Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 39

 

Ц.Х-н  нэхэмжлэлтэй

                           иргэний хэргийн тухай

 

 

                                                                          Хэргийн индекс: 150/2018/000175И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч:

                             Ерөнхий шүүгч                      Б.Батзориг

                             Шүүгчид                                Д.Буянжаргал

                                                                          Г.Давааренчин

 

                                       Оролцогчид: 

                                             Нэхэмжлэгч                          Ц.Х

                                              Хариуцагч                             Э.С 

                                            Хариуцагчийн өмгөөлөгч    Д.Д

                                    Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож,  Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 103 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдах гомдлоор Ц.Х-н  нэхэмжлэлтэй Э.С-д холбогдох “Гэрлэлт цуцлаж хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Ц.Х анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл, болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрлэлт цуцлуулж 2 хүүхдийн тэтгэлэг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Э.С гэр бүлээс гадуур харилцаатай байсан учраас муудалцдаг байсан үүнээс л болж тусдаа амьдрах болсон. Түүнээс хойш С-д намайг  олон нийтийн сүлжээгээр болон утсаар элдэв зурвас илгээж дарамталж зовоодог. Энэ байдлаас нь Э.С намайг гэх сэтгэл байхгүй болсон гэж үзэж байна. Гэр бүлийн хүчирхийллийн тухай хуульд зааснаар сэтгэл санааны хүчирхийлэл болон бие махбодын хүчирхийлэл, эдийн засгийн хүчирхийллийг Э.С надад   үзүүлдэг байсан. Сэтгэл санааны хүчирхийлэл нь хэмжигдэж болдоггүй юм билээ.  Надад Э.С-с ирэх дарамт маш их байдаг тул эвлэрэх хамт амьдрах боломжгүй болсон.  Иймд гэрлэлт цуцлуулж, хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч хүүхдүүддээ тэтгэлэг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл  гаргасан гэжээ.  

            Хариуцагч Э.С анхан шатны шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:   Гэр бүлийн маргаан анх эхнэрийн эгч дүү нарын мөнгөний асуудлаас болж үүссэн. Гэрлэлтээ цуцлуулах саналыг нь дэмжиж байна. Миний зүгээс хоёр хүүхдээ ээж дээр нь өгөхгүй гэсэн бодолтой байна. Би өөр дээрээ өсгөх боломжтой. Эдийн засаг болон амьдралын баталгаагаар Ц.Х-с илүү. Ялангуяа том охин аав дээрээ байх сонирхол их байдаг. Нэхэмжлэгч хоёр хүүхдэдээ санаа тавьдаггүй. Сургуулийнх нь багштай очиж уулздаггүй. Хүүхдүүдээ анхаарал халамж тавьж чадахгүй тул  охиноо өөр дээрээ авна гэжээ.

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 103 дугаартай  шийдвэрээр:

- Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар С овогт Э-н С,  Б овогт Ц-н Х нарын гэрлэлтийг цуцлаж,

- Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 03-р сарын 17-ны өдөр  төрсөн охин С.Х, 2014 оны 09-р сарын 12-ны өдөр төрсөн хүү С.Б  нарыг эх Ц.Х-н асрамжид үлдээхээр,

           - Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2009 оны 03-р сарын 17-ны өдөр  төрсөн охин С.Х, 2014 оны 09-р сарын 12-ны өдөр төрсөн хүү С.Б нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ тухайн бүс нутагт тогтоогдсон амжиргааны түвшингийн хэмжээгээр тэтгэлэг гаргуулан эцэг Э.С-р сар бүр тэжээн тэтгүүлэхээр,

            - Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2, 26 дугаар зүйлийн 26.4, 26.6, 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар тэтгэлгийг зөвхөн хүүхдийн хэрэгцээнд зарцуулах, Э.С-г үр хүүхэдтэйгээ уулзахад саад хийхгүй байхыг тус тус  эх Ц.Х-д даалгаж,

            - Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Х-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 118.865 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Э.С-с  улсын тэмдэгтийн хураамжид 118.865 төгрөг гаргуулан Ц.Х-д олгож,

            - Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Э.С-с нэг жилийн хугацаанд төлөх хүүхдийн тэтгэлэгт 1.245.000 төгрөгөнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 50.873 төгрөг гаргуулан  улсын  орлогод оруулах, шийдвэрийн хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагт хүргүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.

            Хариуцагч Э.С давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

             Анхан шатны шүүх  шийдвэр гаргахдаа хэт нэг талыг барьж  хоёр хүүхдийг салгахгүй  гэх үүднээс том орин С.Х-н эрхийг зөрчсөн. Охин С.Х нь аавтайгаа байх илүү сонирхолтой  болох нь баримтаар  тогтоогддог. Шүүх гэр бүлийн тухай хууль болон хүүхдийн эрхийг хамгаалах  тухай хуулийг судлахгүйгээр хэргийг шийдсэн гэж үзэж байна. Ц.Х нь хүүхдээ өөрөө харж асарч чадахгүй олон цагаар ажилладаг тул ээж ааваараа хүүхдээ харуулдаг. Хоёр хүүхэд хамт байхаасаа илүү  бие хүн болж төлөвших нь чухал удахгүй охин маань хойд эцгийн гар харна ямар ч төрлийн хүн байгаа юм билээ.  Мөн охины хувьд Зүүнхараад амьдрах хэцүү сургууль нь хол хичээлд явах зам нь бартаа саад ихтэй. Энэ байдлууд нь хүүхдэд хэцүү байна. Харин над дээр байвал байдал өөр байх болно. Иймд охиноо өөрийн асрамжид авах хүсэлтэй байна гэв.

 

            Нэхэмжлэгч Ц.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Э.С-н ярьж байгаа бүхэн худлаа юм. Сургууль нь тийм ч хол биш. Гэрээс 10 минут орчим яваад хүрэх газарт байдаг.   Хүүхдүүд төрсөн цагаасаа хойш надаас огт салж байгаагүй. Э.Сайханааг хүүхдээ өөрөө өсгөнө гэдэгт эргэлзэж байна. Аав ээж маань хүүхдүүдээ харахад тусладаг болохоос  би хүүхдүүдээ байнга харуулдаггүй. Би тодорхой эрхэлсэн ажил, орлоготой.  Э.С их гоё ярьдаг боловч үнэндээ тийм биш.   Бид тусдаа амьдрах 3 жилийн хугацаанд С хүүхдүүдээ нэг ч төгрөг өгөөгүй байж ингэж ярьж байгаа нь худлаа. Би хүүхдүүдээ  хооронд нь салгаж өсгөх хүсэлгүй байна. Хүссэн үедээ хүүхэдтэйгээ уулзахад нь саад хийхгүй, түүний гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

 

            Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд хэрэг хянан шйдвэрлэх явцад хүүхдийн асрамжтай холбоотойгоор шинжээч томилсон байгаа тухайн шинжилгээгээр охин Э.Х нь эцэгтээ ээнэгшилтэй гэсэн дүгнэлт гарсан. Мөн хүүхдийн амьдрах орчны хувьд эцэг нь өөрийн гэсэн орон сууцтай харин эх нь  түрээсийн байранд амьдардаг  хүүхдийн таатай  амьдрах нөцөл бололцоо хэн нь илүү байгаа, эх нь ажлын ачаалалаас болж хүүхэддээ зарцуулах цаг бага зэрэг байдлыг шүүх харгалзан үзээгүй гэж үзэж байна.  Өөрөөр хэлбэл шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий  дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Нэхэмжлэгч Ц.Х нь Э.С-д холбогдуулан гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар  шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэргийг судлан үзвэл: Э.С, Ц.Х нар нь  2008 онд гэр бүлж болж, тэдний дундаас 2009 онд  охин С.Х, 2014 онд хүү С.Б нар төрсөн байна.  Гэрлэгчдийн хооронд таарамжгүй харьцаа үүссэний улмаас тодорхой хугацаагаар тус тусдаа амьдарч байгаа, эвлэрэн зуучлалын ажиллагаа явуулсан боловч амжилтгүй болсон, гэрлэгчидийн хэн аль нь цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн үндэслэлээр гэрлэгчидийн гэрлэлтийг Гэр бүлийн тухай хуульд зааснаар  цуцласан байна.

            Гэрлэгчид нь хүүхдийн асрамжийн талаар хэн аль нь өөрийн асрамжид авна гэж маргасан  ба  зохигчдын хүсэлтээр  шүүх хүүхдийн асрамжийг шийдвэрлэхийн тулд шинжээч томилж дүгнэлт гаргуулсан.

           Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл,  шинжээч нарын дүгнэлт,  хүүхдийн эцэг эхдээ ээнэгшсэн байдал,  гэрлэгчид тодорхой хугацаагаар тусдаа байх хугацаанд хүүхдүүд ээжтэйгээ хамт байсан зэрэг байдлыг харгалзан  хүүхдүүдийг эх Ц.Х-н асрамжид үлдээхээр  шүүх шийдвэрлэсэн нь  хууль зөрчөөгүй  байна.  Шүүхээс бага насны хүүхдийн амьдарч буй нөхцөлийг өөрчлөх тодорхой шалтгаан байхгүй гэж дүгнэн хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэсэн нь  хүүхдүүдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг ямар нэг байдлаар хөндөөгүй байна гэж үзлээ.  

           

Иймд  хариуцагчийн  шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ хэт нэг талыг барьсан,  шүүхээс  томилсон шийнжээчийн дүгнэлт болон хүүхдийн амьдрах нөхцөл бололцоо болон  хэрэгт авагдсэн нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэсэн  гомдлыг  хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 29-ны өдрийн 103 дугаартай  шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн   давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

                                    ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН