Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 184/ШШ2024/00488

 

 

 

 

 

 

    2024           01            22                                       184/ШШ2024/00488

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж хийсэн шүүх хуралдаанаар:

            Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, 24 хороо, Баянхайрхан 3 гудамж, 21 тоот хаягт оршин суух, Тамба овогт *******гийн ******* /РД: 12/

            Хариуцагч:  Сонгинохайрхан дүүрэг, 29 хороо, 1 хороолол, 22 байр, 100 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Магванжавын ******* /РД: 01/

            45 810 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Н.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Золзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Одбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Б.Баяржаргал, гэрч Я.*******, Н.*******, нарийн бичгийн дарга Б.Дашмаа нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1.Нэхэмжлэгч Н.******* нь хариуцагч М.*******д холбогдуулан 45 810 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж, үндэслэл, шаардлагаа дараах байдлаар тодорхойлсон. Үүнд: Миний бие 2023 оны 06 сарын 25-ны өдөр Авто тээврийн товчоонд байрлах техникийн захаас Делика Д-5 маркийн 2012 онд үйлдвэрлэсэн, 2022 оны 11 сарын 26-нд Монгол Улсад орж ирсэн машиныг хариуцагч М.*******аас худалдан авсан. Тус машиныг худалдан авах үед хариуцагч М.******* болон Н.******* нар байсан ба би хүүтэйгээ 2-3 удаа очиж үзэж худалдан авсан. Машиныг анх авах үед шинэ сайхан машин байсан бөгөөд хариуцагч М.******* ч “та авсан байхад 5-6 жилдээ алзахгүй, эвдрэл, гэмтэл, ямар нэгэн асуудалгүй машин” гэж хэлсэн. Машинаа аваад 2023 оны 07 сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 100 жилийн ойд очихоор явсан. Гэтэл 2023 оны 07 сарын 10-ны өглөө Солонготын даваа гэх газар машин эвдэрч, хээр 10 гаран хоног болсон, хот руу сэлбэг захисан боловч олдоогүй. Машины доод эд анги зэвэнд идэгдэж цоорсон байсан. Сумын төвөөс 3-4 хүн гуйж хэдэн өдөр нааш, цааш явж гагнуур, таслагч олж машиныг засах бүх арга хэмжээг авсан. Хөгшин хүн надад сэтгэл санааны болон эд материалын хохирол маш их гарсан. 2023 оны 07 сарын 27-ны өдөр хот руу орж ирээд машин зарсан хүнтэй ярьж үнэн учрыг хэлэхэд засаад өгнө, буцааж авахгүй гэсэн. Цаашид машин явах боломжгүй, доод эд анги нь бүгд зэвэнд идэгдэж цоорсон нь оношилгоогоор бүрэн тогтоогдсон. Доогуур нь хар будгаар будаж далдалсан байсан. Би уг машиныг аялал жуулчлалын тээвэрт явж, банк бус санхүүгийн байгууллагын зээлээ дарах зорилгоор авсан. ББСБ-д сард 1 160 000 төгрөг төлдөг, одоогоор 2 сар төлөөгүй байна. Иймд М.*******аас машины үнэ 41 000 000 төгрөг, ББСБ-ын 2 сарын хүү 2 320 000 төгрөг, 4 ширхэг дугуй 550 000 төгрөг, 4 ширхэг обуд 725 000 төгрөг, машины хойд тэвш 250 000 төгрөг, оношилгоо 65 000 төгрөг, Хөвсгөл аймгийн Жаргалант сум руу явсан зардал 40 000 төгрөг, хээр ажилласан хүмүүсийн хөлс, задлах, угсрах ажил, машины бензин, сум руу 6 рейс явсан зардал 500 000 төгрөг, Их тамираас 2 ширхэг дугуй авсан төлбөр 280 000 төгрөг, нотариатын зардал 80 000 төгрөг, нийт 45 810 000 төгрөгийг М.*******аас гаргуулж өгнө үү гэв.

