Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 02 сарын 29 өдөр

Дугаар 102/ШШ2024/01077

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо,   тоотод байршилтай “Х т” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо,   тоотод байршилтай “Д о” ХХК-д холбогдох,

 

2,918,254,494 төгрөг гаргуулах тухай үндсэн,

 

1,179,422,046,5 төгрөг гаргуулж, 1, 2 давхрын үйлчилгээний зориулалттай талбайн 60 хувийг “Д о” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, С.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, түүний өмгөөлөгч Н.Х,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч “Х т” ХХК нь хариуцагч “Д о” ХХК-д  холбогдуулан 2,918,254,494 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

1.1 Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: “Манай компани нь 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Д о” ХХК-тай 01 тоот “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулан Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 221 айлын орон сууцны төслийн Б блокийн барилгын төслийг хэрэгжүүлэхээр харилцан тохиролцсон. Тус гэрээний 1.3, 2.1 -д зааснаар “А” тал буюу “Д о” ХХК нь 3 дугаар давхрын угсралтаас эхлэн барилгыг үргэлжлүүлэн барьж, барилгын гаднах ногоон байгууламж, орц гарц, зам талбай, гадна тохижилтын ажлыг иж бүрэн хийж гүйцэтгэж Улсын комисст хүлээлгэж өгөх, “Б” талд түлхүүр хүлээлгэж өгөх хүртэл бүх ажлыг хариуцан гүйцэтгэх” үүргийг хүлээсэн. Харин Б тал нь тухайн барилгыг барихтай холбоотой төрийн эрх бүхий байгууллагаас шаардагдах, дэд бүтэцтэй холбоотой зөвшөөрөл, бичиг баримтыг бүрдүүлэх, төсөв үргэлжлэх хугацааны газрын төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн.

Талуудын хооронд байгуулсан “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”- ний 2 дугаар зүйлийн 2.5, 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар “А тал 16 давхар бүхий “Б” блок барилгын иж бүрэн ажлыг 2019 оны 05 дугаар сарын 15-ны дотор эхлүүлж, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор барьж дуусган Улсын комисст хүлээлгэн өгсөн байна” гэж заасан бөгөөд хэрэв гэрээгээр тогтоосон хугацаанд А тал барилгын ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй тохиолдолд 5.1.3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг “Б” талд төлөхөөр зохицуулсан. “Д о” ХХК нь дээр дурдсан гэрээгээр хүлээсэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор барилгын ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэж өгөх үүргээ ноцтой зөрчин тохирсон хугацаанд ажил гүйцэтгээгүй төдийгүй, барилгын ажлыг хаяж явсан үүнээс үүдэн барилгын ашиглалтад орох хугацаа удаа дараа хойшилсоор гэрээний хугацаа дууссанаас хойш 2 жилийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улсын комисст барилгыг хүлээлгэж өгсөн. Бидний зүгээс “Д о” ХХК-д удаа дараа гэрээнийхээ үүргийг биелүүлэх, гэрээт хугацаа хожимдож байгаатай холбоотойгоор маш их хэмжээний хохирол учирч байгаа талаар удаа дараа албан бичгээр шаардлага хүргүүлсэн, холбогдох эрх бүхий хүмүүстэй нь биечлэн болоод утсаар холбогдож шаардсан боловч үүргээ гүйцэтгэхгүй, хүргүүлсэн шаардлагад ямар нэг байдлаар хариу өгөхгүй хугацаа авсаар 2 жилийн хугацаа өнгөрсөн.

“Д о” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүрэгтээ хайнга хандаж, харилцан тохиролцсон хугацааг санаатайгаар зөрчиж, төлөвлөсөн барилга ашиглалтад оруулах хугацааг хойшлуулж зөвхөн бидний бизнесийн үйл ажиллагаанд төдийгүй, орон сууц захиалагч олон иргэдэд хохирол учруулсан тул 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр болоход гүйцэтгэгдээгүй байсан үүрэгт хоног тутам 0.05 хувиар тооцон алданги тооцон нэхэмжлэх эрхтэй. Тодруулбал, гэрээгээр тохирсон үүрэг гүйцэтгэх хугацаа буюу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд нийт төлөвлөгдсөн ажлаас 7,220,547,603 төгрөгийн үнийн дүн бүхий ажил хийгдээгүй байсан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улсын комисст барилгыг хүлээлгэж өгөх хүртэл нийт 722 хоногоор гэрээний хугацаа хэтэрсэн. Тодруулбал нийт 2,606,617,684 төгрөгийг үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн алдангид тооцон нэхэмжилж байна.

2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Д о” ХХК-тай 01 тоот “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний 2.2-т “Гадна цэвэр ус, дулаан, бохир, цахилгаан зэрэгт гарсан зардлын “Б” блокт ногдох хэсэг буюу 40 %-ийг А тал хариуцаж Б талд төлнө”, 4.1,7-д “А тал нь Б талын нийт төслийн хэмжээнд гэрээ хийж баталгаажсан ажил болон материалын Б блокт ногдох хэсгийн төлбөрийг /үүнд лифт багтана/ мөнгөөр Б талд төлнө” гэж тус тус заасан.  Б блокийн барилгын ажлыг хийж гүйцэтгэх явцад гадна цахилгаан, узель угсрах холболтуудын ажлууд болон Б блокд суурилуулсан лифтийг манай компанийн өөрийн зардлаар худалдан авч суурилуулсан бөгөөд эдгээр ажлыг хийхэд гарсан зардлаас “Д о” ХХК-д ногдох буюу манай компанид эргүүлэн төлөх ёстой төлбөр тооцоо 311,636,810 төгрөг байгаа. Тус компанийн төлөөлөх эрх бүхий этгээдүүд нь албан бичгүүдэд хариу өгдөггүй, гэрээнд дурдсан хаягт үйл ажиллагаа явуулдаггүй, утсаар залгахаар авахаа больсон. Энэхүү хууль, гэрээ зөрчсөн хариуцлагагүй үйлдлийн улмаас үүдэн манай компани төлөвлөсөн буюу захиалагч иргэдтэй тохиролцсон хугацаанд барилгыг ашиглалтад оруулаагүйгээс үүдэн манай компанийн нэр хүнд унаад зогсохгүй, энэ хугацаанд банк санхүүгийн байгууллагуудын өрийн дарамтад орж, захиалагч иргэдийн байнгын дарамт шахалтад орж асар их хэмжээгээр хохирлоо.

Иймд 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Д о” ХХК-тай 01 тоот "Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгээгүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд холбогдох 2,606,617,684 төгрөгийн алданги, гүйцэтгэсэн ажлын зардлаас манай компанид төлөх ёстой 311,636,810 төгрөг, нийт 2,918,254,494 төгрөгийг гаргуулж өгнө үү.

 

1.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “Х т” ХХК нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилсөн. Үүнд: Нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн тохиолдолд “Д о” ХХК-д 2 дахин зардал төлөх эрсдэл гарч болзошгүй тул манай компани нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилж байна. Гүйцэтгэсэн ажлын зардлаас “Д о” ХХК нь манай компанид төлөх ёстой нийт зардал 472,702,803 төгрөг байгаа тул нэхэмжлэлийн 311,636,810 төгрөгийн шаардлагаа 161,065,993 төгрөгөөр нэмэгдүүлж нийт 472,702,803 төгрөг гаргуулах болгон өөрчилж байна. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Д о” ХХК-тай 01 тоот “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд холбогдох 2,445,551,691 төгрөгийн алданги, гүйцэтгэсэн ажлын зардлаас манай компанид төлөх ёстой 472,702,803 төгрөг төгрөг нийт 2,918,254,494 төгрөгийг гаргуулах.” гэжээ.

 

2. Хариуцагч “Д о” ХХК хариу тайлбартаа: “Х т” ХХК нь “Д о” ХХК-с 2,918,254,494 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд тус нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд: Үүрэг гүйцэтгүүлэгчийн буруугаас үүргээ хугацаанд нь биелүүлэх боломжгүй байсан тухайд:

2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-гээр барилгын ажлыг барьж Улсын комисст хүлээлгэн өгөх үүргийг манай байгууллага хүлээсэн боловч гэрээнд заасан барилга баригдахад шаардлагатай зарим ажлуудыг “Х т” ХХК нь хийж гүйцэтгэхээр тохиролцсон. Гэвч нэхэмжлэгч байгууллагын хариуцлагагүй, үйл ажиллагааны удаашралтай байдлаас улбаалан барилгыг Улсын комисст хүлээлгэн өгөх хугацаа удаа дараа хойшилсон. Барилга баригдах хугацаанд “Х т” ХХК нь өөрсдөөс шалтгаалах төлбөр төлөх, барилгад шаардлагатай зөвшөөрлүүдийг эрх бүхий байгууллагаас гаргуулахдаа удаашралтай ажиллаж байсан нь бидний ажилд маш ихээр хүндрэл учруулж байсан. Энэ хугацаанд манай байгууллага ажлаа үргэлжлүүлэн явуулахын тулд “Х т” ХХК-аас гарах ёстой байсан төлбөрүүдийг төлсөн. Энэ төлбөрүүдийг нэхэмжлэгч байгууллагаас шаардан гаргуулах болно. Түүнчлэн “Х т” ХХК нь орон сууц захиалагчдын орон сууцны ордерыг өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй байна. Захиалагчдын ордерыг гаргаж өгөхийг шаардахад шалтаг тоочсоор өнөөдрийг хүрч, захиалагчдыг хохироосоор байна.

Давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал бий болсон тухайд:

Мөн дэлхий нийтэд цар тахал дэгдэж 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хэд хэдэн удаагийн өндөржүүлсэн болоод бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хил хаагдсан. Иймд гэрээний 8.3-т заасан давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс буюу манай байгууллагаас хамааралгүй нөхцөл байдлаас шалтгаалан барилгын ажил зогсонги байдалд орсон. Үүнд:

2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон. (Засгийн газрын 62, 64, 102, 147, 188, 234, 1, 31, 70, 103, 159 дугаар тогтоол)

2020 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 2021 оны 5 дугаар сарын 08-ны өдрийг дуустал бүх нийтийн бэлэн байдал тогтоосон. (Засгийн газрын 181, 194, 209, 226, 1, 27, 91, 104 дугаар тогтоолууд)

Мөн 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал өндөржүүлсэн бэлэн байдал тогтоосон. (Засгийн газрын 238, 78, 154, 176, 259 дугаар тогтоолууд)

Мөн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг буурсан ч цар тахлын нөхцөл байдал бүрэн арилаагүй хил гаалийн хаалттай байдал, барилгын бараа материалын үнийн өсөлт зэрэг одоог хүртэл хүндрэлтэй нөхцөл байдал байсаар байна. Хэдийгээр “Х т” ХХК-ийн буруутай нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал байсан ч манай байгууллага гэрээний үүргээ ухамсарлаж, гэрээний үүргээ биелүүлж, барилгыг ашиглалтад оруулсан.

Иймд манай байгууллагаас алданги шаардаж байгаа нь үндэслэлгүй байна. Манай байгууллага хүнд нөхцөл байдалд гэрээний үүргээ биелүүлж, барилгыг ашиглалтад оруулсан. Өөрөөр хэлбэл бид үндсэн үүргээ биелүүлсэн байхад хугацаа хэтрүүлсэн гэж 2,606,617,684 төгрөгийн алдангид тооцож нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд ёс зүйгүй үйлдэл юм.

Дээрх үндэслэлүүдээр “Х т” ХХК-аас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргажээ.

 

3. Хариуцагч “Д о” ХХК нэхэмжлэгч “Х т” ХХК-д холбогдуулан 1,179,422,046,5 төгрөг гаргуулж, 1, 2 давхрын үйлчилгээ бүхий талбайн 60 хувийг “Д о” ХХК-ийн нэр дээр шилжүүлэхийг даалгах тухай сөрөг нэхэмжлэлтэй гаргасан.

3.1 Хариуцагч “Д о” ХХК сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “Манай байгууллага 2019 оны 5 дугаар сарын 08 өдөр “Х т” ХХК-тай “Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ” байгуулсан. Гэрээгээр Хан-Уул дүүргийн 3-р хорооны нутаг дэвсгэрт “К” апартмент орон сууцны хотхоны Б блокийн барилга дутуу баригдсан байсныг манай байгууллага дуусгаж улсын комисст хүлээлгэн өгсөн. Улмаар гэрээний Б тал буюу “Х т” ХХК-ийн гүйцэтгээгүй төлбөр тооцооны үүргийг А тал болох манай компани гүйцэтгэж барилгын ажлаа дуусгаж ашиглалтад оруулсан. Бид тухайн цаг үед нь Б талыг гарсан зардлын 60 хувийн төлбөрийг төлөхийг шаардаж байсан боловч янз бүрийн шалтгаанаар төлбөр тооцоог хийхгүй байснаас барилгын ажил удааширч байсан учир бид төлбөр тооцоог нь хийж барилгыг ашиглалтад оруулах үүргээ гүйцэтгэсэн. Тус гэрээний 2.2 хэсэгт “Гадна цэвэр ус, дулаан, бохир, цахилгаан зэрэгт гарсан зардлын Б блокт ногдох хэсэг буюу 40 хувийг А тал хариуцаж Б талд төлнө” гэж заасан.

Улмаар бид Н.Дзахиралтай “Э” ХХК, Иргэн Б.Ц, иргэн Щ.Г, нараар гадна бохирын ажил гүйцэтгүүлсэн. “Э” ХХК-р ф300 мм диаметртэй, 145,5 метр, ф250 мм диаметртэй 6,9 метр, ф150 мм диаметртэй 14,6 метр шугамаар бохирын шугамын холболтын ажлыг 66,825,000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн. Энэ төлбөрийн 60 хувь буюу 40,095,000 төгрөгийг “Х т” ХХК төлөх ёстойг төлөөгүй учир нэхэмжилж байна.

Иргэн Б.Цээр 4 блок бүхий “К” апартментийн бохир усны шугам худаг хийх ажлыг 64,586,855 төгрөгөөр гүйцэтгүүлсэн. Үүнээс Б блокт ногдох ажлын хөлс нь 16,146,783 төгрөг ногдоно. Б блокт ногдох төлбөрийн 60 хувийг Б тал хариуцахаар тохиролцсон. Б блокийн 60 хувь болох 9,688,070 төгрөг болон бусад гурван блокт ногдох 48,440,072 төгрөгийн хамт 58,128,142 төгрөгийг Б тал төлөх ёстой. Иргэн Д.Гоор шугамын бутьлор бохирын шугам суулгахад шаардлагатай бутьлорын ажлыг 53,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн. Энэ төлбөрийн 60 хувь болох 31,800,000 төгрөгийг Х т ХХК төлөөгүй учир энэ зардлыг гэрээний Б талаас нэхэмжилж байна. Мөн гадна дулааны холболтын ажлыг Б.Т захиралтай “Э” ХХК-р гүйцэтгүүлэхэд 125,000,000 төгрөг зарцуулсан. Энэ зардлын 60 хувь болох 75,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Гэрээ байгуулах үед зураг төсвөөр барилгын гадна фасад хөөсөн фасадтай баригдах ёстой байсан боловч Б талаас “хотын төвд баригдаж байгаа барилгын гадна фасадыг хөөсөн фасадаар хиймээргүй байна, “К” апартментийн бусад 3 блок болох А, В, Г блокийн гадна талыг метал фасадаар хийх гэж байна. Танайх Б блокийн гадна талыг бас металл фасадаар хийчих” гэж даалгасны дагуу бид металл фасадаар барилгын гадна талыг хийсэн. Зураг төсвийн дагуу хөөсөн фасадаар хийхэд 400,000,000 төгрөгийн төсөвтэй гүйцэтгэх ажлыг бид металл фасадаар 1,100,000,000 төгрөгөөр буюу 700,000,000 төгрөгийн илүү төсвөөр гүйцэтгэсэн. Б талын даалгавраар фасадыг өөр материал, технологиор гүйцэтгэсэн учир зөрүү төлбөр болох 700,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэрээний 3.3.2 хэсэгт “Зоорийн давхрын 60 хувийг А тал болох “Д о” ХХК-ийн өмчлөлд шилжүүлнэ” гэж заасан. Зоорийн давхарт автомашины дулаан зогсоол байрлах бөгөөд 60 хувьд ногдох хэсэг нь 11 ширхэг авто машины зогсоол болж байгаа. Х т ХХК өнгөрсөн хугацаанд манайд 9 ширхэг дулаан зогсоолын өмчлөх эрхийг шилжүүлсэн бөгөөд 2 ширхэг дулаан зогсоолыг нэг бүрийг нь 45,000,000 төгрөгөөр тооцож 90,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Гэрээний 3.3.2 хэсэгт “1, 2 дугаар давхрын 60 хувийг А тал болох “Д о” ХХК-н өмчлөлд шилжүүлнэ” гэж заасан. 1, 2 дугаар давхарт үйлчилгээний талбай байрлах бөгөөд 60 хувьд ногдох хэсэг нь нэг давхартаа 180 м.кв, 2 давхарт нийт 360 м.кв ногдох ба 1 м.кв-ын үнэ 4,000,000 төгрөгөөр үнэлэх талаар гэрээнд тусгасныг харгалзан тооцоолоход 1,440,000,000 төгрөг болж байна. Үйлчилгээний талбайн ногдох хэсгийг манай байгууллагад шилжүүлээгүй учир үнээр нь тооцож нэхэмжилж байна. Гэрээний Техникийн давхрын 60 хувь болох 42 м.кв-г нэг бүрийг нь 2,500,000 төгрөгөөр тооцон 63,000,000 төгрөгийг нэхэмжилж байна.

Иймд нийт 2,502.973,142 төгрөгийг гэрээний Б тал болох “Х т” ХХК-с гаргуулж өгнө үү.” гэж тайлбарласан.

 

3.2 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Д о” ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар өөрчилсөн. Үүнд: Хариуцагч “Д о” ХХК нь “Х т” ХХК нь “Д о” ХХК-тай байгуулсан “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ээр хүлээсэн үүрэг болох “К” апартментын орон сууцны барилгын Б блокийн барилгын гадна цэвэр ус, дулаан, бохир, цахилгаан зэргийг хариуцан гүйцэтгэх үүргээ билүүлээгүйгээс болж хариуцагч “Д о” ХХК нь нэхэмжлэгчийн захиалгаар баригдаж байгаа нийт 221 айлын А, Б, В, Г блокийн барилгуудад хамаарах дараах ажлуудыг өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн. Үүнд: Гадна бохирын шугамын холболтын ажил, Бохир усны шугам худаг хийх ажил, Бохирын шугам суулгахад шаардлагатай бутьлорын ажил, Гадны дулааны холболтын ажил, Гадна металл фасадны ажил. “Х т” ХХК-ийн зүгээс сөрөг нэхэмжлэлийн шаардлагад ирүүлсэн 5 агуулга бүхий хариу тайлбар нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрсөн мэт боловч зарим төлбөр тооцооны тооцоолол, авто зогсоолын талбайн тоо хэмжээний зөрүүтэй мэдээлэл, хариуцагчид гэрээний дагуу шилжүүлэх үүрэгтэй 360 м.кв үйлчилгээний талбайг буцаан олгоход татгалзах зүйлгүй зэрэг тайлбараас үүдэлтэй юм.

“Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ээр “Х т” ХХК-аас хийж гүйцэтгэж, гэрээгээр тохиролцсон хувиар “Д о” ХХК-иас төлбөрийг гаргуулах байсан боловч энэхүү үүргээ биелүүлээгүйгээс хариуцагч төлбөрийг гаргаж, гүйцэтгүүлсэн дараах ажлын төлбөрүүд:

Хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрт нийт 1,135,078,269.5 төгрөгийг “Х т” ХХК-иас гаргуулах. Үүнд: Гадна бохирын шугамын холболтын ажлын төлбөрт 60,142,500 төгрөгийг, бохир усны шугам худаг хийх ажлын төлбөрт 58,128,169.5 төгрөгийг, Бохирын шугам суулгахад шаардлагатай бутьлорын ажлын төлбөрт 47,700.000 төгрөгийг, Гадна дулааны холболтын ажлын төлбөрт 112,500,000 төгрөгийг, "Д о" ХХК нь А, Б, В, Г блокийн ариутгах татуургын ажлыг гүйцэтгэсний дараа төв зам дагуух гудамжинд зам талбайн нөхөн сэргээлтийн ажилд зарцуулсан 35,646,840 төгрөгийг, Гадна фасадны ажлын төлбөрт 700,000,000 төгрөгийг, Авто зогсоолын төлбөрт 54,000,000 төгрөгийг, Техникийн давхрын 70 м.кв талбайн “Д о” ХХК-д шилжүүлэх 60 хувьд ногдох 42 м.кв талбайн төлбөрт 63,000,000 төгрөг.

Б блок барилгын 1 болон 2 дугаар давхрын үйлчилгээний талбайн “Д о" ХХК-д шилжүүлэх нийт 394.56 м.кв талбайн ул хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг “Д о” ХХК-ийн нэр дээр гаргахыг нэхэмжлэгч “Х т” ХХК-д даалгаж өгнө үү гэжээ.

 

3.3 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “Д о” ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлсэн.

Тодруулбал, нэмэгдүүлж буй 44,343,750 төгрөг нь “Х т” ХХК-иас эвлэрэх саналын тооцоололд оруулж тооцоогүй, 2 дугаар хавтаст хэргийн 79-85 дугаар хуудаст авагдсан тус компанийн 2023 оны 04 дүгээр сарын 03-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбарын хавсралт хүснэгтэд тусгагдсан нэхэмжлэгчийн захиалгаар хариуцагчийн хийж гүйцэтгэсэн “К” апартментын А, В, Г блокийн 1, 2 дугаар давхрын цонхны ажлын төлбөр болно.

Тус өөрчилж тодруулсан нэхэмжлэлийн шаардлагын эхний хэсэг болох "хийж гүйцэтгэсэн нийт 1,135,078,269.5 төгрөгийг "Х т" ХХК-иас гаргуулах” гэснийг 44,343,750 төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 1,179,422,046.5 төгрөг болгон нэмэгдүүлж байна гэжээ.

 

4. Нэхэмжлэгч “Х т” ХХК хариуцагч “Д о” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлд “Сөрөг нэхэмжлэлд дурдагдсан гадна дулаан болон бохирын ажлын төлбөрөөс манай компанид ногдох ёстой үнийн дүнг бид өөрсдийн авах ёстой авлагад оруулж тооцоод үлдэгдэл 311,656,810 төгрөгийн үнийн дүнг нэхэмжилж байгаа. Иймд уг төлбөрийг дахин нэхэмжлэгч талаас тооцон нэхэмжлэх үндэслэлгүй юм.

Гадна дулааны ажлын төлбөрт 75,000,000 төгрөг нэхэмжилж буй шаардлагын тухайд: Мөн тус дүнгийн буюу гадна дулааны ажлыг хийхэд К апартментийн хажуу талын барилгын эзэмшигч нар гадна дулааны ажлыг олон удаагийн ажил болгохгүйгээр танай хийж байгаа ажилтай хамт хийлгэе ажлын хөлснөөс 20,000,000 төгрөгийг нь хариуцна харилцан тохиролцож байсан. Гэтэл тухайн барилгын хүмүүсээс ногдох 20,000,000 төгрөгийг нь нэхэмжлэхгүй манай байгууллагаас уг үнийн дүнг давхар нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Мөн дулааны холболтын ажлыг хийж гүйцэтгэсэн гэх “Э” ХХК-тай хийсэн ажил гүйцэтгэх гэрээ болоод төлбөр төлсөн баримтууд нь хууль ёсны, бодитой эсэх нь эргэлзээтэй, тодорхойгүй байна гэж үзэн уг шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Барилгын гадна фасадны ажлын төлбөрийн зөрүү 700,000,000 төгрөгийн тухайд: “Х т” ХХК-ийн барьж буй 4 блок барилгын гадна фасад нь бүгд металл хийцээр хийгдсэн. Энэ нь одоо байгаа барилгын зургаас тодорхой харагдана. Түүнээс хариуцагч талын нэхэмжлэлдээ тайлбарласан шиг бусад 3 блок нь хөөсөн фасадтай байхад ганцхан Б блокийг металл фасад буюу өөр материалаар тусгайлан хийлгэсэн зүйл биш. Харин эсрэгээрээ ажил гүйцэтгэж байх цаг хугацаанд “Д о” ХХК-ийн зүгээс барилгын зурагт өөрчлөлт оруулж, хөөсөн фасадаар хийх саналыг бидэнд тавьж байсан ба манай зүгээс нэгдүгээрт бусад блокоос гадна үзэмжийн хувьд өөр болно, гэрээний үүрэг зөрчигдөнө, хоёр дугаарт барилгын зургийн зохиогчид тус асуудлаар хандахад гадна фасадыг хөөсөөр хийх боломжгүй гэдэг хариуг өгч байсан учраас металл фасадаар нь ажлаа гүйцэтгэх шаардлагыг тавьж үүний дагуу гүйцэтгэгдсэн. Гэрээний 4.1.6-д заасны дагуу анхнаасаа 4 блок барилгыг фасадны ажил металл фасадтай байсан, үүгээр зогсохгүй гэрээнд фасадны ажлын төрөл, хэмжээ, үнийн дүнгээс үл хамааран “Д о” ХХК гадна фасадны ажлыг бүрэн хийж дуусгах, гарах зардлыг дангаар хариуцахаар зохицуулсан. Иймд гэрээнд заагаагүй бөгөөд өөрсдийн хийж гүйцэтгэх ёстой ажлын зардлыг үндэслэлгүйгээр манай компаниас нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй юм.

Зоорийн давхрын автомашины дулаан зогсоолоос аваагүй үлдсэн гэх 2 зогсоолын үнэ болох 90,000,000 төгрөгийн тухайд: Барилгын Б блокийн зоорийн давхар нь нийт 17 зогсоолтой бөгөөд үүний 60% нь 10 зогсоол байгаа болно. Барилгын бүх блок зоорийн давхарт нэгдсэн нэг дулааны болон цэвэр усны техникийн өрөөтэй бөгөөд уг өрөө нь “Д о” ХХК-тай гэрээтэй Б блокийн доор байрлаагүй барилгын дунд блокийн доор байрлаж байгаа болно. Уг техникийн өрөө нь Б блокийн хэрэглэгчдийг мөн адил хангаж байгаа тул техникийн өрөө байрлаж байгаа талбайгаас “Д о”ХХК нь мөн адил өөрийн ногдох зогсоолоос дүйцүүлэн гаргах талаар харилцан тохиролцсоны үндсэн дээр 1 зогсоолыг техникийн өрөөний ашиглалтын талбайд тооцож авахгүй болсон болно. Иймд манай зүгээс Зоорийн давхрын тухайд хариуцагч талд өгөх өр төлбөргүй учир үлдэгдэл төлбөр байгаа мэтээр үндэслэлгүй төлбөр гарган нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй.

1 болон 2 дугаар давхрын үйлчилгээний талбайгаас нийт 360 м.кв буюу 1,440,000,000 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд: Гэрээт ажлын манайд хүлээлгэж өгөх үр дүн 2 жилийн хугацаагаар хойшилсон, гэрээний хугацаанд тус компанийн хийж гүйцэтгэсэн ажил нь алдаа дутагдалтай, зөрчилтэй байсан талаарх нөхцөл байдлыг манай компанийн зүгээс удаа дараа мэдэгдсэн. Мөн ажил дууссаны дараагаар ажлын гүйцэтгэл, чанар, нөхцөл байдал, талуудын хооронд үүссэн төлбөрийн асуудлыг дүгнэн акт үйлдэх талаар ч мөн утсаар болон албан мэдэгдлүүдээр мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээг албан ёсоор дүгнэж, өр төлбөрийн асуудлыг шийдвэрлээгүй, “Д о” ХХК-ийн удирдлагууд гэх 3 иргэн зугтаасаар, асуудлыг шийдэхээс зайлсхийсээр өнөөдрийг хүрсэн. Өөрөөр хэлбэл бидний зүгээс үйлчилгээний талбайн “Д о” ХХК-д ногдох холбогдох хэсэг буюу 1 давхарт 180 м.кв, нийт 360 м.кв үйлчилгээний талбайг манай зүгээс ямар нэгэн байдлаар бусдад худалдан борлуулаагүй, өөр бусад этгээдүүдэд ашиглуулж, эзэмшүүлээгүй байгаа болно.” гэсэн тайлбарыг гаргасан.

 

 5. Нэхэмжлэгчээс “Х т” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /I-хх-5/, итгэмжлэл /I-хх-6/, 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн Хөрөнгө оруулалт хамтын ажиллагааны гэрээ /I-хх-7-15/, “Х т” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 19/106 дугаар албан тоот /I-хх-16/, “Х т” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 19/113 дугаар албан бичиг /I-хх-17/, “Х т” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 20/18 дугаар албан бичиг /I-хх-18/, “Х т” ХХК-ийн 2020 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 39 дугаар албан бичиг /I-хх-19, 20/, “Х т” ХХК-ийн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 20/194 дугаар албан бичиг /I-хх-21/, “Х т” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 21/20 дугаар албан бичиг /I-хх-22/, “Х т” ХХК-ийн 2021 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 21/25 дугаар албан бичиг /I-хх-23/, “Х т” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 21/26 дугаар албан бичиг /I-хх-24,25/, “Х т” ХХК-ийн 2021 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн 21/27 дугаар албан бичиг /I-хх-26/, “Х т” ХХК-ийн 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 21/34 дугаар албан бичиг /I-хх-27/, “Х т” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 21/44 дугаар албан бичиг /I-хх-28/, “Х т” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 20/15 дугаар албан бичиг /I-хх-29/, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн БА-275/2021 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт /I-хх-30-34/, 2018 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 181217/006 дугаартай Цахилгаан шат худалдах, худалдан авах гэрээ /I-хх-35-40/, “Э” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /I-хх-41/, “Э” ХХК-ийн тусгай зөвшөөрөл /I-хх-42/, 2018 оны  12 дугаар сарын 17-ны өдрийн үнийн санал /I-хх-43/, 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн БУА09/10-01 дугаартай Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд баригдаж буй үйлчилгээтэй орон сууцны барилгын дулааны узель угсарч гүйцэтгэх гэрээ /I-хх-46-49/, Иргэн Ан үйлчилгээтэй орон сууцны барилгын дулааны узелийн материалын тооцоо /I-хх-50-51/, Иргэн Б.Бийн үйлчилгээтэй орон сууцны барилгын цэвэр усны узелийн хөрөнгийн жагсаалт /I-хх-52/, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 19/06 дугаартай Гадна цахилгааны ажил гүйцэтгэх гэрээ /I-хх-53-59/, 2021 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 21/07 дугаартай Гадна зам талбай, тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ /I-хх-60-66/, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 183/2022/01596 дугаартай шийдвэр /I-хх-67-68/, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн тодорхойлолт /I-хх-69/, Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо иргэн Б.Б, Г.А нарын оффис үйлчилгээтэй орон сууцны барилгын Б блокийн төсөв, /I-хх-97-165/,  гэрэл зургууд /II-xx-85-86/, “Х т” ХХК-ийн 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 20/15 дугаартай албан бичиг /II-xx-89/, “Х т” ХХК-ийн 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 20/18 дугаартай албан бичиг /II-xx-90/, “Х т” ХХК-ийн 2021 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 21/20 дугаартай албан бичиг /II-xx-91/, “Х т” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 21/35 дугаартай албан бичиг /II-xx-92/, “Х т” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 21/43 дугаартай албан бичиг /II-xx-93-96/, “Х т” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 20/01 дугаартай албан бичиг /II-xx-97-99/, “Д о” ХХК-ийн 2020 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн 20, 22 дугаартай албан бичиг /II-xx-100, 101/, “Д о” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 90 дугаартай албан бичиг /II-xx-102/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /II-xx-103/, “Э” ХХК-ийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 02/75 дугаартай албан бичиг /II-xx-152,153/, “Э” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн албан бичиг /II-xx-154,155/, “Э” ХХК-ийн цахилгаан шат хүлээлцсэн акт /II-xx-156/, гэрэл зургууд /II-xx-157-158/, 2021 оны 8 дугаар сарын 25-ны өдрийн заслын ажил гүйцэтгэсэн акт  /II-xx-159/, 2021 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн заслын ажил гүйцэтгэсэн акт /II-xx-160/, 2021 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн “дотор халуун, хүйтэн усан хангамж, гал эсэргүүцэх системийг угсарсан, сорилтоор шалгасан акт” /II-xx-161, 162/, 2021 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн барилгын салхивчийн систем угсарсан сорилтоор шалгасан акт /II-xx-163-166/, гэрэл зургууд /II-xx-167-179/, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 18/155 дугаартай барьцааны гэрээ, /III-xx-3-4/, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 17/148-2 дугаартай барьцааны гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ /III-xx-5, 6/, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17/148-1 дугаартай барьцааны гэрээ /III-xx-7,8/, 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 17/148 дугаартай зээлийн гэрээ /III-xx-9-11/, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ /III-xx-143-145/, 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, иргэн Б.Б, Г.А нарын оффис үйлчилгээний орон сууцны барилгын Б блокын төсвийн талаарх тодруулга /III-xx-146, 147/, “Д о” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн үнийн саналын тухай албан бичиг /III-xx-148/, гэрэл зургууд /IV-xx-41-44/  зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Хариуцагчаас “Д о” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ /I-хх-88/, Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2022 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 221001587 дугаартай прокурорын тогтоол /I-хх-94/, Э.Эрдэнэбаярын оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /I-хх-186/, “Д о” ХХК-ийн дүрэм /I-хх-187-189/, 2020 оны 6 дугаар сарын 22-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ, гэрээний нэмэлт /I-хх-230-233/, 2022 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн тооцоо нийлсэн акт /I-хх-234/, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 19/043 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ /I-хх-235-236/, 2019 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /I-хх-237-239/, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /I-хх-241, 244/, 2020 оны 8 дугаар сарын 10-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /I-хх-242-243/, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 16 дугаартай гадна фасадны ажил гүйцэтгэх гэрээ /I-хх-245-247/, иргэн Г.Ан үйлчилгээтэй орон сууцны барилгын гадна бохир усны №7-12 хүртэлх шугам сүлжээний гүйцэтгэлийн ажлын зурагт тайлан /I-хх-248-250, II-xx-1-3/, “Э” ХХК-ийн 2023 оны 2 дугаар сарын 08-ны өдрийн 02/18 дугаар албан бичиг /II-xx-4/, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2021/03266 дугаар шийдвэр /II-xx-5-9/, 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 2 дугаартай орон сууц захиалгын гэрээ /II-xx-10-14/, М.Б иргэний үнэмлэхийн хуулбар /II-xx-15/, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 22/13 дугаартай тооцоо нийлсэн акт /II-xx-16/, 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2021 оны 8 сарын 11-ний өдрийн 21/07 тоот “Гадна зам талбай, тохижилтын ажил гүйцэтгэх гэрээ” дүгнэсэн акт /II-xx-17,18/, 2021 оны 8 сарын 19-ний өдрийн 21/32 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээ /II-xx-19-23/, Б.Б, С.О, Б.Э, иргэний үнэмлэхийн хуулбар /II-xx-24,25,35,41/, 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 15/19 дугаартай барилга угсралтын ажлын явцад хийсэн зохиогчийн дүгнэлт /II-xx-26/, Тооцооны үлдэгдлийн баталгаа №22/03 /II-xx-27/, 2022 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн №22/03 дугаартай тооцоо нийлсэн акт /II-xx-28/, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн №22/16 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээ /II-xx-29-33/, 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 21/54 дугаартай орон сууц захиалгаар бариулах гэрээ /II-xx-36-40/, Б.Шийриймаагийн иргэний үнэмлэхийн хуулбар /II-xx-42/, “Д о” ХХК-ийн 2023 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 23/05 дугаар албан бичиг /II-xx-43/, автомашины дулаан зогсоол захиалж худалдан авсан иргэний нэрийн жагсаалт /II-xx-44/, “Д о” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 21/25 дугаар албан бичиг /II-xx-45/, “Д о” ХХК-ийн Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо К апартмент Б блокийн 16 давхар орон сууцны үл хөдлөх хөрөнгөд бүртгүүлэх айлуудын жагсаалт /II-xx-46,47/, “Д о” ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 111 дугаартай албан бичиг /II-xx-48/, “Д о” ХХК-ийн 25 дугаартай албан бичиг /II-xx-49/, гадна фасадын масштаб зураг /II-xx-111-121/,   2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 02/64 дугаартай гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн гэрчилгээ /II-xx-148/, К апартмент орон сууцны барилгын Б блокийн 98 айлын орон сууцны барилгын “Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэлийг баталгаажуулсан дэвтэр, иргэн Г.Ан үйлчилгээтэй, орон сууцны барилга /өөрчлөлтийн зураг/, иргэн Г.Ан үйлчилгээтэй, орон сууцны барилга /ажлын зураг/, иргэн Г.Ан үйлчилгээтэй орон сууцны барилгын гадна ариутгах татуургын шугамын ажлын зураг, иргэн Г.Ан үйлчилгээтэй орон сууцны 2-16 давхар 4 блок барилгын гадна ус хангамжийн зураг төсөл, иргэн Г.Ан үйлчилгээтэй орон сууцны барилгын гадна холбооны зураг, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 01/2991 дугаартай албан бичиг /III-xx-80/, 2020 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /III-xx-106-108/,  2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн тооцоо /III-xx-109/, “Женерал роуд” ХХК-ийн иргэн А явган хүний замын нөхөн сэргээлтийн ажилд гарсан зардлууд /III-xx-110/, “Женерал роуд” ХХК-ийн иргэн Ад хийгдсэн явган замын нөхөн сэргээлтийн ажилд ажилласан ИТА цалин /III-xx-111/, нэхэмжлэх №042 /III-xx-112/, Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /III-xx-113/, гэрэл зургууд /III-xx-114-142/, “Эрчим сервис” ХХК-иас Б.Цд олгосон үнэмлэх /III-xx-156/, 2023 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 01 дугаартай үйлчилгээний талбай захиалгын гэрээ /III-xx-166-168/, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын өглөг, авлагын тооцоолол /III-xx-195-197/, 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 03/2019 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ /III-xx-201-205/, “М” ХХК-ийн 2019 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн барилгын дотор цахилгаан, холбоо дохиолол, гадна гэрэлтүүлэг /III-xx-206-210/, “Д о” ХХК болон “М” ХХК-ийн Хан-Уул дүүрэг 3 дугаар хороонд баригдаж буй К апартмент хотхоны Б блок барилгын ажлын гэрээ дүгнэсэн акт /III-xx-213/, “М” ХХК-ийн 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдрийн 08/2020 дугаартай албан бичиг /III-xx-214/, 2019 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн 2019/05 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ /III-xx-216-221/, “Д о” ХХК болон “Т” ХХК-ийн гэрээ дүгнэсэн акт /III-xx-224/,“Т” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 11/3 дугаартай албан бичиг /III-xx-225/, “Д о” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 14 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ /III-xx-226-231/, “Д о” ХХК болон “Эрчим сервис” ХХК-ийн Хан-Уул дүүрэг 3 дугаар хороонд баригдаж буй К апартмент хотхоны Б блок барилгын ажлын гэрээ дүгнэсэн акт /III-xx-232-233/, 2019 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 03 дугаартай ажил гүйцэтгэх гэрээ /III-xx-235-240/, 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн “Д о” ХХК болон “Хай брэнд” ХХК-ийн 03 тоот ажил гүйцэтгэх гэрээний дагуу цонхны ажил хүлээлцсэн акт /III-xx-241/, гэрэл зургууд /III-xx-242-245/, 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн “Аутсайд сервис” ХХК-ийн үнийн санал /III-xx-246/, “Х х” ХХК-ийн 2019 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн 19/25 дугаартай албан бичиг /III-xx-249/, “Х х” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ /IV-xx-2/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

Нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүх дараах баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд: “Д о” ХХК нь 2023 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 02/64 дугаартай “Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйл /force majure/”-ийн гэрчилгээг авахдаа бүрдүүлсэн баримтууд /II-xx-193-248/, Э.Маас гэрчийн мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /IV-xx-20-29/, гэрч Э.Мын гар утсан дахь зурагт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /IV-xx-33-39/

 

