| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Магнайбаярын Мөнхдаваа |
| Хэргийн индекс | 1802004370022 |
| Дугаар | 2021/ДШМ/83 |
| Огноо | 2021-10-27 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Х.Оюунцэцэг |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2021 оны 10 сарын 27 өдөр
Дугаар 2021/ДШМ/83
Ч.Шт холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Х.Оюунцэцэг
Шүүгдэгч Ч.Ш
Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2021 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ч.Шын өмгөөлөгч Г.Мөнхбаярын гаргасан давж заалдсан гомдлоор Ч.Шт холбогдох эрүүгийн 1802004370022 дугаартай хэргийг 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ч.Ш нь 2018 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төв аймгийн Заамар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт “Баянгол” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж, газрын хэвлийд халдсаны улмаас байгаль экологид 8.520.045 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Нийслэлийн Прокурорын газраас Ч.Шт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх: Нийслэлийн Прокурорын газраас шүүгдэгч Боржигон овогт Чулуунбаатарын Шыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул хийсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн үйлдлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар хэрэгсэхгүй болгож,
Шүүгдэгч Боржигон овогт Чулуунбаатарын Шыг тусгай зөвшөөрөлгүйгээр олборлолт явуулж, газрын хэвлийд халдсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Шт хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар Ч.Шт оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг болгож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэг, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.Ш хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялаар солихыг сануулж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Шаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 64-76УНР улсын дугаартай “Jianhuai” маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 25.000.000 төгрөгийг, 20-33 УБЕ улсын дугаартай “Sinotruck-ZZ3257” маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 25.000.000 төгрөгийг Хьюндай 3000 LC-7” маркийн экскаваторын үнэлгээ болох 100.000.000 төгрөгийг, “XCMG” ковшийн үнэ болох 22.000.000 төгрөгийг, алт угаах төхөөрөмжийг үнэ болох 30.000.000 төгрөгийг нийт 202.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож,
Эрүүгийн 1802004370022 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Мөнхбатын эзэмшлийн “Хьюндай 3000 LC-7” маркийн экскаваторын компьютерыг битүүмжилсэн 2018 оны 10 дугар сарын 01-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 101 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, “Хьюндай 3000 LC-7” маркийн экскаваторын компьютерыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хууль ёсны эзэмшигч Б.Мөнхбатад буцаан олгохыг, иргэний бичиг баримт ирээгүйг, шүүгдэгч Ч.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбаяр давж заалдах гомдолдоо: Шийтгэх тогтоолын Тогтоох нь хэсгийн 6 дугаар зүйлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ч.Шаас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 64-76 УНР улсын дугаартай "Jianhua" маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 25.000.000 төгрөгийг, 2033-УБЕ улсын дугаартай “Sinotruc-ZZ3257" маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгслийн үнэлгээ болох 25.000.000 хорин таван төгрөгийг, Хьюндай 3000 LС-7 маркийн экскаваторын үнэлгээ болох 100.000.000 төгрөгийг, "XCМG" ковшийн үнэ болох 22.000.000 төгрөгийг, алт угаах төхөөрөмжийн үнэ болох 30.000.000 төгрөгийг, нийт 202.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар хууль буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.
Учир нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэрэг үйлдсэн хүнээс албадан гаргуулна гэж заажээ.
Гэтэл шүүгдэгч Ч.Ш нь газрын хэвлийд хууль бусаар халдсан гэмт хэрэгт холбогдсон ба түүнээс ямар нэгэн ашиг, орлого олоогүй болохыг мөрдөн байцаалтын шатанд тогтоосон, шүүхийн шатанд газрын хэвлийд учруулсан хохирлоо бүрэн барагдуулсан.
1802004370022 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн 64-76 УНР улсын дугаартай "Jianhua" маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгсэл, 2033-УБЕ улсын дугаартай "Sinotruc-ZZ3257" маркийн өөрөө буулгагч тээврийн хэрэгсэл, Хьюндай 3000 LC-7 маркийн экскаватор, "ХСМG" ковш, алт угаах төхөөрөмж зэрэг нь гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл бөгөөд дээрх эд хөрөнгүүд нь бусад эзэмшигч иргэдийн өмчлөлд байсан тул буцаан олгож шийдвэрлэсэн болно.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого гэдгийг тодорхой тайлбарлан хуульчилж өгсөн байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3-т зааснаар шийтгэх тогтоолын 6 дахь хэсэгт заасныг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Х.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Шаас түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник хэрэгслийн үнэлгээг гаргуулан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг зөрчөөгүй. Иймд шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ч.Ш тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хувьд олсон ашиг огт байхгүй байхад надаас 202.000.000 төгрөг гаргуулан шийдвэрлэсэнд гомдолтой байх тул уг төлбөрийг хуульд заасны дагуу багасгаж өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ мөрдөн шалгах, прокурор, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Мөнхбаярын давж заалдсан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзлээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тухайн гэмт хэрэг болсон цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдал, болж өнгөрсөн жинхэнэ нөхцөлийг тогтоодог.
Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох учиртай.
