Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 07 сарын 31 өдөр

Дугаар 125/ШШ2023/0021

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Янжиндулам даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Т.А ,

Хариуцагч: Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.А, Б.Ж  нарт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 16-17/31 дугаартай актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Т.А , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг,  хариуцагч Б.А , Б.Ж , хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Аззаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага:

1.1. Нэхэмжлэгч Т.А нь 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр  шүүхэд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч Б.А , Б.Ж нарт холбогдуулан “Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 16-17/31 дугаартай актыг хүчингүй болгуулах”-аар нэхэмжлэл гаргасан.

Хоёр. Хэргийн үйл баримтын талаар:

2.1. Нэхэмжлэгч Т.А нь Нийгмийн даатгалын хэлтэст 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай хүсэлт гаргаж, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоож олгож эхэлжээ.

2.2. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга нь 2022 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаартай “...нийгмийн даатгалын сангаас болон цэргийн албан хаасны тэтгэвэр тогтоолгон авч байгаа тэтгэвэр авагчдын тэтгэврийн тогтоолт, олголтыг шалгах, илэрсэн зөрчлийг арилгах...” зорилгоор хяналт шалгалт хийх удирдамж баталж, тус хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн А/15 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар тэтгэвэр тогтоолт олголтыг шалгах ажлын хэсгийн бүрэлдэхүүн байгуулж ажиллуулжээ.

2.3. Хяналт шалгалтын явцад Т.А нь 1990 оноос 1992 оны 6 сар дуустал Говь-Алтай аймгийн Анагаахын их сургуулийн эх барих эмчийн ангид суралцаж байсан, мөн Ховд сумын Баянбулаг бригадад ажиллаж байсан хугацаагаа Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхөн даатгалд хамруулсан зөрчлийг илрүүлж, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-д заасан болзол, шаардлагыг хангаагүй байхад тэтгэвэр тогтоолгож авсан гэж үзэж нийт илүү олгосон 5690322 төгрөгийг буцаан төлүүлэхээр 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 16-07/31 дугаартай акт тогтоосон.   

2.4. Нэхэмжлэгчээс 16-07/31 дугаартай актыг эс зөвшөөрч Нийгмийн даатгалын хэлтэст гомдол гаргаж, актыг хүчингүй болгох үндэслэлгүй болох талаар хариуг 2023 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 160 дугаар албан бичгээр хүлээн авснаар шүүхэд ханджээ.  

         

            Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар, түүний үндэслэл:

3.1 Нэхэмжлэгч Т.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие 1969 оны 6 дугаар сарын 30-ний өдөр төрсөн. 5 хүүхэд төрүүлж өсгөсөн. 2017 онд Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 онуудын нийт 11 жилийг нөхөн даатгалд хамрагдахаар холбогдох материалаа бүрдүүлэн Ховд сумын нийгмийн даатгалын байцаагчид хандаж нөхөн даатгалд хамрагдсан.

2019 онд 50 нас хүрсэн тул хуульд заасан үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй болсон. Ингээд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хандсан боловч Нийгмийн даатгалын байцаагчаас “таны сурсан хугацаа Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдахгүй, харин таны үрчилж авсан 1 хүүхдийг 1 жил 6 сараар тооцож ажилласан хугацаанд орно гэж хэлсэн. Дараа нь 2020 оны 5 сард дахин Д.Дэлгэрмаа байцаагчтай уулзахад 1 жил 7 сарын хугацааг малчнаар ажилласнаар тооцуулж нөхөн даатгалд хамрагдвал ажилласан хугацаа тань хүрч байна гэсэн тул малчнаар ажилласан хугацааг нөхөн тооцуулж, холбогдох баримтуудаа нийгмийн даатгалын хэлтэст өгч өндөр насны тэтгэвэр тогтоолгосон.

 Гэтэл 2022 оны 4 сарын 01-ний өдөр миний тэтгэвэр дансанд орж ирээгүй тул Нийгмийн даатгалын хэлтэст очиж уулзахад “таны тэтгэврийг тогтоохдоо сургуульд сурсан хугацааг ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамруулан тооцсон нь буруу тул таны улсад ажилласан 20 жил хүрэхгүй байна. Ийм учраас 7,800,000 төгрөгийн акт тогтоож, таны тэтгэврийг зогсоосон” гэж хэлсэн.

Би тэтгэвэр тогтооход буруу тооцогдсон гэх сургуульд суралцсан, сургуулиас чөлөөтэй байх хугацаандаа ажил эрхэлж байсан баримтаа бүрдүүлж Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст өгсөн. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс  "Сургуульд суралцаж байсан хугацаанаас чинь чөлөө авсан хугацаа болон ажиллаж байсан 8 сарын хугацааг хасаад 5.690.332 төгрөгийн акт тогтоосон” гээд надад улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 16-17/31 дугаартай актыг гардуулж өгсөн.

Өндөр насны тэтгэвэр тогтоолгохдоо хуурамч баримт бүрдүүлж өгсөн зүйл байхгүй. 2 жил гаруй өөрөө хөөцөлдсөн. Би суралцаж байх хугацаандаа чөлөө авч 1991 оны 2 сарын 01-ний өдрөөс эхлэн Ховд аймгийн Баянбулаг багт хүний бага эмчээр 8 сар ажиллаж байгаад 1992 оны 6 дугаар сараас эхлэн 1999 он хүртэл Ховд сумын Баянбулаг багийн эмчээр ажиллаж байсан. Энэ тухайгаа нийгмийн даатгалын байцаагчид хэлсэн боловч нийгмийн даатгалын байцаагч надад тайлбарлахдаа “таны нөхөн даатгалд хамрагдсан 11 жилээр ажилласан жил тань гүйцэж байгаа тул таны Ховд сумын Баянбулаг багийн эмчээр ажиллаж байсан жил хамаарахгүй гэсэн юм. Иймээс би тухайн жилийг бичих шаардлагагүй юм байна гэж ойлгосон.

Иймд Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 16-17/31 дугаартай актыг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

3.2. Хариуцагч Б.А шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: 2022 оны Нийгмийн даатгалын хэлтсийн даргын баталсан хяналт шалгалтын удирдамжийн дагуу 2018-2022 онд шинээр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон тэтгэврийн хувийн хэрэгт дотоодын хяналт шалгалт хийхэд нэхэмжлэгч Т.А-тэй холбоотой зөрчил илэрсэн тул түүний тэтгэврийг түр зогсоож нотлох баримтаа дахин гаргаж өгч тэтгэврээ тогтоолго гэсэн шаардлага тавьсан. Т.А нь тус нотлох баримтуудыг гаргаж өгсөн тул түүний сурч байсан хугацааг хасаж тооцсон.

Нэхэмжлэгч Т.А нь сурч байсан хугацаагаа Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасан нөхөн даатгалд хамрагдаж 11 жилийг нөхөн тооцуулсан. Уг хуульд заасан нөхөн даатгалд хамрагдах нөхцөл шаардлагад сургуульд сурч байсан хугацаа хамаардаггүй тул акт тогтоосон.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд зааснаар иргэн өөрөө тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргаагүй тохиолдолд тэтгэврийг нь тогтоох боломжгүй.

Өөрөөр хэлбэл тухайн иргэн өөрөө холбогдох материалаа бүрдүүлж, хүсэлтээ өгсөн тохиолдолд холбогдох баримтыг шалгаж тэтгэврийг тогтоодог. Нэхэмжлэгчийн хэлж буйгаар 2019 онд Нийгмийн даатгалын байцаагч Д.Дэлгэрмаатай уулзаж, өөрийнхөө хөдөлмөрийн дэвтрээ гаргаж өгсөн, Д.Дэлгэрмаа байцаагч түүний сурч байсан хугацаа нь Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуульд хамрагдахгүй тул 1990-1992 оны 6 сар дуустал хугацаа нь нөхөн даатгалд хамрагдахгүй гэх тэмдэглэгээг түүний баталгаажилтын хуудас дээр тэмдэглэсэн байдаг.

Гэтэл 2020 онд тэтгэврээ тогтоолгохоор дахин хүсэлт гаргахдаа өмнө нь уулзаж байсан Д.Дэлгэрмаа байцаагчид биш өөр байцаагчид материалаа гаргаж өгөхдөө хөдөлмөрийн дэвтрээ гаргаж өгөөгүй байсан. Түүний материалыг хүлээн авсан байцаагч Б.Мөнхтуяа нь Т.А хөдөлмөрийн дэвтрээ гаргаж өгөөгүйтэй холбоотой түүнийг 1990-2000 онд нөхөн даатгалд хамрагдсан гэж ойлгож ажилласан жилийг тооцоод 1 жил 7 сар дутаж байгаа тул Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд хамрагдаж малчны нөхөн даатгалд хамрагдах боломжтой гэж тайлбарласан байдаг. Ингээд Т.А нь 1 жил 7 сарын хугацааг Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд хамрагдаж нөхөн даатгалд хамрагдаж улсад 20 жил ажилласан байх шаардлагыг хангасан байдаг.

Нийгмийн даатгалын байцаагч нь иргэний ажилласан жилийг зөв тогтоох үүрэгтэй боловч иргэн нотлох баримтаа үнэн зөв гаргаж өгөх үүрэгтэй байдаг.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

3.3. Хариуцагч Б.Ж шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Манай дотоод хяналт шалгалтаар Т.А-тэй холбоотой зөрчил илэрсэн. Уг шалгалтаар Т.А нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь заалтыг зөрчиж тэтгэвэр тогтоолгосон гэх зөрчил илэрсэн.

Т.А-д акт тогтоохоос өмнө Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа явуулж тайлбар, баримтууд авсан. Уг тайлбартаа “би сурсан нь үнэн, дунд нь 1 жилийн чөлөө авч ажилласан тул материалаа бүрдүүлж өгөх болно” гэсэн.

Т.А нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж 1990-2000 онуудын нөхөн даатгалд хамрагдахдаа Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны А/57 дугаар тушаалаар батлагдсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2.1.1-д заасныг зөрчиж, сургуульд сурсан хугацааг нөхөн даатгалд хамруулсан байсан.

Ингээд 2020 оны 5 сарын 27-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгож авсан байсан. Нийгмийн даатгалын байцаагч нь тухайн үед Т.А-ийг сургуульд сурч байсан гэдгийг мэдэх боломжгүй, Т.А нь сургуульд сурч байсантай холбоотой баримтаа өгөөгүй байсан.

Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

3.4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Нийгмийн даатгалын улсын байцаагчийн 2022 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 16-17/31 дугаартай “Илүү олгосон тэтгэврийг олгох тухай”  акт нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т заасныг зөрчиж эрх үүсээгүй байхад тэтгэвэр тогтоолгож авсан гэсэн зөрчил илэрсэн гэх  үндэслэлээр нэхэмжлэгчид акт тогтоосон.

Хуулийн дээрх заалтад зааснаар нэхэмжлэгчийг хуурамч бичиг баримт бүрдүүлсэн гэх үндэслэлгүй байна. Хариуцагч нар тайлбарлахдаа Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд хамрагдахдаа Т.А нь суралцсан, ажиллаж байсан хугацаагаа нөхөн даатгалд хамруулан тооцуулсан нь буруу гэж үзэж байна гэж байна. Тус хууль нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн хүчингүй болсон.

Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд “суралцаж байсан бол нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулах тухай хуульд хамрагдаж болохгүй гэсэн заалт байхгүй. Тус хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т “өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан хүн” гэдэгт суралцаж байсан хүнийг хамруулах боломжтой гэж үзэж байна. Учир нь суралцаж байгаа хүн давхар хөдөлмөр эрхлэх боломжгүй.

Нийгмийн даатгалын улсын байцаагч нь Т.А-ийн нөхөн тооцуулсан жилээс 1 жил 6 сарыг хасахдаа 1991 оны 02 дугаар сарын 01-нээс 1991 оны 09 дүгээр сар хүртэл  Ховд сумын Баянбулаг багийн эмчээр ажиллаж байсан хугацаа, 1992 оны 01 сараас 1992 оны 06 сар хүртэл буюу 6 сар гэж тооцож хасаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Мөн Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд иргэн өөрөө хамрагдах боломжтой эсэхийгээ мэдэх боломжгүй. Үүнийг нийгмийн даатгалын Улсын байцаагч тухайн иргэн тус хуульд хамрагдахад боломжтой эсэхийг тодорхойлох үүрэгтэй. Гэтэл тус үүргээ биелүүлээгүй нийгмийн даатгалын улсын байцаагчийн хариуцлагагүй үйл ажиллагааны улмаас учирсан хохирлыг иргэн хариуцах ёсгүй.

Иймээс нэхэмжлэгчийн буруу биш тул маргаан бүхий актыг хүчингүй болгож Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.5. Хариуцагчийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Т.А нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т заасан тэтгэвэр тогтоолгох эрх үүсээгүй байхад тэтгэврээ тогтоолгосон гэх зөрчил илэрсэн гэж үзэж 2022 оны 04 сарын 03-ны өдрийн 16-17/31 дугаартай “Илүү олгосон тэтгэврийг олгох тухай” акт тогтоосон.

 Нэхэмжлэгч Т.А нь нийгмийн даатгалын улсын байцаагчид мэдээллээ үнэн зөв гаргаж өргөөгүйн улмаас Ажилласан жил, нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох тухай хуульд хамрагдаж 1990-2000 оны нийт 11 жилийн нөхөн даатгалд хамрагдсан нь хууль хууль бус гэдэг нь тогтоогдож байна. Харин хугацаагаа андуурсан зүйл байж болно.

Нийгмийн даатгалын улсын байцаагч Д.Дэлгэрмаа нь нэхэмжлэгчийн сурч байсан хугацааг хасаж тооцож түүний баталгаажилтын хуудсанд тэмдэглэсэн байдаг. Үүний дараа Т.А нь тухайн хөдөлмөрийн дэвтрээ гаргаж өгөөгүй юм. Одоо болохоор өөрөө нийгмийн даатгалын хэлтэст тэтгэвэр тогтоолгох өргөдлөө гаргаагүй гэх тайлбар хэлж байгаа нь нэхэмжлэгч нь өөрөө тэтгэвэрт гарахыг хүсээгүй мэт ойлголтыг өгч байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т зааснаар тухайн иргэн өөрийх нь хүсэлтээр тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ гэж заасан. Эдгээр нөхцөл байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь хөдөлмөрийн дэвтрээ нийгмийн даатгалын улсын байцаагч Д.Дэлгэрмаад гаргаж өгснөөс хойш өнөөдрийг хүртэл  дахин гаргаж өгөөгүй, олдохгүй байна гэсэн тайлбар хэлж байгаа нь сурч байсан хугацаагаа санаатайгаар нуун дарагдуулсан гэсэн дүгнэлтэд хүрч байна.

Нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд хэлж байгаа тайлбараас үзэхэд ойлгомжгүй зүйл их байна. Нэхэмжлэгч нь Нийгмийн даатгалын байцаагчийг буруутгаж байгаа нь ойлгомжгүйгээс гадна өөрөө хариуцлага хүлээхгүй мэт тайлбар хэлж байна. Гэтэл нийгмийн даатгалын улсын байцаагч нь түүний гаргаж өгсөн нотлох баримт болон хэлж буй тайлбараас түүний ажилласан жилийг тогтоодог. Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зааснаар хариуцагчид ашигтай байдлаар буюу нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү гэв.  

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Нэхэмжлэгч  Т.А нь  Ховд аймгийн  Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагч  Б.А , Д.Ж  нарт холбогдуулан Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн хяналт шалгалтын улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 16-17/31 дугаартай актыг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
  2. Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбар зэргийг үнэлээд маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дараах дүгнэлт хийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, төлбөр тогтоосон актын  төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэлээ.
  3. Маргаан бүхий улсын байцаагчийн актаар “... Эрх үүсээгүй тэтгэвэр тогтоолгож илүү авсан 5690322 төгрөгийг  иргэн Т.А-ээр буцаан төлүүлэх”-ээр шийдвэрлэсэн байна.
  4. Нэхэмжлэгчээс улсын байцаагчийн актыг үгүйсгэж “...надад Нийгмийн даатгалын байгууллагаас  11 жилийн ажилласан жилийг нөхөж өгсөн. Тухайн тэтгэвэр тогтоолгох үед таны ажилласан жил хүрэхгүй байна. Таны тогтоолгосон  11 жил дотор ажилласан болон сурч байсан хугацаа орсон байна гэдгийг хэлсэн бол би жилээ гүйцээж байгаад тэтгэврээ тогтоолгох байсан. Би өөртөө тэтгэвэр тогтоогоогүй. Байцаагчийн буруу гэж,  хариуцагчаас “Т.А нь 1990-1992 оны 7 сар хүртэлх хугацаанд суралцсан, мөн ажиллаж байсан. Энэ хугацаагаа  Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох хуулиар давхар тооцуулсан нь тус хуулийг зөрчсөн  тул маргаан бүхий актыг гаргасан” гэж тус тус тайлбарлан маргаж байна.
  5. Нэхэмжлэгч Т.А нь  2012 онд батлагдсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу хүсэлт гаргаж, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийт 11 жилийн хугацааг 2017 оны 09 дүгээр сарын 30-нд  нөхөн тооцуулж, 1613000742  тоот баталгаажилтын хуудас авчээ.  
  6. Хариуцагч нарын тайлбар болон тэтгэвэр тогтоолтын баримтаас үзэхэд нэхэмжлэгч  Т.А  нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь заалтаар буюу төрүүлсэн болон 3 хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн  эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол гэх үндэслэлээр  2020 оны  05 дугаар  сарын 27-ны  өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоолгон сард 350000 төгрөг авч эхэлсэн байна.  

Т.А-ийн тэтгэвэр тогтоолгосон  20-иос доошгүй жил  тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байдлыг  задалж үзвэл

- Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулиар нөхөн тооцуулсан -11 жил

- 5 хүүхэд төрүүлж өсгөсөн-7 жил 6 сар

- Малчин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн  даатгалын шимтгэлийг  нөхөн төлүүлэх тухай хуульд заасан болзол нөхцөлийн дагуу -1 жил 7 сарын хугацаанд шимтгэл төлснийг тооцсоноор нийт 20 жил 1 сар тэтгэврийн даатгалын шимтгэл  төлсөн гэж үзэж тэтгэврийг тогтоосон.

  1. Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01 дугаар “Тэтгэвэр тогтоолт олголтыг шалгах шалгалтын ажлын удирдамж”-ийн дагуу хариуцагч улсын байцаагч нарын зүгээс өндөр насны тэтгэвэр тогтоолгосон иргэдийн тэтгэврийн хувийн хэрэг, холбогдох баримтад шалгалт хийсний үндсэн дээр маргаан бүхий актыг гаргасан байх бөгөөд ингэхдээ Т.А-ийг  Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу нөхөн тооцуулсан 1990-1992 оны 6 дугаар сарыг дуустал хугацаанд суралцсан, ажилласан нь  ажилласан жилд давхар тооцогдсон гэж  үзэж акт тогтоожээ.
  2. Хариуцагч нар Т.А-д 1990-1992 оны 07 сар хүртэлх хугацаа буюу 2 жил 6 сарын хугацаанд акт тогтоох байсан, харин Т.А-ийн үрчилж авсан 1 хүүхэд 6 нас хүрсэн тул 1.6 жилийг, мөн Еркежан ХК-нд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн зэргийг хасч 1 жил 4 сар  4 хоногоор тооцож акт тогтоосон. Үүнээс ажилласан хугацаа нь 8 сар, суралцсан хугацаа нь 8 сар 4 хоног гэж тайлбарладаг.
  3. Иймд шүүхээс Т.А-ийн ажилласан хугацаа 8 сар, суралцсан хугацаа 8 сар 4 хоногийн  хугацаанд дүгнэлт хийлээ.
  4. Т.А-ийг 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 09 дүгээр сар хүртэл хугацаанд 8 сар  ажилласан тухайд:
  5. Т.А нь 1991 оны 02 дугаар сарын сарын 01-ний өдрөөс 08 дугаар сарыг дуустал хугацаанд Ховд сумын Баянбулаг бригадын хүний бага эмчээр ажиллаж байсан хугацаа нь ажилласан жилд давхар тооцогдсон  болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

-Ховд аймгийн Ховд сумын Хүн эмнэлгийн салбарын эрхлэгчийн 1991 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр “Ажилд томилох тухай” тушаалаар Ховд сумын Баянбулаг бригадын хүний бага эмчээр Т.А-ийг 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс  эхлэн ажиллуулсугай”,

  1. Ховд аймгийн Ховд сумын хүн эмнэлгийн эрхлэгчийн 1991 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 15 дугаар “Говь-Алтай аймгийн АУДуС-ийн захиргаанд, Т.А-ийн тухай” тодорхойлолтод “Танай сургуулийн оюутан Т.А нь 1991 оны 02 дугаар сарын 01-нээс 1991 оны 08 дугаар сарын 25 хүртэл тус сумын Баянбулаг бригадад хүний бага эмчээр  аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 113-р тушаалаар ажилласан нь үнэн болно” зэргээс үзвэл, нэхэмжлэгч Т.А нь 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд Ховд сумын Баянбулаг бригадын бага эмчээр ажиллаж байсан болох нь  нотлогдож байх ба нэхэмжлэгч мөн энэ хугацаанд ажиллаж байсантай маргаагүй.
  2. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуулийн үйлчлэлд 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр  эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь  төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан  дараах иргэн хамаарна, 4.1.3-д өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан гэжээ.
  3. Дээрх хуулийн дагуу нөхөн тооцуулсан 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 25-ны хооронд хугацаанд Т.А нь ажиллаж байсан болох нь тогтоогдох ба уг хугацааг нөхөн тооцуулсан нь  мөн хуулийн  4.1.3-д өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан гэснийг зөрчсөн байна.
  4.  Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд “Өндөр насны тэтгэвэр авах эрх”-ийг зааж, 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй.” гэж заасан нөхцөл шаардлагыг Т.А  хангаагүй, 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Ховд сумын Баянбулаг бригадын хүний бага эмчээр ажиллаж байсан талаараа мөн хуулийн 28 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Тэтгэвэр авагч нь энэ зүйлийн 1 дэх хэсгийн 2-т заасан өөрчлөлтийн талаар нийгмийн даатгалын байгууллагад тухай бүр мэдэгдэх үүрэгтэй” гэж заасныг биелүүлээгүй байх тул хариуцагч улсын байцаагч нараас нийгмийн даатгалын сангаас  дээрх хугацааг үндэслэлгүй илүү олгогдсон тэтгэвэр, тэтгэмж гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй байна.
  5. Өөрөөр хэлбэл 1991 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 1991 оны 08 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл нийт 8 сарын хугацаанд /1 сард 350000 төгрөгийн тэтгэвэр авч байсан/ 2800000 төгрөгийг илүү тогтоолгож авсан  гэж үзэж улсын байцаагчийн акт тогтоосон нь үндэслэлтэй гэж үзэв.  
  6.  Нэхэмжлэгч Т.А-ийн “... би тэтгэврээ өөрөө тогтоогоогүй, тухайн үед тогтоох боломжгүй гэж байцаагч хэлсэн бол би ажилласан жилээ гүйцээгээд тэтгэврээ тогтоолгох байсан. Энэ үйлдэлд байцаагч буруутай...” гэх тайлбарын хувьд Т.А нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн  дагуу нөхөн тооцуулахдаа ажиллаж байсан хугацаагаа давхардуулан тооцуулсан үйл баримт  тогтоогдсон, өөрөөр хэлбэл  тэтгэвэр тогтоосон байцаагч нар болон хянасан байцаагч нарын шууд гэм буруутай үйлдлээс зөрчил бий болоогүй тул нийгмийн даатгалын байцаагчийг тэтгэвэр тогтоохгүй байх боломжтой байсан гэж буруутгах боломжгүй юм.

-Т.А-ийн суралцаж байсан  гэх 8 сар 4 хоног хугацааны тухайд:

  1. Т.А нь Говь-Алтай аймгийн Анагаахын дунд сургуульд 1987-1992 онд эх баригч бага эмчээр суралцаж төгссөн болох нь Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны сургуулийн 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 101 дугаар албан бичиг, Говь-Алтай аймаг дахь Анагаах ухааны дунд сургуулийн захирлын 38 дугаар тушаал, Т.А-ийн 1942 дугаар диплом зэргээр тогтоогдож байна.
  2. Т.А нь суралцах хугацаандаа 1990-1992 оны 01 дүгээр сар хүртэлх хугацаанд  чөлөөтэй байсан, 1992 оны 01 дүгээр сараас 6 дугаарыг дуустал хугацаанд суралцаж байсантай нэхэмжлэгч, хариуцагчийн хэн аль нь маргаагүй, харин хариуцагчаас суралцсан болон чөлөөтэй байсан хугацаа нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулинд хамрагдахгүй гэж маргаан бүхий актыг тогтоожээ.
  3. Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуулийн үйлчлэлд 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр  эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь  төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан  дараах иргэн хамаарна.

