| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2023/02329/И |
| Дугаар | 102/ШШ2024/01188 |
| Огноо | 2024-03-07 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 03 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2024/01188
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, тоотод оршин суух, Ц овогтой Т Дгийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянгол дүүрэг, тоотод оршин суух, Б овогт, Э Дад холбогдох,
Үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндсэн,
Орон сууны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ч, хариуцагч Э.Д, хариуцагчийн өмгөөлөгч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Т.Д нь хариуцагч Э.Дад холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:
1.1 “Миний бие Т.Д нь Э.Дтай орон сууц захиалан бариулах гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулж БГД-ийн 6-р хороо * тоот 52.89 м2 орон сууцыг 84,624,000 төгрөгөөр тооцон тохиролцож гэрээ байгуулан хариуцагч Э.Дыг байрандаа оруулсан. Хариуцагч Э.Дтай 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр дахин нэмэлт гэрээ байгуулж үлдэгдэл 36,124,000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 31-ны дотор төлж дуусгах, төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлах, байр чөлөөлөхөөр нэмэлт гэрээ байгуулсан. Мөн дахин 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр хариуцагч Э Д нь 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлбөрөө төлж дуусгахаа баталж бичиг бичиж гарын үсэг зурж баталгаажуулсан боловч бас л худал хэлж өнөөдрийг хүрсэн. Хариуцагч Э.Д нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул бидний 2 талын байгуулсан гэрээний дагуу тус байрны албан ёсны өмчлөгч Т.Д би гэрээг цуцалсан. Бидний 2 талын хийсэн нэмэлт гэрээний 4 дүгээрт зааснаар гэрээг цуцалбал байр суллаад дараа нь шүүхэд хандана, мөн баталгаа гаргасан тэмдэглэлийн 3 дугаарт төлбөр төлөөгүй бол гэрээг цуцлана гэсний дагуу цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.
Иймд хариуцагч Э.Даас Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өөрийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардаж нэхэмжлэл гаргаж байгаа тул шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
2. Хариуцагч Э.Д хариу тайлбартаа: “Миний бие Э.Д нь 2020 оны 02 сарын 23-ны өдөр Т.Дтай Баянгол дүүргийн 6 хороо, * тоот орон сууцыг 84,624,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулсан.
Т.Д бид хоёрын хооронд тус маргаан бүхий орон сууцтай холбоотой үлдэгдэл тооцоо байхгүй. Миний бие төлбөр тооцоог 100 хувь төлж барагдуулсан. Т.Д өнөөдрийг хүртэл тус орон сууцны гэрчилгээг миний нэр дээр шилжүүлж өгнө боловч шилжүүлж өгөхгүй байна. Энэ асуудлаар сөрөг нэхэмжлэл гаргана. Холбогдох баримтаа шүүхэд гаргаж өгнө. Миний бие нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд болгож өгнө үү.” гэж маргажээ.
3. Хариуцагч Э.Д нь нэхэмжлэгч Т.Дд холбогдуулан орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй гаргасан.
Хариуцагч Э.Д сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “Миний бие Э.Д нь 2020 оны 02 сарын 23-ны өдөр 18,000,000 төгрөгийг Т.Дгийн Хаан банкны тоот дансанд шилжүүлсэн. Мөн энэ өдөр * улсын дугаартай Приус 30 маркийн автомашиныг 10,500,000 төгрөгөөр тооцож Худалдах-худалдан авах гэрээ нотариат дээр байгуулан Т.Дгийн нэр дээр шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 56,124,000 төгрөгийг 2020 оны 8 дугаар сарын 31-нээс өмнө төлж барагдуулахаар тохиролцсон. 2020 оны 11 сарын 13-ны өдөр *улсын дугаартай Мерседс бенз Е350 маркийн автомашиныг 26,000,000 төгрөгөөр тооцож Т.Дгийн нэр дээр шилжүүлж өгсөн.
Мөн 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр 8913УБЭ улсын дугаартай Приус маркийн автомашиныг 10,500,000 төгрөгт тооцож Т.Дгийн нэр дээр шилжүүлж өгсөн. Үлдэгдэл 19,624,000 төгрөгийг 2020 оны 12 сарын 21-ны өдрөөс 2022 оны 05 сарын 31-ны өдрийг хүртэл 19,900,000 төгрөгийг би өөрийн Хаан банкны *тоот данснаас Т.Дгийн Хаан банкны *тоот дансанд шилжүүлсэн. Т.Д бид хоёрын хооронд тус маргаан бүхий орон сууцтай холбоотой үлдэгдэл төлбөр тооцоо байхгүй. Миний бие төлбөр тооцоог 100 хувь төлж барагдуулсан. Орон сууцны гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж авъя гэхэд Т.Д нь гэрчилгээ гарахгүй байна, хүлээж байгаарай гэсээр өнөөдрийг хүрсэн.