2.Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие нь 2023 оны 06 сарын 25-ны өдөр Н.*******д 2012 онд үйлдвэрлэсэн Mitsubishi Delica D5 маркийн автомашиныг банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан зарсан. Худалдаж авагч нь хүү болон бусад хүмүүсийн хамт бүтэн 7 хоногийн турш ирж, машинаа үзэж шалгаж, Японд байх үеийн зураг, гүйлт, бодит зураг мөн Монголын гааль дээр буусан зураг, байцаагчийн дүгнэлт зэргийг үзэж шалгаад харилцан тохиролцсоны үндсэн дээр худалдаж авсан. Гэвч 1 сарын турш машинаа унаж эдэлж хэрэглэснийхээ дараа хойд тэнхлэг эвдэрсэн гээд ирсэн. Бид 1 сарын дотор машинаа яаж эдэлж хэрэглэснийг мэдэхгүй, уг машин нь 0 гүйлттэй машин биш Япон улсад 11 жил хэрэглэж байсан. Бид 7 жилийн хугацаанд машин худалдан борлуулж байхад ийм асуудал гарч байгаагүй. Япон улсаас жилд 5 000-30 000 км явсан, 30 000 хуучин тээврийн хэрэгсэл Монгол улсад орж ирдэг. Эдгээр хуучин машинуудад Япон улс болон машин зарж байгаа ченж нар ямар нэгэн баталгаа өгдөггүй. Харин шинэ машинд үйлдвэрлэгч болон дилерүүд нь 5 000 км замын баталгаа өгдөг. Гаалийн бичигт эвдрэл гэмтэл, унасан, тасарсан, сэв зураас, будсан зэрэг асуудлыг тусгадаг, мөн И-Монголиа аппликэйшн дээр байрлах лавлагааг үзүүлж байсан. Нэхэмжлэгч нь Делика Д-5 маркийн машиныг бэлнээр авах боломжгүй учир банк бусаар худалдан авах санал тавьж “Транскапитал” ББСБ-аас зээл гаргуулж, худалдан авсан. ББСБ нь тухайн машиныг үзэж хараад биет байдлын доголдолгүй гэж үзээд машиныг барьцаалан зээл гаргаж өгдөг. Мөн тус тээврийн хэрэгсэл нь тээврийн хэрэгслийн оношилгоод орж тэнцсэн. Гэтэл нэхэмжлэгч 3000 км зам явсны дараагаар машинаа буцаана гэдэг нь тухайн үеийн сэтгэл хөдлөл, санхүүгийн тооцооллоо зөв хийгээгүйн улмаас банк бусын төлөлтөө хийж чадахгүй болонгуутаа машиныг солих шаардлага гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Бид худалдан авагч Н.*******т тус машиныг заавал ав гэж шахаж албадаагүй, иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв. 

            3.Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлүүлэх хүсэлт, хорооны засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, Хөдөлмөр эрхлэлт, халамжийн асуудал хариуцсан мэргэжилтний тодорхойлолт, тэтгэврийн нэмэлт зээлийн өргөдөл, зарлагын баримт, 2023 оны 06 сарын 16-ны өдрийн ******* дугаар зээлийн гэрээ, 2023 оны 06 сарын 25-ны өдрийн ******* дугаар худалдах, худалдан авах гэрээ, 2023 оны 06 сарын 26-ны өдрийн зээлийн гэрээ, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ, хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын даатгуулагчийн гэрээний мэдүүлгийн маягт, тээврийн хэрэгслийн даатгал, гэнэтийн ослын даатгалын гэрээ, жолоочийн суудлын гэнэтийн ослын даатгалын гэрээ, 2023 оны 08 сарын 09-ний өдрийн бэлэн мөнгөний орлогын баримт, “Ино марк мастер” газрын дүгнэлт, гэрэл зураг, Mitsubishi Delica D5 маркийн автомашины гэрчилгээний хуулбар, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 100 жилий урилга, гэрэл зураг, зээлийн дансны хуулга /хэргийн 2-26, 33-38, 56, 64-69, 128, тал/,

            4.Хариуцагч нь итгэмжлэл, хариу тайлбар, 2023 оны 06 сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, гэрэл зураг, Гаалийн хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хэргийн 42-52 тал/

5.Шүүхийн журмаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн дүгнэлт, Авто тээврийн үндэсний төвийн 2023 оны 12 сарын 27-ны өдрийн албан бичиг, тээврийн хэрэгслийн бүртгэлийн маягт, “Бодь даатгал” ХК-ийн 2024 оны 01 сарын 04-ний өдрийн 01/007 дугаар албан бичиг /хэргийн 76-104, 126-127, 133-137 тал/ тус тус бүрдүүлсэн.

ҮНДЭСЛЭХ нь:

            Н.*******ын нэхэмжлэлтэй хариуцагч М.*******д холбогдох 45 810 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгох үндэстэй.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлээ дэмжиж: тухайн автомашиныг худалдан авахдаа үзэж, шалгахад ямар нэг эвдрэл, гэмтэл, сэвгүй, машины доод эд ангийг хар будгаар будсан байсан, авснаас хойш 14 хоногийн дараа хөдөө орон нутагт явж байтал гэнэт эвдэрч, хойд тэвш зэвэрсэн хэсгээрээ тасарч, түүний улмаас хойд 2 дугуй шалчийсан. Үзлэг, оношилгоонд оруулахад доод эд анги бүхэлдээ зэвэрсэн, доголдолтой байсан тул мөнгөө буцааж, гарсан зардал, хохирлоо төлүүлнэ гэж,

            Хариуцагч татгалзлаа дэмжиж: нэхэмжлэгч нь тухайн автомашиныг худалдан авахдаа хэдэн өдрийн турш хүмүүстэй хамт үзэж, шалгаж, бичиг баримттай нь танилцаж авсан, автомашиныг үзлэг, оношилгоонд хамруулахад эвдрэл гэмтэл илрээгүй, доод эд ангийг бид будах боломжгүй, цаанаасаа ирэхдээ будагтай ирсэн, машины зээлээ төлж чадахгүй болохоороо буцаахаар шаардаж байгаа нь үндэслэлгүй гэж тус тус тайлбарлажээ.

