Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 102/ШШ2024/01426

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 21 өдөр                Дугаар 102/ШШ2024/01426                                Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн дүгээр хороо, Бага тойруу /15160/, Д.Сүхбаатарын талбай-9, өөрийн байранд байрлах****************************,

Хариуцагч: Баянгол дүүргийн дугаар хороо, дугаар хороолол,  дугаар байрны тоот хаягт байрлах, хуулийн этгээдийн регистртэй “*********************”*******,

Нэхэмжлэлийн шаардлага: 32,808,387 /гучин хоёр сая найман зуун найман мянга гурван зуун наян долоон/ төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: А.Эрдэнэбаяр оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Намуун хөтлөв.

Хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул хариуцагч талын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбаяр шүүхэд бичгээр гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:

            “*********************”******* нь 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 03/20 дугаар гэрээгээр****************************ны өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Жэм” барилгын 12 дугаар давхрын 1204 тоот 115 м.кв талбайг оффисын зориулалтаар түрээслэж байсан. Нэг м.кв талбайн түрээс 40,000 төгрөг ба сард 4,600,000 төгрөг төлөх үүргийг гэрээний 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар хүлээсэн. Мөн гэрээний 4.4-т түрээсийн төлбөрийг тогтоосон хэмжээгээр, тогтоосон хугацаанд тогтмол саадгүй төлөх үүрэг хүлээсэн, 5.7-д зааснаар түрээсийн төлбөрийг хугацаа хожимдуулвал төлбөрийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувиар бодож алданги ногдуулан үндсэн төлбөрийн хамт түрээслүүлэгч авна гэж заасныг тус тус үндэслэн 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацааны түрээсийн төлбөр 21,872,258 төгрөг, алданги 10,936,129 төгрөг, нийт 32,808,387 төгрөгийг хариуцагчаас шаардаж байна. Хариуцагч тухайн түрээсийн байранд ямар үйл ажиллагаа эрхэлж байсныг мэдэхгүй. Алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт нийцүүлэн шаардаж байгаа...гэв.

2. Хариуцагч “*********************”*******-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд болох 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд ирж нэхэмжлэлийн хувийг гардаж авсан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагад хариу тайлбар бичгээр гаргаагүй байна.

3. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ нотлохоор:****************************ны гэрчилгээ, дүрмийн хуулбар /хх-4, 6-26/, алдангийн тооцоолол /хх-27/, Байрны түрээсийн гэрээний хуулбар /хх-28-31/, Түрээслэгч аж ахуй нэгж, байгууллагын удирдах, хариуцлагатай ажилтны анкет /хх-32/ зэргийг нотлох баримтаар гаргасан.

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх****************************ны нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2.**************************** нэхэмжлэлийн үндэслэлээ: “гэрээний дагуу түрээсийн төлбөрт төлөгдөөгүй үлдсэн 21,872,258 төгрөгийг алдангийн хамт шаардана” гэж тодорхойлсон.

            3. Хариуцагч “*********************”******* нь нэхэмжлэлийн хувийг 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авсан боловч 14 хоногийн дотор нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, шүүх хуралдааны мэдэгдлийг хүлээн авсан боловч төлөөлөгч Г.Болормаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 77 дугаар зүйлийн 77.2, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч “*********************”******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэв.

            4. Хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудаар дараах үйл баримт тогтоогдлоо. Үүнд:

            4.1. Талууд 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр 03/20 тоот “Байрны түрээсийн гэрээ” байгуулж, гэрээгээр “*********************”******* нь****************************ны өмчлөлийн Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Энхтайваны өргөн чөлөө, баруун дөрвөн замд байрлах “Жем” барилгын 12 дугаар давхрын 1204 тоот оффисын зориулалттай 115 м.кв талбайг 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл 1 жилийн хугацаатай түрээслэх, сарын түрээс 4,600,000 төгрөг байхаар тохиролцож, гэрээнд түрээсийн төлбөрийн хугацаа хожимдуулвал төлбөрийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувиар бодож алданги тооцохоор тус тус харилцан тохиролцож, эрх бүхий этгээдүүд гэрээг баталгаажуулан байгуулжээ.  

            4.2. Гэрээний хугацаанд хариуцагч нийт 31,072,258 төгрөг төлөхөөс 9,200,000 төгрөгийг төлж, 21,872,258 төгрөгийг төлөөгүй байна.

            5. Талууд гэрээгээ “Байрны түрээсийн гэрээ” гэж нэрлэн, тухайн гэрээгээр нэхэмжлэгч нь өөрийн өмчлөлийн оффисын зориулалттай талбайг 1 жилийн хугацаагаар хариуцагчид ашиглуулахаар тохиролцсон байна.

6. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоор биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүрэг хүлээдэг. Мөн зүйлийн 318.2 дахь хэсэгт зааснаар түрээслэгч гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрх эдэлж, 318.3, 318.4 дэх хэсгүүдэд зааснаар энэ төрлийн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар тусгайлан хуульчилсан.

7. Талуудын байгуулсан гэрээний дагуу хариуцагч тал нэхэмжлэгчийн өмчлөлийн оффисын зориулалттай талбайг ашиглаж байсныг Иргэний хуулийн 318 дугаар зүйлд заасан Түрээсийн гэрээ гэж үзэхгүй, харин мөн хуулийн 287 дугаар зүйлд заасан Эд хөрөнгө хөлслөх гэрээний шинжийг агуулсан гэж үзэхээр байх тул шүүх талуудын хооронд хүчин төгөлдөр Эд хөрөнгө хөлслөх гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэв.

8. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт “Эд хөрөнгө хөлслөх гэрээгээр хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж хуульчилсан бөгөөд хариуцагч тал гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас дээрх хуульд зааснаар 21,872,258 төгрөгийг шаардах эрхтэй.

9. Талууд гэрээгээр алдангийн талаар тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дахь хэсэгт заасан шаардлага хангасан бөгөөд хариуцагч “*********************”******* нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч**************************** нь гэрээний 5.7 дахь хэсэгт “түрээслэгч түрээсийн төлбөрийн хугацаа хожимдуулвал төлбөрийн дүнгээс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувиар бодож алданги ногдуулан үндсэн төлбөрийн хамт түрээслүүлэгч авна” гэж заасны дагуу шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт нийцсэн байна.

10. Гэвч гэрээний 5.7 дахь хэсэгт заасны дагуу алдангийг тооцвол нийт 37,771,935 төгрөг болж, хариуцагчийн нийт гүйцэтгээгүй үнийн дүнгээс хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт “Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй” гэж заасны дагуу нийт гүйцэтгээгүй үүрэг болох 21,872,258 төгрөгийн 50 хувиас хэтрүүлэлгүй 10,936,129 төгрөг шаардсан нь хуульд нийцсэн байх тул нэхэмжлэлийн уг шаардлагыг мөн хангаж шийдвэрлэлээ.

            11. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 321,991 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 321,991 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 232 дугаар зүйлийн 232.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “*********************”*******-иас 32,808,387 /гучин хоёр сая найман зуун найман мянга гурван зуун наян долоон/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч****************************нд олгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 321,991 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 321,991 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА