| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2023/04960/И |
| Дугаар | 102/ШШ2024/00942 |
| Огноо | 2024-02-23 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 102/ШШ2024/00942
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Б овогт Ш Б
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хороолол, М-7 байрны 2-3 тоот хаягт оршин суух Б овогт Х А
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, тоот хаягт оршин суух Б овогт Г Л
Хариуцагч: Баянгол дүүрэг, 4 дүгээр хороо, тоот хаягт оршин суух Д овогт Лгийн Х /РД: / нарт холбогдох,
*улсын дугаартай “Пасса сетте” маркийн автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А, түүний өмгөөлөгч Д.С, хариуцагч Г.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Ш.Б, Х.А нар нь Г.Л, Л.Х нарт холбогдуулан *улсын дугаартай “Пасса сетте” маркийн автомашиныг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: “Ш.Б, Х.А бид 2002-2018 он хүртэл 18 жил хамтран амьдарч байсан. Бид хамт амьдарч байхдаа, хамтран амьдрагч Ш.Бгийн төрсөн эгч Б нь бид хоёрт автомашин худалдаж авахад дэмжлэгт үзүүлж бид хоёрт хүүгүйгээр 14,500,000 төгрөгийг зээлсэн. Энэхүү мөнгөөр бид хоёр 2022 оны 04 сард 14,000,000 төгрөгөөр *улсын дугаартай Пасса Сете маркийн автомашиныг худалдаж аваад Тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Ш.Бгийн нэр дээр гаргуулсан. Ингээд бид хоёр хамтдаа автомашины зээлийн төлбөрийг Ш.Бгийн төрсөн эгч Б нь АНУ-д амьдардаг учраас түүний төрсөн дүү Ш.Бд бэлнээр, 2022 оны 5 сараас эхлэн сар бүрийн зээлийн төлөлтийг хийсээр, өнөөгийн байдлаар нийт 5,580,000 төгрөгийн зээлийг төлсөн байгаа. Одоо үлдэгдэл 8,920,000 төгрөгийн зээлийн төлбөрийг үргэлжлүүлэн төлөөд явж байгаа. Ш.Б нь 2018 оноос эхлэн өөр хамтран амьдрагчтай болсон бөгөөд түүний хамтран амьдрагч Г.Л гэгч эмэгтэй нь Ш.Б, Х.А бид хоёрын хамтран зээлээр авсан автомашиныг, 2022 оны 2 сарын 28-ны өдөр “хүүхэд хүргэж өгье, орой авчирч өгье” гэж хэлээд авч явчхаад өнөөг хүртэл сайн дураар автомашиныг авчирч өгөхгүй байна. Ш.Б нь Г.Лтэй хамт амьдарч байхдаа шүүхээс 15 жилийн ял аваад одоо уг ялаа эдэлж байгаа. Ш.Б нь хоригдсоноос хойш хамтдаа худалдаж авсан дээрх автомашины зээлийн төлбөрөө төлж чадахгүй байгаа учраас Х.А би үргэлжлүүлэн зээлийн төлбөрийг төлж яваа. Учир нь хэдийгээр би дээрх автомашиныг унаж ашиглаагүй боловч түүний эгч Ш.Бгийн өмнө хүлээсэн үүрэг, амлалт, хүн чанарын үүднээс авсан зээлээ төлж л байгаа. Г.Л гэгч нь дээрх автомашиныг авч явснаас хойших буюу 2022 оны 2 сарын сүүлээс хойш 2023 оны 8 сарын 25-ны өдрийн байдлаар 460,000 төгрөгийн торгууль хүлээсээр байна. Иймээс автомашинаа яаралтай хариуцагч нараас авахгүй бол цаашид торгууль болон улмаар машины чанар элэгдэл нэмэгдэхээр байна. Иймээс миний зүгээс Г.Лд хандаж машин унаж явсан хугацааныхаа торгуулийн төлбөр 460,000 төгрөгийг төлөх хэрэгтэй гэдэг шаардлагыг хэлэхэд “Чамд хамаагүй” гээд төлөхгүй байна. Г.Л нь одоо хамтран амьдрагч Х гэгчид дээрх нэхэмжлэгч бид нарын хамтдаа зээл тавин барин байж авсан одоо ч зээлийн төлбөр төлж байгаа автомашиныг унуулаад, явж байгаа учраас мөн хариуцагчаар Хийг татаж байна. Иймд *улсын дугаартай Пасса Сете маркийн автомашиныг хариуцагч Г.Л, Х нараас гаргуулж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч Г.Л хариу тайлбартаа: “Миний бие Ш.Бтэй 2018 оны 2 сараас эхлэн хэрэг гарах хүртэл гурван хүүхэдтэйгээ хамтран амьдарч байсан. Ш.Б нь дагавар охин болох Л.Н, Л.О 11 настай нарыг бэлгийн дур хүслээ хангасан гэж шүүхээс 15 жилийн хорих ял авч одоо ялаа Багануурт эдэлж байгаа.