Иймд Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 6 хороо, тоот, 52,38 м.кв орон өмчлөх эрхийг Э.Д надад шилжүүлэхийг Т.Дд даалгаж өгнө үү.” гэж тайлбарласан.
4. Нэхэмжлэгч Т.Д шүүхэд сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар бичгээр ирүүлээгүй болно.
5. Нэхэмжлэгчээс Итгэмжлэл /хх-3/, Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-4/, Орон сууц захиалгаар бариулах гэрээ /хх-5/, нэмэлт гэрээ /хх-6/, Мэдэгдэл /хх7-8/, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /хх-9-10/, Газар эзэмших эрхийн гэрчилгээ /хх-11/ баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчаас Итгэмжлэл /хх-17/, хариу тайлбар /хх-18/, сөрөг нэхэмжлэл /хх-19/, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-23/, Худалдах-худалдан авах гэрээ /хх-24-25/, Худалдах-худалдан авах гэрээ /хх26-27/, Дансны хуулга /хх-28-38/, Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-134/, Баянгол дүүргийн 30 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, Тэлмүүн орд ХХК-ийн төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан /хх-144-145/, Хүн ам өрхийн бүртгэлийн дэвтэр /хх-146/, Төлбөр тооцооны дэлгэрэнгүй тайлан /хх-147-150/, Дансны хуулга /хх-199/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Хариуцагчийн хүсэлтээр Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтийн албан тоот /хх-47/, Авто тээврийн үндэстний төвийн лавлагаа /хх-50-54/, Авто тээврийн үндэстний төвийн лавлагаа /хх-71-132/, Хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-157-177/, Үзлэг хийсэн тэмдэглэл /хх-206-212/, гэрч Э.А мэдүүлэг /хх-214/ зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хангах эрх зүйн үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Т.Д дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Орон сууц захиалгаар бариулах гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулан хариуцагч Э.Дыг байрандаа оруулсан. 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр Э Д нь 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлбөрөө төлж дуусгахаар бичигт гарын үсэг зурж баталгаажуулсан боловч бас л худал хэлж өнөөдрийг хүрсэн, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өөрийн хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй.” гэж тайлбарласан.
3. Хариуцагч Э.Д нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “...2020 оны 02 сарын 23-ны өдөр Т.Дтай Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, тэр өдөртөө 18,000,000 төгрөгийг Т.Дгийн Хаан банкны *тоот дансанд шилжүүлсэн. Мөн энэ өдрөө * улсын дугаартай Приус 30 маркийн автомашиныг 10,500,000 төгрөгөөр тооцож Худалдах-худалдан авах гэрээг байгуулан Т.Дгийн нэр дээр шилжүүлж өгсөн. 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ байгуулаагүй. Т.Д бид хоёрын хооронд тус маргаан бүхий орон сууцтай холбоотой үлдэгдэл тооцоо байхгүй. Миний бие төлбөр тооцоог 100 хувь төлж барагдуулсан. Мэдэгдэл гэх бичигт 1, 2-т дугаарласан зүйлийг зөвшөөрч яг доор нь гарын үсэг зурсан ба 3, 4, 5 гэж заалт байгаагүй, нэхэмжлэгч нэмж бичсэн байна, энэ талаар тохиролцоогүй.” гэж маргажээ.
4. Хариуцагч Э.Д сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “...Миний бие төлбөр тооцоог 100 хувь төлж барагдуулсан. Орон сууцны гэрчилгээг нэр дээрээ шилжүүлж авъя гэхэд Т.Д нь гэрчилгээ гарахгүй байна, хүлээж байгаарай гэсээр өнөөдрийг хүрсэн. Иймд Баянгол дүүрэг, 6 хороо, тоот, 52,38 м.кв орон өмчлөх эрхийг Э.Д надад шилжүүлэхийг Т.Дд даалгаж өгнө үү” гэжээ.
5. Нэхэмжлэгч Т.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа “...Хариуцагч Э.Д гэрээний үүргээ биелүүлээгүй учраас гэрээг цуцалсан тул сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй.” гэж тайлбарласан.
6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
7. Нэхэмжлэгч Т.Д болон хариуцагч Э.Д нар 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр “Орон сууц захиалан бариулах гэрээ” байгуулж, гүйцэтгэгч Т.Д нь Баянгол дүүрэг, 6 хороо, тоот, 2 өрөө, 52,89 м.кв талбайтай орон сууцыг барьж, захиалагч Э.Д нь орон сууцны нийт төлбөр 84,624,000 төгрөгийг төлөхөөр талууд тохиролцжээ.
Зохигчид 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Нэмэлт гэрээ”-гээр үлдэгдэл 56,124,000 төгрөгийн 50 хувьд нь Приус 20 ба 30 маркийн машин, 50 хувь нь бэлэн мөнгөөр 2020 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс өмнө төлж дуусгахаар тохиролцсон. Мөн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Мэдэгдлээр “...үлдэгдэл 30,124,000 төгрөг дутуу байна, 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлбөрөө төлж дуусгахаар …” тохиролцсон байна. /хх-7/
8. Талууд “Орон сууц захиалан бариулах гэрээ”-г хэзээ байгуулсан, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн эсэх, уг үл хөдлөх хөрөнгийн үнэ төлөгдсөн эсэх, тухайн эд хөрөнгийн эзэмшил хууль ёсны эсэх нь маргааны зүйл байна. Харин гэрээний төлбөрт автомашин оролцуулсан талаар талууд маргаагүй.
9. Маргааны үйл баримтын талаар хариуцагч Э.Д “Орон сууц захиалан бариулах гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулаагүй, харин уг гэрээг 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байгуулсан” гэж,
Нэхэмжлэгч Т.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “Анхны гэрээг 2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан, дахин Нэмэлт гэрээг 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр байгуулагдсан ба Мэдэгдлийг 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр талууд тохиролцон гарын үсэг зурж баталгаажуулсан.” гэж харилцан зөрүүтэй тайлбар гарган мэтгэлцсэн.
10. Баянгол дүүрэг, 6 хорооны нутаг дэвсгэрт баригдсан дунд төлөвшилтэй ангиллын үйлчилгээтэй, 7 автомашины дулаан зогсоолтой, 26 айлын хүчин чадал бүхий үйлчилгээ, орон сууцны зориулалтай барилгыг Т.Дгийн захиалгаар барьсан байх ба уг барилгыг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 2019/112 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс хүлээн авч ашиглалтад хүлээлгэн өгчээ. /хх9-10/
2019 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний 2.1-т захиалагч тал энэхүү гэрээ хийсэн өдөр гэрээнд заасан орон сууцны нийт төлбөр 84,624,000 төгрөгөөс урьдчилгаанд 28,500,000 төгрөгийг гүйцэтгэгч талын Хаан банкин дахь *тоот төгрөгийн дансанд шилжүүлнэ гэж заажээ.
Дээрх гэрээний урьдчилгаанд, 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр талууд худалдах-худалдан авах гэрээг байгуулж, уг гэрээгээр Э.Даас Тоёота Приус маркийн * дугаартай суудлын автомашиныг 10,500,000 төгрөгөөр Т.Дд шилжүүлсэн, мөн өдөр нэхэмжлэгчийн Хаан банкин дахь *тоот төгрөгийн дансанд хариуцагчаас 18,000,000 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч маргаагүй. /хх-24, 199/
Үүнээс үзэхэд Үл хөдлөх эд хөрөнгө худалдаж байгаа гэрээний хувьд гэрээг бичгээр байгуулах нотариатчаар гэрчлүүлэх хэлбэрийн шаардлагыг Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д шаардсан ба зохигчид 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдөр “Орон сууц захиалан бариулах гэрээ” болон Нэмэлт гэрээг тус тус байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн үйл баримт тогтоогдсон, мөн хариуцагчийн энэ талаарх тайлбарыг нэхэмжлэгч баримтаар үгүйсгээгүй.
11. Талуудын хооронд байгуулагдсан Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж зааснаар худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.
Зохигчдын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.
12. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч нь өөрийн өмчлөлийн эд хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй. Хариуцагчийн эзэмшил хууль бус байх, нэхэмжлэгч маргаж буй эд хөрөнгийн өмчлөгч байх нь шаардах эрхийг хэрэгжүүлэх хуулийн урьдчилсан нөхцөлийг хуулиар тогтоосон байгаа.
Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх улсын бүртгэлд бүртгүүлснээр үүснэ.
Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно” гэж заасан, энэ нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрх аливаа хэлцлийн дагуу үүсэж, дуусгавар болохыг зохицуулсан.
Гэтэл Баянгол дүүрэг, 6 хороо, тоот хаягт байрлах орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь улсын бүртгэлд бүртгээгүй болох нь Баянгол дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсээс ирүүлсэн албан бичгээр тогтоогдож байх бөгөөд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчийг нэхэмжлэгч Т.Д гэх үйл баримт тогтоогдоогүй тул нэхэмжлэгч нь үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчийн хууль бус эзэмшлээс Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дах хэсэгт зааснаар шаардах эрхгүй байна.
Харин хуулийн уг зохицуулалтыг нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болгохын тулд шаардлага гаргаж буй тал тухайн эд хөрөнгийн өмчлөгч мөн болох нь, шаардлагыг хариуцах этгээд эд хөрөнгийг хууль бусаар эзэмшиж байгаа нь тус тус тогтоогдсон байх учиртай.