4.1.1.аж ахуйн нэгж, байгууллага нь Иргэний хуулийн 32 дугаар зүйлд заасан үндэслэлээр татан буугдсаны улмаас ажилгүй болсон

4.1.2.аж ахуйн нэгж, байгууллага нь өөрчлөн байгуулагдсаны улмаас орон тооны цомхотголд орсон;

4.1.3.өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан;

4.1.4.мэргэжил, ур чадвар, эрүүл мэнд нь тухайн ажил, албан тушаалд тэнцэхгүй болсны улмаас ажлаас халагдсан гэжээ.

  1. Хариуцагч Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны А/57 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох журам”-ын 2.1.5-д заасан “Тухайн онуудад дотоод, гадаадын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангид суралцаж байгаагүй гэх заалтыг зөрчиж суралцаж байсан хугацаагаа ажил хөдөлмөр эрхэлж байгаагүй  гэж бүртгүүлж ажилласан жил нөхөн авсан гэж тайлбарлажээ.
  2. Нэхэмжлэгч Т.А нь  2012 онд батлагдсан Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн дагуу хүсэлт гаргаж, 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд нийт 11 жилийн хугацааг 2017 оны 09 дүгээр сарын 30-нд  нөхөн тооцуулж, 1613000742  тооот баталгаажилтын хуудас авсан байна. 
  3. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын 2012 оны А/57 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн тооцуулах иргэний нийгмийн даатгалын шимтгэл нөхөн тооцох журам”-ын 2.1.5-д заасан “Тухайн онуудад дотоод, гадаадын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангид суралцаж байгаагүй гэж заасан ба тус журам нь Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын 2016 оны А/299 дүгээр тушаалаар хүчингүй болжээ.
  4. Харин Т.А нь 2017 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр ажилласан жил нөхөн тооцуулж 1613000742 тоот баталгаажилтын хуудас авсан байх тул дээрх журам үйлчлэхгүй байна.
  5. 2012 оны 9 дүгээр сарын 04-ний өдрөөс мөрдөгдсөн Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн зорилт нь  1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр  эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан иргэний ажилласан жил нь тасарсан хугацааг ажилласнаар нөхөн тооцох  харилцааг зохицуулахад орших бөгөөд энэ хууль нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болсон.
  6. Дээрх хуулийн зорилтоос үзвэл, энэ хуулийн үйлчлэлд хамрагдсан иргэд нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийг авах эрхийг нийгмийн шилжилтийн явцад ажил эрхлээгүй, эрхлэх боломжгүй байсан иргэдэд олгосон нэг удаагийн үйлчлэл бүхий хууль юм.
  7. Өөрөөр хэлбэл Т.А-ийн суралцсан гэх 8 сар 4 хоногийн хугацааг ажил эрхлэх боломжгүй байсан гэж үзэх ба энэ нь   Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуулийн үйлчлэлд 1990-1995 оны хооронд ажил, хөдөлмөр  эрхлээгүй буюу эрхлэх боломжгүй байсан, 1995-2000 оны хооронд нийгмийн даатгалын шимтгэл нь  төлөгдөөгүй буюу төлөх боломжгүй байсан  дараах иргэн хамаарна, 4.1.3-д өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан  гэх үндэслэлд хамаарч байна.
  8. Иймд Т.А-ийн суралцсан хугацаа болох 8 сар 4 хоногт тогтоосон акт болох 2890322 төгрөгийг үндэслэлгүй тогтоосон гэж үзэж тус төлбөрийг төлбөр тогтоосон  актаас хасч тооцох нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6, 106.3.13 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 28 дугаар зүйлийн  3 дахь хэсэг, Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т.А-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 16-17/31 дугаар “Илүү олгосон тэтгэвэр буцаан олгох тухай” актын төлбөрийг 2890322 /хоёр сая найман зуун ерэн мянга гурван зуун хорин хоёр/ төгрөгөөр багасгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг  төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас /Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс/ 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Г.ЯНЖИНДУЛАМ