Гэтэл мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдал”-ыг бүрэн гүйцэд нотолж чадаагүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Хэрэгт авагдсан гэрч Д.Мөнх-Эрдэнийн “...ажиллахдаа энэ уурхайн эзэн Бааска болон түүний дүү Бумбаа /Бат-Эрдэнэ/ нарын удирдлага дор зааж өгсөн газрыг нь ухаж, хий гэсэн ажлыг нь хийдэг байсан...”[1] гэх,
Б.Мөнхбатын “...2018 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 03 цагаас уг уурхайн захирал аав руу яриад шороо зөөгөөд өг миний улаан Хово эвдэрчихсэн гээд цагийн 30.000 төгрөгөөр тохирсон юм. Би 2018 оны 09 дүгээр сарын 29-ний 03 цагаас хойш ажиллаад 40-50 удаа шороо зөөж усан бууны доод талд авчирч буулгаад байсан..., ...Бааска л гэдэг хүн ажиллуулдаг гэж байсан...”[2] гэх,
Г.Отгондаваагийн “...Төв аймгийн Заамар суманд Э.Баасанбат гэх хүнтэй 2018 оны 09 дүгээр сарын орчим байх сар өдрөө сайн санахгүй байна, Улаан малгайт гэх газар тааралдсан, тэгж таарахад Хово ачааны машинаа түрээсээр явуулж өгөөч гэж гуйсан. Би тэр үед машинтайгаа ажил хайгаад зогсож байсан юм. Тэгээд ярилцаад урьдчилгаа 3 сая хийе гэж ярьж тохироод 20-33 УБЭ улсын дугаартай Хово маркийн ногоон өнгийн ачааны машиныг жолооч Шинэбаяртай түрээсээр ажиллуулахаар аваад өөрийнхөө уурхай руу явсан. Э.Баасанбат өөрөө өөрийнхөө уурхай дээр ажиллуулна гээд ярьсан. Гэтэл 2-3 хоногийн дараа жолооч Шинэбаяр над руу утсаар ярьж цагдаа шалгаад ажил нь зогсчихлоо яах вэ гээд ярихаар нь би очоод Э.Баасанбат байхгүй болохоор нь машинаа жолоочтойгоо аваад явсан. Э.Баасанбат тэр үедээ түрээсийн мөнгө 600 гаруй мянган төгрөг өгсөн байсан...”[3] гэх мэдүүлгүүд болон бусад баримтуудаас үзвэл тухайн хэрэг учрал болсон гэх газарт Э.Баасанбат нь бусадтай амаар болон бусад байдлаар тохиролцон хөлсөлж газар ухуулах, гарсан шороог нь өөр газар руу зөөлгөж байсан байна.
Мөрдөн байцаалтын шатанд дээрх гэрч нарын мэдүүлгийг үгүйсгэсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байхад Ч.Шын 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэрчээр мэдүүлсэн мэдүүлэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж аваагүй хавтаст хэргийн 1-р хавтасны 146-147 дугаар талд авагдсан “Чингисийн есөн өрлөг” ХХК-ийн захирал Ү.Эрдэнэсүх, Ч.Ш нарын 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр байгуулсан гэх “Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах гэрээ”-г үндэслэн Ч.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн буруу байна.
Өөрөөр хэлбэл мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.2-т заасан “гэмт хэргийг хэн үйлдсэн” гэх нотолбол зохих нөхцөл байдлыг бүрэн гүйцэд тогтоож чадаагүй гэж үзнэ.
Түүнчлэн Ч.Шын Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааны шатанд хэргийн талаар өгсөн мэдүүлгийг ч анхааран үзэх нь зүйтэй.
Шүүхээр гэм буруутай нь тогтоогдсон этгээдийн гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, техник хэрэгсэл зэргийг хурааж улсын орлого болгож байхаар Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудад заасан.
Хавтаст хэргийн 3 дугаар хавтасны 144 дүгээр талд авагдсан Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 28 тоот албан бичиг, түүнд хавсаргагдсан “Тээврийн хэрэгслийн лавлагаа” зэргээс үзвэл тухайн гэмт хэргийг үйлдэхэд ашигласан гэх 100.000.000 төгрөгийн үнэлгээ бүхий Hyundai маркийн Robex 3000LC-7А моделийн, №80510574 арлын дугаар бүхий шар өнгийн 0668УН улсын дугаартай экскаватор нь “Прогресс Капитал” ББСБ нэр дээр бүртгэлтэй байхад уг нөхцөл байдлыг бүрэн гүйцэд шалган тогтоолгүйгээр Б.Мөнхбатыг гэгчийг иргэний нэхэмжлэгчээр[4] тогтоон шийдвэрлэсэн нь буруу байна.
Иймд дээр дурдагдсан ажиллагаануудыг шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.
Магадлалд заасан үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийх нь цаашид тухайн гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэм буруутай этгээдэд шүүхээс оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг нарийвчлан тогтоох, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоосон эсэхийг хянах зэрэгт чухал ач холбогдолтой болно.
Шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасантай холбогдуулан шүүгдэгч Ч.Шын өмгөөлөгч Г.Мөнхбаярын гаргасан “...анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгслүүдийн үнэлгээ болох 202.000.000 төгрөгийг гаргуулан шийдвэрлэсэн буруу...” гэх агуулга бүхий давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт өгөөгүйг болон шүүгдэгч Ч.Шт өмнө нь хэрэглэсэн байсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэргийг прокурорын газарт хүргэгдэн очтол хэвээр үргэлжлүүлсэн болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр
зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021
оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 206 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Ч.Шт холбогдох эрүүгийн 1802004370022 дугаартай хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Нийслэлийн прокурорын газарт буцаасугай.
2. Хэргийг прокурорт очтол Ч.Шт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Т.ЭНХМАА
М.МӨНХДАВАА