| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Тэрбишийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | Шийдвэр 128/2023/0159/З |
| Дугаар | 128/ШШ2023/0596 |
| Огноо | 2023-07-20 |
| Маргааны төрөл | Тендер, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2023/0596
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Мөнх-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дижитал актив ХХК /РД: 6348629/
Хариуцагч: Монгол Улсын Сангийн яаманд холбогдох Гомдол хянасан тухай мэдэгдлээс ЭҮТӨҮГ/2022071074 дугаартай тендерт холбогдох гомдол хянасан хэсгийг хүчингүй болгуулах, тендерийн баталгааг улсын орлого болгох тухай мэдэгдлийг хүчингүй болгуулахтай холбоотой захиргааны хэргийн маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Цэцэгсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ялалт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Нэхэмжлэлийн шаардлага:
1.1.Нэхэмжлэгч Дижитал актив ХХК-аас тус шүүхэд хандаж Монгол Улсын Сангийн яаманд холбогдуулан Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03/192 дугаартай Гомдол хянасан тухай мэдэгдлээс ЭҮТӨҮГ/2022071074 дугаартай тендерт холбогдох гомдол хянасан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
1.2. 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03/262 дугаартай Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах болгон нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байна.
Хоёр.Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1.Нэхэмжлэгч Дижитал актив ХХК нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр зарласан ЭҮТӨҮГ/2022071074 дугаартай МР-800 загварын бутлах машины сэлбэгүүд болон 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр зарласан ЭҮТӨҮГ/222071113 дугаартай МР-800 бутлуурын сэлбэг I нийлүүлэгчийг сонгох тухай хоёр тусдаа тендерт оролцжээ.[1]
2.2.Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ГЁ-112-12/6044 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ... Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3-д Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна гэж заасныг үндэслэн үнэлгээний хороо танай тендер шалгараагүй гэж дүгнэснийг мэдэгдэж байна.Захиалагчийн гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх заалтын дагуу ажлын 5 өдрийн дотор төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гомдол гаргах эрхтэй болно. гэсэн хариуг өгсөн байна.[2]
2.3. Мөн тус газрын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ГЁ-112-12/6061 дугаартай Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр ... Уг ажлыг гүйцэтгэхээр танай ирүүлсэн тендер дараах шаардлагыг хангахгүй байна. ... Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг үндэслэн танай тендер шалгараагүй гэж үнэлгээний хороо дүгнэснийг мэдэгдэж байна. гэж мэдэгдсэн байна.[3]
2.4.Тус мэдэгдлүүдийг нэхэмжлэгч Дижитал актив ХХК хүлээн авч, 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22/163 дугаартай Гомдол гаргах тухай албан бичгээр[4] ... Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ манай компанийн хүргүүлсэн тендерийн материалуудыг үнэлэн ЭҮТӨҮГ/2022071074 дугаартай тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь үнэ байна гэж үзэн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ГЁ-112-12/6044 тоот албан бичгээр татгалзсантай санал нэг байна. Харин ЭҮТӨҮГ/2022071113 дугаартай тендерийг дээрх хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх заалтыг үндэслэн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ГЁ-112-12/6061 тоот албан бичгээр татгалзсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Тухайлбал санал болгож буй бараа нь захиалагчийн шаардсан техникийн тодорхойлолтод нийцэхгүй байна. Үүнд:
1.Санал болгож буй Connterweight-ын зураг нь захиалагчийн Connterweight 108642872 гэсэн үйлдвэрлэгчийн дугаартай сэлбэгээс зөрүүтэй зураг ирүүлсэн.
2.Seal ring (T-Seal) U хэлбэрийн гурван хэмжээтэй зураг ирүүлсэн.
3.Жийргэвчийн зураг бүдэг, гаргацгүй байгаа тул U эсвэл Т хэлбэрийнх гэдгийг тодорхойлох боломжгүй байна гэсэн байна.
Бид үйлдвэрлэгч талаас тодруулга авахад бидний илгээсэн зургууд нь тухайн сэлбэгийн зураг гарцаагүй мөн бөгөөд үйлдвэрлэгч Чанарын баталгааны бичгээрээ ч давхар баталгаа гаргасан. Мөн тус тендерт хамгийн сайн гэж шалгарсан Эрдэнэт механик сервис ХХК-ийн санал болгосон зургуудаас зөрүүгүй байна. Мөн түүнчлэн дээрх 2 тендерийн баримт бичиг дээрх техникийн тодорхойлолт ижил бөгөөд бидний илгээсэн техникийн тодорхойлолтыг ЭҮТӨҮГ/2022071074 дугаартай тендерт шаардлага хангаж буй талаар харин ЭҮТӨҮГ/2022071113 дугаартай тендерт шаардлага хангаагүй гэж үнэлгээ зөрүүтэй хийсэн байна. Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-с бидний санал болгосон 1,8,9 дэх бараануудыг үнэлсэн байдлыг хүснэгтээр харуулав. Энэ нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан худалдан авах ажиллагааны зарчимд нийцэхгүй байна.
Дээрхээс гадна тус тендерүүдэд оролцсон Эрдэнэт механик сервис ХХК-ийн тендерийн баримт бичгийг зөрүүтэй үнэлсэн гэж үзэж байна. ЭҮТӨҮГ/ 2022071074 дугаартай тендерт хамгийн сайн гэж үнэлэгдэн шалгарсан Эрдэнэт механик сервис ХХК-ийн тендерийн баримт бичгийг ЭҮТӨҮГ/2022071113 дугаартай тендерт илгээсэн баримт бичигтэй адил шаардлага хангаагүй гэж үзэж байна. Иймд бид үнэлгээний хороо тендерийн шаардлага хангаагүй компанийг шалгаруулсан байна, захиалагчийг зөрүүтэй үнэлгээ хийсэн гэж үзэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн дагуу гомдол гаргаж буйг хүлээн авч тендерийн сонгон шалгаруулалт хуулийн хүрээнд хийгдсэн эсэхийг хангаж өгөхийг хүсье. гэж Монгол Улсын Сангийн яаманд гомдол гаргасан байна.
2.5.Тус гомдлын дагуу Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03/192 дугаартай Гомдол хянасан тухай албан бичгээр[5] Танай байгууллагаас зарласан ЭҮТӨҮГ/2022071113 дугаартай МР-800 бутлуурын сэлбэг I болон ЭҮТӨҮГ/2022071074 дугаартай МР-800 загварын бутлах машины сэлбэгүүд нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтад оролцсон Дижитал актив ХХК-аас гаргасан гомдлыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (цаашид хууль гэх)-ийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэг болон Сангийн сайдын 2019 оны 131 дугаар тушаалаар баталсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-д заасны дагуу захиалагчаас ирүүлсэн холбогдох баримт материалд үндэслэн хянан үзлээ.
Дижитал актив ХХК-ийн гомдолд ЭҮТӨҮГ/2022071113 дугаартай тендер шалгаруулалтад хүргүүлсэн тус компанийн тендерээс техникийн тодорхойлолтын шаардлага хангахгүй гэж татгалзсан захиалагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгааг, мөн ЭҮТӨҮГ/2022071074 дугаартай тендер шалгаруулалтад захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон Эрдэнэт механик сервис ХХК-ийн тендер нь ЭҮТӨҮГ/2022071113 дугаартай тендер шалгаруулалтад илгээсэн техникийн тодорхойлолтын баримт бичигтэй адил шаардлага хангахгүй гэж үзэж байх тул хянан үзэхийг хүссэн байна.
1.Гомдолд дурдсан ЭҮТӨҮГ/2022071113 дугаартай МР-800 бутлуурын сэлбэг I тендер шалгаруулалтын техникийн тодорхойлолттой холбогдуулж тендерт оролцогчоос ирүүлсэн гомдлыг тус яам хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт үндэслэн хянан үзэж, холбогдох шийдвэрийг захиалагчид 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 03/8713 тоот албан бичгээр хүргүүлсэн тул хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь хэсэгт заасны дагуу гомдлыг хүлээн авч, дахин хянан үзэх боломжгүй байна.
2.Дижитал актив ХХК-ийн гомдолд дурдсаны дагуу ЭҮТӨҮГ/2022071074 дугаартай МР-800 загварын бутлах машины сэлбэгүүд нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтад захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон Эрдэнэт механик сервис ХХК-ийн тендерийг хянан үзлээ.
Эрдэнэт механик сервис ХХК-ийн тендерт санал болгосон сэлбэгүүд тендерийн баримт бичгийн тендерийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ 19.4-т заасан Тендерт оролцогч, түүний нийлүүлэх бараа нь захиалагчийн шаардсан, техникийн тодорхойлолтод нийцэж буйг нотлох баримтыг зураг өгөгдлийн хэлбэрээр тусгайлан бэлтгэж баталгаажуулан тендерт ирүүлэх шаардлагад нийцсэн гэж үнэлгээ хийсэн захиалагчийн шийдвэр үндэслэлтэй байна.
Иймд тендер шалгаруулалтуудын үйл ажиллагааг хуульд заасан журмын дагуу цааш үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Хуулийн 55 дугаар зүйлийн 55.4 дэх хэсэгт заасны дагуу захиалагчийн шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг түр түдгэлзүүлсэн шийдвэрийн хугацаа үүгээр дуусгавар болно. гэсэн хариуг өгчээ.
2.6.Мөн Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03/262 дугаартай Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай албан бичгээр[6] ... Иймд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэг, Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар баталсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ын 7-д заасан үндэслэл, журмын дагуу гомдол гаргагчийн Капитрон банкны 60270 дугаартай тендерийн баталгааны 7,680,000.00 /долоон сая зургаан зуун наян мянга/ төгрөгийг хүчинтэй байх хугацаанд нь багтаан Төрийн сангийн тендерийн баталгааны орлогын 100900000753 тоот дансанд төвлөрүүлж, ажлын 3 хоногийн дотор тус яаманд хариу мэдэгдэнэ үү. гэж Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-т мэдэгдсэн байна.
2.7.Нэхэмжлэгч Дижитал актив ХХК-аас Монгол Улсын Сангийн яаманд гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22/163 дугаар Гомдол гаргах тухай албан бичгийн ... Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ манай компанийн хүргүүлсэн тендерийн материалуудыг үнэлэн ЭҮТӨҮГ/2022071074 дугаартай тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь үнэ байна гэж үзэн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ГЁ-112-12/6044 тоот албан бичгээр татгалзсантай санал нэг байна.... гэж Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ГЁ-112-12/6044 дугаартай захиалагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байхад хариуцагч Монгол Улсын Сангийн яам гомдолд хамааралгүй асуудлаар шийдвэрлэсэн ба Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/2022171074 дугаартай тендер шалгаруулсан хариу мэдэгдэлд гомдол гаргаагүй байхад тендерийн баталгааны 7,680,000.00 /долоон сая зургаан зуун наян мянга/ төгрөгийг улсын орлого болгосон нь үндэслэлгүй гэх агуулгаар маргаж байна.
2.8.Хариуцагчийн зүгээс Дижитал актив ХХК нь 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22/163 дугаартай Гомдол гаргах тухай албан бичигт ... Дээрхээс гадна тус тендерүүдэд оролцсон Эрдэнэт механик сервис ХХК-ийн тендерийн баримт бичгийг зөрүүтэй үнэлсэн гэж үзэж байна. ЭҮТӨҮГ/ 2022071074 дугаартай тендерт хамгийн сайн гэж үнэлэгдэн шалгарсан Эрдэнэт механик сервис ХХК-ийн тендерийн баримт бичгийг ЭҮТӨҮГ/2022071113 дугаартай тендерт илгээсэн баримт бичигтэй адил шаардлага хангаагүй гэж үзэж байна. ... гэж дурдсан байх тул хариуцагч Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Гомдол хянасан тухай шийдвэр үндэслэлтэй гэх агуулгаар тайлбарлаж байна.
Гурав.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Буяндэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Дижитал актив ХХК нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/2022071074 дугаартай "МР-800 загварын бутлах машины сэлбэгүүд" болон ЭҮТӨҮГ/2022071113 дугаартай "МР-800 бутлуурын сэлбэг I" нийлүүлэгчийг сонгох тухай хоёр тусдаа тендерт оролцсон юм. ЭҮТӨҮГ/2022071074 дугаартай тендерт манай компаниас санал болгосон бүтээгдэхүүнийг захиалагч нь тендерийн шаардлага хангасан гэж үзсэн боловч "үнийг хувьд хамгийн бага байгаагүй" тул шалгаруулаагүй болно.
Харин ЭҮТӨҮГ/2022071113 дугаартай тендерт манай санал болгосон бүтээгдэхүүнийг тендерийн шаардлага хангасан гэж үзээгүй тул мөн шалгаруулаагүй болно. ЭТӨҮГ/2022071074 дугаартай тендерийн хувьд үнийн хувьд хамгийн бага байж чадаагүйн улмаас шалгараагүй талаарх захиалагчийн шийдвэр нь 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн албан бичгээр манай талд мэдэгдсэн бөгөөд манай компани захиалагчийн энэхүү шийдвэртэй санал нийлж байсан тул Сангийн яаманд гомдол гаргаагүй юм.
Харин нөгөө өөр тендер болох ЭҮТӨҮГ/2022071113 дугаартай тендерт Сангийн яаманд гомдол гаргасан болно. Гомдол гаргасан учир нь нэг төрийн бүтээгдэхүүн, саналыг 2 тендерт зэрэг хүргүүлсэн байхад бүтээгдэхүүний саналыг нэг тендерт шаардлага хангасан гэж үзсэн хэрнээ нөгөө тендерт шаардлага хангаагүй гэж үзсэн нь ойлгомжгүй буюу үнэлгээг зөрүүтэй хийгдсэн гэх үндэслэлээр ЭҮТӨҮГ/2022071113 дугаартай тендерт гомдол гаргасан болно. Ийнхүү гомдол гаргахдаа ЭҮТӨҮГ/2022071074 дугаартай тендерт манай санал болгосон бүтээгдэхүүнийг шаардлага хангасан гэж дүгнэсэн хэрнээ ижил төрлийн тендерт шаардлага хангаагүй гэж дүгнэсэн талаар дурдаж жишээ болгон тайлбарласан байдаг.
Гэтэл Сангийн яам нь 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03/192 дугаартай гомдол хянасан тухай албан бичигтээ ЭҮТӨҮГ/2022071074 болон ЭҮТӨҮГ/2022071113 тендерүүдэд хамтад нь гомдол гаргасан гэж буруу дүгнэлт өгсөн байна. ЭҮТӨҮГ/2022071074 дугаартай тендерийн хүрээнд захиалагчийн шийдвэрт манай компани гомдол гаргаагүй, захиалагчийн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн байтал "гомдол гаргасан гэж үзэн хянасан байх ба хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн" байна. Энэхүү шийдвэрийн дагуу тендерийн захиалагч Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20.7.3, 55.9-т заасны дагуу манай компаниас тендерийн баталгаанд байршуулсан 7,680,000.00 төгрөгийг манай данснаас суутгаж улсын орлогод суутган авсан байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20.7.3-т тендерт оролцогчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн нөхцөлд тендерийн баталгааг улсын орлого болгохоор зохицуулсан. Харин манай компанийн хувьд ЭҮТӨҮГ/2022071074 тоот тендерийн захиалагчийн шийдвэрт Сангийн яаманд огт гомдол гаргаагүй болно. Гомдол гаргаагүй байхад гомдол гаргасан мэтээр гомдлыг хянасан тухай хийсвэр дүгнэлт хийсэн байна. Үүний улмаас тендерийн баталгаанд байршуулсан 7,680,000.00 төгрөг улсын орлогод болоход хүрч, манай байгууллага энэ хэмжээгээр хохирол хүлээгээд байна.
Мөн үнэхээр ЭҮТӨҮГ/2022071074 тендерт манай байгууллага гомдол гаргасан гэж үзсэн бол цахим системээр манай тал гомдлоо хүргүүлэх учиртай бөгөөд цахим систем манай гомдол байх учиртай. Бидний хувьд тухайн тендер цахимаар гомдол гаргаагүй тул энэ талаарх мэдээлэл байхгүй болно. Иймд, Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03/192 дугаартай Гомдол хянасан тухай шийдвэрээс ЭҮТӨҮГ/2022071074 дугаартай тендерт холбогдох гомдол хянасан хэсгийг хүчингүй болгож өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Буяндэлгэр 2023 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Манай зүгээс Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03/192 дугаартай гомдол хянасан тухай мэдэгдлээс ЭҮТӨҮГ/2022071074 дугаартай тендерт холбогдох гомдол хянасан хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч хариу тайлбартаа 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн тендерийн баталгааг улсын орлого болгох тухай мэдэгдлийг гаргаж өгснийг хүлээн авч танилцаад эс зөвшөөрч тус Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03/262 дугаартай Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай мэдэгдлийг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэж байна. гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ялалт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай нэхэмжлэлийн шаардлага бол Дижитал актив ХХК-ийн зүгээс Сангийн яамд холбогдуулаад Монгол улсын Сангийн яамны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03/192 дугаартай гомдол хянасан тухай мэдэгдлээс ЭҮТӨҮГ/2022071074 дугаартай тендерт холбогдох гомдол хянасан хэсгийг хүчингүй болгуулах, 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03/222 дугаартай тендерийн баталгааг улсын орлого болгох тухай мэдэгдлийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан.
Энэхүү шаардлагыг дэмжиж оролцож байгаа. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийн хувьд Дижитал актив ХХК нь Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2 зарласан тендерт оролцсон. Энэ нь хойд талын 4 дугаараараа л ялгаатай мөртөө захиалсан бараа бүтээгдэхүүн бүгд ижилхэн агуулгатай. Нэг нь 1074 дугаартай бол нөгөөдөх нь 1113 гэсэн дугаартайгаар тендерт оролцсон. Тендерийн саналаа зохих журмын дагуу хүргүүлсэн бөгөөд эдгээр тендерийн агуулга нь MP-800 загварын бутлах, машины сэлбэгүүд гэсэн сэлбэгийн тендер байдаг. Энэхүү тендерийн саналыг Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ буюу захиалагч талаас хянаж үзээд тендер тус бүр дээр хариуг нь хүргүүлсэн. 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1074 дугаартай тендерийг шалгараагүй байна гэсэн агуулгатай хариуг өгдөг. Ингэж өгөхдөө Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.3-д заасны дагуу Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна. гэснийг үндэслээд танай тендер шалгарсангүй гэдэг мэдэгдлийг ирүүлдэг. Энэ агуулгыг тендерийн санал, шаардлага нийцсэн юм байна.
Харин үнийн хувьд хамгийн бага байж чадаагүй учраас тэнцээгүй байна гэсэн ойлголтыг 1074 дугаар тендер дээр авсан. Харин 1113 дугаартай тендерийн хувьд тухайн санал болгосон тендерийн бараа нь өөрөө шаардлагад нийцэхгүй байна гэсэн агуулгатай тайлбар ирүүлсэн байдаг. 2 тендер байгаа учраас тус тусад нь тайлбарлалаа. Эдгээр тендерийн хариу буюу захиалагчийн шийдвэр дээр гомдол гаргахдаа зөвхөн 1113 буюу одоо тендерийн бараа, тендерийн саналын агуулга нь техникийн үзүүлэлт, техникийн тодорхойлолтод нийцэхгүй байна гэдэг агуулгаар гомдлоо гаргасан. Харин тухайн гомдол дээрээ 1074 буюу үнийн хувьд тэнцэхгүй гэдэг тендерийг дурдахдаа энэ 2 ижилхэн тендер, яг ижилхэн материал бүрдүүлж өгсөн. Гэтэл 1074 дугаартай тендер нь техникийн үзүүлэлт нь тэнцсэн гэсэн мөртлөө 1113 дугаартай тендерийг тэнцээгүй гэсэн агуулгатай ирсэн. Ингээд зөрүүтэй үнэлгээ хийчихсэн. 1074 дугаартай тендер тэнцсэн юм бол 1113 дугаартай тэнцэх учиртай юм. гэсэн агуулгаар 1074 дугаартай тендерийг дурдсан байдаг. Дурдахдаа 1074 дугаартай тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28.3-д заасан Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна. гэж үзэн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ГЁ-112-12/6044 тоот албан бичгээр татгалзсантай санал нэг байна. гэж гомдол гаргаж буй бичигт бичдэг. Харин 1113 дугаартай тендерийг зөрүүтэй үнэлсэн байна гэх агуулгаар гомдол гаргадаг. 2 тендерийг 2 өөрөөр үнэлсэн гэдэг агуулгаар гомдол гаргаж байгаа учраас нөгөө тендерийг яаж үнэлсэн талаар тайлбарлаж, бичээд явсан. Гэтэл Сангийн яамнаас энэ бүх гомдлыг хүлээн авч хянахдаа энэ 2 тендерт хоёуланд нь гомдол гаргасан гэж ойлгож хянасан. Гэтэл манайх 1074 дугаартай тендер дээр гомдол гаргаагүй. 1074 дугаартай тендер дээр гомдол гаргасан гэж үзсэн учраас гомдол гаргаад гомдлыг хүлээж аваагүй. Тэгээд тендерийн орлого нь улсын орлого болсон. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгө, өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн зохицуулалтын дагуу тендерийн баталгааг улсын орлогод болохгүй тулд эхний ээлжид заавал гомдол гаргасан байхыг шаардана. Тийм учраас гаргасан гомдлыг хянаж үзээд үндэслэлгүй байвал улсын орлогод олгодог эрх зүйн зохицуулалт байна.
Гэтэл захирал захиргааны байгууллага гомдол гаргаагүй байхад гомдол гаргасан гэж шийдвэр гаргаж, гомдлыг хүлээж авахаас татгалзаад түүний улмаас тендерийн баталгаа улсын орлогын болох нөхцөл байдал үүссэн. Тийм учраас энэ шийдвэрүүдийг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Нэг зүйлийг дурдахад, 2 тендерийнхээ баримт бичгийг хамтад нь хавсаргаад өгсөн шүү дээ тэгэхээр чинь энэ гомдлын шаардлагын бүрдэл хангасан байсан гэсэн агуулга харагдаад байх шиг байна. 2 тендер ижилхэн саналтай байсан, тендерийг үнэлэхдээ нэгийг нь болж байна гэчхээд нөгөөгийн нь болохгүй гэж үнэлсэн гэдгийг гомдол гаргагч талаас нотлох үүднээс 2 тендерийн баримт бичгийг хавсаргаж өгөх нь зүйтэй. Түүнд гомдол хянагч талаас төөрөгдөөд байх зүйл байхгүй байсан гэж тайлбарлах нь зүйтэй болов уу гэж бодож байна. гэжээ.
3.3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баярмаа, Т.Энхжаргал нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ... Дижитал актив ХХК нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт Тендерт оролцогч нь... захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, ... гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана гэж заасныг үндэслэн Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас зарласан ЭҮТӨҮГ/2022071113 дугаартай MP-800 бутлуурын сэлбэг I дугаартай тендер шалгаруулалтад 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ГЁ-112-12/6061 тоот захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрөх тухай, ЭҮТӨҮГ/2022071074 дугаартай МР-800 загварын бутлах машины сэлбэгүүд нийлүүлэгчийг сонгох тендер шалгаруулалтад захиалагч шаардлага хангахгүй тендерт оролцогчид гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22/163 тоот Гомдол гаргах тухай албан бичгээр ирүүлж дараах үндэслэлийг тус тус заасан байдаг.
1.ЭҮТӨҮГ/2022071113 дугаартай "MP-800 бутлуурын сэлбэг I" тендер шалгаруулалтад захиалагч танай компанийн тендерээс татгалзсан 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ГЁ-112-12/6061 тоот албан бичгийг эс зөвшөөрөх;
2.ЭҮТӨҮГ/2022071074 дугаартай "МР-800 загварын бутлах машины сэлбэгүүд" тендер шалгаруулалтад захиалагч танай компанийн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийн Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна гэснийг үндэслэн танай компанийн тендерийг шалгараагүй болохыг мэдэгдсэн захиалагчийн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ГЁ-112-12/6044 тоот мэдэгдэлтэй санал нэг байна гэх боловч тус тендер шалгаруулалтад захиалагчийн гэрээ байгуулах эрх олгосон Эрдэнэт механик сервис ХХК-ийн тендерийг ЭҮТӨҮГ/2022071113 дугаартай тендер шалгаруулалтад илгээсэн баримт бичигтэй адил шаардлага хангахгүй гэж үзэж байна.
Нэхэмжлэгчийн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22/163 тоот албан бичгийн хоёр дахь талд Иймд бид үнэлгээний хороо тендерийн шаардлага хангаагүй компанийг шалгаруулсан байна, захиалагчийг зөрүүтэй үнэлгээ Хийсэн гэж үзэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн дагуу гомдол гаргаж буйг хүлээн авч тендерийн сонгон шалгаруулалт хуулийн хүрээнд хийгдсэн Эсэхийг хангаж өгөхийг хүсье гэж тодорхой дурдсан тул Сангийн яам нь Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар баталсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ын 6.1-д зааснаар тендер шалгаруулалтыг гомдлын хүрээнд хянан үзэхээс өөр аргагүй ба гомдлын хоёр дахь үндэслэлийг хянан үзээгүй байсан бол эсрэгээрээ Сангийн яам хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл болох ёстой юм.
