| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адъяахүүгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 102/2023/05864/И |
| Дугаар | 102/ШШ2024/01427 |
| Огноо | 2024-03-21 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 102/ШШ2024/01427
2024 оны 03 сарын 21 өдөр Дугаар 102/ШШ2024/01427 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Баянгол дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол, дугаар байрны тоот хаягт оршин суух, ******* овогт**************,
Хариуцагч: Баянгол дүүргийн дугаар хороо, Энгельс гудамж, өөрийн байранд байрлах “..”*******,
Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны болон ажиллаж байх хугацаандаа дутуу авсан цалинд нийт 6,511,983 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж бичилт хийхийг хариуцагчид даалгах, А/21/06 тоот тушаалыг хүчингүй болгох тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Отгончимэг оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Намуун хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Нэхэмжлэгч шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2021 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хариуцагч компанид нягтлан бодогчоор ажилд орсон. Ажилд орсон өдрөөсөө компанийн 2020 оны санхүүгийн бичиг баримтуудыг цэгцэлж, сар сараар нь ангилж банкны хуулгуудыг шилжүүлгүүдтэй нь хэвлэж, нааж цэгцлэх, өдөр тутмын гүйлгээнүүдийг хийх, аж ахуйн нэгжүүдийн болон татвар нийгмийн даатгалын тайлангуудыг хуулийн дагуу цаг хугацаанд нь тайлагнаж нягтлан бодогч хүний хийх ёстой ажлыг ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу хийж гүйцэтгэж ирсэн. Хариуцагч компанийн хувьд санхүүгийн доголдол дутагдал их байсан. Энэ талаар захирал*******, түүний эхнэр******* нарт хэлж зөвлөж ирсэн. Хуулийн дагуу эхнээс нь санхүүгийн И-баримтад баримтыг нь шивж бүртгэлжүүлж ирсэн. Мөн хувь, хувьсгалын юмыг хольж болохгүй талаар хэлж байсан. Хууль дүрмийг биелүүлдэггүй, хэлэхээр уурладаг. Гэтэл******* гэх хүүхэн хуульчаар орж ирээд ажилчдыг халж солих, удирдлагуудад худал үнэн мэдээллээр хангах зэрэг дураараа аашилж ирсэн. Би гэртээ эксел файл дээр ажлаа цэгцэлж, данснуудаа шалгаж дуусаад ирэхэд намайг өрөөнд маань оруулалгүй ажлаас халсан гээд Мандах гэх залууд ажлаа өгөхийг шаардсан. Мөн компанийн захирлын эхнэр******* намайг сандал дээр суухад “наанаа битгий суу, бос, зайл” гэж загнасан. Намайг гарах гэтэл Мандах гэх шинээр орж байгаа нягтлан гэх залуутай хаалгаа түгжээд “чи зөв тайлан гаргасан уу? энэ авгайг зайлуул” гэж хэл амаар доромжилж эхэлсэн. Миний бие хийсэн ажлаа байгууллагын албан ёсны имэйл хаяг руу болон шинэ нягтлан Мандах руу явуулсан. Ингээд ажлаасаа гарсан, намайг үндэслэлгүй ажлаас халсан. Хөдөлмөрийн хуулинд ажилтныг ажлаас халах бол 30 хоногийн өмнө мэдэгдэх ёстой. Гэтэл надад мэдэгдээгүй ажлаас халсан. Миний бие энэ талаар Баянгол дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан ба шүүхийн шийдвэрийг хариуцагч тал эс зөвшөөрч Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, улмаар тус шүүхээс шийдвэрийг хэрэгсэхгүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцаасан бөгөөд анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхээс ирсэн хэргийг 30 хоногийн дотор хянан хэлэлцэх ёстой байтал хугацаа алдаж, 2023 оны 6 дугаар сард хурлыг товлож зарласан. Миний итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Отгончимэг нь очиж байгаа талаар шүүхэд хэлсээр байтал нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж ирээгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг буцаасан байсан. 2023 оны 8 дугаар сард нэхэмжлэлийг дахин гаргахад холбогдох баримт бичгийг архивт шилжүүлсэн байсан ба шүүгчийн туслах нь шүүгч архиваас татуулчих гэсэн гээд өгөөгүй. Мөн шүүгч нь 2023 оны 9 дүгээр сарын 27-ны 102/ШЗ2023/15110 тоот нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан захирамжиндаа шүүгчийн захирамжид гомдол гаргаж байгаа эсэх нь тодорхойгүй гэж дурдсан байгаа нь ойлгомжгүй гэжээ. Би шүүхэд гомдсон гомдлоо л нэг үгээр тайлбарласан болохоос шүүгчийн захирамжид гомдол гаргаагүй. Архивт шилжүүлсэн баримтаа л шүүхийн журмаар гаргуулъя гэсэн. Өнөөдрийг болтол шийдвэрлэж өгөөгүйд гомдолтой байгаа тул дахин нэхэмжлэл гаргаж байна. Хуульд заасны дагуу шийдвэрлэж өгнө үү...гэжээ.
1.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Отгончимэг нэхэмжлэлийг дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: хуучин Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэг, шинэ Хөдөлмөрийн тухай хуулийн 81 дүгээр 81.4 дэх хэсэгт зааснаар сахилгын зөрчил гаргасан гэж ажлаас халсан байдаг. Гэтэл сахилгын зөрчил буюу давтан зөрчлийг Улсын дээд шүүхийн 2006 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 33 дугаар тогтоолын 15.4 дэх хэсэгт тайлбарласнаар ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан гэдэгт хөдөлмөрийн сахилгын зөрчлийг 2 буюу түүнээс дээш удаа гаргасан байхыг ойлгоно. Зөрчил тус бүрд тусдаа тогтоосон байх шаардлагагүй боловч тус бүрд нь сахилгын шийтгэл заавал ногдуулсан байхыг шаардахгүй. Давтан гаргасан зөрчлүүдийн хоорондох хугацаа өмнөх зөрчилдөө сахилгын шийтгэл хүлээсэн бол 1 жил, хүлээгээгүй бол 6 сараас хэтрээгүй байна гэж тусгасан байдаг. Хариуцагч талаас ноцтой зөрчил гаргасан, ажил тасалсан гэдгийг нотолж чаддаггүй. Мөн Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолын 15.4.2-т ноцтой зөрчил гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг бий болгосон бол уг ажилтныг Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгон Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт зааснаар ажлаас чөлөөлөх ёстой. Гэтэл хариуцагч тал үүний дагуу чөлөөлөөгүй. Ажилтныг ажлаас чөлөөлөх бол 30 хоногийн өмнө мэдэгдэх үүргээ биелүүлээгүй. Мөн Г.Сансарчимэг нь албан ёсоор захирлаар томилогдоогүй байхдаа буюу 8 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэгчийг ажлаас халах тушаал гаргасан зэрэг зөрчлүүд байна. Нэхэмжлэгч санхүүгийн хүн учир хоног тутамд нь дутуу олгосон цалингаа сар сараар нь тодорхой тусгаж өгсөн байгаа. Жишээлбэл, алдангийн тооцоог 3 сард гэхэд 1 хоногийн зөрүү, Хөдөлмөрийн тухай хуульд заасан 0.3 хувиараа бодож 1,836 төгрөг гэх мэтчилэн тооцоод 2,011,983 төгрөг болсон. Эдгээр гаргаж байгаа шаардлагууд нь хуульд заасан үндэслэлтэй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү. Нэхэмжлэлийг буцаасан захирамжийг 8 дугаар сард хүлээж аваад тэр дор нь 8 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлээ дахин гаргасан. Хөөн хэлэлцэх хугацаа алдаагүй гэж бодож байна. Хуульд заасан гомдол гаргах 30 хоногийн хугацаанд нь нэхэмжлэгчын хүү нас барсан. Тэр баримтаа гаргаж өгнө гэж байсан. Одоо хараагүй аавыгаа асраад хөдөө байгаа гэсэн...гэв.
2. Хариуцагч “..”*******-иас нэхэмжлэлд бичгээр хариу тайлбар гаргаагүй байна.
3. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор: “..”*******-ийн захирлын 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/21/06 дугаар тушаалын хуулбар /хх-3/, 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/005 дугаар “Ажилд авах тухай” тушаалын хуулбар /хх-4/, цалингийн авлагын тооцоо бүхий хүснэгт /хх-5/, тус шүүхийн шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 10865 дугаар “Нэхэмжлэлийг буцаах тухай” захирамжийн хуулбар /хх-6/, шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 15110 дугаар “Нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай” захирамжийн эх хувь /хх-7/, тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 03527 дугаар шийдвэр /хх-8-10/, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 00469 дугаар магадлалын эх хувь /хх-11-12/, төлөөлөгчид олгосон итгэмжлэл /хх-13/ зэргийг нотлох баримтаар гаргасан байна.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Шүүхын “..”*******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч “..”*******-д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны болон ажиллаж байх хугацаандаа дутуу авсан цалинд нийт 6,511,983 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж бичилт хийхийг хариуцагчид даалгах, А/21/06 тоот тушаалыг хүчингүй болгох зэрэг нэхэмжлэлийн шаардлагыг 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр гаргажээ.
3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг 2024 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр гардаж авсан боловч шүүхээс тогтоосон хугацаанд хариу тайлбараа бичгээр гаргаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж, мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.
4. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбараар дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:
4.1. Нэхэмжлэгч нь хариуцагч “..”*******-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн А/005 дугаар тушаалаар мөн өдрөөс эхлэн тус компанийн нягтлан бодогчоор ажиллахаар томилогдож, мөн компанийн захирал Г.Сансарчимэгийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/21/06 дугаар тушаалаартай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасныг үндэслэн нягтлан бодогчийн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
4.2. дээрх ажил олгогчийн шийдвэрийг эс зөвшөөрч Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 03527 дугаар шийдвэрээр хариуцагч “..”*******-ийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн А/21/06 дугаар тушаалыг хүчингүй болгож, тус компанийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинд хариуцагчаас 2,725,608 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 3,205,196 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
4.3. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын дагуу 03527 дугаар шийдвэрийг Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хянаад, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 00469 дүгээр магадлалаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасан байна.
4.4. Тус шүүх давж заалдах шатны шүүхээс хэргийг хүлээн авч, 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хэргийг хянан шийдвэрлэхээр товлон зарласан шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж ирээгүйн улмаас шүүгчийн 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 10865 дугаар захирамжаарын “..”*******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг буцаасан байна.
4.5. Нэхэмжлэгч 2023 оны 8 дугаар сарын 31-ний өдөр дахин нэхэмжлэл гаргасныг шүүгчийн 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 15110 дугаар захирамжаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11 дэх хэсэгт зааснаар хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгч шүүгчийн захирамжид заасан зөрчлийг арилгаснаар 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасныг хүлээн авч, нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байна.
5. Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж, мөн зүйлийн 129.3 дахь хэсэгт “Энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж тус тус гомдлын шаардлага гаргах хугацааг нарийвчлан зохицуулсан.
6. Хэдийгээр нэхэмжлэгч нь хариуцагчийн гаргасан ажлаас чөлөөлөх тухай шийдвэрийг гардаж аваагүй боловч ажлаас чөлөөлөгдсөн болохоо мэдэж байсан, улмаар шүүхэд гомдол гаргаж хянан шийдвэрлүүлсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2023 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн нэхэмжлэлийг буцаах тухай шүүгчийн захирамжаар дууссан байна.
7. Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2 дахь хэсэгт “Шүүхэд нэхэмжлэл гаргасан бол хөөн хэлэлцэх хугацааны тасалдал нь шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болох, эсхүл хэрэг шийдвэрлэх ажиллагаа бусад хэлбэрээр дуусгавар болох хүртэл үргэлжилнэ” гэж заасны дагуу нэхэмжлэлийг буцаах хүртэл гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааны тасалдал үргэлжилж, мөн зүйлийн 79.7 дахь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно.
8. Нэхэмжлэлийг буцаасан шүүгчийн захирамжийг гардаж авснаас хойш шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарласан ба тийнхүү гардаж авсан гэж үзвэл уг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамж гарсан 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс хойш 2 сарын дараа буюу 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр дахин нэхэмжлэл гаргасан байгаа нь хуульд заасан гомдлын шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэхээр байна.
9. Нэхэмжлэгч талын зүгээс хөөн хэлэлцэх хугацааг тодорхой хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хэтрүүлсэн талаар баримт, хүсэлт гаргаагүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт зааснаар шүүх санаачлагаараа сэргээх үндэслэлгүй юм. Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчын “..”*******-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
10. Энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх нэхэмжлэл учир нэхэмжлэгч Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай /1999 оны/ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “..”*******-д холбогдуулан гаргасан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны болон ажиллаж байх хугацаандаа дутуу авсан цалинд нийт 6,511,983 төгрөг гаргуулах, ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлж бичилт хийхийг хариуцагчид даалгах, А/21/06 тоот тушаалыг хүчингүй болгох тухай нэхэмжлэгчын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.САРАНТУЯА