Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 44

 

Д.Х-н нэхэмжлэлтэй

        иргэний хэргийн тухай

 

 

                                                                                  Хэргийн индекс: 148/2018/00460/И

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн  давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

                          Даргалагч

      Ерөнхий шүүгч                         Б.Батзориг

                              Шүүгчид                                   Д.Буянжаргал

                                                                               Г.Давааренчин

                       

                          Оролцогчид

                                 Нэхэмжлэгч                               Д.Хандсүрэн

                                 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч    Р.Атарцэцэг

                          Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нарыг оролцуулж, Сэлэнгэ  аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 15-ны өдрийн 360 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч бичсэн хариуцагч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлоор Д.Х-н нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймгийн ШҮГ-т  холбогдох “Ажлаас үндэслэлгүй халагдсан тухай” гомдол бүхий иргэний хэргийг 2019 оны 08 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Х нь анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Сэлэнгэ аймгийн ШҮГ-н дарга ажилтай З.Д нь цэвэр өөрийн дотоод үзэмж болон намын ялгаварлаар намайг удаа дараа ажлаас халж, сэтгэл санаа болон эдийн засгийн хохирол амсуулж буй тул би маш их гомдолтой байгаа болно. ...Миний бие нь 2016 оны 11 сарын 04-ний өдрийн дугаар №6/192 тоот Монгол Шуудан ХК-ны захирлын Орон тоо нэмж батлах, ажилд томилох, ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай тушаалаар Сэлэнгэ аймгийн Шуудан үйлчилгээний газрын  Логистик менежерийн албан тушаалд томилогдон ажиллаж  тус тушаал  өнөөдрийг хүртэл хүчинтэй байгаа болно.    ...Миний албан тушаал дээр 2-оос 3 хүнийг ээлжлүүлэн албан тушаалын нэршлийг дур мэдэн удаа дараа албан тушаалаа ашиглан өөрчлөн ажиллуулж байсан болно. 2018 он гарахад дахин миний хөдөлмөрийн гэрээг сунган 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулсан Хөдөлмөрийн тухай хуульд байнгын ажлын байранд хөдөлмөрийн гэрээг хугацаа бичдэггүй шүү дээ гэхэд би мэдэж байна заавал хугацаа бич гэж хэлдэг байсан. Хөдөлмөрийн гэрээ байгуулсан нь  миний ажлын байр хэвээр байгаа нь нотлогдож байна. 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр ажлаас цомхотголоор халах болсон гэсэн мэдэгдэл дээр би хүлээн зөвшөөрөхгүй байна гэж мэдэгдсэн. Тэр даруй би Монгол шуудан Компанийн Стратеги Төлөвлөлтийн Газрын захирал Д.Баттулгаас та нар яагаад намайг цомхотголд оруулж байгаан гэхэд танай дарга орон тооныхоо төлөвлөгөөг гаргаж өгч батлуулсан тул бид сайн мэдэхгүй байна гэсэн хариу өгсөн.

Ингээд би З.Д-н ажлын өрөөнд 2 уулаа улзан асуусан яагаад намайг цомхотгож байгаа юм энэ мэдэгдэл чинь буруу байна шдээ гэхэд З.Д нь чи тайван бай би чамайг халахгүй чиний Логистикийн Менежрийн /ачаа тээврийн/ ажил чинь хэвээрээ байгаа санаа зоволтгүй би зохицуулна гэсэн. 2017 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн №311 тоот Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний Хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр миний бие нь ажлаасаа үндэслэлгүй халагдсан нь тогтоогдож ажилдаа эгүүлэн томилогдсон болно. Гэтэл дахин ажлаасаа үндэслэлгүй халлаа. ...З.Д нь ямар ч үндэслэлгүй намайг удаа дараа ажлаас халж байгаа нь цэвэр намын харьяалалаар гэх шалтгаанаар албан тушаалаа хэтрүүлэн хувь хүний эрхийг ноцтой зөрчиж байна. Цомхтгол нэрээр ажлын байрны нэршилийг өөрчлөлт оруулаад дараа нь намайг ажлаас халж дахин нэр томьёог оруулж өөр хүн ажилд авна. Хэдийгээр хувьцаат компани боловч ингэж дураараа аашилан дуртай үедээ албан тушаалын нэрийг өөрчлөн, өөрт таалагдахгүй шударга үнэн шаардлага тавьсан хүнд дургүйцлээ илэрхийлэн ажил, амьдарлыг минь хохироож байгаад гомдолтой байна. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна  гэжээ.

 

Хариуцагч Сэлэнгэ аймгийн ШҮГ-н дарга З.Д анхан шатны шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Монгол Шуудан хувьцаат компаний гүйцэтгэх захирлын 2018 онд баталсан орон тоо бүтцийн дагуу Д.Х-г ажлаас нь чөлөөлсөн. Хөдөлмөрийн хуулийн дагуу нэг сарын өмнө ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл хүргүүлсэн байгаа. Ингээд Д.Х-г хуулийн дагуу 2018 оны 07 сарын 25-ны өдрийн 22 дугаартай тушаалаар түүнийг ажлаас нь чөлөөлж 2 сарын тэтгэмж олгосон. Миний гаргасан тушаал хуулийн үндэслэлтэй гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй  гэжээ.

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 15-ны өдрийн 360 дугаартай шүүхийн шийдвэрээр :

-Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар Т овогт Д-н Х-г Сэлэнгэ аймгийн Шуудангийн үйлчилгээний газарт Логистик менежерийн ажилд эгүүлэн тогтоож,

-Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 7.657.434 / долоон сая зургаан зуун тавин долоон мянга дөрвөн зуун гучин дөрөв/ төгрөгийг хариуцагч Сэлэнгэ аймгийн ШҮГ-с гаргуулж нэхэмжлэгчид олгож,

-Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд болон нийгмийн даатгалын шимтгэлд зохих өөрчлөлт оруулж, баталгаажилт хийхийг хариуцагчид даалгаж,

- Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 207.669 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулахаар тус тус зааж, эрх бүхий этгээд шийдвэрт  давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч О.Отгонбаяр давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  Анхан шатны шүүхийн 2019.08.15-ны өдрийн 360 тоот шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь зүйлд заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байж чадсангүй гэж үзэн хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн зүгээс дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч нь Сэлэнгэ аймаг дахь Шуудангийн үйлчилгээний газарт “Логистик менежер”-ийн албан тушаалд ажиллаж байсан бөгөөд уг албан тушаал цомхотгогдсон буюу орон тоо хасагдсан шалтгаанаар ажлаас чөлөөлөгдсөн. Талуудын мэтгэлцээний гол сэдэв орон тоо хасагдсан эсэх, Сэлэнгэ аймаг дахь Шуудангийн үйлчилгээний газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаартай тушаал үндэслэлтэй, хуулийн дагуу эсэх байсан.

Анхан шатны шүүх уг маргааныг хуулийн дагуу шийдвэрлэж талуудын мэтгэлцээн, эрх зүйн үндэслэлийг нь хуулийн дагуу тайлбарлан үндэслэл бүхий шийдвэр гаргасангүй.

Шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Түүнчлэн ажлаас чөлөөлөх тушаалдаа ажил хүлээлцэх хугацааны болон ажилтны ажилласан хугацааны амралт зэргийг оруулаагүй байхаас гадна ажилтны албан тушаалыг “ложистикийн менежер гэж” буруу бичсэн байгаа зэрэг нь уг тушаалыг хүчингүй болгох үндэслэл болж байна” гэж, Мөн үндэслэх хэсэгт “Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт зааснаар ажилтны урьд эрхэлж байсан албан тушаал цомхотгогдсон бол ажил олгогч ажилтантай тохиролцсоны үндсэн дээр адил чанарын өөр ажил албан тушаалд ажиллуулах үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй байна” гэж бичсэн байх бөгөөд шүүх хуралдааны төгсгөлд хуралдаан даргалагч шийдвэрийнхээ үндэслэлийг тайлбарлахдаа уг зүйл заалтыг дурдан өөр ажил албан тушаалд ажиллуулах ёстой байсан гэж тайлбарлаж байсан тул шийдвэрийн үндэслэл нь дээрх хоёр заалт гэж ойлгон дараах тайлбарыг гаргаж байна.

