Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/87

 

 

 

 

Ц.Мт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Даваасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг,

Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн, 2021 оны 8 сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/288 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч Ц.Мт холбогдох 2034005690550 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 9 сарын 10-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн

 Шүүгдэгч Ц.М нь 2020 оны 8 сарын 19-ний өдөр Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр багийн нутаг “Баянгол” гэх газарт орон нутгийн тусгай хэрэгцээний 956 м2 /га/ газарт “тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж, байгаль орчинд нийт 4.913.316 төгрөгийг хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймгийн Прокурорын газраас Ц.Мт холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/288 дугаар шийтгэх тогтоолоор:

              Шүүгдэгч Ц.Мийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, ашиглалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мт хорих ял оногдуулахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар тэнсэж,

  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар Ц.Мийн тэнссэн 2 жил 6 сарын хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэж, ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахыг хориглох хязгаарлалт тогтоож,

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар Ц.М нь тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг анхааруулж,

             Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан иргэн Sinotruk маркийн тээврийн хэрэгслийн үнэ 12.312.000 /арван хоёр сая гурван зуун арван хоёр мянга/ төгрөг, чиргүүлийн үнэ 3.500.000 /гурван сая таван зуун мянга/ төгрөг, нийт 15.812.000 /арван таван сая найман зуун арван хоёр мянга/ төгрөгийг шүүгдэгч Ц.Моос гаргуулж улсын төсөвт оруулж,

Шүүгдэгч Ц.Мийн тэнссэн хугацаанд хяналт тавихыг Төв аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн 2034005690550 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоног, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг давж заалдах гомдолдоо: “...Ц.Мийн хувьд гэм буруугаа мөрдөн байцаалтын шатанд хүлээсэн, гэм буруугийн асуудлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд маргаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн байхад шүүх прокурор болон өмгөөлөгчийн торгох ял оногдуулах саналыг ямар үндэслэлээр хүлээн авах боломжгүй гэж үзэж байгаа хууль зүйн үндэслэлээ шийтгэх тогтоолын үндэслэх хэсэгт тайлбарлаагүй нь шүүх үндэслэлгүйгээр Эрүүгийн хуулийн 7.1 зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэнссэн, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2,5 дахь хэсэгт заасан үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх хэсэгт зааснаар тодорхой үйл ажиллагаа явуулахыг хориглосон албадлагын арга хэмжээ авсан нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Учир нь Ц.М нь 2018 онд "Тосон заамарын хишиг" нэртэй нөхөрлөлийг байгуулан, 2020 оноос хойш үйл ажиллагаа явуулсан байдаг.

Монгол улсын Засгийн газраас 2017 онд тогтоол гарган үйлдвэрлэлийн аргаар ашиглахад эдийн засгийн үр ашиггүй орд, ашиглалтын болон технологийн хаягдлаар бий болсон талбайд ашигт малтмалыг зүй зохистой олборлох журмыг тогтоож, байгаль орчныг хамгаалах, орон нутагт ажлын байрыг нэмэгдүүлж ядуурлыг бууруулах зорилгоор Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журмыг баталсан.

Үүний дагуу Замаар суманд үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниудын үйлдвэрлэлийн аргаар олборлоод, хаягдал байдлаар үлдсэн шороог бичил уурхай эрхлэгч буюу Ашигт малтмал газрын тосны газраас дүгнэлт гаргуулан, сумын Засаг даргатай гэрээ байгуулан ашигт малтмал олборлож, нөхөрлөл байгуулсан иргэд ингэж ажлын байртай, орлоготой болсон.

Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зөвшөөрлийг Ашигт малтмал газрын тосноос олгож, цуцалдаг. "Тосон заамарын хишиг" нөхөрлөлд олгосон бичил уурхайгаар ашигт малтмал олборлох зөвшөөрөл, дүгнэлт хүчин төгөлдөр хэвээр байтал шүүх уул уурхайн үйл ажиллагаа явуулахыг хориглосон хязгаарлалт тогтоож байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх, шүүхийн шийвэрийг биелүүлэхэд эргэлзээгүй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

"Тосон заамарын хишиг" нөхөрлөл нь хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэлтэй, бүртгэл нь хүчин төгөлдөр, Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох дүгнэлт, Засаг даргатай байгуулсан "Ашигт малтмал олборлох" гэрээ нь тус тус хүчин төгөлдөр байхад шүүх нөхөрлөлийн ахлагч болох Ц.Мийг ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахыг хориглож байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, түүний зохих газраас нь тусгай зөвшөөрлийг нь аваад үйл ажиллагаа явуулж, орлого олдог үйл ажиллагааг нь хааж, давхар давхар шийтгэл оногдуулж байна.

