| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2023/05449/И |
| Дугаар | 102/ШШ2024/00908 |
| Огноо | 2024-02-22 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 22 өдөр
Дугаар 102/ШШ2024/00908
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 7 дугаар хороо, тоот хаягт оршин суух Х овогт Р Л /РД: /-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо, тоот хаягт оршин байрлах “Г” ХХК-д холбогдох,
Орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах, өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Р.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.
(Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу түүний эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.)
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Р.Л нь хариуцагч “Г” ХХК-д холбогдуулан орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулах, өмчлөгчөөр тогтоолгох тухай тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: “БЗД-ийн 5 дугаар хороо, * давхрын 42,74м2 талбайтай 1 өрөө орон сууц захиалгын 2015/8-18 тоот гэрээг 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “Г” ХХК-тай байгуулж 59,836,000 төгрөгийн төлбөрийг дараах байдлаар бүрэн төлж дуусгасан болно.
Дээрх орон сууцны барилга угсралтын ажлаас эхлэн байнгын ашиглалтад орох хүртэл хугацаанд буюу 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 05- ны өдөр хүртэл барилгын талбайн өмч хөрөнгө, газар объектын аюулгүй байдлыг хамгаалуулахаар Харуул хамгаалалтын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл бүхий “Ө” ХХК-тай “Г” ХХК нь харуул хамгаалалтын 20151106 тоот гэрээ байгуулан хамтран ажилласан.
Энэхүү гэрээний хэрэгжилтийн явцад буюу 2016 оны 8 дугаар сараас эхлэн “Г” ХХК-нь гэрээт харуул хамгаалалтын төлбөрийг төлөхгүй 3 болон түүнээс дээш сараар хугацаа хэтэрсэн учир хамгаалагч талаас гэрээ цуцлах саналыг удаа дараа гаргаж байсан. Гэрээ цуцалснаар барилгын талбайн өмч хөрөнгө, газар объект эзэнгүйдэх, үрэгдэх бодит эрсдэл, сөрөг үр дагаврууд үүсч байсан учир харуул хамгаалалтын гэрээт ажлын төлбөрт тооцуулан уг компанийн захирал А.Дгийн Хаан банкны тоот дансанд 5,000,000 төгрөгийг хувийн зүгээс шилжүүлж, улмаар 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр “Харуул хамгаалалтын компанид төлбөл зохих ажлын хөлсийг хариуцан төлөх тухай хэлцэл”-ийг байгуулж, уг хэлцлийн дагуу харуул хамгаалалтын ажлын хөлсийг миний бие хариуцан төлөх үүрэг хүлээж, үйлчлүүлэгч тал буюу “Г” ХХК-нь хамгаалалтын төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдсөн байдаг. Уг “....ажлын хөлсийг хариуцан төлөх тухай хэлцэл”-ийн хүрээнд 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн хооронд 1м2-ийг 1,400,000 төгрөгөөр буюу нийт 59,836,000 төгрөгөөр захиалан бариулсан орон сууцны төлбөрөөс 30,750,000 төгрөгийг дээр дурдсан дансаар шилжүүлэх замаар, 2017 оны 3 дугаар сараас 2018 оны 4 дүгээр сар хүртэл 14,077,536 төгрөгийг “Г” ХХК-нд хөдөлмөрийн гэрээний дагуу ажиллах явцдаа цалингаасаа суутгал хийлгэх замаар, үлдэгдэл 15,008,464 төгрөгийг бэлнээр төлж дуусгасан. Хариуцагчийн зүгээс орон сууцны өр төлбөргүй болохыг баталгаажуулж, 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахад шаардлагатай төлбөр тооцоо бүрэн дууссан тухай болон талбайн хэмжээг хасуулах албан бичгүүдийг Баянзүрх дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст хандаж гаргасан байдаг. Улмаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулахаар орон сууц захиалгын гэрээ болон холбогдох баримт бичгийг гүйцэтгэгч тал гарган өгч, “Голомт” банкнаас барьцаа чөлөөлөх албан бичиг өгөхийг хүсэхэд “Г” ХХК-нь зээлээ төлөөгүй байгаа учир хэсэгчилсэн байдлаар барьцаанаас чөлөөлөх бичгийг гаргах боломжгүй гэх хариуг өгснөөр өмчлөх эрхээ өнөөдрийг хүртэл баталгаажуулж чадаагүй байгаа билээ.
Иймд холбогдох бичиг баримтыг судлан үзэж, Нийслэлийн БЗД-ийн 5 дугаар хороо, *давхрын 42,74 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны эрхийн зөрчилгүй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авч, өмчлөх эрхээ хуулийн дагуу баталгаажуулж, хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч “Г” ХХК хариу тайлбартаа: “Манай компани “Ус сувгийн удирдах газар”-ын захиалгаар Баянзүрх дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт 180 айлын орон сууцны барилга угсралтын ажлыг гүйцэтгэн, 2017 онд байнгын ашиглалтад хүлээлгэж өгсөн билээ.
Энэхүү 71А тоот орон сууцны барилгаас Р.Л нь 10 дугаар давхарт, 143 тоот, 42,70 м.кв талбайтай 1 өрөө орон сууц захиалгын 2015/8-18 тоот гэрээг 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр “Г” ХХК-тай байгуулж, гэрээнд дурдсан 59,836,000 төгрөгийн төлбөрийг хэсэгчилсэн байдлаар бүрэн төлж дуусгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаа болно.” гэжээ.
3. Нэхэмжлэгчээс Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-3/, Орон сууц захиалан бариулах гэрээ /хх5-7/, “Г” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-8/, Харуул хамгаалалтын компанид төлбөл зохих ажлын хөлсийг хариуцан төлөх тухай хэлцэл /хх-9/, Р.Лгийн дансны хуулга /хх10-17/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх18-19, 20-23/, “Г” ХХК-ийн хүсэлт /хх24-25/, Харуул хамгаалалтын гэрээ /хх26-31/, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай шүүгчийн захирамж /хх32-34/,
Хариуцагчаас Итгэмжлэл /хх-38/, Хариу тайлбар /хх-44/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Нэхэмжлэгчийн хүсэлтээр Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт /хх56-58/, Эрхийн улсын бүртгэлийн мэдүүлэг /хх59-61/, Зээлийн гэрээ /хх63-68, 92-97/, Ипотекийн гэрээ /хх69-76, 81-83, 98-102/, Давхар барьцаа бүртгүүлэх тухай /хх-77, 91/, Эрх олгох тухай /хх-78, 90/, Батлан даалтын гэрээ /хх79-80/ зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Р.Л дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “Р.Л нь “Г” ХХК-д холбогдуулан 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2015/8-18 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-ний дагуу Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, тоот, 42,74 м.кв талбайтай 1 өрөө орон сууцны төлбөрийг 100 хувь төлсөн тул гэрээнд зааснаар хариуцагчаас гэрчилгээг гаргуулахыг даалгах, өмчлөгчөөр тогтоож өгнө үү.” гэжээ.
3. Хариуцагч “Г” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр тайлбарласан. Үүнд: “Р.Л нь 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2015/8-18 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г “Г” ХХК-тай байгуулж, гэрээнд дурдсан 59,836,000 төгрөгийн төлбөрийг хэсэгчилсэн байдлаар бүрэн төлж дуусгасан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.” гэжээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
5. Р.Л болон “Г” ХХК-ийн хооронд 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 2015/8-18 тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулж, Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, тоот, 42,74 м.кв талбайтай 1 өрөө сууцыг захиалж, 59,836,000 төгрөгийг төлөхөөр тохирчээ. /хх5-7/
5.1 Р.Л нь орон сууцны үнэ 59,836,000 төгрөгийг бүрэн төлсөн нь 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 2016/28 тоот Харуул хамгаалалтын компанид төлбөл зохих ажлын хөлсийг хариуцан төлөх тухай хэлцэл, Р.Лгийн Хаан банк ХК-ийн дансны хуулга, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, “Г” ХХК-ийн Баянзүрх дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст гаргасан хүсэлт, 2015 оны 11 дүгээр 06-ны 20151106 тоот Харуул хамгаалалтын тухай гэрээ, 2016 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 20151106-1 тоот Харуул хамгаалалтын тухай гэрээний нэмэлт гэрээ, 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 2017/01/05 тоот, 2017 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 2017/03/05 тоот, 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн Харуул хамгаалалтын тухай гэрээний нэмэлт гэрээнүүд, Худалдаа хөгжлийн банкны баримт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдсон, байрыг хүлээн авсан, төлбөрийг төлсөн талаар талууд маргаагүй.
6. Орон сууц захиалгаар бариулах гэрээ нь талуудын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр хэлцэл байна.
7. Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, байрыг “У” НҮТББ-ын захиалгаар “Г” ХХК барьсан ба 2017 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 2017/53 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссийн актаар хүлээн авч ашиглалтад хүлээлгэн өгчээ. /хх56-58/
8. Орон сууц захиалгаар бариулах гэрээний 4.1.4-т Захиалагчийн захиалсан орон сууцыг гэрээний хугацааны турш гуравдагч этгээдэд худалдахгүй, түрээслэхгүй, барьцаалахгүй байх үүрэгтэй бөгөөд барилга баригдаж дуссаны дараа үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийн ажиллагаанд тусалж, холбогдох бичиг баримтыг саадгүй гаргаж өгөх үүргийг “Г” ХХК хүлээсэн боловч орон сууцыг бүхэлд нь зээлийн барьцаанд тавьжээ.
8.1 “У” НҮТББ-ын удирдах зөвлөлийн тогтоолоор улсын бүртгэлийн Ү-2204077593 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, тоот хаягт байршилтай нийт 15.500 м.кв талбайтай орон сууц, авто зогсоолын зориулалттай, 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг тус барилгын гүйцэтгэгч “Г” ХХК-д зээлийн барьцаанд барьцаалж, Ипотекийн гэрээ байгуулахыг зөвшөөрч эрх олгосон үйл баримт тогтоогдож байна. /хх-78, 90/
8.2 Нэхэмжлэгч нь гэрээний дагуу орон сууцны үнийг төлж байхад “Г” ХХК нь уг орон сууцыг Голомт банктай байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ8115100450, 2016 оны 8 дугаар сарын 04-ний өдрийн ЗГ8115100811 тоот зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан, энэ талаар худалдан авагч Р.Лд мэдэгдээгүй нь гэрээний 4.1.4-т заасан нөхцөл, Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж заасан зохицуулалтыг зөрчсөн байна.
8.3 Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.9-д барьцааны гэрээнд “барьцааны зүйлтэй холбоотой гуравдагч этгээдийн эд хөрөнгийн эрх”-ийг тусгана гэж заасан, барьцааны гэрээнд хуулийн энэ заалтыг зөрчсөн байх боловч гэрээний уг нөхцөлд хамааралтай болохоос барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдлыг хөндөхгүй.
8.4 Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.” гэж заасан. Зүй нь худалдах-худалдан авах гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх эсвэл урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн бол нэхэмжлэгч Р.Л өмчлөх эрхээ хамгаалах боломжтой байсан ба ийнхүү бүртгүүлээгүйгээс орон сууцыг барьцаалсан, харин нэхэмжлэгч нь орон сууцны үнийг төлсөн байхад хариуцагч “Г” ХХК барьцаанаас чөлөөлүүлэх талаар арга хэмжээ аваагүй байна.
9. Нэхэмжлэгч нь орон сууцны үнийг төлснөөр өмчлөх эрх үүссэн байх ба харин улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөгч болно. Энэхүү өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг гэдэгт тухайн барилгын гүйцэтгэгч байгууллагаас тодорхойлсон эрхийн болон төлбөрийн зөрчилгүй талаарх хүсэлт, мэдээллийг хамааруулах бөгөөд гэрчилгээг авахад шаардлагатай нотлох баримтуудыг хариуцагч гаргаж өгөх үүрэгтэй.
10. Иймд Р.Лг Баянзүрх дүүргийн *тоот 1 өрөө сууцыг өмчлөх эрх үүссэн болохыг тогтоож, гэрээний 4.1.4-т заасан үүргээ гүйцэтгэхийг хариуцагчид даалгах нь хуульд нийцнэ.
11. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 457,500 төгрөг төлсөн бөгөөд нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс төлсөн 457,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 457,500 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан Х овогт Р Л нь Баянзүрх дүүргийн *тоот, 42,74 м.кв талбай бүхий 1 өрөө сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг хариуцагч “Г” ХХК-д даалгасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 457,500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 457,500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