Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 43

 

Капитал банкны эрх хүлээн авагчын  нэхэмжлэлтэй

                           иргэний хэргийн тухай

 

 

                                                                           

 

         Хэргийн индекс: 148/2018/00564/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                             Даргалагч:

                             Ерөнхий шүүгч                      Б.Батзориг

                             Шүүгчид                                Д.Буянжаргал

                                                                          Г.Давааренчин

 

                              Оролцогчид: 

                 Нэхэмжлэгчийн төлөөлөгч  М.Г

                                         Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцож,  Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 280 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч Батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор К банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй ЗБДсан, “ЦБХ” ХХК, Э.Ц нарт холбогдох “Зээлийн гэрээний үүрэг 150.390.02240 төгрөг гаргуулах”, ЦБХ ХХК-ны  сөрөг нэхэмжлэлтэй  “К банктай байгуулсан  2015 оны 08 сарын 17-ны өдрийн 53 тоот зээлийн болон барьцааны гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах” тухай шаардлага бүхий иргэний хэргийг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Нэхэмжлэгч К банк ХХК нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ЦБХ” ХХК, хамтран зээлдэгч Э.Ц нар нь 2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 53 тоот зээлийн барьцааны гэрээ байгуулж, 180,000,000 төгрөгийг 42 сарын хугацаатай, сарын 0,75 хувийн хүүтэй Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгох төслийн зээлийг ЗБД сангаар үндсэн зээлийг 50%-ийг даалган зээл авсан.  Зээлийн батлан даалтын сан  2015 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 53 тоот Батлан даалтын гэрээ байгуулсан. Мөн талуудын хооронд  үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож  хөдлөх болон үл хөдлөх нийт 5 хөрөнгийг  барьцаалан гэрээ байгуулж, гэрээг  хуулийн дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн.

            Зээлдэгч нар нь банктай байгуулсан эргэн төлөлтийн графикаа зөрчин 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хугацаа хэтэрсэн бөгөөд зээлдэгчид зээл төлөх мэдэгдлийг удаа дараа өгч байсан боловч удахгүй төлнө хэмээн явсаар өнөөдрийг хүрсэн. Зээлийн батлан даалтын сан тус зээлдэгч зээлээ төлөхгүй байгаа тул өөрийн  батлан даасан хэсгийг гэрээний дагуу  үүргээ биелүүлэх тухай албан тоотыг манайхаас  хүргүүлж байсан боловч ямар нэгэн хариу өгөөгүй. Тиймээс манай тал 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс хойш зах зээлийн хүү гэж 2 хувь руу шилжүүлж бодож энэ дүн болох 150.000.000 төгрөгийг нэхэмжилсэн байгаа.

Үндсэн зээл нь 124.344.551 төгрөг, зээлийн хүү нь 19.764.290.48 мөнгө, нэмэгдүүлсэн хүү 5.337.996,92 мөнгө нийт 149.446.838.40 мөнгө, улсын тэмдэгтийн хураамж болох 905.184 төгрөг, нотариатын зардал 38.000 төгрөг, бүгд 150.390.022,40 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

 

 Хаиуцагч “ЦБХ ХХК” болон  хариуцагч Э.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхэд гаргасан тайлбартаа:  Анх жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сан “ЦБХ” ХХК-д жижиг дунд үйдвэрлэлийг хөгжүүлэх сангаас зээл хүссэний дагуу 200.100.000 төгрөгийн зээл өгөхөөр дэмжигдсэн. Уг зээлийг аль нэг банкийг сонгож авах боломжтой гэх шийдвэрийг хүргүүлсэн байсан. Ингээд К банкаар дамжуулан авахаар болсон гэтэл К банк ХХК жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас ирүүлсэн мэдэгдэл, албан бичгийг өөрчилж  зээлийн хэмжээ, хугацааг өөрчилж зээлийг 180.000.000 төгрөг, хугацааг  5 жил биш 3 жил 6 сар болгосон.  Ингээд  жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх санд хандсан. Мөн дээр нь уг мөнгийг авахгүй бол төсөл хэрэгжихгүй байсан учраас аргагүй эрхэнд банкны зээлийн гэрээ шийдвэрт шахалтад орж уг 180.000.000 төгрөгийн зээлийг авсан. Аж үйлдвэрийн сайдийн 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 64 тоот тушаалаар батлагдсан журам интернэтэд нээлттэй байдаг. Уг нээлттэй журмаар хөнгөлттэй зээл нь 5 жилийн хугацаатай, нэхэмжлэгч тал 5 жил хүртэл гэж мушгиж тайлбарлаад байгаа юм.   Өөрөөр хэлбэл хариуцагч нар хэлцлийг   ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн гэж үздэг. Хариуцагч нар үндсэн зээл 180.000.000 төгрөгөөс 149.446.838.40 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй  гэж үзэж байна.  Яагаад гэвэл 180.000.000 төгрөг авсанаас үндсэн зээл 72.162.195 төгрөг, зээлийн хүү 43.971.679 төгрөг, нийт 116.132.674 төгрөгийг төлсөн байгаа. Ингээд 180.000.000 төгрөгөөс 116.132.674 төгрөгийг хасаж өгвөл үндсэндээ 64.132.674 төгрөгийг төлөх саналтай байгаа. Гэхдээ хариуцагч нарын зүгээс 64.132.674 төгрөгийг төлөх биш нийт нэхэмжилж байгаа үнийн дүнгийн 50 хувь болох 74.500.000 төгрөгийг төлөхөд бэлэн байна гэсэн саналыг тавьсан гэжээ.

 

Хариуцагч ЗБД сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхэд гаргасан  тайлбартаа:   Нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг манай талаас хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь зээлийн батлан даалтын сантай хийсэн гэрээгээр К банк ХХК, ЦБХ ХХК-тай хамтарсан гэрээ дотор 1.6-д зээлдэгчийн зээлийн гэрээгээ хүлээсэн зээл төлөх үүргээ зөрчсөнөөс хойш 90 хоногийн хугацаа өнгөрсөн. Зээл төлөх арга хэмжээг зээлдүүлэгч өөрийн журам, зааврын хүрээнд хангалттай авсан тохиолдолд батлан даагч энэхүү хүлээсэн гэрээний үүргийг гүйцэтгэнэ. Гэрээний 3.2.3-д зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй өдрөөс хойш 90 хоногийн дотор багтаж, зээлдэгчээр зээл төлүүлэхтэй холбоотой бүх арга хэмжээг авах, 3.2.4-д энэхүү гэрээний 3.2.3-т зааснаар зээл төлүүлэх арга хэмжээг авснаа нотолсон баримтуудаа баталгаажуулан батлан даагчид хүргүүлэх гэсэн заалтууд байна.  Уг гэрээний заалтын дагуу Капитал банк хангалтгүй ажилласан. Зөвхөн хугацаа өнгөрсөнөөс хойш албан тоотоо явуулсан. Зээл төлөх авсан арга хэмжээ нь тодорхой тусгагдаагүй. Тийм учраас гэрээний үүргээ Капитал банк ХХК биелүүлээгүй учир манайх хүлээн зөвшөөрөхгүй гэж үзэж байна. Зээлийн гэрээнд К банк ХХК ЦБХ ХХК-ийн 7.3 дугаар зүйлийн 3.2-д зааснаар ... гэрээний 7.3.1-д заасан мэдэгдэх хуудасыг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор зээлдэгч, барьцаалуулагч нь барьцааны зүйлийг худалдах мэдэгдэлийг барьцаалуулагч болон тухайн барьцааны зүйлтэй холбоотой эрхээ бүртгүүлсэн гуравдагч этгээдэд мэдэгдэж, энэ тухай улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлнэ. Гэрээний 7.3.3-д ... барьцааны зүйлийг худалдах мэдэгдэлийг 30 хоногийн дотор барьцаалуулагч хариу өгөөгүй, эсхүл үүргээ биелүүлээгүй бол банк нь барьцааны зүйлийг шүүхээс гадуур дуудлага худалдаагаар худалдах ажиллагааг эхлүүлнэ гэж тус тус зааж, гэрээндээ тусгасаар байтал зээл төлүүлэх ямар ч арга хэмжээг аваагүй, зөвхөн албан тоот хүргүүлэх маягаар ажилласнаас болж зээл төлөгдөхгүй байдалд орсон. Иймд К банк ХХК үүргээ биелүүлээгүй учраас манай талаас зээлийг төлөх боломжгүй гэж үзэж байна гэжээ.

 

 ...Хариуцагч  нар сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа:   К  банк ХХК нь зээл олгохдоо зээлийн журам буюу аж үйлдвэрийн сайдын 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 64 тоот тушаалаар батлагдсан журмыг зөрчиж ердийн буюу барьцааны зээлийн гэрээг үйлдэж 5 жил байх ёстой байтал 3 жилийн хугацаатай, төлөлт нь өндөр, төсөлтэй холбоогүйгээр 180.000.000 төгрөгийг гаргаж өгсөн. Төслийн зээл нь ямар нэгэн шимтгэлгүй байхад 1.800.000 төгрөгийг төлүүлсэн. 200.100.000 төгрөгөөр төсөл дэмжигдсэн, уг зээлийг авч төслөө хэрэгжүүлнэ гэж бодож байтал 180.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай өгч аргагүй эрхэнд буюу Иргэний хуулийн 58 дугаар зүйлд зааснаар хэлцэл хийгч этгээд хэлцэл хийхдээ хүссэн хэлцлээсээ өөр хэлцлийг зөвшөөрөн хийсэн хэлцэл учир уг хэлцэл нь хуульд заасны дагуу хүчин төгөлдөр бусд тооцогдох хэлцэл юм. Иймд хүчинтөгөлдөр бус хэлцлийн  үндсэн дээр К банк ХХК-наас олгогдсон 180.000.000 төгрөгөөс төлсөн 116.132.674 төгрөгийг хасч 64.132.674 төгрөгийг төлөх шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.  

 

К банк ХХК-ийн эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлтэй холбогдуулан  гаргасан тайлбартаа: ... Зээлийн хугацаа 5 жил байж байгаад 3 жил болгосон гэж хугацаа ярьж байна. Энэ нь банк болгон өөрийн гэсэн бүтээгдэхүүн зээл өгөх хугацаатай байдаг. Тухайн үед олгох явцад төслийн зээлийн банкны хугацаа 3 жил байсан. Гэхдээ харилцагч нь өөрөө хүсэлт өгөөд, зөвшөөрсний үндсэн дээр зээлээ авчихаад дараа нь хугацаа нь богино хүчээр олгосон гэж ярих юм, тийм зүйл огт байхгүй. Манай талаас 180.000.000 төгрөгийг 3 жилийн хугацаатай гэж хэлсэний дараа өөрсдөө зөвшөөрч авсан. Тэрнээс биш 5 жилийг 3 жилээр ав гэж хүчээр хүнд зээл олгоно гэж байхгүй тул  сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй... гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 280 дугаартай шийдвэрээр:

- Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2, 460.4-д тус тус зааснаар ЗБД сангаас үндсэн зээлийн төлөгдөөгүй үлдэгдэл 124.344.551 төгрөгийн 50% буюу 62.172.275,50 төгрөгийг гаргуулж К банк ХХК-ийн эрх хүлээн авагчид, үлдэгдэл 87.274.562,90 төгрөг, нотариатын зардал 38.000 төгрөг, нийт 87.312.562,90 төгрөгийг хувь тэнцүүлэн /50%, 50%/ хувааж, ЦБХ ХХК-ийн захирал В.С-с 43.656.281.45 төгрөг, Э.Ц-с 43.656.281.45 төгрөгийг тус тус гаргуулж К банк ХХК-ийн эрх хүлээн авагчид олгож,

- Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.2, 58.3 дахь хэсэгт зааснаар ЦБХ ХХК-ийн захирал В.С, Э.Ц нарын ... хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 905.374 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, уг улсын тэмдэгтийн хураамжийг хариуцагч Цаст булган хайрхан ХХК-ийн захирал В.С, Э.Ц, ЗБД сангаас хувь / 50%, 50%, 50% / тэнцүүлэн хувааж тус бүрээс 301.791,33 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К банк ХХК-ийн эрх хүлээн авагчид олгож,

- Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 58.4, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар ЦБХ ХХК-ийн захирал В.С, Э.Ц нарын шүүгчийн 506, 1116 дугаартай захирамжаар төлбөл зохих улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг шүүхийн шийдвэр гарах хүртэл хойшлуулсан болохыг дурьдаж, ЦБХ ХХК-ийн захирал В.С-с 987.750 төгрөг, Э.Ц-с 987.750 төгрөгийг тус тус нөхөн гаргуулж төрийн сангийн төсвийн орлогод оруулахаар, шүүхийн шийдвэрт эрх бүхий этгээд хуульд заасан үндэслэлээр давж заалдах гомдол гаргах эрхийг  тайлбарлан өгч шийдвэрлэжээ.

 

            Хариуцагч ЗБД сангийн төлөөлөгч П.Ганболд  давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Анхан шатны шүүх  талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний  заалтын утгыг гуйвуулан тайлбарласан,  Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2-т заасан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан  хэрэглэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.  Мөн зээлдүүлэгчээс Зээлийн батлан даалтын  сангаас  гэрээний үүргийг шаардар эрх үүссэн эсэхийг тогтоохгүйгээр  шаардах эрхийн  үндэслэлтэй гэж дүгнэсэн нь  үндэслэлгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт  хуульд нийцүүлэн өөрчлөлт оруулахыг хүсье гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ганчимэг  давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байгаа тул давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ  нь :

 

            Нэхэмжлэгч К банк ХХК-ийн шүүхэд гаргасан ... хариуцагч ЦБХ ХХК, түүний захирал В.С, хамтран зээлдэгч Э.Ц, хамтран хариуцагч ЗБД сан нараас үндсэн зээлийн үлдэгдэл 124.344.551.00 төгрөг, зээлийн хүү 19.764.290,48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 5.337.996,92 төгрөг, нийт 149.446.838,40 төгрөг, нотариатын зардал 38.000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 905.184 төгрөг, бүгд 150.390.022,40 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар зөвшөөрөхгүй гэж маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ЦБХ ХХК,  хариуцагч Э.Ц нар нь К банк ХХК-тай байгуулсан  2015 оны 08 сарын 17-ны өдөр 53 тоот зээлийн болон барьцааны гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэсэн үндэслэлээр гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна.

 

            Хэргийг судлан үзвэл: “ЦБХ” ХХК нь Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас төслийн зээл хүсэж, тухайн  төсөл нь дэмжигдсэнээр К банкнаас зээлийг дамжуулан олгохоор  болсны дагуу  хариуцагч Э.Ц нь хамтран зээлдэгчээр оролцон талуудын хооронд  2015 оны 08 сарын 17-ны өдөр  53 тоот зээлийн болон барьцааны гэрээ, мөн 2015 оны 08 сарын 17-ны өдөр ЗБД сан, зээлдүүлэгч К банк зээлдэгч “ЦБХ” ХХК, хамтран зээлдэгч Э.Ц  нарын хооронд 53 дугаартай Батлан даалтын гэрээ  тус тус байгуулагджээ.

Тус зээлийн  гэрээний дагуу хариуцагч “ЦБХ” ХХК болон хариуцагч Э.Ц  нар нь   180.000.000 төгрөгийг  хүлээн авч  зээлийн төлөлтийг зохих хуваарийн дагуу төлөхөөр тохиролцсон тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-т заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн  байна. 

 

            Шүүхэд нэхэмжлэлийг Капитал банк гаргасан бөгөөд хэрэг хянан  шийдвэрлэх явцад буюу 2019 оны 04 сарын 08-ны өдрийн   Монгол банкны ерөнхийлөгчийн А-96 дугаартай “Капитал банк” ХХК-ийг албадан татан буулгах тухай тушаалын дагуу  тухайн өдрөөс К банкыг татан буулгаж, мөн өдрийн  Монгол банкны ерөнхийлөгчийн А-97 дугаартай тушаалаар “К банк” ХХК-ны эрх хүлээн авагчийг  томилсон байх тул банкны эрх хүлээн авагч нь нэхэмжлэгчийн эрхийг эдлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон нь хууль зөрчөөгүй гэж үзлээ.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа зөрчсөний улмаас зээлийн гэрээний үүргийг  шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй  бөгөөд анхан шатны шүүхээс зээлийн гэрээний шаардлагын талаар хийсэн  хууль зүйн дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар  зээлдэгч “ЦБХ” ХХК болон хамтран зээлдэгч Э.Ц нараас зээлийн гэрээний үүрэг болох  үндсэн зээл, зээлийн хүү нэмэгдүүлсэн хүүг тооцон  гаргуулж, талуудын хооронд байгуулсан барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй  гэж үзлээ.

 

Харин  хариуцагч ЗБД-н санд холбогдуулан гаргасан  нэхэмжлэгчийн  шаардлагын хувьд шүүхээс зохигчдын хооронд байгуулсан гэрээний заалт болон  Иргэний хуулийн зохих заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

Учир нь: Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-т ”Батлан даалтын гэрээгээр батлан даагч нь үүрэг гүйцэтгэгчийн өмнөөс нөхөх хариуцлага хүлээнэ гэж заасан “нөхөх хариуцлага хүлээнэ” гэдэг нь  зээлдэгч барьцаа хөрөнгөөрөө үүргээ гүйцэтгэсэн болон  барьцаа хөрөнгө нь устаж үнэгүйдсэн, зээлээ төлөх боломжгүй, хөрөнгө үгүй  болсон байхыг ойлгох бөгөөд талуудын хооронд байгуулсан батлан даалтын  гэрээний 1.6 , 3.2.3, 3.2.4-т  зээлдэгчийн зээлийн гэрээгээр зээл төлөх үүрэг зөрчигдсөнөөс  зээлдүүлэгчээс зээл төлүүлэх арга хэмжээг  зээлдүүлэгч  хэрхэн авах болон  арга хэмжээ авсан  тухай баримтжуулж батлан даагчид хүргүүлэх тухай тус тус заажээ.

Нэхэмжлэгчийн зүгээс зээлдэгч нарыг үүргээ биелүүлэх талаар удаа дараа  мэдэгдсэн  баримт ирүүлсэн боловч батлан даалтын гэрээнд заасан дээрхи  арга хэмжээг хэрхэн  авсан тухай  болон батлан даагчид холбогдох  нотлох баримтыг хүргүүлсэн тухай баримт ирүүлээгүй байна.

Нэхэмжлэгч нь зээлдэгч нараар зээлийг төлүүлэх талаар хангалттай арга хэмжээ аваагүй атлаа батлан даагчаар  зээлийн гэрээний үүргийг хамтран төлүүлэхээр гаргасан нэхэмжлэгчийн шаардлага үндэслэлгүй  болсон байна.

 

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардлага болох барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг шийдвэрлээгүй орхигдуулсан  бөгөөд нэхэмжлэгчээс тухайн шаардлагыг  шийдвэрлээгүй талаар гомдол гаргаагүй боловч  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т заасан  давж заалдах шатны журмаар хянан шийдвэрлэж буй  зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүй хэргийг бүхэлд нь  хянан үзнэ гэж заасны дагуу шүүх нэхэмжлэгчийн дээрхи шаардлагыг  хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч “ЦБХ” ХХК-ийн захирал В.С болон хариуцагч Э.Ц нарын гаргасан сөрөг нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ талуудын хооронд 2015 оны 08 сарын 17-ны өдөр байгуулагдсан 53 тоот Зээлийн гэрээ болон батлан даалтын гэрээг банкны дарамт шахалтын улмаас хийсэн ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж тайлбарладаг. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл  хариуцагч нар нь зээлийг  өөрийн хүсэл зоригын дагуу буюу  үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зорилгоор  Жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас хөнгөлттэй зээл авах хүсэлт гарган шийдвэрлүүлж, улмаар  Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих зорилгоор хөнгөлттэй зээл олгох журмын дагуу Монгол улсын Хөгжлийн банк, К банк хоорондын  дамжуулан зээлдэх гэрээний дагуу  зээлийг К банкнаас авсан болох нь тогтоогдож байх тул хариуцагч нарын  гэрээг ноцтой төөрөгдлийн улмаас байгуулсан гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй.

 

Иймд анхан шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулж,  хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хангах  нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 280 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн

1 дэх заалтыг:

“1.  Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 460 дугаар зүйлийн 460.1-д тус тус зааснаар хариуцагч “ЦБХ” ХХКомпани, хариуцагч  Э.Ц  нараас зээлийн гэрээний үүрэг 150.390.02240 төгрөг гаргуулан К банк ХХК-ийн эрх хүлээн авагчид олгож,  ЗБД санд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж 

3 дахь заалтыг:

“3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 905.374 төгрөгийг төрийн сангийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ЦБХ ХХКомпани, хариуцагч  Э.Ц     нараас 905.374 төгрөг гаргуулан  нэхэмжлэгч Капитал банк ХХК-ийн эрх хүлээн авагчид олгосугай.” гэж тус тус өөрчилж  Тогтоох хэсэгт

“41. Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1-т зааснаар хариуцагч нар зээлийн гэрээний үүргийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа  зүйл болох  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 089-Б тоот 125 м.кв үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилга, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 089-Б тоот 49 м.кв агуулахын зориулалттай барилга, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 089-Б тоот 18 м.кв дэлгүүрийн зориулалттай барилга, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр баг, 2 дугаар хэсгийн 089-Б тоот 661 м.кв талбайтай, 2011 оноос 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй гэр бүлийн хэрэгцээний газар,  2005 онд үйлдвэрлэгдсэн мөнгөлөг саарал өнгийн Subaru маркын автомашин /арлын дугаар SG5093605 дугаар улсын дугаар- СЭА 0333/ зэрэг хөрөнгөөр  үүргийн гүйцэтгэлийг хангуулсугай.” гэсэн заалт нэмж тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Зээлийн батлан даалтын сангийн давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 468.81137 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног  өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

                                    ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                   Г.ДАВААРЕНЧИН