Ц.Мөнзориг нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн учраас түүнд торгох ял оногдуулах боломжтой гэж үзэж байна. Нөхөрлөлийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулж орлого олдог учраас шүүхээс оногдуулсан торгох ялыг төлөх боломжтой байтал прокурорын болоод шүүгдэгчийн өмгөөлөгчийн торгох ял оногдуулах тухай саналыг хүлээн аваагүй нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг бүхэлд нь хянаж, шийтгэх тогтоолын 2, 3, 4 дэх заалтыг хүчингүй болгож, шүүгдэгчид торгох ял оногдуулж, үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Даваасүрэн гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар шийтгэх тогтоолд үндэслэлтэй дүгнэлт хийсэн. Харин хязгаарлалт тогтоох нэмэгдэл ял хэрэглэсэн нь үндэслэлгүй байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Өлзийцэцэг гаргасан саналдаа: Хохирлыг зөв тогтоогоогүй. Нотолбол зохих байдлуудыг нотлоогүй. Ашигт малтмалын үйл ажиллагаа явуулахыг хориглож байгаа нь давхар ял шийтгэл оногдуулж байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.Мт холбогдох эрүүгийн 2034005690550 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй байна.  

Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ц.Мийн холбогдсон “2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр  багийн нутаг “Баянгол” гэх орон нутгийн тусгай хэрэгцээний 956 м2 /1га/ газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулж, байгаль орчинд нийт 4.913.316 төгрөгийн хохирол учруулсан /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/” гэх гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт / 1хх 183-186/ үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдөр “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох тухай гэрээ”-г Төв аймгийн Заамар сумын Засаг дарга Л.Амгаланбаяр нөгөө талаас “Тосон Заамарын хишиг” нөхөрлөлийг төлөөлж ахлагч Ц.М нар байгуулсан байна. Уг гэрээнд зааснаар “Тосон Заамарын хишиг” нөхөрлөл нь Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 7/5981 тоот, Төв аймгийн Засаг даргын 2018 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 01/1732 тоот албан бичгээр ирүүлсэн Заамар сумын Туулын дэнж гэх нэртэй газарт орших 

1. 1040 3156.54” E 480 23’ 15.78” N

2. 1040 3157.20” E 480 23’ 14.30” N

3. 1040 3157.20” E 480 23’ 13.60” N

4. 1040 31’  54.80” E 480 23’ 12.80” N

5. 1040 3151.62” E 480 23’ 12.21” N

6. 1040 3151.50” E 480 23’ 13.40” N

солбилцол бүхий 0.67 гектар талбайд 7 сарын хугацаагаар алт олборлохтой холбогдсон үйл ажиллагаа эрхлэхээр болжээ. /1хх-ийн 168-170/

            “Тосон Заамарын хишиг” нөхөрлөл нь Заамар сумын Засаг даргатай байгуулсан гэрээнд заасан солбилцол бүхий талбайгаас өөр газар болох  

1. Е1040 3145.1” N 480 23’ 26.2

2. Е1040 3145.5” N 480 23’ 26.0

3. Е1040 3145.3” N 480 23’ 25.8

4. Е1040 3145.2” N 480 23’ 25.6

5. Е1040 3145.1” N 480 23’ 24.8

6. Е1040 3144.9” N 480 23’ 25.1

7. Е1040 3144.3” N 480 23’ 25.1

8. Е1040 3144.8” N 480 23’ 26.1

солбилцол бүхий талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан талаар мэдүүлсэн гэрч Г.Ган-Очирын “...Уг солбилцолд заасан газрыг “Тосон Заамарын хишиг” нөхөрлөлд зааж өгөөгүй. Надад гэрээнд заасан газраас өөр газар үйл ажиллагаа явуулж байгаа талаараа мэдэгдээгүй. Мөн дахин гэрээ хийгээгүй. Ер нь бол гэрээнд заасан газраас өөр газарт үйл ажиллагаа явуулж болохгүй” /1хх-н 35/,

гэрч З.Мөнхтулгын “ ...2020 оны 8 дугаар сарын 10-д гарч байхад М /өндөр Зоригоо хочтой/ хүрч ирээд надтай уулзсан. Уулзахдаа цагийн ажилд 2 машинаа явуулаад өгөөч ханшаар нь авъя гэхээр нь надад 2 жолооч байхгүй 1 жолооч байна гэхэд заза тэгвэл 1 машинаараа явъя гэхээр нь би өөрөө 21-42 УНМ улсын дугаартай Синотрак Хова машинаа Мийн бичил уурхай дээр аваачаад зогсоож байсан. ...Би урд талын уурхайд 60-11 УБХ улсын дугаартай машинаа явуулна гэж ярьж байсан боловч жолооч олдоогүй, Мийн уурхайд 21-42 УНМ Синотрак явах байсан учраас нэг машинаа харах зорилгоор Мийн уурхайд авчраад харж байсан. ...Ер нь уул уурхай ажиллуулж байгаа юм чинь зөвшөөрөлтэй байлгүй дээ л гэж бодсон” /1хх-н 36-37/,

гэрч Б.Буяннэмэхийн “Экологийн цагдаагийн алба нь хяналт шалгалт хийх төлөвлөгөөний дагуу 2020 оны 8 сарын 19-ний өдөр Төв аймгийн Заамар суманд бичил уурхайгаар үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүд болон нөхөрлөл хувь хүмүүсийн үйл ажиллагааг шалгаж ажилласан. Ингээд  Заамар сумын Баянгол гэх газарт үйл ажиллагаа явуулж байгаа М гэж хүний нөхөрлөл буюу кэмп дээр ирж нөхөрлөлийн ахлагч Мийг өөрийн үйл ажиллагаа явуулахаар гэрээ хийсэн бичиг баримтаа үзүүлнэ үү гэхэд ямар нэгэн зөрчил байгаагүй. Үүний дараа “та өөрийн ашигт малтмал олборлосон талбайгаа зааж өгнө үү” гэхэд 1 газар аваачсанаа “би газраас олборлоогүй, ил гаргасан шороог угаасан” гэхээр нь солбилцол цэг оруулж үзэхэд өөрийнх нь гэрээ хийсэн газар биш байхаар нь таны газар биш байна ш дээ гэхэд “за за үнэнээ хэлье. Манай сумаас зааж өгсөн солбилцлын цэгтэй талбай нь гуу жалгатай, уснаас хол, тэндээс зөөвөрлөхөд хэцүү зардал их гарахаар байсан учраас эндээс зөөвөрлөсөн юм аа” гээд хууль бусаар ашигт малтмал олборлосон өөрийн газраа зааж өгсөн.” /1хх 47/ гэсэн мэдүүлгүүд, Экологийн цагдаагийн албаны хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгч Б.Буяннэмэхийн хэргийн газар хийсэн тэмдэглэл /1 хх-н 13-18/ болон бусад баримтууд хэрэгт авагджээ. 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтанд хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдүүлсэн, эсхүл хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй үйлдэл, эс үйлдэхүйгээр эрүүгийн хуульд заасан гэмт хэргийг үйлдсэн бол Эрүүгийн хуульд заасан ял оногдуулахаар заасан.

            “Тосон Заамарын хишиг” нөхөрлөлийн ахлагч Ц.М нь тус нөхөрлөлийн нэрийн өмнөөс, нөхөрлөлийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гарган зөвшөөрөл өгч 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдөр Төв аймгийн Заамар сумын 4 дүгээр  багийн нутаг “Баянгол” гэх орон нутгийн тусгай хэрэгцээний 956 м2 /1га/ газарт тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байгаль орчинд хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байхад прокуророос “Тосон Заамарын хишиг” нөхөрлөлийг эрүүгийн хариуцлагад таталгүйгээр, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн нь хуулийн этгээдэд ял завшуулсан байх бөгөөд шударга ёсны зарчимд нийцэхгүй байна.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар мөрдөгч, прокурор нь хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй гэж заасны дагуу нотолбол зохих нөхцөл байдлуудыг нотолж чадаагүй байх тул шүүхийн шийтгэх тогтоолд “прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан байна.

Шүүгдэгч Ц.М нь “Тосон Заамарын хишиг” нөхөрлөлийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гарган, зөвшөөрөл өгсөн үйлдэлд хуулийн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байтал прокурор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглэлгүйгээр яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд ирүүлсэн байхад шүүхээс уг нөхцөл байдлыг анхаарч үзэлгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлд зааснаас үзвэл хэн нэгэн этгээд хуулийн этгээд үүсгэн байгуулж түүний нэрийн өмнөөс Эрүүгийн хуулийн тусгай ангид тухайлан заасан гэмт хэргийг үйлдсэн, уг гэмт хэрэг нь хуулийн этгээдийн холбогдох албан тушаалтан эсхүл хуулийн этгээдийн аль нэгэнд хариуцлага хүлээлгэсэн нь хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргасан, зөвшөөрөл өгсөн эрх бүхий албан тушаалтныг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүйг анхаарвал зохино.

Иймд шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгон хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна гэж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцаасан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэсэн гомдол хангагдсан болохыг дурдах нь зүйтэй.

Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ц.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 сарын 06-ны өдрийн 2021/ШЦТ/288 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр Төв аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ц.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.МӨНХДАВАА

 

                   ШҮҮГЧИД                                         Т.ЭНХМАА

 

                                                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