| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | А.Энхжаргал |
| Хэргийн индекс | 102/2023/05035/И |
| Дугаар | 102/ШШ2024/00728 |
| Огноо | 2024-02-07 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 102/ШШ2024/00728
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо тоот хаягт оршин суух Б овогт Н Э /
Хариуцагч: Баянгол дүүрэг, 16 дугаар хороо тоот хаягт оршин суух Б овогт Д Б /РД:ЧИ74082319/-т холбогдох,
230,563,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Х, хариуцагч Д.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Оюунсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Д.Бт холбогдуулан 230,563,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тайлбарласан. Үүнд: Нэхэмжлэгч Э.Э нь өөрийн эзэмшлийн АХХК-аар дамжуулан Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд барилга угсралтын Буянт гарден, Арвай вилла төслийг хэрэгжүүлж байгаа юм. 2022 оны 09 сарын 05-ны өдөр Д.Б нь Б гболон Арвай вилла төслийн дотор заслын ажилд шаардлагатай байгаа гипсэн хавтанг Оросын холбооны улсаас нийлүүлэх бүрэн боломжтой болохоо илэрхийлсэн. Хариуцагч Д.Бийн зүгээс нэхэмжлэгчид шаардлагатай байгаа сайн чанарын гипсийг нийлүүлэх бүрэн боломжтой болохоо илэрхийлсэн.
Д.Бт оросын сайн чанарын 37 пудон буюу 2442 ширхэг гипсийг захиалж төлбөрийг 2022 оны 09 сарын 05-ны өдрийн байдлаар гипсэн тааз АИЦ 20,000,000 төгрөг, гипсэн тааз 0.9 37 пудон 20,000,000 төгрөг, 37 пудон гипсэн тааз үлдэгдэл 10,505,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн.
Д.Бийн зүгээс нийт 37 пудон гипсийг 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Б гтөслийн барилгын талбайд буулгахаар тохирсон ч 2022 оны 12 дугаар сарын 02-ны талбайд буулгасан. Захиалагч Э.Эын зүгээс Д.Бийн нийлүүлэн гипсийг цаг хугацаа хоцорч 2 сарын дараа хүлээн авсан хэдий ч барилгын дотор заслын гипсэн таазны ажлыг шуурхай эхлүүлж, Б гтөслийн 7 давхар барилгын гипсэн тааз угсрах, цагаан замаск, эмульсийн ажлыг 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 100 хувь бүрэн дуусгасан. Гэтэл 2022 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс гипсэн таазнууд хагарч, цуурч эхэлсэн бөгөөд үүссэн эвдрэл, гэмтлийг тухай бүр заслын ажлын бригад оруулж засварласан боловч Д.Бийн нийлүүлсэн гипс нь чанарын шаардлага хангахгүй байгаагаас хийсэн бүх гипсэн тааз бүх хэсгээрээ нурж, хугарч эхэлсэн. Улмаар захиалагч Э.Эын Б гтөслийн ажил маш их удааширч, чанарын шаардлага хангахгүй гипсээс болж гипсэн тааз угсарч, цагаан замаск, эмульсийн ажлын төлбөр төлөх, чанарын шаардлага хангаагүй гидсэн таазыг нэг бүрчлэн нураах, улмаар шаардлага хангасан гипсээр дахин хийх зэрэг 3 удаагийн удаагийн зардал гарч, маш их хохирсон. Тус хохирол, зардалтай холбогдуулж Д.Бтэй холбогдсон бөгөөд хариуцагчийн зүгээс тухайн гипсийг нийлүүлсэн оросын талын мэргэжилтэнтэй хамт ирж гипсэн таазыг үзэж, шалгасан. Тус орос мэргэжилтний зүгээс гипсэн тааз чанарын шаардлага хангаагүй болохыг баталж, зөвшөөрсөн бөгөөд өөрсдийн нийлүүлсэн гипсэн таазнаас 100x100 гипсийг тасдан авч, ОХУ руу шинжилгээнд оруулахаар авч явсан. Шинжилгээний хариугаар нийлүүлсэн гипсэн тааз чанарын шаардлага хангаагүй болохыг мэдэгдэж, хохирлыг барагдуулах тухайгаа мэдэгдсэн. Гэвч Д.Б болон түүний хамтран ажиллагч оросын талаас хохирлыг 2023 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн байдлаар огт барагдуулаагүй байна. Д.Бийн хариуцлагагүй, үүргээ чанаргүй биелүүлснээс болж нэхэмжлэгч Э.Эын хэрэгжүүлж буй Б гтөсөл санхүүгийн их хэмжээний алдагдал хүлээгээд байна.
Иймд хариуцагч Д.Бийн чанаргүй гипс нийлүүлснээс үүссэн гипсний төлбөр 50,505,000 төгрөг, гипсэн тааз, дам нуруу угсарч суурилуулах, эмульс, замаскийн ажил, гипсэн тааз, дам нурууг нураахтай холбоотой гарсан үйл ажиллагааны хохирол болох 180,058,000 төгрөг, нийт 230,563,000 төгрөгийг барагдуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү. гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Э.Э нь 230,563,000 төгрөгийг нэхэмжилж байгаа нь ямар ч үндэслэлгүй байна. Надтай гипсэн хавтанг захиалах саналыг мөн М.Лгаргаж байсан. Захирал М.Лид манай компанид гипсэн хавтан бэлэн байхгүй, захиалбал авчрах боломжтой. Дайн гарсан учраас удаан хугацаанд явж ирж байгаа учир манайх захиалахгүй байгаа, хэрэв танай компани ОХУ-ын гипсэн хавтан хэрэглэхийг хүсэж байвал манайд захиалах эрх байгаа, ашиг харахгүйгээр үйлдвэрийн үнээр нийлүүлж өгье, хугацаа 2-3 сарын хугацаатай орж ирнэ. ОХУ-ын Пермь хот болон маш холоос ирж байгаа учраас эхлээд дайны вагон явна, дараа нь хүнсний вагон явна, нефтийн вагон явна, хамгийн сүүлд барилгын материал ачсан вагон явж байгаа учраас удаж байгаа гэдгийг маш ойлгомжтой хэлж байсан. Манай компани ингэж удаж бараа ирж байгаа учраас захиалахгүй байгаа гэдгээ хүртэл хэлж байсан. Захирал М.Лнь болноо ахаа манайх хана, таазаа хийх болоогүй байгаа учраас захиалгаа өгье гэж хэлээд Д.Б миний дансанд төлбөрийг шилжүүлсэн.
АХХК болон М.Лнь 2022 оны 12-р сарын 02-нд манай байгууллагад захиалсан 2405 ширхэг гипсэн хавтангаа хүлээн аваад 2022 оны 12-р сарын 06-ны өдөр надруу утасдаж зарим гипсэн хавтангийн булан ирмэг хэсгээр зөөлөн, шруп цөмөрч ороод байна гэж мэдэгдсэн. Бид 2022 оны 12-р сарын 07-ны өдөр очиж зарим гипсэн хавтан тийм байхыг харсан. Ингээд бид АХХК-ийн захирал М.Лболон инженер ажилчдад хэлэхдээ нийлүүлэгч ОХУ-ын Г-д дамжуулж хэлье, бид бараа бүтээгдэхүүний чанар дээр шийдвэр гаргаж чадахгүй гэж хэлсэн. АХХК-ийн ажилчид 3 давхрын 1 айлын өрөөний таазыг хийсэн байсан. 1, 2-р давхрыг кнаф болон хятад гипсэн хавтангаар хийсэн байсан. Тус компанийн ажилчид нь зарим гипс нь зах хэсгээрээ зөөлөн боловч гол хэсгээрээ зүгээр сайн байна гэж ярьж байсан. Бид бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын Г ХХК-иас хариу иртэл ашиглаж болохгүй гэдгийг анхааруулсан. 2022 оны 12 дугаар сарын 8-нд ОХУ-ын Г ХХК-тай холбогдож болсон явдлын талаар мэдэгдэж зураг явуулсан болно. Энэ нь ОХУ-н Г ХХК-руу явуулсан и-мэйлээр батлагдана. ОХУ-ын талаас үйлдвэрийн технологич монголд очиж асуудлыг шийдвэрлэх боллоо гэж мэдэгдсэн. Мөн ОХУ-н Г ХХК-иас ирүүлсэн и-мэйлээр батлагдана. 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ОХУ-ын Г ХХК-ийн мэргэжилтнүүд ирж чанарыг шалгасан. Ингэхэд зарим нэг гипсэн хавтан гологдолтой байна тэгэхдээ энэ компани энэ гипсэн хавтанг ашиглах хүсэлгүй байгаа бол гипсэн хавтанг тоо ёсоор буцааж татаад тусгай видео бичлэг хийж Дашбат соёмбо ХХК-ийн борлуулалтын байр руу буцаан явуулснаар сольж өгөх боломжтой гэдгийг АХХК-ийн захирал М.Л, тус компанийн орчуулагч, инженер техникийн ажилчид, надад болон манай орчуулагч н.Хосбаяр бид бүгдийг байлцуулан хэлсэн. Мөн оросын талын мэргэжилтнүүд Арвай Вилла төслийн 1-р давхарт хураалттай байсан гипсэн хавтан 25 пудон буюу 1625 ширхэг гипсэн хавтан байхыг тоолж мөн Б гтөслийн подвалд 11 боодол буюу 715 ширхэг задгай гипсэн хавтан байхыг тоолж зургийг нь авч нийт хэрэглээгүй байсан 36 пудон буюу 2340 ширхэг задалсан гипсэн хавтангууд байсныг баримтжуулан авсан. Манай компанийн зүгээс АХХК-д хандаж бүх гипсэн хавтанг буцааж 2 талаас акт үйлдэн хүлээлгэж өгөх талаар удаа дараалан хэлж албан бичиг өгч байсан болно. Энэ нь манай Даш Бат СоёмбоХХК-иас өгч байсан албан бичгээр нотлогдоно. АХХК нь 2022 оны 12-р сарын 28-ны өдөр 100 хувь хийж дуусгасан, 2022 оны 12-р сарын 30-ны өдөр гипсэн хавтан хагарч нурсан гэж худал бичиж, хуурамч баримт бичиг бүрдүүлж үндэслэлгүй зардлыг нэхэмжилсэн байна. Энэ нь он, сар, өдөр цаг хугацаа тохирохгүй байгааг анхаарна уу. Энэ үед АХХК нь замаск, эмульсийн ажил хийсэн мэтээр бичсэн байна. Эдгээр ажлууд хийгдээгүй байгаа нь 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ОХУ-ын мэргэжилтнүүд ирж фото зураг авахад замаск, эмульсын ажил хийгдээгүй байгаа нь харагдана.
АХХК захирал М.Л, захирал Э.Э гэх нар нь одоог хүртэл 2 талаас тооцоо нийлсэн акт үйлдэж, гипсэн хавтанг буцааж өгөөгүй байгаа болно. Э.Э нь утсаа авахгүй байсан учраас захирал М.Лболон инженер техникийн ажилтан руу холбогдоход бүгд ажлаасаа гарсан гэж хэлж байсан. Э.Э нь гэмтэлтэй гипсэн хавтанг хэрэглэж болохгүй гэж хэлсээр байтал 3-7 давхар барилгат одоо ч ашигласан байх магадлалтай байгаа бөгөөд зарж борлуулсан байх гэж хардаж байна. ОХУ-аас гипсэн хавтанг нөхөж өгч болохыг сонсоод Г гипсэн хавтанг ашиглаж хэрэглэсэн байгаа нь ямар шуналтай, хариуцлагагүй хүн болохыг харуулж байна.
ОХУ-ын талаас манай байгууллагыг эдгээр шаардлагуудыг тавьж байсан.
-ОХУ-аас 37 пудон буюу 2405 ширхэг гипсэн хавтанг нөхөж олгохдоо тээврийн зардлыг манай байгууллагыг төлөхийг шаардсан.