            Шүүх  хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

            1.Худалдагч М.*******, худалдан авагч Н.******* нар 2023 оны 06 сарын 25-ны өдөр 2012 онд үйлдвэрлэж, 2022 онд Монгол Улсад орж ирсэн Mitsubishi Delica D5 загварын тээврийн хэрэгслийг 41 000 000 төгрөгөөр худалдаж, худалдан авахаар тохиролцож, урьдчилгаа 15 500 000 төгрөгийг төлж, үлдэх төлбөрийг “Транскапитал ББСБ” ХХК-ийн зээлээр барагдуулах нөхцөлтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулжээ. /хэргийн 12 тал/   

            2.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, ... худалдан авагчийн өмчөлд шилжүүлэх ..., худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар талуудын хооронд хүчин төгөлдөр худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан.

            3.Нэхэмжлэгч нь Mitsubishi Delica D5 маркийн тээврийн хэрэгслийг орон нутгийн замд жолоодож явахад эвдрэл, гэмтэл учирсан талаар талууд маргаагүй, харин тухайн эд хөрөнгийг /тээврийн хэрэгсэл/ худалдах-худалдан авахад биет байдлын доголдол /эвдрэл, гэмтэл/ байсан эсэх тухай маргажээ.  

            4.Хэргийн 81-95 дугаар тал дахь ”Автотээврийн үндэний төв” Төрийн өмчит үйлдвэрийн газрын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2023 оны 11 сарын 30-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр Mitsubishi Delica D5 загварын, ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хэвтээ тэнцүүлэгчийн даравч байхгүй, зүүн баруун хойд хөндлөн богино татуургууд хугарч, гагнасан боолт суларсан, зүүн хойд татуурганы боолт зэвэрч суларсан, баруун хойд богино тэнцүүүлэгч мултарсан, зүүн ба баруун урд гарны втүлк резин үжирсэн, баруун ба зүүн хойд завин гарны втүлкнүүд зэвэнд идэгдэж, үжирч муудсан, тормосны аппаратууд доод хэсэг зэвэнд идэгдсэн, явах эд анги хойд хэсэг зэвэрсэн эвдрэл гэмтэлтэй гэж дүгнэсэн. 

            5.Нэхэмжлэгчийн “машины доод эд ангийг хар будгаар будсан”, хариуцагчийн төлөөлөгчийн “доод эд ангийг бид будах боломжгүй, цаанаасаа ирэхдээ будагтай ирсэн” гэх тайлбараар зохигчийн хэн аль нь биет байдлын доголдлын талаар мэдэх, илрүүлэх боломжгүй байжээ. Өөрөөр хэлбэл тухайн тээврийн хэрэгслийг импортоор оруулж ирэхээс өмнө доод эд анги зэвэнд идэгдэж, хар өнгөөр будсаныг хариуцагч, нэхэмжлэгч нар мэдэх боломжгүй байсан.

            6.Иргэний хуульд зааснаар тээврийн хэрэгслийн доод эд анги биет байдлын доголдолтой байсныг зургаан сарын дотор илрүүлсэн худалдан авагч нь гэрээг цуцлах шаардлага гаргах эрхтэй бөгөөд худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзлээ.

            7.Зохигчид тээврийн хэрэгслийн хойд тэвшийг 250 000 төгрөгөөр сольсон тухай маргаагүй тул тэвшний үнэ 250 000 төгрөг гаргуулах шаардлага үндэслэлтэй. Банк бус санхүүгийн байгууллагтай байгуулсан зээлийн гэрээний үүргийг нэхэмжлэгч өөрөө хариуцах тул зээлийн хүү 2 320 000 төгрөг гаргуулах шаардлага үндэслэлгүй. Түүнчлэн дугуйны үнэ 550 000 төгрөг, обудны үнэ 725 000 төгрөг, оношилгооны үнэ 65 000 төгрөг, шатахуун, засвар, тээврийн зардал 540 000 төгрөг, 2 ширхэг дугуйн үнэ 280 000 төгрөг гаргуулах шаардлага нь нэхэмжлэгчид шууд учирсан хохирол гэж үнэлэхэд эргэлзээтэй, нотлох баримт бүрэн бус,  нотариатын зардал 80 000 төгрөгийн шаардлагаа нэхэмжлэгч үндэслэл бүхий тайлбарлаагүй тул хангахаас татгалзах нь зүйтэй.     

            8.Иймд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.7, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар хариуцагч М.*******аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 41 250 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгож, үлдэх 4 560 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

            9.Нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 41 250 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 364 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын төсвийн орлогод, шинжээчийн зардал 88 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 254 дүгээр зүйлийн 254.7, 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар хариуцагч М.*******аас худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 41 250 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д олгож, үлдэх 4 560 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

            2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, 53 дугаар зүйлийн 53.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М.*******аас 364 200 төгрөг гаргуулан улсын төсвийн орлогод, 88 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.*******д тус тус олгосугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.ЭНХТӨР