Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 102/ШШ2024/01487

 

 

                                   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Орхон аймаг, Баян-Өндөр сум,   тоотод оршин суух, С овогт Г А гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 13 дугаар хороо,   оршин байрлах, “М” ХХК-д холбогдох,

 

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 35,895,290 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай үндсэн,  

29,922,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч Г. нь “М” ХХК холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 35,895,290 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд:

Миний бие Г овогтой  нь М” ХХК- тай 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ байгуулан, 1/нэг/ сарын 2,000,000 төгрөгийн цалинтайгаар жолоочоор ажиллаж эхэлсэн.

Ийнхүү ажиллах хугацаандаа миний бие удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэн, үр бүтээлтэй ажиллаж ирсэн. Гэвч хариуцагч байгууллагын удирдлагын зүгээс талуудын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон цалин хөлсийг тогтмол өгөхгүй байх нь хэвийн явдал болж хувирсан. Өөрөөр хэлбэл ажил олгогчийн зүгээс 2022 оны 8 дугаар сард 2,000,000 төгрөг, 9 дүгээр сард 800,000 төгрөг нийт 2,800,000 төгрөгийн цалин хөлс олгосон. Энэ талаар Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулалт гурван талт хороонд хандсан боловч ажил олгогч талаас тухайн хуралд оролцоогүй, оролцохгүй гэх тайлбар ирүүлсэн тул тухайн хороо ямар нэгэн шийдвэрт хүрэлгүйгээр тухайн маргааныг шүүхээр шийдвэрлүүлэх талаар шийдвэрлэсэн 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр шийдвэр гарч, тухайн шийдвэрийг 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гардаж авсан. Түүнчлэн “М” ХХК-ийн зүгээс намайг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан гэж байгаа хэдий ч надад албан ёсоор ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулаагүй. Г. миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйл болон хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаас халагдсан хэмжээний алдаа, дутагдал огт гаргаагүй. Гэтэл намайг ийнхүү ажлаас үндэслэлгүйгээр халсан байдлыг миний бие хэрхэвч хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Иймд намайг “М” ХХК-ийн жолоочийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 35,895,290 төгрөг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгаж өгнө үү.” гэжээ.

 

2. Хариуцагч “М” ХХК хариу тайлбартаа: “Манай “М” ХХК-д 2022 оны 7 дугаар сараас 12 дугаар сар хүртэл хугацаанд жолоочийн орон тоонд ажилласан Гомбо овогтой  анх ажилд орсноосоо хойш 11 сарыг хүртэл тээврийн ажилд яваагүй ба ОХУ-Украйны асуудлаас болон бидний ажилд ойр ойрхон өөрчлөлт гарсан учраас үйл ажиллагаа тогтворжихгүй байсаар анхны ажилд жолооч г явуулсан юм. Гэвч тэрбээр олон улсын тээвэрт ачаа тээвэрлэн ажлаа хийх явцдаа удирдлагын зааврыг дагаагүй, ажлын явцад олон өдөр согтууруулах ундаа хэрэглэн, компанийн өмч болох ачааны машиныг барьцаалж, дур мэдэн худалдана гэх мэт зүй бус сүрдүүлэг, авир маш их гаргасан нь утасны чатанд хадгалагдан үлдсэн байгаа ба нотолгоо болох буй за. Тиймээс бид олон улсын тээврийн анхны ачилт дээрээ бүтэлгүйтэн үйл ажиллагаа буцаад зогссон. Компанийн өмчийг Ти Эй Транспорт Лайн (6944957) компанид худалдан шилжүүлэх гэтэл машины хамт зугтаан нуусан. Тиймээс машин худалдан аван өмчлөгч нь болсон Ти Эй Транспорт Лайн компани г Цагдаагийн байгууллагад мэдэгдэн, тэдний хамт очиж тээврийн хэрэгслийг хүлээж авсан юм. Мөн тээвэрлэлтийн үед ачаагаа тээвэрлүүлж байсан гадаадын байгууллага гомдолтой байгаа ба хэлэлцэх шатанд явж байгаа. Хэрэв тэр харилцагч байгууллага хохирол барагдуулах шийдвэр гаргавал тэрхүү хохирлыг бид иргэн гаас нэхэмжлэх болно. Цалинг бид жилийн хугацаанд хэсэгчлэн өгөх л боломжтой. Одоогоор ямар ч үйл ажиллагаа эрхлээгүй байгаа учир төлөлтийг 10 дугаар сараас эхлэн дараа жилийн 10 дугаар сар хүртэл хэсэгчлэн өгөх л боломж байна. Хэрэв гадаадын байгууллага хохирол барагдуулах шийдвэр гаргавал бид эргүүлэн гаас хохирлыг нэхэмжлэхдээ уг нэхэмжлэгдсэн цалингийн дүнг оролцуулан тооцох болохыг үүгээр урьдчилан мэдэгдье.” гэж маргажээ.

 

3. Хариуцагч “М” ХХК нь нэхэмжлэгч Г.д холбогдуулан 29,922,000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан.

Хариуцагч “М” ХХК сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “Г. нь манай байгууллагын эзэмшлийн *улсын дугаартай автомашины жолоочоор ажиллана гэдэг үндэслэлээр хөдөлмөрийн гэрээ байгуулан цалинжиж ажиллаж байсан боловч 1 ч удаа байгууллагын зүгээс ажилд гаргаагүй манай байгууллагад тээвэрлэлтийн орлого орж байгаагүй. Манай машиныг байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлж өгчхөөд тээвэр хийх машингүй болсон байгууллагад жолоочоор үргэлжлүүлэн ажиллана гээд шаардаад байгаа нь өөрөө ойлгомжгүй зүйл юм.

Г.д байгууллагын *улсын дугаартай автомашинд улс хоорондын тээвэр хийхэд шаардлагатай автомашины сэлбэг ав гэж байгууллагын Худалдаа хөгжлийн банкны 426046200дугаартай юанийн данснаас 2022 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр 19.500 юань буюу 9.048.000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 1900 юань буюу 874.000 төгрөгийг тус Г.гийн Хаан банкны 5017099153 тоот дансанд 9.922.000 төгрөгийг шилжүүлсэн үйл баримттай талууд маргах боломж үгүй бөгөөд Г. сэлбэг ч авалгүй зугтаж алга болсон. Мөн манай байгууллагад жолооч байсан Баянбилэгтэй хамтарч хулгайн тээвэр хийж түүнээс тээврийн хөлс хайр даагаарай гэсэн утгатайгаар 2022 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 3.200.000 төгрөг дансандаа авч байснаас тодорхой харагдаж байна.

Хил хамгаалах ерөнхий газраас “М” ХХК-ийн тээврийн хэрэгслүүд хилээр орсон гарсан эсэх лавлагаа авахад манай байгууллагын зөвшөөрөлгүйгээр, хулгайгаар 2 удаа хилээр ачаа бараа тээвэрлэж манай машиныг ашигласан болох ХХЕГ-аас авсан 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 2-4в/6483 дугаартай албан бичгээр тогтоогдоно гэж үзэж байна. Г. нь нь манай компанийн зөвшөөрөлгүйгээр хулгайн тээвэр хийж тээвэрлэлтийн зардлыг хувьдаа завшсан байгаа нь цалин хөлсний маргаантай шууд холбогдоно. Манай компанид ачаа тээвэрлэлтийн орлого орж ирснээр бид жолооч Г.гийн цалин хөлсийг төлөх нь хуульд нийцэх үйлдэл болно. Хамгийн багаар бодоход нэг удаагийн рейсээс 10,000,000 төгрөг олох ба байсан ба 2 удаагийн тээвэр 20,000,000 төгрөг болно.

Иймд “М” ХХК-аас машины сэлбэг авахад шилжүүлсэн 9,922,000 төгрөгийг гаргуулж, “М” ХХК-ийн эзэмшлийн *улсын дугаартай автомашиныг компанийн зөвшөөрөлгүйгээр хулгайн тээвэр хийснээс олох байсан 20,000,000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү.” гэж тайлбарласан.

 

4. Нэхэмжлэгч Г. нь хариуцагч “М” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагад бичгээр тайлбар гаргаагүй болно.

 

5. Нэхэмжлэгчээс Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-3/, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-4/, Хөдөлмөрийн гэрээ /хх5-11/, Баянгол дүүргийн хөдөлмөрийн эрхийн зохицуулалт гурван талт хорооны хуралдааны тэмдэглэл /хх12-15/, Европ зам хөгжил ХХК-ийн хүсэлт /хх-16/, Г.гийн дансны хуулга /хх17-26/, Итгэмжлэл /хх-52/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчаас “М” ХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-35/, Хариу тайлбар /хх-36/, Итгэмжлэл /хх-54/, Хил хамгаалах Ерөнхий газрын лавлагаа /хх67-68/, Сөрөг нэхэмжлэл /хх-69/, Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх-70/, Гар утасны бичлэгийн хөрвүүлэлт /хх-72/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Хариуцагчийн хүсэлтээр Гаалийн Ерөнхий газраас ирүүлсэн нотлох баримт /хх89-91, 108/, Үзлэгийн тэмдэглэл /хх111-112/, Хил хамгаалах Ерөнхий газраас лавлагааны хариу /хх121-123/ зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч Г. дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...“М” ХХК-ийн зүгээс намайг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан гэж байгаа хэдий ч надад албан ёсоор ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулаагүй. Г. миний бие Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйл болон хөдөлмөрийн гэрээнд заасан ажлаас халагдсан хэмжээний алдаа, дутагдал огт гаргаагүй. Гэтэл намайг ийнхүү ажлаас үндэслэлгүйгээр халсан байдлыг миний бие хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй тул жолоочийн ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 35,895,290 төгрөг гаргуулж, эрүүл мэнд нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид даалгахыг шаардах эрхтэй.” гэжээ.

 

3. Хариуцагч “М” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “...2022 оны 7 дугаар сараас 12 дугаар сар хүртэл хугацаанд жолоочийн орон тоонд ажилласан Г. анх ажилд орсноосоо хойш 11 сарыг хүртэл тээврийн ажилд яваагүй ба 12 дугаар сард анхны ажилд явуулсан. Гэвч тэрбээр олон улсын тээвэрт ачаа тээвэрлэн ажлаа хийх явцдаа удирдлагын зааврыг дагаагүй, ажлын явцад олон өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн. Г. өөрөө ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг гаргасан. Манай машиныг байгууллагын зөвшөөрөлгүйгээр бусдад шилжүүлсэн, тээвэр хийх машингүй болсон байгууллагад жолоочоор үргэлжлүүлэн ажиллана гээд шаардаад байгаа нь өөрөө ойлгомжгүй.” гэж маргажээ.

 

4. Хариуцагч “М” ХХК сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “Г.д байгууллагын *улсын дугаартай автомашинд улс хоорондын тээвэр хийхэд шаардлагатай автомашины сэлбэг ав гэж байгууллагын данснаас түүний дансанд 9,922,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд Г. сэлбэг ч авалгүй зугтаж алга болсон. Мөн манай байгууллагын зөвшөөрөлгүйгээр, хулгайгаар 2 удаа хилээр ачаа бараа тээвэрлэж манай машиныг ашигласан. Хамгийн багаар бодоход нэг удаагийн рейсээс 10,000,000 төгрөг олох ба байсан ба 2 удаагийн тээвэр 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс шаардах эрхтэй.” гэж тайлбарласан.

 

5. Нэхэмжлэгч Г.гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  “...Г.гийн дансны хуулгаар машинд сэлбэг авсан нь харагдана, үүнтэй холбоотой баримтыг тус компанийн нягтлан бодогч Пүүжээд хүлээлгэн өгсөн гэдэг. Хариуцагчаас сөрөг нэхэмжлэлээ дэмжсэн ямар ч баримт гаргаж өгөөгүй. Г. нь компанийн ажлаас өөр хулгайн ажилд явсан гэсэн баримт байхгүй. Сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.” гэж маргасан.

 

 6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.1-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг талууд эхний ээлжид харилцан тохиролцож шийдвэрлэх бүхий л хүчин чармайлт гаргах үүрэгтэй”, 154 дүгээр зүйлийн 154.2-т “Хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш  дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй”, 154.2.1-д “Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор” гэж заажээ. 

 

Нэхэмжлэгч Г. нь дээрх хуульд заасны дагуу хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр Баянгол дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандаж гомдол гаргасан байх ба уг хорооноос 2023 оны 4 дүгээр сарын 19-ний өдрийн шийдвэрээр “...талууд маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар харилцан тохиролцоогүй үндэслэлээр...” ажиллагааг дуусгавар болгожээ.  Нэхэмжлэгч дээрх хариуг 2023 оны 5 дугаар сарын 10-ны өдөр авснаас хойш шүүхэд 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдөр хандсан байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч, хянан шийдвэрлэх нь хуульд нийцнэ.

 

8. Ажил олгогч “М” ХХК нь ажилтан Г.г жолоочоор ажиллуулахаар 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “Хөдөлмөрийн гэрээ”-г байгуулсан байх ба талуудын хооронд хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүссэн байна. /хх5-11/

 

9. Нэхэмжлэгч Г. нь М” ХХК-д жолоочоор ажиллаж байсан талаар талууд маргаагүй, харин хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах санаачилгыг ажилтан, ажил олгогчийн хэн аль нь гаргасан эсэх, ажилтан байгууллагын зөвшөөрөлгүйгээр ачаа бараа тээвэрлэсэн эсэх талуудын маргааны зүйл нь байна.    

 

10. Ажилтныг ажилд авах, ажлаас халах тохиолдол бүрт ажил олгогч шийдвэр гаргах ба уг шийдвэр нь хууль зүйн факт болохын хувьд эрх зүйн үр дагавар үүсгэдэг тул шийдвэрийг бичгээр гаргах шаардлагатай.

 

Гэтэл ажил олгогч “М” ХХК нь ажилтан Г.г ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй, атлаа ажилтны ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгоогүй үйлдэл нь Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн  83 дугаар зүйлийн 83.4 дэх хэсэгт “Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэрийг ажил хүлээлцэхээс өмнө бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргаж, ажилтанд танилцуулж, уг шийдвэрийн хувийг хүлээлгэн өгнө. Хэрэв ажилтан тухайн шийдвэрийг хүлээн авахаас татгалзсан бол ажилтны оршин суугаа газрын хаягаар шийдвэрийг шуудангаар хүргүүлснээр тухайн шийдвэртэй танилцсанд тооцно.” гэж заасныг зөрчжээ.

 

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Г.гийн “…“М” ХХК-ийн зүгээс намайг ажлаас чөлөөлсөн тушаал гарсан гэж байгаа хэдий ч надад албан ёсоор ажлаас чөлөөлсөн тушаалыг гардуулаагүй…” гэх тайлбар болон 2024 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан баримтыг хариуцагчаас гаргуулахаар шүүх хуралдааныг хойшлуулсан боловч хариуцагчаас уг баримтыг гаргаж өгөөгүй тул ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан шийдвэрийг бичгээр гаргаагүй болох нь тогтоогдож байна.

 

11. Ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж, өгөөгүй атлаа ажилтны ажил, үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзэх талаар Улсын дээд шүүх тайлбарласан. Гэвч шүүх хэрэгт авагдсан, болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын хүрээнд дүгнэлт хийх учиртай.

 

Учир нь шүүх зохигчийн хүсэлтээр хариуцагчийн төлөөлөгч Х.Айнагийн 99708343 дугаартай хаягаас нэхэмжлэгч Г.гийн 99366604 дугаарын хаягтай харилцаж байсан харилцан ярианы 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн аудио бичлэгт үзлэг хийх ажиллагааг гүйцэтгэсэн ба үзлэгээр нэхэмжлэгч Г. нь “Айна, ахын дүү нөгөө ахынхаа ажлаас халагдах тушаалыг гаргаад, тэгээд өөрийн хүсэлтээр халагдсан тушаал гаргаад надруу явуулчих. Ямар ч байсан ажлаасаа халагдчихсан нь дээр…” гэжээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дах хэсэгт “Хэргийн нотлох баримт нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, бичмэл ба цахим баримт, эд мөрийн баримт, эсхүл баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, кино ба гэрэл зураг, зураглал, дүрс, дууны бичлэг, ул мөрнөөс буулгаж авсан хэв, үзлэг, туршилт, таньж олуулах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл зэрэг нотолгооны хэрэгслээр тогтоогдоно.” гэж заасан.

 

Дээрх аудио бичлэгээс үзэхэд Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дах хэсэгт заасны дагуу ажилтан Г. нь хариуцагч “М” ХХК-д цаашид ажиллах хүсэл зориггүй болохоо илэрхийлсэн буюу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өөрийн санаачилгаар цуцалсан гэх үйл баримт тогтоогдсон. /хх-72,111-112/

 

12. Ажил олгогч, ажилтан нарын хооронд 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдөр хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, хөдөлмөрийн харилцаа үргэлжилсэн, ажил олгогчоос ажилтанд 2022 оны 8 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарыг дуустал хугацаанд цалин хөлсийг олгож байсан нь ажилтны нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаагаар тогтоогдож байх бөгөөд ажил олгогчоос хөдөлмөрийг гэрээг цуцлах тухай тушаал гараагүй тул 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилтныг хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өөрийн санаачилгаар цуцлах хүсэлт гаргах хүртэл буюу 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл нэхэмжлэгч Г.гийн  ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч М” ХХК-аас тооцон нөхөн гаргуулах нь Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт заасантай нийцнэ. /хх-4/

 

13. Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайдын 2021 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн А/192 тоот тушаалын хавсралт “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 2.3, 2.3.5-д заасны дагуу нэхэмжлэгчийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо сүүлийн гурван сар буюу Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтод бичигдсэн 2022 оны 10, 11, 12 дугаар саруудын цалингаас тооцсон болно.

 

Иймээс 2023 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 02 дугаар сарын 16-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны ажлын 34 хоногийн цалинтай тэнцэх хэмжээний олговорт 2,591,623 /34 хоног х 76,224 төгрөг = 2,591,623/ төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

14. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 43 дугаар зүйлийн 43.2.7-д Ажилтныг нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах, хуульд заасан хэмжээгээр шимтгэл төлөх, тайлагнах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлснийг баталгаажуулах гэж ажил олгогчийн үндсэн үүргийг заасныг баримтлан нэхэмжлэгч Г.гийн нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, зохих баталгаажуулалт хийхийг М” ХХК-д даалгах үндэслэлтэй байна.

 

15. Иймд нэхэмжлэгч Г. нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг өөрийн санаачилгаар цуцалсан байх тул нэхэмжлэгчийн М” ХХК-ийн жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох шаардлагыг хэрэгсэхгүй болгов.

 

16. Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Хариуцагч М” ХХК-аас нэхэмжлэгч Г.д холбогдуулан байгууллагын *улсын дугаартай автомашинд сэлбэг авхуулахаар 9,922,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд сэлбэг авалгүй зугтаж алга болсон. Мөн хулгайгаар 2 удаа хилээр ачаа бараа тээвэрлэж манай машиныг ашигласан. Нэг удаагийн рейсээс 10,000,000 төгрөг олох ба байсан ба 2 удаагийн тээвэр 20,000,000 төгрөг нийт 29,922,000 төгрөгийн нэхэмжлэгчээс гаргуулах сөрөг нэхэмжлэл гаргажээ.

 

17. Хариуцагч Г.гийн Хаан банкны 5017099153 тоот харилцах дансны дэлгэрэнгүй хуулгаас үзэхэд 2022 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 9,048,000 төгрөг, 2022 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр 874,000 төгрөгийг нийт 9,922,000 төгрөгийг “М” ХХК-аас сэлбэг, дугуй гэх гүйлгээний утгыг тодорхойлж шилжүүлсэн үйл баримт тогтоогдож байна. /хх20-ар тал, 21-ар тал/

 

18. Хариуцагч “М” ХХК-аас нэхэмжлэгч Г.д Итгэмжлэл олгогдсон бөгөөд түүнд автомашиныг жолоодох, техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, замын цагдаад төлөөлөн гарын үсэг зурах, Монгол Улсын хилийн гадна зорчих, бусад улсын хилээр нэвтрэх, дамжин өнгөрөх эрхтэйгээр дээрх зааврын биелэлттэй холбоотой бүхий л ажиллагааг гүйцэтгэх гэжээ. /хх-15/

 

Энэхүү итгэмжлэлийн дагуу нэхэмжлэгч Г. нь техникийн бүрэн бүтэн байдалд хяналт тавих, мөн Хөдөлмөрийн гэрээний 7.5, 7.6-д заасны дагуу хариуцагч “М” ХХК-аас улс хоорондын тээвэр хийхэд шаардлагатай автомашины сэлбэг авахад зориулан шилжүүлсэн 9,922,000 төгрөгөөр автомашинд сэлбэг авсан болох нь нэхэмжлэгчийн дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдсон ба нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “...Г.гийн дансны хуулгаар машинд сэлбэг авсан нь харагдана, үүнтэй холбоотой баримтыг тус компанийн нягтлан бодогч Пүүжээд хүлээлгэн өгсөн...” гэх тайлбарыг хариуцагч баримтаар үгүйсгээгүй. /хх20-26/

 

19. Түүнчлэн, 2023 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Гаалийн ерөнхий газраас 01-12/4397 дугаар албан бичгийг шүүхэд ирүүлжээ. Үүнд: “...Гаалийн ерөнхий газрын Статистик, дүн шинжилгээний хэлтсээс шалгуулахад Г. иргэний нэр дээр гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн мэдээлэл 2010 оноос хойших гаалийн мэдүүлгийн санд бүртгэгдээгүй байна...” гэжээ. Мөн 2024 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Хил хамгаалах ерөнхий газрын 2-3в/1011 дүгээр албан бичгээр Г. нь 2022 оны 12 дугаар сарын 28, 30-ны өдрүүдэд   улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон улсын хил нэвтэрсэн болохыг зорчигчийн мэдээллийн лавлагааны хамт ирүүлжээ. /хх89-91, 122-123/

 

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч Г. иргэний нэр дээр гаалийн мэдүүлгээр бүрдүүлэлт хийсэн мэдээлэл 2010 оноос хойших гаалийн мэдүүлгийн санд бүртгэгдээгүй байна гэх бөгөөд *улсын дугаартай автомашинаар хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр хилээр ачаа, бараа тээвэрлэсэн болох нь тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Зохигч, түүний төлөөлөгч нь хэргийн үйл баримт, гэм буруу байгаа эсэхийг нотлох буюу үгүйсгэх замаар мэтгэлцэх эрхтэй”, мөн хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д “хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан бөгөөд хариуцагчаас нэхэмжлэгчид 9,922,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд сэлбэг авалгүй зугтаж алга болсон, хулгайгаар 2 удаа хилээр ачаа бараа тээвэрлэсэн гэх сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.

 

20. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” бол хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө олж авсан этгээдээс буцаан шаардах эрхтэй гэж заасан. “Хөрөнгө олж авсан этгээд” гэж маргааны зүйл болох эд хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг ойлгох бол “үүрэг гүйцэтгэгч этгээд” гэж уг эд хөрөнгийг шилжүүлсэн этгээдийг хэлнэ. Өөрөөр хэлбэл, хариуцагч “М” ХХК-аас улс хоорондын тээвэр хийхэд шаардлагатай автомашины сэлбэг авахад зориулан шилжүүлсэн 9,922,000 төгрөг, мөн *улсын дугаартай автомашиныг хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр 2 удаа хилээр ачаа, бараа тээвэрлэн 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч Г. нь хувьдаа авсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

21. Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

22. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 377.810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид 56,415 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасантай нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэг, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч М” ХХК-аас 2,591,623 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.д олгож, Г.гийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, төлснийг баталгаажуулахыг хариуцагч М” ХХК-д даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх жолоочийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 33,303,667 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй тул нэхэмжлэгч Г.д холбогдуулан машины сэлбэг авхуулахаар шилжүүлсэн 9,922,000 төгрөг, “М” ХХК-ийн эзэмшлийн *улсын дугаартай автомашиныг компанийн зөвшөөрөлгүйгээр хулгайн тээвэр хийснээс олох байсан 20,000,000 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч “М” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 377.810 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 56,415 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дах хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