Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/01045

 

 

                                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:  Орхон аймаг, Баян-Өндөр сум,   тоот хаягт оршин суух А овогт С Гын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, оршин байрлах “Э” ХХК-д холбогдох,

Гэрээнээс татгалзаж, 68,288,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.

(Хариуцагчийн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч С.Г  нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан гэрээнээс татгалзаж, 68,288,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: “Миний бие “Э” ХХК-тай 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ” байгуулж Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багт баригдах блокийн барилгаас 2 өрөө, 42,68 м.кв орон сууцыг 68,288,000 төгрөгөөр худалдан авч төлбөрийг 100 хувь төлж барагдуулсан.

Тус орон сууц нь нийт 16 давхар барилга ба барилгыг 2023 оны 2 дугаар улиралд багтаан ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан боловч одоогоор уг барилга нь 2 давхар баригдаж, барилгын ажил зогссон байдалтай байна.

2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-ний 4.1.3-т “Гүйцэтгэгч нь барилгын ажлыг батлагдсан зураг төслийн дагуу Монгол Улсын барилгын тухай хууль, холбогдох барилга байгууламжийн норм, норматив, стандарт шаардлагад нийцүүлэн гүйцэтгэж, 2023 оны 2 дугаар улиралд багтаан дуусгах бөгөөд орон сууцыг улсын комисс хүлээн авсны дараа захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй” гэжээ. Гэтэл тус орон сууц нь өнөөдрийн байдлаар 30 хувьдаа ч хүрээгүй нөхцөл байдалтай байгаа нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь миний эрх ашгийг ноцтой хөндөөд байна.

Иймээс “Э” ХХК-тай 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-нээс татгалзаж, орон сууцны төлбөрт 68,288,000 төгрөг төлснийг буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү.” гэжээ.

 

            2. Нэхэмжлэгчээс Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, Орон сууц захиалан бариулах тухай гэрээ /хх5-8/, мөнгөн шилжүүлгийн баримт /хх-31/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

            Шүүхээс Баянгол дүүргийн 2 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Монгол шуудан ХК-ийн магадлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээллийн баримт зэргийг бүрдүүлсэн.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.

2. Нэхэмжлэгч С.Г дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-ний 4.1.3-т “...2023 оны 2 дугаар улиралд багтаан дуусгах бөгөөд орон сууцыг улсын комисс хүлээн авсны дараа захиалагчид хүлээлгэн өгөх үүрэгтэй” гэж заасан боловч өнөөдрийн байдлаар 30 хувьдаа ч хүрээгүй нөхцөл байдалтай байгаа нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээнээс татгалзаж, 68,288,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

            3. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

4. Нэхэмжлэгч С.Г нь 2022 оны 3 сарын 31-ний өдөр “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-г хариуцагч “Э” ХХК-тай байгуулж, “Э” ХХК нь Орхон аймаг, Баян-Өндөр сумын Цагаанчулуут баг, *блокийн 609 тоот, 2 өрөө, 42,68 м.кв орон сууцыг барьж ашиглалтад оруулах, захиалагч С.Г нь орон сууцны талбай 42,68 м.кв байрны нийт төлбөр 68,288,000 төгрөг, 1 м.кв-ын үнийг 1,600,000 төгрөгөөр тооцож, төлбөрийг төлж барагдуулахаар талууд тохиролцжээ.

5. Дээрх төлбөрийг нэхэмжлэгч С.Г гэрээ байгуулагдсан 2022 оны 3 сарын 31-ний өдөр нийт 68,288,000 төгрөгийг хариуцагч “Э” ХХК-д төлсөн болох нь хэрэгт авагдсан Хаан банкны төлбөрийн баримтаар тогтоогдож байна.

6. Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсчээ. 

7. Талуудын маргааны зүйл нь орон сууцыг гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэгчээс захиалагчид хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй байна.

8. Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

Гэрээний 4.1.3-т зааснаар хариуцагч “Э” ХХК нь орон сууцны барилгын ажлыг батлагдсан зургийн дагуу 2023 оны 2-р улиралд багтаан дуусгах бөгөөд орон сууцыг улсын комисс хүлээн авсны дараа захиалагчид хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн ба энэ үүргээ хэрэгжүүлээгүй үйл баримт тогтоогдож байна.

9. Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-т зааснаар үүргийг тогтоосон газар, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх зарчимтай ба мөн хуулийн 208 дугаар зүйлийн 208.1-т зааснаар үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэхээр заасан.

Иймээс Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1.1, 222.1.2-т зааснаар үүрэг гүйцэтгэгч “Э” ХХК-ийг хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1 дэх хэсэгт зааснаар гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

10. Тухайн ажил гүйцэтгэх гэрээний хуулийн зохицуулалтаар гэрээний үүргийн зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгч тал гэрээ цуцалж, учирсан хохирлоо шаардах эрхтэй тул нэхэмжлэгч С.Г нь гэрээний төлбөрт төлсөн нийт 68,288,000 төгрөгийг гэрээ цуцалсантай холбоотойгоор уг мөнгөө буцаан шаардах эрхтэй гэж үзнэ.

11. “Э” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрх бүхий этгээд Бямбасүрэнгийн Ц болох нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын нээлттэй мэдээллийн баримтаар тогтоогдож байх бөгөөд тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 102/ШЗ2023/20230 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагчийг албадан ирүүлэн, хариуцагчийн төлөөлөгч Б.Цд 2024 оны 01 сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардуулж, эрх үүргийг тайлбарлаж өгсөн хэдий ч хуульд заасны дагуу бичгээр тайлбарыг шүүхэд ирүүлээгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2. дах хэсэгт зааснаар хариуцагч “Э” ХХК-ийн төлөөлөгч Б.Ц нь нэхэмжлэлийг гардан авсан өдрөөс 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ 2024 оны 02 сарын 29-ний өдрийг хүртэл биелүүлээгүй.

Дээрх хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч хариу тайлбарыг бичгээр ирүүлэх үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох хуулийн зохицуулалттай.

Мөн тус шүүхийн шүүгчийн захирамжаар хариуцагч Б.Цгийн өмгөөлөгч авах хүсэлтийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан боловч хариуцагч нь энэхүү эрхээ эдэлж, өмгөөлөгч аваагүй ба шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

12. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ цуцлах болсон үндэслэлийг захиалагчийн буруугаас шалтгаалаагүй, гүйцэтгэгч “Э” ХХК нь барилгыг гэрээгээр тохирсон хугацаанд барьж ашиглалтад оруулан нэхэмжлэгчид хүлээлгэн өгөөгүй нь тогтоогдож байх тул “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-г цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

13. Иймд талууд хороонд байгуулагдсан “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-г цуцалж, гэрээний төлбөрт төлсөн 68,288,000 төгрөгийг хариуцагч “Э” ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч С.Гт олгох нь зүйтэй байна.

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 499,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 499,390 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг баримтлан 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн “Орон сууц захиалан бариулах тухай гэрээ”-г цуцалж, хариуцагч “Э” ХХК-аас гэрээний төлбөрт төлсөн нийт 68,288,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Гт олгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч С.Гын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 499,390 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Э” ХХК-иас 499,390 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Гт олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