Гомдол гаргасан албан бичиг нь хавсралтын хамт 11 хуудас бөгөөд ЭҮТӨҮГ/2022071113 дугаартай тендер шалгаруулалтынхаас гадна нэхэмжлэгчийн гомдол гаргаагүй гэх ЭҮТӨҮГ/2022071074 тоот тендер шалгаруулалтад оролцохдоо гаргасан 2022 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 60270 дугаартай тендерийн баталгаа (гомдлын 10 дахь хуудас), ЭҮТӨҮГ/2022071074 тоот шалгаруулалтад захиалагч тус компанийг шалгараагүй тухай мэдэгдсэн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ГЁ-112-12/6044 тоот албан бичиг (гомдлын 7 дахь хуудас)-ийн хуулбарыг тус тус хавсаргасан нь ЭҮТӨҮГ/2022071074 тоот тендер шалгаруулалтад гомдол гаргах бүрдүүлбэрийн шаардлагыг хангуулсан гэж үзэх үндэслэл юм.
Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлдээ ЭҮТӨҮГ/2022071074 дугаартай тендер шалгаруулалтад гомдол гаргасан бол гомдлоо худалдан авах ажиллагааны цахим систем (www.tender.gov.mn)-ээр хүргүүлэх байсан, ийнхүү хүргүүлээгүй бол гомдол гаргаагүй гэж үзэх агуулгаар маргаж буй нь үндэслэлгүй байна. Учир нь Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ын 4.4-т зааснаар Сангийн яам гомдлыг хүлээн авч бичиг хэргийн бүртгэлд бүртгэх ба бүртгэсэн өдрөөс эхлэн хуульд заасан гомдол хянан шийдвэрлэх хугацаа тоологдоно гэж заасан тул тус яамны бичиг хэрэг 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 15 цаг 41 минутад гомдлыг бүртгэж авснаар гомдол хянан шийдвэрлэх хугацаа тоологдож эхэлсэн болно. (Бичиг хэргийн 121 дугаарт бүртгэгдсэн тэмдэглэлийг хавсаргав.)
Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ын 4.9-д Тендерт оролцогч энэ журмын дагуу Сангийн яаманд гаргасан гомдлын хуулбарыг ажлын 1 хоногийн дотор цахим системээр илгээнэ. гэж заасан нь цахим систем дээр тухайн тендер шалгаруулалтын төлөвийг "гомдол гарсан" төлөвт шилжүүлж бусад тендерт оролцогч нар цаг алдалгүй мэдээлэл авах боломжийг бүрдүүлэхтэй холбоотойгоор тухайн компанийн хийх үйлдлийг зохицуулсан зохицуулалт юм.
Нэхэмжлэгч компани ЭҮТӨҮГ/2022071113 тендер шалгаруулалтад холбогдуулан гомдол гаргасан эсэх талаар маргадаггүй. Хэрэв тухайн компани Сангийн яам тухайн компани бичгээр гомдол ирүүлснийг үл харгалзан зөвхөн цахим системээр л гомдлыг гаргасныг хянах ёстой гэж үзэж байсан бол 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22/163 дугаартай албан бичгийн хуулбарыг цахим систем дэх ЭҮТӨҮГ/2022071113 тендер шалгаруулалтын холбогдох талбарт хуулбарлаж оруулах ёстой байсан. Гэтэл тус компани дээрх хоёр тендер шалгаруулалтын 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдөр нийтэлсэн үр дүнтэй холбоотойгоор алинд нь ч цахим системээр гомдлоо илгээгээгүй. Уг асуудлаар Төрийн худалдан авах ажиллагааны газраас нотлох баримтын шаардлага хангуулан тодруулах бүрэн боломжтой.
Сангийн яамны Гомдол хянасан тухай албан бичгээр ЭҮТӨҮГ/2022071113 дугаартай MP-800 бутлуурын сэлбэг I тендер шалгаруулалтад гаргасан гомдлыг хуулийн 55.2 дахь хэсэгт зааснаар буцааж, ЭҮТӨҮГ/2022071074 дугаартай тендер шалгаруулалтад холбогдох гомдол үндэслэлгүй байсан тул хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэг, Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журам-ын 7-д заасан үндэслэл, журмын дагуу нэхэмжлэгч компанийн ЭҮТӨҮГ/2022071074 дугаартай тендер шалгаруулалтад хүргүүлсэн 60270 дугаартай тендерийн баталгааг улсын орлого болгохыг захиалагчид даалгасан нь хууль, журамд нийцсэн юм.
Иймд Дижитал актив ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ерөнхийдөө бол нэхэмжлэгч болсон процессын талаар өөрийн өнцгөөс дурдлаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасны дагуу захиалагч нь 3 төрлийн шийдвэр гаргадаг. 1-т, гэрээ байгуулах эрх олгоно, 2-т, шаардлагад нийцсэн боловч гэрээ байгуулах эрх олгосон компаниас үнийн саналын хувьд харьцуулах үнэ нь арай өндөр байгаа компанид шалгараагүй тухай мэдэгдэнэ. Тэгэхдээ тэр нь тендерээс татгалзаж байгаа буюу рижект гэж цаашдын процессоос гаргаж байгаа гэсэн үг биш. 3-т, татгалзаж байгаа. Татгалзаж байна гэдэг нь санал болгож байгаа бараа нь шаардлагад нийцэхгүй, үнэ нь хэт бага, ямар ч байсан гэсэн захиалагч хүлээж авахгүй гэсэн 3 төрлийн шийдвэр гаргаж байгаа. Нэр бүхий энэ 2 тендер шалгаруулалтын тухайд, нэг дээр нь тухайн компаниас татгалзсан, 2-т, үнийн хувьд танайх харьцуулах бага үнэтэй тендерээс нь өндөр байна гэж шалгараагүй тухай мэдэгдсэн. Тэр дурдаад буй албан бичигт нэг тендерийг үнээр нь татгалзсан. 1074 гэсэн төгсгөлтэй тухайн тендер шалгаруулалтын хувьд үнээр нь шалгарахгүй байна гэдэг тухайн компанийн гомдол гаргах тухай албан бичгийн хэсэгт Санал нэг байна гэж бичсэн. Энэ санал нэг байна гэдэг нь өөрийнх нь тендерийг энэ шаардлагад нийцсэн гэж захиалагч үзчихсэн учраас энэ шийдвэртээ маргахгүй. Тухайн тендер шалгаруулалтын хувьд өөрийнх нь тендер шаардлагад нийцсэн. Нөгөө тендерийн хувьд бид шаардлагад нийцэх байсан гэж маргаж байгаа.
Гомдол гаргах тухай албан бичигтээ Дээрхээс гадна тус тендерүүдэд оролцсон Эрдэнэт механик сервис ХХК-ийн тендерийн баримт бичгийг зөрүүтэй үнэлсэн гэж үзэж байна. ЭҮТӨҮГ/2022071074 дугаартай тендерт хамгийн сайн гэж үнэлэгдэн шалгарсан Эрдэнэт механик сервис ХХК-ийн тендерийн баримт бичгийг ЭҮТӨҮГ/2022071113 дугаартай тендерт илгээсэн баримт бичигтэй адил шаардлага хангаагүй гэж үзэж байна. гэж гомдлын үндэслэлдээ дурдсан байдаг. Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалд зааснаар тухайн гаргаж байгаа буюу гомдол гаргаж байгаа тендер шалгаруулах холбоотойгоор бүрдүүлбэрийн шаардлага хангах ёстой. Бүрдүүлбэрийн шаардлагын 1-т, гомдлын үндэслэлээ дурдан, 2-т, тухайн тендер шалгаруулалттай холбоотойгоор захиалагчаас хүлээн авсан мэдэгдлийг хавсарган, 3-т, тендерийн баталгааг мөн хавсаргаж ирүүлнэ. Тухайн компани нь энэ 2 тендер шалгаруулалтын хувьд хоёулангийнх нь мэдэгдэл, тендерийн баталгааг ирүүлж, бүрдүүлбэрийн шаардлага хангуулж ирүүлсэн. Нэгэнт 1074 дугаартай тендер шалгаруулалтын хувьд шалгарсан Эрдэнэт механик Сервис ХХК нь шаардлагад нийцэхгүй байсан гэж үзэж байгааг гомдлын үндэслэлд дурдсан байгаа. Үүнийг Сангийн яам хянахгүй байх үндэслэлгүй. Харин Сангийн яам хянахгүй байх нь хуульд заасан хугацааны дотор гомдол гаргачихсан байхад иргэдийг хянаагүйгээс шалтгаалж манай хууль ёсны эрх, ашгийг зөрчигдлөө гэх асуудал үүснэ. Тэгэхээр нэгэнт гомдлын үндэслэлд дурдсан учраас үүний дагуу 2 тендер шалгаруулалтыг процессын дагуу түдгэлзүүлээд, захиалагчийн гэрээ байгуулах эрх олгох болон тендерийн баталгааг хүчингүй болгох, бүх ажиллагааг хойшлуулна. Энэ ажиллагааны талаар захиалагч буюу Эрдэнэт ТӨҮГ бүх оролцогч нарт мэдэгдэж, 14 хоногийн хугацаанд процесс үргэлжлээд шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн агуулгын талаар нэхэмжлэгч маргадаггүй. Жишээ нь, 1074 дугаартай тендерийг хянахдаа тухайн Эрдэнэт механик сервис ХХК-ийн энэ техникийн үзүүлэлтэд ингэж шаардлагад нийцсэн, нийцээгүй гэдэг талаар Сангийн яам дүгнэлт хийсэн талаар огт маргадаггүй. Гомдол гаргасан, гаргаагүй гэж байгаа. Энэ маргааны зүйл болсон гомдол гаргасан гэдэг тухайд огт асуудал байхгүй. Нэгэнт албан бичгийн агуулгын талаар маргадаггүй учраас тэр асуудлаар тайлбар хийх шаардлагагүй гэж үзэж байна. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэл, түүний үндэслэл, түүнд хавсаргасан нотлох баримтууд, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын зүгээс гаргасан тайлбар, хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг судлан үзэж, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1. Нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагуудыг хууль зүйн агуулгаар нь авч үзэхэд, Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03/192 дугаартай Гомдол хянасан тухай мэдэгдлээс ЭҮТӨҮГ/2022071074 дугаартай тендерт холбогдох гомдол хянасан хэсгийг хүчингүй болгуулах, үүнтэй холбоотойгоор гомдол хянасан тухайн албан бичигт ЭҮТӨҮГ/2022071074 дугаартай тендерт холбогдох хэсгийг хянасан нь анхнаасаа буруу байхад гомдлыг үндэслэлгүй гэж үзэн тендерийн баталгааны 7,680,000.00 /долоон сая зургаан зуун наян мянга/ төгрөгийг улсын орлого болгохоор мэдэгдсэн мэдэгдлийг хүчингүй болгуулахаар шүүхэд хандсан байна.
2. Ингэж маргахдаа буюу маргааны зүйлийн үндэслэлийг тайлбарлахдаа нэхэмжлэгч болон хариуцагч тал нэхэмжлэгчээс Сангийн яаманд гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22/163 тоот Гомдол гаргах тухай албан бичиг дэх хүсэл зоригийн илэрхийллийн агуулга дээр маргаж байна.
3. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт Тендерт оролцогч нь энэ хуулийн 11.2-т заасныг зөрчсөн болон тендерийн баримт бичиг бэлтгэх явцад өрсөлдөөнийг хязгаарласан ямар нэгэн зөрчил гарсан гэж үзвэл гомдлоо тендерийн нээлт хийхээс ажлын 10-аас доошгүй өдрийн өмнө Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт, захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус ажлын 5 өдрийн дотор гаргана., 55.2 дахь хэсэгт Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар энэ хуулийн 55.1-д заасан гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэнэ. Шийдвэрлэж хариу өгсөн асуудлаар тендерт оролцогч дахин гомдол гаргасан тохиолдолд хүлээн авахаас татгалзана. гэж заасан.
4. Мөн хуулийн 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэгт Тендерт оролцогчдын гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд энэ хуулийн 20.7.3-т заасны дагуу тендерийн баталгааг улсын орлого болгох дээд хэмжээ 20 сая төгрөгөөс хэтрэхгүй байна. Гомдлыг үндэслэлтэй гэж шийдвэрлэсэн бол тендерийн баталгааг буцаан олгоно., 20 дугаар зүйлийн 20.7 дахь хэсэгт Дараахь тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгоно: гээд, мөн зүйлийн 20.7.3 дахь заалтад тендерт оролцогчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн. гэж тус тус зохицуулжээ.
5. Хуулийн дээр дурдсан хэм хэмжээнүүдээс үзэхэд, захиалагчийн зарласан аливаа тендерт оролцсон хуулийн этгээд нь захиалагчийн шийдвэрийг эс зөвшөөрсөн, хуульд заасан хугацаанд захиалагч шийдвэр гаргаагүй, эсхүл гэрээ байгуулах эрх олгосон тухай гомдлыг зөвхөн төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага буюу Сангийн яаманд гаргахаар зохицуулсан байх бөгөөд ийнхүү гаргасан гомдлыг Сангийн яам хянан шийдвэрлэхээр, тендерт оролцогчийн гаргасан тухайн гомдлыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн тохиолдолд тендерийн баталгааг улсын орлого болгохоор заажээ.
6. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт оролцсон талуудын тайлбар зэргээс үзэхэд, нэхэмжлэгч талаас ... манай компаниас Сангийн яаманд 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22/163 тоот Гомдол гаргах тухай албан бичиг гаргахдаа ЭҮТӨҮГ/2022071074 дугаартай тендертэй анхнаасаа маргаагүй, харин ЭҮТӨҮГ/2022071113 дугаартай тендерт холбогдуулж маргасан байхад Сангийн яам 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03/192 дугаартай Гомдол хянасан тухай албан бичигтээ тус компанийг ЭҮТӨҮГ/2022071074 болон ЭҮТӨҮГ/2022071113 дугаартай тендерүүдэд хамтад нь гомдол гаргасан мэтээр ойлгож, буруу дүгнэлт өгсөн ... гэх агуулгаар, хариуцагч талаас ... нэхэмжлэгч компанийн Сангийн яаманд ирүүлсэн 22/163 тоот Гомдол гаргах тухай албан бичгээс үзэхэд дан ганц ЭҮТӨҮГ/2022071113 дугаартай тендерт холбогдуулж гомдол гаргасан гэж үзэх боломжгүй байсан, энэ нь тухайлбал, нэхэмжлэгч компанийн гаргасан гомдлын ... Дээрхээс гадна тус тендерүүдэд оролцсон Эрдэнэт механик сервис ХХК-ийн тендерийн баримт бичгийг зөрүүтэй үнэлсэн гэж үзэж байна. ЭҮТӨҮГ/ 2022071074 дугаартай тендерт хамгийн сайн гэж үнэлэгдэн шалгарсан Эрдэнэт механик сервис ХХК-ийн тендерийн баримт бичгийг ЭҮТӨҮГ/2022071113 дугаартай тендерт илгээсэн баримт бичигтэй адил шаардлага хангаагүй гэж үзэж байна. ... гэж дурдсан хэсгээс ойлгогдож байх тул Сангийн яамны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн Гомдол хянасан тухай шийдвэр үндэслэлтэй ... гэх агуулгаар тайлбарлаж байна.
7. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн зүгээс захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх эрх зүйд хөгжиж, улмаар Сангийн сайдын 2019 оны 131 дүгээр тушаалаар баталсан Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмын[7] 6.1-д[8] бэхэжсэн ne ultra petita буюу гомдол гаргагчийн гомдлын хүрээнд хянах зарчмыг хариуцагч зөрчсөн, тодруулбал, хариуцагч нь гомдлын хүрээнээс хальж, гомдол гаргагчийн маргаагүй зүйлийг /маргаагүй асуудлаар/ шийдвэрлэж, дүгнэлт өгсөн нь үндэслэлгүй гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан болно.
8. Хэдийгээр захиргааны эрх зүйн онолд гомдол гаргагчийн гомдлын хүрээнд маргааныг шийдвэрлэх зарчим буюу ne ultra petita зарчим нэгэнт хүлээн зөвшөөрөгдөж, хэрэглэгдэж байгаа боловч шүүх энэхүү зарчмыг тайлбарлан хэрэглэхдээ эхлээд нэхэмжлэгчийн /гомдол гаргагчийн/ гаргасан гомдлын агуулга буюу хүсэл зоригийн илэрхийллийн гол агуулга ямар байсан, юунд чиглэж байсныг хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлах замаар тодруулах учиртай.
9. Аливаа этгээдийн хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлахад онолын хувьд субьектив болон обьектив тайлбарын аргыг хэрэглэдэг бөгөөд субьектив тайлбарын дагуу хүсэл зоригийн илэрхийлэл үгийн шууд утга, хүсэл зоригоо илэрхийлэгчийн тайлбарлаж буй агуулга, тухайн хүсэл зоригийн илэрхийллийг хүлээн авч буй этгээдийн ойлголтын хүрээгээр тодрохгүй бол /өөрөөр хэлбэл хүсэл зоригийг илэрхийлэл зөрүүтэй хэвээр байгаа бол/ обьектив тайлбар буюу хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана.
10. Дээрх тайлбарын арга зүйг Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна. гэж, 41.2 дахь хэсэгт Хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана. гэж хуульчилжээ.
11. Энэ нь аль ч эрх зүйн салбарт хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлах хууль зүйн тайлбарын нийтлэг /суурь/ аргачлал болохыг тэмдэглэх нь зүйтэй.
12. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчээс Сангийн яаманд гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 22/163 тоот Гомдол гаргах тухай албан бичгийн агуулга буюу хүсэл зоригийн илэрхийллийг тодруулахад, манай компани ЭҮТӨҮГ/2022071074 дугаартай тендертэй анхнаасаа маргаагүй, зөвхөн ЭҮТӨҮГ/2022071113 дугаартай тендерт холбогдуулж маргасан гэх агуулгатай тайлбараа дэмжиж, харин хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч дан ганц ЭҮТӨҮГ/2022071113 дугаартай тендерт холбогдуулж гомдол гаргасан гэж үзэх боломжгүй байсан, энэ нь нэхэмжлэгч компанийн гаргасан гомдлын холбогдох хэсгүүдээс ойлгогдож байгаа гэх агуулгатай тайлбараа дэмжиж байгаа буюу талуудын хооронд хүсэл зоригийн илэрхийллийн утга, түүний тайлбар зөрүүтэй байгаа энэ тохиолдолд шүүх гуравдагч /хөндлөнгийн/ этгээдийн байр сууринаас обьектив байдлаар нэхэмжлэгчийн хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлан маргааныг шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ. Тодруулахад:
13. Нэхэмжлэгч Дижитал актив ХХК-ийн зүгээс 2023 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 22/163 тоот албан бичгээр Сангийн яаманд гаргасан гомдлын ... Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ манай компанийн хүргүүлсэн тендерийн материалуудыг үнэлэн ЭҮТӨҮГ/2022071074 дугаартай тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь үнэ байна гэж үзэн 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн ГЁ-112-12/6044 тоот албан бичгээр татгалзсантай санал нэг байна ... гэсэн хэсгээс үзэхэд, нэхэмжлэгч нь ЭҮТӨҮГ/2022071074 дугаартай тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсэгт зааснаар буюу Шаардлагад нийцсэн тендерүүдийг үнэлэх үндсэн шалгуур нь тендерийн үнэ байна. гэж зааснаар тендерийн үнийг үнэлсэн захиалагчийн шийдвэртэй санал нэг байгаа тухайгаа Сангийн яаманд илэрхийлсэн илэрхийлэл байна.
14. Харин ЭҮТӨҮГ/2022071074 дугаартай тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.3, 27.4 дэх хэсэгт зааснаар үнэлсэн захиалагчийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа буюу түүнтэй маргасан болох нь тус компаниас 22/163 тоот албан бичгээр Сангийн яаманд гаргасан гомдлын ... Бид үйлдвэрлэгч талаас тодруулга авахад бидний илгээсэн зургууд нь тухайн сэлбэгийн зураг гарцаагүй мөн бөгөөд үйлдвэрлэгч Чанарын баталгааны бичгээрээ ч давхар баталгаа гаргасан. Мөн тус тендерт хамгийн сайн гэж шалгарсан Эрдэнэт механик сервис ХХК-ийн санал болгосон зургуудаас зөрүүгүй байна ... Дээрхээс гадна тус тендерүүдэд оролцсон Эрдэнэт механик сервис ХХК-ийн тендерийн баримт бичгийг зөрүүтэй үнэлсэн гэж үзэж байна. ЭҮТӨҮГ/2022071074 дугаартай тендерт хамгийн сайн гэж үнэлэгдэн шалгарсан Эрдэнэт механик сервис ХХК-ийн тендерийн баримт бичгийг ЭҮТӨҮГ/2022071113 дугаартай тендерт илгээсэн баримт бичигтэй адил шаардлага хангаагүй гэж үзэж байна. ... гэж дурдсан хэсгийн хүсэл зоригийн илэрхийллийн агуулгаас тогтоогдож байна.
15. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчийн дээрх хүсэл зоригийн илэрхийлэл нь бүхэллэг байдлаараа ЭҮТӨҮГ/2022071074 дугаартай тендер шалгаруулалтад захиалагчаас гэрээ байгуулах эрх олгосон Эрдэнэт механик сервис ХХК-ийн тендерийг хянан үзэхийг хүссэн агуулгатай байна.
16. Тиймээс нэхэмжлэгчийн зүгээс манай компани ЭҮТӨҮГ/2022071074 дугаартай тендерт гомдол гаргаагүй, зөвхөн ЭҮТӨҮГ/2022071113 дугаартай тендерт холбогдуулж гомдол гаргасан гэх агуулгатай тайлбар үндэслэлгүй, харин хариуцагчийн гаргасан энэ талаарх тайлбарыг шүүх үндэслэлтэй гэж үзэв.
17. Тодруулбал, нэхэмжлэгч Дижитал актив ХХК-аас ирүүлсэн гомдлыг хянасан Сангийн яамны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03/192 тоот Гомдол хянасан тухай албан бичиг нь гомдол гаргагчаас ирүүлсэн гомдлын хүрээнээс хэтрээгүй, гомдол гаргагчийн хүсэл зоригийн илэрхийллийг зөв ойлгож хариу өгсөн байна гэж шүүх дүгнэлээ.
18. Мөн хариуцагчийн гаргасан 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03/192 тоот Гомдол хянасан тухай албан бичгээр нэхэмжлэгчээс ирүүлсэн гомдлуудыг үндэслэлгүй гэж шийдвэрлэсэн байх тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7.3 дахь заалт, 55 дугаар зүйлийн 55.9 дэх хэсэгт зааснаар тендерийн баталгаа болох 7,680,000.00 /долоон сая зургаан зуун наян мянга/ төгрөгийг улсын орлогод төвлөрүүлэхээр шийдвэрлэсэн хариуцагчийн 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03/262 дугаартай Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай мэдэгдлийг хүчингүй болгох боломжгүй байна.
19. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
20. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт нэхэмжлэгч тал ... дээрх 2 тендерийн баримт бичиг дэх техникийн тодорхойлолт ижил байсан гэж, хариуцагч тал ... нягтлан үзэхэд зөрүүтэй байна гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ энэ агуулгаар маргаагүй /харин ЭҮТӨҮГ/2022071074 дугаартай тендерт гомдол гаргаагүй байхад Сангийн яам гомдол гаргасан гэж ойлгож хянасан гэх агуулгаар маргасан/ энэ тохиолдолд шүүх тухайн хоёр тендерийн баримт бичгийг нотлох баримтаар гаргуулах, тендерийн баримт бичиг дэх техникийн тодорхойлолтуудыг харьцуулах нь хэрэгт хамааралгүй бөгөөд ач холбогдолгүй, зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлах замаар маргааныг шийдвэрлэх боломжтой гэж үзсэнийг дурдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн, 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэг, 106.3.14 дэх заалт, 113 дугаар зүйлийн 113.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.7 дахь хэсэг, 20.7.3 дахь заалт, 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 55.9 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Дижитал актив ХХК-ийн гаргасан Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 03/192 дугаартай Гомдол хянасан тухай мэдэгдлээс ЭҮТӨҮГ/2022071074 дугаартай тендерт холбогдох гомдол хянасан хэсгийг хүчингүй болгуулах, Монгол Улсын Сангийн яамны 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 03/262 дугаартай Тендерийн баталгааг улсын орлого болгох тухай мэдэгдлийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.МӨНХ-ЭРДЭНЭ
[1] Хавтаст хэргийн /цаашид Хх гэх/ 1 дэх тал
[2] Хх 11 дэх тал
[3] Хх 12-13 дахь тал
[4] Хх 14-15 дахь тал
[5] Хх 44-45 дахь тал
[6] Хх 46 дахь тал
[7] https://legalinfo.mn/mn/detail?lawId=209855&showType=1 /нийтэд илэрхий нотлох баримт/
[8] Тендерт оролцогчдоос ирүүлсэн гомдлыг хянан шийдвэрлэх журмын 6.1. Сангийн яам нь гомдолд дурдсан тендер шалгаруулалтын ажиллагааг хууль, холбогдох дүрэм, журам, зааварт нийцэж явагдсан эсэхийг захиалагчаас ирүүлсэн баримт бичиг, мэдээлэлд үндэслэн гомдлын хүрээнд хянан үзэж, дараах шийдвэрийн аль нэгийг гаргана.