Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2021/ДШМ/90

 

 

 

 

 

Б.Бад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Энхмаа даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдаанд:

 

            Прокурор П.Даваасүрэн

            Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Л.Чинбат /цахим сүлжээгээр/

            Хохирогч Т.Мижиддорж /цахим сүлжээгээр/

            Хохирогчийн өмгөөлөгч Б.Тэнгис /цахим сүлжээгээр/

            Нарийн бичгийн дарга З.Анхбаяр нарыг оролцуулан

 

Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Гандансүрэн даргалж шийдвэрлэсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдааны 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЗ/700 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурор П.Даваасүрэнгийн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар эсэргүүцлээр Б.Бад холбогдох эрүүгийн 2034002350377 дугаартай хэргийг 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн,

 

Б.Б нь 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 20 цаг 30 минутын орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4 дүгээр багийн нутагт Улаанбаатар хотоос Хэнтий аймаг явах чиглэлийн 91 дэх километрт “Тоёота ланд круйзер-80” маркийн 12-99 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11 дүгээр бүлгийн 11.3 дахь хэсэгт заасан “...эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно...” гэсэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Д.Сугарын жолоодож явсан “Тоёота Ланд круйзер-200” маркийн 36-36 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гаргаж бусдын эд хөрөнгөд их хэмжээний буюу 95.419.756 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Төв аймгийн Прокурорын газраас Б.Бад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

 

Анхан шатны шүүх: Тухайн шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЗ/924 дугаартай захирамжид 3 үндэслэлээр шалгавал зохих нөхцөл байдлыг шалгаж тодруулаагүй, дутуу шалгасан, орхигдуулсан гэж үзсэн.

 

Дээрх шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагч эсэргүүцэл бичиж тус аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхээр хянагдсан.

 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2020/ШЗ/924 дугаартай "хэргийг прокурорт буцаах тухай" захирамжийг хянан хэлэлцээд тус захирамжид заасан заалтуудын хөндлөнгийн гэрч П.Цогтоо, М.Бадралт нарын гарын үсэг мөн эсэхийг шалгаж тодруулах шаардлагатай гэсэн заалтыг шалгах ажиллагаа хийх шаардлагагүй гэж үзэн бусад заалтуудыг хүлээн авч шүүгчийн захирамжийг хэвээр үлдээн улсын яллагчийн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

 

Гэтэл шүүхээс буцсан хэрэгт нэмэлт ажиллагаа хийхдээ Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалд заагдсан ажиллагаануудаас шүүгдэгч Б.Бын ял шалгах хуудас хэрэгт авагдаагүй, түүний хувийн байдлыг бүрэн тогтоогоогүй гэсэн заалтыг хийж гүйцэтгэсэн атлаа нөгөө заалт болох гэрч Б.Буян-Арвижихын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгийг шалгаж тогтоох шаардлагатай гэснийг орхигдуулсан байна.

 

Тиймээс шүүгдэгч Б.Бад холбогдох хэрэгт шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдож байна гэж үзлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Бад холбогдох хэргийг буцааж дараах асуудлыг шалгавал зохино.

 

Үүнд: Хавтас хэргийн 45 дугаар хуудсанд авагдсан гэрч Б.Буян-Арвижихын мөрдөн байцаалтын шатанд 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр өгсөн “...хэмжилт хийж байх үед цагдаа нар “А” цэг тавин хэмжилт хийж эхэлсэн бөгөөд нөгөө талын маргалдсан тээврийн хэрэгслийн зорчигч, жолооч нар нийлсэн 3 залуу хэл ам хийж “А” цэг ийм байх ёсгүй, аваар энд болсон гэж урсгал сөрүүлж тавиулах талаар маргаан болсон бөгөөд би нөгөө залуучуудтай маргалдсан..., ...би өмнө нь хэргийн газарт анх тавьсан байсан “А” цэгийн зургийг оруулж хэргийн газрын ерөнхий зургуудыг өөрийн гар утсан дээрээ авч амжсан байсан. Тэгээд нөгөө залуучууд цагдаа нарыг дагуулан очиж эхний тавьсан байсан “А” цэгийг өөрчлөн эсрэг урсгалд оруулан тавьж хэмжилтийг хийж дуусгасан. Би тэр хооронд дахин зураг авах гэхэд намайг нөгөө залуучууд болон цагдаа нар хэргийн газарт ойртуулахгүй болохоор нь холоос өөрчилсөн “А” цэгийн зургийг дахин дарсан юм. Тухайн үед нөгөө талын жолооч, зорчигч нар цагдааг “чи хэмжилт хийж чадахгүй бол тэр прокуророо дууд, би хууль мэддэг хүн, эхний мөргөлдсөн “А” цэгийн мөр нь энд байна гээд дарамтлаад үүрэгт ажлыг нь хийлгэхгүй хөндлөнгөөс нөлөөлж байсан юм. Одоо надад тухайн үеийн хэргийн газрын үзлэгийн зураг байгаа бөгөөд би угаалгаж өгөх болно.

 

Мөн нөгөө талын жолооч, зорчигч нар эхний мөр энд байна, дараагийн мөр энд байна гэх зэргээр өөрсдөө зааж “А” цэгийг татуулж хэмжилт хийлгүүлсэн байгаа..., ...анх бол дуудлагад ирсэн замын цагдаа ирээд өөрөө үзэж харж байгаад “А” цэгээ тавьсан бөгөөд нөгөө талын залуучууд хэл ам хийхэд цагдаа нь би өөрөө мэдэж байна, үгүй бол та нар өөрсдөө хэмжилтээ хийх юм уу гээд уурлаж байсан...”   гэсэн мэдүүлгийг шалгаж тодруулаагүй байна гэж үзэн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр хэргийг Төв аймгийн прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

 

Прокурор П.Даваасүрэнгийн бичсэн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 17 тоот эсэргүүцэлд: Хэрэгт гэрч Б.Буян-Аривжихын мэдүүлгийг шалгах зорилгоор мөрдөн байцаалтын ажиллагаагаар тухайн хэрэгт хөндлөнгийн гэрч, хэрэгт хэргийн газрын үзлэг хийсэн мөрдөгч, хохирогч, гэрчүүдээс “А” цэгийн талаар маргасан эсэхийг торуулан асуухад маргасан зүйлгүй гэсэн мэдүүлгийг өгсөн байхад хэрэгт шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийгээгүй гэж үзэн хэргийг буцаасан нь үндэслэлгүй байна.

 

Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байхад хэргийг буцаах үндэслэлээ болгосон нь ойлгомжгүй байна.

 

Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичив гэжээ.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор П.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Тухайн хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр өмнө нь буцаасан анхан болон давж заалдах шатны шүүхээс заасан ажиллагаануудыг хийж гүйцэтгэн шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Гэрч Б.Буян-Арвижихын мэдүүлгийн дагуу ажиллагаа хийх шаардлагагүй гэж прокурорын зүгээс үзэж байгаа. Учир нь тухайн гэрч нь энэ хэрэг учрал гарахад байгаагүй бөгөөд осол гарсны дараа дуудагдан ирсэн байдаг. Мөн уг зам тээврийн осол болох үед байсан хүмүүс болон хэргийн газрын үзлэгийг хийсэн мөрдөгч нарыг гэрчээр байцаасан. Хэрэгт хийгдвэл зохих ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаалгах дүгнэлтийг гаргаж байна гэв.

 

Хохирогч Т.Мижиддорж тус шүүх хуралдаанд /цахим сүлжээгээр/ гаргасан тайлбартаа: Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна. Энэ хэргийг шүүхээр шийдвэрлэлгүй 3 жил шалгаж байгаад гомдолтой байна. Тухайн зам тээврийн ослын улмаас надад их хэмжээний хохирол учирсан тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлж өгнө үү гэв.

 

Хохирогч Т.Мижиддоржийн өмгөөлөгч Б.Тэнгис тус шүүх хуралдаанд /цахим сүлжээгээр/ гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх нэг асуудлаараа хэргийг хоёр удаа мөрдөн байцаалтад буцааж байгаа. Гэрч Б.Буян-Арвижихаас гэрчийн мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авсан байгааг харгалзан үзэж шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Л.Чинбат тус шүүх хуралдаанд /цахим сүлжээгээр/ гаргасан саналдаа: Хэргийн газарт үзлэг хийж “А” цэгийг тогтоосон зураг нь өөр хүний гар утсаар авсан зургаас зөрүүтэй байдаг ба уг асуудлын талаар мөрдөн байцаалтын шатанд дөрвөн удаа хүсэлт өгч байсан боловч огт хангаагүй. Өмнө нь анхан болон давж заалдах шатны шүүхээс энэ асуудлыг шалган тогтоох шаардлагатай гэж хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж байсан ч энэ заалт нь хангагдаагүй байгаа. Иймд хэрэгт дахин хэргийн газрыг үзлэгийг нөхөн хийлгэж, бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулж өгнө үү. Хэргийн газрын үзлэг хийсэн байцаагчид энэ хэрэгтэй холбогдуулан албаны шалгалт явуулан сахилгын арга хэмжээ авсан байгаа гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай гарсан давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг анхан шатны шүүх, прокурор, мөрдөгч биелүүлнэ хэмээн хуульчилсан.

 

Б.Бад холбогдох хэргийг тус шүүх 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр 2021/ДШМ/14 тоот магадлалаар хянан хэлэлцэж, уг магадлалд хэргийн газарт үзлэг хийж “А” цэгийг тогтооход Тоёота ланд крузейр-200 маркийн 36.36 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч, зорчигч нар нөлөөлөн буруу тогтоосон эсэх талаар гэрч Б.Буян-Арвижихын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгийг шалгаж тогтоох шаардлагатай гэж буцаасан байхад хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийхдээ уг ажиллагааг нөхөн хийж гүйцэтгээгүй байгаа нь хуулийн дээрх заалтыг зөрчсөн гэж үзнэ.

 

Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Давж заалдах шатны шүүх гомдол, эсэргүүцлийг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдол эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан үзэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан.

 

Хуульд заасан уг эрхийн хүрээнд хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шүүх хуралдаанаар шинжлэн судалж үзэхэд мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолбол зохих дараах нөхцөл байдлуудыг шалган тогтоолгүй орхигдуулсан нь буруу байна.

 

2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 20 цаг 30 минутын орчимд Төв аймгийн Эрдэнэ сумын Хушинга 4 дүгээр багийн нутаг буюу Улаанбаатар хотоос Хэнтий аймаг явах чиглэлийн авто замын 91 дэх километрт Б.Б, Д.Сугар нарын жолоодон явсан тээврийн хэрэгслүүд хоорондоо мөргөлдөх үед Б.Бын жолоодон явсан “Тоёота ланд круйзер-80” маркийн 12-99 УНН улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Ч.Оюунханд, Б.Уранчимэг, Д.Туяа, И.Бадамнямбуу нар, Д.Сугарын жолоодон явсан “Тоёота Ланд круйзер-200” маркийн 36-36 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд Т.Мижиддорж, Д.Энхболд нар зорчин явсан байдаг.

 

Дээрх зорчигчдын хэрэгт мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлгүүдээс үзвэл уг зам тээврийн ослоос үүдэн эрүүл мэндэд нь хохирол үүссэн байж болзошгүй нөхцөл байдал байх бөгөөд шүүх эмнэлэгт үзүүлэх талаар мэдүүлж байжээ.

 

Мөрдөгчөөс Д.Сугар, Т.Мижиддорж, Д.Энхболд нарын биед гэмтэл учирсан эсэхийг тогтоолгохоор 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр “Шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай тогтоол”[1] үйлдсэн хэдий ч уг тогтоолын дагуу шинжээчийн дүгнэлт гаргуулан хэрэгт хавсаргаагүй, эсхүл мөрдөгчийн шинжээч томилсон уг тогтоолуудыг хууль зөрчсөн гэж үзэн хүчингүй болгосон эрх бүхий этгээдийн шийдвэр хэрэгт авагдаагүй байгаа нь хэргийн бодит байдлыг тогтооход эргэлзээтэй нөхцөл байдлыг бий болгожээ.

 

Мөн мөрдөгчийн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн тогтоолуудаар “Тоёота ланд круйзер-80” маркийн 12-99 УНН, “Тоёота Ланд круйзер-200” маркийн 36-36 УАВ улсын дугаартай тээврийг хэрэгслүүдийн зах зээлийн үнэлгээг тогтоолгохоор шинжээч томилсон[2] атлаа уг шинжээч томилсон тогтоолоо хэргийн оролцогч Б.Бад танилцуулаагүй байна.

 

Эдгээр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.1 дүгээр зүйлийн 2.2-т “хүний эрүүл мэндэд учирсан хохирлын шинж байдлыг тогтоохын тулд тусгай мэдлэгийн хүрээнд заавал шинжилгээ хийнэ” гэх болон мөн хуулийн 27.2 дугаар зүйлд “шинжилгээ хийлгэх үед хэргийн оролцогч нь шинжээчийг татгалзан гаргах, шинжээчид нэмэлт асуулт тавих, шинжээчид нэмэлт баримт бичиг өгөх, тайлбар гаргах, мөрдөгч, прокурорын зөвшөөрлөөр шинжилгээ хийхэд байлцах зэрэг эрхтэй ба хэргийн оролцогч нь эрхийнхээ хүрээнд гаргасан хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзвэл шүүх, прокурор, мөрдөгч нь шинжээч томилсон шийдвэрийг өөрчилж, нэмэлт оруулах, хүсэлтийг хэрэгсэхгүй болгосон бол тэр тухай үндэслэл бүхий шийдвэр гаргаж, шийдвэрийг оролцогчид танилцуулан гарын үсэг зуруулна гэснийг тус тус ноцтой зөрчсөн зөрчил болжээ.

 

Түүнчлэн Д.Сугарын жолоодон явсан “Тоёота Ланд круйзер-200” маркийн 36-36 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгсэл “ХААН БАНК” ХХК-ний эзэмшилд бүртгэгдсэн, Төв аймаг дахь Цагдаагийн газрын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 44/02-936 дугаар албан тоотоор[3] Хаан банканд хохирогч, иргэний нэхэмжлэгчийг томилуулахаар хандсан, уг албан бичгийг тухайн байгууллагаас хэрхэн шийдвэрлэсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байхад мөрдөн байцаалтын шатанд Т.Мижиддоржийг хохирогчоор тогтоон шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг мөн ноцтой зөрчсөн байна.

 

Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгтэй ба уг үүргээ хуульд заасны дагуу бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй байгаа нь цаашид шүүхээс гарах шийдвэрт сөргөөр нөлөөлж болохуйц нөхцөл байдалд хүргэхээр байгааг анхаарвал зохино.

 

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж болон энэ магадлалд заасан ажиллагаануудыг шүүхээс нөхөн гүйцэтгэх хууль зүйн боломжгүй, дээрх үндэслэлүүдээр хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийх нь цаашид тухайн гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт зорилго, гэм буруугийн хэлбэр, гэм буруутай этгээдэд шүүхээс оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл болон иргэний нэхэмжлэгчийг зөв тогтоох, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, хэргийн зүйлчлэлийг зөв тогтоосон эсэхийг шүүхээс талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтооход чухал ач холбогдолтой болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр

зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021

оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 2021/ШЗ/700 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурор П.Даваасүрэнгийн бичсэн 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 17 дугаар эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

            2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Т.ЭНХМАА

 

 

                                    ШҮҮГЧИД                                                     Х.ГЭРЭЛМАА

 

 

                                                                                                М.МӨНХДАВАА

 

 

[1] хх-ийн 1-р хавтас 60-65-р тал

[2] хх-ийн 1-р хавтас 49, 71-р тал

[3] хх-ийн 93-р тал