Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2026 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 2026/ШЦТ/44

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Гансүх даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Хишигтогтох,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл,

Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бунжаа,

Өсвөр насны шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгч: М.А,

Өсвөр насны шүүгдэгч: А.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Э.Цэвээнгэрэлээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Элжигин овогт Агийн Аод холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2635000000003 дугаартай хэргийг 2026 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянав.

Өсвөр насны шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2009 оны 3 дугаар сарын 05-нд ... аймгийн .... суманд төрсөн, 16 настай, эрэгтэй, суурь боловсролтой, мэргэжилгүй, ..., ам бүл 6, эцэг, эх, эгч, дүүгийн хамт ... аймгийн ... сумын ... дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Э ургийн овогт А-гийн А /регистрийн дугаар: ..../,

Холбогдсон хэргийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч А.А нь 2025 оны 11 дүгээр сарын 30-ны шөнө Увс аймгийн ... багийн нутаг дэвсгэрт байрлах Цэцэрлэгийн ар талд насанд хүрээгүй хохирогч Ө.Гын зүүн хөмсөг, нүдний орчимын хэсэгт цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Өсвөр насны шүүгдэгч А.Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч А.А нь 2025 оны 11 дүгээр сарын 30-ны шөнө Увс аймгийн ... багийн нутаг дэвсгэрт байрлах Цэцэрлэгийн ар талд насанд хүрээгүй хохирогч Ө.Гын зүүн хөмсөг, нүд хэсэгт цохиж зодсон болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 01 дэх тал),

Насанд хүрээгүй хохирогч Ө.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би ... багт аав, ээж, эгчийн хамтаар амьдардаг. Тус сумын ЕБС-ийн 12б ангид суралцдаг. 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Сургуулийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн болж байсан ба уг тэмцээний үзэж байгаад орой 21 цагийн үед харих гээд ангийнхаа хүүхдүүдтэй гарсан. Тэгээд цэцэрлэгийн хажууд явж байгаад би ангийнхаа хүүхдүүдээс салаад гэр рүүгээ алхаж явсан. Тэгтэл манай сургуулийн 11 дүгээр ангийн Х.Б нь намайг нааш ир гээд дуудсан. Тэгэхээр би Х.Бын хажууд очиход тэдний ангийн 4 хүүхэд байсан. Би Х.Баас яасан бэ? гэж асуухад тэд нар тийшээ явья гээд цэцэрлэгийн ар талын зам дээр ирэхэд тэд нарын дундаас А.А нь ямар нэгэн үг хэлэлгүй шууд миний зүүн нүдний хөмсөг хэсэг рүү 3 удаа баруун гараараа дарааллан цохисон. Тэгэхээр би зүүн нүдний хөмсөгөө гараараа дарахад цус гарч байсан. Тэгтэл А.А нь дахиад миний толгойны зүүн хэсгийн чамархай хэсэгт 2 удаа гараараа цохисон. Тэгээд би зүүн нүдний хөмсөгөө гараараа дараад зогсож байхад Х.Б нь миний толгойн зүүн хэсгийн чамархай хэсэг рүү гараараа 2 удаа цохисон юм. Тэгтэл Б.Б нь надад 00-ийн цаас гаргаж өгөөд цусаа дараад гэртээ харь гэж хэлсэн. Би цусаа дараад гэртээ хариж явахад толгой эргээд бага зэрэг цусаа дараад сууж байгаад гэртээ харьсан. Тэгээд ээж намайг аваад Өндөрхангай сумын эрүүл мэндийн төв рүү авч явж эмчид үзүүлэхэд миний зүүн нүдний хөмсөг хэсэгт дотор тал нь 3 оёдол, гадна талд нь 5-6 косметик оёдол тавьсан. Тэгэхэд тэнд 11 дүгээр ангийн Х.Б, Л.Б, А.А, Б.Б нар байсан ба сүүлд ямар нэгэн хүүхэд нэмэгдэж ирсэн талаар мэдэхгүй байна. Би тухайн хүүхдүүдтэй ямар нэгэн өс хонзонгийн, хэрүүл маргаан хийсэн зүйл байхгүй. Тухайн үед ямар шалтгааны улмаас миний биед халдсан талаар мэдэхгүй байнагэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-9 дэх тал),

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ж.Пүрэвсүрэнгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2025 оны 11 дүгээр сарын 30-ны орой 21 цаг өнгөрч байхад манай хүү Ө.Г нүүр хэсэг, хувцас нь нэлээн цус болсон байдалтай ганцаараа орж ирээд буйдан дээр хэвтсэн. Тэгээд би юу болсон талаар асуухад ямар нэгэн зүйл хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би сандраад эмч рүү залгахад өөр дуудлагатай явж байна гэхээр нь би хүү Ө.Гыг аваад сумын эрүүл мэндийн төв рүү явсан. Тэгээд эмнэлэгт очиход нэлээн цус алдсан байсан тул тайвшруулах тариа, өвчин намдаах, үрэвслийн эсрэг тариа хийсэн. Ө.Гын зүүн нүдний хөмсөг хэсэгт үүссэн шарханд цэвэрлэгээ хийгээд тухайн шархны дотор талд 3 оёдол, гадна хэсэгт 6 хатгалттай косметик оёдол тавиад боолт хийж өгсөн. Тэгээд би хүү Ө.Гас юу болсон талаар асуухад “би тэмцээнээс гараад ангийнхаа хүүхдүүдтэй явж байгаад салаад явж байтал манай доод ангийн хүүхэд болох Х.Б дуудаад очиход А.А нь зүүн нүдний хөмсөг хэсэгт 3 удаа цохисон. Мөн зүүн чамархай хэсэгт 2 удаа цохисон түүний дараа Л.Б зүүн чамархай хэсэгт 2 удаа цохисон” гэж хэлсэн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),

Насанд хүрээгүй гэрч З.Лхагва-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Өндөрхангай сумын Ерөнхий боловсролын сургууль дээр гар бөмбөгийн тэмцээнд оролцож орой 21 цагийн үед дууссан. Тэгээд ангийн найз А.А, Х.Б, Л.Б, Б.Б нарын хамт гарч гэр лүүгээ явж байтал гудамжинд Ө.Г гээд манай сургуулийн дээд ангийн сурагч бид нарын урд талд явж байхаар нь А.А араас нь дуудсан боловч ирээгүй. А.А араас нь очоод гараараа толгой хэсэгт нь цохиод авахад Ө.Г, А.А хоёр нэг нэгнийхээ энгэрээс барьцалдаж аваад нэг нэгнээ цохиж зодолдсон. Тэгээд удалгүй хоёр тийш салахад Ө.Гын баруун талын хөмсөгний дээд талаас цус гарахааар нь ангийн хүүхдээс нойлын цаас авч цусын арчиж өгсөн гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),

Насанд хүрээгүй гэрч Л.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ангийхантайгаа хамт Өндөрхангай сумын спортын зааланд болж байсан сургуулийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээн үзэж байгаад тухайн орой заалнаас хэдэн цагт гаргаснаа сайн санахгүй байна. Тэгээд манай ангийнхан явж байхад урд талд 12б ангийхан явж байсан. Тэгээд Ө.Гыг ангийн хүүхдүүсээ салсаны дараа манай ангийн Х.Б дуудаж уулзаад зогсож байсан ба манай ангийн А.А, З.Л, Б.Б нар байсан. Би ангийн хүүхдүүдийн ар талд явж байсан. Тэгээд намайг яваад очиход А.А нь Ө.Гын нүүр тус газар нь 1 удаа цохиход Ө.Г буцаагаад А.Аын нүүрэн тус газар нь цохисон. Тэгээд А.А дахиад Ө.Гын нүүрэн тус газар нь 2 удаа цохиход Ө.Гын зүүн талын хөмсөг хэсгээс цус гарч байсан. Тэгээд би Ө.Гын баруун хацар хэсэг рүү 1 удаа алгадсан юм. Тэгэхэд манай ангийн Б.Б нь Ө.Гд 00-ийн цаас өгөөд бид нар гэр гэр рүүгээ явсан. А.А нь гараараа зүүн нүдний хөмсөг хэсэгт 3-4 удаа гараараа цохисон гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дахь тал),

Насанд хүрээгүй гэрч Х.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би 2025 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр ангийхантайгаа хамт Өндөрхангай сумын ЕБС-ийн спорт зааланд болж байсан сургуулийн аварга шалгаруулах гар бөмбөгийн тэмцээнд оролцсон. Тэгээд Ө.Гыг ангийнхаа хүүхдүүдээс салсны дараа би Ө.Гыг дуудаж юм асуусан. Тухайн үед манай ангийн Л.Б, А.А, Б.Б, З.Л нар байсан юм. Тэгээд Ө.Г бид хоёр онц юм ярилгүй Ө.Г эргээд цааш явахад А.А Ө.Гыг араас дуудахад Ө.Г ирэхгүй зогсоод байсан. Тэгтэл А.А очоод Ө.Гын зүүн нүдний хөмсөг хэсэгт 1 удаа гараараа цохисон. Тэгтэл Ө.Г буцаагаад А.Аын нүүр хэсэгт 1 удаа цохисон. Тэгээд А.А нь Ө.Гын зүүн нүдний хөмсөгт хэсэгт дахиад 2 удаа гараараа цохисон, мөн баруун шанаа хэсэгт 1 удаа гараараа цохих шиг болсон. Тэгтэл Ө.Гын зүүн нүдний хөмсөг хэсгээс цус гарч байсан. Тэгээд цус гарахаар нь А.А цохихоо болиод зогсож байтал манай ангийн Л.Б нь Ө.Гын баруун шанаа хэсэгт 1 удаа гараараа алгадсан юм. Тэгэхэд манай ангийхан Ө.Гд 00-ийн цаас өгөөд бид нар гэр гэр лүүгээ явсан юм гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20 дахь тал),

Насанд хүрээгүй гэрч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би  2025 оны 11 дизар сарын 30-ны өдөр Өндөрхангай сумын ЕБС-ийн спорт зааланд гар бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож манай баг түрүүлсэн. Тэгээд би яваад очиход манай ангийн Х.Б. Л.Б, А.А, З.Л, дээд ангийн Ө.Г нар байсан. Тэгээд намайг яваад очсны дараа А.А нь Ө.Гын зүүн нүдний хөмсөг хэсэгт 1 удаа цохиход Ө.Г нь эргүүлээд 1 удаа цохисон. Түүний дараа А.А дахиад Ө.Гын зүүн нүдний хөмсөг хэсэгт 3-4 удаа цохисон. Тэгтэл Ө.Гын зүүн нүдний хөмсөг хэсгээс цус гарч байсан гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 22 дахь тал),

Өсвөр насны шүүгдэгч А.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 76 дахь тал)-үүдээр нотлогдон тогтоогдож байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Б.Өнөрмаагийн 2025 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн 01 дугаартай “Ө.Гын биед зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэх боломжтой. Зүүн хөмсөгт язарсан шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 33-34 дэх тал)-ээр насанд хүрээгүй хохирогч Ө.Гын биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Өсвөр насны шүүгдэгч А.А нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ө.Гын биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд өсвөр насны шүүгдэгч А.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Өсвөр насны шүүгдэгч А.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар өсвөр насны шүүгдэгч болон түүний өмгөөлөгч маргаагүй болно.

Хохирол хор уршиг

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-т “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заасан.

Эрүүл мэндийн даатгалын санд 180,090 төгрөгийн хохирол учирсан болох нь насанд хүрээгүй хохирогч Ө.Гын эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан хүснэгт (хавтаст хэргийн 38 дахь тал) гэх баримтуудаар нотлогдож байна.

Эрүүл мэндийн даатгалын сангаас гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Ө.Гын авсан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал болох 180’090 төгрөгийг өсвөр насны шүүгдэгч А.А төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.

Мөн насанд хүрээгүй хохирогч Ө.Гын мөрдөн байцаалтын шатанд “Надад учирсан хохирлыг А.А болон түүний аав М.А нар төлж барагдуулсан. Надад учирсан хохирол 1,500,000 төгрөг бэлнээр өгч надаас уучлалт гуйсан. Надад одоо нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12 дахь тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс шийтгэх тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

2. Өсвөр насны шүүгдэгч А.Аод эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Өсвөр насны шүүгдэгч А.А нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Өсвөр насны шүүгдэгч А.А нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 81 дэх тал) гэ баримтаар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Гэрч Д.Сгийн өгсөн: “Миний төрсөн хүү А.А нь дунд хүүхэд бөгөөд 2009 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Өндөрхангай суманд төрсөн. 16 настай. А.А нь Өндөрхангай сумын ЕБС-ийн 11а ангид сурдаг, суурь боловсролтой. Сагсан бөмбөг болон гар бөмбөг тоглох дуртай. Увс аймгийн Өндөрхангай сумын 1 дүгээр багт миний бие болон аав, эгч, дүүгийн хамт байнга оршин суудаг. А.А нь зан байдлын хувьд төлөв даруухан, эелдэг боловсон харьцаатай, илүү дутуу зүйл яриад хүнтэй маргалдаад, хэрүүл маргаан үүсгээд байдаггүй, догшин зан авиргүй, уурладаггүй, илүү дутуу зан аашгүй, ажилсаг, хөдөлмөрч, хүнтэй зөв боловсон харилцдаг, ямар нэг муу зуршилгүй, зөөлөн дөлгөөн, хар бор ажилд сайн, тусч цайлган сэтгэлтэй, гэр бүлдээ халамжтай, ахмад настныг хүндэлдэг хүүхэд юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дэх тал), Гэрч Б.Сийн өгсөн: “А.А нь өөрийгөө илэрхийлэх чадвартай, төлөв даруу,нийгмийн идэвх сайтай, даруу төлөв зантай, сагсан бөмбөг, гар бөмбөг тоглох сонирхолтой, найзууд дундаа нэр хүндтэй, сурлагын хувьд идэвхтэй хичээл тасалж, хоцрох нь бага хүүхэд юм. А.Амартогох нь зан байдлын хувьд төлөв даруухан, эелдэг боловсон харьцаатай, илүү дутуу зүйл яриад хүнтэй маргалдаад байдаггүй, хэрүүл маргаан үүсгээд байдаггүй, догшин зан авиргүй, уурладаггүй, илүү дутуу зан аашгүй, ажилсаг, хөдөлмөрч, хүнтэй зөв боловсон харилцдаг, ямар нэг муу зуршилгүй, архи, согтууруулах ундааны зүйл, тамхи хэрэглэдэггүй, зөөлөн дөлгөөн, хар бор ажилд сайн, тусч цайлган сэтгэлтэй, гэр бүлдээ халамжтай, тусархаг, эелдэг зөөлөн хүүхэд байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал)-үүд тус тус авагдсан байна.

Өсвөр насны шүүгдэгч А.А гэмт хэрэг үйлдэх үедээ 16 нас 8 сар 25 хоногтой байсан болох нь  мөрдөгчийн нас тоолсон тэмдэглэл (хавтаст хэргийн 104 дэх тал), иргэний үнэмлэхийн хуулбар (хавтаст хэргийн 84 дэх тал) зэрэг баримтаар тогтоогдож байна.

Өсвөр насны шүүгдэгч А.А нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Өсвөр насны шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч ойлгон ухамсарласан, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч А.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан ял оногдуулахгүйгээр тэнсэж, 1 (нэг) жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авах нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэв.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнийг гэм бурууг нь ухамсарлуулах, хохирлыг нөхөн төлүүлэх, хөдөлмөрлөх, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тус хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргийг хүлээлгэх журамтай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Аод авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт даалгаж, хараа, хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг түүний хууль ёсны төлөөлөгчид хариуцуулж,  өсвөр насны шүүгдэгч А.Аод гэм бурууг нь ухамсарлуулах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 1 /нэг/ жилийн хугацаанд оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь зүйтэй гэж дүгнэв.

Өсвөр насны шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Аод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.2 дугаар зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Өсвөр насны шүүгдэгч Э овогт Агийн Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч А.Аод Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ял оногдуулахыг тэнсэж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад тус тус заасныг баримтлан хянан хүмүүжүүлэх хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан 1 /нэг/ жилийн хугацаанд өсвөр насны шүүгдэгч А.Аод оршин суух газар, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.        

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Аод авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Увс аймгийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газарт даалгаж, хараа, хяналтандаа байлгаж хүмүүжүүлэх үүргийг хууль ёсны төлөөлөгч М.Ад хариуцуулсугай.

5. Өсвөр насны шүүгдэгч А.А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч А.Аод шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                    Б.ГАНСҮХ