-2405 ширхэг гипсэн хавтанг нөхөн авахын тулд заавал 4810 ширхэг буюу 2 вагон гипсэн хавтан захиалсан нөхцөлд өгөх боломжтой гэсэн.
Мөн гипсэн хавтанг манай талбай руу шилжүүлж өгөхгүй байсан учраас ОХУ-ын шаардлагын дагуу зураг болон актыг өгч явуулах боломжгүй байдалд хүргэсэн.
Иймд, Э.Эын үндэслэлгүй нэхэмжилж байгаа 230,560,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. гэж маргажээ.
3. Нэхэмжлэгчээс: Ажил гүйцэтгэх гэрээ /хх7-10, 40-44, 45-48/, А хХХК-аас Нэхэмжлэх хүргүүлэх тухай /хх-10/, Ажил хүлээлцсэн акт /хх-11/, фото зургийн хавсралт /хх12-21/, ажлын гүйцэтгэл /хх22-26/, Хаан банк ХК-ийн шилжүүлгийн баримт /хх-27-37/, АХХК-ийг үүсгэн байгуулах шийдвэр /хх-132/, АХХК-ийн дүрэм /хх133-138/,АХХК-ийн Улсын бүртгэлийн гэрчилгээ /хх-139/, Хамтран ажиллах гэрээ /хх140-144/, компанийн эрх шилжүүлэх гэрээ /хх145-146/, Компанийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээ /хх147-149/, гипсэн хавтангийн фото зураг /хх150-156/, Барилгын зураг төсөл /хх157-163/,
Хариуцагчаас: хариу тайлбар /хх59-62/, Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ /хх64-67/, Д.Бийн дансны хуулга /хх68-70/, хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг /хх-70/, ДХХК-аас шаардлага хүргүүлэх тухай /хх-71, 72/, Гэрээ /хх73-87/, имэйл /хх-88-89/, Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний тооцоо нийлсэн акт /хх90-91/, зарлагын баримт /хх-92/, Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай шүүгчийн захирамж /хх-99/, Чанарын баримт бичиг /хх-115-117/, Тохирлын гэрчилгээ /хх-118/ зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
Зохигчийн хүсэлтээр флаш дискт хийсэн үзлэг, бичлэгийн товьёо /хх164-165/, гэрчийн мэдүүлэг /хх-171-177/ зэрэг баримтыг шүүх бүрдүүлсэн байна.
Зохигчдын тайлбар, хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1. Шүүх нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж үзэв.
2. Нэхэмжлэгч Э.Э дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: ...Д.Бтэй худалдах-худалдан авах гэрээг амаар байгуулж, өөрийн эзэмшлийн дансаар гэрээний үнэ болох 50,505,000 төгрөгийг төлж үүргээ биелүүлсэн боловч Д.Бийн хариуцлагагүй, үүргээ чанаргүй биелүүлснээс болж Э.Эын хэрэгжүүлж буй Б гтөсөл санхүүгийн их хэмжээний алдагдалд орсон. Иймд гипсийн төлбөр 50,505,000 төгрөг, гипсэн тааз, дам нуруу угсарч суурилуулах, эмульс, замаскийн ажил, гипсэн тааз, дам нурууг нураахтай холбоотой гарсан үйл ажиллагааны хохирол болох 180,058,000 төгрөг, нийт 230,563,000 төгрөгийг шаардах эрхтэй. гэжээ.
3. Хариуцагч Д.Б нэхэмжлэлийн шаардлагыг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: ...Намайг очиж үзэхэд тус компанийн ажилчид нь зарим гипс нь зах хэсгээрээ зөөлөн боловч гол хэсгээрээ зүгээр сайн байна гэж ярьж байсан. Би бараа бүтээгдэхүүнийг ОХУ-ын Г ХХК-аас хариу иртэл ашиглаж болохгүй гэдгийг анхааруулсан. 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр ОХУ-ын Г ХХК-ийн мэргэжилтнүүд ирж чанарыг шалгасан. Ингэхэд зарим нэг гипсэн хавтан гологдолтой байна тэгэхдээ эдгээр гипсэн хавтанг ашиглах хүсэлгүй байгаа бол гипсэн хавтанг тоо ёсоор буцааж татаад тусгай видео бичлэг хийж Дашбат соёмбо ХХК-ийн борлуулалтын байр руу буцаан явуулснаар сольж өгөх боломжтой гэсэн боловч гипсэн хавтанг манай талбай руу шилжүүлж өгөхгүй байсан учраас ОХУ-ын шаардлагын дагуу зураг болон актыг өгч явуулах боломжгүй байдалд хүргэсэн. Нэхэмжлэлд бүх гипсэн хавтанг ашигласан гэж худал нэхэмжлэл гаргаж байна. Иймд Э.Эын үндэслэлгүй нэхэмжилж байгаа 230,560,000 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. маргажээ.
4. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Д.Бт холбогдуулан чанаргүй гипс нийлүүлснээс үүссэн гипсийн төлбөр 50,505,000 төгрөг, гипсэн тааз, дам нуруу угсарч суурилуулах, эмульс, замаскийн ажил, гипсэн тааз, дам нурууг нураахтай холбоотой гарсан зардал 180,058,000 төгрөг, нийт 230,563,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
5. Зохигчдын тайлбараар Э.Э болон Д.Б нар нь 2022 оны 09 сарын 05-ны өдөр Худалдах-худалдан авах гэрээ-г амаар байгуулж, уг гэрээгээр 37 пудон буюу 2405 ширхэг 095 зузаантай гипсэн хавтанг 50,505,000 төгрөгөөр захиалан худалдан авч нийт 50,505,000 төгрөгийг Э.Эаас Д.Бт шилжүүлсэн үйл баримт тогтоогдох ба эдгээр баримтад зохигч маргаагүй.
6. Талуудын маргааны зүйл нь худалдан авсан эд хөрөнгө нь биет байдлын доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн талаар маргасан.
7. Зохигчдын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлж, чөлөөтэй байгуулах эрхийн хүрээнд байгуулсан, мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.2 дахь хэсэгт зааснаар хийгдсэн, тэдгээрийн хүсэл зоригийн илэрхийлэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээдэг ба худалдан авагч Э.Э нь эд хөрөнгийг захиалж, гэрээнд зааснаар эд хөрөнгийн үнийг төлөх үүргээ биелүүлжээ.
8. Хариуцагч Д.Б 2021 оны 12 дугаар 13-ны өдөр ОХУ-ын Торговый дом ГХХК-тай барилгын материал нийлүүлэх гэрээ байгуулсан байх бөгөөд захиалагч Э.Эын захиалгын дагуу ОХУ-ын Торговый дом ГХХК-аас 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гипсэн хавтанг Монгол Улсын хилээр оруулж иржээ./хх-70/
Худалдагч Д.Б нь худалдан авагч Э.Этай байгуулсан гэрээний дагуу 2022 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 37 пудон буюу 2405 ширхэг 095 зузаантай гипсэн хавтанг нийлүүлсэн болох нь талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэгээр тогтоогдож байна.
9. Нэхэмжлэгчээс ...Д.Бийн нийлүүлсэн гипс анхнаасаа чанарын шаардлага хангахгүй байгаагаас хийсэн бүх гипсэн тааз бүх хэсгээрээ нурж, хугарч эхэлсэн. Энэ талаар Д.Бт мэдэгдсэн..., мөн гэрч М.Лийн ...гипсийн ирмэг захаасаа бутарсан буюу гэмтэлтэй гипс ирсэн. Д.Б ах ирж үзээд цааш нь болж байгаагаар нь ажлаа үргэлжлүүлээд явахаар тохиролцсон..., гэрч А.Д ...Би Д.Б ахруу ярьсан, зарим нэг гипс чанарын доголдолтой байна гэсэн. Өөрөө ирж үзээд болж байгаа гипсээр нь хийчих, болохгүйг нь ялгая гэж байсан... гэх мэдүүлэг, хариуцагч Д.Бийн ...2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр надруу утасдаж зарим гипсэн хавтангийн булан ирмэг хэсгээр зөөлөн, шруп цөмөрч ороод байна гэж мэдэгдсэн. Би инженер ажилчдад хэлэхдээ нийлүүлэгч ОХУ-ын Г ХХК-д дамжуулж хэлье, бид бараа бүтээгдэхүүний чанар дээр шийдвэр гаргаж чадахгүй гэж хэлсэн. гэх зэрэг тайлбараас үзэхэд нэхэмжлэгчийн худалдан авсан эд хөрөнгө нь биет байдлын доголдолтой эд хөрөнгө болох талаар хариуцагчид 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр мэдэгдсэн гэж үзэхээр байна. /хх171-177/
Улмаар хариуцагч Д.Б 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдөр гипсэн хавтан нийлүүлсэн ОХУ-ын Торговый дом ГХХК-д цахим захидал илгээж, үүний дараа тус компанийн мэргэжилтэн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр Арвай вилла хотхонд ирж гипсэн хавтанг доголдолтой эсэх талаар танилцсан байх бөгөөд гэрч М.Лийн ...ОХУ-аас үйлдвэрийн хамааралтай хоёр хүн ирсэн, бид нар гипсээ үзүүлээд ярилцаад явж байхад тухайн үед тэд нар хүлээн зөвшөөрсөн. Манай үйлдвэрийн алдаа байна гэдгийг хэлсэн..., гэрч А.Дийн ...Орчуулагчаар дамжуулж сонссон, манай гипс чанаргүй байна, бид нар гипсээ сольж өгнө, дутуу хатаалт хийсэн байна... гэх мэдүүлэг, хариуцагч Д.Бээс 2023 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчид хандан ОХУ-ын Г ХХК-аас гипсэн хавтанг сольж өгөхөөр болсон, тус гипсэн хавтанг зарж борлуулах, ашиглах, хаях, устгахгүй байхыг анхааруулан, акт үйлдэн тоо ёсоор нь бэлтгэн нийлүүлэгчид хүлээлгэн өгөх талаар шаардлага хүргүүлсэн баримт /хх-72/, шүүхээс зохигчдын хүсэлтээр флаш дискт хийсэн үзлэг, фото зургууд, талуудын тайлбар зэргээр гэрээний зүйл болох гипсэн хавтан анхнаасаа биет байдлын доголдолтой байсан нь тогтоогдож байна гэж үзлээ. /хх150-156, 164-165, 171-177/
Өөрөөр хэлбэл хариуцагч Д.Б нь худалдах-худалдан авах гэрээний үндсэн шинж болох эрхийн доголдолгүй эд хөрөнгийг худалдан авагчид шилжүүлэх үүргээ гүйцэтгээгүй бөгөөд нэхэмжлэгч Э.Э нь худалдан авсан эд зүйлийг эзэмших, өмчлөх эрхээ бүрэн хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.
10. Зохигчийн хүсэлтээр флаш дискт хийсэн үзлэгээр чанарын шаардлага хангахгүй 14 пудон буюу 910 ширхэг гипсэн хавтанг нэхэмжлэгч ашиглаагүй үйл баримт тогтоогдсон.
11. Хүчин төгөлдөр байгуулагдсан гэрээг хууль буюу гэрээнд заасны дагуу гэрээний нэг талын хүсэл зоригоор буцаахыг гэрээнээс татгалзах гэх ба гэрээний нэг тал зөвхөн хуульд зааснаар, эсхүл гэрээнд зааснаар гэрээнээс татгалзах эрх эдэлнэ.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан худалдах-худалдан авах гэрээтэй холбоотой гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах тухай зохицуулсан заалтууд болох 249, 254, 256 дугаар зүйлүүдэд заасныг үзвэл гэрээний талуудын аль нэг тал нь гэрээний үүргийг зөрчсөн, гэрээний үүргийг биелүүлж чадахгүй бодит нөхцөл байдал үүссэн, эсхүл худалдсан эд хөрөнгийн биет байдлын болон эрхийн доголдолтой холбоотойгоор нөгөө тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй байхаар тус тус зохицуулжээ.
Мөн Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт гэрээний аль нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал гэрээнээс татгалзах эрхтэй байхаар заасан тул нэхэмжлэгч Э.Э гэрээнээс татгалзах эрхтэй байна.
Дээрхийг нэгтгэвэл. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д "хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй" гэж зааснаар нэхэмжлэгч Э.Э нь худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, гэрээний төлбөрт төлсөн 50,505,000 төгрөгийг хариуцагч Д.Бээс шаардах эрхтэй ба чанарын шаардлага хангахгүй 14 пудон буюу 910 ширхэг гипсэн хавтанг хариуцагчид буцаан өгөх үүрэгтэй байна.
12. Түүнчлэн, АХХК болон А хХХК-ийн хооронд 2023 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зоорь бүхий 7 давхар барилгад гипсэн тааз болон дам нурууг нураах, дахин засвар хийх ажлын хөлс нийт 180,058,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ.
Нэхэмжлэгч Э.Э нь чанарын шаардлага хангахгүй гипсээс болж гипсэн тааз угсарч, цагаан замаск, эмульсийн ажлын төлбөр төлөх, чанарын шаардлага хангаагүй гипсэн таазыг нэг бүрчлэн нураах, улмаар шаардлага хангасан гипсээр дахин хийх зэрэг 3 удаагийн зардал гарч, үүнээс АХХК-ийн хохирсон ажлын хөлс 180,0580,000 төгрөгийг хариуцагч Д.Бээс шаардсан.
Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д Өмчлөлдөө буюу эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхдээ тусгайлсан хөрөнгөтэй, өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаврыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах, тодорхой зорилго бүхий, тогтвортой үйл ажиллагаа эрхэлдэг зохион байгуулалтын нэгдлийг хуулийн этгээд гэнэ мөн, 33 дугаар зүйлийн 33.1-д Ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл, компанийн хэлбэрээр байгуулна гэж тус тус заасан.
АХХК-ийн үүсгэн байгуулагч хувьцаа эзэмшигч нь Э.Э байх боловч Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж зааснаар тухайн компанийг гадаад, дотоод харилцаанд төлөөлөх эрхтэй бөгөөд түүний бүрэн эрх нь 83 дугаар зүйлийн 83.1-д Гүйцэтгэх удирдлага нь компанийн дүрэм болон төлөөлөн удирдах зөвлөл /байхгүй бол хувьцаа эзэмшигчдийн хурал/-тэй байгуулсан гэрээнд заасан эрх хэмжээний дотор компанийн өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулна гэж зааснаар тодорхойлогдох юм. Гэтэл хэрэгт авагдсан Ажил гүйцэтгэх гэрээг нэг талаас АХХК, нөгөө талаас А хХХК-ийн хооронд байгуулсан байхад иргэн Э.Э АХХК-ийн гэрээнээс учирсан хохирлыг Д.Бээс шаардах эрхгүй байх тул гипсэн тааз, дам нуруу угсарч суурилуулах, эмульс, замаскийн ажил, гипсэн тааз, дам нурууг нураахтай холбоотой гарсан үйл ажиллагааны хохирол болох 180,058,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Мөн компанийн мөнгөн хөрөнгөд учирсан хохирлыг нэхэмжлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүйг дурдах нь зүйтэй.
13. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч Э.Эын худалдах-худалдан авах гэрээний төлбөрт төлсөн 50,505,000 төгрөгийг хариуцагч Д.Бээс гаргуулж нэхэмжлэгч Э.Эт олгож, нэхэмжлэгчээс чанарын шаардлага хангахгүй 14 пудон буюу 910 ширхэг гипсэн хавтанг буцаан гаргуулж хариуцагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 180,058,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,310,765 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 410,475 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дүгээр зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Бээс 50,505,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Эт олгож, нэхэмжлэгч Э.Эаас чанарын шаардлага хангахгүй 14 пудон буюу 910 ширхэг 095 зузаантай гипсэн хавтанг гаргуулж хариуцагч Д.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 180,058,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Э.Эаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,310,765 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Бээс 410,475 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Эт олгосугай. .
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гарсан өдрөөс хойш 14 хоногт гардан аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдаж, мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХЖАРГАЛ