Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 18 өдөр

Дугаар 102/ШШ2024/01359

 

 

 

 

 

 

2024 оны 03 сарын 18 өдөр                  Дугаар 102/ШШ2024/01359                   Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарантуяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн дугаар хороо, Монгол ньюс тауэр оффис, давхарт тоот хаягт байрлах “Омни капитал*******” ХХК,

Хариуцагч: Баянгол дүүргийн дүгээр хороо, дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, байрны тоот хаягт оршин суух,******* овогт******* *******,

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 41,115,178 /дөчин нэгэн сая нэг зуун арван таван мянга нэг зуун далан найман/ төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Сэр-Од,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нэмэхбаяр нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Н.Намуун хөтлөв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

С.******* нь 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр ЗГ202206-112 дугаар зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, сарын 3,1 хувийн хүүтэйгээр зээлж, мөн өдрөө ФГ-202206-112 дугаар Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх /Фидуци/ гэрээ байгуулж, УБ улсын дугаартай LIU GONG ZL-50C маркийн, ZL50CL1102939 арлын дугаартай, 2011 онд үйлдвэрлэгдэж, мөн ондоо Монгол улсад орж ирсэн, шар өнгийн авто ачигч механизмыг барьцаалсан. Хариуцагч нь зээлийн гэрээний 3.3, 3.4, 4.1, 5.2, 7.1.1, 7.1.11, 7.1.13-т заасныг тус тус зөрчиж, зээлийн төлбөрт 30,000,000 төгрөг, үндсэн хүү 10,181,589.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 933,589.31 төгрөг, нийт 41,115,178.36 төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй тул С.*******аас гаргуулахаар шаардаж байна. Хэрэв төлөх боломжгүй тохиолдолд УБ улсын дугартай авто ачигч механизмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардаж байна.

2023 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гэрээний хугацаа дууссан. Зээлийн гэрээг байгуулсан салбарын захирлаар ажиллаж байсан******* нь манай Сонгинохайрхан дүүргийн салбарын захирал хийж байхдаа 34 хүний нэр дээр том хэмжээний тоног төхөөрөмж барьцаалан зээл авхуулаад өөрийнхөө юм уу н.Бавуудорж гэдэг хүний данс руу шилжүүлж авсан хэрэг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэс дээр шалгагдаж байгаа ба эрүүгийн хэрэг үүсээгүй. Хариуцагч тал фидуцийн зүйлийг хураасан, хураалгасан гэж тайлбарлаж байгаа ч энэ хүмүүс л мэдэж байгаа болохоос манайд албан ёсоор хурааж авах, эсвэл очих тухай хүсэлт байхгүй, акт үйлдэгдээгүй учир бид тухайн үлдээсэн гэх газарт нь очих шаардлага байхгүй.******* гэрчийн мэдүүлэг өгөхдөө амралтын өдөр очиж авсан гэсэн. Гэвч ямар нэгэн протокол, акт үйлдсэн зүйл байхгүй. Нэг хувь нь хураалгаж байгаа талд өгөөд нөгөө хувь нь манай дээр ирсний дараа бичиг баримтыг нь шалгаад тэр машиныг хүлээн авч өөрсдийн хашаанд байршуулах ёстой. Гэтэл ийм зүйл байхгүй. Хурааж авсан талаар бидэнд мэдэгдээгүй учир фидуцийн зүйлийг хурааж аваагүй, албан ёсоор хурааж авсан гэдгийг нотлох зүйл байхгүй байна...гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбар, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Омни капитал*******” ХХК болон С.******* нар нь 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулахдаа УБ улсын дугаартай авто ачигч механизмыг барьцаалан ФГ-202206-112 дугаартай Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгийн өмчлөлд шилжүүлэх Фидуцийн гэрээг байгуулсан. Гэтэл 2023 оны 4 дүгээр сард “Омни капитал*******” ХХК-ийн эдийн засагч******* нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж УБ улсын дугаартай авто ачигч механизмыг биет байдлаар хурааж авсан. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болохоор хуульчилсан. Иймд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Зээлийн гэрээний хугацаа дуусахаас өмнө 2023 оны 3 дугаар сард нэхэмжлэгчийн эрх бүхий албан тушаалтан шаардлага гаргасны үндсэн дээр тээврийн хэрэгслийг хураах ажиллагаа явагдсан. Энэ үеэс зээлийн гэрээний харилцаа дуусгавар болсон. Фидуцийн зүйлийг тухайн үед салбарын захирал, дараа нь тусгай активын ажилтнаар ажиллаж байсан******* нь хурааж авсан ба энэ нь түүний шүүхэд гаргасан гэрчийн мэдүүлгээр нотлогдсон. Тээврийн хэрэгслийг хураагаад авчихсан байгаа учир 100 хувь эзэмшилдээ авсан байна гэж үзэхээр байна. Машиныг авах сонирхолгүй, мөнгөө л авмаар байна гэж байгаа нь хууль бус байна. Акт үйлдэх эсэхийг С.******* мэдэхгүй. Нэхэмжлэгч байгууллагын дотоод асуудал гэж бодож байна...гэв.

