Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 40

 

Б.М-н нэхэмжлэлтэй

                           иргэний хэргийн тухай

 

 

                                                                           Хэргийн индекс: 150/2019/00053/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч:

                             Ерөнхий шүүгч                      Б.Батзориг

                             Шүүгчид                                Д.Буянжаргал

                                                                          Г.Давааренчин

 

                              Оролцогчид: 

                 Нэхэмжлэгчийн

      итгэмжлэгдсэн төлөөлөгч    Ө.Г

                 Хариуцагч                             Ц.Л

                 Хариуцагчийн өмгөөлөгч     Д.Д

                                          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож,  Сэлэнгэ аймаг  Сайхан  сум  дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 105 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г-н  давж заалдах гомдлоор Б.М-н нэхэмжлэлтэй Ц.Л-д холбогдох “Зээлийн гэрээний үүрэг 12.000.000 төгрөг гаргуулах” тухай иргэний  хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

           Нэхэмжлэгч Б.Мөнхтөр түүний  нэхэмжлэгчийн итгэмждэгдсэн төлөөлөгч Ө.Ганхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Б.М миний бие 2016 оны 07 дугаар сард иргэн Ц.Л-н мөнгө зээлээч гэсэн хүсэлтийн дагуу 4.500.000 төгрөгийг нэг сарын 10 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацаа дуусаад үндсэн зээлсэн мөнгөө хүүтэй нь шаардахад ах нь тэр мөнгөөр чинь тариалангийн талбайд уринш хийсэн байгаа. 2017 онд уринштай талбайд ургац сайн авна гэж хэлээд тэр болтол хүлээгээч гэсний дагуу би хүлээсэн. Дараагаар нь 2017 оны 06 дугаар сард ахдаа дахиад мөнгө зээлээч хаврын тариалалт эхэллээ одоо уринштай талбайдаа тариа тарина, уринштай юм чинь найдвартай гэсэн тул 6.000.000 төгрөгийг мөн нэг сарын 5 хувийн хүүтэй 5 сарын хугацаатай зээлдүүлсэн. Энэ 6.000.000 төгрөгийг би Хөвсгөл аймгийн иргэн З.Даваадоржоос нэг сарын 3 хувийн хүүтэй зээлээд Ц.Л-д өгсөн. Одоо З.Даваадорж нь надаас нэхээд маш хэцүү байна. Мөн 2017 оны 08 дугаар сард талбайд хор цацах хэрэгтэй байна 1.500.000 төгрөг нэмж зээлээч гэсэн хүсэлтээр зээлсэн. Нийтдээ Ц.Л-д 12.000.000 төгрөг зээлдүүлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл зээлийн гэрээний дагуу үүргээ гүйцэтгэхгүй нэг ч төгрөг төлөөгүй тул зээл 12.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Хэдийгээр хүү тооцох талаар амаар тохирсон боловч бичгээр баталгаажуулаагүй тул хүү нэхэмжлээгүй. Иймд хариуцагчаас 12.000.000 гаргуулан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ. 

 

Хариуцагч Ц.Л анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь үл зөвшөөрч доорх тайлбарыг гаргаж байна. Нэхэмжлэгч Б.М нь үндэслэлгүйгээр надаас 12 сая төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд бидний хооронд амаар болон бичгээр ямар ч зээлийн гэрээ байгуулагдаагүй болно. Харин Б.М-н хүсэлтээр би түүнд туслах зорилгоор миний эзэмшлийн 100 га газарт зардлаа тал талаасаа гарган уринш бэлтгэн дараа жил тарихаар тохирч, 2015 оны 7-р сард уриншийн боловсруулалт хийсэн. Энд Б.М 4,5 сая төгрөг, миний бие үлдэгдэл мөнгө болох 5,5 сая төгрөг гарган 2 удаагийн боловсруулалт хийсэн. Тухайн үед Б.М уринш хийсэн байдлыг газар дээр нь очиж шалгасан. Ингээд дараа жил буюу 2017 оны хавар 5-р сарын 25-ны өдөр “Чонын өргөс” нэртэй эмийн ургамлыг тариалсан. Энд Б.М нь 5,5 сая төгрөг гаргасан. Тэр мөнгийг тариалах үр авахад зарцуулсан. Харин би техникийн хөлс, шатахуун, хоол хүнс, үрийн үлдэгдэл төлбөр зэргийн мөнгө болох 5,7 орчим сая төгрөгийг гаргаж тариалалтын ажлыг дуусгасан болно. Бид энэ ажлуудыг хийж гүйцэтгэхэд дандаа хамт байж, харилцан ярьж тохирч ажлаа хийж гүйцэтгэсэн болно. Ургалтын хугацаанд зэрлэг хог ургамлыг устгах зорилгоор форфарт хэмээх хорыг 60 литр Ч65000=3,900,0 мянган төгрөгөөр худалдан авч талбайд цацсан. Энд Б.М 1,5 сая төгрөг гаргасан, үлдэгдэл хорын мөнгө, хор цацсан ажлын хөлсийг би гаргасан болно. Ийнхүү бид харилцан тохирч хамтран ажиллаж, тариалалт болон хураалтад шаардлагатай мөнгийг зориулалтын дагуу Б.М-н хяналтанд зарцуулсан. Би М-с нэг ч төгрөг зээлж аваагүй. Зөвхөн шаардлагатай /зардлын мөнгө/ мөнгийг авч, дээрээс нь өөрөө мөнгө нэмж үр, хорны үнийг төлсөн. Бидний ургац сайн уриншийн боловсруулалт хийсний үр дүнд сайн ургасан. Хураалтын өмнө буюу 8-р сард уг чонын өргөс тарьсан тариаланчид миний талбай дээр ирж /Найрамдал, Зүүнхараа, Орхон, Номгон зэрэг сумдын/ туршлага судалж байсан. Орхон сумын Ганзориг 300 га, Номгоноос 150 га-ийн ургац алдаж байхад харин манай талбайн ургац сайн байсан. Ингээд бид ургац хураах ажилд орсон. Ид ургац хурааж байх үед хүчтэй салхи шуурч, ургац хураах боломжгүй болж, ажил зогссон. Шөнөжингөө шуурсан. Маргааш нь дахин хураалтад орж хураасан боловч олигтой ургац аваагүй. Тэгэхэд л бид ургацаа салхинд хийсгэж алдсанаа мэдсэн. Тэр үед Б.М хамт байсан.  Бид багахан хэмжээний буюу 34 шуудай ургац хураан авсан. Энэ нь одоо хүртэл борлуулалтгүй, хадгалаастай байгаа болно. Уринш боловсруулах, тариалах, хор ургамал устгах, арчлах, хамгаалах, ургац хураах зэрэг бүхий л ажилд Б.М нь хамт оролцож, юунд мөнгө зарцуулснаа мэдсэн, ургац алдсан шалтгаанаа ч сайн мэдэж байгаа хирнээ адилхан эрсдэл хүлээчхээд, гаргасан зардлаа надаас гаргуулахаар тэр битгий хэл намайг өөрөөс нь хүүтэй мөнгө зээлж авсан мэтээр ор үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгааг би үнэхээр ойлгохгүй байна. Б.М-н санаатай энэ үйлдэлд нь гомдож гайхаж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Сэлэнгэ аймаг  Сайхан  сум  дахь сум дундын шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 105 дугаартай шийдвэрээр:

-Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ц.Л-с зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 12.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.М-н нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

            -Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 206.950 төгрөгийг төрийн сангийн орон нутгийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Г давж заалдах гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан талбартаа:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй бөгөөд  шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй гэж үзэж байна.  Шүүх Иргэний хуулийн 281 дүгээр 281.1-т заасан зээлийн гэрээ байгуулагдаагүй, мөнгө зээлж авсан  нь нотлогдохгүй  байна гэж дүгнэдэг.  Хэрэгт талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан, мөнгө авсан талаар хариуцагч хэлсээр байхад  шүүх 12.000.000 төгрөгийг шилжүүлсэн болохоо нотлоогүй  гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байна.  Зээлийн гэрээ  нь амаар болон бичгийн хэлбэрээр байгуулж болдог юм. Иймд анхан шатны шүүхийн  шийдвэр үндэслэл бүхий болоогүй тул нотлох баримтыг буруу үнэлж дүгнэсэн  тул нэхэмжлэлийн шаардлагыг  бүхэлд нь  хангаж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ц.Л давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:  Б.М ямар нэгэн зүйл тариалмаар байна хоёулаа хамтарч хийе гэдэг саналыг анх гаргасан. Тэгээд би Б.М-д найдвартай ургамал тариалахгүй бол болохгүй. Хэрвээ тариалан эрхлэхээр сонирхож байгаа бол хамтраад ажиллаж болно. Надад тариалангийн талбай байгаа, техник төхөөрөмжийг зохицуулж болно гэж хэлсэн. Тэгээд Б.М зөвшөөрөөд 4.500.000 төгрөг, би 4.500.000 төгрөгийг гаргаж тариалан боловсруулалтын ажлыг 2016 онд хийж эхэлсэн. Тэгээд “Чонын өргөс” ургамлын  үрийг  тариалсан. Тариалалтын явцад сайн чанарын үр байсан учир ургац сайн ургасан. Ургацаа комбайнаар хурааж байтал хүчтэй шуурга болсон. Тэгээд маргааш өглөө нь ургацаа хураах гэсэн боловч ургац байхгүй байсан. Чонын өргөс ургамлын өөрийн онцлог нь цэцгэн дээрх үр нь өөрөө салхинд хийсчихдэг. Үндсэндээ шатчихсан гэж ойлгож болно. Гэтэл надаас зээл гээд нэхээд байгааг ойлгохгүй байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Д.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны  бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн  шаардлагад нийцсэн гэж үзэж байна. Зээлийн гэрээ байгуулсан болох нь тогтоогдоогүй хамтран ажиллах гэрээний дагуу ажилласан гэж ойлгож болно энэ нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

                                           ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.М хариуцагч Ц.Л-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 12.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч зөвшөөрөхгүй гэж маргасан бөгөөд шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Шүүх хэргийн үйл баримт болон  зохигчдын хооронд  үүссэн маргааныг  тодорхойлж, маргаанд зохих  эрх зүйн дүгнэлт хийхгүйгээр зөвхөн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлох хуульд заасан үүргээ биелүүлээгүй гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн нь  шүүхийн  шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Шүүх нэхэмжлэгчийн гомдолд 2019 оны 04 сарын 25-ны өдөр  иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.1 “хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэсэн үндэслэлээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх”  тухай захирамж гарган  хэргийг хянан шийдвэрлэжээ.

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой нотлох баримт хангалттай бүрдсэн гэдгийг зохигчид хангалттай баримт бүрдүүлсэн бөгөөд өөр гаргах баримтгүй болохоо илэрхийлсэн, цугларсан нотлох баримтад  тулгуурлан  хэргийн бодит байдлыг тодорхойлох  боломжтой болсон эсхүл тухайн төрлийн  хэрэг маргааныг  шийдвэрлэхэд бүрддэг нотлох баримт хангалттай бүрдсэн гэж үзэх үндэслэл  байгаа зэргийг ойлгоно. 

Хэрэгт  зохигчдын тайлбараас өөр нотлох баримт авагдаагүй, зохигчид нотлох баримт хангалттай  бүрдүүлсэн  талаар илэрхийлээгүй, зохигчид 12.000.000 төгрөгийг  шилжүүлэн өгсөн, авсан талаар  маргадаггүй боловч  талуудын хооронд үүссэн  маргааны үйл баримт буюу хэргийн үйл баримт  болон нэхэмжлэгчийн шаардлага тодорхой бус  байхад  шүүх түүнийг тодруулаагүй,  түүнчлэн мөнгийг  талууд ямар  хэлцлийн дагуу  шилжүүлсэн   нь тодорхой бус энэ тухай хэрэгт баримт авагдаагүй байхад шүүх хэрэгт ач холбогдолтой, хамааралтай  нотлох баримт хангалттай бүрдсэн хэмээн үзэж хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

Иймд шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс өмнө бэлтгэл ажиллагааг хуулиар тогтоосон  журмын дагуу явуулаагүй  байх тул  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Давж заалдах шатны шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн үндэслэлээр хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа тул хэргийн шийдвэрлэлт болон нэхэмжлэгчийн  давж заалдах гомдолд  дүгнэлт хийгээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг Сайхан сум дахь сум дундын  шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 105 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 208.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.   

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног  өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН