Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2024/00182

 

  

 

 

 

 

      2024           01            08                                       184/ШШ2024/00182

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 25 хороо, зүүн салаа 2 гудамж, 6 тоот хаягт оршин суух, Сутай овогт Хасхүүгийн Ням-Янжин /РД: УС56020306/

            Хариуцагч: Сонгинохайрхан дүүрэг, 6 хороо, хайрхан хороолол, 54б байр, 37 тоот хаягт оршин суух, Боржигин овогт Сүхбаатарын Пүрэвцэцэг /РД: ЦЕ88012824/

            Зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Х.Ням-Янжин, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагч С.Пүрэвцэцэг, нарийн бичгийн дарга Б.Дашмаа нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч Х.Ням-Янжин нь хариуцагч С.Пүрэвцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие 2022 оны 03 сарын 31-ний өдрөөс 2023 оны 01 сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хариуцагч С.Пүрэвцэцэгт удаа дараа их, бага хэмжээгээр  дансаар болон бэлнээр мөнгө зээлүүлж байсан. 2022 оны 09 сарын 29-ний өдөр тэтгэврийн зээл авснаас 5 000 000 төгрөгийг нь С.Пүрэвцэцэгт зээлүүлсэн бөгөөд үлдэх 2 400 000 төгрөгийг хариуцагч С.Пүрэвцэцэгээс гаргуулахаар анх нэхэмжилсэн байсан. Сарын 5, 8 зэрэг янз бүрийн хувийн хүүтэй нийт 15 000 000 төгрөг зээлүүлснээс үндсэн зээл 14 000 000 төгрөг болон хүү 1 439 500 төгрөгийг буцаан авсан. Хэргийн баримттай танилцахад хариуцагчаас 2 400 000 төгрөг бус, үндсэн зээл 1 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Иймд С.Пүрэвцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.  

2.Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие 2022 оны 03 сараас эхлэн нэхэмжлэгч Х.Ням-Янжингаас зээл авч эхэлсэн. Зээлийн хүүг сар бүр тогтмол төлж байсан, 2022 оны 08 сарын 28-ны өдөр, 2022 оны 09 сарын 13-ны өдөр гэх мэтчилэн үндсэн зээлийн төлөлтийг хийж явсаар зээлийн төлбөрөөс 2 400 000 төгрөг үлдсэн. 2022 оны  09 сарын 29-ний өдөр нэхэмжлэгч Х.Ням-Янжин тэтгэврийн зээл авснаас 2 600 000 төгрөгийг дахин зээлж, зээлийн нийт үлдэгдэл 5 000 000 төгрөг болсон. 5 000 000 төгрөг зээлэхдээ бид харилцан тохиролцож график гаргаж, зээлийн гэрээ байгуулсан. Зээлийн хүүгийн төлбөрт 400 000 төгрөгийг 2022 оны 10 сард шилжүүлсэн бөгөөд графикийн дагуу төлөлтөө хийх боломжгүй болж төлөлт тасарсан тул өөрийн эзэмшлийн Альфард маркийн машинаа зарж ээж Д.Сүхбаатарын данснаас 2023 оны 01 сарын 30-ны өдөр Х.Ням-Янжингийн 5005573367 дугаар данс руу 6 600 000 төгрөгийг шилжүүлсэн. Тиймээс нэхэмжлэгч Х.Ням-Янжинд зээлсэн бүх мөнгөө төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэл, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын Хоёрдугаар хэлтсийн 2023 оны 09 сарын 07-ны өдрийн тодорхойлолт, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 сарын 18-ны өдрийн 184/ШШ2023/02665 дугаар шийдвэр, С.Пүрэвцэцэгийн гараар бичсэн тайлбар, иргэний үнэмлэхийн хуулбар, С.Оюунмандах, С.Пүрэвцэцэг гэх гарын үсэг бүхий бичмэл баримт, Х.Ням-Янжингийн Хаан банкны зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, тэтгэврийн зээлийн гэрээ, Х.Ням-Янжингийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл, 5005573367 дугаар дансны дэлгэрэнгүй хуулга, Ц.Алтангэрэл, Ж.Болормаа, Ж.Баярсайхан, Д.Сүхбаатар нарын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга,  Г.Нарантуяа, Ч.Бадамзул нарын гараар бичсэн тайлбар, 2022 онд иргэн С.Пүрэвцэцэг иргэн Х.Ням-Янжинд өгсөн мөнгөн дүн гэх баримт /хэргийн 1-12, 77-82, 83-103, 104-109, 110-111, 114, 117-118 тал/,

4.Шүүхийн журмаар С.Пүрэвцэцэгийн Хаан банкны 2022 оны 03 сарын 30-ны өдрөөс 2022 оны 12 сарын 10-ны өдрийг хүртэлх хугацааны дансны хуулга /хэргийн 30-73/ тус тус бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

            1.Х.Ням-Янжин нь хариуцагч С.Пүрэвцэцэгт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 2 400 000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэлийн шаардлагаа 1 000 000 төгрөг болгон багасгасныг хангах үндэстэй.

            2.Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж: Хариуцагчид нийт 15 000 000 төгрөг зээлүүлснээс үндсэн зээл 14 000 000 төгрөг, хүү 1 439 500 төгрөгийг буцаан авсан, үндсэн зээл 1 000 000 төгрөг өгөөгүй тул гаргуулна гэж,

            3.Хариуцагч татгалзлаа дэмжиж: Нэхэмжлэгчээс мөнгө зээлж, хүүгийн хамт тогтмол төлдөг байснаас 2 400 000 төгрөг үлдсэнийг машинаа зарж төлбөрийг барагдуулсан тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж тайлбарлана.

            Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан баримтаар дараах үйл баримт тогтоогдлоо.

4.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу ... бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан ... эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээхээр заасан. Нэхэмжлэгчийн “... С.Пүрэвцэцэгт удаа дараа их, бага хэмжээгээр  дансаар болон бэлнээр мөнгө зээлүүлж байсан ...”, хариуцагчийн “Миний бие 2022 оны 03 сараас эхлэн нэхэмжлэгч Х.Ням-Янжингаас зээл авч эхэлсэн ...” гэх тайлбар, хэргийн 6-7 дугаар тал дахь бичмэл баримт, Хаан банкны дансны хуулгаар талуудын хооронд хүчин төгөлдөр зээлийн гэрээний харилцаа үүссэн, энэ тухай маргаагүй.

            5.Х.Ням-Янжингийн Хаан банкны дансны хуулгаас үзэхэд 2022 оны 07 сарын 18-ны өдрөөс 2022 оны 12 сарын 09-ний өдрийн хооронд хуулгын агуулга нь “пүрэвцэцэг” нэрээр 6 600 000 төгрөгийн орлого орж, 7 600 000 төгрөгийн зарлага гарсан. /хэргийн 77-102 тал/

            6.С.Пүрэвцэцэгийн Хаан банкны дансны хуулгаар 2022 оны 03 сарын 31-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хооронд нэхэмжлэгчийн 5005573367 дугаар дансанд 4 600 000 төгрөгийн зарлага гарч, 4 394 500 төгрөгийн орлого оржээ. /хэргийн 40, 43, 53, 61-66, 68-69, 71 тал/

            7.Нэхэмжлэгчээс хариуцагчид зээлүүлсэн мөнгө, буцаан авсан мөнгөний хооронд 1 000 000 төгрөгийн зөрүү гарсан нь дансны хуулгаар нотлогдсон, түүнчлэн хариуцагч нь 1 000 000 төгрөгийг хугацаа тохирч, болзолт нөхцөлөөр төлнө гэх тайлбар гаргасан.

            8.Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д үүргийг тогтоосон газар, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ гэж заасан. Талуудын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд нэхэмжлэгч нь мөнгө зээлүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчийн тайлбараар тогтоогдлоо.

            9.Иймд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар хариуцагч С.Пүрэвцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Ням-Янжинд олгож шийдвэрлэлээ.

            10.Нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, 1 000 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 28 550 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д зааснаар хариуцагч С.Пүрэвцэцэгээс зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Ням-Янжинд олгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 53 350 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч С.Пүрэвцэцэгээс 28 550 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Ням-Янжинд олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 А.ЭНХТӨР