| Шүүх | Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Уранзаяа |
| Хэргийн индекс | 104/2024/00112/И |
| Дугаар | 104/шш2024/00183 |
| Огноо | 2024-03-29 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 104/шш2024/00183
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Уранзаяа даргалж, тус шүүхийн Б танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: *******,*******,*******,*******,******* тоот хаягт байрлах, ******* ХХК
Хариуцагч: *******, *******,*******,******* хаягт байрлах, ХХК
Нэхэмжлэлийн шаардлага: Түрээсийн гэрээний үүрэгт 9,524,717 төгрөг, алданги 4,762,358 төгрөг, нийт 14,287,076 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.,
Хариуцагчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд, Ц.
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ууганчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1.Нэхэмжлэгч ******* ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ХХК нь анх манай компанийн тоот өрөөг 2020 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 03 дугаар сарын 27-ны өдрийг хүртэл нэг жилийн хугацаанд түрээслэхээр харилцан тохиролцож, №70 дугаартай түрээсийн гэрээ байгуулсан. Энэхүү гэрээ дуусахад дахин жилээр сунгах №143 дугаартай гэрээг байгуулсан. Талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2-т түрээсийн байрны 1 мкв үнэ 28,000 төгрөг байх ба нийт 1,604,120 төгрөг байна, 4.6-д Түрээслэгч тал нь тухайн сарын түрээсийн төлбөрийг нэхэмжлэгчийн нэр дээрх тоот дансанд сар бүрийн 10-ны дотор хийнэ гэж заасан. ******* ХХК нь Ковид 19 цар тахлын үед түрээсийн төлбөрөө 80 хувийн хөнгөлөлт үзүүлж хамтран ажиллагч байгууллагуудаа дэмжиж ажилласан. Түрээслэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй зөрчсөөр байсан тул 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 906 тоотыг суллаж авсан. Гэтэл хариуцагч талаас бидэнд дахин санал тавьж, дахин өөр өрөө түрээслэх хүсэлт албан бичгээр ирүүлсний дагуу 2022 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр №2201 тоот гэрээ байгуулж өрөөг мкв үнийг 28,000 төгрөгөөр түрээслэхээр гэрээ байгуулж, орсон боловч түрээсийн төлбөрийг сар бүр төлөх үүргээ удаа дараа зөрчиж, бид 2022 оны 09 дүгээр сараас түрээсийн төлбөрийг 32000 болгож нэмэгдүүлсэн. Ийнхүү хариуцагч талд удаа дараа боломж олгож байсан боловч төлбөрөө төлөхгүй байсан, өрөөгөө албан ёсоор хүлээлгэж өгөөгүй байж байгаад 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдөр суллаж өгсөн. Иймд 2022 оны 01 дүгээр сараас эхлэн 10 дугаар сар хүртэл хуримтлагдсан түрээсийн төлбөр 9,524,717 төгрөг, алданги 4,762,358 төгрөг нийт 14,287,076 төгрөгийг хариуцагч ХХК-иас гаргуулж өгнө үү... гэв.
2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд тайлбартаа: ...Бид түрээсийн гэрээний дагуу төлбөрийг төлж байсан боловч цар тахлын улмаас төлбөр төлөх доголдсон нь үнэн. Бидний тооцооллоор 5,000,000 орчим төгрөгийн тооцоо байгааг хүлээн зөвшөөрч байна, төлбөрийг өнөө маргаашгүй төлөх боломжгүй. гэв.
3.Нэхэмжлэгч талаас дараах баримтыг гаргаж өгсөн байна. Үүнд:
3.1 Харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ (хх-ийн 04 дүгээр хуудас),
3.2 ******* ХХК, ХХК-ийн 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр байгуулсан Түрээсийн гэрээ (хх-ийн 08-10 дугаар хуудас),
3.3 ХХК-д хүргүүлсэн албан шаардлага (хх-ийн 16-21 хуудас),
4. Хариуцагч талаас баримт гаргаж өгөөгүй байна.
Шүүхээс зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар судлагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч ******* ХХК түрээсийн төлбөр 14,287,076 төгрөг гаргуулахаар шаардсныг хариуцагч 5,000,000 орчим төлбөрийн үлдэгдэл байгаа, ойрын хугацаанд төлөх боломжгүй хэмээн маргажээ.
3.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ: ... ХХК-нд түрээсийн гэрээний дагуу Ялалт плаза 906, өрөөг түрээслүүлж байсан боловч төлбөрөө төлөөгүй тул түрээсийн төлбөр 9,524,717 төгрөг, алданги 4,762,358 төгрөг, нийт 14,287,076 төгрөг гаргуулна ...гэж,
Хариуцагч татгалзлын үндэслэлээ...түрээсийн төлбөр төлөх ёстой хэдий ч энэ их хэмжээний төлбөр гараагүй, 5,000,000 орчим төлбөр байгаа байх, гэхдээ уг төлбөрийг одоо төлөх боломжгүй... хэмээн тайлбар гаргаж маргаж байна.
