| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбаатарын Ууганбаяр |
| Хэргийн индекс | 320/2026/0112/Э |
| Дугаар | 2026/ШЦТ/126 |
| Огноо | 2026-03-20 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Ариунсанаа |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 2026/ШЦТ/126
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хулан,
Улсын яллагч Б.Ариунсанаа,
Шүүгдэгч Ж.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Жын Бт холбогдох эрүүгийн 2538005800105 дугаартай хэргийг 2026 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Ц овогт Жын Б,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ж.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Б нь 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан хохирогч Ш.Мад **************аас хашааны төмөр бэлдэц нийлүүлнэ гэж итгэл төрүүлэн хуурч, арилжааны банкан дахь 5,200,000 төгрөгийн мөнгөн хөрөнгийг нь хууль бусаар шилжүүлэн авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 5-р хуудас),
Эд зүйл, баримт бичиг, тээврийн хэрэгсэл, ачаа тээш, мал амьтанд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 17-19-р хуудас),
Хохирогч Ш.Мын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би **** аймагт төмөр хийцтэй хашаа барихаар болж тухайн үед хашаагаа төмөр хийцийн хашаагаар барих болоод энэ талаараа Бт хэлж чи эрээн явахдаа ахдаа үнэ хөлсөөр нь төмөр авч ирж өгөөч гэсэн чинь тэгье ахаа туслахгүй бол болохгүй ш дээ гэж хэлж байсан. Тэгээд 2025 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Б над руу залгаад ахаа би таны төмөрийг захиалаад бэлэн болсон эрээнд байгаа одоо гараад таны төмрийг ачна нийт зардал нь 5,200,000 төгрөг болсон, та мөнгөө одоо шилжүүлмээр байна гэхээр нь би амархан бүтсэн юм чинь гэж бодоод Бийн Хаан банкны ******* дугаарын данс руу 5,200,000 төгрөгөө шилжүүлсэн. Ингээд би мөнгөө шилжүүлээд хөдөө гадаа явж байгаад ирээд өөрийнхөө утсаар Б руу залгаад төмөр юу болсон бэ гэж асуусан чинь би машинаа зарах гэж байгаа урдаас нэг машин авах гэсэн чинь хулихдуулчихлаа таныг мөнгийг одоо би шилжүүлнээ гэхээр нь та тэгвэл тэгээд мөнгө өгчих байх гэж бодож байсан чинь миний мөнгө орж ирээгүй. Тэгээд би тухайн Б руу залгаад мөнгө юу болсон бэ шилжүүлээрэй гэж хэлсэн чинь асуудал гарсан би таны мөнгийг хүүтэй нь өгнө гэж хэлж байсан. Тэгээд сүүлдээ утсаа авахгүй алга болсон... Би 2026 оны 3 дугаар сарын 02-ны өдөр миний хохирлын мөнгө болох 5,200,000 төгрөг орж ирсэн. Надад одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 15-16, 66-р хуудас),
Шүүгдэгч Ж.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгагдсан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан ба прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ж.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:
Шүүгдэгч Ж.Б нь хохирогч Ш.Мын эд хөрөнгөд 5,200,000 төгрөгийн хохирол учруулсан байна.
Хохирогч Ш.Мөнхболд “...Би 2026 оны 03 дугаар сарын 02-ны өдөр миний хохирлын мөнгө болох 5,200,000 төгрөг орж ирсэн. Надад одоо гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 66-р хуудас), хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Ж.Бийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Ж.Б нь хүлээн зөвшөөрсөн 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох тухай прокурорын ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Ж.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, түүний орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн 2538005800105 дугаартай хэрэгт хэрэгт эд мөрийн баримтаар
хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Б нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүгдэгчийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болохыг дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ц овогт Жын Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Жын Бийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Бт оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга)) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Ж.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн 2538005800105 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Бт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УУГАНБАЯР