Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 09 өдөр

Дугаар 587

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа,

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч Ц.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.А холбогдох эрүүгийн 1706 00218 0069 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны  дугаар сарын 0-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, нөхөр, хүүхдийн хамт Д аймгийн сум, 3 баг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, Ц.А /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ц.А нь 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Хүслэнт Цант кафе дотор хохирогч Б.Н зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Б.Н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Вэллмарт сүлжээ дэлгүүрийн нягтлан бодогч ажилтай, тэгтэл 2017 оны 07 дугаар сарын 14-ны 22 цаг өнгөрч байхад ажлынхаа өрөөнд сууж байтал манай касс Туяацэцэг манай өрөөнд орж ирээд хоёр эмэгтэй тооцоогоо хийхгүй, худалдагч Цэрэнханд АТМ орж мөнгө авч ирэхээр хамт гараад орж ирэхгүй байна гэж хэлсэн тэгээд би Туяацэцэг эгчээс хаачсан юм гэж асуухад хажуу талын кафед байгаа гэж хэлсэн тэгээд би араас нь гартал Цэрэнханд карт нь уншихгүй байна гээд зогсож байсан. Би ороод бэлэн мөнгө байвал төлчих гэсэн бэлэн мөнгө байхгүй, энэ кафед бас тооцоотой юм байна гэсэн, тэгээд тооцоогоо хийчих гээд 5-6 минут зогсож байтал гэнэт надруу дайраад хэл амаар доромжилоод байсан тэгэхээр нь утсаараа бичлэг хийсэн тэгтэл миний утсыг аваад шидчихсэн. Мөн намайг үсдэж аваад зам дээр чирсэн миний өвдөг, зүүн гарын тохой шалбарсан байсан. Мөн миний нүүрний зүүн талын хацар, шанаа орчимд маажиж сорви үүсгэсэн байсан. Одоо миний толгой өвдөөд байгаа, манараад байгаа юмаар цохьсон юм уу эсхүл үсдүүлсэнээсээ болоод өвдөөд байгаа хоёрын аль нь болохыг мэдэхгүй байна. Тухайн үед кафены ажилчид салгасан, пивоны шил аваад шидсэн, гэхдээ тэр шил намайг оноогүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 10-14 дүгээр хуудас/,

Гэрч Г.Ц мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 07-р сарын 14-ний оройн 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 16-р хороо Вэллмарт хүнсний дэлгүүрт ажил дээрээ байж байтал үл таних 2 эмэгтэй манай дэлгүүрт орж ирээд 1 ш архи, 2 ш пиво бичүүлтэл карт өгсөн эмэгтэйгийнх нь мөнгө хүрэхгүй байна гээд манай касс Туяацэцэг хэлтэл нөгөө эгч гэнэт уурлаад Миний картанд сая гаран төгрөг байгаа, яахаараа уншдаггүй юм гээд карт уншихыг хүлээж байх зуур 2 пиво задлаад тэр 2 эгч уугаад байсан. Тэгэхээр нь Туяацэцэг эгч намайг АТМ ороод картыг нь шалгаад ир гэхээр нь би Офицерийн Хаан банкруу очоод картыг нь үзтэл карт нь гэмтсэн байна гээд уншигдахгүй байсан. Тэгэхээр нь би буцаад дэлгүүр лүү явтал нөгөө 2 эгч замын эсрэг талд байрлах Хүслэн паабын гадаа саравчинд сууж байсан. Тэгээд буцаад Хүслэн кафе дээр иртэл манай нягтлан Н миний араас кафе дээр ирсэн. Тэгтэл нягтлан Н намайг касс Туяацэцгийг дуудаад ир гэхээр нь би ажилруу ороод дэлгүүрт очоод байж байтал араас Н хүнд зодуулсан байртай орж ирсэн. Тэгээд цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 15-16 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн ¹8996 дүгнэлтэд “Н биед зүүн хацар, зүүн нүдний доод зовхи, эрүү, хүзүү, баруун, зүүн талын өвдөгний зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо.  хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 9 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 20 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ц.А нь 2017 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Хүслэнт Цант кафе дотор хохирогч Б.Н зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ц.А т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч  нь ойлгосон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Ц.А ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.