Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 41

 

Э.Д-н нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

 

 

                                                                         Хэргийн индекс: 149/2019/000205/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч:

                             Ерөнхий шүүгч                       Б.Батзориг

                             Шүүгчид                                 Д.Буянжаргал

                                                                           Г.Давааренчин

 

                              Оролцогчид: 

                                                     Нэхэмжлэгч                          Э.Д

                                                     Хариуцагч                             Ж.А 

                                                     Хариуцагчийн өмгөөлөгч     Д.Э

                                     Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож,  Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 217 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагчийн давж заалдах  гомдлоор Э.Д-н  нэхэмжлэлтэй Ж.А-д  холбогдох “Гэрлэлт цуцлаж хүүхдийн тэтгэлэг тогтоолгох” тухай иргэний хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Нэхэмжлэгч Э.Д анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2006 онд Ж.А-тэй танилцан үерхэж байгаад 2008 оноос гэр бүл болж хамтран амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2008 оны 10 дугаар сарын 07-ны өдөр охин А.М, 2013 оны 06 дугаар сарын 02-ны өдөр охин М нар мэндэлсэн. Нөхөр А нь амьдралын эхний үед хааяа архи уудаг байсан ба 2012 оноос архи уух нь ихсэж үүнээс болж бидний дунд маргаан гарах болсон. А архи уухаараа гадуур тэнээд явдаг, аав ээжид нь энэ тухай хэлэхэд хүүхдэдээ хэлж ярьдаггүй өмөөрч бүр маргаан болдог. Сүүлийн жилүүдэд А архи уугаад гадуур тэнэж явахаас гадна гэр орондоо янз бүрийн архи уудаг хүмүүс дагуулж ирдэг тул үүнээс болж бид байнга хэрүүл маргаантай байж байгаад 2018 оны 01 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байна. Ж.А нь хамт амьдарч байх хугацаандаа архи уусан согтуу үедээ намайг болон охидуудаа зодож шөнө гэр орноос хөөдөг хэцүү байсан. Хамгийн сүүлдээ намайг зодож хоёр хүүхдийг харанхуйд өвөө, эмээ рүү нь өвлийн шөнө явуулснаас болж 2 хүүхдийн хөл хайрагдаж би тухайн үед хуулийн байгууллагад хандаж Ам баривчлагдах шийтгэл хүлээж байсан. Бид одоо хэн аль нь тусдаа амьдарч байгаа ба эвлэрүүлэн зуучлалаар орж эвлэрэх шаардлагагүй гэж үзэж байна. Иймд  гэрлэлтээ цуцлуулж хүүхдүүдээ өөрийн асрамжид авч тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагч Ж.А анхан шатны шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Бид сайхан амьдарч байсан эхнэр  намайг хуураад байсныг мэдэж гадарлаж байсан учраас би архи ууж ийм авир гаргадаг байсан. Юм л бол өөрийгөө ална, үхнэ, хатна гэж айлгадаг. Би гар хүрдэггүй байсан. Надад шүүхээс баривчилгаа өгөөд би яваад хөөгдөөд өмссөн хувцастайгаа явсан. Миний гэр оронд хамтран амьдрагчаа авчирсан. Эднийхэн бүгдээрээ хуйвалдсан асуудал байгаа. Энийг би шалгуулмаар байна. Би сая хүүхэдтэйгээ уулзахад гар хөл нь булгайр болчихсон байсан. Тэгж асран хамгаалдаг юм уу. Би өөрийн хүүхдээ асрамжиндаа авмаар байна. Ээж нь байнгын сал гэж миний толгойд шингээдэг байсан. Тэрнээс болж би жаахан юм уухаараа ийм авир гаргадаг байсан. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

            Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ны өдрийн 217 дугаартай  шийдвэрээр:

- Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овогт Э Д, Б овогт Ж А нарын гэрлэлтийг цуцлаж,

- Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2008 оны 10-р сарын 07-ны өдөр  төрсөн охин А.М, 2013 оны 06-р сарын 02-ны өдөр төрсөн хүү А.М нарыг эх Э.Д-н  асрамжид үлдээхээр,

- Монгол улсын Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар охин А.М, А.М нарыг эцэг Ж.А-р  сар бүр тэжээн тэтгүүлэхээр,

- Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчээс  улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж хариуцагчаас  улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож,

 - Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Ж.А-с  нэг жилийн хугацаанд төлөх хүүхдийн тэтгэлэгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 21470 төгрөг гаргуулан  улсын  орлогод оруулах, шийдвэрийн хувийг иргэний гэр бүлийн бүртгэлийн төв байгууллагт хүргүүлэхийг даалгаж шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч Ж.А  давж заалдах  гомдол болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх  хэргийг шийдвэрлэхдээ миний эрх ашгийг ноцтой зөрчсөн. Би хоёр хүүхдээ өөрийн асрамжинд авна, эд хөрөнгийн маргаанаа шийдвэрлүүлнэ гэж шүүхэд удаа дараа тайлбарласаар байхад шүүх  тухайн асуудлыг  орхигдуулж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Мөн эхнэрийн хамтран амьдрагч залуу охиныг маань айлгасан гэсэн асуудал байгаа түүнийг шалгуулах хүсэлтэй байгаа. Ийм байдалтай хүүхдүүдээ ээжид нь итгэж өгч чадахгүй гэж үзэж байна. Би Улаанбаатар хотод ахынхаа хашаанд гэр барьж амьдарч байгаа, ажил хийж хүүхдүүдээ өсгөж чадна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах  шатны шүүхэд гаргасан тайлбартаа:  Шүүх хүүхдийн асрамжийн талаар маргаантай байхад хүүхдийн асрамжийг шийдэхийн тулд  шинжээч томилж, эцэг эхийн хэн нь хүүхдээ асрамждаа авах боломжтой  байхад дээрхи ажиллагааг хийгээгүй мөн эд хөрөнгийн маргаантай гэсээр байхад  зохигчид эд хөрөнгийн маргаангүй гэж шийдвэрлэсэн нь  шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн  гэв.

 

Нэхэмжлэгч Э.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие нь 2006 онд Ж.А-тэй гэрлээд сайхан амьдарч байсан.  Архи уудаг асуудлаас болж л салсан. Миний хүүхэд аймагтаа сурлагаар тэргүүлдэг.  А өөрөө нэг ч удаа хүүхдээ харж асран хамгаалж байгаагүй байж зүгээр хүүхдийг чинь харж байгаа хүн рүү дайраад байх хэрэггүй. Тэр хүний авч өгсөн ээмэг бөгжийг ломбардаж байгаад би өнөөдөр өргөдөл өгч байна. Яагаад анхнаасаа яаж зоддог байсаныгаа хэлэхгүй байгаа юм бэ. Хүмүүс бүгд мэдэж байгаа. Би энэ хүнийг ажил хийнэ гэхээр нь  цалингийн зээл аваад машин авч өгсөн. Гэтэл ажил хийх гэж байгаа гээд гэр дүүрэн хүмүүс цуглуулж  архи уудаг. Энэ байдлаас нь болж муудалцдаг. Чи гэр орноо авмаар байвал ав. Тэрийг чинь би өөрийн нэр дээр биш өөрийнхөө хүүхдийн нэр дээр авч өгье. Хүүхдүүдээ өөрөө авна гэнэ. Улаанбаатарт ахынхаа хашаанд гэр барьсан гэлээ. Ахынхаа хажууд байх нэрээр охиноор маань ахынхаа хүүхдийг л харуулах гэж байна гэж ойлгож байна.  Би хүүхдээ энэ хүнд найдаж өгөхгүй. Гомдлыг нь зөвшөөрөхгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй, хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий  дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж үзлээ.

 

Хариуцагчийн давж заалдсан гомдлын дагуу хэргийг судлан үзвэл:     Гэрлэгчид  нь  2008 онд гэр бүлж болж, тэдний дундаас 2008 онд  охин А.М, 2013 онд охин А.М  нар төрсөн байна.   Хариуцагч Ж.Ан архи ууснаас үүдэлтэй гэр бүлийн дотор   хэрүүл маргаан болдог, энэхүү таарамжгүй харьцааны улмаас гэрлэгчид  тодорхой хугацаагаар тус тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн үндэслэлээр Э.Д нь гэрлэлтээ цуцлуулах  тухай хүсэлтийг  шүүхэд гаргасан байна.

 

Шүүхээс гэрлэгчид нь удаан хугацаагаар тусдаа амьдарч байгаа,  Ж.Ан архи ууж гэр бүлдээ хэрүүл маргаан үүсгэдэг нөхцөл байдал болон гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгддэж байсан, нэхэмжлэгч Э.Дн цаашид хамтран амьдрах боломжгүй гэсэн хүсэлт зэргийг харгалзан гэрлэгчидэд эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцласан нь  хууль зөрчөөгүй гэж үзлээ.

            Гэрлэгчидийн  хэн аль нь хүүхдүүдээ  өөрийн асрамжид авна гэж маргасан  бөгөөд  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад  хэн аль нь   хүүхдийг эцэг эхийн хэнийх нь асрамжид үлдээх болон хүүхдийг амьдрах нөхцөл сурч боловсрох  бололцоогоор хангах боломжтой талаар мэргэшсэн шинжээч нараар дүгнэлт гаргуулах тухай  хүсэлт гаргуулаагүй  тул  шүүхээс  Гэр бүлийн тухай хуулийн  14 дүгээр зүйлийн 14.6-д заасны дагуу  тодорхой дүгнэлт хийж хүүхдийн асрамжийг эх Э.Д-д үлдээхээр шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй бөгөөд ийнхүү шийдвэрлэснээрээ хүүхдүүдийн  хуулиар хамгаалагдсан эрх ашиг ямар нэг байдлаар хөндөөгүй байх тул  хариуцагчийн шүүх хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхдээ  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.  

 

Харин  гэрлэгчид нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийг хуваах талаар талууд тохиролцон шийдвэрлэж болох бөгөөд  хэрэв тохиролцоогүй бол Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д шүүх  хөрөнгө хуваах асуудлыг шийдэж болохоор заасан.  Шүүхэд  зохигчдын хэн аль нь   гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгийн маргааныг шийдвэрлүүлэх талаар хүсэлт гаргаагүй, Ж.Ань ямар хөрөнгийг хэрхэн хуваах талаар шүүхэд хүсэлт гаргаж түүнтэй  холбоотой нотлох баримтаа ирүүлээгүй тул шүүх  гэрлэгчидийн хүсэлт тодорхой нотлох баримтгүйгээр тэдгээрийн хамтран өмчлөн  хөрөнгийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй юм.

Харин гэрлэгчид нь хүсвэл эд хөрөнгө хуваах талаар тусдаа нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй болохыг тайлбарлах нь зүйтэй байх бөгөөд анхан шатны шүүх энэ талаар маргаангүй гэж дурьдсан нь үндэслэлгүй байх тул тухайн заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

Иймд хариуцагчийн шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн гэсэн  гомдлыг  хүлээн авах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 217 дугаартай  шийдвэрий Тогтоох хэсгийн

4 дэхь заалтыг:

“4.Гэрлэгчид нь гэр бүлийн дундаа хамтран өмчлөх хөрөнгийн асуудлаа иргэний журмаар жич нэхэмжлэл гарган шийдвэрлүүлэх эрхтэй болохыг дурдсугай.” гэж өөрчилж тогтоох хэсгийг бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн   давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН