Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 128/ШШ2023/0610

 

 

 

 

 

 

 

 

  2023          08            09                                  128/ШШ2023/0610

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны дөрөвдүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: М.Ганбат

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ё.Энхээ

Хариуцагч: Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Ц.Нарантуяа нарын хоорондын “Хүчин төгөлдөр захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ олгохгүй  байгаа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1168 дугаар захирамжийг үндэслэн М.Ганбатад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгах”-ыг хүссэн шаардлага бүхий маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Энхээ,  хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарантуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ган-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч М.Ганбат нь нэхэмжлэлийн шаардлагаа “Хүчин төгөлдөр захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ олгохгүй байгаа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1168 дугаар захирамжийг үндэслэн М.Ганбатад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд даалгах” гэж тодорхойлжээ.

2. Нэхэмжлэгч нь газрын гэрчилгээ олгож, гэрээ байгуулахгүй байгаа Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүйг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гомдол гаргаж, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 01-08/530 тоот албан бичгээр гомдлыг хангах боломжгүй тухай хариуг авсан учир 2023 оны 3 дугаар сарын 06-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

3.1 Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба хуульд заасан үүргээ үл биелүүлж, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг өнөөдрийг хүртэл олгохгүй байгаа нь иргэн миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн хууль бус эс үйлдэхүй юм,

3.2 2019 онд Нийслэлийн Засаг дарга миний эзэмшлийн газрыг өөр байршилд сольж эзэмшүүлэх саналыг тавьсан бөгөөд миний бие татгалзаагүй, гэтэл тухайн газраа хоёр жил дараалан ашиглаагүй тул газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгахаас татгалзсан тухай мэдэгдсэн боловч хугацаа сунгаж дахин газрын байршлыг өөрчлөх асуудлыг шийдвэрлэхээр 15 жилийн хугацаагаар сунгасан байхад өнөөдрийг хүртэл газрын гэрчилгээ олгож, гэрээ байгуулахгүй байгаа нь хууль бус гэжээ.

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ё.Энхээ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн М.Ганбатад Нийслэлийн Засаг даргын 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн А/168 захирамжаар Сүхбаатар дүүргийн 0-р хороонд байрлах 216 м.кв газрын эзэмших эрхийн гэрчилгээг 15 жилээр сунгаж эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт зааснаар тухайн шатны газрын даамал нь Засаг даргын шийдвэрт үндэслэн газар эзэмших эрхийн гэрээ гэрчилгээ олгож, гэрээ байгуулах хуулиар хүлээсэн үүрэгтэй. Гэтэл 2019 онд гарсан шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байсаар байтал ямар нэгэн шалтгаан хэлж, удаа дараа хүчингүй болголоо гэх мэдэгдлүүд өгөөд байх боловч ерөөсөө газар эзэмших эрхийн гэрчилгээ бичиж олгоогүй.

Мэдэгдэл дээр зааж байгаа Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.1.5 гэсэн заалтууд нь өөрөө газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох заалтууд, газар эзэмших эрхийг дуусгавар болгох үр дагавартай заалтууд биш. Газар эзэмших эрхийн гэрчилгээгээ олгоогүй, үүргээ биелүүлээгүй байж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэж яриад мэдэгдэл өгөөд байдаг. Хамгийн сүүлд 2023 онд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох мэдэгдлүүд өгч байгаа тул гэрчилгээг тань олгох боломжгүй гэсэн тайлбар ирсэн. Мэдэгдэл өгсөн гэдэг нь өөрөө газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл болохгүй. Иймд Нийслэлийн Газар зохион байгуулалтын алба иргэн М.Ганбатад гэрчилгээ олгох, газрын захирамжтай холбоотой, ер нь газартай холбоотой бүх харилцаан дээрээ хууль зөрчиж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчиж байна.