13. Түүнчлэн, нэхэмжлэгч нь 2020 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн “Нэмэлт гэрээ”-ний 3-т “Гэрээг цуцалбал байр суллаад дараа нь МУ-ын шүүхэд хандаж болно.” гэж зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй гэж тайлбарлаж байгаа боловч 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Мэдэгдлээр тогтоосон 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хариуцагчид гэрээнээс татгалзах тухайгаа Иргэний хуулийн 204 дүгээр зүйлийн 204.1, 204.2 дах хэсэгт зааснаар мэдэгдсэн болохоо нотлоогүй, мөн энэ талаар нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй болно.
14. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзэв.
15. Хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн тухайд:
Зохигчдын хооронд байгуулагдсан “Орон сууц захиалан бариулах гэрээ”-ний дагуу 2020 оны 02 сарын 23-ны өдөр хариуцагчаас 18,000,000 төгрөгийг дансаар, Тоёота Приус маркийн дугаартай автомашиныг 10,500,000 төгрөгөөр, мөн 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр Тоёота Приус маркийн дугаартай автомашиныг 10,500,000 төгрөгөөр, дансаар 19,965,570 төгрөгийг, Мерседес бенз маркийн УНХ дугаартай автомашиныг 26,000,000 төгрөгөөр тооцон нийт 84,965,570 төгрөгийг нэхэмжлэгч Т.Дд төлсөн болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, худалдах-худалдан авах гэрээ, Авто тээврийн Үндэсний төвийн лавлагаа, гэрчийн мэдүүлэг, цахим хаягт хийсэн үзлэгээр тогтоогдож байна. /хх-24, 26, 28-38, 50-52, 71-73, 199, 206-212, 214/
Хэргийн 74 дүгээр талд авагдсан Автотээврийн Үндэсний төвөөс ирүүлсэн баримтад Тоёота Приус маркийн *дугаартай автомашины дугаарыг *дугаараар сольсон байх ба дээрх автомашиныг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр нэхэмжлэгч Т.Дариймаагийн нэр дээр шилжүүлсэн болох нь тогтоогдож байна. Нэхэмжлэгчээс 2 ширхэг Приус маркийн автомашин болон Мерседес бенз маркийн автомашиныг хүлээн авсан талаар маргаагүй.
16. Нэхэмжлэгч гэрээгээр шилжүүлсэн зүйлээ буцаан авах шаардлагын үндэслэлийг гэрээнээс татгалзаж, үүргийн зөрчилтэй холбон тайлбарласан, хариуцагч төлбөрийн үүргийг ялимгүй зөрчсөн гэж үзэхээр байна.
Учир нь 1/.Гэрээнд эхний жилд 29,500,000 төгрөг, дараагийн жилд нь үлдэх 55,124,000 төгрөгөөс 44,500,000 төгрөг, дараагийн жилд 10,965,570 төгрөгийг тус тус бүрэн төлсөн бөгөөд эдгээрээс үзэхэд үүргийг ноцтой зөрчсөн гэж үзэхгүй.
17. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээ болон шинэ өмчлөгчийн өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх үүргээ нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 109 дүгээр зүйлийн 109.1., 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт заасан журмын дагуу биелүүлээгүй явдал нь хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Хариуцагч нь орон сууцны үнийг төлснөөр өмчлөх эрх үүссэн байх ба харин улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөгч болно. Энэхүү өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг гэдэгт тухайн барилгын гүйцэтгэгч байгууллагаас тодорхойлсон эрхийн болон төлбөрийн зөрчилгүй талаарх хүсэлт, мэдээллийг хамааруулах бөгөөд гэрчилгээг авахад шаардлагатай нотлох баримтуудыг нэхэмжлэгч гаргаж өгөх үүрэгтэй.
18. Иймд хариуцагч Э.Дад холбогдох орон сууцыг чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.
19. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжийг улсын орлого болгож, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 581,070 төгрөгөөс 70,200 төгрөгийг хэвээр үлдээж, үлдэх 510,870 төгрөгийг, нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг тус тус гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Э.Дад холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Т.Дгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Бурдууд овогт, Энхбилэгийн Д нь Баянгол дүүрэг, 6 хороо, тоот, 52,89 м.кв талбай бүхий 2 өрөө сууцыг өмчлөх эрхтэй болохыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг нэхэмжлэгч Т.Дд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 581,070 төгрөгөөс 70,200 төгрөгийг хэвээр үлдээж, үлдэх 510,870 төгрөгийг, нэхэмжлэгчээс 70,200 төгрөгийг тус тус гаргуулж хариуцагчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