4.Зохигч түрээсийн гэрээ байгуулагдсан, төлбөр төлөх эсэхэд маргаагүй, төлбөрийн хэмжээ, нэхэмжлэлийн үнийн дүнд маргаж байна.
5. Нэхэмжлэгч ******* ХХК нь нэхэмжлэлдээ2020 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хариуцагч ХХК-тай 1 жилийн хугацаатай №70 дугаар, уг гэрээг дахин нэг жилээр сунгаж №143 дугаар гэрээ байгуулсан хэмээн нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлах ба түрээсийн төлбөр нэхэмжлэхдээ дээрх гэрээний үлдэгдэл төлбөр хэмээн 14,287,076 төгрөгийн нэхэмжлэлийн тооцооллоо тайлбарлах боловч эхний хоёр гэрээ хэрэгт авагдаагүй тул шүүх хэрэгт баримтаар авагдсан 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн №237 дугаар Түрээсийн гэрээний хүрээнд дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэлээ.
6. Зохигч 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр №237 дугаартай Түрээсийн гэрээ байгуулж, гэрээгээр нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч ХХК-д , 30,62 мкв талбай бүхий байрыг нэг метр квадратыг 28,000 төгрөгөөр тооцож нэг сарын 857,360 төгрөгөөр түрээслэхээр, хариуцагч түрээсийн төлбөрийг сар бүрийн 10-ны өдрийн дотор нэхэмжлэгчийн нэр дээрх тоот дансанд төлөхөөр харилцан тохиролцжээ.
7. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаас үзвэл талуудын хооронд түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна.
8. Хариуцагч ХХК нь түрээсийн төлбөрийг төлж байсан, одоо 5,000,000 орчим төгрөгийн үлдэгдэлтэй гэх боловч энэ тухай баримтыг ирүүлээгүй, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан түрээсийн гэрээгээр хариуцагч нь 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд 470,165 төгрөг, 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 2022 оны 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 8 сарын хугацаанд /8 сар*857,360 төгрөг/ 6,858,880 төгрөг нийт 8 сар 15 хоногийн хугацаанд 7,329,045 төгрөгийг төлөх үүргийг хүлээнэ.
9. Зохигчийн байгуулсан Түрээсийн гэрээний 4.7-д Түрээсийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлөөгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг түрээслүүлэгчид төлнө, алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан хувь хэмжээнээс хэтрэхгүй хэмээн тохиролцсон байх тул хариуцагч гэрээний дагуу түрээсийн төлбөр болон алдангийг төлөх үндэслэлтэй юм.
10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2, 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй, нэхэмжлэлийн шаардлага татгалзлын үндэслэлтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх үүрэгтэй байдаг.
Хариуцагч түрээсийн төлбөр төлсөн, одоо 5,000,000 орчим төгрөгийн үлдэгдэлтэй гэх боловч энэ тухай баримтыг гаргаж ирүүлээгүй, нэхэмжлэгч түрээсийн төлбөрт 9,524,717 төгрөг нэхэмжлэхдээ .. өмнөх түрээсийн төлбөрийн үлдэгдэл байсан.хэмээн харилцагчийн авлагын дэлгэрэнгүй гүйлгээ гэх баримт /хх-ийн 04 хуудас/-ыг үндэслэл болгох боловч өмнөх түрээсийн гэрээний харилцаа үүссэн гэдгийг нотлох баримт байхгүй, уг гүйлгээний баримт нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул тайлбар үндэслэлгүй гэж дүгнэлээ.
11.Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч ХХК-иас 2022 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр №237 дугаартай Түрээсийн гэрээний үүрэгт нийт 7,329,045 төгрөгийг, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.4, түрээсийн гэрээний 4.7-д заасныг үндэслэн алдангийг гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтрүүлэхгүйгээр 3,664,522 төгрөг нийт 10,993,567 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх 3,293,479 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
12.Хариуцагч ХХК-ийн зүгээс шүүхэд хариу тайлбар ирүүлсэн боловч захирлаар Ц. хэмээн гарын үсэг зурсан, шүүхэд нэхэмжлэгчийн хүсэлтээр гаргасан хариуцагчийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд захирал нь Ц. байх /47 хуудас/ тул уг тайлбарыг үнэлээгүй, хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт үндэслэж хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдав.
13.Нэхэмжлийн зарим хэсгийг хангасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,385 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 190,847 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар хариуцагч ХХК-иас 10,993,597 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ХХК-д олгож, үлдэх 3,293,479 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 229,385 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 190,847 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.УРАНЗАЯА