1. Ажлаас чөлөөлөх тушаалдаа ажил хүлээлцэх хугацааны болон ажилтны ажилласан хугацааны амралт зэргийг оруулаагүй гэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Ажлаас чөлөөлсөн 22 тоот тушаалын 1 дэх заалтад “.....2019 оны 07 дугаар сарын 25-ны өдрөөс үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй” гэж,

2 дахь заалтад “...2 сарын цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгохыг нягтлан бодогч /С.Нороврэнцэн/-д зөвшөөрсүгэй” гэж,

3 дахь заалтад “Ажлаас чөлөөлөгдсөн ажилтан холбогдох тооцоог хийж дуусгахыг нягтлан бодогч /С.Нороврэнцэн/-д даалгасугай” гэж тус тус заасан тушаалаас уг ажилтны ажлаас чөлөөлөгдсөн, хүлээлцсэн хугацаа тодорхой байх бөгөөд холбогдох тооцоог хийж дуусгах гэдэг нь ээлжийн амралтын тооцоо болоод бусад санхүү, бараа материал, эд хариуцагчийн тооцоо байвал тооцоог хийж дуусгахыг илтгэдэг тул тушаал хуулийн бөгөөд албан хэрэг хөтлөлтийн стандартын дагуу гарсан гэж үзэж байна.

 2. Ажилтны албан тушаалыг “ложистикийн менежер гэж” буруу бичсэн. “Логистикийн менежер” гэхийг “ложистикийн менежер” гэж тушаалд бичсэн техникийн чанартай алдаа гарсан байдаг. Энэ алдаа нь тушаалыг хүчингүй болгох үндэслэл биш гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч талаас уг нэршил дээр маргаан гаргаагүй, мөн тухайн байгууллагад Логистикийн менежер, ложистикийн менежер гэж тус тусдаа албан тушаал байдаггүй нэг албан тушаалыг бичихдээ алдаа гаргасан байдаг. Мөн шүүх хуралдааны явцад хуралдаан даргалагч нь уг нөхцөл байдлын талаар тодруулаагүй, талуудаас тайлбар аваагүй хирнээ ямар үндэслэлээр “г”, “ж” үсгийн буруу шивэлтээс тушаалыг үндэслэлгүй болгох үндэслэлтэй гэж үзэж байгаа нь ойлгомжгүй байна.

Шүүхээс иргэний хэрэг үүсгэхдээ “Логистик менежерийн ажлыг гаалийн бүрдүүлэгчийн ажилд” эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэж, шүүхийн шийдвэрээр Логистик менежерийн ажилд эгүүлэн тогтоосон. Хэрэв шүүхээс уг тушаалын “Ложистик менежер” гэсэн бичилтийн байдлаас тушаалыг үндэслэлгүй болгож байгаа бол ямар үндэслэлээр “Логистик менежерийн ажлыг гаалийн бүрдүүлэгчийн ажилд” эгүүлэн тогтоох гэсэн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгээд, түүнийгээ хянан хэлэлцээд Логистик менежерийн гэх албан тушаалд томилоод байгаа нь өөрөө логикийн хувьд ойлгомжгүй байна.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь заалтын тухай. Шүүхээс уг заалтыг дурдсан нь ойлгомжгүй байх бөгөөд орон тоо цомхотгосон нь үндэслэлтэй байна. Гэхдээ өөр ажилд авах ёстой байсан байна гэсэн утгыг илэрхийлээд байна уу? Эсвэл хариуцагч талд Логистикийн менежер гэсэн албан тушаал байхгүй бол өөр албан тушаалд эгүүлэн томилох ёстой шүү гэсэн утгыг илэрхийлээд байна уу? гэдэг нь тодорхойгүй тэгсэн хирнээ Шүүхийн шийдвэрээр Логистикийн менежер гэсэн албан тушаалд эгүүлэн томилсон байгаа зэрэг нь ойлгомжгүй байна.

Маргааны гол агуулга болох орон тоо цомхотгогдсон нь үндэслэлтэй юм бол тушаалыг хүчингүй болгох үндэслэлгүй юм. Учир нь Улсын дээд шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 3 дугаар “Гэрээний зарим эрх зүйн маргааны хууль хэрэглээ болон гэрээг цуцлах, гэрээнээс татгалзахад анхаарах асуудлууд” гэсэн зөвлөмжөөр Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2-т заасан зохицуулалт зөвхөн энэ зүйлд буюу 36 дугаар зүйлийн 36.1-д заасан ажилтныг урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн авах ажил олгогчийн үүрэгтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох тухай шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бол ажил олгогч ажилтныг урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд нь эгүүлэн авах үүрэгтэй. Хуулиар ногдуулсан энэ үүргээ ажил олгогч тухайн орон тоо цомхотгогдсоноос болж биелүүлж чадахгүйд хүрэх тохиолдлыг Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2.-т зохицуулсан байна гэж тодорхой тайлбарласан байдаг.

Тушаалын үндэслэл нь хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх заалт буюу орон тоо хасагдсан гэх үндэслэл байх бөгөөд уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар орон тоо хасагдсан нь үндэслэлтэй гэж тогтоогдож байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэг хамаарахааргүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Х миний бие  анхан шатны шүүхийн шийдвэрийг хүндэтгэн үзэж, цаашилбал уг шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл байх шаардлагыг хангаж чадсан гэж үзэж байна.  Шүүхийн шийдвэрт дурьдсан хариуцагч талын гаргасан алдааг үнэн бодитойгоор тайлбарлан бичсэн нь зөв юм. Д.Х миний бие 2014 оны 01 сарын 09-ний өдрийн Б/03-ны МУ-ын төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захиралын тушаалаар Сэлэнгэ аймгийн ШҮГ-н даргын албан тушаалд томилогдон ажиллаж байхад миний албан тушаалыг 2016 оны 11-р сарын Б/192 дугаарын тушаалаар З.Д-д шилжүүлж намайг логистик буюу менежерийн албан тушаалд 2016 оны 11 сарын 05-ны өдрийн 24 дугаартай Сэлэнгэ аймгийн ШҮГ-н даргын тушаалаар томилон  ажиллуулсан юм. Ингээд энэ албан тушаалд ажиллаж байхад Сэлэнгэ аймгийн ШҮГ-н 2018 оны 07 сарын 25-ны өдрийн 22 тоот тушаалаар намайг орон тооны цомхотгол гэсэн шалтгаанаар үүрэгт ажлаас чөлөөлсөн. Энэхүү ажлаас чөлөөлсөн тушаалыг эс зөвшөөрч Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн тухай 5 шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан юм. Нэхэмжлэлийг 2019 оны 08 сарын 15-ны өдөр анхан шатны шүүхээр хэлэлцэн 360 дугаартай шийдвэр гаргасан.

Уг шийдвэрээр Д.Х-г Сэлэнгэ аймгийн ШҮГ-т Логистик менежерийн ажилд эгүүлэн тогтоосон. Гэтэл шийдвэрийг хариуцагч З.Д хариуцагчийн өмгөөлөгч нар эс зөвшөөрч гомдол гаргасан байна. Урьд нь энэ хэрэг Дээд шүүхийн хяналтын шатны шүүх, аймгийн Эрүү Иргэний давж заалдах шатны шүүхээр хэлцэгдсэн. З.Даваанямыг хариуцагчаар татсан нь хууль зүйн үндэслэлтэй гэдгийг шүүхийн тогтоолд маш тодорхой заасан. Хамгийн гол нь нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй эсэх, ажлаас чөлөөлсөн Д.Х-н тушаал хуулийн дагуу гарсан эсэхт шүүх дүгнэлт хийх ёстой гэж үзэж байна. Тиймээс 2018 оны 7 сарын 25-ны өдрийн 22 тоот тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гэдэг нь дараахь байдлаар тайлбарлагдана. Үүнд:

 З.Д албан тушаалыг орон тооны цомхотгол гэж өөрийн дураар хасах эрхгүй. Заавал төлөөлөн удирдах зөвлөлөөс гаргасан тогтоолыг үндэслэх ёстой бөгөөд ийм тогтоол гаргаагүй байхад Д.Х-г орон тооны цомхотголоор халсан нь буруу болсон.  Хөдөлмөрийн тухай хуулиар орон тоо цөөрүүлсэн, орон тооны цомхотголд орсон тохиолдолд тухайн орон тоо 3 сарын дотор дахин бий болсон, орон тооны цомхотгол гэж халсан атлаа уг албан тушаалд шинээр ажилтан авсан тохиолдолд орон тооны цомхотгол болсон гэж үзэхгүй билээ. Гэтэл Д.Х-г ажлаас халсаны дараа шинээр уг албан тушаалд С.Х гэдэг хүнийг шинээр авч ажиллуулж цалин олгосон санхүүгийн баримтыг хэрэгт татаж хавсаргасан байгаа. Хөдөлмөрийн тухай хуулийн 36-р зүйлийн 36.3 дахь заалтаар ...гурван сарын дотор дахин бий болгож орон тоо хассан нь үндэслэлгүй болбол тухайн ажилтанг ажилд нь эгүүлэн тогтооно гэсэн заалтаар Д.Х уг албан тушаалдаа зайлшгүй тогтоогдох үндэслэлтэй билээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43-р зүйлийн 43.1, 43.2 дахь заалтаар ажил хүлээлгэн өгсөн сүүлийн хугацааг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэсэн заалт зөрчигдсөн. Учир нь ажлаас чөлөөлсөн тушаал дээр ажил хүлээлцэх хугацаа, бүрэлдэхүүн бичигдээгүй, өнөөдрийг болтол ажлыг нь хүлээж аваагүй байгаа нь тушаал хэрэгжээгүй гэж үзэхээр байна. Д.Х-г логистик менежерийн албан тушаалд томилсоны дараа З.Д уг албан тушаалын нэршлийг дураараа өөрчилдөг байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдоно. Тухайлбал: логистик менежерийн албан тушаалын нэршлийг транзит менежер болгон дараа нь тээврийн мэргэжилтэн, ачаа-тээврийн зохицуулагч гэх мэтээр нэршилийг дахин өөрчилж хамгийн сүүлд гаалийн бүрдүүлэгч гэж өөрчилсөн. Тиймээс Д.Х нэхэмжлэл гаргахдаа хамгийн сүүлийн нэршлээр буюу үндсэн албан тушаалын нэршлээр логистик менежер буюу гаалийн бүрдүүлэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож өгөөч гэсэн шаардлагыг гаргасан юм. Шүүх үндсэн албан тушаалын нэршлээр нь эгүүлэн ажилд тавьсан нь зөв юм. Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 сарын 15-ны өдрийн 360 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв хэдий ч  хэргийн үйл баримт болон хэрэгт авагдсан  нотлох баримтад хийсэн дүгнэлт нь үндэслэл бүхий болоогүй байх ба давж заалдах шатны шүүхээс уг асуудалд зохих дүгнэлт хийж шийдвэрт өөрчлөлт оруулах замаар хэргийг  шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч Д.Х нь Сэлэнгэ аймгийн ШҮГ-т  логистик менежерээр  ажиллаж байсан бөгөөд Сэлэнгэ аймгийн ШҮГ-н даргын  2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаартай тушаалаар түүнийг ажлаас нь чөлөөлсөн байна.

Ажил олгогч нь ажлаас чөлөөлсөн үндэслэлээ байгууллагын бүтэц орон  тоонд өөрчлөлт орсноор  2018 оны 07 сарын 01-ний өдрөөс ажилтны ажлын байр  хасагдсан гэж тайлбарласныг нэхэмжлэгч Д.Х нь  тухайн албан тушаалын орон тоо нь хасагдаагүй харин албан тушаалын нэршил өөрчлөгдсөн гэж маргажээ.

 

Хэргийг судлан үзвэл: Хариуцагч Сэлэнгэ аймгийн ШҮГ нь Монгол шуудан ХК-ны орон нутгийн салбар байх ба  тухайн салбарыг ХКомпаний Гүйцэтгэх захиралтай байгуулсан контракт гэрээний дагуу  аймгийн ШҮГ-н дарга нь компаний бизнес төлөвлөгөөний дагуу  орон нутгийн үйл ажиллагаагаа явуулж, Гүйцэтгэх захирлаас олгосон эрх хэмжээний хүрээнд компанийг төлөөлж, шүүхэд хариуцагчаар  оролцох мөн  тус компаний хөдөлмөрийн дотоод журам болон ажлын байрны тодорхойлолтод аймгийн ШҮ-ий дарга нь тухайн жилд батлагдсан орон тоонд багтаан салбарын ажилтнуудыг томилж чөлөөлөх эрхтэй байхаар  тус тус заасан байна.

 

Иймд тухайн хэргийн нэхэмжлэгч Д.Х нь Сэлэнгэ аймгийн ШҮГ-г ажил олгогч хэмээн тодорхойлж хариуцагчаар татсан нь үндэслэлтэй.

 

Нэхэмжлэгч Д.Х-г Монгол Шуудан ХК-ний гүйцэтгэх захирлын 2016 оны 11 сарын 04-ний өдрийн Б/192 дугаартай  “Орон тоо нэмж батлах, ажилд томилох ажилтныг өөр ажилд шилжүүлэх тухай”  тушаалаар Сэлэнгэ аймгийн ШҮГ-н шуудангийн логистик менежерийн  ажилд  томилохыг ШҮГ-н даргад  үүрэг болгосноор  2016 оны 11 сарын 05-ны өдрийн 24 дугаартай тушаалаар тухайн албан тушаалд томилсон байна.

Ажил олгогч нь “Монгол Шуудан” ХК-аас орон тооны бүтэц орон тоо батлахдаа манай газрын логистик менежерийн орон тоог цомхотгосон гэж тайлбарлаж байгаа боловч хэрэгт  “Монгол Шуудан” ХК-ний Төлөөлөн Удирдах Зөвлөл болон Гүйцэтгэх захирлын тухайн ажлын байрыг цомхотгох болсон тухай холбогдох материалыг шүүхэд ирүүлээгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.Х нь  манай байгууллагын хувьд логистикийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа бөгөөд 2016 оноос орон тооны төлөвлөгөөнд логистик менежерийн албан тушаалы нэршилийг  менежер гэж бичиж батлуулсан байдаг  бөгөөд 2018 онд тухайн албан тушаалын нэршил гаалийн бүрдүүлэгч гэж өөрчилсөн, энэ албан тушаалд одоогоор хүн томилогдоогүй  байгаа гэж тайлбарладаг.

 Зохигчдын шүүхэд гаргасан тайлбар болон хэрэгт нотлох баримтаар авагдсан ажилтны ажлын байрны тодорхойлолт,  Сэлэнгэ аймгийн ШҮГ-н 2016, 2017, 2018, 2019  оны орон тооны төлөвлөгөө, ажил олгогчийн албан тушаалын нэр өөрчлөх, ажилтаныг өөр ажилд шилжүүлэх тухай тушаалуудын хуулбар  зэргээс  үзвэл  ажил олгогчийн зүгээс байгууллагын  албан тушаалын нэршилийг ямар нэгэн үндэслэлгүйгээр удаа дараа өөрчилж байсан болох нь тогтоогдож байгаа бөгөөд гаалийн бүрдүүлэгчийн ажлын байрны тодорхойлолт нь  логистик менежерийн ажлын байрны тодорхойлолтоос өөр болох нь тогтоогдохгүй, ажил үүргийн хуваарь нь нэг болох нь дээрх баримтуудаар нотлогдож байх ба ажил олгогч орон тоо хасагдсан үндэслэлээр Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-т зааснаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцласан нь үндэслэлгүй болжээ.

Иймд нэхэмжлэгчийн албан тушаалын орон тоо хасагдаагүй, зөвхөн нэршил өөрчлөгдсөн гэсэн гомдол үндэслэлтэй байх тул ажилтан Д.Х-г ажил олгогч нь  ажлаас үндэслэлгүй халагдсан гэж үзэж түүнийг урьд ажиллаж байсан ажилд нь эгүүлэн тогтоох нь үндэстэй бөгөөд ажилтныг эргүүлэн томилохдоо урьд байсан ажлын нэршил өөрчлөгдсөн гэж үзэж байгаа тул тухайн албан тушаалын одоогийн нэршил болох гаалийн бүрдүүлэгчийн ажилд  эгүүлэн тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

Анхан шатны шүүхээс ажилтаны ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг хөдөлмөрийн хуулийн 69 дүгээр зйүлийн 1-д заасны дагуу тооцсон нь үндэслэлтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 360 дугаартай шийдвэрийн Тогтоох хэсгийн    

1 дэх заалтыг :

“1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Х-г Сэлэнгэ аймгийн ШҮГ гаалийн бүрдүүлэгчийн ажилд эгүүлэн тогтоосугай.” гэж, өөрчлөн шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

    2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвтйн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног  өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй. 

 

 

                                  ДАРГАЛАГЧ                           Б.БАТЗОРИГ

                                  ШҮҮГЧИД                               Д.БУЯНЖАРГАЛ

                                                                                 Г.ДАВААРЕНЧИН