3. Нэхэмжлэгч тал нэхэмжлэлээ нотлохоор: Зээлийн гэрээний хуулбар /хх-10-13/, Фидуцийн гэрээний хуулбар /хх-14-16/, Харилцагчийн мэдээлэл, зээлийн өргөдөл, зээлдэгчийн иргэний үнэмлэхийн хуулбар /хх-17-19/, Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-20/, Зээл төлөлтийн дэлгэрэнгүй хуулга /хх-21/, ... зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

4. Хариуцагч тал тайлбар, татгалзлаа нотлохоор: ... зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргасан.

5. Зохигчдын хүсэлтээр шүүхээс бүрдүүлсэн нотлох баримтууд:

5.1. Хариуцагч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 00015 дугаар захирамжаар нэхэмжлэгч болон Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс нотлох баримт гаргуулах,,******* нарыг гэрчээр оролцуулахаар шийдвэрлэж /хх-52/, захирамжийн дагуу Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын 2023 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 230902311 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай прокурорын тогтоол /хх-71/,*******ыг гэрчээр асууж авсан тэмдэглэл /хх-73-77/, Б.Нямхүүг гэрчээр асууж авсан тэмдэглэл /хх-78-80/ зэрэг баримтуудыг ирүүлсэн.

5.2. Дээрх шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгч талаас гэрч*******т сахилгын шийтгэл ногдуулсан, мөн ажлаас чөлөөлсөн тушаалыг шүүхийн цахим шуудангаар ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан шаардлага хангаагүй байх боловч зохигчид хэн аль нь*******ыг “Омни капитал*******” ХХК-д салбарын захирал, тусгай активын мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан болохыг хүлээн зөвшөөрч, энэ талаар маргаагүй болно. /хх-93-95/

5.3. Хариуцагч талын хүсэлтийг хангаж, шүүгчийн 2024 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 03670 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсээс нотлох баримт гаргуулахаар шийдвэрлэж /хх-87/, захирамжийн дагуу С.*******ыг гэрчээр асууж авсан тэмдэглэл /хх-104-106/-ийг ирүүлсэн байна.

6. Гэрчийн мэдүүлгүүд:

6.1.: “С.******* 2022 онд гэрээ хийж, тэр газар нь 3 сарын дараа хэрүүл хийгээд больсон. Налайхын наана, хашаанд байсан учраас би асааж авчирсан.******* капиталд жил гаран мөнгөө төлөөгүй байсан. Барьцаа хөрөнгөөр нь шийднэ гээд авчраад энд тавьсан чинь******* гэдэг хүн надаас ирж авсан. Тэр үед н.Эрдэнэбаатар гэдэг хуульч над руу яриад байсан. Чи ирээд ав гэхэд би маргааш очиж авъя, өнөөдөр амралттай байна гэж ярьсан. Тэгээд би тэр хоёр хүнд хүлээлгээд өгчихсөн. Н.Эрдэнэбаатар нь маргааш очоод авчихна гэж хэлсэн.******* нь өөрөө ирж авсан. 2023 оны 4 дүгээр сард. Тэр үед бороо орж байх шиг байсан. Машиныг нь төлбөртэй зогсоолд тавилаа, өөрсдөө ирээд аваарай гээд би хуульчид нь хэлсэн. Тэр хуульч нь одоо ажлаасаа гараад явсан. Би тэр Налайхын наад талын Хонхорт айлын хашаанд тавьсан байж байгаад “энэ машин чинь бодит юмуу, та хэд намайг хулхидаад байгаа юмуу” гэж хуульч залгахаар нь би өөрөө хүлээлгэж өгсөн. ...Машиныг*******т өгсөн. Түлхүүрийг нь*******т өгсөн. Баримт бичиг нь машин дотроо байгаа байх. Энэ машин одоо анх тавьсан газраа байгаа. Баянзүрх дүүргийн эмнэлгийн колонкийн хойд талын том машинуудын зогсоолд байгаа. Сая цагаан сараар хажуугаар нь явахад тэндээ байсан. Ачигч машиныг С.******* хүргэж өгөөгүй, би хүргэж өгсөн. Эхнэр машины мэдэгдэхүүн байхгүй...” гэж мэдүүлсэн байна. /хх-100-101/

6.2.*******: “Би******* капитал******* ХХК-д 2021 оны 1 дүгээр сарын 25-ны өдрөөс 2023 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл ажилласан. С.*******тай байгуулсан зээлийн гэрээнд би гарын үсэг зурсан, салбарын захирал байсан. 3 дугаар сарын сүүлээр үндсэн зээлдэгч С.*******ын нөхөртэй яриад автомашиныг хурааж авна гэсэн. Налайхын тийшээ уурхайд байгаа гэсэн. Би 3 дугаар сард ажлаа хийж байгаад 4 дүгээр сарын 06-ны өдөр очиж хурааж авсан. Зээлийг төлөхгүй бол зээлийн гэрээний дагуу үүргийн гүйцэтгэл хангуулж хурааж авна гэсний дагуу авсан. Энэ ковш буюу хүнд механизмыг С.*******ын нөхөр нь ирээд Баянзүрхийн товчоо гарангуут байдаг зогсоолд тавьж өгсөн. Тэгээд удалгүй 4 дүгээр сарын 14-ний өдөр намайг ажлаас халсан. Миний дараа ажил хүлээж авсан н.Эрдэнэбаатар гэж залуу над руу утасдаад ковш нь хаана байгаа вэ? С.*******ын нөхөр чамд өгсөн гээд байна гэхээр нь Баянзүрхийн товчоо өнгөрөөд байгаа, хамт очъё гэсэн. Тэр үед С.*******ын нөхөр нь бас байхгүй, уурхай руугаа явсан байсан. Тэр нь байхгүй байна, би асааж мэдэхгүй гэж хэлж байсан. ...Би сая цагаан сарын өмнө 1 дүгээр сарын сүүлээр байх Баянзүрхийн товчоогоор гарахад тэр машин тэндээ байж байсан. Хурааж авахдаа акт үйлдээгүй. Гэрчилгээ нь тухайн үед машин дотроо байгаагүй. Түлхүүр нь гэж гэрийн түлхүүр шиг том түлхүүр байсан. Ямар ч хамаагүй түлхүүрээр асдаг тэр хэрэггүй гэхээр нь ковшны ард талын шанаган дээр нь тавьсан. Би энэ үед тусгай активд орсон байсан. Хураан авсныг гэрчлэх хүн н.Нина байгаа. Тухайн үед тайлбар өгдөг байсан. Миний компьютер байгаа бол тайлбар нь байгаа. С.*******ын ковшийг хурааж авсан гээд Эксел файл дээр байгаа. Имэйлээр явуулсан байх. Долоо хоног болгон мэдээ гэж өгдөг байсан. ...2022 оны 6  сард гарсан зээл байсан. 6 сараас хойш огт төлөлт хийгдээгүй байсан. Удирдлагууд ирсэн зээлүүдийг тусгай активын хэлтэст хуваарилж өгөөд тусгай активын мэргэжилтэн ажиллагаа явуулах эрхтэй болдог. Би хурааж аваад хэд хоногийн дотор зээлээ барагдуулахгүй бол үүргийн гүйцэтгэл хангуулна гэж хугацаа олгодог байсан. Процесс: би тайлбар бичээд 7 хоног бүр ажлаа тайлагнадаг байсан. Надад хуваарилагдаад ирсэн зээл дээр ямар ажиллагаа явагдаж байгаа, харилцагчтай хэрхэн харилцсан талаар тайлбар байгаа. Цаасан хэлбэрээр хөтөлдөг дэвтэр байхгүй. Ковшийг хурааж авахдаа ганцаараа очсон. Ковшийг хурааж авах үед н.Эрдэнэбаатар гэдэг хүн ажилд ороогүй байсан. ...Дараа нь ковшийг авмаар байна гэж н.Эрдэнэбаатар над руу ярьж байсан. Би ажлаа өгсөн байсан болохоор зээлдэгчтэй дахин холбогдоогүй...” гэж мэдүүлсэн байна. /хх-/

ҮНДЭСЛЭХ нь:

            1. Шүүх “Омни капитал*******” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

            2. Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 10,181,589.05 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 933,589.31 төгрөг, нийт 41,115,178.36 төгрөг гаргуулах, төлбөрийг төлөх боломжгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг фидуцийн зүйлээр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            3. Нэхэмжлэлийн үндэслэлээ: “хариуцагч зээлийг буцаан төлөх үүргээ огт биелүүлээгүй, фидуцийн зүйлийг бодитойгоор хүлээлгэж өгөөгүй, хүлээн авсан гэх гэрч******* нь нэхэмжлэгчийн гаргасан гомдлын дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст албан тушаалаа урвуулан ашиглаж 34 зээл олгох хэлбэрээр өөртөө хөрөнгө завшсан гэх эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа ба хариуцагчаас тээврийн хэрэгсэл хүлээж авсан гэх баримт байхгүй, нэхэмжлэгч байгууллагад хүлээлгэж өгөөгүй учир бодитоор хүлээж авсан гэж үзэхгүй тул үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардана” гэж тодорхойлсон.

4. Хариуцагч нэхэмжлэлийг бүхэлд нь эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “зээлийг буцаан төлөх үүргээ биелүүлээгүй нь үнэн боловч фидуцийн гэрээний дагуу нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлсэн тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч байгууллагын тусгай активын ажилтан*******т гэрээний хугацаа дуусахаас өмнө хураалгаснаар гэрээ дуусгавар болсон учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, фидуцийн зүйлийг хураалгасан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр нотлогдоно” гэж тайлбарлан маргаж байна.

5. Хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд, гэрчийн мэдүүлэг зэргээр дараах үйл баримтууд тогтоогдлоо. Үүнд:

5.1. Талуудын хооронд 2022 оны 6 дугаар сарын 25-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдэгч С.******* нь зээлдүүлэгч “Омни капитал*******” ХХК-иас 30,000,000 төгрөгийг сарын 3,1 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлэхээр тохиролцож, нэхэмжлэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн байна.

5.2. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг баталгаажуулах зорилгоор талууд мөн өдөр Фидуцийн гэрээ байгуулж 2011 онд үйлдвэрлэгдсэн УБ улсын дугаартай авто ачигч механизмыг зээлдүүлэгчийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцож гэрээг бичгээр байгуулан, өмчлөлийг зээлдүүлэгчийн нэр рүү шилжүүлсэн болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбараар тогтоогдсон.

5.3. Зээлдэгч С.******* нь зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлийг буцаан төлөх үүргээ огт биелүүлээгүй ба 2023 оны 4 дүгээр сард фидуцийн зүйлийг “Омни капитал*******” ХХК-ийн тусгай активын мэргэжилтэн*******т хүлээлгэн өгсөн талаар С.******* цагдаагийн байгууллагад гэрчээр, тус иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад*******, нар гэрчээр асуугдаж, фидуцийн зүйлийгас*******т хүлээлгэж өгсөн талаар мэдүүлсэн.

5.4. Фидуцийн зүйлийг хүлээлгэн өгсөн гэх 2023 оны 4 дүгээр сард гэрч******* нь “Омни капитал*******” ХХК-ийн тусгай активын хэлтсийн мэргэжилтнээр ажиллаж байсан, маргаан бүхий зээлийн гэрээг байгуулахад салбарын захирлаар ажиллаж, хариуцагчтай зээлийн болон фидуцийн гэрээг байгуулсан байна.

6. Талуудын байгуулсан зээлийн болон фидуцийн гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсгүүдэд тус тус нийцсэн хүчин төгөлдөр гэрээнүүд байна.

7. Зохигчид зээлийн гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээний дагуу зээл олгогдсон болон зээлдэгч буцаан төлөх үүргээ биелүүлээгүй талаар, мөн гэрч******* нь маргаан бүхий зээлийн гэрээ байгуулахад “Омни капитал*******” ХХК-ийн Сонгинохайрхан дүүрэг дэх салбар 2-ын захирлаар, 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрөөс Тусгай активын албаны тусгай активын мэргэжилтнээр ажиллаж байсан зэрэг үйл баримтын талаар маргаагүй. Харин фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар зээлдүүлэгчид бодитоор шилжүүлсэн эсэх, гэрээ дуусгавар болсон эсэх талаар маргаж байна.

8. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заажээ. Мөн талуудын байгуулсан Фидуцийн гэрээний 5.2-т “хөрөнгийг******* биет байдлаар шилжүүлэн авахад акт үйлдэж хүлээлцэх бөгөөд ийнхүү акт үйлдэх боломжгүй нөхцөл байдалд бусад нотолгооны аргаар баталгаажуулна” гэж заасан байна.

9. Гэрч,******* нар фидуцийн зүйлийг 2023 оны 4 дүгээр сард хураасан гэж мэдүүлсэн боловч тэдний мэдүүлэг хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдоогүй, Фидуцийн гэрээний 5.2 дугаар зүйл биелэгдээгүй буюу фидуцийн зүйлийг биет байдлаар шилжүүлснийг баталгаажуулсан акт үйлдэгдээгүй байх тул Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт зааснаар гэрээ дуусгавар болсон гэх хариуцагч талын татгалзал үндэслэлгүй байх тул хариуцагч татгалзлаа нотлоогүй гэж үзлээ.

10. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.1, 453.1 дэх хэсгүүдэд зааснаар зээлийн гэрээний үүрэгт 41,115,178.36 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй.

11. Харин фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагын хувьд Фидуцийн гэрээгээр зээлийн гэрээний үүрэг бүрэн биелэгдэж дуусах хүртэл хугацаанд хариуцагч С.*******ын өмчлөлийн УБ улсын дугаартай ачигч механизмыг нэхэмжлэгч “Омни капитал*******” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх, зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн гүйцэтгэсэн тохиолдолд нэхэмжлэгч нь өмчлөх эрхийг буцаан шилжүүлэх, биелүүлээгүй тохиолдолд тухайн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон.

12. Гэвч нэхэмжлэгч нь дээрх гэрээний дагуу, гэрээний зүйл болох автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага гаргасан ба зээлийн гэрээний үндсэн үүрэг болох мөнгөн хөрөнгө гаргуулахаар шаардах эрхийг фидуцийн гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах эрхийн хамт нэгэн зэрэг шаардах боломжгүй тул энэ нэхэмжлэл Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт нийцээгүй учир фидуцийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

13. Шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 733,726 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас хангагдсан шаардлагад тооцогдох тэмдэгтийн хураамж 363,526 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгоно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч С.*******аас 41,115,178.36 /дөчин нэгэн сая нэг зуун арван таван мянга нэг зуун далан найман төгрөг гучин зургаан мөнгө/ гаргуулан нэхэмжлэгч “Омни капитал*******” ХХК-д олгосугай.

2. Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул хариуцагч С.*******д холбогдох, УБ улсын дугаартай, ачигч механизмаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэгч “Омни капитал*******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 433,726 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 363,526 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.САРАНТУЯА