Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 2026/ШЦТ/57

 

 

 

 

 

 

 

   

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Алтанхундага,

Улсын яллагч Э.Гэрэлтуяа,

Хохирогч М.Б ,түүний өмгөөлөгч Н.Дэмбэрэлдагва,

Шүүгдэгч Э.У , түүний өмгөөлөгч Н.Баттөмөр нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э-ын У-д холбогдох эрүүгийн 2538000090186 дугаартай хэргийг 2025 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б  овгийн Э-ын У , 1986 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сайхан суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ........... дугаар баг ................. тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Завхан аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 277 дугаар зүйлийн 277.2 дахь хэсэгт зааснаар 5,616,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн ............................дугаартай.

Холбогдсон хэргийн талаар: (яллах дүгнэлтэд дурдсанаар)

Шүүгдэгч Э.У  нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг Эрхэс худалдааны төвийн урд зам дээр ................УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд явж байхдаа 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр М.Б той маргалдаж, улмаар толгойн тус газарт нь цохиж, тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

             

 

Нэг. Гэм буруугийн талаар.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1.1. Шүүгдэгч Э.У ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“…мэдүүлэг өгөхгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна…” гэх мэдүүлэг, (шүүх хуралдааны тэмдэглэл),

1.2.Хохирогч М.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

“...Би энэ хүний ярьж байгааг сайн сонслоо. Нэг ширхэг ч үнэн юм ярьсангүй.

Би худлаа ярихгүй. 28-ны өдөр маш гоё хувцасласан, гоё залуу 02 цаг 20 минутын үед захиргааны ард зогсож байхаар нь би итгээд ийм асуудал болно гэж бодоогүй авсан. Би маш олон жил таксинд явж өөрийнхөө амьдралыг авч явж байгаа. Хогийн хулгайчийг хүртэл гэрт нь хүргэж өгдөг байсан ч хэзээ ч ийм үйлдэл гаргаж байгаагүй. Гэтэл энэ хүн машинд суусан цагаасаа хойш намайг доромжилж эхэлсэн. Үгийн зөрүүгүй намайг пизда минь зогс гэсэн. Би эхлээд “Эрхэс арай хүрээгүй байна” гэж хэлээд хамгийн сүүлд чи эр хүн байж ямар хачин харилцаатай юм бэ гэж хэлээд энэ зодоон болсон. Энэ асуудлаас хойш энэ хүн аймгийн цагдаа, прокурор гээд бүх газарт нөлөөлсөн. Би өөрөө 3 хоног араас нь гүйж байгаад энэ хүнийг олж авсан. Хуулийн хүн байна, танайхны хүн байна гэж хэлэнгүүт цагдаа нь таниад хөдлөхөө больсон. Би 2,3-н камер шүүж аваачиж өгсөн. Гэтэл цагдаа нь надад нөлөөлж би хот руу явж эмчилгээ хийлгэнэ гэхэд араас дарамталж эхэлсэн.

Шүүх шинжилгээний газар намайг 4 удаа явуулсан. Энэ байдлаас болж сэтгэл санаа, эрүүл мэндээрээ маш их хохирсон. Энэ хугацаанд намайг удаашруулсан юм шиг ярьж байна. Хохирол яривал хэрэгт авагдсан баримт 40 хувь нь байгаа. Би 7 дугаар сард эмнэлэгт үзүүлээд буцаж явахдаа аваарт орж эм тариа, эмчилгээ хийлгэсэн баримтууд бүгд устсан. Тэрнээс хойш би тархи толгойдоо нэг ч эмчилгээ хийлгэж чадаагүй. Би явах ямар ч боломжгүй хүний асаргаанд байгаа. Хөл дээрээ явдаг байсан бол толгойгоо үзүүлээд явах бодол байна. Үнэхээр хэцүү байнгын толгой өвддөг, шөнө унтаж чадахаа байсан. Энэ хүн надтай юу гэж харьцсан гэхээр “Чи гомдлоо татвал мөнгө өгнө. Гэхдээ надад 1,000,000 төгрөг л байна, үүнээс илүүг өгч чадахгүй” гэсэн. Одоо 3,713,430 төгрөгийн эмчилгээ, замын зардал зэргээ нэхэмжилмээр байна. Аваарт орсноос хойш байнга хүний асаргаанд байдаг болсон.

Сая Шүүх шинжилгээний дүгнэлт гаргуулахдаа хот руу онгоцоор очсон.

Онгоцноос буугаад цаашаа таксидаж орсон боловч энэ талаар баримт байхгүй учраас нэг бүрчлэн нэхэмжлээгүй. Гэтэл энэ хүн Хатгалд очиж ээж, дүү бид гурвыг доромжлоод явсан. Ээж сүүлдээ уурлаад “Чи яв миний хүү, 1,000,000 төгрөг өгнө гэж доромжилж байгаа бол бид нар хуулийн байгууллагаар явъя” гэж хэлсэн.

Надад 1,000,000 төгрөг байна, илүү өгч чадахгүй гэсэн. Одоогийн байдлаар баримттай 2,000,000 төгрөгийн хохирол гарсан. Баримтгүй 3,000,000-4,000,000 төгрөг болсон гэсэн чинь цагдаа нь 2,000,000 төгрөгөөр аргалчих гэж хэлсэн юм шиг байна лээ. Сая гаргаж өгсөн 3,713,430 төгрөгийн баримт нь энэ үйл явдалтай холбоотой баримтууд. 11 дүгээр сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод цагдаагаас бэлэн бай гэхээр нь би 16-ны өдөр явсан баримт байгаа. 24-ний өдөр би хотоос буцаж ирсэн. 12 дугаар сарын 20-н хэдэнд хөдөөнөөс цагдаа, прокурортой уулзах гэж ирсэн баримтууд байгаа. Би төвд биш хөдөө амьдардаг. Үүн дээр нэмээд сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулна...” гэх мэдүүлэг, (шүүх хуралдааны тэмдэглэл),

1.3.Шүүхийн хэлэлцүүлэгт эрүүгийн 2538000090186 дугаартай хэргээс:

1.Мөрдөн шалгах ажиллагааны явцад М.Б-ын хохирогчоор өгсөн:“...Би 2024 оны 12 дугаар сарын 28-ны шөнийн 02 цаг 20 минутын үед Хөвсгөл аймгийн Мөрөн Жаргалан гэдэг рестораны урд өөрийн Приүс-20 маркийн хар хөх өнгийн ................УБЦ улсын дугаартай машинаар таксинд явж байхад гар өргөсөн хүнийг аваад суулгасан. Тэр хүн Эрхэс худалдааны төв рүү явна гэж хэлсэн. Тэгээд замын голд тэр хүн намайг “писда минь Эрхэс өнгөрчихлөө дээ’’ гэж хэлээд би “арай болоогүй байна” гэж хэлээд цааш хөдлөөд Эрхэс худалдааны төвийн наад талд ирэхэд тэр хүн ахиад “писда минь Эрхэс зогс л доо” гэхээр нь би “чи ямар сонин харьцаатай юм” гэхэд тэр хүн арын суудал дээр сууж байгаад миний толгойн ар дагз руу гараараа цохисон. Тэгээд би арагшаа харах гэтэл миний зүүн шанаа руу цохиод миний араас малгайтай цамцны маань захаар боогоод миний толгойн ар дагз руу гараараа маш олон удаа цохиж нүдсэн. ...Миний биед учирсан хохиролд надаас 2,000,000 төгрг гарсан. Би хоол унд, Улаанбаатар хотод очоод байрлах байрны зардлыг оруулаагүй. Одоо би Э.У-өөс өөрөөс гаргасан 2,000,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 17-18, 51,171-173- -р хуудас),

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шинжээч эмч М.Батмөнхийн  өгсөн: “...Тархины доргилт, дагзны зөөлөн эдийн гэмтэл нь нэг хүчин зүйлийн үйлчлэлээр үүснэ. Өөрөөр хэлбэл дагз хэсэг рүү цохих үед аль аль гэмтэл нь учирсан гэсэн үг юм. Хохирогч М.Б-ын биед учирсан тархины доргилт нь хохирлын хөнгөн зэрэгт хамаарагдаж байгаа бөгөөд бусад гэмтэл нь хохирлын зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 29-р хуудас),

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн өгсөн: “...М.Б ын эмчилгээ үйлчилгээ авсан эсэхийг шалгахаар Эрүүл мэндийн даатгалын сангаас шүүж үзэхэд нийт 37,082 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээг авсан байсан. Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан 37,082 төгрөгийг буруутай хүнээс нь нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 54-р хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч М.Батмөнхийн   2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 61 дугаартай “...М.Б ын биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгджээ.

М.Б-ын биед учирсан гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт (хх-ийн 25-р хуудас),

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээчдийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ER0825/4067 дугаартай: “...Шинжлүүлэгч М.Б  /РХ....................../-ны сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт (хх-ийн 169-170-р хуудас),

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 6-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой: иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 130-131, 55, 180-183-р хуудас) зэрэг нотлох баримтууд болно.   

Хоёр. Талуудын гаргасан санал, дүгнэлт:

Улсын яллагч гэм буруугийн талаарх дүгнэлтдээ:

“...Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Гэрэлтуяа би Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйл, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд холбогдсон Б  овогт Э-ын У-д холбогдох хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байгаа.

Шүүгдэгч Б  овогт Э-ын У  нь Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр багийн Эрхэс худалдааны төвийн урд зам дээр ................УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд явж байхдаа 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр М.Б-той маргалдаж улмаар толгой тус газарт нь цохиж биед нь тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж дүгнэж байна. Иймд шүүгдэгч Э.У-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна.

Хохирогч М.Б  нь эмчилгээний зардалд мөрдөн шалгах ажиллагааны явцад 2,000,000 төгрөг нэхэмжилсэн ч баримт гаргаж ирүүлээгүй байсан. Шүүхийн хэлэлцүүлэгт 3,713,430 төгрөг нэхэмжилж байна хэмээн баримт гаргаж ирүүлсэн.

Улсын яллагчийн зүгээс дээрх баримтуудыг үзэхэд 3,623,014 төгрөг болж байна. Нэг баримтын хувьд үнийн дүн мэдэгдэхгүй байсан учраас хохирогчийн нэхэмжилснээс 90,416 төгрөгийн зөрүү үүссэн. Дээрх баримтуудад 17,000 төгрөгийн хоол, 16,700 төгрөгийн идэх юм, 2500 төгрөгийн кола, 5500 төгрөг латтэ гэх баримтууд байсан. Мөн цаг хугацааны хувьд шүүх дээрх хохирлын баримтуудыг анхаарч үзэх нь зүйтэй байна.

МИАТ-иар ирж, очсон баримтад хохирогчийн нэр байхгүй, бензиний баримт нь ямар тээврийн хэрэгсэлд хийсэн нь мэдэгдэхгүй байгаа учраас дээрх хохирлын баримтуудыг шүүхээс шинжлэн үзэж баримтаар тогтоогдсон хохирлыг шүүгдэгчээс гаргуулан олгуулах нь зүйтэй гэж үзэж байна. Хохирогч нь цаашид гарах хохирлоо иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэх нь зүйтэй. Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчдийн  4067 дугаартай дүгнэлтээр хохирогч М.Б ын сэтгэцэд учирсан хор уршиг “хоёрдугаар зэрэглэл” тогтоогдсон.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлж буюу 4,620,000 төгрөгийг шүүгдэгч У-өөс гаргуулан олгуулах. Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогч М.Б ын эмчилгээ үйлчилгээний зардалд гарсан 37,082 төгрөгийг шүүгдэгч Э.У өөс гаргуулах гэсэн дүгнэлт гаргаж байгаа.

Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох тухайд гэвэл шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, хохирогчид учирсан эрүүл мэндийн хохирол, гэмт хэргийн улмаас учирсан сэтгэцийн хор, уршгийн зэрэглэл зэрэгт тохируулан улсын яллагчийн зүгээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлэх санал дүгнэлт гаргасан. Хохирогчийн өмгөөлөгчийн зүгээс дээрх санал дүгнэлтийг дэмжиж оролцсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс шүүх тогтоох байх гэсэн санал дүгнэлтийг хэлж байна. Хохирогчийн гаргаж өгсөн хохирлын баримттай холбоотой эргэлзээтэй асуудлуудыг  шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбарлаж, дээрх байдлыг шүүх харгалзан үзээч гэлээ. Хохирол төлбөртэй холбоотой асуудлыг шүүх тогтоохоор хуульд заасан учраас хэрэгт авагдсан баримтыг шинжлэн судалж нотлох баримтаар тогтоогдсон хохирлыг гаргуулах нь зүйтэй...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх саналдаа:

“...Надаас хууль зүйн туслалцаа авч байгаа иргэн М.Б-ын хохирогчоор тогтоогдсон хэргийн шүүх хуралдаан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, бусад хуульд заасны дагуу явагдлаа. Миний үйлчлүүлэгчийн хохирсон хохирлыг гаргуулах, эрхийг нь нөхөн сэргээх талаар хуулийн дагуу шийдэх боломжтой боллоо гэж үзэж байна. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад миний үйлчлүүлэгч ямар нөхцөлд хохиров гэдэг нь маш тодорхой тогтоогдлоо. Шүүгдэгчийн зүгээс харамсалтай нь хохирогч М.Б-той маргалдсан юм шиг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явсан.

Өнөөдрийн шүүх хуралдаанд ч энэ талаар хэлж байна. Гэтэл хэргийн нөхцөл байдлаас үзэхэд маргалдсан зүйл огт байхгүй. Шүүх хуралдаанд хохирогч М.Б  өөрөө оролцсон учраас хэргийн талаар маш тодорхой ярьсан. Мөн хэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна. Хэргийн ажиллагаа хуульд заасны дагуу шуурхай явагдаагүйгээс шалтгаалан удаж хохирогч эд хөрөнгө, сэтгэл санааны хувьд нэмж хохирсоор өдийг хүрсэн. Хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн дүгнэлт гаргуулах гэж нэлээн удсан. Эцэст нь хэрэг шүүхэд шилжиж ирсний дараа шүүх сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох асуудлыг шийдсэн.

Э.У-ийн иргэн М.Б-ын эрүүл мэндэд гэмтэл учруулсан нь бүрэн дүүрэн нотлогдсон. Иймд улсын яллагчийн шүүгдэгч Э.У-ийг гэм буруутай гэж үзэж байгаатай хохирогчийн өмгөөлөгчийн хувьд санал нэг байна. Гэмт хэргийн улмаас иргэн М.Б  ихээхэн хохирол амссан. Шүүх хуралдаанд хохирогчийн гаргаж өгсөн 3,713,430 төгрөгийн баримт нь энэ гэмт хэргийн улмаас М.Б-од учирсан хохирол юм. Энэ хохирлыг Иргэний хуулийн 505 дугаар зүйлд заасны дагуу төлүүлж өгнө үү гэж шүүхээс хүсэж байна. Мөн энэ гэмт хэргийн улмаас М.Б-од сэтгэцийн хор уршгийн хоёрдугаар зэрэглэл тогтоогдсон. Энэ хор уршгийн хохирлыг мөн улсын яллагчаас санал болгосны дагуу төлүүлэх нь зүйтэй.

Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаар баталсан тогтоолоор хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5-12,99 дахин нэмэгдүүлэхээр заасан. Улсын яллагч хэргийн нөхцөл байдлыг үндэслэж 7 дахин нэмэгдүүлснээр сэтгэцийн хор уршгийн хохирлыг гаргуулахаар санал гаргалаа. Улсын яллагчийн дүгнэлттэй санал нэг байна.

...Шүүгдэгчийн өмгөөлөгчийн хэлсэнтэй холбоотой тайлбар хэлье. Шүүгдэгч өнөөдрийн шүүх хуралдаан дээр хариуцлага хүлээнэ гэсэн байдалтай байгаа боловч үнэхээр чин сэтгэлээсээ гэм буруугаа хүлээж гэмшиж байгаа байдал ажиглагдсангүй. Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгч гэм буруугаа бүрэн хүлээж байгаа гэсэн байдлаар хэллээ. М.Б  2025 оны 8 дугаар сарын 29-ний өдөр харамсалтайгаар Э.У өд зодуулсантай холбоотой эмчилгээ үйлчилгээ хийлгэх зорилгоор Улаанбаатар ороод буцаж явахдаа хүнд гэмтсэн. Э.У  М.Б ыг зодоогүй, гэмтэл учруулаагүй байсан бол ийм зүйл болохгүй байсан.

Шүүгдэгчийн өмгөөлөгч энэ осол гарсантай нь холбож, хохирогчийн гаргаж өгч байгаа баримтуудыг авто ослоос авсан хүнд гэмтэлтэй нь холбон ярьж байгаа нь харамсалтай. Мөн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг хүнд гэмтэл авсантай нь холбож 2 дугаар зэрэглэл гэж гарсан гэдэг байдлаар тайбарлалаа. Гэтэл дээрх дүгнэлт гарснаас хойш нэлээн хэдэн сарын хугацаа өнгөрсөн. Энэ хугацаанд шүүгдэгч талаас уг дүгнэлттэй холбоотой  гомдол, хүсэлт гаргаагүй байж өнөөдөр шүүх хурал дээр ийм зүйл ярьж байгаа нь харамсалтай. Мөн хохирогчийн гаргаж өгсөн хохирлын баримтыг түүний авто осолд орсон асуудалтай холбож байгаа нь  харамсалтай. Шүүгдэгчийн өмгөөлөгч таксинд явж байсан бензиний баримтаа гаргаж өгсөн гэж ярьж байна. Энэ бол үндэслэлгүй гэдгийг хохирогчийн өмгөөлөгчийн хувьд хариуцлагатайгаар хэлэх байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч гэм буруугийн талаарх саналдаа:

“...Миний үйлчлүүлэгчийн хувьд гэм буруутай байдлаа хүлээж байгаа гэдгээ анх хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын ажиллагаа эхэлснээс хойш зуун хувь хүлээж ирсэн учраас гэм буруу дээр хэлэх зүйл байхгүй. Хохирол хор уршгийн тухайд сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэл гэсэн дүгнэлт гарсан. Энэ дүгнэлт 2025 оны 11 дүгээр сард гарсан. Үүнээс өмнө энэ хүн 2025 оны 8 дугаар сарын 19-ний өдөр авто осолд орж хүнд гэмтэл авсан. Энэ байдал нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтооход нөлөөлсөн байх үндэслэлтэй. Иймд  сэтгэцэд учирсан хор уршгийг гаргахдаа дээрх байдлыг харгалзан үзэхийг хүсэж байна. Мөн хуульд сэтгэцэд учирсан хор уршгийг гаргахдаа  гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчид учирсан гэмтлийн байдал, хохирогчид гэм хор учруулагчийн гэм буруудаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, бусад нөхцөл байдал болон дээд болон доод хэмжээний дотор нөхөн төлбөр олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заасан. Гэмтлийн зэргийн байдлыг харахаар хөнгөн зэргийн гэмтэл учирсан байгаа. Бодит хохирлын хувьд хохирогчийн зүгээс 3,713,430 төгрөгийн баримт гаргаж өгсөн. Шүүх хуралдааны явцад хохирогчоос асуухад би Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд байсан гэж байгаа боловч Улаанбаатар явсан гэж тайлбарласан. 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс хойш нэлээн хэдэн зардлын баримт гаргаж өгсөн байна. Тодорхой хэмжээний зардал гарсан байгааг хүлээн зөвшөөрч байгаа. Гэхдээ учиргүй олон бензин, шатахууны баримт байгаа нь бодит байдалтай нийцэхгүй, нотлох баримтаар тооцох боломжгүй баримтууд гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 2025 оны 7 дугаар сар өнгөртөл Хөвсгөл аймгийн Мөрөн суманд байсан гэсэн хэр нь ийм олон удаа наашаа цаашаа яваад байгаа нь ямар учиртай гэдэг нь тодорхойгүй, бензин шатахууны баримт байна. Хохирогч олон жил таксинд явсан гэсэн. Магадгүй таксинд явсан байх магадлалтай шатахууны зардлууд байна. Энэ зардлууд Мөрөн суманд орж ирсэн хугацаатайгаа тохирч байгаа юм уу? Зарим үед дизел шатахуун хийсэн баримт хүртэл байна. Хохирогч 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрөөс хойш хаашаа ч явах боломжгүй хүнд гэмтлийн улмаас хөлөө тайруулсан байдаг. 2025 оны  8 дугаар сарын 29-ний өдрөөс хойш гаргаж өгсөн баримтууд нь Э.У ийн үйлдлээс үүссэн гэмтэлтэй холбоотой баримт гэж үзэх үндэслэлгүй. Э.У өөс болж үүссэн гэмтэлтэй холбоотой ямар үйл ажиллагаанд ирж оролцсон гэдэг нь тодорхой бус баахан бензиний баримтууд байна. Нэг бол Улаанбаатар хот явсан гээд, нэг бол хөдөө байсан, хаашаа ч яваагүй гээд зөрүүтэй мэдүүлэг өгсөн.

Тэгэхээр энэ баримтуудыг нь нотлох баримтын шаардлага хангах эсэх  дээр шүүх үнэлэлт, дүгнэлт өгөх байх гэж бодож байна. Шүүхээс тогтоосон сэтгэцэд учирсан хор уршиг болон бодитоор тооцсон хохирлыг миний үйлчлүүлэгч төлөхөө илэрхийлж байгаа учраас нотлох баримтаар тооцох боломжгүйг хасаж, тооцох ёстойг нь тооцож өгнө үү гэсэн санал дүгнэлттэй байна. ...Хохирогчийн өмгөөлөгч буруугаар ойлгосон юм шиг байна. Би хохирогчийн 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдөр аваарт орохоос нь өмнөх асуудлын талаар хаана, ямар эмчилгээ хийлгэсэн, хаашаа явсан гээд хохирогчийн шүүх хуралд гаргаж өгсөн баримтад шүүх дүгнэлт хийж өгөөсэй гэж хүссэн. ...Миний үйлчлүүлэгч анх өгсөн мэдүүлгээсээ эхлээд  гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Шинжээчийн дүгнэлт, мэдүүлэгт “хохирогчид учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэл, зарим гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоогдохгүй” гэснийг шүүх анхаарч үзээсэй, энэ дүгнэлт сэтгэцэд учирсан хор уршгийн дүгнэлт гаргахад хамааралтай гэдгийг хэлмээр байна. Түүнээс биш хохирогчийг огт хохироогүй гэж хэлээгүй. Хөнгөн зэргийн гэмтэл авчихсан байж байгаад дахиад хүнд зэргийн гэмтэл авчихаар энэ хүний сэтгэцэд нөлөөлсөн байх. Хүнд зэргийн гэмтэл авсны дараа сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгосон шүү гэдгийг анхаарч дээд, доод хэмжээг тогтоож өгнө үү гэж хэлсэн...” гэв.

        Шүүгдэгч Э.У  нь улсын яллагчийн дүгнэлттэй мэтгэлцээгүй, гэм буруугийн талаар маргаагүй болно.

Гурав. Хэргийн талаархи шүүхийн дүгнэлтийн талаар.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримт болон шүүх хуралдаанаар  шинжлэн  судлагдсан шүүгдэгч Э.У ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-ийн 46-47-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл), хохирогч М.Б ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг (хх-ийн 17-18, 51,171-173-р хуудас, шүүх хуралдааны тэмдэглэл), шинжээч М.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 29-р хуудас), иргэний нэхэмжлэгч Г.Аззаяагийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг (хх-ийн 54-р хуудас), Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч М.Батмөнхийн  2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 61 дугаартай дүгнэлт (хх-ийн 25-р хуудас), Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээч Х.Маралгуа, Д.Мөнхжин нарын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ER0825/4067 дугаартай дүгнэлт (хх-ийн 169-170-р хуудас), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 6-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судлаж, эх сурвалжийг нягтлан шалгахад:

Шүүгдэгч Э.У  нь 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 4 дүгээр баг Эрхэс худалдааны төвийн урд зам дээр .................УБЦ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд зорчин явахдаа хохирогч М.Б той маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт нь гараараа цохиж, тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл учруулж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Э.У  нь хохирогч  М.Б ын толгойн тус газарт нь цохиж, тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцралт бүхий гэмтэл учруулсан болох нь хэрэгт авагдаж шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримт, хохирогчийн мэдүүлэг, зодуулсны улмаас хохирогчид хохирлын хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 61 дугаартай дүгнэлтээр тогтоогджээ.

Шүүгдэгч Э.У ийн хохирогч М.Б ын биед халдаж байгаа үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

Тодруулбал Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэр гэдэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдлыг ойлгоно ба мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчийн өгсөн мэдүүлэг нь тухайн үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг гэрчилсэн шууд болон шууд бус нотлох баримтууд бөгөөд энэ нотлох баримтаар шүүгдэгч Э.У ийн үйлдэл идэвхитэй, хүний амь бие, эрх чөлөөнд халдсанаар хохирол, хор уршиг учруулах боломжтой гэдгийг мэдэх ёстой, өөрийн үйлдлийнхээ хууль бус болохыг ухамсарлаж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэснээрээ гэм буруугийн хувьд санаатай, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруутай нь нотлогджээ.

Шүүгдэгч Э.У ийн гэм буруутай үйлдэл нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул прокурорын үйлдсэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол болон яллах дүгнэлт зүйлчлэлийн хувьд тохирчээ.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Э.У ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг шүүгдэгч Э.У  нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдонг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

“Хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй /-ээр бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, гэм хор учруулсантай холбогдон гарсан зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй” талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар хэргийн хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт  учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй.

Шүүгдэгч Э.У ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч М.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Шүүх шинжилгээний ерөнхий газрын Хөвсгөл аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 61 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.Б  нь “...3,713,430 төгрөгийн зардал гарсан. Үүнийг гаргуулж авна. Мөн сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилнэ. Толгой байнга өвдөж байгаа тул цаашид үзүүлэх шаардлагатай байгаа...” гэх мэдүүлэг тайлбар өгч, нотлох баримтыг ирүүлсэн.

Шүүх дээрх нотлох баримтын тухайн хэрэгт хамааралтай байх, нотлох баримтын шаардлага хангаж буй эсэхэд хууль зүйн дүгнэлт хийснээр нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээ оношлогоотойгоор гарсан нийт 932,150 төгрөгийн баримтыг нотлох баримтаар үнэлэв.

Харин нэхэмжлэлийн шаардлагаас хохирогчийн жам ёсны хэрэгцээ буюу хоол, кофе, рашаан, ундаа, талх, шпрот, аягатай мөс, хөрөнгө, гурилан боов, үзэмтэй боов зэрэг хүнсний зүйл авсан баримтууд нь хэрэгт хамааралгүй гэж үзлээ. Мөн хх-ийн 217-р талд авагдсан 22,000 төгрөг, 222-р талд авагдсан 20,000 төгрөг, 223-р талд авагдсан 110,000 төгрөг, нийт 152,000 төгрөгний баримтууд нь юу худалдан авахад зарцуулсан баримт эсэх нь ойлгомжгүй, хх-ийн 214-224-р талд авагдсан Миат ХК-ний зорчих тасалбарт зорчигчийн нэр бичигдээгүй, Сод Монгол групп ХХК, Петростар ХХК, Шунхлай Петролиум ХХК, Алхана Трейд ХХК, Тэс Петролиум ХХК зэрэг шатахууны баримтууд нь хаанаас хаа хүрэх зорилгоор, ямар марк, дугаарын авто машинд хийсэн шатахууны баримт эсэх тодорхойгүй, түүнчлэн зарим баримтын мөнгөн дүн бүдгэрч нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч М.Б  нь дээрх нэхэмжлэл болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч Э.У өөс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж дүгнэв. 

Шүүхийн шатанд хохирогч  М.Б  нь сэтгэцэд учирсан хор уршгийн гаргуулахаар нэхэмжилсэн.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2-т “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана” гэж,

Монгол Улсын Их хурлын 2022 оны 12 сарын 23 өдөр баталсан Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн 5 дугаар зүйлд “Энэ хуулийг Шүүх шинжилгээний тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө” гэж,

Шүүх шинжилгээний тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.6-д “Сэтгэцэд учирсан хор уршгийг үнэлэх, хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой Шүүх шинжилгээний тухай хууль болон дагалдах бусад хуулийн зохицуулалтыг 2023 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө”  гэж тус тус заасан.

Шүүгдэгч Э.У ийн хохирогч М.Б ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр болсон буюу хохирогчийн сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах хууль хэрэгжиж эхэлсэн цаг хугацаанд хамаарч байна.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын Шүүх сэтгэцийн шинжилгээний тасгийн шинжээчдийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн ER0825/4067 дугаартай дүгнэлтэд...Шинжлүүлэгч М.Б  /РХ77021016/-ны сэтгэцэд тухайн гэмт хэргээс шалтгаалан стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна. Энэ нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...хэмээн шинжээч дүгнэжээ.

Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хохирогч М.Б ын биед тархи доргилт, зүүн нүдний доод зовхинд цус хуралт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцралт гэмтэл учирсан,  уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн зэрэгт хамаарч байгаа, мөн хохирогчийн сэтгэцэд учирсан хохирол 2 дугаар зэрэглэлд үнэлэгдсэн зэрэг нөхцөл байдлыг харгалзан Монгол улсын Дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдааны 25 дугаар тогтоолоор батлагдсан хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх жишиг аргачлалд зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгээр тооцож, хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийн хэмжээг тогтоов.

 Тодруулбал 2024 онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөг ба 7 дахин нэмэгдүүлэн үржүүлэн тооцоход 4,620,000 төгрөг болж байна. 

(660.000*7=4,620,000)

Иймд шүүгдэгчээс нийт 5,552,150 төгрөгийг гаргуулан хохирогчийн эмчилгээ оношлогоотойгоор гарсан зардал болон сэтгэцэд учирсан хор уршигт олгож шийдвэрлэв. 

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилсан.

Хэрэгт авагдсан баримтаар хохирогч М.Б  нь гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас 37,082 төгрөгийн үйлчилгээ авсан болох нь:

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын цахим систем: РД:РХ...................овог: М , нэр: Б , харъяалал: С,

Зардлын түүх:

Жил: ...2025, сар: 1, Тусламж үйлчилгээ: Яаралтай тусламж, хаанаас: Хөвсгөл аймгийн нэгдсэн эмнэлэг, дүн: 37,082, огноо: 12/18/2024... гэх лавлагаа (хх-ийн 33-р хуудас) зэрэг баримтаар тогтоогдож байна. Иймээс шүүгдэгч Э.У өөс  37,082 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын санд олгох нь зүйтэй гэж үзлээ.  

Дөрөв. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У өд 1000 (мянга)  нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 1,000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялын санал, дүгнэлтийг гаргаж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь ял шийтгэлийн хувьд торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах гэсэн сонгох санкцтай. Хохирогчийн өмгөөлөгчөөс торгох ял оногдуулах нь хөнгөдсөн гэж байна. Торгох ялын хувьд 450 нэгжээс 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000-1,350,000 төгрөг хүртэл торгох ял оногдуулахаар хуулинд заасан. 1,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял нь хөнгөн ял гэж улсын яллагчийн зүгээс үзэхгүй байна. Гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа ухамсарласан болон түүний эрхэлсэн ажилтай, хувийн байдал  зэргийг нь харгалзан үзэж торгох ял оногдуулах дүгнэлтийг гаргасан.

Иймд дээрх дүгнэлтээ дэмжиж байгаа...” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх саналдаа: “...Улсын яллагчаас шүүгдэгчид сонсгож байгаа ялыг ойлголоо. Хохирогчийн өмгөөлөгчийн хувьд 1,000,000 төгрөгөөр торгох нь хэт хөнгөн ял гэж үзэхээс аргагүй байна.

Шүүгдэгч Э.У  нь үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буруугаа хүлээж байгаа байдал харагдахгүй байгаа. Хамгийн гол нь хохирогчид учирсан хохирлоос нэг ч төгрөг төлөөгүй байхад улсын яллагчаас сонсгож байгаа ял хэт хөнгөн байна. Урьд нь шүүгдэгч хэд хэдэн хүнийг зодож гэмтэл учруулж шийтгүүлж байсан байж энэ байдалдаа дүгнэлт хийгээгүй. М.Б ыг зодсон асуудал бол Э.У ийн өөрийнх нь буруугаас болсон. М.Б ын зүгээс маргалдсан, зөрчилдсөн зүйл огт байхгүй. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт 450-1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 240-720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх, 1-3  сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар заасан. Хохирогчийн өмгөөлөгч хүнд ял сонсгох эрхгүй ч гэсэн үйлдсэн гэмт хэрэг, хохирлоо огт төлөөгүй зэрэг байдлуудыг харгалзан үзэж зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах нь зүйтэй...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Миний үйлчлүүлэгчийн хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэнээс эхлээд мэдүүлэг өгөхдөө миний үйлдлээс болсон, миний буруу гэдгээ хэлж, гэм буруу дээр маргаагүй.

Хохирол төлбөрийг төлье гэхээр хохирогч тал чамаас мөнгө авч яадаг юм, чамайг ажилгүй болгоно, Хөвсгөлөөс зайлуулна гэж дарамталсан асуудлаас болж хохирол төлбөр төлөх боломжгүй болсон. 15 жилийн өмнө шийтгүүлж байсан асуудлыг хохирогчийн өмгөөлөгч ярьж байна. Үүнийг ялтай гэж үзэх боломжгүй.

Хэрэг удааширсан нь хохирогчийн удаа дараа гаргасан хүсэлттэй холбоотой болохоос биш миний үйлчлүүлэгчийн зүгээс удаашруулсан асуудал байхгүй.

Прокурор торгох ялын санал гаргаж байгаатай санал нийлж байна. Гэхдээ миний үйлчлүүлэгчийн мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн байдал, өөрийн гэм буруутай байдлаа хүлээсэн зөвшөөрсөн, хохирол, хор уршгийг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, хохирогчоос уучлал хүсэж удаа дараа очсон, бага насны 3 хүүхэдтэй, одоо төрийн албанд үүрэг гүйцэтгэгчээр томилогдон ажиллаж байгаа зэргийг харгалзан үзэж торгуулийн ялыг багасгаж  оногдуулж өгнө үү гэсэн саналтай байна…” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.У өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.

Мөн хэрэгт авагдсан иргэний оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 130-131, 55, 180-183-р хуудас) зэрэг баримтуудаар шүүгдэгч Э.У  нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын дарга ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 10 дугаар баг 25-18 тоотод оршин суудаг, урьд Завхан аймаг дахь сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 11 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 277 дугаар зүйлийн 277.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 5,616,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан зэрэг түүний хувийн байдал тогтоогдсон. 

Шүүхээс шүүгдэгч Э.У өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ  шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн шинж чанар (хохирогчийн эрүүл мэндийн байдал, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохиролхор уршгийг нөхөн төлүүлэх), шүүгдэгчийн хувийн байдал (гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, хохирогч М.Б од учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа) зэргийг  харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, хэргийн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон бөгөөд хохирогчид учруулсан хор уршгийг нөхөн төлүүлэх, гэмт этгээдийг цээрлүүлэх, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн, цаашид гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үр нөлөөтэй гэж үзлээ.

      Хохирогчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан шүүгдэгчид “зорчих эрх хязгаарлах” ял оногдуулах саналыг хүлээн авах боломжгүй байна.

      Учир нь: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах сонгох ялын төрөлтэй хөнгөн гэмт хэрэгт хамаардаг ба зорчих эрхийг хязгаарлах ял нь заавал оногдуулах ял биш болно.

       Тодруулбал “зорчих эрх хязгаарлах” ял нь хязгаарлагдмал орчинд хүнийг тусгаарлалгүйгээр засарч хүмүүжих боломж олгох зорилготой хэдий ч шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчид учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, хуульд заасан нөхцлөөс хамаарч шүүхээс шийдвэрлэдэг ялын төрлүүдийн нэг юм.

        Энэ хэргийн тухайд гэмт хэргийн шинж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийсэн зэргээс түүнд “зорчих эрхийг хязгаарлах” ял оногдуулах  шаардлагагүй гэж үзсэн.

        Нөгөө талаар “зорчих эрхийг хязгаарлах” ялыг оногдуулахдаа шүүгдэгчийн оршин суух бүртгэлтэй нутаг дэвсгэрээр хязгаарладаг. Шүүгдэгч Э.У ийн  хувьд оршин суух бүртгэлтэй хаяг нь Хөвсгөл аймгийн Мөрөн сум, харин цалин, орлого олох, тогтмол гүйцэтгэх ажил нь Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд байгаа нь хязгаарлалтын хүрээг өргөн тогтоох, хяналт тавихад хүндрэлтэй байна.

        Мөн шүүх ял шийтгэхдээ хохирлыг нөхөн төлөх үүргийг шүүгдэгчид хүлээлгэж, хохирогчийн эрх ашгийг хамгаалдаг бөгөөд энэ нь ял оноохтой холбоотой.

        Өөрөөр хэлбэл ял шийтгэл болон нөхөн төлбөрийн хэмжээ зэрэг нь хохирлыг барагдуулах зорилгод нийцсэн байх ёстой. Гэтэл шүүгдэгчид “зорчих эрхийг хязгаарлах” ялыг оногдуулж, оногдуулсан ялыг түүний оршин суух бүртгэлтэй нутаг дэвсгэрээр хязгаарлахад гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг буруутай этгээд ажил хөдөлмөр эрхэлж, олсон орлогоороо барагдуулах зорилгод нийцэхгүй болно.

      Тав.Бусад асуудлын талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 (ер) хоногийн дотор төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Э.У өд мэдэгдэж, шүүгдэгчид оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У өд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтов.

Хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг,  36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Э.У ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У-өд 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У өд оногдуулсан 800 (найман зуу) нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 800,000 (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр  болсноос хойш 90 (ер) хоногийн дотор төлөхөөр тогтоосугай.

 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.У  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.   

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч Э.У-өөс эмчилгээний зардал болон сэтгэцэд учирсан  хохиролд нийт  5,552,150 (таван сая таван зуун тавин хоёр мянга нэг зуун тавь) төгрөгийг гаргуулан хохирогч М.Б од олгож, хохирогч М.Б  нь замын зардал болон цаашид гаргах хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Э.У өөс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дахь хэсгийн 12.1.1-д зааснаар 37,082 (гучин долоон мянга наян хоёр) төгрөгийг шүүгдэгч Э.У өөс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын санд олгосугай.

7.Хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.У-өд  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

 

 

                  ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                 Г.ДАВААХҮҮ