Би Ш.Бтэй 2018-2022 он хүртэл 4 жилийн хугацаанд хамтран амьдарч байсан. Энэ хугацаанд Б.Х (4 настай), Б.Э (2 настай) хоёр охинтой болсон. Ш.Б, Х.А нарын нэхэмжилж буй *улсын дугаартай Пассо сетте маркийн авто машиныг 2019 онд орж ирсэн машиныг 2020 онд бэлэн мөнгөнд Г.Л надтай хамт амьдарч байхдаа худалдаж авсан. Уг *маркийн машиныг худалдаж авахаас өмнө улсын дугаар нь өөр тэгэхдээ адил өнгөтэй адил маркийн машиныг унаж байсан бөгөөд орж ирсэн машиныг худалдаж аваад хуучин унаж байсан Пассо Сетте машинаа Х.А гэдэг хүнд зээлээр өгсөн. Уг нэхэмжлэлд хэлж байгаа эгч Ш.Бгаас 2022 оны 4 сард авто машин худалдаж авахад дэмжлэг үзүүлсэн 1,450,000 зээлсэн гэж байна. Энэ нь үндэслэлгүй бөгөөд 2022 оны 4 сард Ш.Б нь хоригдож байсан ба уг *улсын дугаартай машин нь 2019 онд орж ирээд 2020 онд бэлэн мөнгөнд худалдаж авч байсан. 2021 оны 6 дугаар сарын 29-нд гэрчилгээгээ гээгдүүлсэн учир нөхөн авсан. Машинаа аваад жил өнгөрсний дараа Ш.Б машин авахдаа Ш.Бгаас мөнгө зээлсэн гээд яаралтай өгөхгүй бол болохгүй гэх шалтгаанаар миний шинэ байрандаа орохоор тавилга авна гэж хадгалж байсан. Капитрон банкны хадгаламжийн данснаас бэлнээр 5,000,000 төгрөг гаргуулж тухайн цаг мөчдөө хажууд байх Хаан банкны АМТ-рүү өөрийнхөө дансруу хийлгүүлсэн. Тэр даруйд өөрийнхөө данснаас Ш.Б гэх дүүгийнхээ дансруу шилжүүлж авсан. Уг машин нь Ш.Б, Х.Атай ямар ч холбоогүй болно, яриад байгаа машин нь өмнө унаж байсан өөр улсын дугаартай машин (өнгө, марк ижилхэн) машин болно. 6488УАК улсын дугаартай автомашинд миний хадгалж байсан 5,000,000 төгрөг орсон учир мөнгөө гаргуулахаас нааш өгч чадахгүй болно. Л.Х нь энэ маргаанд ямар ч хамаагүй бөгөөд энэ асуудлын талаар юу ч мэдэхгүй учир гаргасан нэхэмжлэлийг хүчингүй болгож өгнө үү.
Уг машинаар Ш.Бгийн хүүхдүүд болох Б.Х, Б.Э нарыг цэцэрлэгт зөөж хүргэж өгдөг унаа учир өгч чадахгүй тул энэ асуудлыг шийдэж өгнө уу” гэж маргажээ.
2.1 Хариуцагч Л.Х хариу тайлбартаа: “Миний бие Ш.Б, Х.А нарын *улсын дугаартай Пассо сетте маркийн машиныг нэхэмжлэлд ямар ч хамаагүй болно. Г.Л бид хоёр 2022 оны 11 дүгээр сард танилцсан, тэрнээс өмнөх амьдралыг мэдэхгүй, уг нэхэмжлээд байсан машиныг хэдэн удаа хүүхдийг нь зөөх гэж унадаг байсан. Би өөрөө 5929 УНА улсын дугаартай машинтай болно. Тиймээс *машиныг ямар ч унах шаардлагагүй болно.” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс Итгэмжлэл /хх-4/, Тооцоо гар бичвэр /хх3-9/,
Хариуцагчаас хариу тайлбар /хх16-17/, Лгийн дансны хуулга /хх18-19/, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол /хх20-29/, баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Тээврийн хэрэгслийн дэлгэрэнгүй лавлагаа /хх38-57/, Ш.Бгийн Хаан банкны дансны хуулга /хх59-135/, Капитрон банкны дансны хуулга /хх136-138/ зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Ш.Б, Х.А нар дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Бид хоёр 2022 оны 04 сард 14,000,000 төгрөгөөр *улсын дугаартай Пасса Сете маркийн автомашиныг худалдаж аваад Тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр Ш.Бгийн нэр дээр гаргуулсан. Ш.Б нь Г.Лтэй хамт амьдарч байхдаа шүүхээс 15 жилийн ял аваад одоо уг ялаа эдэлж байгаа. Иймд Ш.Бгээс олгосон итгэмжлэлийн дагуу *улсын дугаартай Пасса Сете маркийн автомашиныг хариуцагч Г.Л, Х нараас гаргуулж өгнө үү.” гэжээ.
3. Хариуцагч Г.Л нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “*улсын дугаартай Пассо сетте маркийн авто машиныг 2020 онд бэлэн мөнгөнд Г.Л надтай хамт амьдарч байхдаа худалдаж авсан. Уг машинаар Ш.Бгийн хүүхдүүдийг цэцэрлэгт зөөж хүргэж өгдөг унаа учир өгч чадахгүй.” маргажээ.
4. Хариуцагч Л.Х нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “Би өөрөө 5929 УНА улсын дугаартай машинтай болно. Тиймээс *машиныг ямар ч унах шаардлагагүй болно.” гэжээ.
5. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
6. Нэхэмжлэгч Ш.Б 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр *улсын дугаартай, Тоёота Пассо сетте маркийн автомашиныг О.Ас шилжүүлэн авч өмчлөгч болсон нь Авто тээврийн үндэсний төвийн лавлагаагаар тогтоогдож байна.
7. Талуудын маргааны зүйл нь *улсын дугаартай, Тоёота Пассо сетте маркийн автомашины эзэмшлийн талаар маргасан.
8. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Хариуцагчийн эзэмшил хууль бус байх, нэхэмжлэгч маргаж буй эд хөрөнгийн өмчлөгч байх нь шаардах эрхийг хэрэгжүүлэх хуулийн урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэл бүрдэнэ.
8.1 Нэхэмжлэгч Ш.Б өөрийн өмчлөлийн *улсын дугаартай, Тоёота Пассо сетте маркийн автомашинаа хариуцагч Г.Л, Л.Х нараас гаргуулахаар шаардах эрхтэй байна.
9. Тоёота Пассо сетте маркийн *улсын дугаартай Ш.Бгийн өмчлөлийн автомашиныг Г.Л, Л.Х нарын эзэмшилд байгаа гэсэн нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч нар үгүйсгээгүй, энэ талаар маргаагүй.
10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа шүүхэд өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд хариуцагч Г.Л “...автомашинд миний хадгалж байсан 5,000,000 төгрөг орсон учир мөнгөө гаргуулахаас нааш өгч чадахгүй болно...” гэж тайлбарласан боловч уг тайлбараа баримтаар нотлоогүй.
11. Нэхэмжлэгч Ш.Б хорих ялаар шийтгэгдэж ял эдэлж байгаа болох нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн шийтгэх тогтоолоор тогтоогдож байна. Тэрээр Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.4 дэх хэсэгт заасан ...хоригдлын итгэмжлэлийг хорих байгууллагын дарга гэрчилж болно гэж заасны дагуу Х.Ад олгосон итгэмжлэл хуулийн хүчин төгөлдөр байна. /хх-4/
11.1 Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч Ш.Б нь дүү Ш.Бгаас маргаан бүхий автомашиныг худалдан авахад зээл авсан нь талуудын тайлбар, Хаан банкны дансны хуулга, Капитрон банкны дансны хуулга, тооцооны гар бичвэр зэргээр тогтоогдож байх бөгөөд харин нэхэмжлэгч Х.А ...Ш.Б нь хоригдсоноос хойш хамтдаа худалдаж авсан дээрх автомашины зээлийн төлбөрөө төлж чадахгүй байгаа учраас Х.А би үргэлжлүүлэн зээлийн төлбөрийг төлж яваа... гэх тайлбараа баримтаар нотлоогүй.
12. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ.” гэж зааснаар нэхэмжлэгч Ш.Бгийн өмчлөлийн маргаан бүхий автомашиныг хариуцагч Г.Л, Л.Х нар хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа гэх үйл баримт тогтоогдоогүй тул хариуцагч нарыг хууль ёсны эзэмшигч гэж үзэх үндэслэлгүй байна.
13. Мөн тус шүүхийн шүүгчийн захирамжаар хариуцагч Г.Лгийн өмгөөлөгч авах хүсэлтийг шүүх хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан боловч хариуцагч нь энэхүү эрхээ эдэлж, өмгөөлөгч аваагүй байна.
14. Иймд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон талуудын тайлбараас үзэхэд хариуцагч Г.Л, Л.Х нар нь *улсын дугаартай, Тоёота Пассо сетте маркийн автомашиныг өмчлөгч Ш.Бгийн зөвшөөрөлгүй, хууль бусаар эзэмшиж байгаа нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нарын хууль бус эзэмшлээс уг *улсын дугаартай, Тоёота Пассо сетте маркийн автомашин чөлөөлж шийдвэрлэв.
15. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжид 158,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дахь хэсэгт заасныг баримтлан Ш.Бгийн өмчлөлийн *улсын дугаартай, Тоёота Пассо сетте маркийн автомашиныг хариуцагч Г.Л, Л.Х нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж, нэхэмжлэгч Ш.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А нарт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Ш.Б, Х.А нараас тэмдэгтийн хураамжид төлсөн 158,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.Л, Л.Х нараас 158,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