Тухайн газар дээр газрын үзлэг хийхэд Нийслэлээс тавьсан саналын үндсэн дээр нийтийн эзэмшлийн спортын талбай байгуулсан гэдэг нь тогтоогдсон. Энэ ч мөн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгохгүй байх үндэслэл болохгүй. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа явдал нь өөрөө хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа гэж үзэж байгаа тул гэрчилгээ олгохгүй байгаа нь Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны хууль зөрчсөн эс үйлдэхүй гэж үзэж байна. Иймд Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7, 34 дүгээр зүйлийн 34.1, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.2, 4.2.5, 4.2.8, 37 дугаар зүйлийн 37.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх заалтуудыг үндэслэн, хүчин төгөлдөр захирамжийн дагуу, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ олгохгүй байгаа Нийслэлийн газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус байгааг тогтоож, Нийслэлийн засаг даргын А/1168 дугаар захирамжийг үндэслэн, иргэн М.Ганбатад газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ олгохыг Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд даалгаж өгнө үү” гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Нарантуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нийслэлийн Засаг даргын 2019 оны газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай А/1168 дугаар захирамжаар иргэн М.Ганбатад Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Нийслэлийн ерөнхий боловсролын 45 дугаар дунд сургуулийн хажууд байрлалтай 216 м.кв газрыг контор, үйлчилгээний зориулалтаар 15 жилийн хугацаагаар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан. Монгол улсын Засгийн газрын 2020 оны 10 дугаар тогтоолын 7 хэсэгт Төрийн болон орон нутгийн өмчит, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн эзэмшилд байгаа барилга байгууламжийн доорх газар эзэмших, ашиглах эрхийг иргэн, хувийн хэвшлийн хуулийн этгээдийн нэр дээр олгосныг цуцалж, тухайн төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн нэр дээр баталгаажуулах, газар эзэмшилтэй холбоотой зөрчлийг арилгах арга хэмжээг 2020 онд багтаан авч хэрэгжүүлэх, цаашид төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдэд эзэмшүүлсэн газраас хувийн хэвшлийн хуулийн этгээд, иргэнд эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байх, барилга барих, эхлүүлэх зөвшөөрөл олгохгүй байхыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай, 2022 оны 54 дүгээр тэмдэглэлд Төрийн өмчийн бүх шатны  боловсролын сургалтын байгууллагын эзэмшиж байгаа газраас хууль тогтоомж зөрчиж иргэн, хувийн өмчийн хуулийн этгээдэд үнэ төлбөргүй шилжүүлсэн албан тушаалтанд зохих хариуцлага тооцох, газар эзэмших эрхийг цуцлах, газрын үнийг буцаан төлүүлэх, Төрийн болон орон нутгийн өмчийн газар дээр баригдсан, баригдаж байгаа иргэн, хуулийн этгээдийн барилга байгууламж, эд хөрөнгийг нүүлгэн шилжүүлж, газрыг чөлөөлөх асуудлыг хууль тогтоомжийн хүрээнд судалж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг Нийслэлийн засаг даргад тус тус даалгасан шийдвэрүүд гарсан.

Маргаан бүхий газар нь 2002 оноос хойш иргэн У.Булганд конторын барилгын зориулалтаар 2 жилийн хугацаатайгаар ашиглуулах шийдвэр, 2004 онд иргэн У.Булганаас, Жигүүр гранд ХХК-д газар эзэмших эрх шилжүүлэх, 2011 оны Нийслэлийн Засаг даргын 439 дүгээр захирамжаар газар эзэмших эрхийн хугацааг 5 жилээр сунгах шийдвэр, 2011 оны 729 дүгээр захирамжаар Жигүүр гранд ХХК-аас иргэн М.Ганбатад газар эзэмших эрхийн нэр шилжүүлсэн. 2002 оноос хойш өдийг хүртэл газраа зориулалтын дагуу ашиглаагүй бөгөөд уг газар нь Ерөнхий боловсролын 45 дугаар дунд сургуулийн зүүн урд байрладаг, бодит нөхцөл байдал дээр сургуулийн тоглоомын талбай байрладаг газар юм. Маргаан бүхий газар нь Монгол улсын Засгийн газрын 2020 оны 10 дугаар тогтоол, Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Иймд Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Шүүхээс болсон үйл баримтыг хэргийн оролцогчдын маргаж байгаа хүрээнд, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар  хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтууд, хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч нараас бичгээр ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаан дээр гаргасан нэмэлт тайлбар зэргийг судлаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

2. Анх Нийслэлийн Засаг даргын 2002 оны А/549 дүгээр захирамжаар иргэн У.Булганд Сүхбаатар дүүргийн 0 дүгээр хороо, Нийслэлийн ерөнхий боловсролын 45 дугаар сургуулийн зүүн урд талд байршилтай 216 м.кв газрыг конторын зориулалтаар эзэмших эрхийг олгож,

Нийслэлийн Засаг даргын 2011 оны А/439 дүгээр захирамжаар Жигүүр гранд ХХК-д газар эзэмших эрхийг шилжүүлж,

Мөн Нийслэлийн Засаг даргын 2011 оны А/729 дүгээр захирамжаар иргэн М.Ганбатад тус газрын газар эзэмших эрхийг шилжүүлэн, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмших эрхийн гэрээ байгуулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болох Нийслэлийн Засаг даргын захирамж, гэрээ, гэрчилгээ /2011/ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

3. Нэхэмжлэгч М.Ганбат нь 2016 онд тус газрын гэрчилгээний хугацаа сунгуулах хүсэлтийг гаргаж, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1168 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгасан байна.

4. Нэхэмжлэгч нь 2012 оноос тус газартаа контор, үйлчилгээний зориулалтаар барилга барих зураг төслийг хийлгэж, оффис, үйлчилгээний барилгын ажлын зураг, эскиз зургийг хийлгэж байсан болох нь тогтоогдож байх бөгөөд  дээрх үйл баримттай талууд маргаагүй.

5. Харин нэхэмжлэгчээс 2020 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр 2019 оны А/1168 дугаартай захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газрын байршил солих асуудлыг шийдвэрлүүлэхээр Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд хандсан боловч түүнд газрын байршил солих эрх зүйн зохицуулалт байхгүй тул шийдвэрлэх боломжгүй гэж 2020 оны 01-06/5364 тоот албан бичгээр, 2023 оны 01-08/530 дугаартай албан бичгээр газрын гэрээ, гэрчилгээ олгохоос татгалзсан хариуг хүргүүлсэн болох нь хавтас хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

6. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ, 34 дүгээр зүйлийн 34.1-д Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ гэж заасныг тухайн тохиолдолд холбогдуулан үзвэл хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч М.Ганбатад Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1168 дугаартай захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахаас татгалзаж, газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус гэж үзэх үндэслэлтэй байна.

7. Учир нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах гэж зааснаас үзвэл Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1168 дугаар захирамжаар нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг 15 жилийн хугацаагаар сунгаж шийдвэрлэсэн байхад хариуцагч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тухайн газрыг хүчингүй болгох үндэслэл бүрдсэн гэж газар эзэмших гэрчилгээ олгож, гэрээ байгуулахгүй байгаа нь хууль бус байна.

8. Мөн хариуцагчаас нэхэмжлэгч М.Ганбатад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахаас татгалзсан үндэслэлээ Засгийн газрын 2020 оны 10  дугаар Тогтоолд төрийн өмчийн боловсролын байгууллагын эзэмшил газраас бусдад шилжүүлэх шийдвэр гаргахгүй байх, гарсан шийдвэрийг цуцлах талаар үүрэг болгосон тул гэрээ гэрчилгээ олгохыг зогсоосон гэж тайлбарлаж байна.

9. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж зааснаас үзвэл нэхэмжлэгч М.Ганбат нь Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр 45 дугаар сургуулийн зүүн урд талд байршилтай 216 м.кв газрыг 2002 оноос хойш эзэмших эрх үүссэн газрыг шилжүүлэн авсан байх бөгөөд энэ газар нь сургуулийн эзэмшлийн газарт хамааралгүй байх тул хариуцагчийн дээрх тайлбар үндэслэлгүй байна.

10. Шүүхийн үзлэгээр маргаан бүхий газарт сагсны талбай барьсан байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргаагүй газрын байршлаа солиулах талаар захиргааны байгууллагад удаа дараа хүсэлт гаргаж байсан болох нь тогтоогдож байгаа хэдий ч өнөөдрийг хүртэл нэхэмжлэгчид газар эзэмших эрх олгосон захиргааны байгууллагын шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул түүнд газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож гэрээ байгуулах үүргийг хариуцагч хүлээнэ.

11. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.8-д Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй гэж заасан бөгөөд хариуцагч захиргааны байгууллагаас өөрсдийгөө зөвтгөх нотлох баримт тайлбарыг шүүхээс удаа дараа шаардсанаар гаргаж өгөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

12. Нөгөөтэйгөөр Нийслэлийн Засаг дарга иргэн М.Ганбатын эзэмшил газарт нийслэлээс төлөвлөсөн спорт талбай бариулсан байх тул газар эзэмшигч иргэн өөрийн эзэмшлийн газраа бодитойгоор эзэмших боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн, мөн эзэмшил газраа эзэмших эрхийн гэрчилгээг сунгасан байх тул түүнд Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1168 дугаартай захирамжийг үндэслэн газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахаас татгалзах эрхийг хуулиар  Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд олгоогүй, харин дээрх захирамжийн дагуу газрын гэрчилгээ олгож, гэрээ байгуулах эрх, үүргийг хүлээлгэсэн байна.

13. Дээрх нөхцөл байдлаас дүгнэвэл иргэн М.Ганбатад газар эзэмшүүлэх эрх олгосон Нийслэлийн Засаг даргын захирамжийг биелүүлэн түүнд газар эзэмших гэрчилгээг олгож, гэрээ байгуулсны дараа газрын төлбөр төлсөн, хоёр жил дараалан газрыг зориулалтын дагуу ашиглаагүй, Засгийн газрын 2020 оны 10  дугаар тогтоолд төрийн өмчийн боловсролын байгууллагын эзэмшил газраас бусдад шилжүүлэх шийдвэр гаргасан эсэх талаарх судлан, маргаан бүхий газрын эзэмших эрхийг цуцлах үндэслэл бүрдсэн эсэх талаарх асуудал яригдах бөгөөд энэ талаар маргах эсэх нь нэхэмжлэгчийн эрх байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3, 106.3.4 дэх заалтад заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Хүчин төгөлдөр захирамжийн дагуу газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээ олгохгүй  байгаа нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1168 дугаар захирамжийг үндэслэн М.Ганбатад газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулахыг хариуцагчид даалгасугай.

 2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдах нь зүйтэй. 

 

 

 

ШҮҮГЧ                                   Д.ЧАНЦАЛНЯМ