Хариуцагчийн хүсэлтээр шүүх дараах баримтуудыг бүрдүүлсэн байна. Үүнд: Үндэсний төв архиваас К апартмент орон сууцыг улсын комисст хүлээлгэн өгсөн бичиг баримтуудаас техникийн нөхцөлүүдтэй холбоотой баримтууд, цахилгаан шатанд дахин магадлагаа хийсэн акт, цахилгаан шат ашиглалтад оруулах тухай улсын байцаагчийн зөвшөөрөл /II-xx-58-74, 141-147/, “Төрийн банк” ХК-иас 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Б.Бтэй байгуулсан 18/155 дугаартай зээлийн гэрээний хавсралт болох 2017 оны 8 дугаар сарын 17/148 тоот гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17/148-1 тоот барьцааны гэрээ, 2018 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 17/148-2 тоот барьцааны нэмэлт гэрээ, 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 18/155 тоот барьцааны гэрээ /III-xx-12-27/, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 01/2991 тоот “Зөвшөөрөл олгох тухай” албан бичиг /III-xx-60-61/, Б.Ц, Б.Л нараас гэрчийн мэдүүлэг авсан тухай тэмдэглэл /III-xx-176-189/, хариуцагчийн төлөөлөгч Г.Баттулгын гар утсанд байх барилгын гадна хэсгийн зурагт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /IV-xx-30-32/, Үндэсний төв архиваас ирүүлсэн Иргэн Ан үйлчилгээтэй орон сууцны барилгын гадна дулааны шугамын ажлын зураг 12 хуудас, Иргэн Г.Ан үйлчилгээтэй орон сууцны барилгын зураг, Г.Ан үйлчилгээтэй орон сууцны барилгын зураг /өөрчлөлтийн зураг/, Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, энгельсийн гудамжны авто зам дагуу Иргэн Г.Ан үйлчилгээтэй орон сууцны барилгын гадна холбооны зураг, Иргэн Г.Ан үйлчилгээний 2-16 давхар 4 блок барилгын гадны ус хангамжийн зураг төсөл, Иргэн Г.Ан үйлчилгээтэй орон сууцны барилгын гадна ариутгах татуургын шугамын ажлын зураг, Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэлийг баталгаажуулсан дэвтэр 1-117 хуудас.

 

Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг, хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

2. Нэхэмжлэгч “Х т” ХХК дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр “Д о” ХХК-тай байгуулсан 01 тоот “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний 2.5, 6.2-т зааснаар А тал буюу “Д о” ХХК 16 давхар бүхий “Б” блок барилгын иж бүрэн ажлыг 2019 оны 05 дугаар сарын 15-ны дотор эхлүүлж, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор барьж дуусган Улсын комисст хүлээлгэн өгсөн байна гэж заасан бөгөөд хэрэв гэрээгээр тогтоосон хугацаанд А тал барилгын ажлыг бүрэн хийж гүйцэтгээгүй тохиолдолд 5.1.3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг “Б” тал буюу “Х т” ХХК-д төлөхөөр зохицуулсан. Хариуцагч нь гэрээний хугацаа дууссанаас хойш 2 жилийн дараа буюу 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улсын комисст барилгыг хүлээлгэж өгсөн. Гэрээгээр тохирсон үүрэг гүйцэтгэх хугацаа буюу 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд нийт төлөвлөгдсөн ажлаас 7,220,547,603 төгрөгийн үнийн дүн бүхий ажил хийгдээгүй байсан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Улсын комисст барилгыг хүлээлгэж өгөх хүртэл нийт 722 хоногоор гэрээний хугацаа хэтэрсэн. Дээрх гэрээгээр хүлээсэн үүргээ гэрээнд заасан хугацаанд гүйцэтгээгүй тул гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнд холбогдох 2,445,551,691 төгрөгийн алданги нэхэмжилж байна. Гэрээний Б блокийн барилгын ажлыг хийж гүйцэтгэх явцад гадна цахилгаан, узель угсрах холболтуудын ажлууд болон Б блокод суурилуулсан лифтийг манай компанийн өөрийн зардлаар худалдан авч суурилуулсан бөгөөд “Д о” ХХК-аас гүйцэтгэсэн ажлын зардалд манай компанид төлөх ёстой 472,702,803 төгрөг нийт 2,918,254,494 төгрөгийг шаардах эрхтэй.” гэж тодорхойлсон.

 

3. Хариуцагч “Д о” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  Үүнд: “2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-гээр тохирсон барилга баригдах хугацаанд “Х т” ХХК нь өөрсдөөс шалтгаалах төлбөр төлөх, барилгад шаардлагатай зөвшөөрлүүдийг эрх бүхий байгууллагаас гаргуулахдаа удаашралтай ажилласан нь бидний ажилд маш ихээр хүндрэл учруулсан. Энэ хугацаанд манай байгууллага ажлаа үргэлжлүүлэн явуулахын тулд “Х т” ХХК-аас гарах ёстой байсан төлбөрүүдийг өөрсдөө төлж ажлаа үргэлжлүүлж байсан. Мөн дэлхий нийтэд цар тахал дэгдэж 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн хэд хэдэн удаагийн өндөржүүлсэн болоод бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хил хаагдсан. Иймд гэрээний 8.3-т заасан давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөс буюу манай байгууллагаас хамааралгүй нөхцөл байдлаас шалтгаалан барилгын ажил зогсонги байдалд орсон. Хэдийгээр “Х т” ХХК-ийн буруутай нөхцөл байдал, давагдашгүй хүчин зүйлийн нөхцөл байдал байсан ч манай байгууллага гэрээний үүргээ ухамсарлаж, гэрээний үүргээ биелүүлж, барилгыг ашиглалтад оруулсан.” маргажээ.

 

4. Хариуцагч “Д о” ХХК сөрөг нэхэмжлэлийн үндэслэлээ “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ээр “Х т” ХХК-аас хийж гүйцэтгэж, гэрээгээр тохиролцсон хувиар “Д о” ХХК-иас төлбөрийг гаргуулах байсан боловч энэхүү үүргээ биелүүлээгүйгээс хариуцагч төлбөрийг гаргаж, гүйцэтгэсэн. Гадна бохирын шугамын холболтын ажлын төлбөрт 60,142,500 төгрөгийг, бохир усны шугам худаг хийх ажлын төлбөрт 58,128,169.5 төгрөгийг, Бохирын шугам суулгахад шаардлагатай бутьлорын ажлын төлбөрт 47,700.000 төгрөгийг, Гадна дулааны холболтын ажлын төлбөрт 112,500,000 төгрөгийг, "Д о" ХХК нь А, Б, В, Г блокийн ариутгах татуургын ажлыг гүйцэтгэсний дараа төв зам дагуух гудамжинд зам талбайн нөхөн сэргээлтийн ажилд зарцуулсан 35,646,840 төгрөгийг, Гадна фасадны ажлын төлбөрт 700,000,000 төгрөгийг, Авто зогсоолын төлбөрт 54,000,000 төгрөгийг, Техникийн давхрын 70 м.кв талбайн “Д о” ХХК-д шилжүүлэх 60 хувьд ногдох 42 м.кв талбайн төлбөрт 63,000,000 төгрөг, “К” апартментын А, В, Г блокийн 1, 2 дугаар давхрын цонхны ажлын төлбөр 44,343,750 төгрөг нийт 1,179,422,046.5 төгрөг, мөн дээрх гэрээгээр тохирсон Б блок барилгын 1 болон 2 дугаар давхрын үйлчилгээний талбайн 60 хувийг “Д о" ХХК-д шилжүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг “Д о” ХХК-ийн нэр дээр гаргахыг нэхэмжлэгч “Х т” ХХК-д даалгаж өгнө үү.” гэж тайлбарласан.

 

5. Нэхэмжлэгч “Х т” ХХК сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн.  “Дулааны холболтын ажлыг хийж гүйцэтгэсэн гэх “Э” ХХК-тай хийсэн ажил гүйцэтгэх гэрээ болоод төлбөр төлсөн баримтууд нь хууль ёсны, бодитой эсэх нь эргэлзээтэй, тодорхойгүй байна. Барилгын гадна фасадны ажлын төлбөрийн зөрүү 700,000,000 төгрөгийн тухайд: “Х т” ХХК-ийн барьж буй 4 блок барилгын гадна фасад нь бүгд металл хийцээр хийгдсэн. Энэ нь одоо байгаа барилгын зургаас тодорхой харагдана. Гэрээний 4.1.6-д заасны дагуу анхнаасаа 4 блок барилгыг фасадны ажил металл фасадтай байсан, үүгээр зогсохгүй гэрээнд фасадны ажлын төрөл, хэмжээ, үнийн дүнгээс үл хамааран “Д о” ХХК гадна фасадны ажлыг бүрэн хийж дуусгах, гарах зардлыг дангаар хариуцахаар зохицуулсан. Зоорийн давхрын автомашины дулаан зогсоолоос аваагүй үлдсэн гэх 2 зогсоолын үнэ болох 90,000,000 төгрөгийн тухайд: Уг техникийн өрөө нь Б блокийн хэрэглэгчдийг мөн адил хангаж байгаа тул техникийн өрөө байрлаж байгаа талбайгаас “Д о”ХХК нь мөн адил өөрийн ногдох зогсоолоос дүйцүүлэн гаргах талаар харилцан тохиролцсоны үндсэн дээр 1 зогсоолыг техникийн өрөөний ашиглалтын талбайд тооцож авахгүй болсон болно. 1, 2 дугаар давхрын үйлчилгээний талбайгаас нийт 360 м.кв гаргуулах шаардлагын тухайд: Гэрээт ажил дууссаны дараагаар ажлын гүйцэтгэл, чанар, нөхцөл байдал, талуудын хооронд үүссэн төлбөрийн асуудлыг дүгнэн акт үйлдэх талаар ч мөн утсаар болон албан мэдэгдлүүдээр мэдэгдэж байсан боловч өнөөдрийг хүртэл гэрээг албан ёсоор дүгнэж, өр төлбөрийн асуудлыг шийдвэрлээгүй, мөн 1 давхарт 180 м.кв, нийт 360 м.кв үйлчилгээний талбайг манай зүгээс ямар нэгэн байдлаар бусдад худалдан борлуулаагүй, өөр бусад этгээдүүдэд ашиглуулж, эзэмшүүлээгүй байгаа болно.” гэж маргажээ.

 

 6. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

7. “Х т” ХХК болон “Д о” ХХК нар нь 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр ашигтай хамтран ажиллах зарчимд тулгуурлан, Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг “Х т” ХХК-ийн хэрэгжүүлж буй үйлчилгээтэй, орон сууцны төслийн угсралтын ажил 2 давхар хүртэл хийгдсэн “Б” блокд гэрээнд заасан хэлбэрээр хөрөнгө оруулалт хийж, А тал буюу “Д о” ХХК үйлчилгээтэй орон сууцны зориулалтай “Б” блокийн барилга барих ажлыг бүхэлд нь хариуцаж, Улсын комисст хүлээлгэн өгөх, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарах, захиалагчид түлхүүр гардуулах хүртэл ажиллагааг бүрэн хийж гүйцэтгэх, Б тал буюу “Х т” ХХК барилга барихтай холбоотой төрийн эрх бүхий байгууллагаас шаардагдах, дэд бүтэцтэй холбоотой зөвшөөрөл, бичиг баримтыг бүрдүүлэх, төсөл үргэлжлэх хугацааны газрын төлбөрийг төлөх, төслийн үр дүнг хүлээн авсны дараа гэрээний дагуу А талд олгох барилгын талбайг шилжүүлэхээр харилцан тохирч “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-г байгуулжээ.

 

8. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д “Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ” гэж заасан бөгөөд талууд Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, орон сууцны нийт 8,840 м.кв барилгажих талбайтай, 16 давхар “Б” блок барилгын 60 хувийг хариуцагч “Д о” ХХК, 40 хувийг нэхэмжлэгч “Х т” ХХК тус тус өмчлөхөөр тохиролцож, нэхэмжлэгч нь гадна цэвэр ус, дулаан, бохир, цахилгаан зэргийг хариуцан “Б” блокд ногдох хэсэг буюу 40 хувийг “Д о” ХХК-аас  “Х т” ХХК-д төлөх, хариуцагч 3 дугаар давхраас барилгыг үргэлжлүүлэн барьж, барилгын гаднах ногоон байгууламж, орц гарц, зам талбай, гаднах тохижилтын ажлыг хийж гүйцэтгэх замаар хамтарч ажиллажээ.

 

8.1 Зохигчдын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.

 

8.2 Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.3 дах хэсэгт заасны дагуу талууд хамтран ажиллах гэрээг бичгээр байгуулсан, хамтран ажиллах гэрээний талууд хураамж төлөх бөгөөд нэг талаас хөрөнгө, нөгөө талаас үйлчилгээ үзүүлэхээр харилцан тохиролцсон. Энэ нь Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.1, 477.2 дах хэсэгт заасантай нийцнэ.

 

8.3 Мөн хуулийн 477 дугаар зүйлийн 477.3 дах хэсэгт “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна”, 477.4 дэх хэсэгт “Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна” гэж заасны дагуу хамтын үйл ажиллагаанаас бий болсон хөрөнгө, түүний үр шим, ашиг орлого дундын өмч гэх агуулгаас үзэхэд талуудын маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгө нь нэхэмжлэгчээс оруулсан ажил үйлчилгээний үр дүн, хариуцагчаас оруулсан оруулсан хувь, хураамж буюу тодорхой хэмжээний мөнгөн хөрөнгө, ажил үйлчилгээний үр дүн, хамтын үйл ажиллагаанаас бий болсон хөрөнгө нь гэрээний талуудын дундын хөрөнгө байх учиртай.

 

8.4 Нэхэмжлэгч “Х т” ХХК-аас барилга барихтай холбоотой төрийн эрх бүхий байгууллагаас шаардагдах, дэд бүтэцтэй холбоотой зөвшөөрөл, бичиг баримтыг бүрдүүлж хөрөнгө оруулах замаар, хариуцагч “Д о” ХХК-аас хөрөнгө оруулж үл хөдлөх эд хөрөнгийг барьж ашиглалтад оруулах үйлчилгээ үзүүлэх замаар хамтран ажиллаж ашиг олох тодорхой зорилго бүхий хамтын үйл ажиллагааны үр дүн болох Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, энгельс гудамж, “Б” блок үйлчилгээтэй 98 айлын орон сууцны барилгыг гэрээний талуудын дундын хөрөнгө гэж үзлээ.

 

9. Талуудын маргааны зүйл нь дээрх гэрээний 5.1.3-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.05 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг хариуцагчаас нэхэмжлэгчид төлөхөөр тохирсон, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд нийт төлөвлөсөн ажлаас 7,220,547,603 төгрөгийн үнийн дүн бүхий ажил хийгдээгүй байсан, Б блокийн барилгын ажлыг хийж гүйцэтгэх явцад талууд өөрийн зардлаар хийж гүйцэтгэсэн ажлын хөлсийг шаардсан бөгөөд гэрээнд заасан үүргээ хэн аль нь биелүүлээгүй талаар маргасан, харин маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө ашиглалтад орсон үйл баримтад маргаагүй.

 

10. Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын талаар:

 

10.1 Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, * давхар, 17 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй 98 айлын орон сууцны барилга байгууламжийг 2021 оны 12 дугаар сарын 23-ны БА-275/2021 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс хүлээн авч ашиглалтад хүлээлгэн өгчээ.

 

10.2 Зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний дагуу “Д о” ХХК нь 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор 16 давхар “Б” блокийн барилгыг барьж дуусган Улсын комисст хүлээлгэн өгсөн байна, гэрээний үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан бол  гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоногийн 0,05 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг “Х т” ХХК-д төлөхөөр тохиролцсон байна.

 

10.3 Энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч “Х т” ХХК нь хариуцагч “Д о” ХХК-д холбогдуулан алданги 2,445,551,691 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

11. Нэхэмжлэгчээс гэрээгээр тохирсон алдангийг шаардсан нөхцөлд үүргийн зөрчил байгаа эсэх шалгах нь чухал ач холбогдолтой юм. Нэхэмжлэгч “Х т” ХХК-аас 2020 оны 6 дугаар сарын 08-ны өдрийн 20/18 дугаар албан бичгээр хариуцагч “Д о” ХХК-д хандан барилгын үйл явцын талаар “...Барилгын “Б” блокийн хүлээлгэж өгөх та бидний тохиролцсон хугацаа өнгөрсөн хэдий ч бид өнөөдрийг хүртэл улс оронд үүсээд байгаа нөхцөл байдал, байгууллагад тулгардаг санхүүгийн хүндрэл зэрэг олон хүчин зүйлийг харгалзан үзэж өнөөдрийг хүртэл хүлээцтэй хандаж байна. Иймд урд ярьж тохиролцсоны дагуу 07/01-ээс хэтрэхгүйгээр техникийн комисс ажиллуулах хүсэлтээ бид цаашаа эрх бүхий байгууллагад өгчихсөн байгаа...”, мөн 2020 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 20/194 дугаар албан бичгээр “...Бид уг хугацаа хойшлох нөхцөл байдал хийгээд та бүхний зүгээс ярьж байсан санхүүгийн хүндрэлтэй байдал зэргийг маш сайн ойлгож хамтран ажилласаар ирсэн билээ. Одоо барилгын дулааны асуудал цэгцэрч дотор ажил ажил явагдахад ямар нэгэн хүндрэлгүй болсон байна.”  гэснээс үзэхэд Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 дах хэсэгт Үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэх хугацаа хэтрүүлсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч түүнд үүргээ биелүүлэх нэмэлт хугацаа зааж болно гэж зааснаар нэмэлт хугацаа олгож талууд тохиролцсон үйл баримт тогтоогдож байна.

 

11.1 Түүнчлэн, гэрч Б.Ций мэдүүлэгт “...2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр ажил дуусгана гэж гэрээ байгуулсан. Гэрээний дагуу манайх ажлыг хийж гүйцэтгэсэн. 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш Ковид гарч бид нар хязгаарлагдсан. Би өөрийнхөө хэмжээнд ажлаа хийсэн. Халаалт авах хэмжээнд тоног төхөөрөмж бэлэн байсан...” гэх, гэрч Б.Лгийн “...2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байсан, тухайн жил манай барилга дулаан аваагүй, дулаан аваагүйгээс дотор заслын ажил эхлэх боломжгүй байсан.” гэх, гэрч Э.Мын “...“Б” блок дулаанаа 2020 оны намар авсан, ковидын үед ажлууд зогсож байсан. Ковидын хөл хорио тогтоох үед барилын ажлыг тэр чигт нь зогсоосон байсан.” гэх мэдүүлэг болон хэрэгт нотлох баримтаар Үндэсний архивын ерөнхий газраас ирүүлсэн Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэлийн 116 дугаар талд “... 2020 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ням гараг,  “Б” блокийн дулааныг тавьж эхлэв...” гэх, мөн 3 дугаар хавтас хэргийн 61 дүгээр талд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 01/2991 тоот Зөвшөөрөл олгох тухай албан бичгээр Хан-уул дүүргийн 3 дугаар хороо, Энгельсийн гудамжны туслах зам, явган замын хөдөлгөөний А байдлыг хангах зураглал хийлгэн тэмдэг, тэмдэглэл тавин хэсэгчлэн сэтэлж ариутгах татуургын шугам татах ажлын зөвшөөрлийг олгосон баримт зэргээс үзэхэд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэг талууд гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэг хүлээнэ гэж зааснаар нэхэмжлэгч “Х т” ХХК нь “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний 1.4-т заасан барилга барихтай холбоотой төрийн эрх бүхий байгууллагаас шаардагдах, дэд бүтэцтэй холбоотой зөвшөөрөл, бичиг баримтыг бүрдүүлэх буюу гэрээний хугацаанд үүргээ зохих ёсоор хэрэгжүүлээгүй нөхцөл байдал тогтоогдож байна.

 

11.2 Иргэний хуулийн 223 дугаар зүйлийн 223.2 дах хэсэгт “Үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой байсан боловч түүнийг гүйцэтгээгүйгээс хугацаа хэтэрсэн бол үүрэг гүйцэтгүүлэгч хугацаа хэтрүүлсэн гэж үзнэ” гэж тодорхой заасан. Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгэх нөхцөлийг бүрдүүлэхийн тулд үүрэг гүйцэтгүүлэгч ямар нэгэн үйлдэл хийх ёстой буюу үүрэг хүлээсэн байх, энэ үүргээ биелүүлээгүй нөхцөлд өөрийг нь буруутай гэж үзэх, улмаар мөнгөн төлбөрийн үүрэг ёсоор анз авах эрхээ алдах үр дагаврыг мөн хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заажээ.

