Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2026/ШЦТ/125

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Ууганбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Хулан,

Улсын яллагч Б.Ариунсанаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Ц.З нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цгийн Зт холбогдох эрүүгийн 2538003320028 дугаартай хэргийг 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Цгийн Ц.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ц.З нь 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн ********* сумын *** дугаар баг ******** тоотод байрлах иргэн Х.Цийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж, Х.Бийн эзэмшлийн 180,000 төгрөгийн үнэлгээ бүхий ***** загварын гар утас, Х.Бийн эзэмшлийн хаан банкны виза карт зэргийг хулгайлан авч хохирогч Х.Бийн өмчлөх эрхэд 592,400.42 төгрөгийн хохирол учруулж хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт хийхэд шүүгдэгч Ц.З нь 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн ********* сумын *** дугаар баг ******** тоотод байрлах иргэн Х.Цийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж, Х.Бийн эзэмшлийн 180,000 төгрөгийн үнэлгээ бүхий ***** загварын гар утас, хаан банкны виза карт зэргийг хулгайлан авч хохирогч Х.Бийн өмчлөх эрхэд 592,400.42 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтуудын талаар:

Талуудын шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно.

Үүнд: Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн  5-р хуудас),

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 18-19-р хуудас),

Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл (хх-ийн 36-39-р хуудас),

************* үнэлгээ ХХК-ийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн ТХҮ-625/913456 дугаартай: “Үнэлэгдэж буй алдагдсан эд зүйлсийн зах зээлийн үнэ цэнийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн байдлаар 180,000 төгрөгөөр тогтоов” гэх шинжээчийн дүгнэлт (хх-ийн 45-47-р хуудас),

Шүүгдэгч Ц.З-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр **** сумын ***-р багт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн явж байгаад айлын хашаа руу орж, утас болон карт авсан байсан. Би маш олон хоног архи уусан болохоор зарим үйлдлээ сайн санахгүй орж гараад байгаа юм. Хяналтын камераар карт уншуулсан үйлдэл нь бичигдсэн байсан. Өөрийн хийсэн үйлдлээ бүрэн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч Х.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2025 оны 06 дугаар сарын 25-ны өдөр ганцаараа ***** сум руу яваад хөдөө очоод 2 хонож байх үед ээж залгаад 06 дугаар сарын 27-ны өдөр гэрт хулгай орсон юм шиг байна, эд зүйлээ бүртгэхэд хүүхдийн утас л байхгүй байх шиг байна гэж хэлсэн. Тэгээд миний утасны цэнэг дуусаад унтарсан байсан. Тэгээд 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр үдээс хойш ***** сумын төв орж ирээд гар утсаа цэнэглээд усны мөнгө шилжүүлэх гээд хаан банкны интернэт банк руугаа ортол миний ***** тоот дансанд 1,800 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. Тэгэхээр нь гайхаад ээж рүү залгаад миний картнаас мөнгө гарсан байна гэж хэлсэн. Тэгээд данснаас зарлага гарсан өдөр гэрт хулгай орсон өдөртэй давхцаад байгаа болохоор би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Хаалганы цоож эвдлээд орсон байсан. Алдсан утас ***** маркийн гар утас байсан. 2024 оны 04 дүгээр сард шинээр нь 350,000 төгрөгөөр худалдаж авч байсан. Тухайн гар утас нь хар өнгийн цагаан өнгийн гэртэй шилэн наалт нь хагарсан байж магадгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 13-14-р хуудас),

Гэрч Я.Бийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2025 оны 6 дугаар сарын 28-ны өдөр **** дэлгүүрт ажиллаж байсан. 2025 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 09 цаг 54 минутад болон 10 цаг 03 минутад хийгдсэн гүйлгээний талаар санаж байна. Уг гүйлгээг хөл муутай доголон, архи үнэртүүлсэн, 40 орчим настай, эрэгтэй хүн орж ирээд архи авч байсан. Тухайн хүн 3 удаа архи авсан. Худалдан авалт хийх үед кодыг нь асуутал би кодоо мэдэхгүй манай эхнэрийн карт байгаа юм гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-р хуудас),

Гэрч Г.Т-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би гар утас, Хаан банкны картаа алдсан хохирогч Х.Бийн ээж Х.Ц-тай сүүлд суусан хүн юм. 2025 оны 06 дугаар сарын сүүлээр би ********* сумын *** дугаар баг ******** тоотод байрлах байшиндаа орох гэтэл байшинг цоожилсон цоож байхгүй дээд талын дэгээ төмөр нь үлдсэн байсан. Тэр үед гэртээ орж юм аа бүртгэсэн чинь Х.Бийн охин болох А-ийн гар утас алга болсон байсан. Би Ц руу ярьж гэрт хулгай орсон юм шиг байна цоож эвдэрсэн байна. Гэрээс юу юу алга болсон талаар сайн мэдэхгүй гэж хэлсэн. Би гэрийн эргэн тойронд байгаа зурагт, ойр зуурын зүйлээ харахад бүгд бүрэн байсан. Харин А-ийн гар утас олдохгүй байсан тул алдсан гэж ойлгосон. Тэр өдрөөс хэдэн хоногийн дараа ***** сумаас Х.Б ирж картнаас мөнгө гараад карт маань мөнгөгүй болсон байна гээд цагдаад өргөдөл өгсөн. Зарим зүйлийг сайн мэдэхгүй байна. Цоож эвдрээд цоожны дээд талыг өлгөөд үлдээсэн байдалтай байсан. Гэхдээ гэрт байсан утас алга болсон юм чинь орсон байх. Манай гэрт байдаг хүүхдийн хичээлийн хэрэгсэл хийдэг хэрэгсэл дотор хулгай ордог өдрийн өмнөх өдөр байсан. Яагаад сайн мэдэж байна вэ гэхээр А өвөө утас өгөөд явуулаарай гээд над руу ярьж байсан юм. Харин ямар маркийн гар утас байсан эсэхийг мэдэхгүй ухаалаг андройд утас байсан. Гэрт хулгай орсны дараа гэрээс карт алга болсон байна. Миний дансанд байсан мөнгө бүгд уншигдсан байна гэж хэлсэн. Би гэртээ ганцаараа байсан ба манай ямар нэгэн гаднын хүмүүс ирээгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27-р хуудас) зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба уг нотлох баримтууд нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Эрүүгийн 2538003320028 дугаар хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээр дурдсан нотлох баримтуудыг мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

Мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийсэн болно.

Гэм буруугийн талаар талуудын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.З нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү шүүх хуралд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч нь гэм буруугийн тал дээр маргаангүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч оролцож байна...” гэв.

Шүүгдэгч Ц.З шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг гэдэгт бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, шунахай сэдлээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, өөрийн өмчийн нэгэн адил үнэ төлбөргүйгээр захиран зарцуулсан, эсхүл захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн байхыг ойлгох бөгөөд шүүгдэгч Ц.З нь 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн ********* сумын *** дугаар баг ******** тоотод байрлах иргэн Х.Цийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж, Х.Бийн эзэмшлийн 180,000 төгрөгийн үнэлгээ бүхий ***** загварын гар утас, хаан банкны виза карт зэргийг хууль бусаар авсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан уг шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр хуульчилсан юм.

“Орон байр” гэдэгт хүн байнга буюу түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт, сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг хамааруулан үздэг ба шүүгдэгч Ц.З нь хүн байнга амьдрахад зориулагдсан Х.Б-ийн эзэмшлийн байшинд хууль бусаар нэвтэрсэн байна.

Хүн амьдрах орон байр нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй

эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба шүүгдэгч энэхүү хоригийг мэдсээр байж байшингийн хаалганы цоожийг төмрөөр хөшиж орсон үйлдэл нь түүнийг хууль бус нэвтрэлтэд тооцох үндэслэл болж байна.

Тодруулбал шүүгдэгч Ц.З нь 2025 оны 6 дугаар сарын 27-ны өдөр Хөвсгөл аймгийн ********* сумын *** дугаар баг ******** тоотод байрлах иргэн Х.Ц-ийн эзэмшлийн байшингийн хаалганы цоожийг эвдлэн хууль бусаар нэвтрэн орж, Х.Б-ийн эзэмшлийн 180,000 төгрөгийн үнэлгээ бүхий ***** загварын гар утас, хаан банкны виза карт зэргийг авсан үйлдэл нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй буюу хууль бус нэвтрэлт болох нь хэрэгт авагдсан хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон болно.

Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй..." гэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17 дүгээр бүлэгт уг эрхийг тусгайлан хамгаалж, дээрх эрх зөрчигдсөн, хохирол, хор уршиг учруулсан үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцов.

Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэсэн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай тохирч байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх үзлээ. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь гэм буруугийн талаар маргаагүй болохыг дурдлаа.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, амар хялбар аргаар мөнгөтэй болох гэсэн санаа зорилго, архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршиг хүсч үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүр мөсөн, үнэ төлбөргүйгээр эд хөрөнгийг эзэмшилдээ авч, өөрийн өмчийн адил захиран зарцуулах боломж бүрдүүлсэн үеэс төгссөнд тооцдог юм.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас...эд хөрөнгөд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж заасан ба шүүгдэгч Ц.З нь хохирогч Х.Бийн эд зүйлийг хулгайлж 592,400.42 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд хохирогч Х.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн байх тул шүүгдэгч Ц.Зыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “....Шүүгдэгч Ц.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгч Ц.Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 70-71, 74-119, 121-123-р хуудас) зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүгдэгч Ц.З нь урьд урьд Эрдэнэт хотын сум дундын шүүхийн 1994 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн в/21 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 3, 127 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2008 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 125.1-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар, Орхон аймаг дахь сум дундын шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 5 сарын хугацаагаар баривчлах ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 29-ний өдрийн 83 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгчид оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял дээр өмнөх Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 157 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар оногдуулсан хорих ялын эдлээгүй үлдсэн 5 сар 26 хоногийн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 6 сар 26 хоногийн хугацаагаар тогтоосон, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 2021/ШЦТ/275 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ялаар, Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 2023/ШЦТ/377 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан болох нь шийтгэх тогтоолын хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 70-71, 74-119-р хуудас)-аар тус тус тогтоогдож байна.

Шүүгдэгч Ц.Зт Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэн болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ц.З нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдэж хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэрэг хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгч Ц.Зт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүний хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Бусад асуудлын талаар:

Эрүүгийн 2538003320028 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих  таслан  сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Цгийн Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Цгийн Зыг 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Зт оногдуулсан 1 (нэг) жил 4 (дөрөв) сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн 2538003320028 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Б.УУГАНБАЯР