| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2023/05928/И |
| Дугаар | 102/ШШ2024/01432 |
| Огноо | 2024-03-21 |
| Маргааны төрөл | Эд хөрөнгө хөлслөх, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2024/01432
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, байршилтай “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, тоотод оршин байрлах “М Т Р” ХХК-д холбогдох,
Гэрээний үүрэгт 112,690,580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нямсүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч “Т” ХХК нь хариуцагч “М Т Р” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 112,690,580 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
“Т” ХХК барилгын угсралтын гол дагалдах хэрэгсэл худалдан борлуулж, үйлдвэрлэх, түрээсийн үйл ажиллагаа явуулдаг. Манай компани дээрх үйлчилгээнээс барилгын угсралтын гол хэрэгсэл болох хэв хашмал, дотор булан, туслаас, гадна буланг ашиглуулахаар, “М Т Р”” ХХК 2021 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр ТГ-21/023 дугаартай гэрээ байгуулсан. “М Т Р” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох түрээсийн төлбөрийг төлөлгүй өдийг хүрсэн тул шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргаж байна.
Иймд дээрх барилга угсралтын хэрэгсэл түрээсээр ашиглуулах гэрээний үүрэг болох, “М Т Р” ХХК-аас 112,690,580 төгрөгийг гаргуулах тухай шийдвэр гаргаж өгөхийг хүсье.” гэжээ.
2. Хариуцагч “М Т Р” ХХК хариу тайлбартаа: “Манай компани Таван толгой Гашуун сухайт чиглэлийн 240 км хатуу хучилттай хүнд даацын авто замын "Гашуун сухайт" боомтын хэсэг буюу хилийн зурвас бүсэд ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж байсан "Ө" ХХК-тай гүүр хоолойн ажлыг нь хийж гүйцэтгэхээр болж туслан гүйцэтгэгчээр ажилласан юм. Уг ажлыг хийж гүйцэтгэхийн тулд "Т" ХХК-иас хэв хашмалыг түрээслэхээр 2021 оны 04 сарын 01-ний өдрөөс 2021 оны 05 сарын 01-ний өдрийг хүртэл 1 сарын хугацаатай "Түрээсийн гэрээ" байгуулсан. Тухайн үед дэлхийн улс орнуудад үүссэн ковид өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоосноос ерөнхий гүйцэтгэгч "Ө" ХХК-ийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, манай компанийн хийх гүйцэтгэх ажил ч зогссон. Хорио цээрийн дэглэм тогтоосноос ажиллах хүнгүй болж бараа материалд тоног төхөөрөмж хэв хашмал алдагдаж хохирол учирсан. Мөн байгалийн гамшигт үзэгдэл болж хүчтэй орсон борооны улмаас бас эвдэрч сүйдсэн тохиолдол ч гарсан юм. Энэ талаар "Т" ХХК-ийн албан тушаалтнуудад ч хэлж мэдэгдэж байсан болно.
Гэрээний хугацаанд хэв хашмалыг ашиглах боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаанууд байсан учраас нэхэмжилж буй 112,690,580 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс Итгэмжлэл /хх-3/, “Т” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-4/, “Т” ХХК-ийн дүрэм /хх5-6/, Баянгол дүүргийн Цагдаагийн газрын хоёрдугаар хэлтсийн албан тоот /хх-7/, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр /хх9-11/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж /хх-12/, Түрээсийн гэрээ /хх13-16/, Түрээслэх барааны тоо хэмжээ, барааны нэгж нийт үнэ ба нийлүүлэх хуваарь /хх-17, 22/, Эвдэрч гэмтсэн барааны засварлах нөхөн төлбөр /хх-18/, Гээгдүүлсэн, засварлах боломжгүйгээр эвдэлж гэмтсэн барааны нөхөн төлбөр /хх-19/, Түрээсийн бараа материалын /хх23-28/,“М Т Р” ХХК-ийн 2021 оны түрээсийн тооцооллын товчоо /хх-30/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас Итгэмжлэл /хх-36/, Хариу тайлбар /хх-37/, Ажил гүйцэтгэх гэрээ /хх49-56/, “М Т Р” ХХК-ийн түрээсийн тооцоо /хх57-58/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Хариуцагч “М Т Р” ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 01-ны өдөр ТГ-21/023 дугаартай гэрээ байгуулсан. “М Т Р” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүрэг болох түрээсийн төлбөр 2021 оны 4 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сар хүртэл нийт 88,722,370 төгрөг, худалдаж авсан барааны үнэ 5,891,600 төгрөг, түрээсэлсэн болон нэмж авсан барааг дутагдуулсны төлбөр 45,474,110 төгрөг, нийт 140,088,080 төгрөгөөс хариуцагчаас 27,397,500 төгрөг төлснийг хасч, үлдэгдэл 112,690,580 төгрөгийг шаардах эрхтэй.” гэжээ.
3. Хариуцагч “М Т Р” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...Манай компани ерөнхий гүйцэтгэгч "Ө" ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсны дагуу ажлаа хийж гүйцэтгэхийн тул “Т” ХХК-тай түрээсийн гэрээ байгуулсан. “Т” ХХК-тай 2021 оны 04 дүгээр сарын 01-нийн өдөр хэв хашмалыг 30 хоногийн хугацаатай түрээслэхээр түрээсийн гэрээ байгуулсан. Гэрээний дагуу түрээсийн төлбөрт 11,992,200 төгрөг, бараа худалдаж авсны үнэд 5,891,600 төгрөг, тоног төхөөрөмж хэв хашмал алдагдсан тул үүний төлбөрт 27,301,500 төгрөг нийт 45,185,300 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэгч “Т” ХХК-д түрээсийн гэрээний дагуу 27,397,500 төгрөгийг хариуцагчаас төлсөн. Мөн гэрээний барьцаа төлбөрт 2,000,000 төгрөгийг төлсөнд маргахгүй. Харин нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх төлбөрийг хүлээн зөвшөөрөхгүй.” маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Талууд 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ТГ-21/023 дугаартай Түрээсийн гэрээг байгуулж, гэрээгээр 6 төрлийн тоног төхөөрөмж бүхий хэв хашмал, тулаас, трубаг 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 30 хоногийн хугацаатай, нэхэмжлэгч “Т” ХХК-аас түрээсэлж, хариуцагч “М Т Р” ХХК нь түрээсийн үнэд 11,992,200 төгрөгийг төлөх үүргийг хүлээжээ.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн байна.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.
6. Эд хөрөнгө хөлслөх гэрээний үнийг хариуцагч төлсөн эсэх, мөн түрээсэлсэн тоног төхөөрөмжийг буцааж өгсөн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
Харин хариуцагч нь гэрээний 4.3-т заасны дагуу түрээсэлсэн барааны барьцаа 2,000,000 төгрөг, мөн 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр 13,992,200 төгрөг, 8,025,600 төгрөг, 2021 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр 5,379,700 төгрөг нийт 27,397,500 төгрөгийг нэхэмжлэгч “Т” ХХК-д шилжүүлсэн үйл баримтад талууд маргаагүй.
7. Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт Үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж зааснаар нэхэмжлэгч нь 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэрээгээр хүлээлгэн өгсөн хэв хашмал, тулаас, трубаг гээгдүүлсэн барааны нөхөн төлбөрийн хохирлоо хариуцагчаас шаардах эрхтэй.
8. Хариуцагч “М Т Р” ХХК нь “...Дэлхийн улс орнуудад үүссэн ковид өвчний улмаас хорио цээрийн дэглэм тогтоосноос ерөнхий гүйцэтгэгч "Ө" ХХК-ийн үйл ажиллагаа зогсонги байдалд орж, манай компанийн хийх гүйцэтгэх ажил ч зогссон. Хорио цээрийн дэглэм тогтоосноос ажиллах хүнгүй болж бараа материалд тоног төхөөрөмж хэв хашмал алдагдаж хохирол учирсан...” гэж тайлбар гарган гэрээний түрээсийн төлбөрт 11,992,200 төгрөг, тоног төхөөрөмж хэв хашмал алдагдсан тул төлбөр 27,301,500 төгрөг, нэмж бараа худалдаж авсны үнэд 5,891,600 төгрөг нийт 45,185,300 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн. /хх-30/
9. Зохигчдын хооронд байгуулагдсан 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ТГ-21/023 дугаартай гэрээ нь 2021 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 30 хоногийн хугацаатай байгуулагдсан байх бөгөөд талууд гэрээг сунгасан талаарх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
Нэхэмжлэгч нь хариуцагчийг ажил гүйцэтгэхэд нь зориулж хэв хашмал, тулаас, трубаг түрээсэлсэн үндэслэлээр 2021 оны 4 дүгээр сараас 2021 оны 11 дүгээр сарыг хүртэл нийт 88,722,370 төгрөгийн түрээсийн төлбөр, мөн актаар тогтоогдсон 2021 оны 7 сард 474,540 төгрөг, 2021 оны 8 сард 4,324,155 төгрөг, 2021 оны 10 сард 10,643,765 төгрөгийг төлөхийг шаардсан тул тэрээр нэхэмжлэлийн шаардлагад холбогдох маргааны үйл баримт буюу гэрээний хугацааг сунгасан, түрээсийн төлбөрийн тохиролцоо, түрээсэлсэн хугацаа, төлбөрийн хэмжээ, үүнээс хэдэн төгрөгийг хэдийд, хэрхэн төлсөн, үлдэгдэл төлбөр хэд болох талаарх үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй.
10. Тухайлбал, нэхэмжлэгч нь “2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “М Т Р” ХХК 2021 оны түрээсийн тооцооны хүснэгт”-ийг нотлох баримт болгож хэрэгт өгсөн боловч эдгээр нь дан ганц нэхэмжлэгч тал өөрсдөө үйлдсэн, нэг талын баримт байх бөгөөд 2021 оны 5 дугаар сараас 2021 оны 11 дүгээр сарыг хүртэл эд хөрөнгө ашигласны хөлсийг хариуцагчаас нэхэмжилсэн нь Иргэний хуулийн 289 дугаар зүйлийн 289.1.2-т заасантай нийцэхгүй байна. /хх-30/
11. Харин Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.1.5-д хөлслөгч нь гэрээ дуусгавар болоход эд хөрөнгийг хөлслүүлэгчид бүрэн бүтэн буцааж өгөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч “М Т Р” ХХК нь гэрээгээр 6 төрлийн тоног төхөөрөмж бүхий хэв хашмал, тулаас, трубаг хүлээлгэн өгөөгүй болох нь талуудын хэн алины тайлбараар тогтоогдсон ба хэв хашмал алдагдуулсны төлбөрт 27,301,500 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
12. Иймд хариуцагчаас гэрээгээр эд хөрөнгө ашигласны төлбөрт 11,992,200 төгрөг, тоног төхөөрөмж хэв хашмал алдагдуулсны төлбөрт 27,301,500 төгрөг, нэмж бараа худалдаж авсны үнэд 5,891,600 төгрөг нийт 45,185,300 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас 45,185,300 төгрөгийг хангаж, үлдэх 67,505,280 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн хангагдсан хэмжээгээр хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамж төлөх үүрэгтэй тул хариуцагчаас 45,185,300 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжид 227,041 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 721,403 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч “М Т Р” ХХК-аас 45,185,300 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Т” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 67,505,280 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 721,403 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 227,041 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