Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 2026/ШЦТ/07

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                  

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Уянга,

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгч Г.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.М-д холбогдох эрүүгийн 2538000000563 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Г.М , 2*** оны 10 дугаар сарын 10-ны өдөр Хөвсгөл аймгийн Р суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүүгийн хамт Х аймгийн Р сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 1 удаагийн ял шийтгэл эдэлж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн Р*** дугаартай.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.М нь 2025 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө 01 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Ц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй гэж шаардлага тавьсаны төлөө иргэн Б.С тай маргалдаж, улмаар хутгаар баруун дал орчимд нь хатгаж, нуруунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Г.М нь 2025 оны 11 дүгээр сарын 06-ны шөнө 01 цагийн орчимд Хөвсгөл аймгийн Ц сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодуулахгүй гэж шаардлага тавьсаны төлөө иргэн Б.С тай маргалдаж, улмаар хутгаар баруун дал орчимд нь хатгаж, нуруунд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, гомдол (хх-ийн 1-р хуудас), хохирогч Б.С ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 4-6-р хуудас), гэрч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 7-8-р хуудас), насанд хүрээгүй гэрч Б.У-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 9-12-р хуудас), Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Х.Ө-ийн 2025 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 486 дугаартай  шинжээчийн дүгнэлт (хх-ийн 18-19-р хуудас) зэрэг бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.   

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. 

Шүүгдэгч Г.М нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй болно.

Энэ хэргийн улмаас хохирогч Б.С ын эрүүл мэндэд хөнгөн хохирол, эрүүл мэндийн даатгалын санд 974,521 төгрөгийн хохирол тус тус учирсан байна. Хохирогч Б.С нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн ба харин иргэний нэхэмжлэгч Ж.Т нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 974,521 төгрөг нэхэмжилж байх боловч  энэ талаар гаргаж өгсөн 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн лавлагаа нь нотлох баримтын шаардлага хангахгүй, нэхэмжилж байгаа үнийн дүнтэй зөрүүтэй байх тул иргэний нэхэмжлэгч Ж.Т нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 974,521 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Г.М аас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна. Иймд шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.М Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж дүгнэв.

Эрүүгийн 2538000000563 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсгийн урт нь 15 см, бариул хэсэг 11,5 см, нийт урт нь 26,5 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.

Эрүүгийн 2538000000551 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч Ж.Т нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 974,521 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Г.М-с нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. 

Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон    

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.М 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.М нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

4. Эрүүгийн 2538000000563 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ажлын хэсгийн урт нь 15 см, бариул хэсэг 11,5 см, нийт урт нь 26,5 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тухайн шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

5. Эрүүгийн 2538000000551 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой зардал нэхэмжлээгүй, иргэний нэхэмжлэгч Ж.Т нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 974,521 төгрөгийн хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Г.М-с нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.  

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

               

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Т.ХҮРЭЛБААТАР