлөгч хариуцагч Б.В болох нь өмчлөх эрхийн гэрчилгээ баримтаар, тухайн орон сууцны барилгын ашиглалт, засвар үйлчилгээ хэрэглээний ус, дулаанаар хангах үйлчилгээг нэхэмжлэгч “Х” ХХК хариуцан ажилладаг болох нь талуудын тайлбар, гэрчилгээ баримтаар тогтоогдож байна.

 

6. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 102/ШЗ2023/01787 дугаар шүүгчийн захирамжид заасны дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3-т зааснаар талууд маргаанаа урьдчилан шийдвэрлэх журмаар Эрчим хүчний зохицуулах хороо, мөн Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд хандсан нь дээрх байгууллагуудаас өргөдөл, гомдлын хариуг талуудад хүргүүлсэн албан бичиг нь хэрэгт авагдсан байна. /хх-6, 7, 30/

 

7. Орон сууцны талбайн хэмжээг зөв тооцсон эсэх, нэхэмжлэгчтэй халаалт болон ус ашиглалтын гэрээ байгуулсан эсэх нь талуудын маргааны зүйл байна.

 

8. Нэхэмжлэгч хариуцагчаас 2019 оны 09 дүгээр сараас 2023 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуусталх хугацааны хэрэглээний ус, дулааны төлбөрийг нэхэмжилсэн бөгөөд эрх бүхий хуулийн этгээдийн тогтоосон үнэ тарифын дагуу хэрэглээний ус дулааны төлбөрийг тооцсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-32, 121-123/   

 

9. 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00639 дүгээр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1098 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 001/ХТ2022/00630 дугаар Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор хариуцагч Б.Вгээс 2019 оны 8 дугаар сарыг дуустал хугацааны хэрэглээний ус, дулааны төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн үйл баримт тогтоогдсон. /хх 82-95/

 

Нэхэмжлэгч “Х” ХХК нь 2019 оны 9 дүгээр сараас хойших хугацааны ус, дулааны төлбөрийг хариуцагч Б.Вгээс шаардах эрхтэй байна.

 

10. Мөн 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 102/ШШ2020/00639 дүгээр шүүхийн шийдвэр, 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 1098 дугаар Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 001/ХТ2022/00630 дугаар Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны тогтоолоор хариуцагч Б.Вгийн Баянгол дүүрэг, 6 хороо, *тоот орон сууцны талбайн хэмжээг шүүхээс томилсон шинжээчийн дүгнэлтээр орон сууцны м.кв-ыг 44,97 м.кв гэж тодорхойлсон, үүнээс 4,62 м.кв тагтны хэсгийн 1/3 буюу 1,54 м.кв талбайг хасч тооцвол орон сууцны талбайн хэмжээ нь 43,58 м.кв талбайд ногдох хэмжээгээр дулааны төлбөр тооцсон гэж дүгнэсэн байна.

 

Хариуцагч нь Эрчим хүчний зохицуулах хорооны 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 8/491 тоот албан бичгээр манай орон сууцны нийт талбайг 40,3 м.кв болно гэж тогтоож, тодорхойлж өгсөн тул орон сууцны нийт талбайг 40,3 м.кв-аар тооцож нэхэмжлэх байсан гэх татгалзал үндэслэлгүй бөгөөд энэ талаар өмнө нь шүүх шийдвэрлэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзэн хариуцагч Б.Вгийн өмчлөлийн орон сууцны нийт талбайг 43.58 м.кв-аар тооцсоныг шүүх дахин нотлохгүй. 

 

11. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар орон сууц өмчлөгч нь өөрийн өмчлөлд байгаа сууц болон сууцны бус зориулалттай хэсгийн халаалт, цэвэр бохир ус, ариутгал... зэрэг ашиглалтын төлбөрийг эрх бүхий байгууллагад төлөх үүрэгтэй.

 

Хариуцагч ус, дулаанаар хангагдаж байсан тухайд маргаагүй ба дээрх хуульд заасан үүргээс чөлөөлөгдөх ямар нэг хууль зүйн үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй.

 

Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 211 дүгээр "Коронавируст халдвар (Ковид-19)-ын цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай" тогтоолд заасны дагуу дулааны эрчим хүч, дулааны уур хэрэглэсний төлбөр, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийг төрөөс хариуцсан ба 2020 оны  12 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарыг дуустал хугацааны ус, дулааны төлбөрийг хасч тооцсон болох нь хэргийн 4 дүгээр талд авагдсан Баянгол дүүрэг, 6 хороо, * тоотын 2019.09-2023.09 сарыг дуустал хугацааны төлбөрийн дэлгэрэнгүй тооцооны хүснэгтээр тогтоогдож байна.

 

12. Нэхэмжлэгч “Х” ХХК нь “...Усны тоолуурын заалтыг хариуцагч 2020 оны 12 дугаар сараас хойш нэг ч удаа өгөөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад усны төлбөрийг тодорхой болгох үүднээс шүүхээс усны тоолуурын заалтыг ав гэсний дагуу 2023 оны 11 дүгээр сарын байдлаар авч дэлгэрэнгүй тооцоог дахин гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа 2,926,786.86 төгрөг болгосон тул хариуцагчаас гаргуулж өгнө үү” гэж тайлбар гарган нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн гэх боловч энэ талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2 дах хэсэгт заасны дагуу улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргаж өгөөгүй, хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт гаргаагүй тул 261,302 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.

 

13. Иймд Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1-д зааснаар хариуцагч Б.Вгээс өөрийнх нь өмчлөлийн орон сууцны хэрэглээний ус, дулааны төлбөрт нийт 2,665,484.78 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 261,302 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох хуулийн үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.

 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,582 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 57,582 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтоов.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Б.Вгээс хэрэглээний ус, дулааны төлбөрт нийт 2,665,484.78 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Х” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх 261,302 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 57,582 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 57,582 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

           

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