Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/86

 

 

 

 

 

Г.Тд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор Э.Уранчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн,

Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн, 2021 оны 8 сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/289 дүгээр шийтгэх тогтоолтой шүүгдэгч Г.Тд холбогдох 2134000000234 дугаартай 1 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 9 сарын 15-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн

 Шүүгдэгч Г.Т нь Төв аймгийн Алтанбулаг суманд байрлах Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн байранд 2021 оны 5 сарын 15-наас 2021 оны 5 сарын 16-нд шилжих шөнө байлдагч З.Алтанхуягийг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймгийн Прокурорын газраас Г.Түмүүжинд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/289 дүгээр шийтгэх тогтоолоор:

             Шүүгдэгч Г.Тг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тд оногдуулсан 1.000.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Эрүүгийн 2134000000234 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Т нь цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Г.Т давж заалдах гомдолдоо: “...Г.Т миний бие нь Зэвсэгт хүчний 311-р цэргийн ангид дэд түрүүч цолтой алба хааж байхдаа 2021 оны 05 сарын 15-16-нд шилжих шөнө ротын жижүүрийн үүрэг гүйцэтгэж байхад галын эргүүл хийж байсан З.Алтанхуяг орой 22 цагаас хойш ротын жижүүрээс бусад бие бүрэлдэхүүн амарсан байх ёстой байтал “Соёл амралт”ын өрөөнд ганцаараа зурагт үзэж байсан. Би ротын жижүүрийн хувьд байлдагч З.Алтанхуягийг удаа дараа амрах үүрэг өгсөн. Гэвч байлдагч З.Алтанхуяг нь миний өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа биелүүлээгүй эсэргүүцэл үзүүлж чиний ротын жижүүр тасгийн дарга байх чинь надад хамаагүй би чамд захирагдах албагүй гэж хэл амаар доромжлон салаавч шүлсдэн амруу хийхэд би тэвчээр алдан өөрийн баруун гараар байлдагч З.Алтанхуягийн зүүн шанаанд гэмтэл учруулсан. Энэ гэм буруугаа хүлээн зөвшөөрдөг.

Гэвч 2021 оны 8 сарын 09-ний 289 тоот шийтгэх тогтоол нь намайг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэдэг үндэслэлээр 2021 оны 7 сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасан шаардлагыг хангаж гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж үзсэн учир давж заалдах гомдол гаргаж байна. Иймд 2021 оны 8 сарын 9-ний өдрийн 289 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, 2021 оны 7 сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Э.Уранчимэг гаргасан дүгнэлтдээ: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч И.Отгонсүрэн гаргасан саналдаа: Давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж оролцож байна. Өршөөлийн хуульд зааснаар Г.Тд оногдуулсан эрүүгийн хариуцлагыг өршөөн хэлтрүүлж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Г.Тд холбогдох эрүүгийн 2134000000234 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

           2021 оны 5 сарын 15-ны орой 22 цагийн орчим Зэвсэгт хүчний 311-р ангийн Соёл амралтын өрөөнд тухайн үед ротын жижүүрийн үүрэг гүйцэтгэж байсан дэд түрүүч Г.Т нь байлдагч З.Алтанхуягт унтаж амрах шаардлага тавихад З.Алтанхуяг үл биелүүлэн маргалдаж улмаар дэд түрүүч Г.Т баруун гараараа байлдагч З.Алтанхуягийн зүүн шанаа хэсэгт нэг удаа цохиж эрүүл мэндэд нь эрүүний зүүн үений сэртэнгийн зөрсөн хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь

          Хохирогч З.Алтанхуягийн өгсөн: “Би Төв аймгийн Алтанбулаг сумын 311-р цэргийн ангид ... 2021 оны 5 сарын 15-16-нд шилжих шөнө би галын эргүүлийн ээлжийн үүрэг гүйцэтгээд байж байтал дэд түрүүч Т гэх цэргийн алба хаагч намайг унт гэж хэлсэн. Тэгэхээр нь би өөдөөс нь үгүй гэж хэлсэн чинь намайг заамдаад авсан. Тэгэхээр нь би Тий өөдөөс салаавч гаргасан. Тэгтэл ахлах байлдагч Өсөх-Ирээдүй ... бид хоёр заамдалцаад зогсож байхад салгасан. Тэгээд би нээх зүйл бодоогүй зурагт хараад зогсож байтал миний хажуу талаас дэд түрүүч Т зүүн талын шанаа руу нэг удаа гараараа цохисон. ... 30 орчим минутын дараа миний зүүн шанаа орчмоор өвдөж эхэлсэн. Тэгээд би ангийн удирдлагын болон холбогдох хүмүүст хэлээгүй 2 хоносон. Тэгтэл миний шанаа зүгээр болохгүй өвдөөд байсан. Тэгээд ангийн эмнэлэгт үзүүлээд тэр өдрөө Төрийн тусгай алба хаагчийн эмнэлэгт ирсэн. ... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх 6-8, 10/,

          Гэрч Б.Шүхэртийн өгсөн: “... Тэгээд орой 22 цагийн үед ... байлдагч Алтанхуяг Соёл амралтын өрөөнд зурагт үзээд сууж байсан. Тэгтэл ротын жижүүрээр гарч байсан дэд түрүүч Т Алтанхуягийг унтаж амар гэхэд өөдөөс нь би унтаж амрахгүй ... гээд тайлбар тавиад эсэргүүцээд ... өөдөөс нь салаавч гаргасан. Тэгээд тэр хоёр хоорондоо заамдалцаад авсан. Тэгтэл ахлах байлдагч Өсөх-Ирээдүй орж ирээд тэр хоёрыг салгасан. Алтанхуяг дахиад зурагт үзээд амрахгүй суугаад байсан. Тэгтэл дэд түрүүч Т “би чамд юм хэлээд байгаа юм биш үү байлдагчаа цэрэг ротын жижүүр тасгийн захирагч чамд юм хэлээд байхад яагаад тоохгүй байгаа юм” гэхэд байлдагч Алтанхуяг ... гар луугаа нулимаад дахин салаавч өгсөн. Өгөхдөө салаавчаа ам руу нь тулгаж байсан. Тэгтэл дэд түрүүч Т уурлаад байлдагч Алтанхуягийн зүүн шанаа руу нэг удаа цохисон. Алтанхуяг байлдагч шанаагаа бариад байсан. ...” гэх мэдүүлэг /хх 13-14/,

 

          Гэрч Д.Өсөх-Ирээдүйн өгсөн: “2021 оны 5 сарын 16-ны орой 22 цагийн үед ... соёл амралтын өрөөнд ... тухайн үед ротын жижүүрээр гарч байсан дэд түрүүч Т байлдагч Алтанхуяг нар хоорондоо заамдалцаад зогсож байсан. Би тэр хоёрыг салгаад байлдагч Алтанхуягийг амрахгүй юм уу гэж асуусан. Алтанхуяг өөдөөс үг дуугарахгүй зурагт үзээд сууж байсан. Тэгтэл дэд түрүүч Т байлдагч Алтанхуягт хандан “би ротын жижүүр тасгийн захирагч чамд унтаж амрах үүрэг өгч байна” гэхэд Алтанхуяг өөдөөс нь “чиний ротын жижүүр тасгийн захирагч чинь надад хамаагүй гээд салаавч гаргаад салаавчтай хуруугаа нулимаад Тий ам руу тулгасан. Тэгтэл дэд түрүүч Т уурлаад шанаа руу нь нэг удаа гараараа цохисон.” гэх мэдүүлэг /хх 16-17/,

 

          Шүүгдэгч Г.Тий өгсөн: "... 2021 оны 5 сарын 16-ны өдөр би ротын жижүүрийн үүргийг гүйцэтгэж байсан. ... Соёл амралтын өрөө рүү ороод ... З.Алтанхуягт амрах шаардлага тавихад “за одоохон түр байж бай” гэсэн. ... би унтахыг шаардаж тухайн байлдагчийн ханцуйнаас татахад гар угз татаад би унтахгүй гээд өөдөөс салаавч гаргасан. Тэгээд би өөдөөс нь уурлаад “... би ротын жижүүрийн хувьд чамд шаардлага тавих ёстой” гэхэд ... миний өөдөөс нулимсан гартай салаавчаа гаргасан. ... Тэгээд бид хоёр заамдалцаад авсан. Заамдалцаад зогсож байтал ахлах байлдагч Өсөх-Ирээдүй гаднаас өрөөнд орж ирээд бид хоёрыг салгасан. Тэгтэл З.Алтанхуяг буйдан дээр суугаад үргэлжлүүлээд зурагт үзээд суугаад байсан. ... Тэгээд би “чи миний жижүүртэй үед ингэж даврахгүй шүү” гээд ахиад татаад босготол намайг түлхээд дахин салаавч гаргаад миний ам руу тулгасан. ... Тэгэхээр нь би баруун гараараа зүүн шанаа хэсэгт нь нэг удаа л цохисон. ..." гэх мэдүүлэг /хх 19-21, 62-63/,

                Төв аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 6 сарын 11-ний өдрийн №48 дугаартай шинжээчийн дүгнэлт: “

                1.2.З. Алтанхуягийн биед эрүүний зүүн үений сэртэнгийн зөрсөн хугарал зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

                3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

                4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

                5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” гэх /хх 27-28/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж анхан шатны дүгнэжээ. Анхан шатны шүүх хэргийн үйл баримтын талаар прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэн зөв дүгнэлт хийсэн байна.

                Мөрдөн байцаалтын шатанд Г.Т яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би бусдын бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж байна. Би гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байгаа тул уг хэргийг хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдэж, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгөхийг хүсэж байна” /хх 62, 80/ гэж, анхан шатны журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаан дээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсээр /хх 103/ байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “шүүгдэгч Г.Тий үйлдсэн гэмт хэрэг 2021 оны 5 дугаар сарын 15-ны шөнө болсон байх бөгөөд 2021 оны 7 сарын 02-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан хууль үйлчлэх цаг хугацаанд хамаарч түүний үйлдсэн гэмт хэрэг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6.2, 7.1, 7.2, 9.2 дахь заалтад хамаарахгүй байгаа хэдий ч шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж шүүх үзээгүй тул Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй ...” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

                2021 оны 7 сарны 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн зорилт нь Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан хүмүүнлэг, энэрэнгүй ёсны зарчмыг удирдлага болгон коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор зарим гэмт хэрэг, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлага, зөрчлийн шийтгэлээс нэг удаа өршөөн хэлтрүүлэх, чөлөөлөх, хасах, ялын төрлийг солихтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

                2021 оны 7 сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн заалт нь гэмт хэрэг үйлдсэн яллагдагчид холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн байцаалтын шатанд өршөөн хэрэгсэхгүй болгох асуудлыг зохицуулж хуульчилсныг анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо үндэслэн шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй гэж дүгнэн шүүгдэгч Г.Тд холбогдох хэргийг өршөөн хэлтрүүлэх боломжгүй гэж үзсэн байна.

                Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.10 дах хэсэгт “Яллагдагч, шүүгдэгч гэм буруугийн асуудлаар маргавал шүүх хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ердийн журмаар хянан хэлэлцэж, гэм буруутай эсэхийг шийдвэрлэсний дараа энэ хуулийг хэрэглэнэ” гэж заасан байхад анхан шатны шүүх шүүгдэгч Г.Тд холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэж гэм буруугийн асуудлыг шийдвэрлэсний дараа 2021 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн зохих заалтыг хэрэглэн шүүгдэгчийг өршөөлд хамааруулаагүй нь түүний  эрх зүйн байдлыг дордуулсан байна.

                Шүүгдэгч Г.Т нь 2021 оны 7 сарын 2-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасан хууль үйлчлэх цаг хугацаа, хүрээнд хамаарах гэмт хэрэг үйлдсэн байх тул шүүгдэгч Г.Тгийн гаргасан “2021 оны 8 сарын 9-ний өдрийн 289 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож 2021 оны 7 сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэсэн давж заалдах гомдлын зарим болох  “2021 оны 7 сарын 2-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулж өгнө үү” гэсэн хэсгийг хангаж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

                Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

                1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/289 дүгээр шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн 2 дугаар заалтын “2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Тг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэснийг “2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.14 дүгээр зүйлийн 1, Монгол улсын Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасныг баримтлан Мужаан Гантулгын Тг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндсэн ялаас өршөөн хэлтрүүлсүгэй.” гэж өөрчлөн, 3, 4 дүгээр заалтыг хасч, бусад заалтыг хэвээр үлдээн ТОГТООХ хэсгийн 1-7 хүртэлх дугаарлалтыг 1-5 гэж дугаарласугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.МӨНХДАВАА

 

                   ШҮҮГЧИД                                         Т.ЭНХМАА

 

                                                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