 

11.3 Талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний 5.1.3-т “А” тал ажлаа зогсоосон хаяж явсан, гэрээний үүргээ биелүүлэхээс үндэслэлгүйгээр татгалзсан бол “А” тал гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн хоногийн 0,05 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг “Б” талд төлнө гэж заасан байх бөгөөд хариуцагч “Д о” ХХК  “...Гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ажлаа зогсоож, гэрээний хугацаанд хаяж явсан зүйл ерөөсөө байхгүй, харин ч цаг алдахгүйгээр гэрээгээр “Х т” ХХК-ийн хүлээсэн бохирын шугам холболтын ажил, А, Б, В, Г блокд хамаарах гадны дулаан холболтын ажил зэргийг өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэсэн, гэвч нэхэмжлэгчээс дэд бүтэцтэй холбоотой зөвшөөрөл гаргуулах асуудлаас болж барилга хугацаандаа ашиглалтад орох үйл ажиллагаа хойшлогдсон. Мөн алданги нэхэмжилж буй гол үндэслэл болсон төсвийг барилгын ажлыг дууссаны дараа хийлгэсэн, гүйцэтгэгчээс ямар нэгэн санал, мэдээлэл аваагүй. Уг төсөв нь хэт хөөсөрсөн, ямар баримтад тулгуурлан гаргасан нь тодорхойгүй, төсвийг хэт өндөр гаргах шаардлагатай гэж үзээд зохиомлоор төсөв зохиосон...” гэх тайлбарыг нэхэмжлэгч баримтаар няцааж чадаагүй.

 

11.4 Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчээс  нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, иргэн Б.Б, Г.А нарын оффис үйлчилгээтэй орон сууцны барилгын “Б” блокийн төсвийг гаргаж өгсөн. Уг барилга төсвийг 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр гүйцэтгэсэн байх бөгөөд  хариуцагч “Д о” ХХК 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд нийт төлөвлөсөн ажлаас 7,220,547,603 төгрөгийн үнийн дүн бүхий ажил хийгдээгүй байсан гэх тайлбар нь хэрэгт авагдсан Үндэсний архивын ерөнхий газраас ирүүлсэн Барилга угсралтын ажлыг гүйцэтгэсэн тэмдэглэл /нотлох баримт 5-119 хуудас/ гэх баримтаар тогтоогдохгүй байх ба нэхэмжлэгч “Х т” ХХК нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар эргэлзээгүй байдлаар нотолж чадаагүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар эргэлзээтэй баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй байдаг.

 

12. Хариуцагчаас “дэлхий нийтэд цар тахал хэд хэдэн удаагийн өндөржүүлсэн болоод бүх нийтийн бэлэн байдал зарлаж, хил хаагдсан. Манай байгууллагаас хамааралгүй нөхцөл байдал шалтгаалсан. Гэрээний 8.3-т заасан давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн тул алдангиас чөлөөлөгдөнө.” гэж тайлбарласан.

 

12.1 Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 8.3-т Гэнэтийн давагдашгүй хүчин зүйл гэдэгт гал түймэр, газар хөдлөлт, салхи шуурга, аянга цахилгаан, үер усны гамшиг зэрэг байгалийн гамшиг, нийтийг хамарсан үймээн, эсэргүүцлийн хөдөлгөөн, төрийн эрх бүхий байгууллагаас гаргасан хорио, цээртэй холбоотой шийдвэр зэрэг талуудын хүсэл зоригоос үл хамаарах шалтгаануудыг ойлгоно гэж заажээ.

12.2 Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Онцгой байдлын комиссын удаа дараагийн шийдвэрээр коронавирус цар тахлын улмаас хөл хорио тогтоох, Монгол Улсын хилээр ачаа тээвэр нэвтрүүлэхгүй хаах, доголдох, барилгын материалын үнийн өсөлт зэрэг үйл явц явагдсан тул хугацаа хэтрүүлсэн явдал цар тахлаас мөн шалтгаалсан тухай хариуцагчийн тайлбар үндэслэлтэй. Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал үүрэг гүйцэтгэгчийн гэм буруугаас болоогүй бол үүрэг гүйцэтгэгчийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй тухай хуулийн зохицуулалт, гэрээний 8.2, 8.3-т заасан зохицуулалтууд маргааны энэ тохиолдолд хамааралтай байна. Шүүх цар тахалтай холбоотой үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нийтэд илэрхий нотлох шаардлагагүй үйл баримтад хамаарна гэж үзсэн болно.

 

12.3 Иймээс гэрээний хугацаа хэтрэхэд хүргэсэн нөхцөл байдал нь үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч “Д о” ХХК-ийн гэм буруугаас болоогүй нь тогтоогдсон тул түүнийг хугацаа хэтрүүлсэн гэж үзэхгүй. Энэ нөхцөлд нэхэмжлэгч “Х т” ХХК нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт заасан алданги шаардах эрхгүй байна.  Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.2 дах хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч “Д о” ХХК-ийг хугацаа хэтрүүлсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байна гэж үзлээ.

 

13. Түүнчлэн, нэхэмжлэгчээс гэрээний дагуу “Б” блокийн барилгын ажлыг хийж гүйцэтгэх явцад гадна цахилгаан, узель угсрах холболтуудын ажлууд болон “Б” блокод суурилуулсан лифтийг манай компанийн өөрийн зардлаар худалдан авч суурилуулсан бөгөөд “Д о” ХХК-аас гүйцэтгэсэн ажлын зардалд төлөх ёстой 472,702,803 төгрөгийг гаргуулахаар шаардсан.

 

13.1 Талуудын хооронд байгуулсан 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 01 тоот “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний 2.2-т “Гадна цэвэр ус, дулаан, бохир, цахилгаан зэрэгт гарсан зардлын “Б” блокт ногдох хэсэг буюу 40 %-ийг А тал “Д о” ХХК хариуцаж Б тал “Х т” ХХК-д төлнө” гэж заажээ.

 

13.2 Нэхэмжлэгч  “Х т” ХХК гэрээнд заасны дагуу Гадна цахилгааны ажил гүйцэтгэх гэрээг “М ө” ХХК-тай гэрээний нийт үнийг 138,064,970 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр, Дулааны  узель угсарч гүйцэтгэх гэрээг “А” ХХК-тай гэрээний нийт үнийг 345,682,887 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр, Цахилгаан шат худалдах-худалдан авах гэрээг “Э” ХХК-тай гэрээний нийт үнийг 861,244,248 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр, Гадна зам талбай, тохижилтын ажил гүйцэтгэх гэрээг “С” ХХК-тай нийт 168,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгүүлэхээр тус тус харилцан тохиролцсон гэрээ байгуулжээ. Хариуцагч “Д о” ХХК энэ үйл баримтын талаар маргаагүй.

 

13.3 Харин дээрх ажил гүйцэтгэх болон худалдах-худалдан авах гэрээнээс үзэхэд Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 3-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 221 айлын орон сууцны А, Б, В, Г блок төслийн хэмжээнд ажлыг хийж гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна.

 

13.4 Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч “Х т” ХХК нь “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний 2.2-т заасны дагуу зөвхөн “Б” блокд ногдох гадна цэвэр ус, дулаан, бохир, цахилгаан зэрэгт гарсан зардлын 40 хувийг хариуцагч “Д о” ХХК-аас шаардах эрхтэй бөгөөд нийт А, В, Г блокийн орон сууцны төслийн хэмжээнд хариуцагч нь гадна цахилгааны ажил, дулааны  узель угсрах ажил, гадна зам талбай, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэсэн зардлыг хариуцах учиргүй гэж үзнэ.

 

13.5 Ийнхүү “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний 2.2-т заасны дагуу “Б” блокд ногдох хэсэг нь гадна цахилгааны ажил 31,806,497 төгрөг /138,064,970:4=34,516,242.5*40%=31,806,497/, дулааны  узель угсрах болон цэвэр усны узель усрах 38,568,288.7 төгрөг /345,682,887 + 40,000,000 = 385,682,887 : 4 = 96,420,721 * 40% = 38,568,288.7/, гадна зам талбай, тохижилтын ажил 16,800,000 төгрөг /168,000,000:4=42,000,000*40%=16,800,000/ байна.

 

13.6 Дээрх гэрээний 4.1.7-д “А тал нь “Б” талын нийт төслийн хэмжээнд гэрээ хийж баталгаажсан ажил болон материалын “Б” блокд ногдох хэсгийн төлбөрийг /үүнд лифт багтана/ мөнгөөр Б талд төлнө” гэж заасан байх боловч нэхэмжлэгчээс цахилгаан шат худалдах-худалдан авах, угсрах ажлыг хийж гүйцэтгэсэнд хариуцагч маргаагүй ба цахилгаан шатны төлбөр нийт 861,244,248 төгрөг ба “Эй Би Өү Марон Тиссэн Крупп” ХХК-ийн тодорхойлолт /2хх-4/ болон нэхэмжлэгчээс ирүүлсэн тооцоогоор “Б” блокд ногдох нь 250,203,660 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 23,000,000 төгрөгийг хасч үлдэгдэл 227,203,660 төгрөг байна.

 

14. Иймд “Б” блокд ногдох хэсэг буюу 40 хувийн төлбөр болох 296,378,445 төгрөгийг хариуцагч “Д о” ХХК хариуцах үндэслэлтэй гэж үзлээ.

 

15. Хариуцагч “Д о” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийн талаар:

 

15.1 Хариуцагч “Д о” ХХК нь нэхэмжлэгч “Х т” ХХК-аас хийж гүйцэтгэсэн ажлын төлбөрт нийт 1,179,422,046.5  төгрөгийг гаргуулах, гэрээгээр тохирсон “Б” блок барилгын 1 болон 2 дугаар давхрын үйлчилгээний талбайн 60 хувийг “Д о" ХХК-д шилжүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг “Д о" ХХК-ийн нэр дээр гаргахыг “Х т” ХХК-д даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

 

15.2 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 01 тоот “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний 4.1.6-д “Барилгад хэрэглэгдэх материал бүрд “Б” тал буюу “Х т” ХХК-тай зөвшилцөж нийт төслийн хэмжээнд ижил материал сонгож хэрэглэх бөгөөд тухайлбал “Б” блокийн фасад, сангийн болон заслын материал, цонх болон бусад материал, цахилгааны шийдэл технологи нь А, В, Г блокийн хэрэглэж байгаа материалтай нэгэн ижил байх” гэж заажээ.

