Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 2021/ДШМ/88

 

 

 

 

 

 

А.Дд холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Т.Энхмаа, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор П.Даваасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,

Шүүгдэгч А.Д,

Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан,

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн, 2021 оны 8 сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/297 дугаар шийтгэх тогтоолтой шүүгдэгч А.Дд холбогдох 2034004040376 дугаартай 2 хавтас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2021 оны 9 сарын 17-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн

 Шүүгдэгч А.Д нь 2020 оны 5 сарын 27-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт 4 дүгээр багийн нутаг “Шивэртэй” гэх газраас зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ой мод бэлтгэж энэ хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдэж байгаль орчинд 29.450.729 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/297 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Бархай Амьтны Дг Шинэс Ой ХХК-ийн нэрийн өмнөөс, ашиг сонирхлын төлөө зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ой мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Шинэс Ой ХХК, шүүгдэгч А.Дг 20 000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 000 000 /хорин сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Шинэс Ой ХХК, шүүгдэгч А.Дд оногдуулсан 20 000 000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Шинэс ой ХХК, шүүгдэгч А.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Шинэс Ой ХХК, шүүгдэгч А.Дгээс байгаль орчинд учирсан хохирол 38 717 211 /гучин найман сая долоон зуун арван долоон мянга хоёр зуун арван нэг/ төгрөгийг гаргуулж Байгаль орчин уур амьсгалын санд оруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 841 900 төгрөгийн үнэ бүхий Мазда бонго маркийн тээврийн хэрэгслийг хурааж, Л.Цогтбаатарын эзэмшлийн Fuso маркийн тээврийн хэрэгслийн үнэ 6 486 500 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулж улсын төсөвт оруулж,

Хэрэгт хураагдан ирсэн 8524 ОРО улсын дугаартай Fuso маркийн тээврийн хэрэгслийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Л.Цогтбаатарт буцаан олгож,

Эрүүгийн 2034004040376 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоног, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор П.Даваасүрэн эсэргүүцэлдээ: “..Яллагдагч А.Д нь 2020 оны 5 сарын 27-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт 4-р багийн нутаг "Шивэртэй" гэх газраас хууль бусаар мод бэлтгэж байгаль орчинд 29 50 729 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдсон байна.

Аймгийн прокурорын газраас яллагдагч А.Дд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар прокурорын яллах дүгнэлт үйлдэн анхан шатны шүүхэд шилжүүлснийг 2020 оны 10 сарын 08-ны өдөр хүлээн авч, 2021 оны 8 сарын 11-ний өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч А.Дг Шинэс ой ХХК-н нэрийн өмнөөс ашиг сонирхлын төлөө зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ой мод бэлтгэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Шинэс ой ХХК, шүүгдэгч А.Дг 20 000 /хорин мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар "Шинэс ой ХХК", шүүгдэгч А.Дд оногдуулсан 20 000 000 төгрөгийн торгох ял оногдуулж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн торгох ялыг 36 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүгдэгч А.Дгийн байгаль орчинд учирсан хохирол 38 717 211 төгрөгийг гаргуулж, байгаль орчин уур амьсгалын санд оруулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 2 841 900 төгрөгийн үнэ бүхий "Мазда бонго маркийн тээврийн хэрэгслийг хурааж, Л.Цогтбаатарын эзэмшлийн И150 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 6 486 500 төгрөгийг тус тус шүүгдэгчээс гаргуулан улсын төсөвт оруулахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангаагүй гэж дүгнэхээр байна.

Учир нь: Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан "Зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн" гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн тохиолдолд " Тодорхой үйл ажиллагаа явуулах эрх хасах" нэмэгдэл ялтай байхад шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа нэмэгдэл ялыг "Орхигдуулж" шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасныг зөрчсөн байна гэж дүгнэхээр байна.

Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/297 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулж анхан шатны шүүхэд хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар прокурорын эсэргүүцэл бичиж байна...” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх шүүгдэгч А.Дг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэж уг хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон.

Өмгөөлөгчийн хувьд шүүгдэгчийн гэм буруугийн асуудал дээр маргахгүй ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг заавал нотолж тогтоохоор хуульчилсан. Гэтэл анхан шатны шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй өөрөөр хэлбэл хохирлыг тооцохдоо хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж манай үйлчлүүлэгчээс байгаль орчинд учруулсан экологи, эдийн засгийн үнэлгээг “Нуман-Алтай” XXК 38 717 211 төгрөгөөр тооцож гаргасан нь зүйд нийцэхгүй бөгөөд анхны шинжээч үнэлгээг 29 450 729 төгрөгөөр тооцож гаргасан ба 2 өөр үнэлгээ гарч зөрүүтэй байхад анхан шатны шүүх ямар үндэслэлээр “Нуман-Алтай” ХХК-ийн үнэлгээг үндэслэж шийдвэрлэснийг хүпээн зөвшөөрөхгүй байна. Учир нь анхан шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний нэхэмжлэгч М.Батмагнай нь 29 450 729 төгрөгөө хүлээн зөвшөөрч нэхэмжилж байгаа талаараа мэдүүлсэн. Анхан шатны шүүх эргэлзээтэй баримтаар хохирлыг тооцож хууль буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

Тухайн хууль бусаар ойн сангаас бэлтгэсэн гэх 60 ширхэг модыг Төв аймгийн Байгаль орчны газрын шийдвэрээр аймгийн ногоон байгууламжийг дэмжиж Төв аймгийн Цагдаагийн газар болон Спортын ордны гадна талбайд тарьж арчилснаар одоо эдгээр 60 ширхэг мод хэвийн ургаж байгаа талаар иргэний нэхэмжлэгч М.Батмагнай мэдүүлдэг.

Манай үйлчлүүлэгч А.Дгийн зүгээс байгаль орчинд учирсан хохирол, хор уршгийг бүрэн арилгаж өөрийн сайн дураар анхан шатны шүүх хуралдаанаас өмнө Төв аймгийн Борнуур сумын 4-р багийн нутагт "Халзангийн давааны ар" гэх газарт 65 ширхэг нарс модыг тарьж тус сумын байгаль хамгаалагч болон бусад албаны хүмүүст хүлээлгэн өгч тодорхойлолт болон тухайн үеийн гэрэл зургийг хавтаст хэргийн материалд хавсаргаж цаашид 3 жилийн хугацаанд арчилгааг хийж хамтран ажиллахаар тохиролцсон байдаг. А.Дгийн хувьд өөрөө мод үржүүлгийн үйл ажиллагаа эрхэлдэг хуулийн этгээдтэй бөгөөд ойн санд учирсан хохирлыг 65 ширхэг нарс мод тарьж хохирлыг барагдуулсан, үүнтэй холбоотой 3 жилийн хугацаанд уг газарт арчилгаа хийхээ удаа дараа илэрхийлж хамтран ажиллаж байгаа болно. Эдгээрээс дүгнэхэд ойн санд учирсан гэх экологи эдийн засгийн үнэлгээгээр тогтоосон хохирлыг бүрэн барагдуулсан байхад анхан шатны шүүх давхардуулан хохирол тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "...гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна." гэж заасан байхад гэрч Л.Цогтбаатарын өмчлөлийн 85-24 ОРО улсын дугаартай “Fuso” маркийн тээврийн хэрэгсэл нь шүүгдэгч А.Дгийн өмчлөлийн машин биш тул хураан авсан 85-24 ОРО улсын дугаартай "Fuso" маркийн тээврийн хэрэгсэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар "Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн" гэж үзэж байна тийм учраас анхан шатны шүүхийн шийдвэрт заасан 85-24 ОРО улсын дугаартай "Fuso" маркийн тээврийн хэрэгслийн үнэ 6 468 500 төгрөгийг улсын төсөвт оруулахтай холбоотой хэсгийг хүчингүй болгож, А.Дгийн төлөх мөнгөн дүнгээс хасаж өгнө үү.” гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Даваасүрэн гаргасан дүгнэлтдээ: Үндсэн ял дээр нэмж нэмэгдэл ял хэрэглээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгон анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч А.Д гаргасан тайлбартаа: Учруулсан хохирлын оронд мод тарьж суулган хохирлыг барагдуулсан. Оногдуулсан торгох ялыг би төлөх боломжгүй. Үйл ажиллагаа явуулах эрх хасах ял нэмж оногдуулбал би цаашид ямар ч орлогогүй болно. Өмгөөлөгчийнхөө гомдлыг дэмжиж байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар гаргасан саналдаа: Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн хэд хэдэн ажиллагаа явагдсан. Мөрдөн шалгах ажиллагаанд буцааж алдаа зөрчлийг арилгуулах боломжоор хангаж өгнө үү гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч А.Дд холбогдох эрүүгийн 2034004040376 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Төв аймгийн Прокурорын газраас А.Дг 2020 оны 5 сарын 27-ны өдөр Төв аймгийн Борнуур сумын Нарт 4-р багийн нутаг “Шивэртэй” гэх газраас зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэж энэ хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдэж байгаль орчинд хохирол учруулсан гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 9.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт /1хх-н 133-136/ үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд ирүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.Дг зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ойд мод бэлтгэж энэ хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон шийдвэрлэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шинэс ой” ХХК-д эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн шийдвэр гаргах эрх бүхий албан тушаалтан хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө шийдвэр гаргаж, зөвшөөрөл өгч энэ хуульд заасан гэмт хэргийг бусдаар үйлдүүлсэн, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан гэмт хэргийн шинжийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан бол гэмт хэргийн гүйцэтгэгчид тооцно” гэсний дагуу мөрдөн байцаалтын болон прокурорын шатанд А.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн холбогдох зүйлд зааснаар зүйлчилж анхан шатны шүүхэд ирүүлээгүй нь буруу байна. Энэ талаар анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад бодитой дүгнэлт хийж чадаагүй байна.

Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгон нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсэг болох “хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэснийг хангах үндэслэлтэй байна. Хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт очсон хойно шүүгдэгчийн өмгөөлөгч нь давж заалдах гомдолд дурдсан ажиллагаануудыг хүсэлт гарган нэмж хийлгэх боломжтой байна.  

Прокурорын “шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн” гэмт хэргийг хуулийн этгээдийн нэрийн өмнөөс, хуулийн этгээдийн ашиг сонирхлын төлөө үйлдсэн тохиолдолд “тодорхой үйл ажиллагаа явуулах эрх хасах” нэмэгдэл ялтай байхад шүүх шүүгдэгчид ял оногдуулахдаа нэмэгдэл ялыг орхигдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан оногдуулсан үндсэн ял дээр нэмж эрх хасах ялыг оногдуулж болно. Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасныг зөрчсөн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгон анхан шатны шүүхээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр” гаргасан эсэргүүцлийг хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан тул эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөх хуулийн боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч А.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнд холбогдох хэрэг нь прокурорт очих хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 сарын 11-ний өдрийн 2021/ШЦТ/297 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгон магадлалд заасан үндэслэлээр нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасугай.

2. Хэргийг Төв аймгийн Прокурорын газарт очтол шүүгдэгч А.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   М.МӨНХДАВАА

 

                   ШҮҮГЧИД                                         Т.ЭНХМАА

 

                                                                             Р.МӨНХ-ЭРДЭНЭ