 

15.3 Хариуцагчаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар “...“Д о” ХХК нь “К” апартментын 221 айлын орон сууцны барилгын “Б” блокийн барилгыг зураг төслийн дагуу хөөсөн фасадтай барихаар тохирсон. Барилгын ажил гэрээ байгуулснаас хойш хуваарийн дагуу үргэлжлэх явцад “Х т” ХХК, түүний эрх бүхий этгээд болох Д.Бээс бусад 3 блокийг металл фасадтай болгохоор материал нийлүүлэгч, гүйцэтгэгч нартайгаа тохирчихлоо. Тиймээс “Д о” ХХК-ийг барилгын фасадыг металл болгох боломжтой эсэх талаар аман хэлбэрээр хүсэлт гаргасан. Д.Бийн зүгээс хэд хэдэн удаагийн утсаар ярилцсан, нэг удаагийн уулзалтын үр дүнд металл фасад болгох зардлыг өөрийн зүгээс бүрэн хариуцах тул ажлыг эхлүүлье, гэрээндээ боломжтой үед өөрчлөлт оруулъя гэж ...” биднийг металл фасадны ажилд оруулсан.” гэжээ. Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.1 дэх хэсэгт “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талууд хамтын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх бөгөөд талууд аливаа хэлцэл хийхдээ харилцан зөвшөөрлийг авна” гэж заасан. Өөрөөр хэлбэл, талууд барилгын гадна ханыг металл болгох талаар харилцан зөвшилцсөн гэх үйл баримт тогтоогдоогүй.

 

15.4 Учир нь зохигч барилгын өөрчлөгдсөн зураг төсөлд магадлал хийлгэж, улмаар өөрчлөгдсөн зураг төсөлтэй холбоотойгоор гэрээг шинэчлэх буюу зохих журмаар өөрчлөлт оруулах байжээ.

 

15.5 Хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлэг болон үзлэгийн тэмдэглэлээр “Б” блокийн барилгын зураг төслийн дагуу хөөсөн фасадтай байсан үйл баримт тогтоогдсон ч энэ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1, 196 дугаар зүйлийн 196.1.2, 196.1.3-т зааснаар гэрээнд өөрчлөлт оруулсан гэж үзэх боломжгүй тул барилгын гадна фасадны зардалд 700,000,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулах үндэслэлгүй юм.

 

16. Зохигчийн хувьд ашиг олох зорилгоор хамтран ажилласан ба талууд олсон ашгаа хэрхэн хуваарилах талаар тухайлан тохирсон байна. Тодруулбал, “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний 3.3.2-т гэрээнд заасан А талын буюу “Д о” ХХК 60 хувь, Б талын буюу “Х т” ХХК өмчлөлийн 40 хувийн барилгын талбайг хуваарилалт хийж өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсоноос үзэхэд зоорийн давхрын 60 хувь буюу 10,2 зогсоолоос 9 автомашины зогсоолыг хариуцагч авсан талаар талууд маргаагүй, харин 1,2 автомашины зогсоолыг гэрээний 4.1.19-т зааснаар 54,000,000 төгрөгийг /45,000,000+9,000,000=54,000,000/ нэхэмжлэгч “Х т” ХХК-аас гаргуулж хариуцагч “Д о” ХХК-д олгох үндэслэлтэй байна.

 

17. Мөн хариуцагчаас “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний  Техникийн давхрын 60 хувь болох 42 м.кв-г нэг бүрийг нь 2,500,000 төгрөгөөр тооцон 63,000,000 төгрөг, “К” апартментын А, В, Г блокийн 1, 2 дугаар давхрын цонхны ажлын төлбөр 44,343,750 төгрөгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнд техникийн давхрын зохицуулалт болон А, В, Г блокийн 1, 2 дугаар давхрын цонхны ажлыг хийж гүйцэтгэх талаар заагаагүй бөгөөд нэхэмжлэгчээс “...Техникийн давхар тоног төхөөрөмж байдаг тул өмчлөх боломжгүй” гэх тайлбарыг хариуцагч баримтаар нотлоогүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.1-д зааснаар нэхэмжлэгчийн энэ тайлбарыг үндэслэлтэй гэж үзнэ.

 

18. Хэрэгт хариуцагч “Д о” ХХК-аас “Эрхэм өргөө” ХХК-тай А, Б, В, Г блокд хамаарах Гадна бохирын шугамын холболтын ажлыг 66,825,000 төгрөгөөр, иргэн Б.Цтэй А, Б, В, Г блокд хамаарах Бохир усны шугам худаг хийх ажлыг 64,586,855 төгрөгөөр, Д.Гтой А, Б, В, Г блокд хамаарах Бохирын шугам суулгахад шаардлагатай бутьлорын ажлыг 53,000,000 төгрөгөөр, “Э” ХХК-тай А, Б, В, Г блокд хамаарах гадна дулааны холболтын ажлыг 125,000,000 төгрөгөөр хийж гүйцэтгэхээр тус тус гэрээ байгуулан, мөн Г.А болон “Женерал роуд” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу А, Б, В, Г блокийн ариутгах татуургын ажил, төв зам дагуу гудамжинд зам талбайн нөхөн сэргээлтийн ажилд 35,646,840 төгрөгөөр хийж гүйцэтгэсэн /1хх-230-250, 3хх-106-112/ үйл баримт тогтоогдсон тул “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний  2.2-т заасны дагуу “Б” блокд ногдох 60 хувийн зардал буюу нийт 51,758,804 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2 дах хэсэгт сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ гэж заасантай нийцнэ.

 

18.1 Мөн хариуцагч компанийн мөнгөн хөрөнгөд учирсан хохирлыг нэхэмжлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.

 

19. Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-т “Гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна”, 477.4- дэх хэсэгт “Дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө талуудын дундаа өмчлөх хөрөнгө байна” гэж зааснаар хамтран ажиллах үйл ажиллагааны хүрээнд “Б” блок барилгын 1 болон 2 дугаар давхрын үйлчилгээний талбайн 60 хувийг “Д о" ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ний  3.3.2-т заажээ.

 

19.1 Хэдийгээр талууд хамтран ажиллах гэрээг дүгнэж акт үйлдээгүй гэх тайлбар гаргадаг боловч талуудын хооронд байгуулагдсан 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ” хүчин төгөлдөр талаар дээр дүгнэсэн. 2021 оны 12 дугаар сарын 23-ны БА-275/2021 тоот барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлтээр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, * давхар, 17 автомашины дулаан зогсоолтой, үйлчилгээтэй 98 айлын орон сууцны барилга байгууламжийг хүлээн авч, ашиглалтад хүлээлгэн өгсөн байх тул хариуцагч гэрээнд заасан үүргээ биелүүлсэн, харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж заасан зохицуулалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

 

19.2 Хариуцагч “Д о” ХХК нь “Хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны гэрээ”-ээр хүлээсэн үүргээ биелүүлсэн тул өмчлөх эрх үүссэн байх ба харин улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөгч болно. Энэхүү өмчлөх эрхийг нотолсон баримт бичиг гэдэгт эрхийн болон төлбөрийн зөрчилгүй талаарх хүсэлт, мэдээллийг хамааруулах бөгөөд гэрчилгээг авахад шаардлагатай нотлох баримтуудыг нэхэмжлэгч гаргаж өгөх үүрэгтэй. Иймд  хариуцагч “Д о” ХХК-ийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, энгельс гудамж, “Б” блок барилгын 1 болон 2 дугаар давхрын үйлчилгээний талбайн 60 хувийг  өмчлөх эрх үүссэн болохыг тогтоож, гэрээний 4.2.10-т заасан үүргээ гүйцэтгэхийг “Х т” ХХК-д даалгах нь Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт нийцнэ.

 

20. Шүүх Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөний 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 367 дугаар тогтоолоор хэргийг шийдвэрлүүлэхээр харьяалал тогтоон ирүүлсний дагуу хэргийг шийдвэрлэсэн болно.

 

21. Иймд дээр дурдсаныг нэгтгэн дүгнээд хариуцагч “Д о” ХХК-аас 296,378,445 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х т” ХХК-д олгож, нэхэмжлэгч “Х т” ХХК-аас 105,758,804 төгрөгийг гаргуулж хариуцагч “Д о” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,621,876,049 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,073,663,242 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож, хариуцагч “Д о” ХХК-ийг Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, энгельс гудамж, “Б” блок барилгын 1 болон 2 дугаар давхрын үйлчилгээний талбайн 60 хувийг өмчлөх эрх үүссэн болохыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг нэхэмжлэгч “Х т” ХХК-д даалгах үндэслэлтэй байна.

 

22. Нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,749,222 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс үлдэх 389 төгрөгийг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,639,842 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,000,000 төгрөгөөс 6,055,060.23 төгрөгийг хэвээр үлдээж, улсын төсвөөс үлдэх 1,944,937 төгрөгийг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 686,744 төгрөгийг тус тус гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй. 

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 232 дугаар зүйлийн 232.6 дах  заасныг баримтлан хариуцагч “Д о” ХХК-аас 296,378,445 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Х т” ХХК-д олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад нэхэмжлэгч “Х т” ХХК-аас 105,758,804 төгрөгийг гаргуулж, хариуцагч “Д о” ХХК-д олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,621,876,049 төгрөгийг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 1,073,663,242 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэг, 109 дүгээр зүйлийн 109.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Д о” ХХК нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 19 дүгээр хороолол, энгельс гудамж, “Б” блок барилгын 1 болон 2 дугаар давхрын үйлчилгээний талбайн 60 хувийг өмчлөх эрх үүссэн болохыг тогтоож, үл хөдлөх хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэхэд шаардлагатай бичиг баримтыг бүрдүүлж өгөхийг нэхэмжлэгч “Х т” ХХК-д даалгасугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 14,749,611 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,639,842 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8,000,000 төгрөгөөс 6,125,260 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын төсвөөс үлдэх 1,874,739 төгрөгийг, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 686,744 төгрөгийг тус тус гаргуулж хариуцагчид олгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг болохыг тус тус дурдсугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.ЭНХЖАРГАЛ